| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2019/00973/И |
| Дугаар | 159 |
| Огноо | 2019-11-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 159
| 2019 оны 11 сарын 28 өдөр | Дугаар 207/МА2019/00159 |
ХАМОНА ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч Д.Ууганбаярт холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2019/01081 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ХАМОНА ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.Ууганбаярт холбогдох
Зээлийн төлбөр 106.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруулын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Булгантамар нар оролцов.
Нэхэмжлэгч ХАМОНА ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Дорлиг овогтой Ууганбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдөр 50.000.000 төгрөгийг /Тавин сая төгрөг/ сарын 3.5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай, Чандмань төвд байрлах МАМАКА хоолны газрын засвар үйлчилгээнд зориулан, эргэн төлөх графиктай 16/12/02 тоот зээлийн гэрээг байгуулан мөнгөө мөн өдрийн 01 тоот мөнгөний зарлагын ордероор теллерээс бэлнээр авсан. Гэрчилгээний дугаар 000153426, Улсын бүртгэлийн Ү-2101004616 дугаартай, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-р хороолол 13 байр 52 тоот 38 метр.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээлийн төлбөрийг барагдуулахаар гэрээ хийсэн. Үндсэн зээл 50.000.000 /Тавин сая төгрөг/, төлөгдөөгүй зээлийн хүү 49.641.667 /Дөчин есөн сая зургаан зуун дөчин нэгэн мянга зургаан зуун жаран долоон төгрөг/, нэмэгдүүлсэн хүү / 6.358.333 /Зургаан сая гурван зуун тавин найман мянга гурван зуун гучин гурван төгрөг/ нийт 106.000.000 /Нэг зуун зургаан сая төгрөг/ болно. Цаашид төлөх зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг зээл төлсөн өдрөөр тооцож авахаар нэхэмжилж байна. Уг зээлийн төлбөр болох 106.000.000 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Ууганбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
ХАМОНА ББСБ-ын нэхэмжлэлтэй, Д.Ууганбаяр надад холбогдох 106.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг зөрчиж зээл олгосон тул хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг төлөх үндэслэлгүй харин анх авсан үндсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2019/01081 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч Д.Ууганбаяраас үндсэн зээл 50.000.000 төгрөг, хүүний төлбөр төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 6.358.333 төгрөг нийт 106.000.000 /нэг зуун зургаан сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХАМОНА ХХК ББСБ-д олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Ууганбаяр шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг 3-13-52 тоотод байрлах Ү-2101004616 улсын бүртгэлийн дугаартай 38.0 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангах, албадан дуудлага худалдаа явуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 687.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ууганбаяраас 687.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХАМОНА ХХК ББСБ-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруул давж заалдсан гомдолдоо: Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шуүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2019/01081 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Банк бус санхүүгийн байгууллагаас олгож буй зээлийн харилцааг тусгайлсан хуулиар зохицуулдаг бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4. дэх хэсэгт зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцох онцгой тусгайлсан зохицуулалттай. Дээрх хуулийн шаардлагын дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид зээл олгохдоо зээлийн данс нээж, тус дансанд гүйлгээ хийгдсэнээр зээл олгосоноо нотлох ёстой байтал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний гол үүргээ биелүүлсэн эсэхээ нотлоогүй. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2019/01081 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Мягмардорж давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.-т заасны дагуу зээлийн гэрээний 2.1.2-т зааснаар бэлнээр олгогдсон.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлдэгч Д.Ууганбаяр нь үүргээ биелүүлээгүй болно.Хэрэгт нотлох баримтууд хангалттай авагдсан болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруулын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч ХАМОНА ХХК хариуцагч Д.Ууганбаярт холбогдох зээлийн төлбөр 106.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ...хууль зөрчиж зээл олгосон тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх тайлбар гаргаж, мэтгэлцжээ.
Нэхэмжлэгч ХАМОНА ББСБ-аас хариуцагч Д.Ууганбаяр 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 50.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй авч, Баян-Өндөр сумын 3 дугаар хороолол, 13 дугаар байр, 52 тоотод байрлалтай, Ү-2101004616 улсын бүртгэлийн дугаартай, 38 м/кв талбайтай хувийн орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, нэхэмжлэгч нь зээлдэгчийн гаргасан хүсэлтийн дагуу зээл 50.000.00 төгрөгийг бэлнээр олгосон, хариуцагч зээлийн гэрээнд заасны дагуу 3 сарын зээлийн хүү төлсөн болох нь тогтоогдсон ба энэ талаар талууд маргаагүй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь хуульд заасны журмын дагуу дүгнээгүй, нэхэмжлэгч ХАМОНА ББСБ-аас нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж ирүүлсэн Зээл, хүү төлөлтийн график-ыг үндэслэж хариуцагч Д.Ууганбаяраас зээлийн хүү 56.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Д.Ууганбаяр нь зээлийн гэрээний дагуу төлөгдөх төлбөрийг төлөөгүй гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байхад нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 7.2.2-т заасан энэ гэрээний заалтуудыг болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах талаар зохих арга хэмжээ аваагүй бол гэж заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгоогүй, хариуцагч зээлийн гэрээний хугацааг сунгах тухай хүсэлт гаргаагүй байхад нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацааг сунгаж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нийт 31 сараар тооцсон нь хууль болон талуудын хооронд байгуулсан гэрээг зөрчжээ.
Нэхэмжлэгч ХАМОНА ББСБ нь хуульд заасны дагуу зээл олгох үйл ажиллагаа эрхлэн явуулдаг ба тэрээр харилцан тохиролцсоны үндсэн дээр зээл 50 сая төгрөгийг хариуцагчид бэлнээр шилжүүлснийг буруутгах боломжгүй юм.
Харин хариуцагч Д.Ууганбаяр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул үндсэн зээл 50.000.000 төгрөг, зээлийн гэрээнд заасан хугацаанд төлөгдөх хүү 15.363.483 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.359.330 төгрөг нийт 71.722.813 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХАМОНА ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 34.277.187 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруулын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ/2019/01081 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ... хариуцагч Д.Ууганбаяраас 71.722.813 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 34.277.187 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэж,
Шийдвэрийн 2 дугаар заалтыг ... хариуцагч Д.Ууганбаяраас 516.564 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХАМОНА ХХК ББСБ-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Энхсаруулын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 687.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ бие
лүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ
Б.ОЮУНЦЭЦЭГ