Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2026/ДШМ/20

 

З.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бат-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2482 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2411029530019 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн З-ын Б, 1988 онд Сэлэнгэ аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймагт оршин суух, (РД:МИ88091710), урьд:

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 19- ний өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 24- ний өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, 3 жилийн хугацаагаар тогтоосон,

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлсэн,

-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 25-ны 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлсэн,

-Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 4 сарын хорих ял шийтгүүлсэн,

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 703 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус шийтгүүлж, уг ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хорих ялаар тогтоосон,

-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 861 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 6 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 641 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 9 сар 4 хоногийн хугацаагаар тогтоосон;

Шүүгдэгч З.Б- нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод оршин суух С.А-ын гэрт хууль бусаар нэвтэрч, 2,024,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

мөн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, ... тоотод оршин суух Д.О-ийн эзэмшлийн өвлийн орон сууцны цонхоор нэвтэрч, 1 ширхэг “Sony” загварын зөөврийн компьютер, гар чийдэн, 5 өнгийн палмастер, хайрцагтай шүдний оо, сойз, хамрын үнэртүүлэгч, бугуйн цаг, гортиг, дунд гарын мөнгөн аяга тус бүр 1 ширхэг, 10,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Д.О-, О.Б- нарт нийт 453,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газар: З.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч З.Б-ыг “Хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 5 сарын хорих ялаар шийтгэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.Б- давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх дээр миний бие Баянгол, Чингэлтэй дүүрэгт хулгайлах гэмт хэрэгт шалгагдаж байгаа тул хэргийг нэгтгүүлж шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

-Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2511033252064 дүгээр,

-Баянгол дүүргийн прокурорын газрын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2505000002412 дугаар ,

-Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бат-Эрдэнийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2511032282120 дугаар тогтоолуудаар надад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.

Иймд дээрх тогтоолуудын дагуу хэргээ нэгтгүүлэх хүсэлтэй байна. ...” гэжээ.

Прокурор Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсний дараа шүүгдэгчийн зүгээс өөр гэмт хэргийн үйлдэл байгаа талаараа илэрхийлж, хэргээ нэгтгүүлж шалгуулах хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, шүүгдэгчийн нэг үйлдлийг уг хэрэгтэй нэгтгэж шийдвэрлэсэн. Мөн анхан шатны шүүх шүүгдэгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өмгөөлөгч авах эрхээр нь хангасан. Гэвч шүүгдэгч нь өмгөөлөгчтэй албан ёсны гэрээ хийгээгүйн улмаас өмгөөлөгч нь өмгөөлөхөөс татгалзсан нөхцөл байдал үүссэн. Гэм буруугийн шүүх хуралдааны үеэр шүүгдэгчээс дахин өөр гэмт хэргийн үйлдэл байгаа талаар мэдүүлсэн. Өмнө нь шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 60 хүртэл хоногоор хойшлуулсан учир дахин шүүх хуралдааныг хойшлуулах хуулийн зохицуулалт байхгүй учир шүүх хуралдааныг үргэлжлүүлж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн. Иймд шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх З.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

1.Хохирогч С.А-ын: “...2024 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө гэртээ эхнэр, 3 хүүхдийн хамт унтаж байтал шөнийн 03-04 цагийн хооронд манай дунд охин н.Б /8 настай/ манай өрөөнд орж ирээд “гэрт танихгүй эрэгтэй хүн яваад байна” гэж намайг сэрээж хэлсэн. Би босоод 2 давхрын өрөөнөөс буутал гэрийн үүдний хаалгаар нэг эрэгтэй хүн гараад зугтаж байсан. Би хоёр цагдаагийн хамт тэр залууг хайж явсан ба нэг залуу манай охины таблетыг куртикнийхээ дотор талд нууж барьж байгаа харагдсан. Тэгээд надтай цуг явж байсан 2 цагдаад баригдсан ба биеэс нь манай охины ашигладаг Iphone ipad 5, Samsung A30 загварын гар утас болон манай дунд гарын мөнгөн аяга зэрэг зүйлс гарч ирсэн...” (1хх 15-16, 18) гэсэн мэдүүлэг,

-“Дамно” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ЧД-2-24-610 дугаар дүгнэлт (1хх 24-27),

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1хх 8-11) зэргээр шүүгдэгч З.Б- нь 2024 оны 11 дүгээр сарын 10-ны шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, ... тоотод оршин суух С.А-ын гэрт хууль бусаар нэвтэрч, 2,024,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан;

2.Хохирогч Д.О-ийн: “...2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 20 цаг 40 минутын үед хүү О.Б- гэрээсээ гарч, намайг аваад буцаад гэртээ ирэхэд хулгайч манай байшингийн урд талын цонхыг юмаар хөшиж ороод 1 ширхэг дунд гарын мөнгө аяга 1 ширхэг “Sony” загварын зөөврийн компьютер болон бусад эд зүйлс алга болсон байсан. Мөнгөн аяга нь миний мэдлийнх, бусад нь хүү О.Б-ынх юм...” (2хх 29-30),

-хохирогч О.Б-гийн: “...2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн  20 цаг 40 минутаас 21 цагийн хооронд гэрээсээ гарч яваад эргээд ирэхэд хулгайч манай байшингийн вакум цонхыг хөшиж ороод миний хэрэглэдэг “Sony” загварын зөөврийн компьютер 1 ширхэг залгууртайгаа, “Jordan” загварын үүргэвч 1 ширхэг, мөн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг тус тус алдагдсан байсан...” (2хх 34-35),

-гэрч Н.Г-ийн: “...Би Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... нийтийн байр болон урд талд нь байх халуун усны газрыг хариуцаж ажиллуулдаг ба манайд галч хийж байгаа залууг З.Б- гэдэг. Манай гараашт үлдээсэн “Sonata-6” загварын тээврийн хэрэгсэл байгаа...” (2хх 44-45) гэсэн мэдүүлгүүд,

-“Дамно” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ЧД2-25-92 дугаар шинжээчийн дүгнэлт (2хх 56-58),

-хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (2хх 72-73),

-эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2хх 75-77),

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2хх 9-13),

-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2хх 14-25),

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (2хх 7) зэргийг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч З.Б- нь 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, ... тоотод оршин суух Д.О-ийн эзэмшлийн өвлийн орон сууцны цонхоор нэвтэрч, хохирогч Д.О-, О.Б- нарын эзэмшлийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 453,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд З.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч З.Б-ыг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцжээ.

Шүүгдэгч З.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн үйл баримтад маргаагүй ба харин шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо “өөр дүүрэгт хулгайлах гэмт хэрэгт шалгагдаж байгаа тул хэргийг нэгтгүүлж шийдвэрлүүлэх хүсэлтэй” байгаагаа илэрхийлэн, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 3 тогтоолыг хавсаргасан.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2360 дугаар захирамжаар шүүгдэгчийн гаргасан “хэрэг нэгтгүүлэх” хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.

Тус хугацаанд прокурор мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэн, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсний дагуу анхан шатны шүүх 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр З.Б-д холбогдох хэргийг дахин хянан хэлэлцэж, шийдвэр гаргажээ.  

Ийнхүү хэргийг шийдвэрлэх үед шүүгдэгчид холбогдох өөр гэмт хэрэг байгаа гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоосон хэм хэмжээ буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Харин давж заалдах гомдолд дурдсанчлан, шүүгдэгчид холбогдох ижил төрлийн гэмт хэргүүдэд Чингэлтэй, Баянгол дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх боловч тухайн тогтоолууд нь 2025 оны 11 дүгээр сарын 19-нөөс 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд буюу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойших хугацаанд үйлдэгджээ.

Иймд шүүх болон прокурор, мөрдөгчийн зүгээс шүүгдэгч З.Б-ын эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс түүний хүсэлтээр хэргийг нэмж нэгтгэн, хуульд заасан үндэслэл, боломжийн хүрээнд шаардлагатай ажиллагааг явуулсан байна.

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох буюу “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” асуудлыг хуульчилсан.

Шийтгэх тогтоол гарсны дараа өөр гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан нөхцөл байдал нь өмнөх хууль ёсны дагуу гарсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул шүүгдэгч З.Б- нь дээрх зохицуулалтын дагуу гэмт хэргийн шинжтэй бусад үйлдлээ энэ хэргээс тусад нь шалгуулах боломжтой. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хууль нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар хуульчилсан.

Тиймээс шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Анхан шатны шүүх шүүгдэгч З.Б-ын үргэлжилсэн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч, эд хөрөнгө өмчлөх, эзэмших үндсэн эрхэд нь халдаж, хохирол учруулсан байдал, тус гэмт хэргийн нийгэмд буй болгох аюул болон сөрөг үр дагавар, түүнчлэн тэрээр урьд 9 удаа хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн боловч дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, нөгөө талаас, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлын хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй болсон зэргийг тал бүрээс нь харгалзан тухайн зүйл хэсэгт хуульчилсан 2-8 жилийн хорих ялаас 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй болжээ.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч З.Б-ын “хэргээ нэгтгүүлж шийдвэрлүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, түүнд холбогдох 2411029530019 дугаартай эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч З.Б- нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсан 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 63 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2482 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-ын цагдан хоригдсон нийт 63 (жаран гурав) хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН