| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Хосбаяр |
| Хэргийн индекс | 171/2024/0484/Э |
| Дугаар | 2025/ДШМ/67 |
| Огноо | 2025-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/67
2025 12 11 2025/ДШМ/67
О.Тнарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Т.Д
Шүүгдэгч Э.Г, Д.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О, Н.М, Б.Б
Нарийн бичгийн дарга Б.Маралмаа нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 437 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Э.О, Д.Б нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлээр Э.О, Ө.М, Б.Б, О.О, О.Т, Д.Б, Э.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овогт Э-н О, Монгол улсын иргэн,
И овогт Ө-н М, Монгол улсын иргэн,
Б овогт Б-н Б, Монгол улсын иргэн,.
Ш овогт О-н О, Монгол улсын иргэн,
М овогт О-н Т, Монгол улсын иргэн,
Б овогт Д-н Б, Монгол улсын иргэн,
Б овогт Э-н Г, Монгол улсын иргэн,
Ө.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 02-наас 03-нд шилжих шөнө аймгийн сум багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” худалдааны төвийн урд хохирогч Э.Гийг "... эмэгтэй хүн цохилоо” гэж уурлан нүүрэн хэсэгт цохиж эрүүл мэндэд нь ... духанд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
О.О, Б.Б, Э.О нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 02- 03-нд шилжих шөнө аймгийн сум багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” худалдааны төвийн урд хохирогч Д.Б, О.Т нарыг “... хэлсэн үг дуурайж хэлж доромжиллоо, юу гээд байсан бэ тагтаануудаа” гэж зодож, хохирогч Д.Бгийн эрүүл мэндэд “ ... баруун шагайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол, хохирогч О.Тын эрүүл мэндэд “...зулайн хуйхны үсний халцрал, цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт, бугалга, гуянд цус хуралт, эрүү, шанааны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Э.Г, О.Т, Д.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө аймгийн сум багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” худалдааны төвийн урд хохирогч Э.О-г зодож эрүүл мэндэд “хамрын таславчийн мурийлт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, 2 гуянд цус хуралт, зүүн гарын сарвуу, 2 өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол,
Э.Г, Д.Б нар бүлэглэн хохирогч О.Ог зодож эрүүл мэндэд нь “зүүн гарын 4-р хурууны хумсны уналт,баруун шуу, зүүн өндөгт зулгаралт, баруун өгзөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос:
Ө.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
О.О, Э.О, Б.Б, О.Т, Э.Г, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч Б овогт Д-н Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овогт Э-н Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч И овогт Ө-н Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Ш овогт О-н Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Т овогт Э-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овогт Б-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч М овогт О-н Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Мыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Э.Г, Э.О, О.О, Б.Б, О.Тнарыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Э.Г, Ө.М, Э.О, О.О, Б.Б, О.Тнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч, хохирогч Д.Б, Э.Г, Э.О, О.О, О.Тнар гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой баримтаа, шүүгдэгч, хохирогч Э.О ажилгүй байсан хугацааны цалин болон эрүүл мэнддээ эмчилгээ хийлгэсэн баримтаа тус тус бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,
хэргийн хамт ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б, Э.Г, Ө.М, Э.О, О.О, Б.Б О.Тнар цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.О давж заалдах гомдолдоо:
“ ... Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байсан, эмчилгээний болон бусад зардал төлсөн баримт е-баримтуудад нэхэмжлэлийг шийдвэрлэхэд хангалтгүй, ойлгомжгүй, эргэлзээтэй нотлох баримтууд дутуу гэж үзэх үндэслэл байхгүй бөгөөд энэ баримтаас өөрөөр ямар баримт нэхээд шаардаад байгаа нь тодорхойгүй байна. Миний хувьд хамраа гэмтээж хагалгаанд орсон талаарх баримтаа хавтаст хэрэгт хавсаргасан бөгөөд хохирол учирсан байхад эргэлзээтэй гэж үзэж байгаад гомдолтой байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр 24-ний 437 дугаартай шийтгэх тогтоолд нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж гэм буруутай этгээдээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.
Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдолдоо:
“... Шүүгдэгч Э.О нь 1 хх 77 ... намайг өндөр цагаан куртиктай эмэгтэй дух нүүр лүү хоёр гурван удаа цохиж аваад газар унагаад чирсэн гэх мэдүүлэг,
1хх 80 ... Цагаан өнгийн куртиктай хүнээс өөр хүн таныг цохьсон уу гэхэд ...би зодуулж байсан учраас бусдыг анзаараагүй, Мэдэхгүй байна ... гэх мэдүүлэг 1 хх 98 дахин мэдүүлэг өгөхдөө ... биед учирсан гэмтлийг хэн учруулсан талаар мэдүүлэхдээ ... өндөр биетэй цагаан куртик өмссөн хүүхэн дух руу гараараа хоёр удаа цохиж, авсан. Үснээс чирээд газар би унасан. Өөр хэн нэгэн намайг цохиж зодоогүй ... гэх мэдүүлгийг удаа дараа өгч байсан. Уг баримтыг анхаарч үзэлгүй намайг гэм буруутай гэж тооцсон нь үндэслэлгүй.
О.Огийн тухайд ... шүүх хуралдаан дээр Б над руу гараа далайж цохих гэж оролдсон. Цохиогүй, миний чих хэсэг рүү шүргээд өнгөрсөн. Энэ үед ээмэг унасан байх гэх ойлгомжгүй мэдүүлгийг өгсөн ба ... түүнийг цохиогүй болохыг мэдүүлсэн байхад намайг буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Мөн сэтгэцэд учирсан хохирлыг гаргахгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/107 тоот шийтгэх тогтоолын Д.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү ...” гэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
“ ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйл Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг шийтгэх тогтоолд нэг бүрчлэн тусгахаар хуульчилсан.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ шүүгдэгч О.О, Б.Б, Э.О нарыг үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хохирогч Д.Б, О.Тнарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Г, О.Т, Д.Б нарыг үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хохирогч Э.О-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Г, Д.Б нарыг үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хохирогч О.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч О.О, Б.Б, Э.О, Э.Г, Д.Б нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь хэсэгт заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх шинжийг тусгалгүй орхигдуулсан байна.
Иймд шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/437 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэххэсэгтзаасныгбаримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив ...” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.Г тайлбартаа: ... Эхнэртэйгээ нийлж хүн зодож бүлэглэж дайрсан зүйл байхгүй ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Б тайлбартаа: ... О.Оюун-Эрдэнийн биед би халдаагүй ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О тайлбартаа: ... Д.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: ... шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулуулахаар эсэргүүцэл гаргасан ... гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.О, Д.Б нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ө.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 02-наас 03-нд шилжих шөнө аймгийн сум багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” худалдааны төвийн урд Э.Гийг "... эмэгтэй хүн цохилоо” гэж уурлан, нүүрэн хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн тухайн үед шүүгдэгч О.О, Б.Б, Э.О нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, тухайн үед хохирогч Д.Б, О.Тнарыг “ ... хэлсэн үг дуурайж хэлж доромжиллоо, юу гээд байсан бэ тагтаануудаа ” гэж зодож, Д.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, О.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан,
шүүгдэгч Э.Г, О.Т, Д.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн, Э.Оюун-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, шүүгдэгч Э.Г, Д.Б нар нь бүлэглэн О.Ог зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр хэргийн үйл баримтыг тогтоож,
шүүгдэгч Ө.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Б, Э.Г, О.О, Э.О, Б.Б, О.Тнарыг үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, тэдэнд ял хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Д.Б “ ... би зодоогүй ..., цагаатгаж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл
Э.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр анх гэрчээр “... цагаан өнгийн куртиктэй өндөр биетэй эмэгтэй хүн миний дух руу гараараа хоёр удаа цохиж авсан. Үснээс чирээд газар би унасан. Өөр хэн нэгэн намайг цохиж зодоогүй ...” гэж,
2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хохирогчоор “...өндөр цагаан куртиктэй хүүхэн миний дух, нүүр рүү хоёр гурван удаа цохиж аваад үсдээд газар унагааж чирсэн ...” гэж,
2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хохирогчоор дахин мэдүүлэхдээ “...өндөр цагаан шаргал өнгийн куртиктэй эмэгтэй хүн намайг зодсон. Машинаас бууж очиход гараараа нүүр хэсэг рүү хоёр гурван удаа цохиж авсан. Хоёр гурван удаа угсарч угз татсан тэгж байхдаа хөл рүү өшиглөж толгой руу цохисон. Тэгээд үсдэж дараад газар унагаасан. Газар унасны дараа үснээс чирсэн ...” гэж,
О.О нь хэргийн үйл баримтын талаар 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэрчээр “... О-г өндөр цагаан куртиктэй эмэгтэй үснээс нь чирээд газар унагаачихсан байсан ... гэж тус тус мэдүүлсэн байх боловч
анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.О “...намайг анх цохисон хүн Т байсан ..., доошоо чирээд унахад 2, 3 хүн өшиглөөд цохисон. Э.Г, Д.Б хоёр байсан ... бичлэг дээр харагдаж байгаа, намайг унасан хойно олуулаа бөөгнөрөөд цохиж зодоод өшиглөөд байгаа . О.Т, Д.Б, Э.Г гурав ... ” гэж,
мөн шүүгдэгч О.О “ ... Д.Б миний нүүрний зүүн тал руу гар хүрсэн ... Б цохиод нөхөр нь араас хойш нь татаж унагасан ...” гэж,
шүүгдэгч Д.Б “ ... би О-г нэг удаа цохиж авсан, гэхдээ хальт цохигдсон, мэдүүлэг дээр байгаа ... ” гэж,
шүүгдэгч О.Т“ ... салгах гэж очоод Э.О-н биед би ч хүрсэн, Э.Г ч хүрсэн, Д.Б ч хүрсэн ... нэгнийгээ салгаж авахын тулд мэдээж хүн болгоны гар хөдөлж байсан .... ” тус тус мэдүүлсэн байна.
Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн Э.О, О.О нарын мэдүүлгүүд нь шинжээчийн 858 дугаартай “ ... Э.О-н биед хамрын таславчийн мурийлт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, хоёр гуянд цус хуралт, зүүн гарын сарвуу, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт,
Шинжээчийн 899 дугаартай “...О.Огийн биед зүүн гарын дөрөвдүгээр хурууны хумсны уналт, баруун шуу, зүүн өвдөгт зулгаралт, баруун өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо ..., гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” гэсэн дүгнэлтүүдээр давхар нотлогдсон байна.
Өөрөөр хэлбэл дээрх дүгнэлтүүдээр Э.О, О.О нарын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн болох нь тогтоогджээ.
Гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон тохиолдолд гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж ойлгох бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Д.Бг бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж үзвэл шүүгдэгч Д.Бг тухайн гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Мөн шүүгдэгч Э.О “… хохирлыг бүрэн шийдвэрлэх боломжтой байсан, эмчилгээний болон бусад зардал төлсөн баримт е-баримтуудад нэхэмжлэлийг шийдвэрлэхэд хангалтгүй, ойлгомжгүй, эргэлзээтэй нотлох баримтууд дутуу гэж үзэх үндэслэл байхгүй ...” гэсэн давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд
хавтаст хэрэгт Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас авагдсан, түүний өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд 2.700.000 төгрөгийг “Сайн сайхан медикал” ХХК-ны дансанд төлсөн баримтыг Э.О-н дансны хуулгын хамт ирүүлсэн боловч
Монгол улсын Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан Амбулатори поликлиникт хөтлөгдөх анхан шатны баримт болох тухайн эмнэлгийн эмчийн үзлэг, мэс засал хийсэн эмчийн мэс заслын тэмдэглэл, Э.О-н өвчний түүх, Эмнэлгийн магадлагаа гэх зэрэг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд анхан шатны шүүх Э.О-н нэхэмжилсэн нэхэмжлэлд хавсаргасан баримтууд нь нэхэмжлэлийг шийдвэрлэхэд хангалтгүй, ойлгомжгүй, эргэлзээтэй нотлох баримтууд дутуу гэсэн үндэслэлээр хэлэлцэхгүй орхисныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн прокуророос “ ... шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч О.О, Б.Б, Э.О, Э.Г, Д.Б нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь хэсэгт заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх шинжийг тусгалгүй орхигдуулсан... “ гэсэн эсэргүүцлийн тухайд
прокурор яллах дүгнэлтдээ тухайн зүйл, хэсэгт заасан “хоёр, түүнээс олон хүнийг”, “бүлэглэн” гэх хүндрүүлэх шинжийг хамтатган заагаагүйгээс гадна анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж хэргийн үйл баримтыг тогтоосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.О, шүүгдэгч Д.Б нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 437 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.О, шүүгдэгч Д.Б нарын давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР