Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 183

 

А.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 292 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар магадлалтай, А.Мд холбогдох 1914004280345 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянхонгор аймаг, Баянговь сумын 4 дүгээр багт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, Г овогт Аын М.

А.М нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын Цоохор 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Б.Тийн гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 16,500,000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч А.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

шүүгдэгч А.Мг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, оногдуулсан ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэж байхыг тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч А.Мд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх хэргийг хэргийн жинхэнэ нөхцөл байдлаас зөрүүтэй дүгнэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Хавтаст хэргийн материалд авагдсанаар болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэгдсэнээр А.М нь хохирогч Б.Т ах, дүү хамаатан садан гэр орноороо байнга орж гардаг талаар хэн аль нь мэдүүлсэн байх бөгөөд хэрэг учрал болсон гэх тус өдөр нь Б.Т гэрт мал асуухаар очсон. Зуудаг нохой дайраад ирэхэд зугтаагаад гүйгээд орсон. Тэр үед гэрийн хаалганд цоож цуурга байгаагүй, харин гэрт нь гаднаас хүн орж ирэхийг 30 орчим минут хүлээж суусан талаараа мэдүүлдэг.

Анх очихдоо Б.Т эзэнгүй байгаа эсэхийг мэдээгүй гэдэг. Гэтэл магадлалд эзэнгүй байгааг мэдсээр байж нэвтэрсэн мэтээр хэрэгт авагдаагүй нөхцөл байдлын талаар нэмж зөрүүтэй дүгнэсэн байна.

Мөн түүнчлэн магадлалд хохирогч Б.Тийн ....гэртээ ороод иртэл авдрын таг дутуу хаалттай..., ...авдраа нээж үзтэл хөөрөг алга байсан..., гэрч Б.Уранбаярын “....гэртээ 21 цагийн үед ирэхэд гэр цоожгүй байхаар нь шууд гэртээ ороод авдарнуудаа үзэхэд хөөрөг байхгүй байхаар нь сумынхаа цагдаад мэдэгдсэн..." гэх мэдүүлгүүдэд бүрэн дүүрэн тал бүрээс нь бодит байдалд тулгуурлан үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна гэж бичсэн нь үндэслэлтэй байна гэжээ.

Хохирогч, гэрч нарын дээрх мэдүүлэг нь А.Мг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх нотолгоо биш юм. Өөрөөр хэлбэл хавтаст хэргийн материалд миний үйлчлүүлэгчийг айлын хаалга цоожийг хэрхэн яаж эвдэлсэн мөн хууль бусаар хэрхэн яаж нэвтэрснийг бүрэн нотлоогүй байдаг.

Энэ байдал нь хохирогч Б.Т анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо эхнэрийн хамт гэрээс гарахдаа хэн хэндээ найдаад гэрээ цоожлохоо мартсан байсан талаар, мөн хаалганы цоож, цуурга, цүү эвдрээгүй талаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдох бөгөөд дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх хангалттай нотлох баримт гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа болно.

Анхан шатны шүүхээс хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулан хэрэгт авагдсан нотлох баримт бусад үйл баримтанд харьцуулан дүгнэлт хийж шүүгч өөрийн дотоод итгэлд тулгуурлан нотлох баримтыг үнэлж шийдвэрлэсэн нь хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа болно.

Иймд хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.М нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хөөрөг хулгайлсан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, прокуророос шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилсөн байна. Харин давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон үндэслэлтэй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан гомдлыг үндэслэн А.Мд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч А.М нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын Цоохор 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Тийн эд зүйлийг хулгайлсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх А.Мд холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.

Мөн түүний үйлдсэн гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж, Эрүүгийн хуулийн хэм хэмжээний агуулгыг зөв тайлбарлан хэрэглэсний зэрэгцээ шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэсэн байх тул уг шийдвэрийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Харин давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх “...Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, ...хэргийг хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байдаг бөгөөд шүүхээс оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээнд шууд нөлөөлдөг тул тэдгээрийг заавал тогтоож тодорхойлох нь зүйтэй.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууг, тухайн гэмт хэргийг үйлдсэн сэдэлт, санаа зорилгын хамт тогтоох ёстой бөгөөд яллах талын зарим нотлох баримт нь Үндсэн хуулиар олгогдсон хүний салшгүй эрх болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг зөрчиж авагдсан байгаа, мөн бусдын орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэх нь шүүгдэгчийн санаа зорилгын хүрээнд багтаж байсан, эсхүл орон байранд нэвтэрсний дараагаар хулгайлах хүсэл зориг үүссэн эсэхийг мөрдөн байцаалтаар хөдөлбөргүй нэг мөр тогтоож чадаагүй зэргийг анхан шатны шүүхээс зөв тайлбарлан дүгнэж, гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, А.М нь хохирогчийн гэрт төрөл, садан хүний хувиар урд өмнө нь байнга орж, гардаг байсан талаарх баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан мэдүүлэгт тэрээр гэрт орсны дараагаар эд зүйл хулгайлах санаа зорилго үүссэн гэж мэдүүлсний зэрэгцээ түүнийг очиход хохирогчийн гэрийн хаалга цоожтой байсан эсэх талаар хохирогч, гэрч нар өөр өөрөөр мэдүүлж байгаа зэрэг нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгчийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхийн тулд орон байранд хууль бусаар, нууцаар нэвтрэх аргыг сонгон авч, төлөвлөж үйлдсэн гэж дүгнэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүсч байна.

Дээрх байдлаас дүгнэж үзэхэд шүүгдэгч А.Мгийн хохирогчийн хөөргийг хулгайлсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогдож байгаа, харин “орон байранд нэвтэрч” гэмт хэрэг үйлдсэн гэх шинжид хамаарах үйл баримтыг мөрдөн байцаалтаар хөдөлбөргүй тогтоож чадаагүй бөгөөд дээр дурдсан эргэлзээ үүсэхээр байх тул  хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцнэ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын гаргасан “...Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт бусад үйл баримтанд харьцуулан дүгнэлт хийж шүүгч өөрийн дотоод итгэлд тулгуурлан нотлох баримтыг үнэлж хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн тул хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 292 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Мгийн өмгөөлөгч П.Өлзийбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэсүгэй

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН