| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2508024661258 |
| Дугаар | 2026/ДШМ/19 |
| Огноо | 2026-01-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2026/ДШМ/19
А.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Төмөртулга,
хохирогч Н.Б-,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2501 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор А.Г-д холбогдох 2508024661258 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн А-ийн Г, 1992 онд Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:
-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,
-Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 568 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 4 жил 1 сарын хорих ял,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ял,
-Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 777 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн;
Шүүгдэгч А.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Цэргийн хотхоны орчим тухайн үед үүссэн үл ялих шалтгааны улмаас хохирогч Н.Б-тэй маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар А.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А.Г-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
шүүгдэгч А.Г-ас 250,000 төгрөг гаргуулан хохирогч Н.Б-д олгуулж, хохирогч нь гэмт хэргийн улмаас дутуу авсан цалин хөлсийг холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Н.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “С Х” ХХК-тай гэрээлсэн ажлын дагуу Найрамдалд 600 м.кв 3 давхар байшингийн гадна фасадны ажил хийж гүйцэтгэх замдаа Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Г-, Б.Т-, А.Гс нарт зодуулсан. Ажилд явах замд Б.Т- нь заамдан авч, хэл амаар доромжилсны улмаас замын хажууд машин барих гээд зогсож байсан А.Г-, А.Гс нар ирж дээрэлхэн, А.Гс нь дээрэмдэх гээд ч байгаа юм уу, зодох гээд ч байгаа юм уу заамдан зууралдаж чирсэн. Ийнхүү зодолдох явцад зугтаасан боловч ахин гүйцэн ирж намайг “ална” гэж зодож танхайран А.Г- чулуугаар дух болон бусад хэсэгт цохисон. Би “битгий цохь” гэж удаа дараа гуйсан боловч тоолгүй цохиж зодсон ба барьц алдуулан зугтсан боловч дахин намайг хөөж алахыг завдан хөөсөн нь камерын бичлэгт байгаа. Би мөрдөн байцаалтын явцад удаа дараа “3 хүн зодсон” гэж мэдүүлсээр байтал зөвхөн их хохирол учруулсан А.Г-д хамаатуулсан.
Зодуулсан гэмтлээс үүдэн нийт 24,000,000 төгрөгийн ажлын хөлсний надад оногдох 10,000,000 төгрөгийн ажил болон бусад цаашид хийж гүйцэтгэх ажилд асуудал үүсгэсэн.
Шүүгдэгч А.Г- нь шүүх хуралдаанд нэг удаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн очиж чадахгүй, дараа нь согтолтын зэрэг 1 бүхэл гарантай ирж шүүх хуралдааныг басамжлан доромжилж шүүхийг болон намайг илтэд дорд үзсэн.
Би А.Г-, Б.Т, А.Гс нарт маш гомдолтой байгаа бөгөөд миний тухайн үеийн гэрээлсэн ажлын хөлс болох нийт 10,000,000 төгрөг, эмчилгээний зардал 250,000 төгрөг, мөн удаа дараа шүүгдэгчийн басамжилсан үйлдлээс үүдсэн ажил хөлсний мөнгө нэхэмжилж байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Т.Төмөртулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, хохирогч Н.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч А.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хийсэн дүгнэлт нь хэргийн хүрээнд тогтоогдсон нөхцөл байдлаас зөрүүтэй буюу шүүхийн шийдвэрт тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдов.
Эрүүгийн хуулийн зорилгыг “...Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж тодорхойлжээ.
Шүүх нь аливаа хууль Үндсэн хуульд захирагдах, хүний жам ёсны эрх, эрх чөлөө, хууль зүйн тэгш байдлыг хүлээн зөвшөөрч хуулиар бэхжүүлэн хангах, хуулийг бүх нийтээр дагаж мөрдөх, төрийн байгууллагууд хуулийг гуйвалтгүй, нэг мөр биелүүлэх, зөв хэрэглэх зарчмын хүрээнд зөрчигдсөн эрхийг сэргээх, түүнийг зохих ёсоор хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхээс гадна гэм буруутай этгээдийн эрхийг тодорхой хэмжээнд хязгаарлах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч болон нийт иргэдэд хүмүүжлийн үр нөлөө үзүүлдэг тул Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулиар тогтоосон шаардлагад бүрэн нийцсэн байхыг шаарддаг.
Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-ийг тусгахаар тус хуулийн 36.7 дугаар зүйлд нарийвчлан зохицуулсан.
Шүүх хэргийн үйл баримт төдийгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдсэн эсэх, түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрхэн оролцсон зэрэг хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардагдах бүхий л нөхцөл байдлыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоох бөгөөд тогтоогдсон үйл баримтад нийцсэн, өөрөөр хэлбэл, шүүгдэгчид оногдуулах ялын төрлийг сонгох болсон шалтгаан, хугацааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх ёстой.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч А.Г-ын хувийн байдал, хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн зэргийг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ” гэсэн дүгнэлт хийжээ.
Харгалзан үзсэн шүүгдэгчийн хувийн байдлын тухайд, тэрээр урьд нийт 6 удаа гэмт хэрэгт холбогдсон ба 2010 онд Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдөж, түүнээс хойш 5 удаа, тодруулбал, 2023 онд 2 удаа “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.
Гэвч тэрээр цаашид зөв төлөвшиж, хууль бус үйлдэл хийхгүй байхаар хүмүүжиж чадаагүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байхыг ухамсарлалгүй дахин бусдын эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс шүүгдэгчид бодит байдалд биелэгдэх боломжтой ял шийтгэлийг оногдуулах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасны дагуу хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр заавал биелэгддэг байх зарчмын нэг баталгаа болох юм.
Гэтэл шүүгдэгч А.Г- нь ажил хөдөлмөр эрхэлдэг талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл, торгуулийн ял биелэгдэх эсэх нь тодорхойгүй байх ба шүүх ял оногдуулахдаа энэ нөхцөл байдлыг харгалзах учиртай.
Мөн шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийг яаж үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдсэн эсэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шүүгдэгч А.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулахдаа хийсэн хууль зүйн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шүүхийн шийдвэрт тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоолын шүүгдэгчийн биеийн байцаалтын хэсэгт шүүгдэгч А.Г- нь урьд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 95 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 4 жил 1 сарын хорих ял шийтгүүлсэн байдлыг орхигдуулсан байгааг буруутган дурдаж байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн тул хохирогч Н.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Шүүгдэгч А.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2501 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Шүүгдэгч А.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН