Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 160

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 207/МА2019/00160

 

 

******* ХХК-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22ы өдрийн 142/ШШ2019/01216 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: ******* ХХК-ийн хүсэлттэй

Дампуурсанд тооцуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайханы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 15ы өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Ганхуяг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

Хүсэлт гаргагч ******* ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ:

******* ХХК нь 2006 оноос эхлэн тасралтгүй зүсмэл материал болон төрөл бүрийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаад ажил тасалдаж улмаар цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх, хөгжүүлэх чадамжгүй болсон тул энэхүү ******* ХХК-ийн үйл ажиллагааг шалган дампуурсанд тооцон үзэж татан буулгаж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2816156 тоот регистрийн дугаартай ******* ХХК нь 2004 онд үүсгэн байгуулагдаж тус хэлтэст бүртгэгдсэн. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш улс, орон нутгийн төсөвт нийт 4.117.981 төгрөгийн албан татвар төлсөн байна. Тус хэлтсээс 2014 оны байдлаарх 8.453.800 төгрөгийн хугацаа хэтэрсэн өрийг нэхэмжлэн Сум дундын 14 дүгээр шүүхээс 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1164 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд 530 тоот гүйцэтгэх хуудастайгаар шилжүүлснээр албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явагдаж байгаа юм. Тус компани нь татвар ногдох үйл ажиллагаа явуулж орлого олсон атлаа албан татвар төлөх үүргээ биелүүлээгүй, мөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг эс биелүүлж байгаа тул шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй, үүссэн өр төлбөрөө төлж барагдуулах шаардлагатай гэж үзэж дахин хөрөнгөжүүлэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд ******* ХХК-иас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй 8.061.201,80 төгрөгийг гаргуулах, тус компанийг дахин хөрөнгөжүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж байна. Хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хэрэг гүйцэтгэгч А.Энхболд шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ:

...Төлбөрийн чадварын талаархи дүгнэлт: 1. Төлбөрийн чадварыг илэрхийлдэг 3 загварыг ашиглан ******* ХХК нь өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна. 2. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2012-2018 оны санхүүгийн тайланд шинжилгээ хийж үзэхэд ******* ХХК нь 88,18% - 71,33%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт оржээ. 3. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын 3 загвараар шинжилгээ хийж үзэхэд энэхүү ******* ХХК нь 2013 оноос төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна. Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд зарим илтгэгч коэфициентүүд сөрөг утгатай гарч байгаа нь, Беликовын 4 хувьсагчтай загварын шинжилгээнээс бусад шинжилгээгээр дампуурах магадлал их гарч байгаа нь ******* ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал маш өндөр түвшинд хүрсэн байна. Нэхэмжлэгч, Хариуцагч болон Хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус ******* ХХК нь 2013 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс 'Тайжийн бүлаг ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ируулээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна... гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШШ2019/01216 дугаар шийдвэрээр:

Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ******* ХХК-нийг дампуурсанд тооцож, татан буулгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д заасныг баримтлан Орхон аймгийн Татварын хэлтсийн ******* ХХК-аас 8.061.201,80 төгрөг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгож, Орхон аймгийн Татварын хэлтэс нь дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө ирүүлээгүй болохыг дурдаж, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШЗ2018/04978 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШЗ2018/04978 дугаартай шүүгчийн захирамж нь энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг зааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Орхон аймгийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шидвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 142/ШШ2019/01216 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх шийдвэр гаргахдаа үйл ажиллагаа нь доголдож санхүүгийн тогтвортой хэвийн ажиллах нөхцөл алдсан гэж нотлон дүгнэжээ. Гэвч тус компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон талаар өмнө үйл ажиллагаа явуулж байсан техник тоног төхөөрөмж тухайн газартаа байгаа эсэх, үйл ажиллагаа зогссон гэдгийг нотлосон ямар ч үйл баримт байхгүй байна. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлт болон хэрэг шийдвэрлэхэд дээрх баримтууд шаардлагатай. ******* ХХК нь анх үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа явуулж татвар ногдох орлого олж байсан тухайн үеэсээ эхлэн хуулиар тогтоосон албан татвар төлөх үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс Үндсэн хуулиар хүлээсэн татвар төлөх үүргээ биелүүлэх, мөн түүнчлэн үүссэн өр төлбөрт холбогдох шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг биелүүлэхийг шаардаж байна. Тус компанид холбогдуулан өмнө нь гарсан хүчин төгөлдөр байгаа шүүхийн шийдвэрийг эс биелүүлсэнтэй холбогдуулан гарсан шүүгчийн захирамж зэргийг хэрхэн үнэлсэн, хэрхэх эсэх талаар шийдвэрт огт тусгагдаагүй түүнийг хянан үзээгүй нь хэргийг тал бүрээс нь хянаж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан байна гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хүсэлт гаргагч ******* ХХК нь дампуурсанд тооцуулж, татан буулгах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ******* ХХК-нийг дампуурсанд тооцож, татан буулгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1.-д заасныг баримтлан Орхон аймгийн Татварын хэлтсийн ******* ХХК-аас 8.061.201.80 төгрөг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгож, Орхон аймгийн Татварын хэлтэс нь дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө ирүүлээгүй болохыг дурдаж, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШЗ2018/04978 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШЗ2018/04978 дугаартай шүүгчийн захирамж нь энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг зааж шийдвэрлэжээ.

******* ХХК нь улсын бүртгэлийн 2011004072 дугаартай, 2816156 дугаар регистертэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 13 дугаар баг Баянцагаан МОГ-ийн хашаанд байрлаж ажиллахаар 2004 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 1 гишүүнтэйгээр зүсмэл материал үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдаа зуучлалын үйл ажиллагаа явуулахаар 8.418.000 төгрөгийн дүрмийн сантай байгуулагджээ.

2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Булган аймгийн Хялганат тосгонд салбар нэгж байгуулсан, 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Хуурай замын ачаа тээвэрлэх үйлчилгээ эрхлэх туслах үйл ажиллагаа болон талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэх, автомашины засвар үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа шинээр бүртгүүлжээ.

Шүүхээс ******* ХХК-ийн хүсэлтийг үндэслэн Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар дампуурлын хэрэг үүсгэн, мөн хуулийн 5.3.-т зааснаар хүсэлт гаргагчийг төлбөрийн чадвартай эсэхийг тогтоохоор түр хэрэг гүйцэтгэгчийг томилжээ.

Дампуурлын түр хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг үндэслэн Шүүх ******* ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.-д харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 847 дугаар шүүгчийн захирамжаар ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, улмаар нэхэмжлэгчид нь 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дотор тус шүүхэд нэхэмжлэлээ гаргахыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлаж, үүний дагуу Татварын хэлтсээс өр 8.061.201.80 төгрөгийг төлүүлэх дахин хөрөнгөжүүлэх нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 4448 дугаар шүүгчийн захирамжаар А.Энхболдыг хэрэг гүйцэтгэгчээр томилсон ба хэрэг гүйцэтгэгч нь дүгнэлтээ 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлжээ. ******* ХХК нь 2012-2018 оны санхүүгийн тайланд шинжилгээ хийхэд 88.18%-71.33%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон, 2019 оны хагас жилээр буюу 2 дугаар улирлын санхүүгийн тайлангаар эзний өмчийн дүн -2.699.300 төгрөг буюу хасах баланстай болсоныг Татварын байгуулагад мэдүүлсэн, 2013 оноос төлбөрийн чадваргүй болсон байна гэсэн дүгнэлт гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах үндэстэй байна гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, дампуурлын тухай хуулийн зүйл заалттай нийцжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан нь ... Гэвч тус компанийн үйл ажиллагаа бүрэн зогссон талаар өмнө үйл ажиллагаа явуулж байсан техник тоног төхөөрөмж тухайн газартаа байгаа эсэх, үйл ажиллагаа зогссон гэдгийг нотлосон ямар ч үйл баримт байхгүй байна. Тус компанид холбогдуулан өмнө нь гарсан хүчин төгөлдөр байгаа шүүхийн шийдвэрийг эс биелүүлсэнтэй холбогдуулан гарсан шүүгчийн захирамж зэргийг хэрхэн үнэлсэн, хэрхэх эсэх талаар шийдвэрт огт тусгагдаагүй түүнийг хянан үзээгүй нь хэргийг тал бүрээс нь хянаж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан байна гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргаж байгаа боловч 2018 оны 11 дүгээр сарын 21 ний өдрийн шүүгчийн захирамжаар ******* ХХК-ийн нэр дээр тээврийн хэрэгсэл байгаа эсэхийг тогтоохоор Орхон аймгийн Автотээврийн төвд даалгажээ. 2018 оны 11 дүгээр сарын 28 ны өдрийн орхон аймгийн автотээврийн төвийн албан бичигт 2816156 тоот регистрийн дугаартай ******* ХХК-ийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй болно , Хүсэлт гаргагч Д.Ганхуяг шүүхэд гаргасан тайлбартаа би гэдэг хүн жолоодож байсан 06-97 УНО улсын дугаартай хуучин маз автомашин болон бас нэг сэлбэж босгосон хуучин R-63-А-тай Эрдэнэтэд ирсэн. Маз маань сэхэл авхааргүй дордож төмрийн хог руу шилжлээ, хөрөө рам ч ялгаагүй тоногдсоор үлдэгдэл нь мөн төмрийн хог руу ачигдсан болно, гэжээ. Дампуурлын хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтээр ******* ХХК-д хуваарилагдах эд хөрөнгөтэй болох нь тогтоогдоогүй байна.

Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1169 дугаар шийдвэрээр ******* ХХК нь Орхон аймгийн Татварын хэлтэст 8.453.800 төгрөг төлөхөөр болсон бөгөөд одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа 2019 оны 10 дугаар сарын 16 ны өдрийн шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж, 2019 оны 10 дугаар сарын 22 ны өдрийн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШЗ2018/04978 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШЗ2018/04978 дугаартай шүүгчийн захирамж нь энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг зааж шийдвэрлэжээ. Иймд дээрх шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байна. Энэ талаар өмнө нь шүүх шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайханы гаргасан давж заалдсан гомдол хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22ы өдрийн 142/ШШ2019/01216 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайханы давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР