Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2018/ШЦТ/185

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******өд холбогдох 1814001840159 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, оюуны хөнгөн хомсдол өвчтэй, хэрэг хариуцах чадвартай,******* овогт *******,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Шоо барилгын материал”-ын дэлгүүрийн урдаас 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр *******ийн эзэмшлийн 110.000 төгрөгийн үнэтэй гар утсыг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Шоо барилгын материал”-ын дэлгүүрийн урдаас *******ийн эзэмшлийн 110.000 төгрөгийн үнэтэй гар утсыг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэн авсан болох нь ...

Насанд хүрээгүй хохирогч *******ийн ... “2018 оны 03 сарын 26-ны өдөр 15 цагийн үед бүжгийн бэлтгэлдээ 1 дүгээр багийн “Шоо” нэртэй барилгын материалын дэлгүүрийн хажууд явж байхад нэг танихгүй ах таараад утсаа өгч бай утсаар яръя гээд миний утсыг аваад алхсан. Тэгэхээр нь би утсаа авъя гээд дагаад алхтал төв зам гараад Есөн-Эрдэнэ зах дундуур ороод баруун бүсийн урд байрлах колонк дээр ирэхээр нь би утсаа авъя гэхэд утас чинь байхгүй хаячихсан байна гэж хэлчихээд зах дундуур ороод гүйгээд явчихсан. Тэгээд би замаараа утсаа хайж явж байгаад олдохгүй болохоор нь аавынхаа ажил дээр нь ирж аавдаа хэлсэн. Тэр ах намайг цохиж зодсон зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн *******ийн ... “ Манай хүүхэд Б 15:50 үед манай ажил дээр уйлсан ирэхээр нь юу болсон бэ гэж асуусан чинь миний утсыг нэг танихгүй хүн яриадахъя гэж хэлээд аваад явсан гэхээр нь би хүүхдээ дагуулаад цагдаагийн газар ирж бүртгүүлсэн. Манай хүүхдийн биед гадна харагдах ил шарх байхгүй уйлсан ирэхээр нь чамайг тэр хүн зодсон уу гэхэд миний хүү болох Б нь намайг зодсон зүйл байхгүй, зүгээр миний утсыг яриадахъя гэж хэлээд аваад явсан гэж хэлсэн. Хүүхдийнхээ iphone 4s маркын гар утсыг бүрэн, бүтэн буцаан авсан тул одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/,

Гэрч *******гийн ... “2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр намайг зах дээр ажил дээрээ байхад нэг танихгүй залуу ирээд утас авах уу гэхээр нь утсыг нь үзээд хэдээр зарах вэ гэхэд 4000 төгрөгөөр зарна гэхэд нь 2000 төгрөгөөр авбал авья гэхэд 2000 төгрөг өгөөд худалдаж авсан. Би хулгайн утас гэдгийг мэдээгүй. Тухайн үед над дээр эхлээд ирээд зарах гэж байсан утсаа үзүүлээд энэ утсыг авчихаач эгч гэсэн тэгэхээр нь би авахгүй гээд явуулсан тэгснээ удаачгүй буцаж ирээд уг утсыг 3000 төгрөгөөр авчих гэсэн тэгэхээр нь би 2,000 төгрөгөөр авбал авья гэж хэлсэн тэгсэн чинь тэг тэг гэсэн тэгээд би 2,000 төгрөгөөр худалдаж авсан. Би зарцуулсан 2000 төгрөгөө буцааж авахгүй нэхэмжлэхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-17/,

Шүүгдэгч *******ийн ... “ Би болсон сар өдрөө сайн санахгүй байна. Баянхонгор сумын төвд явж байгаад 1 хүүхэдтэй тааралдаад ах нь утсаар чинь яриадахъя гээд утсыг нь аваад доод зах буюу Есөн-Эрдэнэ зах руу дагуулж яваад Портер машинууд зогсдог газар очоод тэр хүүхдэд ах нь утсыг чинь хаячихсан байна гэж хэлээд буцааж явуулаад мод зардаг 1 бүдүүн эгч дээр очоод тэ энэ утсыг 2000 төгрөгөөр авчих тамхи авах гэж байгаа юм гэхэд тэр эгч энэ утсыг чинь авмааргүй байна гэж хэлээд удаачгүй хүнд үзүүлээдэхье гэж хэлснээ за за авъя гэсэн тэгэхээр нь би зараад зах руу ороод байж байсан чинь цагдаа нар ирээд намайг аваад явсан. Тэгээд цагдаа нартай хамт очиж нөгөө гар утас зарсан эгчээсээ утсыг нь буцааж авч өгсөн ...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 51-53/,

Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай ... /хх-ийн 31-32/,

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт ... /хх-ийн 37-38

Оюуны түвшин тогтоолт ... /хх-ийн 40-40/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Насанд хүрээгүй хохирогч ******* нь алдагдсан эд зүйл болох iphone 4s гар утсыг бүрэн бүтэн хүлээн авсан ба шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч******* овогт *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар шүүгдэгч *******ийг засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******өд мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА