Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 62

 

“Б х х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын

Сонгон шалгаруулалтын комисст холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:               Ч.Тунгалаг,

Шүүгчид:                               Г.Банзрагч,

                                             Д.Мөнхтуяа,

                                             П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь.

Нарийн бичгийн дарга     Т.Даваажаргал  

Нэхэмжлэлийн шаардлага: “Б х х” ХХК-ийн СШ-31-10 кодтой сонгон шалгаруулалтад өгсөн үнийн саналыг хүлээн авч үнэлэхээс татгалзаж байгаа Сонгон шалгаруулалтын комиссын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус сонгон шалгаруулалтад ирүүлсэн “Б х х” ХХК-ийн үнийн саналыг хүлээн авч үнэлэхийг Сонгон шалгаруулалтын комисст даалгах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0651 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 616 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрхэмбаяр, Д.Батмагнай нарыг оролцуулан,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0651 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Б х х” ХХК-ийн гаргасан ““Б х х” ХХК-ийн СШ-31-10 кодтой сонгон шалгаруулалтад өгсөн үнийн саналыг хүлээн авч үнэлэхээс татгалзаж байгаа Сонгон шалгаруулалтын комиссын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус сонгон шалгаруулалтад ирүүлсэн “Б х х” ХХК-ийн үнийн саналыг хүлээн авч үнэлэхийг Сонгон шалгаруулалтын комисст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 616 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0651 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.  

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. а/Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд 4 үндэслэлээр нэхэмжлэл гаргасан.  Нэгдүгээрт: Тус сонгон шалгаруулалтад оролцохоор зохих хураамжийг нь тушааж сонгон шалгаруулалтын мэдээлэл, баримт бичгийг авсан. Гэвч Ашигт малтмал, газрын тосны газраас авсан мэдээлэл, бичиг баримтад албан тоотод дурдсан маягт байгаагүй. Мөн цахим хуудсанд байршуулсан мэдээлэлд К4 маягтаас өөр маягтыг тодорхой заагаагүй байсан. Нөгөө талаар Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудсанд 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/53 тоот тушаал нийтлэгдээгүй /байхгүй/ байсан.

4. Хоёрдугаарт: Сангийн сайдын 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 158 тоот тушаалаар батлагдсан жишиг маягтын дагуу үнийн саналаа үйлдсэн. Бидний хүргүүлсэн үнийн саналын маягт нь төрийн захиргааны байгууллагаар батлагдсан жишиг маягт бөгөөд агуулгын хувьд сонгон шалгаруулалтын журамд нийцэж байгаа болно.

5. Гуравдугаарт: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдсан /хүчингүй болсон/ “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 5.1.2 дахь хэсэгт “Үнийн саналыг Төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу үйлдсэн байна” гэсэн заалттай байхад тухайн сонгон шалгаруулалтад оролцох ёсгүй байсан “Сэлэнгэ байгалийн нөөц” ХХК-ийн үнийн саналыг хүлээн авч, үнэлсэн. Түүгээр ч үл барам сонгон шалгаруулалтад ялж, тусгай зөвшөөрөл эзэмшигч болсон үйл баримт бий. Мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/28 тоот тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтын журам”-ын 3.3.3-т сонгон шалгаруулалтад оролцогч нь үнийн саналаа төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу үйлдэж ирүүлэх тухай зохицуулалттай. Гэвч Сонгон шалгаруулалтын комисс нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зарласан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангол нэртэй талбайд тусгай зөвшөөрөл олгох СШ-27-7 талбайн кодтой сонгон шалгаруулалтад оролцсон хуулийн этгээд болох “Кристалл топ майн” ХХК-ийн үнийн саналыг хүлээн авч 40.85 оноо өгсөн байдаг. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн шударга ёс, тэгш байдлын зарчимд харшилж байна.

6. Дөрөвдүгээрт: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/28 тоот тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтын журам”-ын 4.5-д сонгон шалгаруулалтын үнийн саналыг үнэлэх талаар нарийвчилсан зохицуулсан байна. Тодруулбал журмын 4.5.1-д “Сонгон шалгаруулалтад оролцогчоос ирүүлсэн үнийн санал нь журмын 3.3.3-т заасан шаардлагыг хангаагүй бол “0” оноо өгнө” гэж заасныг зөрчсөн гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн үнийн саналыг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй гэж үзэж байна. Ийнхүү дээрх 4 үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд тал бүрээс нь шинжлэн судлалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

7. б/Нэхэмжлэгчийн зүгээс Тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтын журмын 4.5 дугаар зүйлд Сонгон шалгаруулалтын үнийн саналыг үнэлэх талаарх заалт байгааг үндэслэлтэйгээр тайлбарласан боловч анхан шатны шүүх хуулийн ямар зүйл заалтыг үндэслэн хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

8. Мөн уг журмын 6.1.1-д заасныг удирдлага болгон шийдвэрээ гаргасан нь хууль хэрэглээний алдаатай дүгнэлт болсон гэж үзэж байна. Зүй нь журмын 3.3.1-д заасан агуулга нь үнийн санал нь битүүмжлэлтэй байх, эх болон хуулбар хувьд тус тусад нь хийсэн байх буюу иж бүрдэл талаас нь тавьсан шаардлага гэж ойлгогдож байна. Харин 3.3.3-т заасан шаардлага нь агуулга талаасаа тавигдсан шаардлага болох нь ойлгомжтой байна. Өөрөөр хэлбэл, журмын 4.5.1-д уг журмын 3.3.3-т заасан агуулгаар үнийн саналаа ирүүлээгүй бол “0” оноо өгөхөөр нарийвчлан зохицуулсан байна. Нэхэмжлэгчийн үнийн санал нь 4.5.1-д зааснаар “0” оноо өгөхөөр заасан агуулгын зөрүүтэй баримт гэж үзэхээр байна.

9. в/Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг удаа дараа сонгон шалгаруулалтад оролцсон туршлагатай, 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/58 дугаартай тушаалыг мэдэх боломжтой байсан гэж дүгнэжээ. Энэ дүгнэлт нь хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон.

10. Ашигт малтмал, газрын тосны газрын даргын баталсан дээрх тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасан захиргааны акт гэж үзнэ. Энэхүү захиргааны акт нь бичгээр гаргасан захиргааны акт байх бөгөөд хуульд заасан /40.2.1/ шаардлагыг хангасан байх ёстой. Гэвч хариуцагчийн үзлэг хийлгэсэн цахим хуудсанд тавигдсан гэх мэдээлэл хуулийн энэ шаардлагыг хангахгүй байгаа болно.

11. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг захиргааны байгууллага өөрсдөө хариуцахаар заасан. Мөн хуулийн 43.8-д “мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд гаргасан захиргааны байгууллага мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй” гэж захиргааны байгууллагад үүрэг болгожээ. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй гэж үзэж байна. Учир нь, хариуцагч шүүх хуралдааны явцад өөрийн цахим хуудсанд дээрх захиргааны актыг олон нийтэд хэрхэн мэдэгдсэн талаар нотолж чадаагүй. Нөгөө талаар Захиргааны ерөнхий хуулийн 46.1-д “Захиргааны актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, хуульд заасан мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй. Хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй үр дагаврыг нэхэмжлэгч хариуцах нь шударга ёсонд нийцэхгүй.

12. г/Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “... сонгон шалгаруулалтын урилгыг үндэсний хэмжээний өдөр тутмын сонин, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд зарлан мэдээлнэ” гэж зааснаас үзвэл Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн А/58 дугаар тушаалыг бүрэн эхээр нь нийтэд зарлан мэдээлэх үүрэгтэй гэж ойлгогдохоор байна. Учир нь, сонгон шалгаруулалтад оролцогчдыг мэдэх эрхээр ханган, харилцан тэгш оролцох боломжийг олгох ач холбогдолтой байна. Мөн сонгон шалгаруулалтыг шударга, ил тод, нээлттэй өрсөлдөх тэгш боломжоор хангах, үр ашигтай, хариуцлагатай байх зарчмыг баримтлан олон нийтийн хяналт дор явуулахаар журмын 1.2-т заасан байна. Гэтэл захиргааны байгууллага энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй байна.

13. д/Анхан шатны шүүх сонгон шалгаруулалтыг дахин явуулж, түүнд нь нэхэмжлэгч хуулийн этгээдийг оролцох боломжтой гэж дүгнэжээ. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т сонгон шалгаруулалтыг дахин зарлаж болох үндэслэлийг заажээ. Тодруулбал, зарласан сонгон шалгаруулалтад ямар нэгэн хүсэлт ирээгүй бол дахин зарлаж болохоор заасан байна. Эндээс үзвэл хуулинд сонгон шалгаруулалтыг дахин зарлах эсэхийг дээрх заалтаар зохицуулсан байхад анхан шатны шүүх хуулиас гадуур дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтад 3 хуулийн этгээд хүсэлтээ ирүүлсэн бөгөөд үүнийг нь зохих журмын дагуу үнэлэх ёстой байжээ.

14. е/Өмнөх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны А/129 дүгээр тушаалаар батлагдан хүчингүй болсон “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 5.1.2 дахь хэсэгт “Үнийн саналыг Төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу үйлдсэн байна” гэсэн заалттай байхад тухайн сонгон шалгаруулалтад оролцсон гэх “Сэлэнгэ байгалийн нөөц” ХХК-ийн үнийн саналыг хүлээн авч, үнэлсэн. Түүгээр ч үл барам сонгон шалгаруулалтад ялж, тусгай зөвшөөрөл эзэмшигч болсон үйл баримт бий.

15. Мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа “Тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтын журам”-ын 3.3.3-т сонгон шалгаруулалтад оролцогч нь үнийн саналаа төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу үйлдэж ирүүлэх тухай зохицуулалттай. Тухайн үед А/58 дугаар тушаал батлагдсан байсан. Гэвч Сонгон шалгаруулалтын комисс нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зарласан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангол нэртэй талбайд тусгай зөвшөөрөл олгох СШ-27-7 талбайн кодтой сонгон шалгаруулалтад оролцсон хуулийн этгээд болох “Кристалл топ майн” ХХК-ийн үнийн саналыг хүлээн авч 40.85 оноо өгсөн байдаг.

16. Захиргааны байгууллага хууль, тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх явцдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлыг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчсөн байхад анхан шатны шүүх дүгнээгүй байна. Учир нь, адилхан үнийн санал өгсөн хуулийн этгээдүүдийн саналыг үнэлсэн бол нэхэмжлэгчийн саналыг үнэлэх ёстой, эсхүл нэр бүхий хуулийн этгээдүүдийн саналыг үнэлэхгүй байх гэсэн адил тэнцүү шалгуур тавигдах зарчимтай. Хэрэв нэхэмжлэгчид татгалзсан үндэслэл нь бусад этгээдүүдийн хувьд ч мөн адил үйлчлэх нь хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцнэ. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага ижил тохиолдолд өөр өөр шийдвэр гаргасан байгааг анхаарч үзээгүй байна.

17. ё/Анхан болон давж заалдах шатны шүүхүүд дээрх маргааныг хянан шийдвэрлэхдээ хариуцагч талын дахин сонгон шалгаруулалтад оролцох эрх нь нээлттэй, дахин оролцож болно гэсэн үндэслэлээр хэрэг маргаанд хандаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан зорилтоос ухарч, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгогүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна.

18. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох эсхүл өөрчилж, нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

19. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

20. Нэхэмжлэгч “Б х х” ХХК нь Дорнод аймгийн Баяндун сумын нутаг 884.35 га бүхий Дэрст нэртэй талбайд тусгай зөвшөөрөл олгох 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн СШ-31-10 дугаартай сонгон шалгаруулалтад оролцож, үнийн саналаа ирүүлсэн боловч Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын комиссоос тухайн үнийн саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Журам батлах тухай” А/28 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 3.3.3-т заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр хүчингүйд тооцож, хүлээн авахаас татгалзсан нь дараах байдлаар хуульд нийцжээ.

21. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3, 9.1.11, 17 дугаар зүйлийн 17.3-д заасан зохицуулалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 243 дугаар тогтоолоор “сонгон шалгаруулах журмаар” ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг хавсралтаар тогтоож, талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэж, тусгай зөвшөөрөл олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг Геологи, Уул Уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад үүрэг болгожээ.

22. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “энэ хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9-д заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад олгосон бөгөөд сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаар тушаалаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан байна.

23. Тус журмын 3.3.1-д “Сонгон шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан баримт бичгийг энэ журмын 3.3.3, 3.4-т заасны дагуу бүрдүүлж, нэг хавтсанд битүүмжилж, сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлт болон тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрхийг нотолсон баримт бичгийн хамт ирүүлнэ”, 3.3.3-т “Үнийн саналыг Төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу тоо болон үсгээр зөрүүгүй үйлдэж төслийн үндсэн баримт бичгээс тусад нь эх болон хуулбар хувь тус бүрт битүүмжлэн хийсэн байна”, 3.4-т “Сонгон шалгаруулалтын саналыг Төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу бүрдүүлж, хуудас тус бүрийг дугаарласан байна” гэж заасан; Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Маягт, загвар батлах тухай” А/53 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар хуулийн этгээдийн сонгон шалгаруулалтын үнийн саналын маягтыг баталж, тухайн маягтыг Ашигт малтмал, газрын тосны газрын цахим www.mrpam.gov.mn сайтын мэдээ, мэдээлэл сонгон шалгаруулалтын 4 дэх хэсэгт 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байршуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байхад нэхэмжлэгчээс СШ-31-10 дугаартай сонгон шалгаруулалтад оролцох үнийн саналаа Сангийн сайдын 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 158 тоот тушаалаар баталсан жишиг маягтын дагуу үйлдэн хүргүүлснээ зөвтгөн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

24. Өөрөөр хэлбэл, Сангийн сайдын тушаалаар батлагдсан үнийн саналын жишиг маягт нь Ашигт малтмал, газрын тосны газраас баталсан дээрх маягтаас өөр, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

25. Түүнчлэн нэхэмжлэгчээс 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 03/09 дугаар албан бичгээр “...үнийн саналаа дахин үнэлүүлэх”-ээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хандаж гомдол гаргасан, улмаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны А/48 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтээр “.../СШ-31-10/-ын хүрээнд сонгон шалгаруулах комиссоос “Б х х” ХХК-ийн үнийн саналыг Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам-ын 3.3.3-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй...” гэж дүгнэн, нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтад ирүүлсэн үнийн саналыг дахин үнэлэхээс татгалзсан нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасанд хамаарахгүй байна.

26. “...Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017, 2019 оны журмуудад “...сонгон шалгаруулалтын үнийн санал нь баталсан маягтын дагуу...” гэсэн заалт байдаг. “Кристалл топ майн” ХХК, “Сэлэнгэ байгалийн нөөц” ХХК-уудын үнийн саналууд нь бидний өгсөн үнийн саналуудтай адил шаардлага хангаагүй байхад үнэлсэн, ямар нэгэн байдлаар тэгш бус хандаж болохгүй, дээрх 2 компанийн үнийн саналыг үнэлсэн бол бидний саналыг үнэлэх ёстой...” гэсэн гомдлын тухайд үндэслэл болгож буй “Сэлэнгэ байгалийн нөөц” ХХК-ийн 2017 онд сонгон шалгаруулалтад оролцож үнийн санал өгсөн гэх асуудал нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Журам батлах тухай” А/28 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” хэрэгжиж эхлэхээс өмнөх зүйл бөгөөд тухайн үед мөрдөгдөж байсан журмыг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй журамтай харьцуулан дүгнэх шаардлагагүй учир гомдол үндэслэлгүй юм.

27. Түүнчлэн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зарласан Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангол нэртэй талбайд тусгай зөвшөөрөл олгох СШ-27-7 талбайн кодтой сонгон шалгаруулалтад оролцсон хуулийн этгээд болох “Кристалл топ майн” ХХК-ийн үнийн саналыг хүлээн авч үнэлсэн гэж маргаж байгаа ч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх учраас энэхүү хэрэг маргаанд хамааралгүй бусад компанийн үнийн саналыг жишиг болгон шүүх дүгнэх боломжгүй.

28. Мөн гомдлын үндэслэлээ “...үнийн санал нь журмын 3.3.3-т заасан шаардлагыг хангаагүй бол “0” оноо өгнө гэж зааснаар үнэлж “0” оноо өгөх байсан, хасна гэж заагаагүй, манай үнийн саналыг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй...” гэж тайлбарлан маргасан.

29. Хэдийгээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 4.5.1-д “Сонгон шалгаруулалтад оролцогчоос ирүүлсэн үнийн санал нь журмын 3.3.3-т заасан шаардлагыг хангаагүй бол 0 (тэг) оноо өгнө” гэж, 3.3.1-д “Сонгон шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан баримт бичгийг энэ журмын 3.3.3, 3.4-т заасны дагуу бүрдүүлж ... ирүүлнэ”, 3.3.3-т “Үнийн саналыг Төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу тоо болон үсгээр зөрүүгүй үйлдэж төслийн үндсэн баримт бичгээс тусад нь эх болон хуулбар хувь тус бүрт битүүмжлэн хийсэн байна” гэж тус тус заасан, эдгээр шаардлагыг хангаагүй тохиолдолд мөн журмын 6.1.1-д “Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэд хавсаргасан баримт бичиг нь энэхүү журмын 3.3.1-д заасан шаардлагыг хангаагүй ...байвал сонгон шалгаруулалтын комисс үнэлгээ хийхээс татгалзаж, энэ тухай хурлын тэмдэглэлд тусгана” гэж зааснаас үзэхэд журмын зохицуулалтууд зөрчилтэй юм шиг боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...“0” оноо өгнө гэдэг нь үнийн саналыг журмын 3.3.3-т заасан маягтын дагуу бөглөж, тоо болон үг, үсэг, үнийн зөрүүтэй ирүүлсэн буюу доторх агуулгын хувьд зөрүүтэй, ойлгомжгүй тохиолдолд үнэлэх ойлголт, харин бүрдүүлбэрийн дагуу ирүүлээгүй зүйлийг үнэлэх боломжгүй. Нэхэмжлэгчийн хувьд журмын 3.3.3-т заасан маягтын дагуу үнийн саналаа ирүүлээгүй учраас үнэлэх боломжгүй тул хүчингүйд тооцож, хүлээн авахаас татгалзсан...” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүйн зэрэгцээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл гэж үзэхгүй юм.  

30. Дээрх үндэслэлээр, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.