| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацаг Баасанбат |
| Хэргийн индекс | 2510000000303 |
| Дугаар | 2026/ДШМ/02 |
| Огноо | 2025-12-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2026/ДШМ/02
2025 12 23 2026/ДШМ/02
Х.Эт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Нансалмаа,
шүүгдэгч Х.Эын өмгөөлөгч У.Батцэцэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Э нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/2396 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Хашбаатарын бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 42 дугаар эсэргүүцлийг үндэслэн Х.Эт холбогдох эрүүгийн хххх дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
х
Өсвөр насны шүүгдэгч Х.Э нь ххх сарын хооронд фейсбүүк цахим орчинд "...Заал түрээсэлнэ...” гэсэн хуурамч зарыг байршуулан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нийт 44 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 2.325.000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газар: Х.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч ххх Эыг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр "Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эт 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эт оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эоос нийт 300.000 төгрөгийг гаргуулж,
- хохирогч Б.Эд 50.000 төгрөг,
- хохирогч О.Эд 60.000 төгрөг,
- хохирогч А.Эод 60.000 төгрөг,
-хохирогч Л.Эд 20.000 төгрөг,
- хохирогч П.Эд 60.000 төгрөг,
- хохирогч О.Эд 50.000 төгрөгийг тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.Э цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор Ц.Хашбаатар эсэргүүцэлдээ: “...Хан-Уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Хашбаатар би, эрүүгийн ххх дугаартай, шүүгдэгч Х.Эт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцлаа. ... шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно. 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо, нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр хуульчилжээ. Шүүгдэгч Х.Э нь хохирол төлбөрөөс нэр бүхий хохирогч нарт 2,025,000 төлбөрийг төлж барагдуулсан ба үлдэгдэл 300,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийг ялаас чөлөөлсөн нь хууль зүйн хувьд алдаатай, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал, хууль тогтоогч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалтыг хуульчлахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо "нөхөн төлсөн бол", "нөхөн төлөхөө илэрхийлсэн бол" гэсэн хоёр өөр нөхцөлийг хуульчилж, үүнээс үүдэн гарах хуулийн хэрэглээг өөр өөр байдлаар тусгажээ. Гэтэл анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа “нөхөн төлсөн” гэсэн нөхцөлтэйгөөр хэрэглэх “ялаас чөлөөлөх” шийдвэрийг гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлд хамаарч байна. Иймд шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор оролцоно...” гэжээ.
Прокурор Т.Нансалмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор Ц.Хашбаатарын бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 42 дугаар эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцоно. Эсэргүүцлийн хууль зүйн үндэслэл нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс шүүгдэгч Х.Эт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Х.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцож, 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялаас чөлөөлж шийдвэрлэсэн шийдвэр нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хохирлыг төлсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр хуульчилсан. Шүүгдэгч Х.Э нь хохирол төлбөрөөс нэр бүхий хохирогч нарт 2,025,000 төлбөрийг төлж барагдуулсан ба үлдэгдэл 300,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг журамлан шүүгдэгчийг ялаас чөлөөлсөн нь хууль зүйн хувьд алдаатай, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/2396 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэх дүгнэлтийг давж заалдах шатны шүүхэд гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч Х.Эын өмгөөлөгч У.Батцэцэг тус шүүхэд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Х.Э анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо гэм бурууг хүлээн зөвшөөрч оролцдог бөгөөд хохирогч нарт хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Үлдсэн 6 хохирогчийн данс зөрүүтэй болон утасны дугаар холбогдох боломжгүй байсны улмаас хохирлыг төлж чадаагүй байсан хэдий ч шийтгэх тогтоол гарсны дараа буюу ххх үлдсэн зургаан хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан. Түүнчлэн хувийн байдлын хувьд өсвөр насандаа анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Эцэг, эх нь хөгжлийн бэрхшээлтэй. Хавтаст хэргийн 63, 64 дүгээр хуудсанд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор “ххх нар нь ам бүл 6, хөгжлийн бэрхшээлтэй иргэн” болохыг тодорхойлсон тодорхойлолт авагдсан. Шүүгдэгч нь айлын том хүү юм. хххх хэлний “ххх төвд суралцдаг. Хавтаст хэргийн 180 дугаар хуудсанд хххх төвийн тодорхойлолт байгаа. Мөн хххх өдрөөс эхлэн ххх улсад тэтгэлэгт хамрагдах хөтөлбөрт суралцаж байгаа талаарх тодорхойлолт 4 дүгээр хавтаст хэргийн 180 дугаар хуудсанд авагдсан. Иймд Х.Эын ххх улсад суралцах хүсэл мөрөөдөл болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзаж үзэж, мөн эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхээр заасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дээд шатны прокурор Ц.Хашбаатарын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Х.Эт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчил тогтоогдлоо.
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн бөгөөд аливаа хууль Үндсэн хуульд захирагдах, хүний жам ёсны эрх, эрх чөлөө, хууль зүйн тэгш байдлыг хүлээн зөвшөөрч хуулиар бэхжүүлэн хангах, хуулийг бүх нийтээр хүчин төгөлдөр дагаж мөрдөх, төрийн байгууллагууд хуулийг гуйвалтгүй, нэг мөр биелүүлэх, зөв хэрэглэх нь хууль дээдлэх зарчмын агуулга болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж хуульчилсан.
Дээрх зохицуулалтуудаас дүгнэхэд, Монгол Улсад шүүх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлж буй шүүх байгууллага нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх хүрээнд хуульд нийцсэн шийдвэр гаргахын тулд үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг хатуу удирдлага болгох үүрэгтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ба гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон хүнд тухайн гэмт хэрэгт Эрүүгийн хуулиар тогтоосон ялын хүрээнд тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа хэргийн нийгмийн хор аюулын хэм хэмжээ, шинж чанар, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой зөв дүгнэлт хийсэн байх ёстой.
Анхан шатны шүүх Х.Эыг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр "Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эт 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эт оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт атал анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Х.Эт ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлж, ... Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Х.Эоос нийт 300.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Эд 50.000 төгрөг, хохирогч О.Эд 60.000 төгрөг, хохирогч А.Эод 60.000 төгрөг, хохирогч Л.Эд 20.000 төгрөг, хохирогч П.Эд 60.000 төгрөг, хохирогч О.Эд 50.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэсэн нь эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлд хамаарна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Эыг 300.000 төгрөгийг төлж барагдуулаагүй үйлдлийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэх нь хууль зүйн үндэслэлгүй хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Мөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, хэсэг нь дотроо 5 заалтад хуваагддаг ба анхан шатны шүүхээс аль хэсэг, заалтыг баримтласан эсэх нь тодорхойгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байх тул дээд шатны прокурор Ц.Хашбаатарын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Х.Эт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Тус шүүх хуралдааны тэмдэглэл нь үг, үсэг утга, найруулгын хувьд хууль ёсны шаардлага хангаагүй болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/2396 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурор Ц.Хашбаатарын бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 42 дугаар эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Шүүгдэгч Х.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ С.Э
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ