Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 163

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 207/МА2019/00163

 

 

Г.Баттулгын нэхэмжлэлтэй,

хариуцагч *******д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2019/01223 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Баттулгын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 15.022.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонжаргалын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэн *******д 14 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар 3 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд, өнөөдрийг хүртэл зээл болон, зээлийн хүүг төлж барагдуулаагүй. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч ******* нь эвлэрэхгүй гэдгээ иэрхийлсэн байна. Нэгэнт гэрээгээр хүлээн зөвшөөрсөн үүргээ биелүүлэхгүй байгаа, мөн мөнгөө гаргуулж авах зайлшгүй шаардлага гарсан тул дээрх мөнгийг *******гаас гаргуулж өгнө үү. *******тай мөнгөө авах талаар уулзсан, мөн түүний ээж Одгэрэл нартай утсаар ярьсан боловч төлж барагдуулахгүй, шүүхэд өг гэдэг байдлаар хандаж байгаа тул *******гаас үндсэн зээл 14 000 000 төгрөг түүний хүү 1 022 000 төгрөг, нийт 15 022 000 төгрөгийг гаргуулж, иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү. Зээлийн гэрээнд үүргээ гүйцэтгээгүй бол үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох талаар тусгаж талууд энэ тухайгаа хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурсан хэдий ч алдангийг авахгүй гэж үзэж тооцоогүй болно гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би зээл авсан нь үнэн боловч зээлийн төлбөрийг хүүний хамтаар бүрэн төлж дуусгасан гэж үзэж байна. Учир нь би 2017 оны 5 дугаар сарын 24-нд 9.240.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 60 хоногийн хугацаатай, 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 4.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 60 хоногийн хугацаатай, 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 1.940.000 төгрөгийг төгрөгийг 10 хувийн хүүтэй 60 хоногийн хугацаатай, 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 4.950.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 9.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 60 хоногийн хугацаатай, 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 5 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 2.710.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай, 2017 оны 9 дугаар сарын 5-нд 2.635.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 60 хоногийн хугацаатай, 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 9 760 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 90 хоногийн хугацаатай, 2017 оны 11 дүгээр сарын 22-нд 4.625.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 60 хоногийн хугацаатай, 2017 оны 12 дугаар сарын 14-нд 9.585.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 90 хоногийн хугацаатай, 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 405.880 төгрөгийг 10 хувийн хүүтэй 60 хоногийн хугацаатай, 2018 оны 1 дүгээр сарын 8-нд 3.470.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 09-ний 4.200.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 90 хоногийн хугацаатай, 2018 оны 1 дүгээр 16-ны өдөр 10.150.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 90 хоногийн хугацаатай, 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 7.575.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 60 хоногийн хугацаатай, 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 7.300.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 60 хоногийн хугацаатай, 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 12.900.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 90 хоногийн хугацаатай, 2018 оны 5 дугаар сарын 15-нд 4.480.000 төгөргийг 10 хувийн хүүтэй 60 хоногийн хугацаатай, 2018 оны 5 дугаар сарын 29-нд 3.470.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай, 2018 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 6.910.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 60 хоногийн хугацаатай, 2018 оны 9 дүгээр сарын 5-нд 915.000 төгрөг, 955.000 төгрөг, 2.610.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 60 хоногийн хугацаатай, 2019 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 14 000 000 төгрөгний гэрээ хийсэн боловч бэлэн 2.900.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай авсан. Жнь: 10.000.000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй авлаа гэхэд маргааш өдрөөс нь эхлэн зээлийн төлбөрөө төлөх болдог. Ингээд дараа дараагийн төлөлтөнд хүндрэл учирдаг тул нэмж зээл авах шаардлага гардаг. Үндсэндээ авсан мөнгөө өдөр өдөрт нь эргүүлж төлсөөр дуусдаг. Зээлийг дансаар авч төлбөрөө дансаар төлдөг. Тооцоо хийж үзэхэд хангалттай төлсөн учраас одоо нэг ч төгрөг нэмж төлөх үндэслэлгүй гэж бодож байна. Зээлийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхэлж авсан хамгийн сүүлд 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 2.900.000 төгрөгийн зээл авсан болохоос 14.000.000 төгрөгийг аваагүй. Манай дэлгүүрт ирж бараа болон бэлэн мөнгө авдаг байсан түүнийг энэ төлбөрт оруулан тооцоогүй, иймд төлөх төлбөргүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23ы өдрийн 142/ШШ2019/01223 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 15 022 000 /арван таван сая хорин хоёр мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Баттулгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 150 /хоёр зуун гучин хоёр мянга нэг зуун тавин/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонжаргал давж заалдсан гомдолдоо:

Энэхүү хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаагүй, мэтгэлцээгүй асуудалд дүгнэлт хийсэн. Учир нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бус өмнө дуусгавар болсон тооцоо нийлсэн зээлийн гэрээнд дүгнэлт хийж, хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбарыг үндэслэл болгож нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Учир нь 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан гэрээг урд өмнөх зээлийн төлбөрийг тооцож нийт мөнгөн дүнд зээлийн гэрээ байгуулсан гэж хариуцагчийн шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбарыг үндэслэл болгож нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж дүгнэлт өгч шийдвэрлэж байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн гэрээ байгуулах санал, 189 дүгээр зүйлд заасан гэрээний чөлөөт байдал зэргийг харгалзан үзээгүй байна.

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гардан авсан боловч тус хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-д заасан үүргээ биелүүлээгүй. Тодруулбал хариуцагч шүүхэд ямар үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбараа ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцохдоо хариуцагч ямар байдлаар тайлбар гаргаж мэтгэлцэх гэж байгаа талаар ойлголт байгаагүй.

Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шааардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү? гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх тухай хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******гаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 15.022.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018 оны 12 дугаар сарын 26-ны болон 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээнүүдэд үндэслэн тодорхойлсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэхэд зохигчид 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 16 сая төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй нэг сарын хугацаатай 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 14.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай гурван хувийн хүүтэйгээр зээлэхээр зээлийн гэрээ тус тус байгуулсан болох нь тогтоогдсон байна. Хариуцагч ******* шүүх хуралдаанд 2017 оноос эхлэн мөнгө төгрөг зээлэн хүүг төлж ирсэн өмнөх авсан зээлийн үлдэгдлийг тооцож зээлийн гэрээ хийсэн. Хамгийн сүүлд хийсэн 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн гэрээгээр 14 сая төгрөг бэлнээр аваагүй 2.900.000 төгрөг авсан, авсан мөнгөө хүүтэй нь төлсөөр одоо төлөх төлбөргүй болсон гэж тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй мэтгэлцсэн байна. Хариуцагч ******* нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг гардан авсан 08 дугаар сарын 19-ний өдрийн дотор хариу тайлбар гаргах холбогдох нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй байсан боловч шүүхийн тогтоосон хугацаанд хариу тайлбар, нотлох баримтаа гаргаж өгөөгүй хуулинд заасан үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд оролцож татгалзсан тайлбар гарган мэтгэлцжээ.

Шүүх 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болон 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр бэлэн мөнгө шилжүүлээгүй бөгөөд урд өмнөх зээлийн төлбөрийг тооцож нийт мөнгөн дүнд зээлийн гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу 2018 оны 12 дугаар сарын 26, 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан иргэд хоорондын зээлийн гэрээний дагуу шаардаж байгаа нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй, хариуцагч ******* нийт 35.208.000 төгрөгийн үүрэг гүйцэтгэхээс 44.745.000 төгрөгийг *******д төлсөн тул нэхэмжлэгч *******д төлөх төлбөргүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлд заасантай нийцээгүй байна.

Зохигчид 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болон 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээнүүдэд заасан үнийн дүнгээр мөнгөө нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдоогүй энэ талаархи нотлох баримтаа гаргаж өгөөгүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т заасан шаардлагыг хангаагүй тул хэрэгт авагдсан хариуцагч *******гийн банкны дансны хуулгаар /2018, 2019/ оны нэхэмжлэгч Г.Баттулгын дансанд шилжүүлсэн мөнгийг тооцсон анхан шатны шүүхийн тооцоог үгүйсгэх боломжгүй боловч 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээгээр *******ас *******д шилжүүлсэн 2.900.000 төгрөгийг баримтаар нотлогдсон хэмжээнд /хх-94 дэх тал/ үнэлж 2.900.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй гэж үзэж, ******* нь 2.900.000 төгрөгийг шилжүүлж авснаас хойш 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 250.000 төгрөг /хх-96 дахь тал/ шилжүүлсэн байгаа тул төлсөн 250.000 төгрөгийг хасч 2.650.000 төгрөг гаргуулж *******д олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23ы өдрийн 142/ШШ2019/01223 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 15 022 000 /арван таван сая хорин хоёр мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Баттулгын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг ... Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 2.650.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12.372.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай ... гэж,

Шийдвэрийн 2 дугаар заалтыг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 232.150 /хоёр зуун гучин хоёр мянга нэг зуун тавин/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй... гэснийг ...нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232.150 /хоёр зуун гучин хоёр мянга нэг зуун тавин/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 57.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай... гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонжаргалын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.060 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ