Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2018/ШЦТ/183

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Шүүгдэгч *******

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******антулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох 1814001900152 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* овогт *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2018 оны 0З дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг “Шар хуруу” гэх газарт өөрийн гэртээ 4 настай хүү *******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 0З дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг “Шар хуруу” гэх газар өөрийн бага насны хүү *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн ... “*******тай 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болж 3 жил гаран болж байна. Хурим хийж суусан цагаасаа хойш намайг хэл амаар доромжилж намайг болон том хүү Гийг миний хүүхэд биш гээд зоддог байсан. Хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүү Гийг уйлаад байна, үгэнд орохгүй байна гээд ар нуруу руу нь хөлөөрөө өшиглөхөд манай хүүхдийн биед ар талын нуруу хэсэг хөхөрч гэмтсэн хөл нь хөхөрч хавдсан, гарны шуу хөхрөлттөй зэрэг гэмтэл авсан. Тухайн өдөр ******* нь намайг цохиж зодоогүй. Урьд өмнө нь зодож байхдаа манай хүүхэд Глүү халбага шидэж баруун нүдний ухархайнд сорвитой. Гэр бол болсон хугацаанд шинэ хувцас авч үзээгүй гомдолтой би санхүүгээ барьж үзээгүй санхүүгийн дарамт өгдөг байсан. Гэр бүлээ салгах хүсэлтэй байна ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 65-69/,

Гэрч*******ийн ... “ Манай төвд Гийн эмээ ******* нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр болон 2018 оны 03 дугаар сарын 24 өдөр *******гийн нөхөр болох ******* нь гэр бүлийн хүчирхийлэл хийгээд мөн хүүхэд Х.Гийг зодоод байна гэж хандаж байсан. Тухайн үед хүүхдийг зодож гэмтээсэн байна гэж хэлж ******* болон Г нар нь байнгын айдастай байдаг гэж ярьж хандаж байсан ...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 70-71/,

Гэрч Д.*******ын ... “*******, ******* нар нь 2013 оны 08 дугаар сард танилцаад тэрнээс хойш 2013 оны 12 сараас хойш манайд байсан. 2014 оны 09 дүгээр сарын 29-нд хүү Г нь төрсөн. Тэгсэн хадам ээж Бал нь надад энэ хүүхэд чинь 08 сард төрнө гэж лам тэгж байна гэж надад хэлсэн би тэгэхээр нь төрөх хугацаандаа төрсөн байлгүй гэж хэлсэн манай охин ******* хугацаандаа төрсөн тэгсэн жирэмсэн байхад Э нь миний хүүхэд биш байна гээд дайраад, уйлаад хэлж байсан тэрнээс хойш зодож хардаж эхэлсэн. 2015 оны 2 дугаар сард гэр бүл болсон тэрнээс хойш хэрүүл маргаан гарах бүрд нь би очиж авдаг байсан. Э нь худалч, догшин авиртай тогтвор суурьшилгүй шунахай зантай архи уудаг тамхи татдаг зан ааш нь эвдэрсэн ахуйн амьдралын талаар сайн мэдэхгүй байна. Хүүхдийн төлөө төвд 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мэдэгдэж байсан. Дараа нь 2018 оны 03 дугаар сарын 24-ны өдөр хандаж байсан ...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 76-78/,

Шүүгдэгч *******ын ... “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг ойлгож хүлээн зөвшөөрч байна. Мөн хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг ч гэсэн зөвшөөрч байна ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 95-96/,

Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 235 тоот шинжээчийн ... “*******ийн биед хацар, нуруунд зулгаралт, өгзөг, нуруу, шуу, шилбэ, шагайнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт / хх-ийн 87-88/,

Насанд хүрээгүй хохирогч *******ийн нас тоолсон тэмдэглэл / хх-ийн 13/,

Хүүхэд хамгааллын үйлчилгээнд хүүхэд хүлээн авах бүртгэл / хх-ийн 14-18/,

Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ / хх-ийн 19-23/,

Гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ / хх-ийн 24-29/,

Хүүхэд хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах маягт / хх-ийн 30-30/,

Насанд хүрээгүй хохирогчийн зураг /хх-ийн 31-34/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт / хх-ийн 35-43/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт / хх-ийн 45-48/,

Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ / хх-ийн 49-54/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бага насны хүүхдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.  

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй бөгөөд харин шүүгдэгчид гомдолтой байгаагаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүх шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн зурагтыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бага насны хүүхдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ад 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* нь 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн зурагтыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА