Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2018/ШЦТ/186

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Д.Цогжавхлан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа,

Шүүгдэгч *******,

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Цогжавхлангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох 1814002950168 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 07 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2018 оны 05 сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутагт иргэн Б.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч Б.Бийн ... 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр малаа усалчихаад *******ынд очсон. Тэднийд хүүхдүүд нь байсан юм. Тэгээд цай уугаад хоол идээд байж байхад гаднаас ******* гэдэг хүн ирсэн, тэгээд цай уугаад байж байхад *******ын гэрийнх нь утас дугарсан тэгэхэд ******* өөрөө яриад намайг хүрээд ир, миний мотоцикль гэрэлгүй болчихлоо гэхээр нь би гараад явах гэтэл ******* гарч ирээд надтай хамт явья гээд бид 2 миний мотоциклиор сундаллаад ******* дээр очиход ******* эхнэртэйгээ хамт Хар нуруу гэдэг газар байж байсан. Тэгээд очоод ******* *******аас архи байна уу? Гаргаад ир гэхэд нь маргааш манайд хүн ирэх гэж байгаа 1 шил архи авсан юм тэр л байгаа гэж эхнэр нь хэлэхэд, ******* гаргаад ир ууя гээд шалсаар байгаад гаргаж ирээд бид 3 хувааж ууцгаасан. Архиа ууж дуусаад 20 цаг 30 минутын үед юм ярьж сууцгааж байгаад ******* надруу чи намайг юу гэж ярьдаг гэлээ ах дүү нарынхаа хүнтэй явдаг гэж ярьсан гэл үү? Гээд байхаар нь би тэгж яриагүй тэгж ярьсан хүнтэй чинь учраа ольё, хамт очьё гэхэд намайг барьж аваад байхаар нь би гарыг нь барьчихсан байж байгаад тавьчихсан юм. Тэгээд миний хажууд юм ярьж байгаад гэнэт босож ирээд миний дээр гараад миний нүүр лүү цохих гэж далайхаар нь би хажуу тийш нь унагаатал гэнэт миний нүүр лүү цохисон тэгээд хамраас цус гоожсон юугаар цохисныг нь мэдээгүй. Тэгээд цусаа тогтоогоод тэндээс хөдөлсөн. Тэгээд тэндээс 2 мотоцикльтойгоо хөдлөөд явж байхад хэлний үзүүр дээр имтэрсэн юм шиг мэдрэгдээд байхаар нь би миний шүд хугарсан юм шиг байна та яаж байгаа юм бэ гэхэд ганц цохиход шүд хугарна гэж юу байдаг юм тэр 2-ыг гүйцээд оч гэхээр нь гүйцэж очоод зогсож байгаад *******аар харуулсан чинь юм мэдэгдэхгүй байна шдээ гээд цааш хөдөлсөн. Тэндээсээ хөдлөөд Хөтөл-Ус гэх газар байдаг Халзан гэдэг айлд очиход Халзан байхгүй эхнэр хүүхдүүд нь байсан. Тэднийд 2 литрийн том пиво 3-уулаа хувааж ууцгаасан, тухайн үед миний толгой эргээд шүд өвдөөд байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16/,

Гэрч П.*******ын ... 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Т, Б хоёр хоорондоо маргалдаж байснаа Т ах сууж байгаад Бийн шанаа руу нь 1 удаа цохисон, өөр ямар нэгэн асуудал болоогүй, тэгээд Б.Бийн хамраас нь цус гарсан байсан, тэгээд цусыг нь тогтоогоод бид 4 тэндээс 2 мотоциклиор хөдөлсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22/,

Гэрч ******* ... 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нөхөр бид 2 аймаг орчхоод буцаж явахад мотоциклийн гэрэл асаж унтраад байхаар нь зогсоод гэрт үлдээсэн 2 хүүхэд рүүгээ залгахад манай хүүхэд аваад Тоодон /Б.Б/ ах манайд ирчихсэн байна гэсэн. Тэгэхээр нь бид 2 Тоодонг хүрээд ир гэж дуудаад хүлээж байсан чинь удалгүй ******* ах тэр 2 хамт хүрээд ирсэн. Тэгээд саахалтын ******* ахад архи авсан байсан юм, тэр 2-ыг ирхээр нь нэг шил 0,5 литрийн Улаанбаатар архиа гаргаад өгсөн тэгээд манай нөхөр тэр 3 хувааж уусан. Архиа ууж дуусаад ******* ах Бөд хандан чи намайг эмэгтэй дүүтэйгээ явдаг гэж ярьдаг гэсэн яагаад тэгж яриад байгаа юм гэхэд би тэгж яриагүй хэн тэгж байна нүүрэлдэе гээд байсан. Тэгээд тэнд маргалдаж байж байгаад Т ах сууж байгаад Бийн шанааруу нь нэг удаа цохисон өөр ямар нэгэн асуудал болоогүй тэгээд Бийн хамраас нь цус гарсан байсан, тэгээд цусыг нь тогтоогоод бид 4 тэндээс 2 мотоциклиороо хөдлөөд Халзан гэдэг айлд очсон. Нөхөр бид 2 тэднийд 1 том пиво авч очсон, очоод тэр пивоо өгөөд манай нөхөр тэр 3 хувааж уусан. Тэрийгээ уучхаад бид 4 гараад манайхруу явж очиход ******* ах тэндээсээ шууд гэрлүүгээ явсан өөр ямар нэгэн асуудал болоогүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25/,

Шүүгдэгч *******ийн ... Би хохирогч Бийн хохирлыг бүрэн барагдуулсан. 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр би өөрийн биеэр очиж бэлэн дөрвөн сая төгрөг /4,000,000/ өгсөн. Мөн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр эвлэрлын гэрээ байгуулж хоорондоо эвлэрсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58/,

Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 348 дугаартай дүгнэлт ... Б.Бийн биед тархи доргилт, зүүн дээд 1-р шүдний цөгцний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... гэсэн дүгнэлт /хх-ийн 37-38/,

Амбулаториор эмчлүүлэгсдийн карт ... /хх-ийн 41-43/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 4.000.0000 төгрөгийг өгч хохирогч Б.Бтэй эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 68, 74 дүгээр талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн хятад улсад үйлдвэрлэсэн ногоон өнгийн гар утсыг түүнд буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овогт *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн хятад улсад үйлдвэрлэсэн ногоон өнгийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.        

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА