Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 167

 

 

 

 

 

 

 

   2018       01          30                                            2018/ШЦТ/

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

улсын яллагч М.Хэрлэнчимэг,

нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,  

хохирогч Г.Бат-Эрдэнэ,

өсвөр насны шүүгдэгч О.З, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Н.Одонтуяа, тэдгээрийн өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт О.Зыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1706026830286 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

            Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

    

 

            Үйлдсэн хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч О.З нь бусадтай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хохирогч Б.Бат-Эрдэнийн "Цэлмэг" нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч 440.670 төгрөгний эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                          /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад өсвөр насны шүүгдэгч О.З нь хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бүлэглэн үйлдсэн болох нь:

 

Хохирогч Г.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

  "...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 00:40 цагт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Сүнжин гранд зочид буудлын хойно байх "Цэлмэг" нэртэй түрээсийн дэлгүүрээ хаагаад маргааш өглөө 08 цаг 30 минутын үед ирэхэд урд талын дотроосоо цоожилдог давхар 2 хаалга онгойсон, гаднаас эвдэж түлхэж орсон ул мөр байхгүй онгорхой байсан. Орж үзэхэд дараах эд зүйл хулгайд алдагдсан байсан. Үүнд: мерси том шоколад 1 ширхэг 18700 төгрөг, жижиг нь 3 ширхэг 31500 төгрөг, макс пан алфен голд шоколад 5 ширхэг /бөөний үнээр/ нийлээд 17400 төгрөг, паприка чой чипс 3 ширхэг /бөөний үнээр/ нийлээд 6000 төгрөг, нүдэн чихэр 5 ширхэг /бөөний үнээр/ нийлээд 13400 төгрөг, соёрхол архи 1,75 летр 1 шил /бөөний үнээр/ 33000 төгрөг, шар чингис архи /бөөний үнээр/ 1 летр 1 шил 18900 төгрөг, 0,75 летр 1 шил 15000 төгрөг, 0,5 летр 2 шил 27000 төгрөг, эвок архи /бөөний үнээр/ 1 летр 1 шил 30000 төгрөг, соёмбо архи /бөөний үнээр/ 0,75 летр 1 шил 38500 төгрөг, арвай архи /бөөний үнээр/ 0,75 летр 1 шил 8800 төгрөг, 0,5 летр 2 шил 12000 төгрөг, 0.33 летр 4 шил 17600 төгрөг, нүүдэлчин нарийн хиам 1,5 кг 8550 төгрөг /1 кг 5700 төгрөгийн үнэтэй/ зайдас /нэрийг мэдэхгүй /1,5 кг 8550 төгрөг /1 кг 5700 төгрөгийн үнэтэй/ кассын машин доторхи мөнгөний хайрцаг /марк тодорхойгүй, хар өнгийн 10 х 30 х 40 см хэмжээтэй/ кассын машинтай хамт 1 сая гаруй төгрөгийн үнэтэй, зөвхөн мөнгөний хайрцаг тусдаа 85000 төгрөг, мөнгөний хайрцагт байсан орлогын бэлэн 24970 төгрөг, жи мобайлын модемь /цагаан өнгийн жижиг зөөврийн Жи-мобайль гэсэн хэзээ авсан гэдгээ мэдэхгүй байна, 90000 төгрөгийн үнэтэй. Эдгээр эд зүйл алдагдсан байна. Байсан гэх баримтууд нь байгаа. Манайх гадна дотор хяналтын камертай боловч бичлэгийг тэр хулгайч устгасан юм шиг байна гэх мэдүүлэг /хх-ийн 27/

           

   Насанд хүрээгүй гэрч У.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            Тэмүүлэн манай хэдэн найз байгаа юм тэд нар өнөөдөр ТҮЦ ухна гэж байна чи хамт явах уу гэхээр нь би зөвшөөрч хамт явсан. Тэгээд З гэх хүүхдийнд очсон. Гэрт нь Уугантөгс, Отгонбаяр, З нар байсан. Тэмүүлэн намайг тухайн хүмүүстэй танилцуулчихаад өөрөө гэртээ харина гээд явсан. 22 цагийн үед гараад Сүнжин гранд зочид буудлын хойд талд байсан нэрийг нь мэдэхгүй дэлгүүрийн ертөнцийн зүгээр урагшаа харсан цонхыг Отгонбаяр эхэлж эвдээд З Отгонбаяр нар дотогшоо орсон. Тухайн дэлгүүрээс дандаа хүнсний зүйл авсан бөгөөд уутанд хийгээд Уугантөгс бид хоёрт өгснийг аваад байж байхад цаанаас нэг эрэгтэй хүн гарч ирээд яагаад хулгай хийгээд байгаа юм гэхээр нь айсандаа шидчихсэн. Тэгээд цаашаагаа зугтаагаад явсан. Хулгай хийх санааг З, Отгонбаяр нар гаргасан гэх мэдүүлэг /хх-иийн 47/

 

Насанд хүрээгүй гэрч Б.Уугантөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...тухайн өдөр Зын төрсөн өдөр байсан бөгөөд З Анхаа, Отгонбаяр нарын хамт явж байхад улаан хүрэн өнгийн 1 давхар дэлгүүр байсан. Урагшаа харсан төмөр сараалжин хаалттай вакум цонхыг Отгонбаяр түлхэж онгойлгоод Золбаяр төмөр сараалжний завсраар шургасаар байгаад ороод дотроос нь мерси шоколад 1 ширхэг, максфан нэртэй шоколад 5 ширхэг, чипс 3 ширхэг, том ундаа 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлсан. Тухайн үед Отгонбаяр мөнгө хэрэг болоод байна өөртөө хувцас авах хэрэгтэй байна гэж байсан бөгөөд бид нар нэг удаа тус болъё гээд дэлгүүрээс эд зүйл хулгайлсан гэх мэдүүлэг /хх-ийн 53/

 

Насанд хүрээгүй гэрч Д.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Золбаяр дэлгүүрийн цонх руу чихсээр байгаад орсон. Би араас нь ороод мерси шоколад 4 ширхэг, максфан шоколад 4 ширхэг, тэсэрдэг шоколад 3 ширхгийг өгсөн. З ууттай чипснүүдийг Уугантөгс, Анхбаяр нарт өгсөн. Бэлнээр 3000-4000 төгрөг гарч ирсэн бөгөөд хайрцагтай тамхи 2, 3 хайрцгийг авчихаад буцаад гарахдаа Золбаяр дэлгүүрийн хажуу талын хаалгыг онгойлгоод гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 59/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02/1095 дугаартай:

...шинжилгээнд ирүүлсэн 2 гэж дугаарласан гарын мөр нь Одонтуяа овогтой Зын зүүн гарын долоовор хурууны хээтэй, 6 гэж дугаарласан гарын мөр нь Одонтуяа овогтой Зрын баруун гарын эрхий хурууны хээтэй тус тус тохирч байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65/

 

Хөрөнгийн үнэлгээ зуучлалын Дамно ХХК-ийн 2017 оны 11 сарын 09-ний өдрийн БЗ1-153 дугаартай:

мерси том шоколад 1 ширхэг 18000 төгрөг, мерси жижиг шоколад 3 ширхэг 30600 төгрөг, алфен голд макс пан шоколад 5 ширхэг 16000 төгрөг, паприка чипс 3 ширхэг 7200 төгрөг, нүдэн чихэр 5 ширхэг 12000 төгрөг, соёрхол архи 1,75 летр 1 ширхэг 33000 төгрөг, шар чингис архи 1 летр 1 ширхэг 18900 төгрөг, 0,75 летр 1 ширхэг 15000 төгрөг, 0,5 летр 2 ширхэг 27000 төгрөг, эвок архи 1 летр 1 ширхэг 30000 төгрөг, соёмбо архи 0,75 летр 1 ширхэг 38500 төгрөг, арвай архи 0,75 летр 1 ширхэг 8800 төгрөг, 0,5 летр 2 ширхэг 12000 төгрөг, 0.33 летр 4 ширхэг 17600 төгрөг, нүүдэлчин нарийн хиам 1,5 кг 8550 төгрөг, зайдас 1,5 кг 8550 төгрөг, кассын машин доторх мөнгөний хайрцаг 42000 төгрөг, жи мобайлын модемь 72000 төгрөг, нийт 415.700 төгрөгийн үнэтэй гэх дүгнэлтийн тайлан /хх-ийн 74-75/

 

Өсвөр насны шүүгдэгч О.Зын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

"... авсан зүйлээ цонхоор өгөөд буцаад дэлгүүрийн кассыг нь аваад гарсан чинь дэлгүүрийн гадаа нэг өвөө зогсож таараад Отгонбаяр авсан зүйлээ тэр өвөөд үлдээсэн. Үлдээсэн зүйл нь юу байсныг мэдээгүй... Отгонбаяр бид хоёрыг гарч ирэх үед Уугантөгс, Анхбаяр 2 зугтаагаад алга болчихсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 62/

 

            -гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 2-4/,

            -хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-12/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Хавтаст хэргээс:

-О.Зын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 79, 81/

            -Н.Одонтуяагийн даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын  хувь хугацаа тогтоосон акт, иргэний үнэмлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн дэвтрийн хуулбар /хх-ийн 111-113/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, өсвөр насны гэрч, өсвөр насны сэжигтэн, өсвөр насны яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог.  

 

Баянзүрх дүүрийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч О.Зт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Зыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Өсвөр насны шүүгдэгч нь гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан өсвөр насны шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Өсвөр насны шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ялыг 2 дахин багасгаж эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлсан байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг хуульд зааснаар оногдуулж биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байна.

 

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг харгалзан шүүх хуралдааныг хаалттай явуулж, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас богино хугацаанд шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч О.З нь бусадтай бүлэглэж, үйл ажиллгаа явуулах зориулалт бүхий байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, өсвөр насны шүүгдэгч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  

 

Хохирогч Г.Бат-Эрдэнэд гэмт хэргийн улмаас 415.700 төгрөгийн хохирол учирсан бөгөөд өсвөр насны шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагчаас уг хохиролыг нөхөн төлөөгүй байх учир гаргуулан олгож шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч нь хэргийн учир нийт 39 хоног цагдан хоригдсон байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “мөрдөн байцаалт хангалтгүй хийгдэж, алдагдсан зүйлийг бүрэн бодитоор тогтоогоогүй, хүүхдүүд гарч байгаад хүнтэй тааралдаад авсан зүйлээ хаяад зугтаасан гэж байхад тэр хүнийг олох ажил хийгээгүй, камерийн бичлэгийг аваагүй байна. Мөн хүүхдүүд хулгайлсан зүйлийг хаяад зугтаасан, эд зүйл аваагүй байх тул тухайн гэмт хэрэг төгсөөгүй байна. Эд зүйлийг захиран зарцуулах эрх үүсээгүй байх учир гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлт, саналыг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй юм.

Учир нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хийгдэх хэргийн газрын үзлэг хийж гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг тогтоосон. Ямар эд зүйлс алдагдсан болох, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоох, хулгайд алдагдсан эд зүйлийн зах зээлийн үнэлгээг тогтоох зэрэг ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан байна.

Тухайн гэмт этгээдүүдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн хохирогчид хохирол учирсан ба дэлгүүрт хууль бусаар нэвтэрсэн гэмт этгээдүүд тус бүртээ бараа, эд зүйлсийг авсан гэж мэдүүлсэн. Тэдний уг дэлгүүрт хууль бусаар нэвтэрч хаалга, цонхыг онгойлсон үйлдлээс болж хохирогчид хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээний тайлан зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

            1. Өсвөр насны шүүгдэгч О.Зыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Зт хоёр жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Зт оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх ялыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Зын цагдан хоригдсон гучин ес хоногийг эдлэх ялд нь оруулан тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Зын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Н.Одонтуяагаас 415.700 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Бат-Эрдэнэ /АИ90120811/-д олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч О.Зт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, хохирогч, өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ