Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 23 өдөр

Дугаар  2026/ДШМ/10

 

 

 

 

   2025             12            23                                         2026/ДШМ/10

 

С.Х, П.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч С.Х, түүний өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч П.Х, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2462 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Х, П.Х нарын гаргасан давж заалдах гомдлуудаар С.Х, П.Х нарт холбогдох 2402007800148  дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. С.Х, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, 00 мэргэжилтэй, “00” цайны газарт бэлтгэгч ажилтай, ам бүл 5, эх, дүү нарын хамт 00 дүүргийн 00 дүгээр хороо, 00 гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,

урьд: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 261 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 893 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан хувийн байдалтай.

2. П.Х, 0000 оны 00 дугаар сарын 00-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх дүү, хүүхдүүдийн хамт 00 дүүргийн 00 дүгээр хороо, 00 гудамжны 00 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:00000000/,

Шүүгдэгч С.Х, П.Х нар нь бүлэглэн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цагийн үед Баянзүрх дүүргийн Цайз 16 дугаар хорооллын орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 11 жагсаалтад багтсан метамфетамин (Methamphetamine)-ийн агууламжтай, “мөс” гэх хэрэглээний нэршилтэй, цэвэр жин нь 0.1 грамм (0.0903 грамм) хэмжээтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар тухайн өдрийн 14 цаг хүртэл хугацаанд “Тоёота Приус 30” загварын 00-00 000 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: С.Х, П.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “... Шүүгдэгч П.Х, С.Х нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Х-д 2 /хоёр/ жил 3 /гурав/ cap хорих ял, шүүгдэгч П.Х-д 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэж,  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  шүүгдэгч нарын урьд цагдан хоригдсон 133 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х-ын хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох болон асран хамгаалах, харгалзан дэмжихтэй холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Дүүргийн засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч С.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ам бүл 5, ээж, дүү нарын хамт амьдардаг. ... Найз П.Хтай хамт хэрэгт холбогдон, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр анхан шатны шүүх хурал болж 2 жил, 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн. ..Хоригдсоноос хойш 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт үзүүлэн, хэвтэн эмчлүүлж уушгины завсрын эдийн эмгэг, элэгний архаг үрэвсэл, баруун нүдний шилэнцэр доторх цус харвалт, баруун нүд 0 хувийн, зүүн нүд 60 хувийн хараатай бөгөөд яаралтай нүдний хагалгаанд орох шаардлагатай гэсэн оноштой байгаа. Миний бие хар тамхи гэх нэршилтэй бодисыг хэрэглэж өөрийн эрүүл мэнд, эрх чөлөө, амьдралаа алдаж мансууран донтож байсандаа харамсаж байна. Учир нь энэ бодисыг хэрэглэж байвал ажил бүтэж, аз жаргалтай амьдарч байгаа юм шиг санагдаж өөрийн эрүүл мэнд эрх чөлөө, амь амьдралаа алдаж, хар тамхинд донтож явсан байдалдаа дүгнэлт хийснээр өөрийн алдаа дутагдлаа олж авлаа. Энд хоригдож байгаа хүмүүст сэрэмжлүүлэх сургамж талаас нь ярьж, цаашдаа гараад “Хар тамхитай тэмцэх газар”-тай хамтран хар тамхины муу хор хөнөөл, эрүүл мэнд муудах талаар өөрийн амьдралын бодит түүхээр илтгэл бичиж, хамтран сургалт хийж бусад хүмүүсийг хар тамхи гэх чимээгүй тахлыг хэрэглэж эрүүл мэнд, эрх чөлөө, амьдралаа алдахаас нь өмнө сэрэмжлүүлэх сургалт хийе гэж бодож ирээдүйн зорилгоо болгосон. Одоогоор нүдний хагалгаанд яаралтай орох шаардлагатай байгаа, хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээсэн зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Хгийн өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие мөрдөн байцаалтын шатнаас шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч С.Х гэм буруу дээрээ маргаагүй. 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны хойш шүүгдэгч хоёр нүдний битүү гэмтлийн үлдэц, шилэнцэрийн цус хуралт, сүрьеэ гэдэг оноштойгоор байнгын эмчийн хяналтад байгаа. Хоёр нүдний битүү гэмтлийн үлдэц, шилэнцэрийн цус хуралт гэдэг нь баруун талынх нь нүдэнд цус харваж, юм харахаа больсон гэсэн үг бөгөөд яаралтай хагалгаанд орох асуудал яригдаж байгаа. Анхан шатны шүүхээс зөвшөөрөл авч, Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангиас шүүгдэгчийг авч гарч, Мөнгөн гүүр, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт үзүүлсэн. Одоо яаралтай хагалгаанд орохгүй бол зүүн талын нүд нь хараагүй болох нөхцөл байдал үүссэн. Шүүгдэгч гэм буруу дээрээ маргаагүй гэдгийг харгалзан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч П.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие өрх толгойлсон эмэгтэй, өөрийн нэр дээр байдаг 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд том охин С, бага нь Х 3 настай, хоёулаа надаас хамааралтай амьдардаг. ...Би өөрийн хийсэн хэрэгтээ харамсаж, гэм буруу дээрээ маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа. ...Миний 2 хүүхэд өнөөдрийн байдлаар сургууль, цэцэрлэг нь завсардаж, харгалзах хүнгүй гэртээ байгаа. ..Өөрийн ээж болох Н нь 48 настай, өрх толгойлсон эмэгтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй 2 хүүхдийг маань хараад гэртээ амьдарч байгаа.. ..Иймд 2 хүүхдийг минь харж үзэн намайг хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч П.Х-ын өмгөөлөгч Ж.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч П.Х-ын гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч П.Х өмгөөлөгчгүй оролцсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн хувийн байдлыг хангалттай бүрэн шалгаж тогтоогоогүй. 1 дүгээр хавтаст хэргийн 145-151 дүгээр талд шүүгдэгч П.Х-ын хувийн байдалтай холбоотой баримтууд, 1 дүгээр хавтаст хэргийн 159 дүгээр талд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэдэг лавлагаа, 2 хавтаст хэргийн 104-105 дугаар талд илтгэгч шүүгчийн дурдсан 3-5 настай, охин н.С, хүү н.Х нарын төрсний гэрчилгээний хуулбар авагдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал...харгалзан үзнэ” гэж заасан. Шүүгдэгч П.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шатанд гэм буруу хүлээн зөвшөөрч оролцож байсан. Хүүхэд эрүүл, аюулгүй орчинд өсөж, хүмүүжих, хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Д.Цэцэг-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Шүүгдэгч нарт тухайн төрөл, хэмжээний дотор, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага оногдуулсан. Шүүгдэгч П.Х, С.Х нар нь бүлэглэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан. Анхан шатны шүүх тус гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болсон талаар дурдсан. Шүүгдэгч С.Х урьд энэ төрлийн гэмт хэргийг 2 удаа үйлдэж, эхний удаа ял тэнсэж, дараагийн удаа зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж байсан. 3 дахь удаагаа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь түүний хувийн байдлыг харгалзан үзэх үндэслэл болж байна. Давж заалдах шатны шүүх урьд “зорчих эрх хязгаарлах ял дуусгавар болохоос 1 сарын өмнө тус гэмт хэргийг үйлдсэн, ялыг нэмж, нэгтгэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй” гэж үзэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэргийн дахин хэлэлцэж, урьд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг тухайн хэмжээгээр оногдуулж, шийтгэх тогтоолд хууль зүйн үндэслэлийг дурдсан. Хүчингүй болсон шийтгэх тогтоолд энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх асуудал яригдаж байгаа. Прокуророос “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах, шүүх шүүгдэгчийн гэм бурууг хэлэлцэх үед тухайн ялыг эдэлж дууссан байсан учраас түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ялыг нэмж, нэгтгэх нь үндэслэлгүй байна” гэж санал гаргаж, шүүхээс хууль зүйн дүгнэлт хийсэн. Шүүгдэгч С.Хгийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн шүүгдэгчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримттай танилцаж, Эрүүл мэндийн сайдын тушаалтай холбогдуулан оношийг тодруулж харлаа. 2 нүдний битүү гэмтэл нь хорих, зорчих эрх хязгаарлах, баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээнээс чөлөөлөх 19 төрлийн өвчний жагсаалтад “2 нүд сохрох” гэдгээр орж байна. Гэхдээ тухайн өвчинд хамааруулж үзэхийн тулд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээний баримтууд шаардлагатай. Шүүгдэгчийн өмгөөлөгч зөвхөн Цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгийн эмчийн тодорхойлолтыг гаргаж өгсөн. Тухайн өвчний жагсаалтад сүрьеэ өвчин мөн багтаж байгаа бөгөөд дээр дурдсанчлан нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт, шинжилгээний баримт шаардлагатай талаар тус журамд заасан байна. Шүүгдэгч нар “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэж байгаа боловч тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар их, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсний улмаас шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал муудаж, дордсон асуудал гарсан. Хүчингүй болгосон шийтгэх тогтоолтой танилцахад тухайн үед нүд, уушгины асуудал яригдаж байсан. Одоо энэ өвчин хүндэрсэн асуудал байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хүчингүй болж, хэргийг дахин хэлэлцэж байхад хоригдогч гэдэг статустай байна. Хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхдээ С.Х-гийн эрүүл мэндийн байдалтай холбоотой дараа дараагийн арга хэмжээг хуульд заасны дагуу авах боломжтой гэж үзэж байна. Өмнөх шүүх хуралдаанд шүүгдэгч П.Х 2 бага насны хүүхэдтэй гэдэг хувийн байдал яригдаж байсан. Гэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, 2 удаагийн үйлдлээр гэм буруутайд тооцогдсон нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага тохирсон гэж үзэж байна. П.Х-ын бага насны 2 хүүхдийг П.Х-ын ээжид харгалзуулж, шүүхээс П.Х-ын хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох болон асран хамгаалах, харгалзан дэмжихтэй холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч С.Х, П.Х нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан.

            Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн. ....бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх талаар ямар нэгэн салаа утгагүйгээр хуульчилсан.

            Оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө гэдэгт ял оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойшхи хугацаанд буюу уг ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгох бөгөөд ялтны өмнөх шийтгэх тогтоолоос үлдэх жил, хоног, сар, цаг, минут хамаарах юм.

            Өөрөөр хэлбэл, шүүгдэгч оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял нэгтгэх үндэслэл, журмыг хэрэгжүүлэх ёстой.

Шүүгдэгч С.Х нь урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 893 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил, 03 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж, зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож шийдвэрлэсэн байна.

Хэрэгт дээрх 1 жил, 03 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял нь 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дуусгавар болсон гэх шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан тоот авагдсан.

            Гэхдээ ял эдэлж байх хугацаандаа буюу тухайн тогтоосон бүсчлэлдээ байхдаа шинээр санаатай гэмт хэрэг үйлдсэн.

            Өөрөөр хэлбэл, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 893 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил, 03 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж, энэхүү ялын хугацаа дуусаагүй байх хугацаандаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн /сүүлийн гэмт хэрэг 2024 оны 11 дүгээр сарын 14-нд гарсан/ нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр нэмж нэгтгэх хугацаагүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчим нь нийгмийн шударга ёсыг тогтоон бэхжүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн ял завшихгүй байх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. 

Шүүгдэгч С.Х-гийн хувьд 2024 оны 11 дүгээр сарын 14-нд /шинэ гэмт хэрэг/ гэмт хэрэг үйлдсэний улмаас эрх зүйн байдал нь өөрчлөгдөж, эрх бүхий байгууллагаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн тул түүний шинээр гэмт хэрэг үйлдсэн өдрөөр тасалбар болгон өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаа тоолохыг зогсоож, эдлээгүй үлдсэн ялыг сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Түүчлэн, шүүгдэгч С.Х, П.Х нарт холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх урьд 1 удаа хянан хэлэлцэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон үндэслэлдээ “...шүүгдэгч С.Х-гийн өмнөх ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх талаар дүгнэлт хийгээгүй, өмнөх шийтгэх тогтоол хэзээ хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх талаар дүгнээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн байх ба уг магадлалын заалт биелэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ.” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ.” гэснийг зөрчсөн байна гэж үзэв.

Иймд дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч С.Х, П.Х нарын “...хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/2462 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч С.Х, П.Х нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                               Н.БААСАНБАТ

ШҮҮГЧ                                                               Д.МӨНХӨӨ