Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 172

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2019/00172

 

 

******* ХХК-ийн Орхон салбарын

нэхэмжлэлтэй, хариуцагч *******т

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2019/01282 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 7.312.917,17 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

******* ХХК-ийн Орхон салбарын захирал О.Хаянхярваагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбарын захирал О.Хаянхярваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Чинбаатар овогтой Билэгбаатар дараахь зээлийн гэрээг байгуулсан. Үүнд: 2017 оны 06 сарын 06 өдөр ЗГ4025102877 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулан 5.000.000 /Таван сая / төгрөг, 36 /Гучин зургаан/ сарын хугацаатай, сарын 2,3% /Хоёр аравны гурав / хувийн хүүтэй Цалингийн зээл хамтран зээлдэгчээр орж авсан болно. ******* нь Эрдэнэт үйлдвэр ХХК ЗМЗ-д Цахилгаанчин ажилтай ажиллаж байгаа болно. ЗГ4025102877 тоот зээл нь 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар 733 өдрийн хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 4.669.709,39 /Дөрвөн сая зургаан зуун жаран есөн мянга долоон зуун есөн төгрөг гучин есөн мөнгө/, хүү 2.627.061,18 /Хоёр сая зургаан зуун хорин долоон мянга жаран нэгэн төгрөг арван найман мөнгө/, зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 16.146,6 /Арван зургаан мянга нэг зуун дөчин зургаан төгрөг зургаан мөнгө/. Нийт 7.312.917,17 /Долоон сая гурван зуун арван хоёр мянга есөн зуун арван долоон төгрөг арван долоон мөнгө/ зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлийг буцаан дуудах хүсэлтэй байна. Ингээд нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1.2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ4025102877 дугаартай зээлийн гэрээний дагуу *******аас үндсэн зээл 4.669.709,39 төгрөг, зээлийн хүү 2.627.061,18 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 16.146,6 төгрөг, нийт 7.312.917,17 төгрөг мөн улсын тэмдэгтийн хураамж 131.956,6 төгрөг 7.444.873,84 /Долоон сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга найман зуун далан гурван мянга наян дөрвөн мөнгө/ гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

....нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлээр тайлбарлаж байна Үүнд: Нэхэмжлэгч 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхэд хандаж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байсан бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тус шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 142/ШЗ2018/04523 дугаартай захирамж хүчин төгөлдөр байна. ******* зээлдэгч биш батлан даагч учир Иргэний хуулийн 458 дугаар зүйлийг үндэслэн нэхэмжлэгч 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр БГ4025102877 дугаартай батлан даалтын гэрээ байгуулсан байх ба энэхүү гэрээний 3.4.2-т үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэжээ. Дээрх гэрээнд батлан даагч үүргийг хамтран гүйцэтгэхээр тохиролцсон тохироо байхгүй юм. Иргэний хуулийн 464 дүгээр зүйлийн 464.1.2-т үүрэг гүйцэтгэгч оршин суугаа газраа өөрчилсний улмаас түүнээс үүргийн гүйцэтгэлийг шаардахад хүндрэлтэй болсон бол батлан даагч үүргээсээ татгалзахаар хуульчилжээ. Зээлдэгч С.Золзаяа 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар Бишкек-Станбул чиглэлийн ТК-343 дугаар аяллын онгоцоор хилээр гарсан болох нь нотлогдож байгаа болно. Иймд нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2019/01282 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 242 дугаар зүйлийн 242.1.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ4025102877 дугаартай Зээл болон барьцааны гэрээг үндэслэн *******аас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 7.312.917,17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131.956,67 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбарын захирал О.Хаянхярваа давж заалдсан гомдолдоо:

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 08-ны өдрийн 142/ШШ2019/01282 тоот шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Шүүхээс шийдвэрийн үндэслэлээ ...2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ4025102877 дугаартай Зээл болон барьцааны гэрээний дагуу олгож байгаа 5.000.000 төгрөгийг ******* зээлдэгч С.Золзаяагийн *******ны 5210003599 дугаар дансанд шилжүүлсэн нъ, С.Золзаяа өөрийн цалинг барьцаалж зээл авсан нъ зээлийн гэрээ /гэрээний 4.1/ болон С.Золзаяагийн дансны хуулгаар тогтоогдож байна.

Гэрээний тохиролцоо нь ирээдүйд авах цалин, өөрийн данс, картын орлогыг барьцаалж зээл авсан С.Золзаяад хамааралтай болохоос бус гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн орлогыг барьцаалаагүй *******т хамаарах боломжгүй юм... гэж тодорхойлон Иргэний хуулийн 451.1, 242.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн *******аас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 7.312.917,17 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Дээрх үндэслэлийг гаргахдаа шүүх хууль зүйн бодит дүгнэлтийг өгч чадаагүй гэж үзэхээр байна.

Учир нь зээлдэгч ******* 2017 оны 06 сарын 02-ны өдөр *******инд зээлдэгчээр орох хүсэлтээ өгсөн. Үүний дагуу ******* болон С.Золзаяа, ******* нарын хооронд 2017 оны 06 сарын 06-ны өдөр ЗГ4025102877 тоот зээлийн гэрээ байгуулагдаж зээлдэгч нар гарын үсгээ зурж баталгаажуулсан. Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг С.Золзаяагийн цалингийн орлого, бусад дансны орлого барьцаалсан тул ганц С.Золзаяад үүрэг үүсгэсэн гэрээ мэтээр тайлбарласан байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний тохиролцоо нь зээлдэгч нар буюу С.Золзаяа, ******* нар *******наас зээл авах, төлөх, зээлийн үүргийг зохих ёсоор гүйцэтгэхгүй бол С.Золзаяа нь Иргэний хуулийн 153.1.-т заасны дагуу өөрийн цалингийн орлого болон бусад орлогоор төлнө гэдгийг батлаж барьцаалсан талуудын сайн дурын үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл юм.

Иргэн *******т дээр дурьдсан зээлийн гэрээний дагуу Иргэний хуулийн 242.2.-Т зааснаар зээлийн төлбөрийг төлөх хамтран хүлээх үүрэг үүссэн тул *******ны зүгээс зээлийн төлбөрийг Иргэний хуулийн 242.3-т заасны дагуу *******аас нэхэмжилсэн. Гэтэл Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь дээр дурьдсан нөхцөл байдлуудыг үл харгалзан үзэж зөвхөн нэг талын тайлбарыг үндэслэн дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 08-ны өдрийн 142/ШШ2019/01282 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбар нь хариуцагч *******аас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 7.312.917,17 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн зээл болон барьцааны батлан даалтын гэрээнд үндэслэн тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбар нь С.Золзаяатай 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 5.000.000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай цалин барьцаалан хамтран зээлдэгчээр *******ыг оролцуулан зээлийн гэрээ байгуулжээ.

Мөн өдөр банк *******тай БГ4025102877 тоот батлан даалтын гэрээ байгуулж 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн цалингийн зээл болон барьцааны гэрээний дагуу төлөх 5.000.000 төгрөгийн зээлийг хүүний төлбөрийн хамт гэрээгээр тогтоосон хугацаанд төлөх, тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулахыг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, үүргээ гүйцэтгүүлэхгүй бол батлан даагч өөрийн эд хөрөнгө мөнгөн хөрөнгөөр төлж барагдуулах тухай үүрэг хүлээлгэсэн байна.

******* 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээний дагуу 5.000.000 төгрөг С.Золзаяагийн тухайн банкин дахь дансанд шилжүүлсэн нь түүний цалинг барьцаалан зээл олгосон болохыг нотолсон байна.

Зээлдэгч С.Золзаяа нь 2018 оны 04 дүгээр сараас зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, Монгол улсын хилээр гадагш гарч явсан, анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүгчийн захирамжаар С.Золзаяа ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх гэрээний тохиролцоо нь ирээдүйд авах цалин, өөрийн данс, кассын орлогыг барьцаалж зээл авсан С.Золзаяад хамааралтай болохоос гэрээнд хамтран зээлдэгч гэж заагдсан боловч өөрийн орлогоо барьцаалаагүй *******т хамаарах боломжгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451, 242 дугаар зүйлүүдэд нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбарын анхан шатны шүүх зөвхөн нэг талыг барьж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үндэслэлээр давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, ******* ХХК-ийн Орхон салбарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 142/ШШ2019/01282 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбарын захирал О.Хаянхярваагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар ******* ХХК-ийн Орхон салбарын захирал О.Хаянхярваагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131.956,67 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ