Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/1431

 

 

 

 

 

 

 

  2025            12            17                                        2025/ДШМ/1431

 

Ц.Цт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          прокурор Б.Жамъяандорж,

          хохирогч М.Бгийн өмгөөлөгч Ц.Галбадрах, Ц.Энхбаяр,

          шүүгдэгч Ц.Цын өмгөөлөгч Ж.Баяржавхлан,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

 

          Баянгол, Хххх, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2301 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М.Бгийн өмгөөлөгч Ц.Галбадрах, Ц.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.Цт холбогдох эрүүгийн хххх дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

           

 

Шүүгдэгч Ц.Ц нь "Хххх” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна.” гэж заасны дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, Дэд бүтцийн үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм"-ийн 1 хэсэг /Ерөнхий шаардлага/ БНбД ххххийг сахин хангуулж мөрдүүлэх үүргийг хэрэгжүүлээгүй мөн “Хххх” ХХК-ийн “Хххх" ХХК-тай байгуулсан "Ажил гүйцэтгэх гэрээ” болон "Хххх” төслийн хүрээнд байгуулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах тухай” гэрээний 5.20 дугаар “Ажлын байр, үйлдвэрлэлийн орчны аюул, эрсдэлгүй байдлыг хангаж, хааж явах, Үүнд: Давхар хоорондын шугам сүлжээний гаргалгаа, давхар хоорондын шатны бариул, давхрын бүтээцийн ажил эхлэхээс өмнө доод давхрын хаалт хамгаалалтыг хийж торлох, тухайн давхрын цэвэрлэгээ цэгцэлгээ, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ хийх” гэсэн заалтыг зөрчсөн эс үйлдэхүйн улмаас; хххх-ний өдөр Хххх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хххх” ХХК-ийн барьж буй барилгын дотор талд ажил үүрэг гүйцэтгэж байсан М.Б нь 2 давхрын шалан дээрх нүхнээс 1 давхар луу унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хххх дүүргийн прокурорын газар: Ц.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хххх, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Ххххгийн Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цт нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах, 6000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цт оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цт оногдуулсан эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цаас 15,177,000 (арван таван сая нэг зуун далан долоон мянга) төгрөг гаргуулж хохирогч М.Бд олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ц нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

            Хохирогч М.Бгийн өмгөөлөгч Ц.Галбадрах давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч М.Б нь шүүгдэгч Ц.Цын эзэмшлийн “Хххх” ХХК-ийн хийж гүйцэтгэж буй барилгын талбайд ажил үүрэг гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн осолд орж, ослын улмаас хохирогчийн биед духны ясны зүүн талаас зүүн нүдний ухархайн дээд хана, гадна хана, самалдаг хөндий, зүүн талын духны сэртэн, баруун нүдний ухархайн дотор болон дээд хануудыг хамарсан нийлмэл хугарал, зүүн хацар ясны нум, чамархай суурь ясыг хамарсан хугарал, тархины дух, зүүн чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, эдийн цусархаг няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн хөмсөг няцарсан шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу ясны хугарал, зүүн шилбэ, баруун өвдөгт цус хуралтын гэмтлүүд тогтоогдож, үүнийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын ххх тоот дүгнэлтээр “амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг” гэж /1 хх 78-80/, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн “дөрөвдүгээр зэрэглэл” гэж тус тус тогтоосон /1 хх 119-121/. Улмаар ххх аймгийн Нийгмийн даатгалын газар тасгийн дэргэдэх эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрээр хохирогч М.Бгийн зөвхөн гавлын ба нүүрний ясны хугарал гэх оношид тулгуурлан хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувь гэж тогтоосон. Гэвч гавлын ясны хугарлаас үүдэн хохирогчийн нэг нүд бүрэн харахаа больж, улмаар нөгөө нүдэнд хэт ачаалал өгсөнөөр нөгөө талын хараа нь муудаж эхэлсэн. Мөн сонсгол нь муудаж, мартаж санах нь ихэсэхийн зэрэгцээ ясны хугарал нь тархины мэдрэлийн судсанд нөлөөлж 30 минут болон түүнээс дээш хугацаагаар суух эсхүл зогсож чадхааргүй болж оюуны болоод биеийн хүчний хүнд, хөнгөн ямар ч ажил эрхлэх чадамжгүй болсон. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно", 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно" гэж тус тус заасан бөгөөд Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчид хохирогчийн сэтгэлзүйд дүн шинжилгээ хийж Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Дөрөвдүгээр зэрэглэл гэж тогтоосон. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай тогтоол”-ын хавсралтад зааснаар сэтгэцэд учирсан хохирлын Дөрөвдүгээр зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөрийг тооцож болно гэж заасан. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцохдоо Дөрөвдүгээр зэрэглэлийн хамгийн бага буюу 23 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийн хэмжээг гаргуулахаар шийдвэрлэснийг хохирогч, түүний өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь анхан шатны шүүхийн шүүгч нь ингэж тооцсон үндэслэлээ хохирогч өөрийн хайхрамжгүй үйлдлийн улмаас уг осолд өртсөн гэж тайлбарлаж байгаа боловч шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас осол гарах нөхцөл бий болсон, цаашлаад хохирогч насан туршдаа хөдөлмөрийн чадвараа алдаж, мэдрэлийн эмгэгтэй үлдэж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа сэтгэцийн хариу урвалыг үнэлсэн үнэлгээ болохоос хохирогчийн үйлдэлтэй огт холбоогүй юм. Тийм атал, хохирогчийн буруутай үйлдэл байсан гэх үндэслэлээр сэтгэцэд учирсан хохирлыг багаар тооцсон нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45.99 буюу 34.952.400 төгрөгөөр тогтоож өгнө үү...” гэв.

 

Хохирогч М.Бгийн өмгөөлөгч Ц.Энхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгчээс 54.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүхээс хангахаас татгалзаж, иргэний журмаар шийдвэрлүүл гэж дүгнэсэн нь учир дутагдалтай гэж үзэж байна. Учир нь “Хххх” ХХК /"Хххх” ХХК ч гэж байгаа бөгөөд яг аль болох нь тодорхойгүй/-д хохирогч ажиллаж байсан тул түүний цор ганц хувьцаа эзэмшигч Ц.Ц нь уг төлбөрийг хариуцахгүй, ажил олгогч биш гэсэн агуулгаар дүгнэлт хийсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "ажил олгогч” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг; 4.1.2. "ажил олгогчийн төлөөлөгч" гэж ажил олгогчоос өөрөөс нь, эсхүл ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагаас тухайн асуудлаар ажил олгогчийг төлөөлөх эрх авсан байгууллага, хувь хүнийг хэлэхээр хуульчилсан. Шүүгдэгч Ц.Ц нь ажил олгогч байгууллагын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч төдийгүй уг байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд байх тул хохирогч талын нэхэмжилсэн мөнгөн төлбөрийг хариуцах үүрэгтэй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжилсэн өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Цын өмгөөлөгч Ж.Баяржавхлан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.Ц өөрийн гэм буруу дээрээ маргадаггүй. Өөрөөр хэлбэл, тус хэрэгт “барилгын талбай дээр шат хооронд хашлага хаалт хийх ёстой байсан, энэ үүргийг гүйцэтгээгүй байгаа нь осол гарах болсон шалтгаан гэж тайлбарласан мөн хохирогч хайхрамжгүй, болгоомжгүй байдал буюу малгайг зохих журмын дагуу хэрэглээгүй байна” гэсэн дүгнэлт хийсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Тиймээс энэхүү гэмт хэрэг гарахад хохирогчийн хайхрамжгүй, болгоомжгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэсэн дүгнэлт хийж шүүх хэргийг шийдвэрлэсэн. Тухайн үед “ажил эхлэхээс өмнө ажлын багаж хадгалах өрөөний хаалга хийх шаардлагатай байсан учраас хамт ажиллаж байсан хүн нь хохирогчийг фанер аваад аваад ир” гээд фанер авчрах гээд явж байхдаа бэртсэн буюу залуу хүний хувьд бэртсэн харамсалтай үйл баримт болсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Галбадрахын гаргасан гомдолд холбогдуулан тайлбар гаргахад шүүгдэгчийн хувьд хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байгаа байдал, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг ангилалын хувьд хөнгөн бөгөөд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогч М.Бгийн насны байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн хайхрамжгүй байдал нөлөөлсөн зэрэг хэргийн үйл баримтыг тал бүрээс нь харгалзан үзэж сэтгэцэд учирсан хохирлыг 15.180.000 төгрөгөөр гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогч М.Бгийн сонсгол нь муудаж байгаа, мартаж санах нь ихэссэн, 30 минут түүнээс дээш хугацаагаар суух, эсхүл зогсож чадахааргүй болж байгаа зэрэг нөхцөл байдлыг дурдаж байгаа боловч хавтаст хэрэгт энэ талаар гаргасан ямар нэгэн дүгнэлт байхгүй. Гэхдээ хохирогчийн хөдөлмөрийн чадварыг 36 сарын хугацаагаар 70 хувиар алдсан гэж дүгнэсэн боловч түүний эрүүл мэндэд дээр дурдсан хүндрэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Хохирогч М.Б анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцсон бөгөөд шүүгч “таны эрүүл мэндийн байдал яаж байна” гэж талаар тодруулж асуухад хохирогч бүгдийг хэлж байсан. Энэ нөхцөл байдлуудыг шүүхээс энэхүү дүгнэлт гарахад нөлөөлсөн болов уу гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тиймээс хохирогч өмгөөлөгч Ц.Галбадрахын гаргасан сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45.99 буюу 34.952.400 төгрөгөөр тогтоож өгнө үү гэсэн гомдол үндэслэлгүй, тодорхойгүй байна. Шүүхээс цаашид хохирогчийн эрүүл мэнд, сэтгэцэд учирсан хор уршигтай холбогдуулан гарах зардлыг Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хохирогчийн өмгөөлөгч Ц.Энхбаярын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсгийн 125.1.1 дэх заалтад заасан үндэслэлийг баримталж хохирогчийн зүгээс нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ үндэслэлийг гомдолдоо дурдсан байна. Үүнтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн шатанд “Хххх” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах боломжтой байсан боловч аль аль талаас ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаагүй. Шүүхээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд оролцогч нараас иргэний хариуцагчаар татах хүсэлт гаргаагүй, хөдөлмөрийн харилцаа байгаа учраас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй гэж үзэж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Ц.Ц гэх хүнд холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд шүүхээс хэргийг хянан шийдвэрлэж байгаа болохоос “Хххх” ХХК буюу хуулийн этгээдийг яллагдагчаар татаагүй. Мөн энэ хэрэгт иргэний хариуцагчаар татаагүй байгаа учраас анхан шатны шүүхээс энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй байсан. Харин иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хууль ёсны байна. Өмгөөлөгч Ц.Энхбаярын зүгээс “Хххх” ХХК, эсхүл “Хххх” ХХК гэж яригдаад байдаг, энэ 2 тусдаа компани юм биш үү, тусдаа компани гэдгийг шүүхээс тогтоох ажиллагаа хийгдээгүй, одоо үүнийг хийлгэе гэсэн байр суурь илэрхийлж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч талаас энэ нөхцөл байдлыг тодруулъя гэж хүсэлт гаргах боломжтой байсан. Шүүх хуралдааны тэмдэглэл болон бусад бичгийн баримтад “констракшн” гэдэг үгийг орхигдуулаад байдаг юм болов уу гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Мөн тамганы асуудлын тухайд “Хххх” ХХК гэсэн гэрээ байна гэх зүйлийг дурддаг. Гэтэл энэ нөхцөл байдлыг хохирогчийн зүгээс хэргийн материалтай танилцаж, шүүхийн шатанд асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой байсан боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргаагүй хэргийг шийдвэрлэсэн тул үүнийг одоо тодорхойлох боломжгүй. Учир нь, энэ асуудлаар иргэний шүүхэд хандах боломжтой. Иймд хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Прокурор Б.Жамъяандорж тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт талуудын өгсөн мэдүүлэг зэрэгт үндэслэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Цт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хохирогчийн өмгөөлөгч Ц.Галбадрах, Ц.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Учир нь, Баянгол, Хххх, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/5426 дугаар шүүгчийн захирамжаар Ц.Цт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгдэгчийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаж, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэлх хугацаагаар хойшлуулжээ.

Тус шүүхийн   дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч хххх чөлөө олгож, түүнд хуваарилагдсан хэргийг “Хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-д зааснаар дахин хуваарилалтад оруулахаар шийдвэрлэн, 2025 оны 09 сарын 16-ны өдрийн 2025/ЕШЗ/3254 дугаар ерөнхий шүүгчийн захирамжаар Ц.Цт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч хххх томилсон шийдвэрийг албажуулсан байна.

Баянгол, Хххх, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/5675 дугаар шүүгчийн захирамжаар Ц.Цт холбогдох хэргийн шүүх хуралдааныг “шүүгдэгч Ц.Цт холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 09 сарын 16-ны өдрийн 08:30 цагт хэлэлцүүлэхээр товолсон боловч даргалагч шүүгч ххх нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө авсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх бусад шалтгаан бий болсон” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Цт холбогдох эрүүгийн хэргийг товолсон цагт шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй байна. Түүнчлэн тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025/ШЗТ/14 дугаартай тогтоолоор Ц.Цт холбогдох эрүүгийн хэргийг шүүгч хххх хуваарилсан байх тул хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг хойшлуулж тогтоох нь зүйтэй байна” гэсэн үндэслэлээр 2025 оны 10 сарын 03-ны өдрийн 14:30 цагт товлон шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүр нь уг харилцааг зохицуулсан процессын хуулийн дагуу явагдах бөгөөд тухайн хуулийг дагаж мөрдөн үйл ажиллагаа явуулах нь хэрэгжүүлэгч аливаа албан тушаалтанд хамаатай.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг сахин биелүүлээгүй тохиолдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчилд багтаж, уг ажиллагааны үр дүн нь хууль ёсны байх шинжээ алддаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадуур шийдвэр гаргах, хууль бус хэлбэрээр процесс ажиллагааг явуулах, эсхүл зөвшөөрөгдсөн хэлбэрээр илэрч буй боловч түүнд тавигдах шаардлагыг бүрэн зохих ёсоор хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тогтоосон журмыг зөрчсөнд тооцогдоно.

Баянгол, Хххх, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2025 оны 09 сарын 16-ны өдрийн 08:30 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн байтал тухайн товлосон цагийг үл хэрэгсэн 2025 оны 09 сарын 18-ны өдөр тодорхой үндэслэл заан дахин хойшлуулсан шүүгчийн захирамж гарган шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна.

Өөрөөр тайлбарлавал, 2025 оны 09 сарын 16-ны өдрийн 08:30 цагаас 2025 оны 09 сарын 18-ны өдөр хүртлэх хугацаанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ямар ажиллагаа явагдсан эсэх, хэргийн оролцогч нарын эрхийг хангасэн эсэх талаар хэрэгт тодорхой баримт авагдаагүй байна.

Давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг зөвтгөн залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн учир хохирогчийн өмгөөлөгч Ц.Галбадрах, Ц.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Ц.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хххх, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2301 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Ц.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

 

 

           ШҮҮГЧ                                     П.ГАНДОЛГОР

 

 

                                               ШҮҮГЧ                                     Н.БААСАНБАТ