Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 153

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 207/МА2019/00153

 

 

*******, ******* нарын

нэхэмжлэлтэй, хариуцагч *******д

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11ий өдрийн 142/ШШ2019/01052 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

Хууль ёсны өвлөгчөөр талийгаач Д.Энхбаатарын охин Э.Энхжаргал, ээж ******* нарыг тогтоолгох, *******гаас хүү Д.Энхбаатарын орон сууцнаас оногдох хувь 32.000.000 төгрөг, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а-5-203 тоот орон сууцыг өмчлөлдөө үлдээлгэх, зээлээс 5.715.686 төгрөг, урьдчилгаа 19.329.750 төгрөгийн 50 хувь 9.664.875 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 05-нд зээлд төлөгдсөн 19.198.873 төгрөгийн 50 хувь 9.599.365 төгрөг, зээлийн хугацаанд төлөгдсөн 8.161.759 төгрөгийн үүргийн 50 хувь буюу 4.080.879 төгрөг, нийт 29.137.926 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай, хариуцагчийн Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а-5-203 тоот орон сууцыг өөрийн өмчлөлдөө үлдээлгэх, байрны зээлийн үлдэгдэл 15.950.000 төгрөгийг хувааж хариуцуулах, *******ийг миний өмчлөлийн байрнаас гаргах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 04ий өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, Д.Энхбаатар, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Хулан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дамбаравжаа, нарийн бичгийн дарга Э.Гэрэлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* одоо 74 настай Орхон аймагт 2017 оноос ирж амьдарсан. Миний том хүү Д.Энхбаатар Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн цахилгаан цехэд ажиллаж байгаад 2018 оны 05 дугаар сарын 04-нд нас барсан. Хүү маань *******тай хамтран амьдрах байдлаар явж байгаад 2016 онд орон сууц зээлээр авахын тулд зээлд хамтран зээлдэгч хэрэгтэй гэсний дагуу гэрлэлтээ батлуулж, Их хаадын цуваа орон сууцны цогцолборт 2 өрөө орон сууц зээлээр авсан. Ингээд *******тай хамтын амьдрал нь ирэн очин байсан бөгөөд 2017 оноос тусдаа амьдарч байсан. Би хүүтэйгээ цуг амьдарч, охин Э.Энхжаргал нь Швед улсад амьдарч, ажиллаж, сурдаг. Хүү маань нас барж, хуулийн дагуу өв нээгдсэн. Миний бие өөрөө өвлөх эрхийн гэрчилгээ олгож өгөхийг хүссэн, мөн Шведээс охин Э.Энхжаргал өвлөх эрхийн гэрчилгээ авахыг хүссэн итгэмжлэл өргөдөл материалыг өгсөн. Хүү Д.Энхбаатарын нэр дээрх Их хаадын цуваа орон сууцны 203 тоот 2 өрөө байрны хууль ёсны өвлөгчөөр талийгч Д.Энхбаатарын ээж *******, охин Э.Энхжаргал биднийг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ:

Миний бие *******гаас хүү Д.Энхбаатарын орон сууцнаас оногдох хувь 32.000.000 төгрөг зээлийн үлдэгдэл 15.941.000 төгрөг, нийт 47.000.000 төгрөгийг талийгаач хүү маань төлсөн тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн нэхэмжлэлдээ:

Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а-5-203 тоот орон сууцыг иргэн ******* миний өмчлөлд үлдээж, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өв нээгдэж, өвлөгдөх эд хөрөнгийг миний бие эзэмшиж өнөөдрийг хүртэл амьдарч байна. Харин *******д оногдох хувь хэсэг 32.206.250 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй болно. ******* уг байрны тодорхой хувь хэсгийг өмчлөх эрхтэй ч байрны банкны зээлийн үүргийг төлөх үүрэгтэй. Иймд зээлээс 5.715.686 төгрөг, урьдчилгаа 19.329.750 төгрөгний 50 хувь 9.664.875 төгрөг нийт 15.457.047 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодруулахдаа:

2018 оны 12 дугаар сарын 05-нд зээлд төлөгдсөн 19.198.873 төгрөгийн 50 хувь 9.599.365 төгрөг, зээлийн хугацаанд төлөгдсөн 8.161.759 төгрөгний үүргийн 50 хувь буюу 4.080.879 төгрөг тус тус орхигдуулсан тул 15.457.047 төгрөг дээрээ нэмээд 13.680.879 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Харуицагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие ******* нэхэмжлэгч *******, Э.Энхжаргал нарын нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие *******ийн хэлж ярьсан шиг хүү Д.Энхбаатартай нь ашиг сонирхол харж суугаагүй, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а-5-203 тоот орон сууцыг харилцан ярилцаж байгаад байрны зээлд хамрагдаж, зээлийн гэрээний үндсэн зээлдэгчээр Д.Энхбаатар, хамтран зээлдэгчээр ******* миний бие болсон. Хэрвээ хүний байранд ирээд суугаад байгаа бол ашиг сонирхол харж суусан гэж хэлж болох байсан. Гэтэл бид хоёр энэ орон сууцаа өөрсдөө авч, өөрсдөө зээлийг нь төлөөд өнөөдрийг хүрсэн. Иймд ямар ч үндэслэлгүйгээр миний нэр дээр байгаа орон сууцыг өвлөгчөөр тогтоолгох хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч ******* нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэл, тодруулж өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Миний бие *******ийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн орон сууцыг авахад нэхмжлэгч *******аас ямар ч дэмжлэг үзүүлээгүй. Нөхөр бид хоёр өөрсдийн хүчээр орон сууцны 5 хувийн зээлд хамрагдаж байртай болцгоосон. Надаас 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 19.198.873 төгрөгний 50% хувь буюу 9.599.365, 8.161.759 төгрөгний 50 хувь буюу 4.080.879 төгрөг, 15.457.047 зэрэг нийт 29.137.291 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилжээ. Миний бие нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би байрныхаа өмчлөгч анхнаасаа сөрөг нэхэмжлэлдээ дурьдсан байгаа. Хуулийн дагуу оногдох хэсгийг нэхэмжлэгч *******ид гаргахад татгалзах зүйлгүй. Энэ их нэхээд байгаа мөнгөнүүдээс нэхэмжлэгч өөрөө нэг ч төгрөг оруулаагүй мөртлөө нэхэмжилж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие ******* нь анх нөхөр Д.Энхбаатартай 2012 онд Эрдэнэт Үйлдвэр ХХК-д цахилгааны цехэд хамт ажиллаж байх хугацаандаа дотносож 2013 оноос эхлэн хамт амьдарч эхэлсэн. Тухайн үед Д.Энхбаатар нь гэр бүлгүй, орон сууцгүй, манай ажлын газрын залуугийнд хамт амьдардаг байсан. 2013 оноос манай хүү болох Л.Гантулга бид хоёртой хамтдаа амьдарч байгаад 2016 онд харилцан ярилцаж байгаад гэрлэлтээ батлуулсан. Цаашид миний хүү Л.Гантулгаас тусдаа амьдаръя гэж шийдэж, ипотекийн орон сууцны зээлийг судалж үзээд лизингээр байрны зээлд хамрагдаж, миний бие хамтран хариуцагч болсон. Бид 2 Цагаанчулуут баг 7а хороолол 5-р байрны 203 тоот 39 м2 Ү2101020018 гэрчилгээтэй орон сууцны өмчлөгч болцгоосон. Хоёулаа 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ам бүл 2 гэж амьдарч ирсэн. Манай нөхөр 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өөд болж, тухайн үед ээж нь ирсэн. Тэр өдрөөс эхлэн ээж ******* нь манай байранд амьдарч байна. Нөхрийн ээж *******ийг эх хүний хувьд хүндэтгэн үзэж сэтгэл санаа нь хямарсан байсан болохоор миний бие байрнаас гаргах зүрх хүрэхгүй өдийг хүрсэн билээ. Гэтэл намайг ашиг сонирхол харж хүүтэйгээ гэрлэсэн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасанд маш их гомдолтой байна. Анх намайг хүүтэй нь байртай болоод хамт амьдарч эхлэхэд хадам ээж ******* Ээжийнх нь сэтгэл амарч байна гэж хэлж байсан, манай хүн гэртээ танилцуулж дагуулж очиход бүгд халуун дулаанаар угтаж авч байсан. Тухайн үедээ хүү минь сайн ханьтай боллоо гэж хэлж байсан хүмүүс одоо бүгдийг үгүйсгэж байгаад үнэхээр гайхаж байна. Э.Энхжаргал нь Швед улсад багаасаа ээжтэйгээ ажиллаж амьдардаг, аавтайгаа нэг удаа ирж уулзаж байгаагүй, холбоо барьж байгаагүй. ******* нь 2018 оны 10 дугаар сараас Хөвсгөл аймгийн Галт сумаас албан ёсоор шилжин ирж, миний байрны хаяг болох Орхон аймаг Баян-Өндөр сум Цазгаанчулуут 7а хороолол 5-р байр 203 тоотод бүртгүүлсэн байсныг өв хүлээн авах бичиг баримт хөөцөлдөж байгаад мэдсэн. Мэдээд удалгүй байж байтал шүүхээс намайг дуудуулан нэхэмжлэл гаргасан байсан. Цаашид нэхэмжлэгчийн үйлдлийг тэвчиж чадахгүй тул ийнхүү нэхэмжлэгч *******ийг Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а хороолол 5-р байрны 203 тоотоос албадан гаргуулж /нүүлгэж/, тухайн орон сууцны Д.Энхбаатарын хууль ёсны өвлөгчөөр эхнэр болох ******* намайг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ:

Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №ЗГВСС2016042016-1 зээлийн гэрээний үлдэгдэл 15.950.000 төгрөгийг адил тэгш хувааж, нэхэмжлэгч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11ий өдрийн 142/ШШ2019/01052 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 532 дугаар зүйлийн 532.1-д заасныг баримтлан талийгаач Д.Энхбаатарын хууль ёсны өвлөгчөөр нэхэмжлэгч Э.Энхжаргал, *******, хариуцагч ******* нарыг тогтоож, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а хороолол 5-р байрны 203 тоот 39.05 м2 өрөө орон сууцыг хариуцагч *******гийн өмчлөлд үлдээж, хариуцагч *******гаас 10.738.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******, 10.738.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Энхжаргал нарт тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үлдэгдэл 15.950.000 төгрөгийг адил тэгш хувааж, нэхэмжлэгч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а хороолол 5-р байрны 203 тоот 39.05 м2 өрөө орон сууцыг чөлөөлөхийг нэхэмжлэгч *******ид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 531.550 төгрөг, хариуцагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307900 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 195137 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгч *******ид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул нар давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 142/ШШ2019/01052 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч ******* миний үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хууль ёсны өвлөгчөөр *******, охин ******* нарыг тогтоон хангаж шийдвэрлэсэн. Харин нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох талийгаачийн амь насны даатгал 9.599.365 төгрөгийг намайг шаардах эрхгүй, мөн зээлийн урьдчилгаанд төлсөн мөнгийг Цэцэгмаагаас гаргуулахгүй гэж шийдвэрлэсэнд гомдож байна.

******* гэгч эмэгтэй нь нас барсан хүүг минь амьд ахуй байхад амьдрахгүй гээд өөрийн орон сууцандаа амьдардаг байсан ба нас барсны дараа болон нас барахаас өмнө ч ндад 7а-5-203 тоот орон сууц чинь надад хамаагүй, би зөвхөн 5 хүн байх ёстой гэдгээр гарын үсэг зурсан, миний нэрийг салгаад өгөөч гэж гуйж байсан. Мөн нас барж ажил явдлаар ажлынхан нь ирэхэд хүртэл байр нь надад хамаагүй гэж хэлж байсныг гэрчүүд гэрчлээд байхад шүүхэд ичих ч үгүй бүр 7а-5-203 тоотод хөгшин надтай хамт амьдарч байгаа мэтээр худал ярьж байна. Уг байранд би 2017 оны намраас хүүтэйгээ хамт амьдарч байсан. Бүх ашиглалтын зардал мөнгийг нь би өөрөө урьдчилгаа мөнгөний зарим хэсгийг биднээс, заримыг нь цалингийн зээл авч төлөөд сар бүр цалингаасаа зээлээ төлж нийтдээ 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэл өөрөө төлж байсан. Мөн зээлийн төлөлтөд нь үйлдвэрээс хөнгөлөлт сая төгрөг орж зээл хасагдаж байсан. Цэцэгмаа нь хамтдаа амьдарлаггүй байсан боловч хүүг маань нас барангуут сайхан бэлэн төлбөрийг нь төлсөн байртай боллоо гээд шунахайран мах цусны тасархай төрсөн эх 74 настай ******* намайг хөөж гаргаж хөрөнгөжих гэж байгаад туйлын их гомдолтой байна. Би хүүгийнхээ амь насны даатгалын мөнгийг Цэцэгмаагаас шаардах эрхтэй гэж үзэж байна. Амь насны даатгалын мөнгийг ч мөн хууль ёсны өв залгамжлагч нар авах эрхтэй. Урьдчилгаанд биднээс оруулсан 5.284.781 төгрөгийг ******* байраа авч үлдэж байгаа тул төлөх ёстой. Хүний хүч хөрөнгөөр бтй болсон хөрөнгөд яаж сэтгэл нь өвдөхгүй шунаж, авч байна. Ядахдаа би нэг ч төгрөг төлөөгүй юм даа. Талийгаачид оногдох хувь хэсгээс татгалзъя гэсэн сэтгэл ч байхгүй байгаа юм. Хүүгийн минь сүнс эргэлдээд сайхан амьдарч яадах юм байх даа. Хөгшин би туйлын их гомдож байна.

Шүүх шийдвэртээ *******г урьдчилгаа төлсөн гэж бичээд байх юм. Нэг ч төгрөг төлөөгүй, төлсөн хүн бол ам бардам ийм хэсгийг би төлсөн гээд нотлоод зогсож байх ёстой биз дээ.

Би байр авахын тулд гэрлэлтээ батлуулсан /хамт амьдарч байгаагүй/ байгаа тул эхнэр гэж дүгнэж байгааг ойлгож байна.

*******д харин энэ байдлын улмаас байрнаас оногдох хэсгийг өгье гэж илэрхийлсэн. Миний хүүгийн хөлс цусаар бий болсон орон сууцыг нь нэг ч төгрөг төлөөгүй байж, төрсөн ганц охин хөгшин эхээс нь булааж авч байгаа нь дэндүү нүнжиггүй байна. Алив нөгөө бидний байнга ярьдаг, хүсдэг шударга ёс хаана байна. Тэгээд бас шуналдаа хөтлөгдөөд мөрөөрөө байхгүй нас барсан хүүг минь хүртэл архи уудаг, архины хордлогоор нас барсан гэж бичиг шүүхэд авчирч өгөөд байгаа юм. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, амь даатгалын төлбөрийн 50 хувийг 9.599.365 төгрөг, урьдчилгаанд төлсөн 5.284.781 төгрөг /зээлийн хугацаанд төлбөрийн 50 хувь 4.080.879 төгрөг/ гаргуулахаар шийдвэрч өөрчлөлт оруулж өгнө үү?

******* уг байрыг авч зарах гэж байгаа тул байрыг бий болгоход өөрөө хариуцах ёстой байсан. Давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгчийн хамт оролцоно гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч *******, ******* нар нь *******д холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а-5-203 тоот орон сууцны хууль ёсны өвлөгчөөр талийгаач Д.Энхбаатарын охин Э.Энхжаргал, ээж ******* нарыг тогтоолгох, *******гаас хүү Д.Энхбаатарын орон сууцнаас оногдох хувь 32.000.000 төгрөг, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а-5-203 тоот орон сууцыг өмчлөлдөө үлдээлгэх, зээлээс 5.715.686 төгрөг, урьдчилгаа 19.329.750 төгрөгийн 50 хувь 9.664.875 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 05-нд зээлд төлөгдсөн 19.198.873 төгрөгийн 50 хувь 9.599.365 төгрөг, зээлийн хугацаанд төлөгдсөн 8.161.759 төгрөгийн үүргийн 50 хувь буюу 4.080.879 төгрөг, нийт 29.137.926 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай, хариуцагчийн Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а-5-203 тоот орон сууцыг өөрийн өмчлөлдөө үлдээлгэх, байрны зээлийн үлдэгдэл 15.950.000 төгрөгийг хувааж хариуцуулах, *******ийг миний өмчлөлийн байрнаас гаргах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1., 532 дугаар зүйлийн 532.1.-д заасныг баримтлан талийгаач Д.Энхбаатарын хууль ёсны өвлөгчөөр нэхэмжлэгч Э.Энхжаргал, *******, хариуцагч ******* нарыг тогтоож, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а хороолол 5-р байрны 203 тоот 39.05 м2 2 өрөө орон сууцыг хариуцагч *******гийн өмчлөлд үлдээж, хариуцагч *******гаас 10.738.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******, 10.738.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Энхжаргал нарт тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үлдэгдэл 15.950.000 төгрөгийг адил тэгш хувааж, нэхэмжлэгч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7а хороолол 5-р байрны 203 тоот 39.05 м2 2 өрөө орон сууцыг чөлөөлөхийг нэхэмжлэгч *******ид даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул нар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэсэн давж заалдсан гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад хариуцагч ******* нь талийгаач Д.Энхбаатарын хууль ёсны өвлөгчөөр нэхэмжлэгч Э.Энхжаргал, *******, хариуцагч ******* нарыг тогтоосон болон Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7а хорооллын 5 дугаар байрны 203 тоот 39.05 м2 2 өрөө орон сууцыг хариуцагч *******гийн өмчлөлд үлдээснийг хэвээр үлдээх, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үлдэгдэл 15.950.000 төгрөгийг хариуцагч ******* хариуцан төлөх, хариуцагч ******* нь 16.738.750 төгрөгийг нэхэмжлэгч *******ид, 10.738.750 төгрөгийг нэхэмжлэгч Э.Энхжаргал нарт өгөхөөр зохигчид эвлэрсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 252.769 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11ий өдрийн 142/ШШ2019/01052 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, талийгаач Д.Энхбаатарын хууль ёсны өвлөгчөөр нэхэмжлэгч Э.Энхжаргал, *******, хариуцагч ******* нарыг тогтоосон болон Орхон аймаг Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7а хорооллын 5 дугаар байрны 203 тоот 39.05 м2 2 өрөө орон сууцыг хариуцагч *******гийн өмчлөлд үлдээснийг хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үлдэгдэл 15.950.000 төгрөгийг хариуцагч ******* хариуцан төлөх, хариуцагч ******* нь 16.738.750 төгрөгийг нэхэмжлэгч *******ид, 10.738.750 төгрөгийг нэхэмжлэгч Э.Энхжаргал нарт тус тус өгөхөөр болсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2.-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 252.769 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР