| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацаг Баасанбат |
| Хэргийн индекс | 2505000000525 |
| Дугаар | 2025/ДШМ/1432 |
| Огноо | 2025-12-17 |
| Зүйл хэсэг | 10.1.2.8., |
| Улсын яллагч | Д.Хонгорзул |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2025/ДШМ/1432
2025 12 17 2025/ДШМ/1432
Г.Хд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Хонгорзул,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Тийн өмгөөлөгч Ц.Г,
шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Ү.Буяндүүрэн,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2хххх6 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Хгийн өмгөөлөгч Ү.Буяндүүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Хд холбогдох эрүүгийн хххх дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Г.Х нь хххх-ний орой Баянгол дүүргийн хххх дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хххх дугаар байрны хххх тоотод хамтран амьдрагч Д.Ххххтай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн түүнийг газарт хэвтэж байхад нь хэвлий хэсэг рүү өшиглөх, нуруу хэсэг рүү гараараа цохих зэргээр зодсоны улмаас биед цээж, хэвлийн хавсарсан гэмтэл, баруун талын олон хавирганы хугарал, өрц, элэг, нойр булчирхайн бяцрал, бөөрний өөхлөг, үүдэвч, нарийн гэдэсний чацархайн цус хуралт, хэвлийн хөндийд шингэн цус хуралт /950мл/, цээж, хэвлийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий олон тооны гэмтэл учруулж хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газар: Г.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Б овогт Гын Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар шүүгдэгч Г.Хг 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хд оногдуулсан 16 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Хгийн цагдан хоригдсон нийт 171 хоногийг хорих ял эдэлсэнд хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Г.Хгөөс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 118.800.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Тт олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Т нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Г.Хгөөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхгийг устгаж, Хххэмнэлэгт ххх-ны өдөр Д. Ххххгийн биеийн үзлэгийн тэмдэглэл 20 хуудас, багажийн болон Лабораторийн шинжилгээний хуудас 1 хуудас, рентгенээр авсан зураг ширхэг, дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасан дээр цэнхэр өнгийн балаар "БГД-н цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргах нь" гэсэн гарчиг бүхий 44 мөр ар өвөргүй бичсэн тэмдэглэлтэй 1 хуудас цаас, амь хохирогчийн гэмтэл авсан газруудыг харуулсан өнгөтөөр хэвлэсэн фото цаас 1 ширхэг зэргийг хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус тогтоолд дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Хгийн өмгөөлөгч Ү.Буяндүүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн ххххх-ны өдрийн 2025/ШЦТ/2хххх6 дугаартай шийтгэх тогтоолыг хххх өдөр хүлээн авч тогтоолыг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэн оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай нь холбон шийдвэртээ бодитой дүгнэх үүргийг анхан шатны шүүх хэрэгжүүлж ял шийтгэлийг оногдуулсангүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
2. Хэрэг учрал болсон хххх-ний өдөр амь хохирогч Д.Хххх, шүүгдэгч Г.Х нар нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж амь хохирогч Д.Хххх шүүгдэгч Г.Хгийн цээжний орчимд хутгалж шүүгдэгчийн цээжнээс их хэмжээний цус гарсан, ухаан санаа балартаж сэтгэл санааны хувьд цочролд орж хариу үйлдэл үзүүлсэн байдаг. Мөн түүнчлэн амь хохирогчийг амь насаа алдана гэдгийг тухайн үедээ мэдээгүй харин ч амь хохирогчид хутгалуулснаа түргэн тусламжийн эмчийг ирэх үед нь шүүгдэгч Г.Х нь хэлээгүй байдаг. Амь хохирогч архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ агсам согтуу тавих хутга мэс хэрэглэх, зөвхөн тэр өдөр ч биш хххх дүгээр сард мөн ийм үйлдэл гаргасан байдаг.
3. Улсын дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 192 дугаар тогтоолд “...Өөрөө болон ойр дотны хүн нь бусдад хүчээр дарлагдсан буюу бие махбодын хувьд хүчирхийлэлд өртсөн, доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлсэн тохиолдолд гэмт этгээдийн санаа цочирч түрхэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн байдгаараа санаатай үйлдэгдэх гэмт хэргээс ялгагдана. Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хохирогчийн хууль бус үйлдлийн хариу болж үүсэж, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус үйлдэл болох бөгөөд энэ нь гэмт этгээдийн хувьд хүлээгээгүй нөхцөл байдалд, түрхэн зуур болдог онцлогтой гэж заасан байхаас гадна Улсын дээд шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 295 дугаар тогтоолд "Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг хүний сэтгэцийг ердийн ухамсарт байдлаас гаргаж өөрийгөө хянах, үйл ажиллагааг зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болгохыг ойлгох бөгөөд энэ нь маш хүчтэй тэсрэлт маягаар илэрч сэтгэцийн түр зуурын саатал болно" гэж тайлбарласныг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна.
4. Миний үйлчлүүлэгч Г.Хгийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдэж гэм буруутайд тооцож хэргийн зүйлчлэлийг буруу зүйлчилсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч Г.Хгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан “өөрт нь ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан бол гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалттай тохирч байгаа тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хххх өдрийн 2025/ШЦТ/2хххх6 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан ял шийтгэл оногдуулж өгөхийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна...” гэв.
Шүүгдэгч Г.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Тухайн өдөр амь хохирогчтой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Амь хохирогч “намайг санамсаргүй буйдангийн хажууд сууж байхад хутгалсан. Тухай үед түүний хэвлий хэсэгт хоёр удаа цохисон. Цааш юу болсныг санахгүй байна. Тухайн үед насанд хүрээгүй гэрч байсан. Тухайн үед би шокт ороод гал тогооны өрөөнд унасан. Миний сэтгэл санаа хүчтэй цочирдон давчидсаны улмаас түүний биед халдсан. Санаатай хүний амь нас хохироох сэдэл байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Тийн өмгөөлөгч Ц.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Шүүгдэгч амь хохирогчтой гэр бүлийн харилцаатай байсан. Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 14 дүгээр тогтоолд “сэтгэл санаа хүчтэй цочирдон давчдах тухай тайлбар” гаргасан. Тухайн тайлбарын 4.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас гэнэтийн цочролд хоромхон зуур автсан байхыг шаарддаг. Гэтэл хохирогч “шүүгдэгчийг хутгалах үед амь хохирогчийн хэвлий хэсэгт 2 удаа цохисон” гэж мэдүүлдэг. Гэтэл н.Ххх “босож ирээд хохирогчийн хэвлий болон нуруу хэсэгт 2 удаа өшиглөсөн, 1 удаа цохисон” гэж мэдүүлсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр олон удаагийн үйлдлийн улмаас үүссэн гэмтлийн улмаас нас барсан” гэж дүгнэсэн. Дээрх нөхцөл байдлаас дүгнэж амь хохирогчийн хүүхдийн мэдүүлгээс харахад “хоёр цаг хугацаанд болсон асуудал” яригддаг. Шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Ү.Буяндүүрэн нар тайлбартаа “нэг цаг хугацаанд болсон” учраас гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
Прокурор Д.Хонгорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, согтууруулах ундааны зүйл хэрэглэн гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчмын хүрээнд шийдвэрлэсэн. Шүүгдэгч Г.Х, түүний өмгөөлөгч Ү.Буяндүүрэн нарын гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Амь хохирогч шүүгдэгчийг хутгалсан гэдэг боловч шүүгдэгч тухайн нөхцөл байдлыг ухамсарлах боломжтой байсан. Амь хохирогчийн эсрэг илүү аюултай үйлдэл хийсэн болох нь тогтоогдсон. Улсын дээд шүүхийн 2017 оны 192 дугаар тогтоол, 2018 оны 295 дугаартай тогтоолуудад тус тус зааснаар санаа сэтгэл хүчтэй цочирдон давчдах гэдгийг гэнэтийн хяналтгүй, дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдлыг хэлнэ” гэж заасан. Гэтэл шүүгдэгч дээрх үйл байдлыг ухамсарлаж байсныг гэрчийн мэдүүлэг болон хэрэг явдлын дарааллаар тогтоогдсон. Хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилсэн, шүүгдэгч хохирогч нар ойр дотны харилцаатай байсан. Маргаан гэр бүлийн шинжтэй архидалт даамжирсны улмаас гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг гэж үзсэн. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Г.Х нь хххх-ний орой Баянгол дүүргийн хххх дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хххх дугаар байрны хххх тоотод хамтран амьдрагч Д.Ххххтай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн түүнийг газарт хэвтэж байхад нь хэвлий хэсэг рүү өшиглөх, нуруу хэсэг рүү гараараа цохих зэргээр зодсоны улмаас биед нь олон тооны гэмтэл учруулж хүнийг алах гэмт хэргийг “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Тийн “...2хххх цагийн үед Ххх над руу залгаад “ээж амьсгалахгүй байна" гэсэн. Тэгэхэд нь би "юу болсон юм” гэж асуухад дүү “би мэдэхгүй байна, гараад ороод ирэхэд амьсгалахгүй болчихсон хэвтэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би "түргэн дуудсан уу” гэхэд "дуудсан" гэж байсан. Тухайн үед видео калл хийхэд ээж газар хагас нүцгэн хэвтчихсэн, Ххх худлаа дүр эсгэсэн байдлаар хиймэл амьсгаа хийж байгаа юм шиг надад харагдсан. Түргэний эмчтэй яриад байсан. Тэр эмч өмнө нь ирж ээжийг үзээд “архины хордлого хар цай өг” гэж хэлээд явсан юм байна лээ. Ээжийн нүд хөхөрсөн харагдсаныг эмчээс нь "энэ нүд нь яасан юм" гэхэд эмч “өмнө ирж үзэхэд ийм юм байгаагүй” гэж хэлж байсан. Тэгээд тэр эмч "энэ хүн нас барсан байна" гэдгийг хэлсэн. Ийм л зүйл болсон...” /1 хх 148-150/,
Насанд хүрээгүй гэрч О.Хххийн “...ххх цаг өнгөрч байх үед сэрээд гэрээс гарч яваад найз охин хххийг дагуулаад гэртээ 10 цагийн үед орж ирсэн. Ээж Хххх 11 цаг өнгөрч байх үед өөрийн харьцдаг залуу болох Хххг гэртээ дуудаад тэр хоёр хамт дэлгүүр гараад шар айраг авч ирж уусан. Мөн 12 цаг өнгөрөөд тэр хоёр дахиад дэлгүүр гарч шар айраг авч уусан. Би өдөржин гэртээ өрөөндөө найз охинтойгоо хамт байх үед нөгөө өрөөнд ээж, Ххх гэх залуутай шар айраг уугаад байсан. Би найз охиноо хүргэж өгөхөөр оройн 20 цагийн үед гэрээс гарч явах хүртэл тэр хоёр тасралтгүй шар айраг ууцгаасан. ...намайг 20 цаг 40 минут өнгөрч байх үед гэртээ ирэхэд гал тогооны шалан дээр Ххх тасарчихсан хэвтэж байсан. Харин зочны өрөөнд ээж газар хэвтэж байсан. Тэгээд ээжийг дуудаад биеэс нь сэгсрэхэд хариу өгөхгүй байхаар нь түргэн тусламж дуудсан. Мөн түргэн ирэх хооронд гал тогоонд очоод Хххгийн цамцнаас нь татаж сэрээгээд "ээж сэрэхгүй байна, яасан юм” гэхэд Ххх ах "энэ чинь тэгээд юу юм" гээд фудволкоо сөхөөд харуулахад цээж нь хавдсан, хутгаар зүсүүлсэн мэт шарх үүсчихсэн, цээж нь зөндөө цус болчихсон байсан. Тэгээд буцаад ээж дээр очоод ээжийг сэрээх гээд хажууд нь байж байх үед Ххх ах хүрч ирээд "наадах чинь намайг хутгалсандаа бантаад жүжиглээд унтаж байгаа юм" гэж хэлээд ээжийн нуруу хэсэгт нэг удаа хүчтэй өшиглөөд, гараараа нуруу хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгэхээр нь би Ххх ахыг болиулаад байж байх үед гаднаас түргэн орж ирсэн. Тухайн үед ээж үг дуугарч чадахгүй ч бага зэрэг үйл хөдлөлөөрөө юм хэлээд ухаантай байсан. Улмаар түргэн үзлэгээ хийгээд “нэлээн архины хордлоготой байна, өтгөн чихэртэй байхуу цай сайн уулга, тэгээд одоо авч яваад дүүргийн эмнэлгийн яаралтай тасагт үзүүл” гэж хэлээд гараад явсан. Гэтэл Ххх ах эмчийн хажууд "авч гарч үзүүлнэ" гэж хэлснээ эмч нарыг гарч явсны дараа "ээж чинь зүгээр, одоо бид хоёр ороо засаад унтлаа, эмнэлэг явах шаардлага байхгүй" гээд ээжийг эмнэлэг авч явахгүй байгаад байсан. Тэгэхээр нь Ххх ах, бид хоёр ээжийг оронд нь оруулаад би ойр ойрхон ирж ээжийн биеийн байдлыг шалгаж байсан. 22 цаг 50 минутын үед царай нь цонхийгоод, ам хамраас нь шингэн зүйл гараад байхаар нь дахиад түргэн дуудахад өмнө орж ирсэн эмч дахин орж ирээд "түрүүн яагаад эмнэлэг яваагүй юм, одоо бол ээж нь нас барчихсан, найдваргүй болчихсон байна” гэж хэлсэн. Ээжийн дүү нарт утсаар мэдэгдэж дуудсан. ...Би найз охиноо хүргэж өгөөд гэртээ буцаж орж ирэхэд ойролцоогоор 40 минут болсон. ...гэртээ 20 цаг 40 минутын үед орж ирэхэд Ххх ах гал тогооны шалан дээр хэвтчихсэн, цээж хэсэг нь баахан улаан цусны толбо зүйл болчихсон байсан. ...намайг орой гэртээ орж ирэхэд ээжийн духны арьс нь бага зэрэг улайчихсан, хүзүүний зүүн хойд дагз хэсэгт бага зэрэг бондойж хавдсан мэт зүйл мэдрэгдсэн. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Ххх гэх хүнийг гал тогооны шалан дээр хэвтэж байх үед цээжийг нь зүссэн байж магадгүй гэх хутга нь тавиурын доор уначихсан байсан...” /1 хх 28-30/,
Гэрч Э.Бын мөрдөн байцаалтад хххх-ны өдрийг хүртэл жижүүрт гарч байсан. Ингээд 21 цагт хххх гэх дугаараас "гар мэдээ алдаад, архи уусан бие муудаад" гэх утгатай дуудлага ирсэн. Ингээд дуудлагын дагуу Баянгол дүүргийн хххх дугаар хороо, хххх дугаар байр хххх тоотод очсон. Ингээд очиход тухайн дуудлага өгсөн айлын хаалга онгорхой, эрэгтэй хүүхэд уйлсан, эмэгтэй хүн том өрөөний буйдан дээр хар өмд, цагаан өнгийн фудволктой, доош харсан байдалтай хэвтчихсэн, нэг эрэгтэй хүн буйдангийн хажууд зогсож байсан. Ингээд хүүхэд уйлаад зогсож байсан тул хүүхдээс юу болсон талаар асуухад "сая 20 цагийн үед гэртээ ирсэн, гэртээ ирэхэд ээж болон хойд аав 2 apхи уусан байдалтай хэвтэж байсан" гэж хэлэхээр нь би тухайн хүүхдээс "энэ эрэгтэй хүн ямар учиртай хүн бэ, чамайг цохиж, зодсон уу" гэхэд "манай хойд аав байгаа юм" гэж хариулсан. Ингээд тухайн хүнд үзлэг хийсэн. Тухайн хүн бөөлжчихсөн байсан тул би хажуу талаас нь хөдөлгөн дээш харуулан хэвтүүлж “танд өвдөж байгаа юм байна уу" гэхэд тухайн эмэгтэй "зүрх өвдөж байна” гэхээр нь “хаана өвдөж байгаа газраа заагаарай" гэхэд тухайн эмэгтэй аюулхай хэсэг рүүгээ заасан. Тэгээд би хэвлий хэсгийг тэмтэрч үзэхэд "эмзэглэлтэй, дарахад өвдөж байна уу" гэхэд "өвдөж байна" гэж хариулж байсан. Тэгээд тухайн эмэгтэйн долоовор хуруунд амь үзүүлэлт зүрхний пульс үзэх аппарат хийхэд хүчилтөрөгч ххх хувьтай, зүрхний цохилт 90, зүүн гарт артерийн даралтыг үзэхэд 120,80 мм.уб байсан. Ингээд би тухайн эмэгтэйн хэлийг гаргаж харахад шар өнгийн өнгөртэй байсан. Тэгээд хүүхдээс нь "ээж нь олон хоног архи уусан уу” гэхэд “ээж өнөөдөр л архи уусан” гэж хариулсан. Тэгээд би хойд аав гэх хүнийг хажуу талын өрөө лүү оруулж байгаад тухайн хүүхдээс “ээжийг чинь хойд аав нь зодсон уу, тийм бол хэлээрэй” гэхэд тухайн хүүхэд “ямар нэгэн зодоон болоогүй" гэж хариулсан. Ингээд би тухайн эмэгтэйгээс регистрийн дугаарыг нь асуухад хойд аав нь орж ирээд "ХХХХ" гээд сүүлийн тоог нь мэдэхгүй байхаар нь би талийгаачаас өөрөөс нь асуухад өөрөө надад регистрийн дугаар хэлсэн. Тэгээд би "та архины хордлоготой байна. Эмнэлэг явах шаардлагатай" гэхэд талийгаач “би явахгүй” гэж хэлэхэд хойд аав гэх хүн хэсэг байж байгаад “зүгээр болох байх, эмнэлэг явах шаардлага байхгүй" гэхээр нь "юу ярьж байгаа юм явах шаардлагатай" гэхэд хойд аав гэх хүн нь “тэгвэл байж байгаад бид нар өөрсдөө очиж үзүүлнэ, уусан юм нь гарга" гэж хэлэхээр нь би хүүхдэд нь хандаж “ээж нь хойд аав нь явахгүй гэж байна, шаардлагатай бол над руу залгаарай" гээд халуун байхуу цай, 1 ширхэг валидол, 4 ширхэг аспирин уулгаад гэрээс нь гарсан. Ингээд дараагийн дуудлагад явж байх үед 23 цаг 10 минутад ххх гэх дугаараас ахин "ухаангүй архи уусан” гэх дуудлага орж ирсэн. Ингээд тухайн очсон айлд дахиад ороход хаалга онгорхой, талийгаач эмэгтэй том өрөөний шалан дээр нүцгэн, дээгүүр нь хөнжил нөмрүүлсэн. Хойд аав гэх хүн нь хиймэл амьсгал хийж байхад би тухайн хүнийг хажуу талын өрөө лүү оруулаад талийгаачийн биеийн байдлыг үзэхэд нас бараад 10-20 минут болчихсон байсан. Тэгээд сэхээн амьдруулалд буу цээжийг нь шахаж амьсгалын замыг нь чөлөөлөх гээд толгойг нь баруун тийш болгоход амнаас нь цусархаг шингэн, хамраас нь цус гарсан. Тэгээд тухайн амилахуйг хийж байх үед хойд ааваас нь “яасан зодсон юм уу" гэхэд "үгүй” гэхээр нь би цааш өрөө лүү оруулаад хүүхдээс "юу болсон бэ, эмнэлэг явахгүй яасан юм” гэхэд хүүхэд нь уйлаад "эмнэлэг явах уу гэхэд явахгүй, одоо ээж бид хоёр нь амарна гээд том өрөөний газар ор засаад хэвтсэн. Тэгээд ээж удалгүй ухаангүй болчихсон" гээд уйлж байхаар нь би ахин лавлаж асуухад “хойд аав газар хэвтэж байхад нь хэвлий рүү нь 2 удаа өшиглөсөн, нэг удаа хэвлий, нуруу хэсэг рүү гараараа цохисон" гэж хэлэхээр нь "яагаад хэлээгүй юм" гэхэд "манай ээж хойд аавыг өмнө нь хутгалчихсан, цагдаа, түргэнийхэнд хэлэх юм бол ээжийг чинь цагдаад өгнө, ээж 7 хоног ууж байгаад сүүлийн 2 хоног уугаагүй, өнөөдөр л уусан гээд байсан тул хэлээгүй” гэж хэлсэн. Тэгээд би талийгаачийг дээш харуулж байгаад үзлэг хийсэн. Үзлэг хийхдээ амыг нь ангайлгахад ам, хамраас нь цус гарсан. Баруун нүд нь хуучин хөхөрсөн байдалтай байсан. Ингээд би нас барсан гэж тодорхойлоод хойд аавыг нь хажуу өрөөнд үлдээгээд, хүүхдийг нь авч гараад, гэрийг нь гаднаас түгжээд цагдаад дуудлага өгсөн. ...Тусламж үйлчилгээний стандартад “бөөлжсөн, зүрх дэлссэн, толгой эргэсэн, хэл өнгөртсөн” байвал архины хордлого гэж үзээд харьяа дүүргийн эмнэлэг рүү тээвэрлэх заалттай байдаг. Тухайн иргэний хувьд өөрөө зөвшөөрөөгүй, харгалзах хүнтэй байсан, тухайн хүмүүс өөрсдөө авч явна гэсэн тул хүчээр эмнэлэг рүү тээвэрлэх үндэслэлгүй байсан. ...дуудлагаар очиход талийгаач газар шалан дээр нүцгэн хөнжил нөмөрчихсөн, ухаангүй, зүрх зогссон, нас барсан байдалтай байсан...” /1 хх хххх-35/,
Гэрч Б.Ххххийн “...ххх угаар сард эгч надад "Энэ Х намайг олон удаа дээрэлхэж, биед маань халдаж, гар хугалж, сэтгэл санааны дарамтад орууллаа. Тэгэхээр би энэ хүнийг заавал цагдаад нь өгч шалгуулна. Би Баянгол дүүргийн цагдаад өргөдөл өгнө. 10 хоног хөдөө явна гэдэг асуудал бол Ххх машины жолооны ард би хажууд нь суугаад архи ууж байх үед тэр байрны хүмүүс цагдаа дуудсан, Ххх "миний өмнөөс баривчилгаанд яваад ир” гэхээр нь би баривчилгаанд яваад ирсэн. Бас миний гарыг энэ хүн хугалсан. Тухайн үед нь би өөрөө унасан гээд явж байсан. Одоо энэ бүхнийг өргөдөл дээр бичсэн байгаа" гэж байсан. Тэгээд өргөдлөө өгч чадахгүй явсаар байгаад сүүлд цагдаа дээр очиход "асуудал болсноос хойш удсан байна" гээд өргөдлийг нь аваагүй гэсэн. Тухайн үед нь би "та тэр бичсэн өргөдлөө битгий устгаарай, хэзээ нэгэн цагт хэрэг болно шүү” гэж өөрт нь хэлж байсан...” /1 хх 156-159/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээч эмч хххх дугаартай: “Цогцост хийсэн шинжилгээгээр цээж, хэвлийн хавсарсан гэмтэл баруун талын олон хавирганы хугарал, өрц, элэг, нойр булчирхайн бяцрал, бөөрний өөхлөг, үүдэвч, нарийн гэдэсний чацархайн цус хуралт, хэвлийн хөндийд шингэн цус хуралт /950мл/, дагзны хуйх, баруун, зүүн чамархайн булчин, эрүү, цээж, хэвлийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хоёр зовхинд цус хуралт, духанд зулгаралт, цус хуралт, хамарт зулгаралт, баруун мөр, гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Цээж, хэвлийн хавсарсан гэмтэл баруун талын олон хавирганы хугарал, өрц, элэг, нойр булчирхайн бяцрал, бөөрний өөхлөг, үүдэвч, нарийн гэдэсний чацархайн цус хуралт, хэвлийн хөндийд шингэн цус хуралт /950мл/, цээж, хэвлийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан хххх дугаартай тушаалын хавсралт хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар амь насанд аюултай хохирлын хүнд зэрэг тогтоогдоно, бусад гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдоно. Шинжилгээгээр тогтоогдсон зовхи, зүүн гуяны цус хуралт гэмтэл нь нас барахаас 72 цагаас дээш хугацааны өмнө үүсгэгдсэн байх боломжтой, бусад гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтэл үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Амь хохирогчийн цусанд 2.3 промилли, ходоодны шингэнд 3.1 промилли, шээсэнд 4.0 промилли спиртийн зүйл илэрсэн. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Цусанд 2.3 промилли спиртийн зүйл илэрсэн нь согтолтын хүнд зэргийн хэмжээ болно. 2-р бүлгийн цустай байна. Эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврах боломж муутай байжээ. хххх хххх минутад цогцост анх үзлэг хийхэд нас бараад 2-4 цаг болсон байжээ. Тэмцэлдсэн ул мөр үгүй байна. Шулуун гэдэсний орчим гэмтэл, эмгэг өөрчлөлтгүй байна. Цээж, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас амьсгалын замд ходоодны агууламж орж, амьсгалын дутагдлаар нас баржээ...” /1 хх 203-222/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээч хххх өдрийн хххх дугаартай: “...Д.Ххххгийн баруун гарын богтос ясны хугарал, нэг талын нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, нэг талын нүдний гадна хэсэгт зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүснэ. Баруун гарын богтос ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, нэг талын нүдний дээд, доод зовхины цус хуралт эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Харин дух, нэг талын нүдний гадна хэсгийн зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3 т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. хххх эмнэлгийн рентген зургийн хариунаас үзэхэд баруун гарын богтос ясны хугарал нь хххх сард үүссэн байх магадлалтай. Бусад гэмтлийн үүссэн хугацааг тогтоох боломжгүй байна...” /1 хх 192-193/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээч эмч хххх дугаартай: “...Г.Хгийн цээжний зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” /1 хх 227-228/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын хххх дугаартай: “...Г.Х нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Г.Х нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Г.Х нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.Хгийн оюун ухаан нь өөрийн насны түвшинд байх ба бусадтай харьцах чадвартай байна. Г.Х нь хэрэг хариуцах чадвартай байна...” /1 хх 235-2хххх/ гэсэн дүгнэлтүүд,
Шинжээч эмч Б.хххгийн “Өрцний баруун хэсэгт элэгний 8-р сегментийн харалдаа 2.5х0.4см бяцарч урагдсан шархтай, шархны орчим цус хуралттай, өрц, элэгний холбоосыг чөлөөлөхөд, өрцний урагдсан шархны харалдаа элэгний хальсанд цус хуралттай, мөн цөс мэс заслаар авагдсан цөсний хэвтэш элэгний эд 4x0.3см бяцарч урагдсан шархтай орчны эдэд цус хуралттай гэмтлүүд нь цээжний баруун доод хэсэг, баруун хавирганы нум, хэвлийн баруун хэсгүүдэд хүч үйлчлэх, цохих, өшиглөх, дэвсэх үед үүсгэгдэх боломжтой. ...Баруун талын 6-10-р хавирга суганы урд шугамаар зөрүүтэй хугаралтай гэсэн дээрх хавирганы хугарал гэмтлийн шинж чанараас үзэхэд амилуулах тусламж үйлчилгээний үед үүсэхгүй. Тухайн хэсэг газар цохих, өшиглөх, дэвсэх зэрэг үйлдлүүдээр үүсгэгдэнэ. ...Хугарлын харьцангуй тэгш ирмэг биеийн гадна талд байрласан байв гэдэг нь тухайн хэсэг газарт хүч үйлчилсэн байгааг харуулна... Бөөрний өөхлөг үүдэвч, нарийн гэдэсний чацархайн цус хуралт гэмтлүүд нь хэвлий орчим хүч үйлчлэх, доргих механизмаар үүсгэгдэнэ. ...Цогцост хийсэн шинжилгээгээр цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтэл тогтоогдсон бөгөөд дээрх гэмтлийн улмаас ухаангүй байдалд орох зэрэг рефлекст дарангуйлагдаж амьсгалын замд ходоодны агууламж орсонтой холбоотой амьсгалын дутагдлаар нас барсан байна. ... Унах үед эдгээр гэмтлүүд үүсэхгүй...” /2 хх 53-54/ гэсэн мэдүүлэг,
Цагдаагийн 102 дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан, Цагдаагийн ерөнхий газрын 102 утсанд “хххх хххх** дугаарын утаснаас бүртгэгдсэн” дуудлага мэдээллийн лавлагаа, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хххх өдөр ххх дүүргийн хххх дугаар хороо, хххх-р байрны хххх тоотод нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Г.Хгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Г.Хг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан баримт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, амь хохирогч Д.Ххххгийн ххх хэлтэст бичгээр гаргасан өргөдөл, амь хохирогчийн Хххэмнэлгийн өвчний түүхийн хуулбар /1 хх 7, 8, 2 хх 37-44, 1 хх 9-16, 1 хх 132-137, 17-21, 1 хх 105-109, 110, 139, 2 хх 47-49/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Г.Хг хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Хгийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу амь хохирогч Д.Ххххг зодож, амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Мөн шүүгдэгч Г.Хд анхан шатны шүүхээс 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.
Шүүгдэгч Г.Хгийн өмгөөлөгч Ү.Буяндүүрэнгээс “... өөрт нь ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан бол гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл заалттай тохирч байгаа тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хххх өдрийн 2025/ШЦТ/2хххх6 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Учир нь, хүний сэтгэцийг ердийн ухамсарт байдлаас хоромхон зуур гаргаж, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд түр хугацаанд оруулсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болохыг ойлгох бөгөөд энэ нь маш хүчтэй тэсрэлт хэлбэрээр илэрч буюу тухайн агшинд үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатлыг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэж ойлгоно.
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг нь хүнийг алах гэмт хэргээс /энэ хэргийн тухайд/ өөрт нь хүч хэрэглэсэн хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт этгээдийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж, гэмт хэрэг үйлдэх санаа гэнэт, хоромхон зуур төрсөн бөгөөд сэтгэхүйн хэвийн байдал алдагдсан байдгаараа ялгагддаг ба Г.Х нь сэтгэцийн түр зуурын саатлын улмаас санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж тухайн агшинд үйлдэл гаргасан гэж үзэх боломжит нөхцөлгүй. Өөрөөр хэлбэл амь хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг хоромхон зуурын хугацаанд үүссэн гэж үзэх боломжгүй юм.
Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг агуулсан байхыг шаарддаг ба шүүгдэгч Г.Х нь амь хохирогчийн хэвлий хэсэг рүү өшиглөх, нуруу руу цохих зэргээр зодсоны улмаас биед олон тооны гэмтэл учруулж амь насыг нь хохироосон хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсоны гадна шүүгдэгчийн уг үйлдлийн улмаас хохирогч нь цээж, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас ухаангүй байдалд орсонтой холбоотой амьсгалын дутагдлаар нас барсан хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоотой байна.
Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогддог.
“Хүнийг алах”, “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргүүдийг ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан нас барсан зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоодог.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, Г.Х нь амь хохирогчийн хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүндээр доромжлогдсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх үйл баримт тогтоогдоогүй, үүсэх үр дагаврыг хүссэн, үр дагаварт зориуд шууд хүргэсэн шинжийг илэрхийлсэн, аюултай гэдгийг ухамсарлах боломж байсан гэж үзэх тул Г.Хд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх нөхцөл байдлууд болон гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаантай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан ялын хэмжээний дотор буюу 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Г.Хгийн өмгөөлөгч Ү.Буяндүүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Х нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш энэ өдрийг хүртэл нийт 69 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2хххх6 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Хгийн өмгөөлөгч Ү.Буяндүүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х нь 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс хойш 69 /жаран ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ