| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 312/2025/0284/Э |
| Дугаар | 2025/ДШМ/68 |
| Огноо | 2025-12-11 |
| Зүйл хэсэг | 20.14.2., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/68
2025 12 11 2025/ДШМ/68
Ш.Эт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Л.Э
Шүүгдэгч Ш.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д, Ц.Э
Хохирогчийн хууль ёсны төлөлөөгч Н.М
Нарийн бичгийн дарга Б.Маралмаа нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 453 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э-н давж заалдах гомдол болон дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ш.Эт холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч овогт Ш-н Э, Монгол Улсын иргэн,
Ш.Э нь аймгийн сумын баг тоотод үйл ажиллагаа явуулах бүртгэлтэй “А” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд аймгийн сумын баг гудамжны зүүн талд,
2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд аймгийн сумын баг тоотод тус тус аймгийн Эрүүл мэндийн газрын зохих зөвшөөрөлгүйгээр, эм, эмийн түүхий эд, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг худалдаж “Г” эмийн сангийн үйл ажиллагаа явуулсан,
мөн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах” гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй байж 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах” гэрээ байгуулж, улсад их хэмжээний буюу 96.103.483 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Ш.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч Ч овогт Ш-н Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эийг 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Хохирогч байгууллага нь гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирлын баримтуудаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э давж заалдах гомдолдоо:
“ ... Тусгай зөвшөөрөлгүйгээр эмийн сангийн үйл ажиллагааг ямар ч байгууллага явуулахгүй, тэгэхээр гэмт хэрэг гарсан, нотлобол зохих байдал хэрхэн нотлогдсон, гэмт хэрэг хэзээ, хаана гарсан гэдгийг заавал нотлон тогтоох шаардлагатай.
Тусгай зөвшөөрлийг захиргааны байгууллагын санаачилгаар түдгэлзүүлсэн. Түдгэлзүүлсэн 3 сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын санг хохироож, мөн тусгай зөвшөөрлийг цуцалсны дараа хохироосон гэж үзсэн. Тэгэхээр энэ гэмт санаа зорилгыг заавал тогтоож байж гэмт хэрэг мөн эсэх гэмт хэргийн шинж байгаа эсэх дээр яригдана.
Хавтаст хэрэгт Ш.Эийн гаргасан түдгэлзүүлэх хүсэлт байхгүй байна, хүсэлт байхгүй учраас энэ гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтад мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасан.
Эрүүл мэндийн газар үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг мэдэгдсэн гэдэг ба мэдэгдсэн баримт хаана байгааг мэдэхгүй байсан гэсэн тайлбарыг хийж байна, Эрүүл мэндийн газраас 3 нотлох баримт ирсэн, 2023 оны 06 дугаар өдрийн 79 дугаартай тушаал мөн Эрүүл мэндийн газрын дарга М-н тодорхойлолт гэсэн баримтууд ирсэн эдгээр баримтуудаар буруутгаж байгаа.
Тусгай зөвшөөрлийг н.Э-д олгосон, Ш.Э Эрүүл мэндийн даатгалын сантай гэрээ хийсэн. 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээн дээр яагаад ажиллагаа хийгээгүй юм бэ?. Ш.Эийг дуудаж баримтад гарын үсэг зуруулж гардуулж өгсөн талаар баримтыг архивын баримттай хамт гаргаж өгч байж нотлох шаардлагатай.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд зааснаар “3ахиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг гаргуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн шууд ур дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захиргааны захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Тэгвэл захиргааны актыг сонсгох боломж байхгүй, нийтийн эрх ашигт хортой биш бол сонсох ажиллагааг шууд хийнэ гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар захиргааны актыг мэдэгдэх үүрэг захиргааны эрх бүхий албан тушаалтанд байгаа, тэгэхээр тусгай зөвшөөрлийг цуцалсан гэдгийг мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй байна.
Тухайн захиргааны актыг н.Э-д танилцуулаад хариу мэдэгдэл ирээгүй тохиолдолд хэрэг үүсгэх боломжтой юм. Тухайн хүсэлт байсан бол маргах зүйлгүй. Тиймээс хэрэгт Ш.Эийн үйлдэл тогтоогдоогүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар цагаатгах боломжтой гэж үзэж байна. Эрүүл мэндийн даатгалын санг төлөөлж хяналт шалгалт хийсэн мэргэжилтэн төлөөлж шүүх хуралдаанд орж ирсэн гэхдээ асуусан асуултад хариулж чадахгүй байна. Тийм учраас хэрэгт эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байгаа учраас түүнд ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. Хэрэгт хангалттай түүнийг буруутгах нотлох баримт тогтоогдохгүй бол ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэв.
Энэ хүний үйл ажиллагаагаа түдгэлзүүлэхээр гаргасан хүсэлт чухал нотлох баримт болно. Ш.Эээс үйл ажиллагааг түдгэлзүүлэх талаар гаргасан хүсэлтийг үндэслэж мөрдөгч прокурор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй бол цагаатгах ёстой, дандаа яллах талын байр суурьнаас хандсан. Шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6 дэх зүйлд зааснаар хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно гэж заасныг зөрчжээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т заасан хэргийн нотолбол зохих байдал нотлогдохгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан дээр санал дүгнэлтээ гаргаагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутай гэхэд эргэлзээ төрж байх тул гэм буруутайд тооцох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд тодорхойлох хэсэгт тусгах хуулийн шаардлагыг хангаагүй байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 453 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож Ш.Эийг цагаатгаж өгнө үү ...” гэжээ.
Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:
“ ... Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор “... Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй. Хохирогч байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын санд 96.103.483 төгрөгийн хохирол учирсныг нотолж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Б, "А" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ш.Э нарын хооронд байгуулагдсан 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан дугаартай, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан дугаартай "Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ" бүхий 36 хуудас нотлох баримт гаргаж хэрэгт хавсаргуулснаас гадна "А" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шинжээчийн 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай дүгнэлт 2 дахь хавтаст хэргийн 53-57 дахь талд авагдсан байна.
Шүүх хохирол төлбөртэй холбоотой баримтуудыг шинжпэн судлахад тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт байгаа хэдий ч дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримтууд учир дутагдалтай, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Б, "А" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ш.Э нарын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан дугаартай, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан дугаартай "Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээнд "А" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн тамга дарагдсан хэдий ч гэрээний нэг тал болох Х.Э-ы гарын үсэг илтэд зөрөөтэй, хоёр өөрөөр зурагдсан, Х.Э өөрөө гарын үсэг зурсан эсэх нь эргэлзээтэй байдал үүсгэж, шүүх хохирол төлбөрийг шийдвэрлэх боломжгүй болсон ...” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжпэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.
Шүүхийн дээрх шийдвэр нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байна. Тодруулбал, хяналтын прокуророос Ш.Эийг үргэлжилсэн үйлдлээр эм, эмийн түүхий эд, биобэлдмэл худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулж, их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн атлаа гэмт хэргийг хохирлын хэмжээгээр хүндрүүлэн зүйлчлэлгүй буруу зүйлчилж, шүүхэд шилжүүлсэн байх ба шүүхээс хэргийн бодит байдалд нийцээгүй зүйлчлэлийг зөвтгөлгүйгээр прокурорын зүйлчлэл тохирсон гэж дүгнэн, “Хууль бусаар эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх” гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу материаллаг бүрэлдэхүүн болох “Их хэмжээний хохирол”-ыг тусад нь дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулжээ.
Мөн шүүхээс зүйлчлэл тохироогүй нөхцөл байдлыг буюу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, ... шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлд хамаарч байна гэж үзлээ.
Дээрх үндэслэлүүдээр шүүгчийн шийдвэрт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгэх нь зүйтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/453 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив ... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ш.Э тайлбартаа: ... ийм хэрэг хийнэ гэсэн санаа байгаагүй ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д тайлбартаа: ... Өмгөөлөгч Ц.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э тайлбартаа: ... шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М тайлбартаа: ... тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж даатгалын санг хохироосон ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: ... анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ш.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч Ч овогт Ш-н Эийг “үргэлжилсэн үйлдлээр, эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч түүний өмгөөлөгч Ц.Э давж заалдах гомдол, дээд шатны прокурор Б.Б эсэргүүцэл тус тус гаргажээ.
Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдол, эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.
аймгийн сумын баг, зүүн жигүүрт эмийн бөөний болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “А” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн “Г” 1 дүгээр зэрэглэлийн эмийн сангийн үйл ажиллагааг аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай тушаалын 4 дүгээр хавсралтаар 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн,
мөн аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай тушаалаар үйл ажиллагааг цуцалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Мөн дээрхи тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн Бодлого төлөвлөлт хууль эрх зүй, тусгай зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтэн /Б.У/-д даалгажээ.
Монгол улсын Зөвшөөрлийн тухай хууль 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн бөгөөд уг хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ... зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, зөвшөөрлийг сэргээлгэх тухай хүсэлт ирүүлээгүй нь зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болохоор тусгасан байна.
Гэтэл зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд буюу 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “А” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.С-д хүсэлт гаргаж байсан /хх 186/ боловч уг хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Түүнээс гадна дээрх хуулийн 6.3 дугаар зүйлд Зөвшөөрлийг хүчингүй болгох журмын талаар тусгасан бөгөөд эрх бүхий этгээд зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл байгаа тухай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэж, мэдэгдлийг хүргүүлсэн он, сар, өдрийг тэмдэглэлд тусгана ...,
... мэдэгдлийг хүлээн авснаас хойш зөвшөөрөл эзэмшигч 30 хоногийн дотор зөвшөөрлийг нь хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбар, холбогдох баримт бичгийг эрх бүхий этгээдэд ирүүлээгүй бол уг хугацаа дууссанаас хойш ажлын 10 өдрийн дотор зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэнэ...,
... Зөвшөөрөл эзэмшигч дээрх хугацаанд тайлбар өгөөгүй, мэдэгдэлд гомдол гаргаагүй бол зөвшөөрөл хүчингүй болгох үндэслэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно ...,
... Эрх бүхий этгээд зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд ... мэдэгдэхээр тус тус хуульчилжээ.
Гэтэл эрх бүхий этгээд нь хуульд заасан дээрх журмын дагуу “А” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ш.Эт ... зөвшөөрлийг хүчингүй болгох талаар урьдчилан мэдэгдэж мэдэгдэл хүргүүлсэн эсэх, энэ талаар холбогдох тэмдэглэлд тусгасан эсэх, мөн харьяалах Татварын албанд зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, цуцалсан талаараа хуульд заасан хугацааны дотор мэдэгдсэн эсэх, мэдэгдсэн бол хэдийд, хэрхэн мэдэгдсэн талаар шалгаж тогтоох ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй байна.
Хэдийгээр хавтаст хэрэгт аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газрын дарга Ц.М-н 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай “ ... Г эмийн сангаас ... түдгэлзүүлж өгөх албан хүсэлтийг ирүүлсэн ..., Ш.Э ирж түдгэлзүүлсэн тушаалтай танилцаж мэдэгдсэн ..., тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон мэдээллийг хүргүүлсэн ... ” гэсэн албан бичиг,
аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.С-н 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай “А” хязгаарлагдмал хариуцлагатай компанид хүргүүлсэн гэх албан бичиг тус тус авагдсан байх боловч “Г” эмийн сангаас Эрүүл мэндийн газарт ирүүлсэн гэх хүсэлт хэрэгт авагдаагүйгээс гадна тус компанийн захирал Ш.Эт дээрх 2 тушаалыг танилцуулсан, гардуулсан гэж үзэх үндэслэл /гарын үсэг зуруулсан баримт байхгүй/ тогтоогдохгүй байна.
Мөн шүүгдэгч Ш.Эийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах” гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй байна.
Тодруулбал: “А” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ш.Э нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах” гэрээний чухам аль хэсэгт заасан, ямар үүргээ биелүүлээгүй нь тодорхойгүй байна.
Мөн Ш.Эийг эмийн сангийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй байж 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах” гэрээ байгуулж, улсад их хэмжээний буюу 96.103.483 төгрөгийн хохирол учруулсан гэж ялласан боловч
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтан нь “Г” эмийн сангийн зөвшөөрөл хүчингүй болсноос хойшхи хугацаанд буюу 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус компанийн захиралтай байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах” гэрээ хэрэгт авагдсан байна.
Даатгуулагчийг төлөөлж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай тусламж, үйлчилгээ худалдан авах даатгалын гэрээ байгуулах, гэрээний биелэлтэд хяналт тавих, дүгнэх чиг үүрэг бүхий Эрүүл мэндийн даатгалын байгууллагын эрх бүхий албан тушаалтны буруутай үйлдэл, эс үйлдэхүй дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн эсэх, гэрээ байгуулах, хяналт тавих эрх бүхий албан тушаалтан нь бусдад хууль бусаар давуу байдал олгосон эсэх зэргийг шалгаж тогтоогоогүй байна.
Түүнээс гадна Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлд заасан эм, биобэлдмэл, худалдах ... гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнээс харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулдаг.
Хэдийгээр дээрх гэмт хэрэг нь тухайн зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн аль нэгийг хийснээр төгсөх бөгөөд хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй боловч эм, эмийн түүхий эд, биобэлдмэл ... худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсны улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилнэ.
Шүүгдэгч Ш.Эт дээрх 2 тушаалыг танилцуулсан, гардуулсан эсэхийг шалгах, зөвшөөрөл түдгэлзүүлсэн болон цуцалсаныг мэдэгдсэн өдрөөс хойшхи хугацаанд “Г” эмийн сангийн худалдсан эмийн орлогын баримттай Эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон гэх хөнгөлөлттэй эмийн тоо ширхэгийг тус бүрээр тулган шалгаж, Эрүүл мэндийн даатгалын санд түүний учруулсан хохирлын хэмжээг зөв тогтоох ажиллагаануудыг хийж гүйцэтгүүлэх нь
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5-д заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ” болон шүүгдэгчийн гэм буруугийн асуудал, хэргийн зүйлчлэл тохирсон эсэхийг тогтооход зайлшгүй ач холбогдолтой гэж үзлээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э-н гаргасан давж заалдах гомдлын “... зөвшөөрөл цуцалсан талаар Ш.Эт мэдэгдсэн эсэхийг шалгаагүй...” гэсэн хэсэг болон дээд шатны прокурорын “ ... анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй ... ” гэсэн эсэргүүцлийг тус тус хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, харин шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул өмгөөлөгч Ц.Э-н гаргасан давж заалдах гомдлын бусад хэсгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 453 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э-н давж заалдах гомдлын “...мэдэгдсэн эсэхийг шалгаагүй...” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэлэлцэхгүй орхиж, дээд шатны прокурорын “... анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй ... ” гэсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.
3. Хэргийг Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.
4. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ш.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД Б.СОСОРБАРАМ
С.УРАНЧИМЭГ