Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1072

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б******* оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нэээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Д*******

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Б******* дүүргийн 5 дугаар хороо, ******* дугаар байрны хөрш залгаа газрын хилийг давж, “В******* *******н” ХХК нь бусдын эзэмшил газарт зөвшөөрөлгүйгээр 15 авто зогсоол барьж улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байх тул бүртгэлийг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М*******, П.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Г.Д******* 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Г.Д******* би Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 183 тоот захирамжаар Б******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 1210 м.кв талбай бүхий газрыг эзэмшдэг. Миний эзэмшлийн газартай хил залгаа газар “В******* *******н” ХХК эзэмшдэг бөгөөд орон сууцны зориулалттай барилга байгууламж барихдаа өөрийнхөө газрын хил хязгаараас давж миний эзэмшлийн талбай дээр ойролцоогоор 15 автозогсоол барьж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Би 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад хандаж гомдол гаргасан боловч гомдлыг хангах боломжгүй гэх хариу өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн  14.1.1-д  зааснаар “...мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол”, мөн хуулийн 14.1.6-д зааснаар “...энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол” гэсэн үндэслэлээр “В******* *******н” ХХК-ийн ашиглалтад оруулсан *******А байрны доорх зогсоолыг бүртгэхээс татгалзах үндэслэлтэй байсан. Иймд дээрхи авто зогсоолуудыг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосныг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Хоёр. Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б******* дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол /160*******/, *******А дугаартай орон сууцыг “В******* *******н” ХХК /5476003/ нь барьж ашиглалтанд оруулж 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 201 тоот Барилга байгууламжийн ашиглалтанд оруулах комиссын актаар уг барилгыг байнгын ашиглалтанд оруулсан. Уг барилгыг хүлээн авахдаа 175 айлын орон сууц, 48 айлын автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй орон сууцаар хүлээн авсан байна. “В******* *******н” ХХК-ийн барьсан барилгыг улсын комисс 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр байнгын ашиглалтад оруулсан. Газар доорх гаражийг улсын бүртгэлийн байгууллага мэдэх боломжгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдсанаар хуульд заасан татгалзах үндэслэл байхгүй. Тухайн компанийн захиалгын гэрээ, тухайн компаний төлбөрт төлсөн албан бичгээр тодорхойлогддог. “В******* *******н” ХХК-ийн гаргасан нотлох баримтыг манайх эхээр нь авдаг учраас иргэд хуулбарлах шаардлагагүй байдаг. Нийслэлийн хот төлөвлөлтөөс өгсөн хаяг, кадастрын зураг нь эх хувиар байдаг учраас баттай нотлох баримт байхгүй гэдгийг буруу гэж үзээд хариу тайлбарыг дэмжиж оролцоод нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М******* 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Иргэн Г.Д******* нь Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183 тоот захирамжаар Б******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 1210 м.кв талбай бүхий газрыг эзэмшдэг. В******* буюу гуравдагч этгээд нь Г.Д*******гийн зөвшөөрөлгүйгээр түүний газраас 271 м.кв авто зогсоол барьсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн  14.1.1-д  зааснаар “...мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол”, мөн хуулийн 14.1.6-д зааснаар “...энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол” гэсэн үндэслэлээр “В******* *******н” ХХК-ийн ашиглалтад оруулсан *******А Байрны доорх зогсоолыг бүртгэхээс татгалзах үндэслэлтэй байсан. Үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхэд шаардагдах баримт нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.4-д заасан “...газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар” байхаар заасан. Гэтэл бусдын эзэмшил газар зөвшөөрөлгүй баригдсан зогсоолууд дээр улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах дээрх баримт байхгүй байхад мэдүүлгийг хүлээн авч бүртгэсэн нь хууль бус гэж үзэж байна. Бүртгэхгүй байхыг даалгаж, шийдвэрлэж өгөөч гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.

Дөрөв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А******* 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь хуулиар хамгаалагдсан эрхээ зөрчигдсөн байна гэж үзэн шүүхэд хандсан. Улсын бүртгэлийн байгууллага нь эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхтэй холбогдох бүртгэл нь бодит байдалтай нийцсэн байх, хуулийн шаардлагаараа тус байгууллагын үйл ажиллагаа нь хуульд нийцсэн байхыг шаарддаг. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан эрхийн улсын бүртгэл нь үнэн зөв байх гэсэн шаардлага хангагдахгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогддог. Мөн улсын бүртгэлийн байгууллагаас хариу өгөхдөө энэ нөхцөл байдалд шүүхээр шийдвэрлэхээс өөр арга байхгүй гэж тайлбарласан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийн газар доор байгаа авто зогсоол ямар этгээдүүдэд олгогдож байгааг мэдэх боломжгүй. Хариуцагчийн төлөөлөгчөөс тайлбарлахдаа бид “В******* *******н” ХХК-ийн хүсэлтийг аваад шийдэхдээ өнөөдрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдэх боломжгүй байна гэж тайлбарлаж байгаа нь хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Мөн мэргэжлийн байгууллагаар тодруулах шаардлагатай байна гэж хүсэлт өгсөн байдаг. Хариуцагч байгууллага энэ нөхцөл байдлыг тодруулж чадахгүй байдал нь шүүх үүнийг шийдвэрлэх боломжгүй байдалд хүргэж байна. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь газар дээрх буюу агаарын орчинд, мөн газар доорх хэвлийд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь хэрэгжих учиртай. Үндсэндээ гуравдагч этгээд “В******* *******н” ХХК-ийн Газрын тухай хуульд заасны дагуу өөрийн эзэмшлийн газраасаа хэтрүүлэн бусдын эзэмшлийн газар луу хууль зөрчсөн үйлдлээр авто зогсоолыг барьж бий болгосон байна гэдэг нь нотлогдож байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хөтлөх журмын 2.1-д зааснаар “В******* *******” ХХК-ийн материалыг хүлээн авахдаа тухайн баримтууд нь холбогдох хуульд заасан иж бүрдлийг хангасан эсэхийг шалгах ёстой гэсэн заалт байдаг. Анх удаа улсын бүртгэлд бүртгэж байгаа нөхцөл байдалд хуулийн 13 дугаар зүйлд заасан бүрдлийг хангах ёстой. Энэхүү шаардлагад нийцсэн байх ёстой гэсэн хуулийн шаардлагын эцэст нь улсын бүртгэлийн ажиллагаа нь үнэн зөв байна. Ийнхүү хуульд заасан шаардлагууд хангагдаагүй байдлаас нэхэмжлэгчийн эрх хөндөгдсөн нөхцөл байдал тодорхой харагдаж байна. Хариуцагчийн хувьд нөхцөл байдлыг дахин тодруулах шаардлагатай гэсэн нөхцөл байдлууд тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд шүүх нэхэмжлэгчийн эрхийг сэргээхтэй холбогдуулж шийдвэрлэнэ үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б******* дүүргийн 5 дугаар хороо, *******А байрны хөрш залгаа миний эзэмшлийн газар дээр “В******* *******н” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр барьж ашиглалтад оруулсан 15 авто машины зогсоолыг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байх тул бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар мэдүүлэгт үндэслэн хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл маргаан бүхий захиргааны актыг  түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

“В******* *******н” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2012 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” А/490 дүгээр захирамжаар Б******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 9 дүгээр байрны баруун талд байршуулан 0.0992 га газарт барилга барих зөвшөөрөл олгожээ.

Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 183 дугаар захирамжаар Б******* дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1210 м.кв газрыг иргэн Г.Д*******д эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгч “...миний эзэмшил газарт “В******* *******н” ХХК  зөвшөөрөлгүйгээр дур мэдэн 15 машины авто зогсоол барьж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан” гэж, хариуцагч “...“В******* *******н” ХХК 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр албан бичгээр хандаж уг байрыг улсын бүртгэлд бүртгүүлж эхэлсэн. Уг авто машины  дулаан зогсоолоос 10 автомашины дулаан зогсоол улсын бүртгэлд бүртгэгдэж өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байгаа. Бүртгэлийн байгууллага “В******* *******н” ХХК-ийн  гаргасан нотлох баримтууд болох газрын гэрчилгээ,  гэрээ, кадастрын зураг, албан ёсны хаяг, улсын комиссын акт зэргийг үндэслэн бүртгэсэн нь холбогдох хууль, журмын дагуу хийгдсэн тул хүчингүй болгох үндэслэлгүй” гэж  маргажээ.

2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 5849 дүгээр шүүгчийн захирамжаар томилогдсон 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2016-А/213 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангаас хайлт хийн үзэхэд нэгж талбарын 186 дугаар бүхий газар нь Г.Д*******гийн нэр дээр 1210 м.кв талбайтайгар, нэгж талбарын 186 дугаар бүхий бүхий 2243 м.кв талбайтай газар нь “В******* *******н” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байна. Ажлын хэсгийн хэмжилтын үр дүнгээр  Баянол дүүргийн 5 дугаар хороонд байрлах “В******* *******н” ХХК-ийн барьсан орон сууцны газар нь 778 м.кв талбайтай, газар доорх авто зогсоол нь 731 м.кв талбайтай байна. Иргэн Г.Д*******гийн  барьсан орон сууцны газар нь 845 м.кв талбайтай байна. Хэмжилтийн үр дүнг нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2016 оны архивын зурган мэдээлэлтэй давхцуулан үзэхэд “В******* *******н” ХХК-ийн барьсан 731 м.кв талбай бүхий газар доор авто зогсоолын газар нь Г.Д*******гийн эзэмшиж буй 1210 м.кв талбайтай газрын байршлийн хувьд 271 м.кв талбайгааар давхцсан байна” гэжээ.

Үүнээс үзэхэд “В******* *******н” ХХК-ийн барьсан газар доорх автозогсоол нь 271 м.кв талбайгаар иргэн Г.Д*******гийн эзэмшлийн газарт орсон болох нь тогтоогдож байна. Гэхдээ “В******* *******н” ХХК-д захиргааны байгууллага, албан тушаалтнаас ямар нэгэн эрх олгоогүй байх бөгөөд бусдын эзэмшил газрын доогуур дур мэдэн авто зогсоол барьжээ. Мөн шинжээчийн дүгнэлтийн  нэмэлт тайлбарт: “...шүүгчээс тавьсан  Г.Д*******гийн эзэмшил газарт нэвтрэн орсон хэсэгт хэдэн автомашины зогсоол баригдсан талаарх асуултын хүрээнд тухайн асуудал нь тус байгууллагын хариуцах чиг үүрэгт хамаарахгүй учир хариулах боломжгүй” гэжээ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д “бүртгэл үнэн зөв байх” зарчимтай, 13 дугаар зүйлийн 13.5.1-д “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг”-ийг хавсаргана, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол мэдүүлгийг авахаас татгалзахаар заажээ.

Хэдийгээр “В******* *******н” ХХК-ийн барьсан авто зогсоолыг худалдан авсан иргэдийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон захиргааны байгууллагын үйлдлийг буруутгах боломжгүй ч гэсэн “В******* констакшн” ХХК иргэн Г.Д*******гийн эзэмшлийн газарт дур мэдэн нэвтрэн автозогсоол барьсан үйл баримт нэгэнт тогтоогдож байх тул бүртгэлийн байгууллагаас иргэдийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

Улсын бүртгэл үнэн зөв байх ёстой зарчмын хүрээнд “В******* *******н” ХХК-ийн газар доорх автозогсоол Г.Д*******гийн эзэмшлийн газарт 271 м.кв талбайгаар нэвтрэн орсон байх тул уг талбайд хэдэн машины дулаан зогсоол баригдсаныг тодруулж, иргэд хоорондын газрын маргаан шийдвэрлэгдсэний дараа бүртгэлийн асуудлыг  шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.        

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасныг тус тус баримтлан “В******* *******н” ХХК нь иргэн         Г.Д*******гийн эзэмшлийн газартай 271 м.кв талбай давхцуулан газар доор авто зогсоол барьсан болох нь шүүхийн томилсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул  хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулан судалж, дахин шинэ акт гарах хүртэл дээрх давхцалтай талбайд авто зогсоол худалдан авсан иргэдийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгож, бүртгэсэн бүртгэлийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар захиргааны актыг түдгэлзүүлсэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргахгүй бол маргаан бүхий акт хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн  47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЧАНЦАЛНЯМ