| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэд Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2511016121026 |
| Дугаар | 2025/ДШМ/1412 |
| Огноо | 2025-12-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Баасанжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/1412
2025 12 15 2025/ДШМ/1412
С.От холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Баасанжаргал,
шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн,
нарийн бичгийн дарга С.Энх-Амар нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2416 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Оийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2511016121026 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Бэсүд овгийн С.О, 1995 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “Төгс террас” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхэд, дүүгийн хамт .................түр оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:............................/;
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ...................... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ......................... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 30 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 220 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.
Шүүгдэгч С.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 17-237б тоотод хохирогч Г.Гтэй тухайн үед үүссэн таагүй харилцааны улмаас маргалдан түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж зүүн дээд үүдэн 1, 2 дугаар шүдний булгарал, дээд уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч С.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.От оногдуулсан 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, С.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд тус тус зааснаар хохирогч Г.Г нь цаашид хийлгэх эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.О гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би анхан шатны шүүх хуралдаанд өөрийн хийсэн үйлдлээ анхнаасаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйж, чин санаанаасаа гэмшиж байгаа. Дахин ямар нэгэн гэмт хэрэгт холбогдохгүй. Өөрийн ар гэр, үр хүүхдийнхээ төлөө ажил хөдөлмөр эрхэлж амьдрах болно. Иймд надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Оийн хувьд Грийн групп компанийн бэлэн, борцтой шөл хийдэг байгууллага байдаг. Энэ компанийн борц хадгалах агуулахыг хийж байгаа. Хувийн байгууллага аль болох хурдан хугацаанд хийх тусмаа ажлын үр бүтээмж цалин мөнгө яригддаг болохоор С.Оийн тухайд нийтэд тустай ажил биш торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн санаа зорилгын үүднээс хэлээд байгаа юм. Ээж Саран 70 настай, бүсэлхийнээс доош мэдээгүй, эхнэр нь ой 4 сартай хүүхэдтэй бөгөөд хадам ээжийгээ асраад тэгээд Отгонсүндэр ажил хийж ар гэрээ тэжээдэг юм. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан. С.О ажил хийж ар гэрээ тэжээх шаардлагатай байгаа юм. Иймд торгуулийн ял оногдуулж өгнө үү. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид эрүүгийн хариуцлагыг бусдад нялзааж болохгүй тухайн хүн өөрөө хүлээнэ гэсэн шударга ёсны зарчим байгаа. Хэрвээ шүүхээс торгох ял оногдуулж 450.000 төгрөгөөр торгох юм бол нэг мөр төлөх, түүнээс дээш торговол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү.” гэв.
Прокурор Э.Баасандорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа нийтэд тустай ажил хийлгэх ял нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, түүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх талаар дурдсан байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан үздэг. С.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг боловч хохирогчид эмчилгээний зардал гэж хохирол төлбөр төлсөн зүйл байхгүй. Хохирогчийн хохирол төлбөрийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн хэдий ч хохирогчийн хохирлыг барагдуулахад чиглэсэн ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй. Шүүгдэгч С.О 29 настай, урьд 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2, 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжтой. Тухайн төрлийн ялыг оногдуулж болохгүй байх тохиолдолд авагдаагүй байна. Хорооны Засаг даргын албан бичгийг үндэслээд шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.О нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 17-237б тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Гтэй тухайн үед үүссэн таагүй харилцааны улмаас маргалдан түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж зүүн дээд үүдэн 1, 2 дугаар шүдний булгарал, дээд уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 4/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-9/,
хохирогч Г.Ггийн “...тухайн өдөр С.О манай гэрт халамцуу орж ирсэн. Гэрт орж ирээд үхлээ архи аваад өгөөч гэхээр нь би 0.75л хэмжээтэй 2 шил Хараа нэртэй архи авч өгсөн. Тэр архийг ууж байхдаа С.О согтоод байхаар нь одоо гэртээ харьцгаа гэж хэлээд гэрээсээ гаргаад явуултал төд удалгүй дахин хүрч ирээд манай гэрийн цонхыг түлхээд цонхоор гэрт ороод ирсэн. Би яаж байгаа юм гэж хэлээд цонхон дээрээ очсон чинь миний нүүр рүү гараараа 5-6 удаа цохисон. Би хаалга онгойлгоод гэрээсээ гараад цагдаад дуудлага өгсөн. Ингээд удалгүй цагдаа нар хүрч ирээд намайг зодсон хүнийг авч явсан. ...Дээд талын үүдэн хоёр шүд уначихсан. Мөн миний толгой өвдөөд байна.” /хх 13/,
гэрч О.Ц“тухайн өдөр гэртээ байж байтал С.О залгаад Хайлаастад байна хүрч ирээд машин бариад өгөөч би архи уучихсан байна гэж хэлсэн. Би гэрээсээ гараад такси бариад зам заалгаад байгаа газарт очсон чинь зам дээр зогсож байсан бөгөөд нэг ах архи аваад ир гэж хэлсэн архийг нь оруулаад өгчихье ямар архи авахыг нь замаараа ороод асуучихъя гэрийнх нь цаад талд дэлгүүр байгаа гэж хэлсэн. Ингээд бид хоёр алхаад С.Оийн яриад байсан ахынх нь гэрт очсон чинь урд талаараа хашаагүй саарал өнгийн байшинтай айл байсан. Тэгээд С.Оийн гэрийнх нь хаалгыг нь тогшсон чинь хүн гарч ирэхгүй байхаар нь унтчихсан юм байхдаа гэж хэлээд цонхыг нь тогшсон чинь нэг эрэгтэй хүн цонхныхоо поорчигыг онгойлгоод цээж хэсгээ гаргаад цонх хагаллаа шүү дээ гөлөг минь гэж хэлээд нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. С.О зөрүүлээд уруул хэсэгт нь нэг удаа цохисон. Нөгөө ах чи наанаа байж бай гэж хэлээд цаашаагаа яваад хаалга онгойлгоод гарч ирээд үүдэн шүдээ оролдож байгаад шүдээ шидээд шүд хугалаад хаячихлаа гэж хэлээд чамд новшрохгүй гэхдээ чамайг хачин болгоно гэхээр нь би С.Оийг явъя гэж хэлээд машинд нь суулгаад тэр гэрээс ойролцоогоор 100м орчим яваад ахынх нь гэр гэж хэлсэн айлд хүргэж өгсөн. Ингээд удалгүй цагдаа нар хүрч ирээд С.Оийг аваад явсан. Би тухайн үед архи согтууруулах төрлийн ундаа хэрэглээгүй байсан болохоор машиныг нь бариад хүргэж өгөх гээд С.Оийг дуудахаар нь ирсэн юм. Би тухайн үед хэн нэгний биед халдаагүй. С.О нөгөө ахыг цохьсон би тухайн үед хараад зогсож байсан.” /хх 17/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 6485 дугаар “Г.Ггийн биед зүүн дээд үүдэн 1, 2-р шүдний булгаралт, дээд уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% тогтонги алдагдуулна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.” /хх 23-24 гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүх, шүүгдэгч С.Оийн хохирогч Г.Гтэй тухайн үед үүссэн таагүй харилцааны улмаас маргалдан эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч С.О “өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйж, чин санаанаасаа гэмшиж байгаа. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Хэдийгээр шүүгдэгч С.О нь бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ганцаараа хөдөлмөр эрхлэн, гэр бүлээ тэжээн тэтгэдэг гэх засаг даргын тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гарган өгсөн хэдий ч хохирогчийн гэрийн цонхыг түлхээд гэрт нь орж, нүүр рүү нь гараараа 5-6 удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тул түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, түүний хувийн байдалд тохирсон гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2416 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх туха хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2416 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА