Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2025/ДШМ/1414

 

 

  2025            12            15                                        2025/ДШМ/1414

 

 

З.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Анхбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, шүүгдэгч шүүгдэгч З.О, түүний өмгөөлөгч Г.Нямхүү, Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга С.Энх-Амар нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/2306 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямхүү, Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлоор З.От холбогдох 2408000001083 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ямаан засаг овгийн З.О, 1976 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, тогооч ажилтай, ам бүл 1, ................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,  /РД:...................../;

Шүүгдэгч З.О нь 2024 оны 07 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Толгойтын 107-14 тоотод Н.Нын цээжин тус газарт нь хутгалж хүнийг алсан гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: З.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч З.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8 дахь заалтад заасан “Хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч З.Оийг 15/арван тав/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.От оногдуулсан 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Оийн цагдан хоригдсон нийт 333 /гурван зуун гучин гурав/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, Шүүгдэгч З.Оийн хорих ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, эдлэх ялыг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 21.634.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч З.Оээс оршуулгын зардал болох 6.500.000 төгрөгийг, гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 99.000.000 /ерэн есөн сая төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг өмнөх шийтгэх тогтоолоор устгасан болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:1.“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжийг буруу хэрэглэсэн: Шүүх гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь хөнөөсөн гэж дүгнэсэн ч дараах нөхцөлүүдийг орхигдуулсан байна. З.О, Н.Н нар хууль ёсны гэр бүл бус, бүртгэлтэй гэрлэлтгүй, “хамтран амьдрагч” харилцаатай байсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.2, 5.1.6-д зааснаар “хамтран амьдрагч” нь зөвхөн тогтвортой, гэр бүлийн хэлбэрийн харилцаанд байдаг этгээд гэж тодорхойлдог. Хэрэг гарах үед талуудын харилцаа тасарсан, хамтын амьдрал үргэлжлээгүй тухай гэрч Б.Ө, С.Г, Б.Тнарын мэдүүлгээр нотлогдсон. Иймд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн 10.1.2.8 дахь заалтыг хүндрүүлсэн нь хууль зүйн үндэсгүй хэрэглэгдсэн байна.

2. Аргагүй хамгаалалтын нөхцөл байдлыг үнэлээгүй: 2024 оны 07 дугаар 24-ний 9466 дугаартай шүүх шинжилгээний дүгнэлтээр Оийн зүүн зовхи, хацар орчимд 3x1 см хэмжээтэй хөхрөлт тогтоогдож хөнгөн гэмтэл гарсан нь түүнийг хүчирхийлэлд өртсөн, эсэргүүцэл үзүүлсэн болохыг илтгэнэ. Гэрчийн мэдүүлгүүдээр Н согтууруулах ундаа хэрэглэж, урьд өмнө хутга барьж амь насанд нь заналхийлж байсан үйл нотлогддог, хэрэг гарах цаг хугацаан хутга барьж дайрсан талаар яллагдагч тодорхой мэдүүлдэг ч уг мэдүүлгийг ямар баримтаар няцааж байгаа талаар шүүхийн тогтоолд тусгаагүй. З.О рүү талийгаач довтолгоо хийгдсэн үйл баримт болон гэмт хэрэг төгсөх үйл баримтын хоорондох үйл баримтад шүүх анхаарч үзээгүй шууд хүнийг санаатай алсан гэдэг нь учир дутагдалтай дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг” хуульчлан заасан Шийтгэх тогтоолд “нийт гурван удаагийн давтамжтайгаар өөр өөр чиглэлийн хатгалт амь хохирогчийн биед нэвтэрсэн байхыг дурдсан байх ба шүүгдэгчийн энэ үйлдлийг санамсаргүй үйлдэл гэж дүгнэх, мөн араггүй хамгаалалт, амь хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас амь насыг нь хохироосон гэж дүгнэх, араггүй хамгаалалт, амь хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас амь насыг хохироосон гэж дүгнэх боломжгүй гэж дүгнэлээ гэж хэт ерөнхий дүгнэсэн. Араггүй хамгаалалтын үндсэн шинж нь өөрт ирж байгаа аюултай довтолгооныг эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж таслан зогсоосон үйл баримт байдаг. Түүнээс учруулж байгаа довтолгооны эсрэг хийгдэх хэмжээ хязгаарыг зааж өгөөгүй гэдгийг анхаарч үзэлгүй орхигдуулсан. Энэ нь талийгаач З.Оийг зодож хөнгөн гэмтэл учруулсан болох баримтууд авагдсан хууль бус довтолгоон хийгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Гэтэл шүүх эдгээр баримтыг үнэлэхдээ “санаатай” гэсэн дүгнэлт гаргасан нь нотолгооны шалгуурыг хангаагүй байна.

3. Сэтгэл санааны цочрон давчдах талаар сэтгэцийн шинжилгээний дүгнэлтийг буруу тайлбарласан: Анхан шатны шүүх “түүнчлэн, шүүгдэгч нь хэрэг учрал болох өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон энэ нь сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан эсэхийг үнэлэх боломжийг хаасан талаар Шүүх сэтгэц эмгэг судлалын 769 дугаартай дүгнэлтэд дурдагдсан болохыг мөн тэмдэглэж байна.”

Шүүх сэтгэцийн шинжээчийн 769 дугаартай дүгнэлтэд дурдсан “З.О хэрэг гарах үед сэтгэл санааны хэт цочрол, айдсын байдалд орсон эсэхийг үгүйсгэх боломжгүй” гэдэг үгсийг үл харгалзан “сэтгэл санаа хэвийн байсан” гэж нэг талын дүгнэлт хийсэн нь баримтын агуулгыг гажуудуулсан байна. Гэтэл сэтгэл санаа цочрон давчдах асуудал нь хууль зүйн ойлголт бөгөөд заавал шинжээчийн дүгнэлтийг баримтлах үүрэггүй билээ. Сэтгэл санааны цочрон давчдах талаар улсын дээд шүүхийн тогтоолуудыг авч үзвэл,

-санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах" тухай ойлголт нь өөрөө болон ойр дотнын хүн нь бусдад хүчээр дарлагдсан буюу бие махбодын хувьд хүчирхийлэлд өртсөн, доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гүтгэх, худал хуурмаг мэдээ сэлт тараах зэрэг хэлбэрээр илэрч болох бөгөөд энэхүү бусдын хууль бус ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа сэтгэл гэнэт хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн байдгаараа санаатай үйлдэгдэх гэмт хэргээс ялгагдана. Санаа сэтгэлийн хүчтэй цочролт, давчдалд нь хохирогчийн нэг бус удаагийн хууль бус үйлдлийн хариу болж үүсэж, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус үйлдэл болох бөгөөд хохирогчийн хууль бус үйлдэл нь гэмт этгээдийн хувьд хүлээгээгүй нөхцөл байдалд, түргэн зуур болдог онцлогтойгоос гадна гэмт этгээдийн санаа шууд болон шууд бус хэлбэрээр илэрч болохыг анхаарвал зохино.

- Амь хохирогчийн зүгээс гэмт этгээд болон түүний ойр дотнын хүмүүсийн эсрэг чиглэсэн бие махбодын хийгээд сэтгэл санааны хүчирхийлэл хийх, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжлох, төрөлхийн ба жам ёсны эрхийг нь хязгаарлах, хориглох, дураараа аашлах, гүтгэх зэрэг хууль бус бусад үйлдэл хийсэн нь санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед хүнийг алах (2002 оны Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйл, 2015 оны Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйл) гэмт хэргийн үндсэн шинж билээ.

- Эрүүгийн эрх зүйн "санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан" гэх ойлголтыг тодорхойлоход зөвхөн анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэгт тулгуурладаггүй бөгөөд хэрэг гарах үеийн хохирогчийн хууль бус, ёс суртахуунгүй үйлдэл, түүний үр дагавар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн сэтгэхүйд хэрхэн хортойгоор нөлөөлсөн байж болохыг хэргийн үйл баримтад тулгуурлан өгөх хууль зүйн дүгнэлтээр илэрдэг ойлголт юм.

- Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хүний сэтгэцийг ердийн ухамсарт байдлаас гаргаж, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болгохыг ойлгох бөгөөд энэ нь маш хүчтэй тэсрэлт маягаар илэрч хоромхон зуур үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатал болно.

- Санаа сэтгэл хүчтэй цочирч давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүсдэг, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэлтэй холбоотой, хүлээгдээгүй нөхцөл байдалд үүсэж, түргэн зуур болдог онцлогтой. Түүнчлэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлүүд нь тухайн цаг хугацаанд илэрсэн байхаас гадна удаан хугацааны туршид үргэлжилсэн байж болох бөгөөд аль ч нөхцөлд гэмт этгээдийг сэтгэл зүйн эмгэгт байдалд оруулж, тийм нөхцөл байдалд орсон гэмт этгээдийн сэтгэлзүй тодорхой цаг хугацаанд тэсэрч', сэтгэл санааны хүчтэй цочролд орж, улмаар хүнийг алах, хүнд гэмтэл учруулахад хүргэдгээрээ "хүнийг алах" буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргээс ялгагддаг болно.  Хохирогчийн зүгээс шүүгдэгчийн биед халдсан болох нь яллагдагчийн биед үзлэг хийсэн тэмдэглэл фото зургийн үзүүлэлтүүд болон, шүүх эмнэлгийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний 9466 дугаар шүүх шинжилгээний дүгнэлтээр нотлогдож байхад анхан шатны шүүхээс анхаарч үзээгүй. Уг гэмтэл хэрхэн үүссэн талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, мөн яллагдагчийн зүгээс зодуулаад хувцсаа өмсөөд гарах гэхэд үснээс татаж унагаасан, ингээд талийгаач ална гээд хутга бариад дайрсан үүнээс хойш яг юу болсныг мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд амь хохирогчийн хүч хэрэглэсэн довтолгооны улмаас шүүгдэгч сэтгэл санааны цочролд хоромхон зуурд автсан гэж өмгөөлөгч нарын үздэг ч хэрэг болох цаг хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь уг нөхцөл байдлыг үгүйсгэх нөхцөл байдал биш гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаар ч үзнэ үү. 

4. Нотлох баримтуудын талаар: Анхан шатын шүүх ...гэрч З.Г“манай дүү би хүн алчихлаа гээд орилоод байсан гэх мэдүүлэг.” Гэтэл /1хх 41/-т гэрчГ мэдүүлэг өгөхдөө

Асуулт: Та. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн. 14 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байна уу гэж асуухад

Хариулт: Би мэдүүлэг өгөхгүй ” гэж мэдүүлсэн байхад мэдүүлэг авсан байна. Мөн /2хх 127-128/-т авагдсан 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гаргасан хүсэлтдээ уг мэдүүлгийн талаар тодорхой бичсэн байна. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 “гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.6 “өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзсан гэрч, хохирогч ”, 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг тайлбарлах ”, 13-т “Мэдүүлэг авах үед хөтлөх, эсхүл тулгаж мэдүүлэг авахыг хориглоно” гэдгийг зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий , энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 6-д “нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно”, 7-д “энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтад мэдээллийг нотлох баримтаар тооцоохгүй” гэж хуульчлан заасныг зөрчсөн баримтыг үнэлж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан.

5. Хохирол хор уршгийн талаар: Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5.-т “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж хуульчлан заасан эндээс үзэхэд Хүний сэтгэцэд учирсан хохирлыг түүний гэл бүлийн гишүүнд гаргахаар хуулийн зохицуулалттай байна. 2024 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Лын биеийн байцаалтад ам бүл 5,  нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг талаар авагдсан байна. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.“гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” гэж хуульчлан зааснаас үзэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Лд Хүний сэтгэцэд учирсан хохирлыг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал талийгаач албан ёсны гэр бүлийн баталгаатай бөгөөд тухайн үед хамт амьдарч байсан гэр бүлийн гишүүд иргэний шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй байсныг шүүх буруу шийдвэрлэсэн. 

6. Ял шийтгэлийн талаар: Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийг мөн зүйлийн 2 дах хэсгийн 2.8 дахь заалтад заасан "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүхээс шүүгдэгч З.От ял оногдуулахдаа “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан 15 жилийн хорих ялыг оногдуулж, түүний эдлэх ялыг шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэргийн бусад нөхцөл байдалд дүгнэлт хийж нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шүүхээс шийдвэрлэлээ Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчлан заасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд О өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, нас, боловсрол, ажил мэргэжлийн хувьд нийгэмд идэвхтэй иргэн. Хохирогч архидан согтуурсан, хүч хэрэглэсэн нь мөрдөн шалгах баримтаар нотлогдсон. Ийм нөхцөлд 15 жилийн хорих ял оноох нь зүй бус, хэт хүнд шийтгэл шүүхээс оногдуулсанд гомдолтой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ. 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдэгдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, 1.3-т “бие махбод, сэтгэл санааны албадлага эрхшээлд орсон”, 1.4-т “хохирогчийн хууль бус зүй бус үйлдлээс шалтгаалан хэрэг үйлдсэн”, 1.5-т “өөрийгөө илчилсэн”, 1.7-т “байнгын хүчирхийлэл дарамтад өртсөний улмаас өөрийгөө хамгаалах зорилгоор” зэрэг хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд байсаар байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

7. Хууль зүйн дүгнэлт: Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах ” гэж хуульчилсан. мөн “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “Гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэж тодорхойлсон бол, тус зүйлийн 5.1.6-д “Хамтран амьдрагч гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ” гэж заасан байдаг. Эдгээр хууль зүйн заалтаас үзэхэд, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа хүнийг алах” гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн тулд дараах нөхцөл зайлшгүй шаардлагатай гэж хууль хэрэглээний практикт тогтсон байдаг. Үүнд, гэр бүлийн хүчирхийллийн үйлдэл нэг буюу түүнээс дээш удаа хийгдсэн байх, уг хүчирхийллийн үр дагаварт хүний амь нас хохирсон байх. Гэтэл миний үйлчлүүлэгч Оийн үйлдэл нь урьдчилсан байдлаар төлөвлөсөн, санаатайгаар хэрэг үйлдсэн байдал биш бөгөөд харин талийгаачийн зүгээс үйлдэгдэж байсан хүчирхийлэл, амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй шууд аюулыг таслан зогсоох зорилготой Аргагүй хамгаалалтын хүрээнд гарсан үйлдэл гэж үзэж болохоор Оийн холбогдсон үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан” гэж зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь уг зүйлчлэлийн гол агуулга нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг, зөрчил удаа дараа үйлдэгдэж, улмаар гэр бүлийн харилцаатай этгээдийн амь нас хохирсон нөхцөлд хэрэглэгдэхээр хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл амь хохирогчийг зодох явцдаа амь насыг нь хохироосон бол уг зүйлчлэлээр хүндрүүлэн зүйлчилдэг. Харин уг хэрэгт хэрэг болохоос өмнө буюу амь нас хохирох хүртэлх хугацаанд яллагдагч О нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх ямар нэгэн баримт, нотолгоо хавтаст хэрэгт авагдаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ‘‘Нотолбол зохих зүйлийн нотлохоор ” гэж хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд тодорхой нэрлэн заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг нотолж байж гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага оногдуулдаг. Иймд хэргийн үйл баримтыг хэрхэн зөв, бүрэн дүүрэн сэргээн тогтоосноос хамааран уг хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн оновчтой эсэх тодорхойлогдох учиртай. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо зөвхөн гаднаас харагдах үр дагаврыг бус, харин хохирогч ба шүүгдэгчийн хоорондын харилцаа, тухайн үед гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, мөн шүүгдэгчийн зүгээс үйлдэлдээ хэрхэн хандсан буюу гэм буруугийн хэлбэрийг иж бүрнээр нь тодорхойлох ёстой. Ийнхүү гэм буруутай эсэхийг зөв тогтоож байж л тухайн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй" гэсэн зарчимтай нийцнэ. Мөн тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон түүний улмаас учирсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох нь гэм бурууг нотлох, хэрэгт оновчтой зүйлчлэл хийх, ялын төрөл, хэмжээг зөв тодорхойлох, хохирлын хэмжээ, шинж чанарыг бодитой тогтоож нөхөн төлүүлэх зэрэгт онцгой ач холбогдолтой болохыг анхаарах шаардлагатай байдаг.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, тухайлбал /1хх 20-24/-т тэмдэглэгдсэн Оийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, зургууд, /1хх 134/-т 9466 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг харгалзан үзэхэд, О нь хэрэг гарах үед талийгаач Н.Нын зүгээс үйлдэгдсэн довтолгооны улмаас бие махбодын хөнгөн гэмтэл авсан нь нэгэнт нотлогдож байна. Эндээс үзвэл, уг хэргийн гол шалтгаан, нөхцөл нь талийгаачийн зүгээс үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийлэл байсан бөгөөд энэ нь хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна. З.Оийн хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн баримт хэрэгт тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэх нотолгоо хавтаст хэрэгт авагдаагүй тул түүний холбогдсон үйлдлийг "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэрэгт хамааруулах боломжгүй байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үйл баримтыг сэргээн дүрсэлбэл: Амь хохирогч болон яллагдагч О нар 2021 оноос эхлэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан бөгөөд энэ хугацаанд талийгаач нь хардалт, үл ойлголцлоос үүдэн удаа дараа хүчирхийлэл үйлдэж, миний үйлчлүүлэгчийг байнга зодож, дарамталж байсныг гэрчийн мэдүүлэг, шинжилгээний баримтууд нотолж байна. Хэрэг гарах өдөр талийгаач согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ яллагдагчийн биед халдсан бөгөөд үүний улмаас Оийн биед гэмтэл учирсан нь хавтаст хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтээс тодорхой харагдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг чиглэсэн хууль бус бөгөөд тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчлан заасан. Энэ агуулгаар сэргээн дүрсэлсэн үйл баримтаас үзэхэд амь хохирогчийн зүгээс шууд халдлага нэмэгдэж байсан тул яллагдагчийн зүгээс өөрийгөө хамгаалах зорилготой үйлдэл гаргасан байх үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч О өөрийн мэдүүлэгтээ амь хохирогч хутга барьж дайрсан үеэс цааш болсон үйл явдлыг огт санадаггүй гэж мэдүүлсэн нь сэтгэлзүйн гэнэтийн цочролд орсныг илтгэж байна. Өмнөх удаа дараагийн хүчирхийлэл, айдас түгшүүрийн хуримтлалын нөлөөтэйгөөр шүүгдэгчийн сэтгэл зүй “апектик байдалд” орсон байх бүрэн боломжтой.  Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, З.От холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “аргагүй хамгаалалтын үндсэн шинж” байгаа эсэх, эсвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдалт” байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямхүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2024 оны 07 дугаар 13-14 нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт уг хэрэг гарсан бөгөөд тухайн үед талийгаач Н.Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн З.Оийг бусадтай хардан хэл амаар доромжлон, улмаар түүнийг ална гэж айлган сүрдүүлж зодож түүний биед гэмтэл учруулан танхайрч түүнийг ална гэж хутга барин дайрах үед З.О нь айж цочин амь авраарай гэж хашхиран, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэнэтийн цочролд хоромхон зуурд автаж үедээ түр зуурын цочролд автан сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас түүний амь насыг хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан хэргийн нөхцөл байдал, гэрч Өрнөх, Эрдэнэчимэг, Н.Б, Б.Б нарын мэдүүлэг, мөн шүүгдэгч З.Оийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, анхан шатны шүүх хуралдаанд өгч байгаа мэдүүлэг, шинжээчийн 9466, 2380, 4368, тоот дүгнэлтүүд, Цагдаагийн байгууллагын зүгээс талийгаач Н.Н ямар зөрчил гаргаж байсан талаарх лавлагаа, шүүгдэгч З.Оийн зодуулсны улмаас гэмтэл авч байсан өвчний түүх, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогддог юм. Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай үйлдэл гэж хуулиар тооцдог. Гэмт этгээд нь оюун санаандаа гэмт хэргийн үр дүнг хүсэж, хүсэх төдийн бус өөрийн дотоод хүслийг биелүүлэхээр тууштай шийдсэн идэвхтэй  үйлдлээр илэрдэг.

Шүүгдэгч З.Оийн мөрдөн байцаалтад удаа дараа тогтвортой өгч байсан мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт түүнийг өгч байгаа мэдүүлэгт амь хохирогчийг алахыг хүсэж байсныг илэрхийлэх ямар нэгэн мэдүүлэг болон бусад нотлох баримт байхгүй зэргээс дүгнэлт хийхэд З.О нь талийгаач Н.Ныг санаатай алсан гэх хууль зүйн дүгнэлт хийх үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Б, Н.Б, З.Э, Б.Ө, шүүгдэгч нарын мэдүүлэг, цагдаагийн лавлагаа зэргээс харахад Талийгаач Н нь амьд сэрүүн үедээ архи уухаараа агсан согтуу тавьдаг, зан ааш нь өөрчлөгддөг, Оийг удаа дараа зодож хүчирхийлэл үйлдэж байсан болох нь нотлогддог юм.

От холбогдох энэ гэмт хэрэг нь анхан шатны шүүхээр 2 дахь удаагаа шийтгэгдэж байна урьд нь энэ хэргийг анхан шатны шүүхээр 2025 оны 01 дүгээр зүйлийн 09-ний өдөр шүүх бүрэлдэхүүн хэлэлцэн шийдвэрлэхдээ З.Оийн хийсэн гэмт үйлдэл нь бусдыг санаатай алах гэмт хэрэг биш харин хохирогч Н.Нын хууль бус зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санаа гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас бусдыг алсан гэж олон талаас нь харсан нотлох баримтад тулгуурласан тодорхой дүгнэлт хийж улсын яллагчийн зүгээс З.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг санаатай алсан хэргээр зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж мөн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг өмгөөлөгчийн хувьд зөв шийдвэрлэсэн гэж үздэг.

Хохирогчийн зүгээс 2025 оны 01 дүгээр сарын 09-ний шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь миний эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс гомдлыг хянан хэлэлцээд оролцогчийн эрхийг хязгаарласан байна гэж анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгохдоо хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлсэн асуудал дээр ямар нэгэн дүгнэлт хийхгүй гэж магадлалдаа дурдсан байдаг.

Энэ хэргийг дахин анхан шатны шүүхээр шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөж шийдвэрлэхдээ: Шүүгдэгч З.О нь өөрийн гэр бүлийн хамааралтай хүнийг санаатай алсан байх үндэслэл байна энэ нь гэмт хэргийн зүйлчлэл хүндрэх тул нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан боловч прокуророос хийсэн ажиллагаа гэх юм байхгүй байлгаж байгаад шүүхэд хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн шүүхэд шилжүүлсэн байдаг.

2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр энэ хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх дээ З.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж дүгнэн түүнд 15 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэж тогтоол гаргахдаа тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэрэг гарсан шалтгаант холбоог тогтоож чадаагүй, мөн хэргийн бодит нөхцөл байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн, шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр өмгөөлөгч нарын судалсан нотлох баримт тэдний гаргасан дүгнэлтийг хэрхэн үгүйсгэж байгаа талаар няцаалт хийж чадаагүй, нотлох баримтыг буруу үнэлсэн болох нь харагддаг.

Талийгаач нь урьд өөрөө албан ёсны гэр бүлтэй байсан архи ууж согтуурсан үедээ гэр орондоо маргаан үүсгэж, агсан согтуу тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, цагдаагийн байгууллагад шалгагдаж арга хэмжээ авагдаж байсан талаар түүний эхнэр Б.Б мэдүүлдэг, үүний улмаас гэрээсээ гарч явдаг байсан бөгөөд тэр үедээ өөрийн танил О дээр хааяа ирж, очин хонож өнжиж явдаг, тэр хоёр дотно / нууц амраг/ харилцаатай байсан талаар О маш тодорхой үнэн зөв мэдүүлдэг, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Лхагваням нь аав манайхаар ирэн очин хонож өнжөөд явдаг байсан хамгийн сүүлд 2025 оны 6-р сард манайд байсан гэж мэдүүлдэг юм.

Гэрч Өрнөх, Батцэцэг, Эрдэнэчимэг нарын зүгээс талийгаач нь Оийн гэр орноор орж гаран хонож өнжиж явдаг байсан холбогдуулан өөрсдийнхөө бодолд төрсөн ойлголтыг хэлсэн болохоос биш тэр хоёрыг хамтран амьдрагч, гэр бүлийн харилцаатай байсан гэх ямар ч нотолгоо баримттай зүйлийн талаар мэдүүлдэггүй юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар Эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээдийг хамааруулан ойлгоно гэж заасан байдаг юм.

Гэтэл талийгаач амь сэрүүн үедээ албан ёсны гэр бүлтэй байсан, гэр бүлийн харилцаа нь хууль журмын дагуу дуусгавар болоогүй үедээ өөрт таалагдсан нэгэнтэй эр эмийн харилцаа холбоо тогтоож гэрээр нь ирж хонож явахыг хамтын амьдралтай байсан гэж үзэхгүй үндэслэлгүй юм. Учир нь, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд үүсэн ийм харилцааг /нууц амраг/ дотно харилцаатай байсан гэж ярьдаг болохоос албан ёсны гэр бүлтэй, хүүхдүүдтэй тус тусдаа амьдралтай хүнийг хамтран амьдрагч гэж хэлдэггүй юм. Хамтран амьдрагч гэдэг нь тэс өөр ойлголт юм эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь албан ёсны гэр бүлгүй хүмүүс нь нэг санаагаар хоорондоо тохиролцож, хамтран амьдрал зохиож, гэр бүлийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээж ажиллаж хөдөлмөрлөн ашиг орлого олж, эд хөрөнгө бий болгож олон жил хамтран нэг гэрт тууштай хамт амьдарч ирэхийг хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамааралтай хүмүүс гэж үзэх байх учир нь Иргэний шүүхээр онцгой ажиллагааны журмаар хамтын амьдралтай байсныг тогтоохдоо дээр дурдсан нөхцөл байдлыг нотлох баримтаар тогтоож хамтын амьдралтай, хамтран амьдрагч байсныг тогтоодог мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн 3.2, 5.1.6-д зааснаар "хамтран амьдрагч" нь зөвхөн тогтвортой, гэр бүлийн харилцаанд байдаг этгээд гэж тодорхойлдог тул талийгаач Н.Н нь Оийн хамтран амьдрагч биш гэр бүлийн хамааралтай ч хүн биш тул анхан шатны шүүхээс тэр хоёрыг гэр бүлийн хамааралтай гэж дүгнэсэн нь буруу юм. Гэрч Б.Б, З.Э, Б.Ө, шүүгдэгч З.Оийн тогтвортой өгдөг олон мэдүүлгээр амь хохирогч архи ууж согтохоороо бусадтай харддаг, зоддог, хүүхдүүдийг чинь ална гэх зэргээр сэтгэл зүйн болоод бие махбодын хүчирхийлэл үйлддэг, айлгаж дарамталдаг байсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн шинжээчийн 9466 тоот дүгнэлтээр Оийн биед үүссэн гэмтлээр давхар нотлогддог.

Анхан шатны шүүх нь хавтаст хэрэгт авагдсан гэрчГ, Т нарын мэдүүлгийг нотлох баримтаар тодорхойлох хэсэгтээ дүгнэсэн байх юм мөрдөгч энэ хоёр хүнээс мэдүүлэг авах үед гэрч нар би өөрийн төрсөн дүү, ээжийнхээ төлөө мэдүүлэг өгөхгүй гэж мэдүүлсээр байхад та нар өгөхгүй бол хэн гэрчлэх юм гэж хэлээд мэдүүлэг авсан гэдэг бөгөөд энэ ч тэдний өгсөн мэдүүлгээр нотлогддог энэ нь Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хийсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тул энэ хуулийн 16.11 дугаар зүйлд зааснаар нотлох баримтаар үнэлж дүгнэлт хийх боломжгүй юм.

Мөн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүхийн тогтоолын үндэслэх хэсэгт: Шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээч нарын гаргасан 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 769 дугаартай дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн байдаг бөгөөд энэ талаар өмгөөлөгчийн зүгээс доорх тайлбарыг гаргаж байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн зүгээс энэ дүгнэлтийг гаргасан шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт тавьж шинжээч нарт асуулт тавихдаа "Тухайн үед З.Оээс 0.86 % согтолд илэрсэн энэ нь бараг эрүүл гэж үзэхээр байна тэр Н.Ныг өөрийг ална гэж хутга барин дайрахаас өмнөх бүх зүйлийг санадаг өөрөө ярьдаг харин Н хутга барин ална гэж түүнийг дайрах үед "ажаа амь авраарай" гэж хашхирсан түүнээс хойш үйлдлийг санахгүй байна гэдэг" ямар хэмжээний согтолтыг хөнгөн, хүнд гэж танайх үзэж дүгнэлт гаргадаг юм гэх асуултад шинжээч нар хариулахдаа бид нарт ийм үед ингэж дүгнэлт гаргана гэсэн хууль тогтоомж, эмнэлгийн журам ч байхгүй, анх удаагаа ийм зүйлтэй таарч байна ийм учраас бид сэтгэл санаа хүчтэй давчидсан, давчдаагүй гэх дүгнэлт гаргаж чадахгүй түл "согтолтой байсан учир сэтгэл санаа цочрон давчидсан эсэхийг үнэлэх боломжгүй" гэсэн дүгнэлт гаргасан гэж тайлбарлаж байсан учир анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолынхоо үндэслэх хэсэгт шинжээчийн 769 дүгээр дүгнэлтийг хэрхэн нотлох баримтаар үнэлэхгүй байгаа дүгнэлтээ хийсэн байдаг юм. Ер нь тухайн хэрэг гарсан шөнө амь хохирогчийн зүгээс шүүгдэгч З.От бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж улмаар хутга барин түүнийг ална гэж довтлох үед З.О нь айн цочрол орж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан үедээ өөрийнхөө амь насыг хамгаалахын үүднээс аргагүй хамгаалалт хийж Н.Нын амь насыг хохироосон гэж байж болох нөхцөл байдал харагддаг.

Мөн санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж, хүнийг алах гэмт хэрэг нь эффект буюу санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж, тухайн үед болсон үйл явдлыг бүрэн санадаггүй, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан, мөн гэмт хэрэг үйлдэх агшинд бусдад хүндээр доромжлогдсон, эсхүл хүчирхийлэлд өртсөн байх, гэмт хэрэг хоромхон зуур үйлдэгдсэн байх нөхцөлийг шаарддаг юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч О нь тухайн үед бие махбодын хүчирхийлэлд өртсөн болох нь түүний биед учирсан гэмтлээр тогтоогдсон, болсон үйл явдлыг санахгүй байна гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлж ирсэн, болсон үйл явдлын дараагаар сандарсан байдалтай бусад руу утсаар залгасан зэргээс дүгнэлт хийхэд Н.Нын амь насыг хохироохдоо 3.Оийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байгаа бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн агуулж байна. Анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2306 дугаар шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж байна. Иймд Давж заалдах шатны шүүхэд хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэг гэж үзэн зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч З.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Би сүүлийн 10 хэдэн жил Каваши хийж амьдарсан. Ер нь Монгол Улсынхаа иргэдийг орж ирэхэд нь таарсан үед нь халууцсан үед нь өлсөж цангасан үед нь нэг хоол, цайтай ингээд байх юм сан гэж бодож олон жил би зүтгэсэн. Тэгэхдээ гэв гэнэт ийм бүхэл бүтэн нэг хүний амьд хүний амь эрсэдсэн ийм айлд хэрэгт холбогдчихоод өнөөдөр би төдий ноднингоос эхлээд өдийг хүртэл би үйлийн, үрийг эмхлэхийн тулд талийгаачийн ах дүү болон талийгаачийнхаа сүнснээс төрийнхөө сүлднээс уучлалт гуйна. Би болсон явдлыг, тухайн үед болсон бүх үйл явдлыг би өдийг хүртэл үнэн зөвөөр мэдүүлж байсан. Одоо шүүх хуулийн хувьд энэ хэргийн талаар бүх үнэнийг үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт би итгэж байгаа. Надад өөр хэлэх зүйл байхгүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Л тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдолтой танилцлаа. Тэгээд ер нь энэ шүүгдэгчийн гэр ар, хамтран амьдарч байсан өмчлөгчийнх нь нөлөөллүүд  байдаг. Харьцангуй урт хугацаанд бас нэг гэрт хамт амьдардаг байсан ийм хүмүүс юм байна лээ. Хэн нэг нь одоо тэр гэрлэлтийн баталгаагаа өмнө нь бас гаргуулаагүй байгаа. Амь хохирогч шүүгдэгч нарыг хамтран амьдарч байсан болохыг үгүйсгэх үгүйсгэхгүй ээ. Цаанаа  хүнтэйгээ баталгаагаа батлуул батлуулаагүй байж болно. Тэглээ гээд энэ 2 хүнийг хамтран амьдарч байгаагүй гэж үзэх үндэслэл болохгүй. Гэрчийн мэдүүлэг болон өөрийнх нь шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хамтран амьдарч байсан болох нь тогтоогддог. Тийм учраас Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар үзүүлж ирсэн нь үндэслэлтэй гэж ингэж хохирогч талууд үзэж байгаа. Мөн хохирол, хор уршигтай холбоотой асуудлаар гомдол гаргасан байсан.  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 99 сая төгрөгийг шүүхэд гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ талаарх шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн ийм саналтай байгаа. Шүүхийн практикт ч тэр одоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр энэ тогтоогдсон этгээд энэ олговрыг бол шийдэж байгаа. Мөн дээрээс нь хохирогчийн төрсөн охин болох нь ямар нэг маргаангүй. Энэ дээр ч хүлээн зөвшөөрдөг. Сосорбарам нь бас хамт амьдрахаар ирсэн учраас сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн байдаг. Ийм бас мэдүүлгийг өгдөг. Тэгэхээр энэ талаарх мэдүүлэг бол үндэслэлгүй гэж үзэж байна. Тэр зүйлчлэлийн хувьд шууд одоо санаатай ийм одоо зөв биш ээ гэж өөрөөр хэлэх бол санаатай хэлбэрээр үйлдэгдээгүй, биеэ хамгаалах байдлаар аргагүй хамгаалалт байсан гэж маргадаг.  Дээрээс нь сэтгэл санаа нь цочрон давчидсан гэдэг. Ийм асуудлыг ярьдаг. Энэ дээр хэргийн газрын үзлэгээс хохирогч сандал дээр суугаа байдалдаа нас барсан ийм нөхцөл байдаг. Гурван ч удаагийн  хутгаар хатгаж өөр өөр одоо газар өөр өөр чиглэлд хутгалж амь насыг нь хохироосон ийм нөхцөл байдал байдаг. Дээрээс нь энэ хэрэг учрал болохын өмнө хохирогч 2 шил архи уучихсан байдаг. Биеэ хамгаалж чадах чадваргүй хэмжээнд ухаан санаа алдагдсан гэж үзэх бас ноцтой байдал бий.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Лын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай аавтай хамт амьдарч байгаагүй гэх юм.  Хэн манай аавтай сүүлийн 5 жил хамт амьдарсан. Цагаан сар болгоноор бид нар очиж золгодог байсан. Энэ үедээ байдаг газар нь очиж бид нар золгодог байсан. Энэ хүн тэгээд хамтдаа амьдарч байгаагүй гэх юм. Бүхэл бүтэн 5-ын 5 жил цуг яваад 2-3 өдөр нүүдэл суудал хийгээд л байр гэр орон аваад л, хүний хашаанд ч очиж амьдраад л эгчийнхээ хашаанд очиж амьдраад л бид нартай уулзаж учраад л ингээд явдаг байсан. Ийм хүн одоо тэгээд өөрийгөө хамтран амьдрагч биш гэж ярих юм. Энэ бол хамтын амьдрал мөн шүү дээ. Энийг нь зөвөөр тогтоож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

шүүгдэгч З.О нь 2024 оны 07 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Толгойтын 107-14 тоотод Н.Нын цээжин тус газарт нь хутгалж хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсанГ зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 4-19/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Лын “2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр н.Оюунтулга ахтай хөдөө яваагүй, стадионд байгаа талаараа хэлсэн байсан. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын 14-ний өглөө н.Оюунтулга ахын гэрт байж байтал аавын дүү Оюунгэрэл рүү цагдаагаас залгаж нас барсан талаар нь хэлсэн байсан.  ...Намайг бага байхад аав нэлээн их уудаг байсан харин сүүлийн хоёр гурван жилд бол багассан.”/1хх 37-38/,

гэрч З.Г“манай дүү би хүн алчихлаа гээд орилоод байсан.” /1хх 40/,

гэрч Б.Тийн “15 цагийн орчим ээжийндээ очсон. Очиход ээж З.О хамтран амьдрагч нь болох Н.Н, ээжийн төрсөн эгч З.Г нар байсан бөгөөд бид нар хонины хорхог хийж идсэн. Би 17 цаг өнгөрч байхад эхнэр хүүхдийнхээ хамтаар гэрлүүгээ явсан бөгөөд ахындаа очиж амарсан. Тэгтэл шөнө 03 цагийн орчимд ээж над руу 89707705 дугаараас хэд хэдэн удаа залгасан. Үүрээр 05 цагийн үед З.Г эгчийн охин Хулан над руу залгаж, цагдаагийн хэлтэс дээр бөөн юм болж байна хурдан очоорой гэж хэлсэн. Цагдаагийн гадаа ирэхэд З.Г эгч байсан бөгөөд ээж нь хүн алчихлаа гээд орилоод байсан талаар надад хэлсэн.” /1хх 46-47/, 

гэрч З.Эийн “...манай эгч З.Гхашаанд буусан тэрнээс хойш тэнд амьдардаг болсон. Н.Н эхнэр хүүхэдтэй байсан, Эхнэр хүүхдээсээ салаад манай дүүтэй хамт амьдрах болсон.” /1хх 49/,

гэрч Б.Өийн “Н.Н 2022 оны 3 билүү 4 сард ээжийг зодсон байсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж байсан.... дараа нь 2023 оны 3 сард дахин зодож ээжийг би цагдаа дээрээс очиж авч байсан, хэд хэдэн удаа зодсон бие хаа нь хөх няц болсон байхыг харж байсан.” /1хх 51-52/,

шинжээч Н.Энхцолмонгийн "1.5 промилли, 2.5 промилли цусанд илэрч байвал дунд зэргийн согтолтод орно. Харилцан адилгүй хүн, хүнээсээ шалтгаална мэдэх боломжгүй” /1хх 243-244/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын  2024 оны 08 дугаар сарын 29-ний 2487 дугаар "амь хохирогч Н.Нын цогцост цээжний зүүн талд 3-4 дүгээр хавирганы завсраар өвчүүний зүүн хажуугийн шугамаар урдаас арагш, зүүнээс баруун, дороос дээш хагас ташуу чиглэлтэй цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг цоолон зүрхний баруун ховдлын хөндийг нэвт хатгасан шарх, зүрх чихэгдэлд, үнхэлцгийн хөндийн цусан бүлэн 180 грамм, цээж хэвлийн хатгагдсан шарх, баруун далны зулгаралт, цээж зүүн бугалга, тохойн цус хуралт, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...цээжний зүүн талд 3-4 дүгээр хавирганы завсраар өвчүүний зүүн хажуугийн шугамаар урдаас арагш, зүүнээс баруун доороос дээш, хагас ташуу чиглэлтэй цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг цоолон зүрхний баруун ховдлын хөндийг нэвт хатгасан шарх, зүрх чихэлдэлд, үнхэлцэгийн хөндий цусан бүлэн 180 грамм, цээж, хэвлийн хатгагдсан шарх нь ажлын хэсэг нь 12 см доошгүй урттай, 1.6 см өргөн, 0.6 см доошгүй өргөнтэй, ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр хатгах механизмаар, цээж, баруун далны зулгаралт, цээж, зүүн бугалга, тохойн цус хуралт, зүүн гуяны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлээр цохих үрэх, нидрэгдэх механизмаар үүснэ. Талийгаач нь цээжний зүүн талаар цээжний хөндий рүү нэвтэрч, үхэлцэг цоолон зүрхний баруун ховдлын хөндийг нэвт хатгагдсан шархны улмаас үхэлцэгийн хөндийн цус хуралдаж, зүрх чихэлдэж нас баржээ. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4-1-13-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна.” /1хх 239-243/, 

Шүүх сэтгэц, эмгэг судлалын 769 дүгээр "З.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдах хянах чадвартай байсан байна. З.О нь үйлдсэн хэргийнхээ үйлдлийг үнэн зөв тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. 3. О нь согтолтын байдалтай байсан тул сэтгэл санаа хүчтэй цочрон давчигдсан эсэхийг үнэлэх боломжгүй байна.. З.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна." /1хх 232-234/ гэсэн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Харин З.О нь 2024 оны 07 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Толгойтын 107-14 тоотод Н.Нын цээжин тус газарт нь хутгалж хүнийг алсан гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан болохыг нотолсон баримт хэрэгт байхгүй байна.

Гэр бүлийн харилцан хамааралтай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулах нь учир дутагдалтай.

Хууль тогтоогч гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсвэл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ тухайн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлагатай байдаг.

Хэргийн материалыг судлахад, шүүгдэгч З.О нь гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг далимдуулан хамтран амьдрагч Н.Ныг байнга зодож, эрх чөлөөнд нь халдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаарх нотлох баримт цуглараагүй байна.

Өөрөөр хэлбэл, хохирогчийг байнга зодож, дарамталсан, хүчээр давамгайлж байсан гэх шинжгүй, гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч буй эр, эмийн хоорондын хардалтаас үүдэлтэй таарамжгүй харьцаанаас болж маргалдахдаа хохирогчийн биед халдсан үйлдэл болгоныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх, эсхүл хүнийг алах гэмт хэргийг энэ шинжээр үйлдсэн гэж хүндрүүлэн үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд шүүгдэгч З.Оийн хүнийг алах үйлдэл нь тухайн гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй гэсэн прокурорын болон анхан шатны шүүхийн дүгнэлт нь тус тус хууль зүйн үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэн түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямхүү, Б.Дашдорж нар “хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

“Сэтгэл санаа хүчтэй цочрон давчдах” тухай ойлголт нь өөрөө болон ойр дотны хүн нь бусдад хүчээр дарлагдсан буюу бие махбодын хүчирхийлэлд өртсөн, доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гүтгэх, худал хуурмаг мэдээ сэлт тараах зэрэг хэлбэрээр илэрч болох бөгөөд энэхүү бусдын хууль бус ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа сэтгэл гэнэт хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн байдгаараа санаатай үйлдэгдэх гэмт хэрэг хэргээс ялгагдана. Санаа сэтгэлийн хүчтэй цочрол, давчдалт нь хохирогчийн нэг бус удаагийн хууль бус үйлдлийн хариу болж үүсч, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус үйлдэл болох бөгөөд хохирогчийн хууль бус үйлдэл нь гэмт этгээдийн хувьд хүлээгээгүй нөхцөл байдал, түргэн зуур болдог онцлогтойгоос гадна гэмт этгээдийн санаа шууд болон шууд бус хэлбэрээр илэрч болохыг анхаарвал зохино.

Хэрэгт буй баримтаас үзэхэд шүүгдэгч З.О болон амь хохирогч Н.Н нар нь хэрэг учрал болох үед архидан согтуурсан байсан бөгөөд тухайн үед болсон маргаанаас үүдэн тус хэрэг болсон авч сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэж үзэх нөхцөл байдал болон хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

            Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч З.О нь 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 70 /дал/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/2306 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч З.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар хэргийг зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон  өөрчилж зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалтыг оруулсугай. 

2. тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Шүүгдэгч З.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж, 

2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Оийг 10 /арав/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,

3 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.От оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар З.О нь 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 70 /дал/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                    Г.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                                    Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                    Ц.МӨНХТУЛГА