Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 700

 

2016.11.01                                          

 

 

О.Доржид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Б.Зориг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Н.Булганчимэг,

Ялтан О.Доржийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн,  

Хохирогч Ц.Гаваагийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баатарсүрэн,

Иргэний нэхэмжлэгч Г.Ганболд,

Хохирогч Ц.Гаваагийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баатарсүрэн, иргэний нэхэмжлэгч Г.Ганболд, хохирогч Г.Даваацогтын хууль ёсны төлөөлөгч Б.Ариунбаяр нарын өмгөөлөгч Р.Булган, 

Нарийн бичгийн дарга Т.Мөнхзул нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Гаваагийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баатарсүрэн, иргэний нэхэмжлэгч Г.Ганболд, хохирогч Г.Даваацогтын хууль ёсны төлөөлөгч Б.Ариунбаяр нарын хамтран гаргасан, мөн тэдний өмгөөлөгч Р.Булганы гаргасан давж заалдах гомдлуудаар О.Доржид холбогдох 201624000024 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигин овогт Очирын Дорж, 1968 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Төв аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 21-03 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар: /ЧС68080912/.

 

            О.Дорж нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны орой 20 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ард Аюушийн өргөн чөлөө, Саппорогийн уулзварын хойд замд Монгол Улсын “Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” MNS 5011:2003 стандартын 5.1.4.7-д “...Урд тэнхлэгийн тавилтын /дэрвийлт, хумайлтын/ өнцөг тухайн автомашины техникийн баримт бичигт зааснаас өөрчлөгдсөн нөхцөлд тэнцэхгүй...” гэж заасан шаардлагыг хангаагүй бүрэн бус “Хьюндэй Соната-5” загварын 04-29 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим ... замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч /4 настай/ Г.Даваацогт, Ц.Гаваа нарыг мөргөж, Ц.Гаваагийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Тээврийн прокурорын газраас: О.Доржид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Доржийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж, бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, О.Доржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил хорих ял шийтгэж, О.Доржид оногдуулсан 2 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн 04-29 УНЦ улсын дугаартай, хар өнгийн “Соната-5” загварын автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн тогтоолыг хэвээр үргэлжлүүлж, тээврийн хэрэгслийн 00867614 дугаартай гэрчилгээг О.Доржийн ВС ангиллын 122407 дугаартай жолооны үнэмлэхийн хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Алтанзулд даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Доржоос 673550 төгрөг гаргуулан хохирогч Ц.Гаваад, 175000 төгрөг гаргуулан Г.Даваацогтын хууль ёсны төлөөлөгч О.Ариунбаярт тус тус олгож, өмгөөллийн хөлсөнд 400000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Ц.Гаваа цаашид гарах эмчилгээний, иргэний нэхэмжлэгч Г.Ганболд цалин хөлстэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, О.Доржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоож, О.Дорж цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

            Хохирогч Ц.Гаваагийн хууь ёсны төлөөлөгч Ц.Баатарсүрэн, иргэний нэхэмжлэгч Г.Ганболд, хохирогч Г.Даваацогтын хууль ёсны төлөөлөгч О.Ариунбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...2015 оны 12 дугаар сарын 22-ны орой 20 цагийн орчим Цэдэнгийн Ц.Гаваа ач хүү Г.Даваацогт нар нь Саппорогийн уулзварын хойноос уруудах замыг хөндлөн гарч яваад “Соната 5” загварын, 0429 УНЦ улсын дугаартай машиныг жолоодож явсан О.Доржийн машинд мөргүүлж, Ц.Гаваагийн биед зүүн дагз хэсгээс суман заадсыг дайрсан, баруун дагзнаас баруун чамархай руу үргэлжилсэн баруун талд хөхлөг сэртэн дайрсан суурь ясны их далавч руу чиглэсэн нийлмэл хугарал, тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархины эдийн цусан хуралт, дагз баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруу, дух, баруун зүүн хацар, хүзүү, зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоолтоор амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Энэ гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна гэсэн дүгнэлт гарсан. Энэ хор хохирлын улмаас Ц.Гаваа нь хөдөлмөрлөх чадвараа бүр мөсөн алдсан. Гэмтэлд 17 хоног, хувийн тархи мэдрэлийн Идэрмэг эмнэлэгт 10 хоног хэвтэж, 27 хоног тасралтгүй эмчлүүлсэн боловч одоо байнга гэрээр эм ууж эмчлүүлж байна. Эмнэлгээс гарснаас хойш гэрээр хэрэглэсэн эм тарианы үнэ 673550 төгрөгийг жолооч О.Доржоос нэхэмжилж байна. Эмгүй бол байнга толгой тархи, хүзүү, нуруу, бөөр, ходоод өвдөж байдаг болсон. Ц.Гаваа нь хөдөө амьдарч байсан. Эрүүл биетэй байсан учраас энэ хүнд гэмтлийг дааж өдий зэрэгтэй, амьд хүний байнгын асаргаанд байгаа юм. Гэмтэлд хэвтэж байхад уг хүн нь бие сайтай байсан учраас сэхсэн. (Найдваргүй гэсэн оноштой байсан.) Ц.Гаваа нь энэ үед "Шинэ үе" СӨХ-нд 340000 төгрөгийн цалинтай, үйлчлэгч хийдэг хүн байсан. Эрүүл хүн байсан, жолооч О.Доржид маш их гомдолтой байна. Г.Даваацогт энэ ослын улмаас 2 чихний хэнгэрэг цоорч (сонсголгүй, хэлгүй, дүлий) хөгжлийн бэрхшээлтэй болж, Г.Ганболдын амьдралд эмгэнэлтэй харамсалтай насан туршийн хар сүүдэр амьдралд нь тохиолдлоо. Г.Даваацогтыг “ЭМЖЖ” эмнэлэгт үзүүлж, шинжилгээ хийлгэсний 95000 төгрөг, тархины томографи хийлгэсний 80000 төгрөг, бүгд 175000 төгрөгийг жолооч О.Доржоос нэхэмжилж байна. Г.Даваацогтын эмнэлгийн үзлэгээр тогтоогдсон 2 чихний хэнгэрэг цоорсон, хэл ярианы эмгэгтэй болсон бөгөөд хэлж ярих зүйл нь мэдэгдэхгүй болсон. 2 чихний нэг тал нь сонсголын хувьд 1 хувийн бууралттай. Нөгөө чих нь 2 хувийн бууралттай гэсэн шинжилгээний хариу. Эцэг, эхийн хүүхэд эрүүл боожиж өссөн хэл сонсгол хэвийн, чөлөөтэй ярьдаг, сонсдог байсан гэх мэтчилэн ярих эцэг, эхийн яриаг үл тоож, О.Доржид холбогдолгүй, ослын шалтгаангүй гэж шүүх эмнэлгийн дүгнэлт гарсныг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүүхдийн эрүүл мэндийн улмаас жолооч О.Доржид маш гомдолтой байна. Г.Даваацогт нь энэ мөргүүлсэн ослоос хойш чих нь өвдөж, юм гоожиж эхэлсэн бөгөөд хэл нь суларч юм ярьж чадахгүй болсон. Г.Ганболд нь нагац эгч Ц.Баатарсүрэнгийн хамт эх Ц.Гавааг 2015 оны 12 дугаар сарын 22-ны шөнөөс 2016 оны 1 дүгээр сарын 18-ныг дуустал 27 хоног сахисан. Би Нарантуул зах дээр "оёдлын" туслах материал зардаг, барааг зөөх, хураах, өрөх, барааг зарах зэргээр албан ёсны 600.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг. Миний цалин нэг өдөрт 21153 төгрөг, 27 хоногт *21153=571131 төгрөгийг жолооч О.Доржоос нэхэмжилж байна. Миний хүү Г.Даваацогт болон эхийн минь хөгжлийн бэрхшээлтэй хүнд өвчтэй болгосон жолооч О.Доржид маш их гомдолтой байна. Ц.Гаваа болон 4 настай хүү Г.Даваацогтын биед хойшид нөхөшгүй эрүүл мэндийн гарз хохирол учирсан учир бид өмгөөлөгч хөлслөх болсон учраас өмгөөлөгч хөлсөлсөн 400000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тул жолооч О.Доржоос өмгөөлөгчийн 400000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

            Хохирогч Ц.Гаваагийн хууь ёсны төлөөлөгч Ц.Баатарсүрэн, иргэний нэхэмжлэгч Г.Ганболд, хохирогч Г.Даваацогтын хууль ёсны төлөөлөгч О.Ариунбаяр нарын өмгөөлөгч Р.Булган гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх хохирогч Ц.Гаваагийн эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирлын нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Гаваад учирсан эмчилгээний зардал болон хууль зүйн туслалцаа авсны хөлс төлсөн зардлын асуудлыг шийдвэрлэхдээ "Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд заасан төр хариуцан гаргах Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгов" хэмээн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4 дэх хэсэгт "өмгөөлөгчид төлсөн зардал" эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардалд орохоор заасан байх бөгөөд мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт "Шүүгдэгч гэм буруутай болохыг тогтоовол шүүх түүнээс байцаан шийтгэх ажиллагааны зардлыг гаргуулах эрхтэй" хэмээн заасаар байхад шүүгч хуулийг жинхэнэ агуулгаас өөрөөр тайлбарлан дүгнэлт хийсэн нь хэрэг хэлэлцэхэд хохирогчийн хуулиар хамгаалагдсан гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн болон эд хөрөнгийн хохирлоо нөхөн гаргуулах эрхийг хязгаарлан шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж, хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Иргэний нэхэмжлэгч Г.Ганболд нь мөрдөн байцаалтын явцад шүүгдэгчээс хүү Даваацогтын эмчилгээ, шинжилгээнд гарсан 175.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнийг шүүх хуралдаан дээр мөн шүүгдэгчээс нэхэмжилсэн атал шүүгч уг мөнгийг шүүгдэгчээс гаргуулж нэг ч төгрөг нэхэмжлээгүй О.Ариунбаярт олгохоор шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнээс харахад иргэний нэхэмжлэгчийн 175000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх огт шийдвэрлэхгүй орхиж, харин шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, иргэний нэхэмжлэгч болон хохирогчийн аль нь ч биш этгээдэд хохирлын мөнгө олгохоор шийдвэрлэсэн болох нь харагдаж байна. Мөн иргэний нэхэмжлэгчийн 27 хоногийн цалин хөлс нэхэмжилсэн нэхэмжлэлийг тухайн компаний тамга тэмдэг шаардлага хангахгүй гэх үндэслэлээр хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлгүй байна. Тухайн компанийн тамга, тэмдэг ямар шаардлага хангасан, ямар байх ёстой байсныг шүүх тодорхой дурьдаагүй учир энэ нь дээрх дүгнэлтийг хийхэд хүргэж байна.

Өмгөөлөгчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд 4 настай Г.Даваацогтын биед гэмтэлгүй гэх шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд уг хүүхэд гэмтлээс өмнө сонсгол, хэл яриа хэвийн цэцэрлэгт явдаг хүүхэд байсан бөгөөд түүнийг өмнө нь чих нь өвдөж эмчид үзүүлж байсан тухай ямарч нотлох баримт хэрэгт байдаггүй бөгөөд зөвхөн ослоос хойш түүний сонсгол муудаж, хэл яриа нь ойлгомжгүй болсон тухай түүний эх О.Ариунбаяр, эцэг Г.Ганболд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баатарсүрэн нар нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа тогтвортой мэдүүлдэг бөгөөд мөрдөн байцаалтын явцад энэ тухай мэдэх хүмүүсээс ямар ч мэдүүлэг аваагүй байдаг. Тухайлбал, цэцэрлэгийн анги удирдсан багш болон өрхийн эмнэлгийн эмч, айл хөрш хүмүүсээс асууж энэ талаар гэрчлүүлж, нотлож болох байсан боловч ийм ажиллагаа огт хийгдээгүй. Мөн шинжээч эмч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн биед үзлэг хийдэггүй, гаднаас нь ажигладаг, тэгээд нарийн мэргэжлийн эмч нарийн оношоор дүгнэлт гаргадаг, чихний архаг үрэвслээс чихний хэнгэрэг цоорсон гэж мэдүүлдэг ч чухам ямар хүчин зүйлийн үйлчлэлээр 2 чих үрэвсэх болсон тухай дүгнэлтэд огт дурьдаагүй, өөрөөр хэлбэл дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхааран үзэлгүй орхигдуулсан бөгөөд энэ нь дүгнэлтийг эргэлзээгүй, үнэн зөв гарсан гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгодог тул шинжээчийн дүгнэлтийг дахин гаргах хүсэлтийг тавьдаг.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэв.

 

Хохирогч Ц.Гаваагийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баатарсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Ц.Гаваа нь ямар ч хөдөлмөрийн чадваргүй болсон. Г.Даваацогт насанд туршийн хэлгүй, дүлий хүн болсон. Өмнө нь эрүүл, саруул хүмүүс байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тухайн жолоочийг буруугүй гэж гарсан байдаг. Шинжээчийн дүгнэлтэд гомдолтой байна. Хүний цэцэг цэв рүү шиг 4 настай хүүхдийг хөдөлмөрийн чадваргүй болгосон байж О.Доржид ямар ч холбогдолгүй гэсэн дүгнэлт гаргасан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дахин шинжээч томилуулж, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гаргуулмаар байна. Ц.Гаваагийн 673.550 төгрөг, Г.Даваацогтын томографид харуулсан 175.000 төгрөг, Г.Ганболдын 571.130 төгрөгийг О.Доржоос нэхэмжилж байна. Бид хуулийн мэдлэг бага учраас анхан шатны шүүхийн шийдвэр О.Доржийн талд гарсан. Тийм учраас хуулийн мэдлэгтэй хүн хөлсөх, өмгөөлөгч авах шаардлага гарсан. Өмгөөлөгчийн хөлсөнд 400.000 төгрөг төлсөн. Төлсөн баримт нь хавтаст хэрэг дотор байгаа. Тухайн мөнгийг О.Доржоос нэхэмжилж байна. Бид эрүүл мэнд болон эд материалын маш их хохиролтой байна. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш 376.000 төгрөгийн эм тариа хэрэглэсэн. Одоо ч хэрэглэж байгаа. О.Доржоос 848.000 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн боловч бид нарт нэг ч төгрөг өгөөгүй. Хүн болгон хуулийн мэдлэгтэй байх албагүй. Тийм учраас өмгөөлөгч авсан. Өмгөөлөгчийн хөлсөө гаргуулж авах хүсэлтэй байна. 2016 оны 9 дүгээр сарын 16-наас хойш гарсан эм тарианы мөнгөө нэхэмжилж байна. Түүнээс өмнө гарсан зардлыг шүүгдэгч тал төлсөн. О.Доржоос өмгөөлөгчийн зардал, эмчилгээний зардал зэргийг нэхэмжилж байна. …” гэв.

   

Иргэний нэхэмжлэгч Г.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би цалингаа нэхэмжилж байна. 27 хоног эхийгээ сахисан. Нэг өдрийн цалин 23150 төгрөг байдаг. Нийт 571130 төгрөгийг О.Доржоос нэхэмжилж байна” гэв.

 

Ялтан О.Доржийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хохирогч хүүхдийн гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлт 2 удаа гарсан байдаг. Чихний идээт үрэвсэл гэх өвчнөөс болоод сонсголгүй, хэлгүй болсон. Шинжээч эмч шүүх хуралдаанд өөрөө орсон. Гэмтлээс болоод тухайн хүүхэд хэлгүй, дүлий болоогүй. Өвчнөөс болж сонсголгүй болсон гэж шинжээч дүгнэлт гаргасан. Өмгөөлөгчийн хөлсийг шүүх гаргаагүй. Ц.Гаваад 675000 төгрөг, хүүхдэд нь 175000 төгрөг гаргуулахаар заасан. Шүүх хуралдааны дараа ар гэрийнхэн нь 850000 төгрөг хохирогч талд өгөхөд авахгүй, 1500000 төгрөг авна гээд аваагүй. Шүүх тамга, тэмдэггүй зарим баримтыг хангаагүй. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл байхгүй. Мөрдөн байцаалтад буцлаа гэхэд өөрчлөгдөх зүйл байхгүй. Анхан шатны шүүхээс тогтоосон хохирлыг өгье гэхэд хохирогч тал аваагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. О.Дорж өөрөө хөгжлийн бэрхшээлтэй. Хохирлын 673000 төгрөг болон 175000 төгрөгийг төлөөгүйн улмаас хоригдсон. Мөрдөн байцаалтын шатанд 1500000 төгрөгийн эмчилгээний зардал өгсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна” гэв.

 

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Давж заалдах шатны шүүхээс хэрэг буцахад Г.Даваацогтын биед дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар заасан байдаг. Г.Даваацогтод чих хамар хоолойн “ЭЖЖ” эмнэлэг, комьютер томографийн зураг болон нарийн мэргэжлийн эмчийн үзсэн бичиг баримтыг үндэслэж бүрэлдэхүүнтэй шинжээч нар дүгнэлт гаргасан. Дүгнэлтээр Г.Даваацогтод ослын хувьд ямар нэг гэмтэл учраагүй гаргасан. Анхан шатны шүүх хуралдаанд Г.Даваацогтод бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргасан Болороо гэх шинжээч эмч оролцсон. Шинжээч эмч шүүх хуралдаан дээр дунд чихний архаг үрэвслийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, гэмтлийн талаар тодорхой мэдүүлгийг өгсөн байдаг. Дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах нь үндэслэлгүй юм. Г.Даваацогтын эцэг, эх нь гэр бүлийн баталгаатай, салсан баримт байхгүй, гэрлэлтийн лавлагаа байдаг. Тухайн хэргийг мөрдөн байцаалтын шатанд байх явцад Г.Даваацогт нь аав болох Г.Ганболдын нэр дээр байсан учраас Г.Ганболдыг тухайн эмнэлэгт шинжилгээ хийсэн баримт зэргээс иргэний нэхэмжлэгчээр тогтоосон боловч шүүх хуралдаан дээр хүүхэд одоо Б.Ариунбаяр дээр байгаа гээд хууль ёсны төлөөлөгчөөр Б.Ариунбаярыг тогтоосон. Б.Ариубаяр, Г.Ганболд хоёр нэг гэр бүлийн хүмүүс учраас хохирол 175000 төгрөгийн асуудлыг Б.Ариунбаярт гаргуулахад асуудал байхгүй. Өмгөөлөгчийн зардлыг гаргуулах үндэслэл харагдахгүй байна. Талууд хоорондоо харилцан тохиролцож, эрх зүйн туслалцаа авах гэрээ байгуулан гэрээний дагуу төлбөрийг сайн дураараа төлсөн учир гаргуулах үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгч дэлгэрэнгүй тайлбарлаж байсан. Г.Ганболд эхийгээ харсан зардлаа нэхэмжилсэн боловч баримт нь хуулийн шаардлага хангаагүй, асарч байсан гэдэг нь нотлогддогүй учраас энэ асуудлыг шийдвэрлээгүй орхисон. Харин иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Анхан шатны шүүхийн тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Талуудад шийтгэх тогтоолыг бүрэн эхээр нь тайлбарласан. Анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар О.Доржид холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж үзэв.

 

О.Дорж нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны орой 20 цаг 10 минутын үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ард Аюушийн өргөн чөлөө, Саппорогийн уулзварын хойд замд Монгол Улсын “Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” MNS 5011:2003 стандартын 5.1.4.7-д “...Урд тэнхлэгийн тавилтын /дэрвийлт, хумайлтын/ өнцөг тухайн автомашины техникийн баримт бичигт зааснаас өөрчлөгдсөн нөхцөлд тэнцэхгүй...” гэж заасан шаардлагыг хангаагүй бүрэн бус “Хьюндэй Соната-5” загварын, 04-29 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим ... замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч /4 настай/ Г.Даваацогт, Ц.Гаваа нарыг мөргөж, Ц.Гаваагийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ц.Гаваагийн “...Хүү Ганболд, ач Г.Даваацогт нарын хамт 120-д байдаг нэг эгчийндээ оччихоод эргээд гэр лүүгээ явж байгаад нэг машинд мөргүүлснээ л санаж байна. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. ... Хохирогчоор хүү Ганболдыгоо оролцуулах гэхээр боловсрол багатай учир эгчийн охин М.Мөнхтуяаг оролцуулах хүсэлт гаргасан. Жолооч бага зэрэг тусламж үзүүлсэн. Хохирлоо гаргуулж авмаар байна. …” /1 дүгээр хавтас, хуудас 16-17/,

хохирогч Ц.Гаваагийн хууль ёсны төлөөлөгч М.Мөнхтуяагийн “...Хохирогч Гаваа, түүний төрсөн хүү Г.Ганболд нарын хүсэлтээр энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. ...Осол гарсан орой манай ээж хамгийн түрүүнд над руу залгаад осол гарсан тухай хэлсэн. Тэгээд би эмнэлэгт очиход Гаваа эгч сэхээнд байсан. Ц.Гаваа нь ослын улмаас тархиндаа их хүнд гэмтэл авсан, одоо манай аавын гэрт эмчлүүлж байгаа. ...Ганболдын хүү Г.Даваацогт одоо Налайхад ээж дээрээ байгаа. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэсэн. Одоогийн байдлаар эмчилгээний зардалд нэг сая орчим төгрөг зарцуулаад байна. Осол гаргасан жолооч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үеийн зардлыг төлсөн. Хохирогч Ц.Гаваа нь СӨХ-нд сарын 340000 төгрөгийн цалинтай, үйлчлэгчээр ажилладаг байсан. Энэ мөнгийг нь ядаад нэг жилээр нь авмаар байна” /1 дүгээр хавтас, хуудас 20-21/,

хохирогч Ц.Гаваагийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баатарсүрэнгийн “...Би Ц.Гаваагийн төрсөн эгч нь байгаа учраас энэ хэрэгт хохирогчоор оролцохоор болсон. Би өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Ц.Гаваагийн биеийн байдал хэвээрээ байгаа, байнгын асаргаанд байна. Би асарч байгаа. Эрүүл мэндийн хувьд тааруухан байна. 4 сая төгрөг эмчилгээнд гараад байна. Жолооч мөнгө төгрөг өгөөгүй. Маш их гомдолтой байна. Одоо гарсан болон цаашид гарах эмчилгээний зардлын нэхэмжилнэ. Хүүхэд нь дүлий болчихоод байна” /2 дугаар хавтас, хуудас 11/,

гэрч Г.Ганболдын “...Би ээж Ц.Гаваа, хүү Г.Даваацогт нарын хамт 120 мянгатад байдаг эгчийндээ 15 цаг өнгөрч байхад оччихоод тэндээсээ 19 цаг өнгөрч байхад гараад Орбитод байдаг гэр лүүгээ явж байсан. Тэгээд автобусандаа буруу суусан учраас нөгөө автобуснаас 3 дугаар эмнэлгийн хажууд буугаад Саппорогийн замаар зам хөндлөн гарсан. Би гэр лүүгээ яарч байсан учраас түрүүлээд зам хөндлөн гараад замын хажуугийн шороон зурвас хэсэг дээр зогсоод эргээд харахад нөгөө 2 маань зам хөндлөн гарах гэж байсан ба би наашаа зам руугаа орчих гээд хашгирсан. Тэгээд манай хоёр зам руу ороод 2-3 алхаж байхад яах ийхийн зуургүй дээрээс доошоо уруудаж байсан машин орж ирээд ээжийг мөргөсөн. Ээж машины копутон дээр ойролцоогоор 10-20 метр газар явж байгаад газар унасан. Манай хүү машинд мөргүүлээд хажуу тал руу шидэгдсэн. ... Осол гарах үед бол замаар хөдөлгөөн багатай, зам халтиргаатай, замын өргөссөн хэсэг байсан. Би нөгөө машиныг харах үед нилээн хол байсан ба гарчих боломжтой болохоор нь би нөгөө хоёрыгоо зам хөндлөн гар гээд хашгирсан юм. Замын зорчих хэсгийн нөгөө талаар бол нилээд машинтай байсан. Нөгөө машин манай хоёрыг хараад машинаа зогсоох боломж байсан боловч гулгасаар байгаад ирээд мөргөсөн. ...” /1 дүгээр хавтас, хуудас 51-53/,

шинжээч Б.Долгормаагийн “...Ц.Гавааг 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж, биеийг нь үзэхэд шилбэ орчимд гэмтэлгүй байсан ба эмнэлгийн бичигт ч дурдагдаагүй байсан. Харин гавал тархины гэмтэлтэй, мөн бусад эрхтэнүүдэд гэмтэл байсан. Уг гэмтлүүдийг дүгнэлтэнд тодорхой тусгасан байгаа. ...” /1 дүгээр хавтас, хуудас 90/,

шинжээч Б.Ариунболдын “...Би хавтас хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем болон фото зураг, оношлогооны дүгнэлт зэргийг үндэслэн жолооч О.Доржийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчсөн гэсэн техникийн шинжээчийн дүгнэлт гаргасан. ...Тэнхлэг тохиргоо алдагдсан нь жолоочид илт мэдрэгдэнэ. Ийм тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хориглоно. Мөн осол хэргийн газрын үзлэгээр уг тээврийн хэрэгслийн жолооч замын нөхцөл байдалд хурдаа зөв сонгож хөдөлгөөнд оролцоогүй болох нь тогтоогдож байна” /1 дүгээр хавтас, хуудас 91-92/,

шинжээч Ж.Алтанцэцэгийн “...Тухайн тээврийн хэрэгслийн урд тэнхлэгийг шалгахад 22 мм гэсэн үзүүлэлт гарсан байна. Энэ нь тухайн автомашины тэнхлэг тохиргоо алдагдсан байна гэсэн үг. 22 мм байгаа нь жолоочид илт мэдрэгдэх боломжтой. Осол гарах үед тухайн автомашин дугуй хэсгээрээ хатуу биет зүйл, хайс хашлага мөргөөгүй бол үүсэх боломжгүй. ...” /1 дүгээр хавтас, хуудас 93/,

шинжээч О.Болороогийн “...2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 909 тоот шинжээчийн дүгнэлтийг эмч У.Ганцэнгэл, Ц.Оюун-Эрдэнэ бид 3 санал нэгтэй гаргасан. Тухайн үед 4 настай Г.Даваацогтыг үзэж, амбулаторын карт, “ЭМЖЖ” эмнэлгийн чих хамар хоолойн эмчийн үзлэг зэргийг үзсэн. Г.Даваацогтын биед гэмтэл тогтоогдоогүй байсан. Г.Даваацогт нь дунд чихний 2 талын архаг үрэвсэлтэй байсан. Уг үрэвсэл нь өвчин, зам тээврийн ослын улмаас болоогүй. Дунд чихний архаг үрэвсэлт өвчний үед хэнгэргийн хальс цоорч, улмаар булга гойжино. Хэнгэргийн хальс цоорсон учраас сонсгол буурна. Энэ нь архаг үрэвсэл өвчин тул зам тээврийн ослын үед үүсээгүй болно. Энэ бол архаг үрэвсэлт өвчин юм” /2 дугаар хавтас, хуудас 9/,

О.Доржийн яллагдагчаар өгсөн “...2015 оны 12 дугаар сарын 22-ны орой 20 цаг өнгөрч байхад би аавынхаа нэр дээр байдаг “Соната-5” загварын, 04-29 УНЦ дугаартай машиныг жолоодон эхнэр Оюунгэрэлийн хамт Баянгол дүүргийн нутаг Саппорогийн уулзвар орохоор ойролцоогоор 40-50 орчим км/цагийн хурдтай 2 дугаар эгнээгээр явж байгаад замын өргөссөн хэсэг рүү орох үед нэг хүн 1 дүгээр эгнээнд гар нь сарваганаад нааш цааш ухасхийгээд байхаар нь нөгөө хүнийг зам чөлөөлөхгүй байх гэж бодоод явж байхад зүүнээс баруун гар тийш гарахаар замын голд хүүхэд хөтөлсөн нэг хүн явж байсан. Тэгэхээр нь би нөгөө хүүхэд хөтөлсөн хүний араар нь тойроод гарах гэтэл нөгөө хүн хүүхдээ хөтлөөд буцаад ухас хийгээд машины баруун урд хэсэгт мөргүүлээд копут хэсэгт гараараа дараад газарт унасан. Хүүхэд нь нөгөө хүний гарт татагдаад мөн газар унасан. ...” /1 дүгээр хавтас, хуудас 107-108/ гэх  мэдүүлгүүд,

иргэний хариуцагч Г.Очирын “...Би уг машиныг худалдан аваагүй. Манай хүү О.Дорж нэг хүнээс аваад өөрийнхөө нэр дээр болгоё гэтэл иргэний үнэмлэх байхгүй, та нэр дээрээ шилжүүлээд аваадах гэхээр нь нэр дээрээ болгуулчихсан юм. ... Миний нэр дээр байдаг болохоос Дорж л жолооддог юм” /1 дүгээр хавтас, хуудас 67/,

иргэний нэхэмжлэгч Г.Ганболдын “...2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс Г.Даваацогтын  зүүн талын чихнээс нь булаг гоожоод эхэлсэн. Тэгээд толгой, хүзүүгээ угаалгахгүй өвдөөд байна гээд байсан. Би ажил ихтэй учраас хүүхдээ үзүүлж чадаагүй. Манай нагац эгч Баатарсүрэн л нэг удаа эмнэлгээр авч явсан. Тэгээд эм, тариа авч өгсөн байсан. ... Учирсан хохирлоо гаргуулж авмаар байна. ...” /1 дүгээр хавтас, хуудас 242/ гэх тайлбарууд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Гаваагийн биед зүүн дагз хэсгээс суман заадсыг дайрсан баруун дагзнаас баруун чамархай руу үргэлжилсэн баруун талд хөхлөг сэртэн дайрсан суурь ясны их далавс руу чиглэсэн нийлмэл хугарал, тархины хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархины эдийн цус хуралт, няцралт, дагз, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, дух, баруун, зүүн хацар, хүзүү, зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэх 722 тоот шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас, хуудас 71/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Даваацогтын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх 1923 тоот шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас, хуудас 76/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Урьд гаргасан 1923 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Даваацогтын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх 909 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт /1 дүгээр хавтас, хуудас 232/,

Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн “… Харин автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ стандартын шаардлага хангахгүй байлаа. Мөн автомашины ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд бүрэн бус байв. Энэхүү автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 22 мм байгаа нь стандартад заагдсан /автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар. Ерөнхий MNS5011:2003 стандартын 5.1.4.7-д “Урд тэнхлэгийн тавилтын өнцгийг тэнхлэг шалгаж тохируулах багажаар тухайн автомашиныг тусгай суваг, постод зогсоож шалгах шаардлагатай. Урд тэнхлэгийн тавилтын өнцөг тухайн автомашины техникийн баримт бичигт зааснаас өөрчлөгдсөн нөхцөлд тэнцэхгүй гэж үзнэ” гэсэн шаардлагад нийцэхгүй, урд тэнхлэгийн тохиргоо алдагдсан байна. Урд тэнхлэгийн хяналтын шалгах багажны үзүүлэлтээс (+-0-5 мм) их байгаа нь тухайн автомашины дугуй жолооны хүрд сул чөлөөтэй үед 1 м зайд 22 мм даялаж байгааг харуулж байна. … Уг автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ стандартад заагдсанаас их байсан нь ослын өмнө үүссэн тохиолдолд жолоодлого хүндрэх, зам онохгүй байх зэргээр тухайн осолд нөлөөлөх болно. …” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас, хуудас 80-82/,

Техникийн шинжээчийн “... “Хьюндэй сонота-5” загварын 04-29 УНЦ улсын дугаартай автомашины жолооч О.Дорж нь Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар MNS 5011:2003 стандартын 5.1.4.7-д “...Урд тэнхлэгийн тавилтын өнцөг тухайн автомашины техникийн баримт бичигт зааснаас өөрчлөгдсөн нөхцөлд тэнцэхгүй” гэсэн шаардлагыг хангаагүй бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж заасныг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ц.Гаваа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ Явган хүний гарцтай ба гарамтай /үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх 122 тоот дүгнэлт /1 дүгээр хавтас, хуудас 88-89/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас, хуудас 3-8/, тоормос, тэнхлэгийн дүгнэлтийн хуудас /1 дүгээр хавтас, хуудас 85/, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас №1216 /1 дүгээр хавтас, хуудас 86/, цаг агаарын байдлын тодорхойлолт /1 дүгээр хавтас, хуудас 144/, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар, ерөнхий шаардлага /1 дүгээр хавтас, хуудас 150/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /1 дүгээр хавтас, хуудас 119/, автомашин техникийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтас, хуудас 122-123/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтас, хуудас 124/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

            О.Дорж нь “урд тэнхлэгийн тавилтын /дэрвийлт, хумайлтын/ өнцөг тухайн автомашины техникийн баримт бичигт зааснаас өөрчлөгдсөн нөхцөлд тэнцэхгүй...” гэсэн шаардлагыг хангаагүй бүрэн бус “Хьюндэй Соната-5” загварын 04-29 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж заасныг зөрчин замын хөдөлгөөнд оролцсоноос халтиргаатай замд машинаа зогсоож чадалгүй зам хөндлөн гарч явсан явган зорчигч нарыг мөргөж, Ц.Гаваагийн бие махбодид хүнд гэмтэл учруулсан байна.

 

Түүнчлэн түүний жолоодож явсан автомашины урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ стандартад заагдсанаас их байсан нь ослын өмнө үүссэн тохиолдолд жолоодлого хүндрэх, зам онохгүй байх зэргээр тухайн осолд нөлөөлөх боломжтой болохыг шинжээч тайлбарлажээ.

 

Иймд “Хьюндэй сонота-5” загварын 04-29 УНЦ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан О.Доржийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэж үзсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1923 тоот шинжээчийн  “...Даваацогтын биед гэмтэл тогтоогдсонгүй” /1 дүгээр хавтас, хуудас 76/, мөн 909 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчдийн “...Урьд гаргасан 1923 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Даваацогтын биед гэмтэл тогтоогдсонгүй” /1 дүгээр хавтас, хуудас 232/ гэсэн дүгнэлтүүд тус тус гарчээ.

 

Шинжээч О.Болороогийн “... Тухайн үед 4 настай Г.Даваацогтыг үзэж, амбулаторын карт, “ЭМЖЖ” эмнэлгийн чих хамар хоолойн эмчийн үзлэг зэргийг үзсэн. Г.Даваацогтын биед гэмтэл тогтоогдоогүй байсан. Г.Даваацогт нь дунд чихний 2 талын архаг үрэвсэлтэй байсан. Уг үрэвсэл нь … зам тээврийн ослын улмаас болоогүй. Дунд чихний архаг үрэвсэлт өвчний үед хэнгэргийн хальс цоорч, улмаар булга гойжино. Хэнгэргийн хальс цоорсон учраас сонсгол буурна. Энэ нь архаг үрэвсэл өвчин тул зам тээврийн ослын үед үүсээгүй болно. Энэ бол архаг үрэвсэлт өвчин юм” /2 дугаар хавтас, хуудас 9/ гэж мэдүүлжээ.

 

Дээрх шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлэг зэргээс үзэхэд Г.Даваацогтын чихний хэнгэргийн хальс цоорч, булга гойжсон, сонсгол буурсан байдал нь зам тээврийн ослын улмаас үүсээгүй, харин дунд чихний архаг үрэвсэлт өвчний үед хэнгэргийн хальс цоорч, улмаар булга гойжиж, хэнгэргийн хальс цоорсноос сонсгол буурсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Шинжээчийн дүгнэлтүүд болон шинжээчийн мэдүүлэг нь Г.Даваацогтын чихний гэмтлийн талаар эргэлзээтэй байдлыг бий болгож, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хууль зүйн үндэслэлийг үүсгэхгүй байна.

 

Өмгөөлөгч авах эсэх нь хохирогч нарын эрхийн асуудал бөгөөд хуульд заасан үндэслэлээр заавал өмгөөлөгч авах нөхцөл байдал энэ хэрэгт байхгүй байжээ.

 

Байцаан шийтгэх ажиллагааны зардал нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллага, прокурор, шүүхээс зайлшгүй хуульд заасан үндэслэлэээр зарцуулсан зардлаас бүрддэг.

 

Иймд өмгөөлөгчийн хөлсийг шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Харин анхан шатны шүүх хохирогч Г.Даваацогтын хууль ёсны төлөөлөгч Б.Ариунбаярт 175.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байх тул шинжилгээний төлбөрийг төлж байсан иргэний нэхэмжлэгч Г.Ганболдод олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт “Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг баривчлах, хорих ялд нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол хугацааг нь үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолно...” гэж заасны дагуу О.Доржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хассан нэмэгдэл ялын хуцагааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг өөрчлөв.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.

 

Иргэний хариуцагч Г.Очирын “...Би уг машиныг худалдан аваагүй. Манай хүү О.Дорж нэг хүнээс аваад өөрийнхөө нэр дээр болгоё гэтэл иргэний үнэмлэх байхгүй, та нэр дээрээ шилжүүлээд аваадах гэхээр нь нэр дээрээ болгуулчихсан юм. ... Миний нэр дээр байдаг болохоос Дорж л жолооддог юм” /1 дүгээр хавтас, хуудас 67/ гэсэн тайлбар өгчээ.

 

Анхан шатны шүүх дээрх иргэний хуулийн зохицуулалт, иргэний хариуцагчийн тайлбарыг үндэслэн мөрдөн байцаагчийн “04-29 УНЦ улсын дугаартай, хар өнгийн “Соната-5” загварын автомашиныг битүүмжилсэн” 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, тээврийн хэрэгслийн 00867614 дугаартай гэрчилгээг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхээр шийдвэрлэснийг буруу гэж үзэх боломжгүй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн 04-29 УНЦ улсын дугаартай, хар өнгийн “Соната-5” загварын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь О.Доржийн эцэг Г.Очирын нэр дээр бүртгэлтэй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Хэрэгт битүүмжлэгдсэн 04-29 УНЦ улсын дугаартай, хар өнгийн “Соната-5” загварын автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн тогтоолыг хэвээр үргэлжлүүлж...” гэснийг “Хэрэгт битүүмжлэгдсэн 04-29 УНЦ улсын дугаартай, хар өнгийн “Соната-5” загварын, Р.Очирын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн тогтоолыг хэвээр үргэлжлүүлж...” гэж өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.  

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, О.Доржийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хохирогч Ц.Гаваагийн хууль ёсны төлөөлөгч Ц.Баатарсүрэн, иргэний нэхэмжлэгч Г.Ганболд, хохирогч Г.Даваацогтын хууль ёсны төлөөлөгч Б.Ариунбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын “... Г.Даваацогтын чихний гэмтэл нь О.Доржид холбогдолгүй, ослын шалтгаангүй гэж шүүх эмнэлгийн дүгнэлт гарсныг бид хүлээн зөвшөөрөхгүй байна, … Миний цалин нэг өдөрт 21153 төгрөг, 27 хоногт *21153=571131 төгрөгийг жолооч О.Доржоос нэхэмжилж байна, … О.Доржоос өмгөөлөгчийн хөлс 400000 төгрөгийг нэхэмжилж байна. …” гэх хэсгүүдийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч О.Дорж нь хохирогч Ц.Гаваагийн эмчилгээний зардалд 1564000 төгрөг зарцуулсан байдал тогтоогдсон, хохирогчоос гаргаж өгсөн гэм хорын талаархи нотлох баримтын үнийн дүн нь дээрх үнийн дүнгээс хэтрэхгүй байх тул яллах дүгнэлт үйлдэгдэхээс өмнөх цаг хугацаанд авагдсан гэм хорын хохиролд зарцуулсан мөнгөний асуудлыг хөндөхгүй орхив.

 

Харин яллагдагчийг шүүхэд шилжүүлснээс хойш гэм хорын хохирлын баримт болгон гаргаж өгсөн 673550 төгрөгийн асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлэсэн байх тул давж заалдах гомдлын нэг шаардлага болох “… Эмнэлгээс гарснаас хойш гэрээр хэрэглэсэн эм тарианы үнэ 673550 төгрөгийг жолооч О.Доржоос нэхэмжилж байна. …” гэх гэм хорын хохирлыг анхан шатны шүүх шийдвэрлэж, шүүгдэгч О.Доржоос гаргуулан хохирогч Ц.Гаваад олгохоор шийдвэрлэснийг дурдаж байна.

 

 Хохирогч Ц.Гаваагийн хууь ёсны төлөөлөгч Ц.Баатарсүрэн, иргэний нэхэмжлэгч Г.Ганболд, хохирогч Г.Даваацогтын хууль ёсны төлөөлөгч О.Ариунбаяр нарын өмгөөлөгч Р.Булганы гаргасан давж заалдах гомдлын “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4 дэх хэсэгт "өмгөөлөгчид төлсөн зардал" эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зардалд орохоор заасан байх бөгөөд мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт "Шүүгдэгч гэм буруутай болохыг тогтоовол шүүх түүнээс байцаан шийтгэх ажиллагааны зардлыг гаргуулах эрхтэй" хэмээн заасаар байхад … хуулийн энэ заалтыг зөрчсөн гэж үзэж байна. …,  мөн иргэний нэхэмжлэгчийн 27 хоногийн цалин хөлс нэхэмжилсэн нэхэмжлэлийг тухайн компаний тамга тэмдэг шаардлага хангахгүй гэх үндэслэлээр хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлгүй байна. …, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргах хүсэлтийг тавьдаг. … гэх хэсгүүдийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг өөрчлөн тогтоох хүсэлтийг шийдвэрлэхдээ өмнө нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тогтоосон мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосон прокурорын тогтоол хууль зүйн үндэслэлгүй болсныг дурьдаж байна.

 

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 113 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Хэрэгт битүүмжлэгдсэн 04-29 УНЦ улсын дугаартай, хар өнгийн “Соната-5” загварын автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн тогтоолыг хэвээр үргэлжлүүлж, ...” гэснийг “Хэрэгт битүүмжлэгдсэн 04-29 УНЦ улсын дугаартай, хар өнгийн “Соната-5” загварын, иргэний хариуцагч Р.Очирын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн тогтоолыг хэвээр үргэлжлүүлж, ...” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.Гаваад 673550 төгрөг, Г.Даваацогтын хууль ёсны төлөөлөгч О.Ариунбаярт 175000 төгрөгийг шүүгдэгч О.Доржоос гаргуулан тус тус олгосугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.Гаваад 673550 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Ганболдод 175000 төгрөгийг тус тус шүүгдэгч О.Доржоос гаргуулан олгосугай” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “О.Доржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай” гэснийг “О.Доржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Л.ДАВААСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                                  Б.ЗОРИГ

 

                                                                                                    Т.ӨСӨХБАЯР