Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2026/ДШМ/15

 

 

 

 

 

      2025          12            25                                         2026/ДШМ/15

 

Г.д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

прокурор Ж.Цээрүүгүндүү,

яллагдагч Г., түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Хххх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЗ/5874 дүгээр захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Цээрүүгүндүүгийн бичсэн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 50 дугаар эсэргүүцлийг үндэслэн Г.д холбогдох эрүүгийн хххх дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

 Яллагдагч Г. нь ххххы өдөр Хххх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хххх” нэртэй зочид буудалд "хоногоор биеэ үнэлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “Хххх” банкны хххх тоот дансаар дамжуулан 400.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хххх дүүргийн прокурорын газар: Г.гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Хххх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Хавтаст хэрэгт хохирогч П.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн эмэгтэй энэ танай эхнэр чинь мөн үү гээд өөрийнхөө утсан дээрээс харуулсан ба манай эхнэрийн фейсбүүк хаяг мөн байсан. Тэгсэн чинь манай эхнэр лүү баахан чат явуулчихсан байсан. Тэгээд мөнгийг чинь одоо өгч чадахгүй өөр хүн рүү шилжүүлчихсэн, та хоёртой унтахгүй, хамт хонохгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг авагдсан.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно." гэж зааснаар хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт тус тус дурдсан хэргийн үйл баримт тухайн цаг хугацаанд болсон эсэх асуудлыг тодруулах нь зүйтэй байна. Тухайлбал, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокуророос дээр дурдсан үйл баримтын талаар тодруулахад тодорхой тайлбарыг гаргасан боловч хохирогчоос мэдүүлсэн үйл баримтад мөрдөн шалгах ажиллагааг явуулсан талаар баримт хэрэгт авагдаагүй байх ба прокуророос мөн дээрх мэдүүлэгт дурдсантай холбоотойгоор хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул дурдсан асуудалд хэргийн үйл баримтыг тогтоож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагатай ба “Заналхийлэх” гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

Иймд тус шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокурорын гаргасан “...Эхнэр лүү чат бичсэн тухайд хэрэгт баримтууд авагдсан, харин тус асуудалд анхнаасаа мөнгийг нь буцааж өгөх зорилгогүй, залилах санаа сэдэл зорилготой байсан гэх байдлаар хууль зүйн дүгнэлт хийсэн...” гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэлх хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэх боломжгүй. Тухайлбал, хуулийн дээрх зохицуулалтад мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт хуульд заасан журмыг зөрчсөн, эсхүл хэргийн оролцогчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрхийг хязгаарласан, түүнчлэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх бол гэж хуульчилсан ба шүүх мөрдөх ажиллагаа явуулахгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасантай нийцэхгүй.

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэмт хэргийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход мөрдөгч, прокурор нотлох үүрэг хүлээж, хуульд заасан бүх арга хэмжээг авч, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоодог тул хуулийн дээрх зохицуулалтаар мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг нэг мөр шалгах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг хийлгэхээр яллагдагч Г.д холбогдох эрүүгийн хххх дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Хххх дүүргийн ххх газарт буцааж, хэргийг прокурорт очтол Г.д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

 Прокурор Ж.Цээрүүгүндүү эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...эрүүгийн хххх дугаартай хэрэгт яллагдагч Г.г залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 805 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Хххх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг ххх өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд:

Шүүгчийн захирамжид “Яллагдагч Г.д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно." гэж зааснаар хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт тус тус дурдсан хэргийн үйл баримт тухайн цаг хугацаанд болсон эсэх асуудлыг тодруулах нь зүйтэй байна... нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулах шаардлагатай ба "Заналхийлэх” гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан хххх дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч танилцаад, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангасан буюу Заналхийлэх гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэх үндэслэлд дүгнэлт хийвэл: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд Заналхийлэх гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ. Заналхийлэх гэмт хэрэг нь гэмт этгээд бусдаар өөрийн хүсэл зоригт нийцсэн тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл тухайн хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн идэвхтэй үйлдэл хийсэн үеэс төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн гэж бусдаар өөрт ашигтай тодорхой үйлдэл хийлгэх, эсхүл хийлгэхгүй байх зорилгоор хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй эрхэд халдах, хувийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг хязгаарлах... эрх, эрх чөлөөг нь хязгаарлана гэж биеийн болон сэтгэл зүйн хүчирхийлэл, сүрдүүлэг хэрэглэснийг ойлгоно. Бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардсан байх шинж нь энэ гэмт хэргийн заавал байх шинж бөгөөд заналхийлэхдээ бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж сүрдүүлсэн үйлдэл, хүчирхийлэлийг хэрэгжүүлсэн эсэхээс үл хамаарч заналхийлэх гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзнэ. Хавтаст хэрэгт цугларсан хохирогч П.Л, яллагдагч Г. нарын мэдүүлгээр заналхийлэх гэмт хэргийн заавал байх шинж болох бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардсан нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан болно. Баянгол, Хан-Уул, Хххх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хххх өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд ххх дугаартай захирамжаар заналхийлэх гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Шүүгчийн захирамжид заасан заналхийлэх гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах дүгнэлт нь урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцсэн болон хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж байна. Иймд анхан шатны шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байх тул Баянгол, Хан-Уул, Хххх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд ххх дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг хэлэлцүүлхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив...”,

“Анхан шатны шүүхээс яллагдагч Г.гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд заасан “заналхийлэх” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах шаардлагатай байна гэж үзэж хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан. Прокурорын зүгээс Г.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэж Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч болон яллагдагчийн мэдүүлгээр яллагдагч нь тухайн цаг хугацаанд хохирогчийг ямар нэгэн тодорхой үйлдэл хийхийг шаардсан, хийхгүй байхыг мөн шаардсан үйлдэл гаргаагүй. Өөрөөр хэлбэл, түүний үйлдэлд заналхийлсэн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь болсон үйл явдлыг тодорхой мэдүүлсэн. Тодруулбал, тэрээр биеэ үнэлэгч авах үйлдэл хийхэд дуудлагын дагуу Г. ирсэн. Тухайн цаг хугацаанд хохирогч нь яллагдагч Г.гийн данс руу “хоол” гэх утгатай 400.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, яллагдагч нарын дансанд үзлэг хийхэд дээрх нөхцөл байдал тогтоогдсон. Яллагдагч нь тухайн мөнгийг хэрхэн зарцуулсан болохоо мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэгтээ дэлгэрэнгүй илэрхийлсэн. Хохирогч нь мөнгөө буцааж авмаар байна гэж яллагдагчид хэлэхэд яллагдагч нь хохирогчид хандаж “би мөнгийг чинь үрчихсэн, надад анхнаасаа биеэ үнэлэх бодол байгаагүй” гэж хэлсэн. Яллагдагч хохирогчийн мөнгийг өгөөгүйн улмаас хохирогч нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хохирогчийг цагдаад дуудлага өгөхөд яллагдагч Г. нь хохирогчид хандаж “би эхнэрийн чинь фэйсбүүк рүү чат биччихсэн” гэж хэлээд бичсэн чатаа харуулсан. Г. нь хохирогчийн эхнэр лүү бичсэн чатаа хохирогчид харуулсан болохоос ямар нэгэн байдлаар сүрдүүлсэн, заналхийлсэн үйлдэл гаргаагүй. Өөрөөр хэлбэл “хэрэв цагдаа дуудвал эхнэр лүү чинь чат бичнэ, мөнгө өг” гэх үйлдэл гаргаагүй учир яллагдагч Г.гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлд заасан заналхийлэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна гэж үзсэн. Анхан шатны шүүхээс хэрэг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгуулах саналтай байна.” гэв.

 

Яллагдагч Г. тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирогч гэх залууг залилаагүй, харин заналхийлсэн. Хохирогч надад хандаж “...чи миний мөнгийг өгөхгүй бол цагдаа дуудна эсхүл чамайг зүгээр байлгахгүй” гэж хэлсэн. Тэр үед нь би түүнд хандаж “цагдаа дуудвал эхнэр лүү чинь чат бичнэ” гэж хэлсэн. Хохирогч цагдаад дуудлага өгсөн. Би эхнэр лүү нь чат бичсэн. Би хохирогчийн эхнэр лүү нь чат бичихдээ хуурамч фэйсбүүкээс чат бичсэн. Миний бичсэн зурвас нь “нөхөр чинь биеэ үнэлэгч авч байна” гэх агуулгатайгаар бичсэн. Би өөрийгөө залилах гэмт хэрэг үйлдээгүй. Харин заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн байх гэж үзэж байгаа...” гэв.

Яллагдагч Г.гийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, заналхийлэх гэмт хэрэг байгаа эсэхийг шалгах нь зүйтэй гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн эхнэрээс мэдүүлэг, тайлбар аваагүй гэх мэтчилэн уг хэрэгт хийгдэх ажиллагаа байна гэж харж байгаа юм. Г.г Баянгол, Баянзүрх дүүргүүдийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсэж шалгагдаж байгаа тул хэргүүдийг нэгтгүүлж шалгуулах хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор Ж.Цээрүүгүндүүгийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд яллагдагч Г.д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

            Анхан шатны шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэмт хэргийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход мөрдөгч, прокурор нотлох үүрэг хүлээж, хуульд заасан бүх арга хэмжээг авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоодог тул хуулийн дээрх зохицуулалтаар мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй, дээр дурдсан нөхцөл байдлыг нэг мөр шалгах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж дүгнэсэн нь зөв байна.

            Эрүүгийн хуульд заасан мөрдөгч, прокурор ... хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад ач холбогдолтой гэж үзнэ.

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Лаас “...тухайн эмэгтэй “энэ танай эхнэр чинь мөн үү” гээд өөрийнхөө утсан дээрээс харуулсан ба манай эхнэрийн фейсбүүк хаяг мөн байсан. ... манай эхнэр лүү баахан чат явуулсан байсан. Тэгээд “мөнгийг чинь одоо өгч чадахгүй, өөр хүн рүү шилжүүлчихсэн, та хоёртой унтахгүй, хамт хонохгүй” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг өгсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангах эсэх, нотолгооны зүйлсийг бүрэн нотлосон эсэхийг мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн дүгнэлт хийх нь хэргийн зүйлчлэлд ач холбогдолтой болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хххха, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, хэн үйлдсэн, “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг нотолбол зохих байдлын хүрээнд яллагдагч Г. нь хохирогчийг заналхийлсэн гэх үйл баримтыг тодруулж бүрэн шалгах шаардлагатай гэж үзлээ. 

Иймд прокурор Ж.Цээрүүгүндүүгийн бичсэн “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах...” тухай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Хххх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЗ/5874 дүгээр захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Хххх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШЗ/5874 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ж.Цээрүүгүндүүгийн бичсэн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 50 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол Г.д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                      Д.МӨНХӨӨ

 

                                                        ШҮҮГЧ                                      С.БОЛОРТУЯА

 

                                                       ШҮҮГЧ                                       Н.БААСАНБАТ