Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2026/ДШМ/01

 

                                                                                         Ц.Э-д холбогдох эрүүгийн

                                                                                                  хэргийн талаар

         

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Ерөнхий шүүгч Б.Намхайдорж, шүүгч З.Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б,

          Ахлах прокурор                                                         Б.С

          Прокурор                                                                     Ц.М

          Яллагдагч                                                                   Ц.Э

          Яллагдагчийн өмгөөлөгч                                        С.Ч /цахимаар/                      

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЗ/264 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Ц.Э-д холбогдох 2306026450080 дугаартай эрүүгийн хэргийг шүүгч З.Нандинцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч: Монгол Улсын иргэн, ...... оны 02 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн ..... сумд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, ....... аймгийн ......... сумын .......... багийн ........... хэсгийн 5 тоотод оршин суух хаягтай,

Урьд Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан .......... овогт ...-ийн Э /РД:.............../

Яллагдагч Ц.Э нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх” гэмт хэрэгт холбогджээ.

1. Анхан шатны шүүх: Яллагдагч Ц.Э-д холбогдох 2306026450080 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж явуулахаар хэргийг Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт буцааж, яллагдагч Ц.Э-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорын газарт хүргүүлтэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

2. Дээд шатны прокурор Н.Б давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд 2025/ШЗ/264 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Прокуророос шүүгчийн захирамжийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Ц.Э мөрдөн байцаалтын явцад гэрчээр 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...2023 оны 4 дүгээр сарын сүүлээр би Завхан аймгийн ..... худалдааны төвийн талбай дээр 2 залуутай уулзаж танилцсан,...дээрх 2 залуутай Завхан аймгийн ....... суманд оршин суудаг О гэх залуу зуучилж танилцуулсан. О нь манай аймагт гайгүй хоёр том хайгчтай хүн ирсэн байна та уулзаж танилцах уу гэж асуусан...” гэх, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Б, Г гэх хоёр залуутай ...... хажууд таарч тэр өдөр танилцсан...Би өмнө Б, Г гэх хоёр залуутай Завхан аймгийн ........ суманд алтанд явж байхдаа хальт зүс зүсээ харалцаж байсан...” гэх, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 04 дүгээр сард хамт явсан танихгүй 2 залуутай анх Завхан аймгийн ...... сумын ......... худалдааны төвийн хашааны хаалга орчим уулзаж танилцсан. Тэр үед манай хүргэн О тухайн 2 залуутай хамт гурвуулаа зогсож байсан. Харин О тэр үед согтуу байсан болохоор тэр 2 залууг надад танилцуулснаа санахгүй байна гэж сүүлд надад ярьсан...” гэх агуулгатай мэдүүлгийг, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэгтэйгээ ижил агуулгатай мэдүүлгийг тус тус өгсөн байна.

  Ц.Э-ийн дээрх “...Б, Г гэх хоёр залуутай О-ын танилцуулснаар ......... худалдааны төвийн ойролцоо уулзсан...” гэх агуулгатай мэдүүлгүүд нь гэрч Т.О-ын: “...Би Э ахад манай аймагт хоёр том хайгчтай хоёр хүн ирсэн байна та уулзаж танилцах уу? гэж ярьж хэлсэн зүйл байхгүй. Ц.Э ах намайг гүтгэж байна...Ц.Э ах худлаа яриад байгаа юм, хотод байхдаа над руу залгаад хоёр залуугийн талаар сандрахгүй үнэнээ хэл гэж илт худал ярьсан...” гэх,

Гэрч Д.Г-ийн: “...2023 оны хавар 05 дугаар сарын эхээр ажил дээр байж байтал манай эрүүгийн ахлах мөрдөгч дэд хурандаа Э.Д хамт яваад камерын бичлэг шүүж үзээд ирье гэсний дагуу хамт явах замдаа дэд хурандаа Э.Д надад тухайн хэргийн талаар мэдээлэл өгсөн “Манай аймгийн Ц.Э гэдэг хүн булш хиргисүүр ухаж алтан эдлэл олоод Улаанбаатар хотод худалдах гэж явж байгаад Эрүүгийн цагдаагийн албаныханд баригдсан байна тэгээд хамт явж булш ухсан хүмүүстэйгээ ....... худалдааны төвийн урд талд ченжийн захын ойролцоо уулзсан гэж ярьсан байна ямар машинтай, ямар хүмүүс байсныг нь камер шүүгээд үзээд хэл гэж Эрүүгийн цагдаагийн албанаас ярилаа гэж хэлсэн” тэгээд бид хоёр ..... худалдааны төвийн хяналтын камерын бичлэг, цагдаагийн газрын хяналтын камерын бичлэгийг шалгасан боловч Ц.Э нь хүмүүстэй уулзсан хамт явж байгаа бичлэг огт байгаагүй юм. Тэгээд дэд хурандаа Э.Д Эрүүгийн цагдаагийн албаны хүмүүстэй утсаар яриад тийм бичлэг байхгүй байгаа талаар мэдэгдэж байсан юм...Дэд хурандаа Д бид хоёр ...... худалдааны төв, цагдаагийн газар, ....... хүнсний дэлгүүрүүдийн хяналтын камерын ........ худалдааны төв, ченжийн зах орчим газрын бичлэгийг шүүж үзсэн юм...” гэх,

Гэрч Э.Д-ийн: “...Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс 2 мөрдөгч ирээд надтай уулзахдаа Ц.Э нь мэдүүлэг өгөхдөө хамт явж булш ухсан хүмүүстэйгээ ..... урд, ченжийн захын ойролцоо уулзаад барилгын материалын дэлгүүрийн урд талд машиндаа уулзсан гэж мэдүүлэг өгсөн” гэхээр нь би эрүүгийн мөрдөгч, ахмад Д.Г-ийн хамт явж ......... худалдааны төв болон цагдаагийн газар, дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд иргэн Ц.Э нь хүмүүстэй уулзсан бичлэг огт байгаагүй юм. Тэр талаар хэргийг мөрдөж байсан мөрдөгч нарт тухайн үед нь мэдэгдсэн юм. Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч нарын хэлсэн цаг хугацааны хяналтын камерын бичлэгийг шүүж үзсэн. Тийм бичлэг огт байгаагүй. ........ худалдааны төв, Цагдаагийн газар, Барилгын материалын дэлгүүрүүдийн хяналтын камерын бичлэгийг ......... худалдааны төв, ченжийн зах орчим газрын бичлэгийг шүүж үзсэн юм...”  гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж заасан бөгөөд дээрх тохиолдолд Ц.Э нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй. Түүнчлэн Ц.Э нь Б, Г гэх хоёр залуутай хэзээ, хаана танилцсан талаараа удаа дараагийн мэдүүлэгтээ зөрүүтэй мэдүүлсэн байна.

Мөн яллагдагч Ц.Э-ийн мэдүүлэгт дурдагдсан Б, Г гэх иргэдийн аман зургийг гаргуулж, цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлалтын санд бүртгэж, эрэн сурвалжлалт зарласан байх ба тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч З.Н тогтоогдсон нөхцөл байдал, үр дүнгийн талаар нэгтгэн дүгнэж илтгэх хуудас бичих зэргээр мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Э-ийн дээрх мэдүүлэг нь үнэн зөв эсэхийг шалгаж тогтоох зорилгоор хангалттай ажиллагаа хийсэн боловч Ц.Э-ийн мэдүүлэг үнэн зөв болох нь тогтоогдоогүй байна. 

Яллагдагч Ц.Э-ийн мэдүүлэгт дурдагдсан Б, Г гэдэг иргэдийн олж тогтоох зорилгоор Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Н-ын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “...Ц.Э-н мэдүүлэгт дурдагдсан хоёр этгээдийг олж тогтоох, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ..... нэртэй хайгч багажийг эд мөрийн баримтаар хураан авах зорилгоор эрэн сурвалжлах ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах талаар” бичсэн, мөн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “... нэр бүхий хоёр иргэнийг олж тогтоох зорилгоор гэрч Т.О-аас мэдүүлэг авах тухай” мөрдөгчийн даалгаврууд, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын ТБАГУТҮГ дарга Б.М-ын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/533 дугаартай “Ц.Э-ийг байлцуулан Инженер-техникийн шинжилгээний газрын  цахим шинжилгээ хариуцсан мэргэшсэн шинжээч, цагдаагийн хошууч Г.Г-оор ...Г /3454/, Б /3458/ нарын аман зураг гаргуулан хавсралтаар хүргүүлсэн тухай.” албан бичиг, хавсралтууд, аман зургаар 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эрэн сурвалжилсан тэмдэглэл, мөрдөгч З.Н-ын 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн тэмдэглэл, мөрдөгч Л.Э-ын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн илтгэх хуудас,  мөрдөгч Ц.Г-ын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн илтгэх хуудас, гэрч Т.О-ын (2023.09.08) мэдүүлэг, Э.Д-ийн (2024.10.21) мэдүүлэг, гэрч Д.Г-ийн (2024.10.18) мэдүүлэг авсан зэрэг мөрдөн шалгах ажиллагаагаар Ц.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байна гэж дүгнээд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан болно.

Ц.Э-ийн мэдүүлэг үнэн, зөв эсэх нь тогтоогдоогүй тохиолдолд түүний “...7 ширхэг эд зүйл гарч ирсэн...” гэх мэдүүлгийг үнэлэх боломжгүй бөгөөд шинжээчийн “...суран бүсэнд 7-8 ширхэг байх ёстой бүрдэл хэсгийн тал нь байхгүй буюу бүрэн бус аж...” гэх дүгнэлт гарсан тул малтлага хийсэн хиргисүүрт 7 буюу 8 ширхэг эд зүйл байсан, тэдгээрийг ухсан гэж үзэж хийсвэрээр дүгнэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж хуульчилсан гэтэл шүүгчийн захирамжид дээр дурдсан асуудлуудыг тогтоох зорилгоор ямар ажиллагаа хийлгэх талаар тодорхой дурдаагүй нь шүүгчийн захирамжийг биелүүлэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна.

2. Шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нотлох баримтуудыг үнэлэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна.

Учир нь хэрэгт хураагдсан НТӨ IV-I зууны үед хамаарах, 5 ширхэг эд өлгийн зүйлс нь соёлын өвийн хосгүй үнэт олдвор, түүх соёлын дурсгалт зүйл бөгөөд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т "соёлын өв" гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах байгаль, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий өвийг, мөн зүйлийн 3.1.3.“түүх, соёлын үл хөдлөх дурсгал” гэж унаган газартаа хүрээлэн байгаа орчны хамт үнэ цэнэ, ач холбогдол нь илэрхийлэгдэх дангаар болон цогцолбор байдлаар орших дурсгалыг;” ойлгохоор хуульчилснаас үзэхэд дээрх 5 ширхэг алтан олдворын үнэ цэнийг тодорхойлох боломжгүй, үнэлэгдэшгүй эд зүйл болох нь тогтоогдож байна.

Гэтэл эд зүйлийн үнэлгээг 5-6 тэрбум байна гэж үнийн дээд доод хязгаарыг 1 тэрбум төгрөгийн зөрүүтэй үнэлсэн байна гэж дүгнэсэн нь тухайн 5 ширхэг алтан олдворын тухайд үндэслэлгүй юм.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Нийтийн өмчийн соёлын биет өвд үнэлгээ тогтоох журмыг санхүү, төсвийн болон соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.”, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7.2 дахь хэсгийн 7.2.7-д “соёлын биет өвийн үнэлгээний журам, аргачлалыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай, эрдэнэсийн үнэлгээний журам, аргачлалыг Монгол банк болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тус тус хамтран батална.” гэж хуульчилсан боловч дээрх журмыг батлан гаргаагүй байна.

Харин өнөөдрийн байдлаар соёлын биет өвд үнэлгээ тогтоох асуудлыг Сангийн сайдын 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/140 тушаалаар батлагдсан “Түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн шинэчилсэн дансны үнэ тогтоох журам”-аар түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн дансны үнийг шинэчлэн тогтоож, санхүүгийн тайланд тусгахаар зохицуулсан нь соёлын биет өвд үнэлгээ тогтоох харилцааг зохицуулж байгаа боловч НТӨ IV-I зууны үед хамаарах булш оршуулгаас илэрсэн олдворыг хэрхэн ямар аргачлалаар үнэлэх талаар зохицуулалт байхгүй байна. 

Сангийн сайдын 2024 оны  6 дугаар сарын 13-ны өдрийн А/113 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх журам”-ын 2.2 дахь хэсэгт “Түүхийн дурсгалт зүйл, үнэт эдлэл, эрдэнэс, ховор эд зүйл, биологийн хөрөнгө, мал амьтны үнэлгээнд энэ журам хамаарахгүй.” гэжээ.

Түүнчлэн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь  хэсэгт “Нийтийн өмчийн соёлын биет өвийн үнэлгээг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөл тодорхойлно.” гэж хуульчилсан боловч Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн шинэчилсэн найруулгаар энэхүү зохицуулалтыг хүчингүй болгосон нь өнөөдрийн хувьд соёлын өвийн үнэлгээг ямар субъект тогтоох эрхтэй болох нь тодорхойгүй байна.

2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан Археологич, доктор, профессор Ц.Т, ШУА-ын харьяа Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч доктор Ж.Б, ШУА-ын харьяа Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн ЭША доктор Б.О, СӨҮТ-ийн түүх, соёлын үл хөдлөх дурсгалын шинжээч, магистр Б.А, Чингис хаан Үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан, археологич, магистр М.С нарын бүрэлдэхүүнтэй баг нь тухайн олдвор түүх соёлын дурсгалд хамаарах эсэх, түүхэн аль цаг үед хамаарах эсэхийг мэдлэг, мэргэшлийн үүднээс тогтоох боломжтой боловч тухайн олдворын үнэлгээг гаргах эрх бүхий субъект гэж дүгнэхэд эргэлзээтэй, үнэлгээ гаргасан арга, аргачлал нь эргэлзээтэй байна.

Дээрхээс дүгнэхэд, НТӨ IV-I зууны үед хамаарах булш оршуулгаас илэрсэн эд зүйлүүд нь соёлын өвийн хосгүй үнэт олдвор бөгөөд үнэлгээг ямар эрх бүхий субъект, ямар аргачлалын дагуу тогтоох талаар эрх зүйн зохицуулалт байхгүй тул үнэлгээг нарийвчлан гаргах боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Түүхийн хосгүй үнэт эд зүйлийг нарийвчилж үнэлэх талаар захирамжид дурдсан нь ойлгомжгүй байна.

Харин хууль бусаар олборлосон дээрх олдвор нь биетээр байгаа тохиолдолд түүхэн аль цаг хугацаанд хамаарах, соёлын ямар өв болох талаар шинжээчийн дүгнэлт гарсан байх тул хэргийг шийдвэрлэх боломжтой байна.   

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч хойшлуулшгүй тохиолдолд энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулсан тохиолдолд прокурорын тогтоолоор уг ажиллагааг хүчинтэйд тооцохоор хуульчилсан.

Хяналтын прокурорын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 146 дугаартай зөвшөөрөлд “........ гэх металл хайгч эд зүйл нь Ц.Э-ийн эзэмшлийн гэрт байна гэх хангалттай үндэслэл тогтоогдсон” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр орон байранд нэгжлэг хийх прокурорын зөвшөөрлийг олгосноор, мөрдөгч нэгжлэгийг явуулж зөвшөөрөлд дурдагдсан металл хайгчийн цагаан өнгийн таваг, ......... нэртэй хар өнгийн жижиг аккумляторыг хураан авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.1 дүгээр зүйлд нэгжлэг хийх ерөнхий зохицуулалтыг, мөн хуулийн 24.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Орон байр, бусад газарт нэгжлэг хийхдээ 23.3 дугаар зүйлд заасан “хэргийн газрын үзлэг хийх” журмыг баримтална” гэж хуульчилсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт мөрдөгч энэ зүйлийн 3.6, 3.8-д заасан ажиллагааг үзлэгийн үед даруй хийх шаардлага гарвал энэ хуулийн 22.4 дүгээр зүйлд /прокурорын зөвшөөрөлгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулах/ заасан журмыг баримтлан явуулна гэж тодорхой зааснаас дүгнэхэд  хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлэхээр хийсэн орон байранд нэгжлэг хийж, хэргийн газарт үзлэг хийж, эд мөрийн баримтыг хураан авч байгаа тохиолдолд хүчинтэйд тооцох прокурорын шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй. 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Эд мөрийн баримт хураан авах ажиллагаанд энэ хуулийн 24.1, 24.2, 24.3 дугаар зүйлд заасан журмыг баримтална” гэж мөрдөгчийн прокурорын зөвшөөрлөөр эд зүйл хураан авах ажиллагаа болон бие даан хураан авах ажиллагааг хуульчилжээ.

4. Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор “...шар өнгийн иштэй хүрз 1 ширхэг, төмөр лоом 1 ширхэг...” хураан авсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг прокурорын
зөвшөөрөлгүй явуулсан гэжээ.

Мөрдөгч нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор хүрз, лоом, металл хайгчийн цагаан өнгийн таваг, ........ нэртэй хар өнгийн жижиг аккумлятор зэрэг эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцож буй ажиллагаа болохоос бус эд мөрийн баримтыг хураан авч байгаа ажиллагаа биш болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ.” гэж хуульчилсан.

Ц.Э нь 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн мэдүүлэгтээ “...Би алтанд явахдаа хэрэглэдэг хар өнгийн лоом, шар модон иштэй хүрзийг ашиглаж 1 метр газар ухсан, лоом, хүрзийг би Завхан аймгийн төвөөс ирэхдээ аваад ирсэн. Энэ шалгагдаж байгаа хэрэгт гаргаж өгнө” гэснээр мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлд заасан “Эд мөрийн баримт хураан авах” талаарх зохицуулалт нь эд мөрийн баримтыг мөрдөгч болон прокурорын санаачилгаар хураан авах тохиолдлыг зохицуулсан байна. Харин дээрх тохиолдолд Ц.Э нь өөрийн санаачилгаар лоом, хүрз зэрэг эд зүйлийг мөрдөгчид гарган өгсөн байх тул прокурорын зөвшөөрөл авах шаардлагагүй байна.

Шүүх мөрдөгчийн бие даан явуулахаар хуульд тусгайлан заасан эд зүйл хураан авах болон эд мөрийн баримтаар тооцох ажиллагааг явуулахдаа прокурорын зөвшөөрлөөр, хүчинтэйд тооцох шийдвэрээр явуулах мэтээр хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд засан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй,  39.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

3. Ахлах прокурор Б.С давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс Ц.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй гэх үндэслэлээр прокурорт буцаасныг эс зөвшөөрч дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаагаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй болно. Миний тухайд Ц.Э-д холбогдох эрүүгийн хэргийн үнэт олдворыг үнэлэх боломжтой эсэх талаар эсэргүүцлээ дэмжин тайлбар гаргана. Хяналтын прокурор Ц.М-ийн хувьд мөрдөн шалган ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн эсэх асуудлаар тайлбараа гаргана. Гэмт хэргийн объект болох 5 ширхэг алтан олдворын нарийвчилсан үнэлгээг гаргахгүйгээр олдворыг 5-6 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна. Олдворын үнэлгээг тодорхой болгох шаардлагатай гэж анхан шатны шүүхээс үзсэн. Манай улсад түүхийн үнэт олдворыг үнэлэх арга аргачлал байхгүй, үнэлгээг ямар эрх бүхий субъект гаргах нь тодорхойгүй тул 5 ширхэг алтан олдворын үнэлгээг нарийвчлан тогтоох боломжгүй юм. Тухайн хэрэгт 3 удаа шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Дээрх дүгнэлтүүдээр 5 ширхэг алтан олдвор нь түүхийн үнэт олдвор мөн байна гэдэг нь нотлогдсон боловч тухайн олдворын үнэлгээг гаргах боломжгүй гэж дүгнэсэн. Харин 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тухайн олдворыг 5-6 тэрбум төгрөгөөр үнэлэх боломжтой гэж барагцаагаар үнэлж, дүгнэсэн боловч тухайн үнэлгээг ямар арга, аргачлалыг үндэслэн гаргасан нь тодорхойгүй байна. Шинжээч нар нь үнэлгээг гаргахдаа Нийтийн тооллын өмнөх 650-675 онд худалдагдаж байсан эрдэнэсийн үнэлгээтэй адилтган үнэлгээ гаргасан нь үндэслэлгүй юм. Учир нь нийтийн тооллын өмнө зарагдаж байсан гэх эрдэнэс нь эдгээр 5 төрлийн эд өлгийн зүйлтэй яг адилхан гэж үзэх боломжгүй бөгөөд дээрх 5-6 тэрбум гэх үнэлгээ нь бодит биш байна. Түүнчлэн шинжээчийн дүгнэлтийг заавал үндэслэл болгоно гэсэн зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан үзэж нотлогдож байвал үнэлж болно. Мөн шинжээчийн дүгнэлтийн тухайд анхан шатны шүүх хуралдаанд шинжээч нарыг оролцуулан, нөхцөл байдлыг тодруулах боломж байсан гэж үзэж байна. Энэ хэрэгт дүгнэлт гаргаж болох бүхий л боломжийг судалсны эцэст хамгийн сүүлийн боломжит байдлаар Шинжлэх ухааны академи болон Соёлын өвийн үндэсний төвийн шинжээч нарыг бүрэлдэхүүнд оролцуулан шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Одоо хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан тохиолдолд ямар байгууллагаар шинжилгээ хийлгэх нь тодорхойгүй, үндсэндээ дүгнэлт гаргах субъект байхгүй болчхоод байна. Иймд эд зүйл биетээрээ байгаа тохиолдолд тухайн эд зүйлийг улсын орлого болгох байдлаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Мөн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажлын хүрээнд тухайн олдвор олдсон газраас дахин судалгаа шинжилгээ хийх шаардлагатай тул хэргийг даруй шийдвэрлэх шаардлагатай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж хуульчилсан гэтэл шүүгчийн захирамжид дээр дурдсан асуудлуудыг тогтоох зорилгоор ямар ажиллагаа хийлгэх талаар тодорхой дурдаагүй нь шүүгчийн захирамжийг биелүүлэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна. Иймд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

4. Прокурор Ц.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт хяналт тавьсан прокурорын хувьд тухайн олдворыг 5-6 тэрбум төгрөгөөр үнэлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд 2 прокурор оролцож байгаа нь учиртай. Өөрөөр хэлбэл, миний тухайд улсын яллагчаар анхан шатны шүүх хуралд оролцохдоо олдворыг үнэлж орсон. Дээд шатны прокурорын зүгээс олдворыг үнэлэх боломжгүй гэж үзэн эсэргүүцэл бичсэн учраас шүүх хуралдаанд 2 прокурор оролцож байгаа гэдгийг тайлбарлая. Хэрэгт 3 шинжээчийн дүгнэлт гарсан. Нэг, хоёр дахь шинжээчийн дүгнэлтээр хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан олдворыг үнэлэх боломжгүй гэх дүгнэлт гарсан. Улсын яллагчийн зүгээс гэмт хэргийн улмаас учрах хохирол, хор уршгийг бодитоор үнэлэх нь зүйтэй гэж үзэн 3 дахь удаагаа Шинжлэх ухааны академийн бүрэлдэхүүнтэй шинжээч нараар тухайн эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлсийн үнэлгээг гаргуулсан. Ахлах прокурорын зүгээс тухайн олдворын үнэлгээтэй холбоотой тайлбарыг хэллээ. Миний зүгээс эд мөрийн баримтыг хураан авах ажиллагаатай холбоотой асуудал, эд мөрийн баримтыг яллагдагч гаргаж өгснийг мөрдөгч эд мөрийн баримтаар тооцсон талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн эсэх талаар тайлбар гаргая. Хуульд 3 төрлийн эд мөрийн баримттай холбоотой ажиллагаа байна. Нэгдүгээрт, мөрдөгч эд мөрийн баримтыг өөрөө хурааж авах. Хоёрдугаарт, прокурорын зөвшөөрлөөр хураан авах. Гуравдугаарт, прокурорын зөвшөөрөлгүйгээр хураан авсан тохиолдолд 24 цагийн дотор хүчинтэйд тооцуулахаар хуульд заасан. Дээрх 3 үндэслэлээр эд мөрийн баримтыг хураан авах, бэхжүүлэх ажиллагаа явагддаг. Хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.1 дүгээр зүйлд нэгжлэг хийх ерөнхий зохицуулалтыг зохицуулж өгсөн. Баянзүрх дүүргийн прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгайлсан зохицуулалт буюу орон байр, бусад газар нэгжлэг хийх талаар зохицуулсан. Орон байр, бусад газар нэгжлэг хийхдээ энэ зүйлийн 23.3 дугаар зүйлд заасан журмыг баримтална гэж заасан. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд хэргийн газар үзлэг хийж байгаа тохиолдолд 23.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт мөрдөгч энэ зүйлийн 3.6, 3.8-д заасан ажиллагааг үзлэгийн үед даруй хийх шаардлага гарвал энэ хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан явуулна гэж заасан. Өөрөөр хэлбэл, хэргийн газрын үзлэг дээрээс мөрдөгч эд зүйлийг хураан авч байгаа бол тус хуулийн 23.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.7-д заасанчлан хэргийн ул мөрд, эд мөрийн баримтыг цуглуулж бэхжүүлэх, аливаа зүйлийг бүхлээр нь, эсхүл хэсэгчлэн хураан авах, битүүмжлэх, хадгалах гэдэг нь мөрдөгчийн өөрийн бүрэн эрхийн асуудал байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-3.11 хүртэл зохицуулсан зохицуулалт дотроос 3.6 буюу хэргийн газар, хамгаалалтын бүсэд байгаа хүний бичиг баримтыг шалгах, хүний бие, эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх, 3.8 буюу хэргийн газарт байгаа хүний бие, эд зүйл, мал, амьтан, цогцсоос хэв загвар, дээж авч байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтлахаар байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.7-д заасны дагуу эд мөрийн баримтыг хураан авсан нь мөрдөгчийн өөрийнх нь бие даан явуулах боломжтой ажиллагаа байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.6, 3.8-д заасан ажиллагаа нь тус хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан явуулна  гэдэг нь прокурорын зөвшөөрөлгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хэлж байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч хойшлуулшгүй тохиолдолд энэ хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулж болно гэж заасан нь мөрдөгч прокурорын зөвшөөрөлгүйгээр ажиллагаа явуулсан тохиолдолд 24 цагийн дотор хүчинтэйд тооцуулахыг хэлж байна. Прокурорын зөвшөөрлөөр Ц.Э-д үзлэг хийн эд зүйл хураан авсан нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 23.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.7-д заасан ажиллагаа байх тул мөрдөгчийн эд зүйл хураан авсан ажиллагааг хүчинтэйд тооцох үндэслэл байхгүй. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт эд мөрийн баримт хураан авах авах ажиллагаанд энэ хуулийн 24.1, 24.2, 24.3 дугаар зүйлд заасан журмыг баримтална гэж зохицуулсан. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлд эд мөрийн баримтыг прокурорын зөвшөөрлөөр хураан авах ажиллагааг тусгайлан зохицуулсан. Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор шар өнгийн хүрз 1 ширхгийг, төмөр ломбо 1 ширхгийг хураан авсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулсан байна гэж шүүхээс үзсэн. Мөрдөгч нь 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор нь  хүрз, ломбо, металл хайгч, цагаан өнгийн таваг, хар өнгийн жижиг аккумлятор зэрэг зүйлсийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол үйлдсэн. Эд мөрийн баримт хураан авсан ажиллагаа биш, дээрх эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, баримтат мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ гэж заасан. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлд заасан эд мөрийн баримтыг хураан авах талаар зохицуулсан зохицуулалт нь эд мөрийн баримтыг мөрдөгч, прокурорын санаачилгаар хураан авах тохиолдлыг зохицуулсан. Ц.Э нь өөрийн санаачилгаар ломбо, хүрз зэрэг эд зүйлийг мөрдөгчид гаргаж өгсөн байх тул прокурорын зөвшөөрөл олгох шаардлагагүй гэж үзэж байна. Зайлшгүй прокурорын зөвшөөрөлтэй явуулах мөрдөн шалгах ажиллагаа, мөрдөгч өөрөө бие даан хураан авах ажиллагаа, прокурорын зөвшөөрөлгүй ажиллагаа явуулсан тохиолдолд 24 цагийн дотор хүчинтэйд тооцуулах талаар хуульд зохицуулсан. Дээрх тохиолдолд мөрдөгч өөрийн эрх хэмжээний хүрээнд Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.7-д зааснаар эд зүйл хураан авсан нь прокурор мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох үндэслэлд хамаарахгүй байна. Тухайн эд зүйлсийг хураан авах, хураан авсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон нь хуульд нийцэж байна. Мөн анхан шатны шүүхээс 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, Ц.Э-тэй хамт 2 хүн байсан эсэх нь асуудлыг бүрэн шалгаагүй байна. Ц.Э-ийн тайлбарлаж буйгаар 7 ширхэг алтан эд өлгийн зүйл байсан. Надтай хамт байсан 2 хүн нэг нэг ширхгийг авч явсан гэж мэдүүлдэг. Ц.Э-ийн мэдүүлэгтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Ахмад н.Г, н.Д нар мэдүүлэгт дурдагдсан он, сар, цаг хугацаагаар нь явсан газрыг тогтоон тухайн газруудын камерын хяналтын бичлэгт үзлэг хийх зэрэг мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Ц.Э мэдүүлэхдээ тухайн 2 хүнийг баруун аймгаас ирсэн хүмүүс. Тухайн 2 хүнийг гэрч зааж өгсөн гэдэг. Тухайн зааж өгсөн гэрчээс мэдүүлэг авахад Ц.Э намайг гүтгэж байна. Би Ц.Э-тэй хүмүүс танилцуулж байгаагүй гэсэн мэдүүлгээр Ц.Э-ийн мэдүүлэг үгүйсгэгддэг. Тухайн 2 хүний аман зургийг гарган явсан газруудаар нь бүх хяналтын камерын бичлэгийг шалгаж үзэхэд Ц.Э, 2 хүний хамт явсан гэдэг нь тогтоогддоггүй. ...Эрүүгийн хэрэг үүсгэн Ц.Э-ийг яллагдагчаар татах, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх хүртэлх үе шатанд улсын яллагчийн зүгээс Ц.Э-тэй уулзаж, өмгөөлөгч авсан болон өмгөөлөгч авах эсэх талаар өөрийн биеэр асуухад өмгөөлөгчгүй, өмгөөлөгч авахгүй гэж хүсэлтээ илэрхийлж байсан. Өмгөөлөгч С.Ч-ийг анх 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр харсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болох өдөр С.Ч өмгөөлөгч би Ц.Э-ийн өмгөөлөгч нь гэх асуудлыг ярьсан. Ц.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт би тантай хамтран ажиллах боломжгүй байна. Та миний эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэж үзэхгүй байна. Тиймээс татгалзаж байна гэсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч С.Ч оролцох эрхтэй эсэх асуудлыг ярилцах нь зүйтэй. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгчөөсөө татгалзсан. Ц.Э-тэй тухай бүр та өмгөөлөгч авах уу?, таны холбогдсон хэрэг нь үнэлгээтэй холбоотой нарийн төвөгтэй асуудал байдаг гэхэд Ц.Э би өмгөөлөгчгүй, өмгөөлөгч авахгүй гэх байдлаар тайлбарлаж байсан. 2024 онд Завхан аймагт хэрэгт хяналт тавьж байгаа прокурор, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй мөрдөгчтэй уулзахаар ирсэн гэж тайлбарлаж байгаа боловч ирсэн нь тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт зөвлөгөө өгөөгүй гэж үзэн Ц.Э нь өмгөөлөгчөөсөө татгалзсан. Өмгөөлөгчөөсөө татгалзахад өмгөөлөгч нь дарамталсан шинжтэй үйлдэл гаргасан. Энэ нь шүүх хуралдааны бичлэгт авагдсан байгаа. Өмгөөлөгч С.Ч та манай өрөөнд анх гэрээ байгуулсан шигээ манай өрөөнд ирж, үйлчилгээнийхээ төлбөр тооцоог хийх ёстой гэх байдлаар хандсан. Бусдаар өмгөөлөгчийн зүгээс Ц.Э-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, эрх ашгийг хамгаалах үүднээс ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Ц.Э нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох боломжтой гэж байсан. Өмгөөлөгчөөсөө татгалзсан байхад өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгааг гайхаж байна гэв. 

6. Яллагдагчийн өмгөөлөгч С.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй байна. Прокурор ...Оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзэж байна. Өмгөөлөгч С.Ч-т анхнаасаа хэргийн материалтай танилцуулаагүй. Эрүүгийн цагдаагийн газраас хэргийг харьяаллын дагуу Завхан аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, Завхан аймгийн Прокурорын газар хяналт тавин ажиллахаар болсон. 2024 оны зун Завхан аймгийн Прокурорын газар руу холбогдон хэргийн талаар тодруулахад хэрэг ажиллагаанд байгаа, хяналт тавьж байгаа прокурор нь ээлжийн амралттай байна гэсэн  хариуг өгсөн. Тухайн үед холбогдох хүмүүстэй нь уулзах гээд уулзаж чадаагүй. Завхан аймгийн Цагдаагийн газраас энэ хэргийн талаар асуухад манай дээр ийм хэрэг байхгүй. Эрүүгийн цагдаагийн газраас тодруулаарай гэж байсан. Ц.Э-ийг аль нэг цагдаагийн байгууллагаас холбогдвол хэлээрэй гэж хэлж байсан. 2024 оноос хойш холбогдохгүй байж байгаад Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн туслах та Ц.Э-д холбогдох эрүүгийн хэрэг дээр ажиллагаа хийж байгаа юм уу? хэрэг шүүх дээр ирсэн гэж хэлсэн. Өмгөөлөгчийн хувьд хэргийн материалтай танилцаагүй байхад, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчил гарсан гэж үзэж байна. Ц.Э-ийн эрх ашгийг хамгаалахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүний өмгөөлөгчөөр оролцохоор хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан, гэрээ өгсөн байхад өмгөөлөгчтэй огт холбогдоогүй, холбогдох арга хэмжээг аваагүй байна гэж үзэж байна. Миний тухайд хэргийн талаар сурагласан. Яагаад өмгөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй гэдгийг сайн мэдэхгүй байна. Ц.Э-р дамжуулан шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Шинжээчийн дүгнэлтийг ойлгомжтой, ойлгомжгүй гэх байдлаар тайлбарлаж байна. Прокурорын зүгээс олдворын үнэлгээтэй холбоотой шинжээчийн дүгнэлтийг үнэлэхгүй байж болно гэж тайлбарлаж байна. Ц.Э-с хураан авсан эд зүйл нь соёлын биет өв мөн эсэх талаар шинжээч дүгнэхдээ шинэ цагийн зүйл байна гэж дүгнэсэн байдаг. Шинэ цагийн эд зүйл бол Соёлын өвийн тухай хуульд заасан соёлын биет өв мөн эсэх асуудал яригдана. Монгол улсад байж болох бүхий л шинжилгээний газраар шинжилгээ хийлгэсэн гэж тайлбарлаж байна. Соёлын биет өвийг шинжлэн судлах, үнэлэх дүгнэх асуудал дээр манай улс учир дутагдалтай байдаг. Шинжээчийн ур чадвар мэдлэг, техник технологийг сайжруулах шаардлагатай байдаг. Энэ асуудал улсын хэмжээнд яригддаг. Соёлын биет өвтэй холбоотой эд зүйлийг шинжилж чадахгүй байгаа бол үүнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Миний санаж буйгаар Япон улс эртний эд өлгийн зүйлсийг маш нарийн техник, тоног төхөөрөмж ашиглан шинжлэн судалдаг. Олон орны хүмүүс Япон улсад эртний эд өлгийн зүйлсийг шинжлүүлэн судлуулж, гэрчилгээжүүлдэг гэж сонссон. Энэ аргыг хэрэглэх бүрэн боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, зарчимд нийцүүлэн Япон улсад шинжилгээ хийлгэх бүрэн боломжтой. Хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор шинжилгээ хийлгэх шаардлагатай. Бодит байдал  дээр шинжээч нар нь төөрөлдсөн байна. Үнэн зөв, эргэлзээгүй шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байна. Хоёрдугаарт, манай үйлчлүүлэгчийн мэдүүлэг тогтвортой байдаг. 2 хүнтэй хамт явсан эсэх асуудал яригддаг. Гэрч Ц.Э гэх хүн намайг гүтгэсэн гэж мэдүүлэг өгсөн гэж байна. Сэжигтэн, яллагдагчийн мэдүүлгээс тухайн гэрчийн мэдүүлэг зөрүүтэй байгаа тохиолдолд тухайн гэрчтэй нүүрэлдүүлэн мэдүүлэг авах шаардлагатай байсан гэж үзэж байна. Тухайн гэрч сэтгэл зүйн хувьд айсан, эмээсэн зүйл байж болзошгүй. Гэрчээс ямар байдлаар мэдүүлэг авсан, дуу дүрсний бичлэгээр баталгаажуулж, зориулалтын газар авсан эсэх асуудал яригдана. Хэргийн бодит байдлыг тогтоох зорилгоор анхан шатны шүүхээс шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн. Анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зүйлсийг хэргийн газар дээр хураан аваагүй. Ц.Э нь хэргийн газарт байж байгаад ашигласан эд зүйлээ өгөөгүй, Ц.Э-ийн гэрээс очиж хураан авсан байдаг. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан зүйлс хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурорын зүгээс шүүгчийн захирамжид дурдсан зүйлсийг үндэслэлтэйгээр няцааж чадахгүй байна. ...Хэрэгт хяналт тавьж байгаа прокурор мөн шүүх хуралдаанд оролцож байгаа прокурорууд хавтаст хэрэгтэйгээ танилцсан байх. Хавтаст хэрэгт миний гаргасан хүсэлтүүд байгаа. Ц.Э, н.О нартай тус тус хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Ц.Э, н.О нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүднээс хүсэлтүүд өгч байсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр анх гарч ирсэн мэтээр тайлбарлаж байна. Хавтаст хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ авагдсан байхад та өмгөөлөгчтэй юм уу? гэж асуугаад байгааг ойлгохгүй байна. Хавтаст хэрэгт өмгөөллийн гэрээ байхад хэргийн оролцогч байхгүй мэтээр тайлбарлаад байгаа бол гэрээг нь гаргаж ирээд тайлбарлах нь зүйтэй байсан. Хэрвээ Ц.Э надаас татгалзаж байгаа бол татгалзлаа бичиж өгсөн нь дээр. Татгалзаж байгаа тохиолдолд өмгөөлөгчдөдөө зайлшгүй мэдэгдэх ёстой. Надад мэдэгдээгүй тохиолдолд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээ үргэлжлүүлэн ажлаа зохих ёсоор нь хийнэ. Хаана шалгагдаж байгаа талаар нь сүүлдээ эрэн хайсан. Нотлогдох эсэх нь чухал биш. Цагдаагийн газар, Прокурорын газрын жижүүрүүд дээр нь очсон. Байгууллагуудад дуу дүрсний бичлэгтэй камерын бичлэг байгаа байх. Ц.Э-ийг өмгөөлөгчгүй мэтээр яллагдагчаар татан, яллах дүгнэлт гардуулсан байна. Хууль зүйн туслалцааны гэрээ хэрэгт авагдсан байхад, өмгөөлөгчгүй гэх байдлаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг гайхаж байна, хардах сэтгэл төрж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчөөсөө татгалзаж байна гэсэн боловч, бичгээр татгалзал гаргаагүй. Шүүхийн хэлэлцүүлэг завсарласны дараа яагаад татгалзсан талаар тодруулахад прокурорын нөлөө байсан мэтээр тайлбарласан. Татгалзал хүртэл прокурортой холбоотой юм бол уу? гэх сэтгэгдэл төрж байна. Надаас татгалзаж байгаа бол гэрээ байгуулсан газраа ирж гэрээгээ дуусгавар болгох ёстой талаар хэлсэн. Ц.Э-ийг төлбөрөө төлөөгүй талаар ямар нэгэн зүйл яриагүй. Хавтаст хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ авагдсан байхад өмгөөлөгчид мэдэгдэхгүйгээр цагдаагийн газраас прокурорт, прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн нь учир дутагдалтай, оролцогчийн эрхийг зөрчсөн үйлдэл байна. Өмгөөлөгч миний хувьд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалахыг зорьсон. Эд мөрийн баримтыг хураан авах ажиллагааг прокурорын зөвшөөрөлтэй хийсэн мэтээр мөн Ц.Э нь сайн дураараа эд мөрийн баримтыг гаргаж өгсөн мэтээр тайлбарлаж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна. Прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй байна. Прокурорууд хэргийг прокурорт буцаасан тохиолдолд хийх ажиллагаа байхгүй мэтээр тайлбарлаж байна. Шүүгчийн захирамжид хийх ажиллагааны талаар тодорхой тусгасан байсан. Хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн асуудлаа засаж, хэргийн материалыг яллагдагчийн өмгөөлөгчид танилцуулах талаар тусгасан байсан. Хэргийн оролцогч уншиж, бичиж чадаж байгаа боловч өөрийн эрх ашгийг хамгаалах хэмжээний хуулийн мэдлэггүй, мэргэжлийн хууль хүн биш. Хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн эсэх асуудлыг харгалзан үзэх хэрэгтэй. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай. Шинэ цагийн эд зүйлийг хуучин цагийн эд зүйл гэж үнэлж байгаа тохиолдол их байгаа. Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

7. Яллагдагч Ц.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмж хэлэх тайлбар байхгүй гэв.

                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Завхан аймгийн Прокурорын газраас Ц.Э-ийг 2023 оны 04 дүгээр сард Завхан аймгийн ....... сумын ..... гэдэг нэртэй уулын энгэрт байх хиргисүүрийг ухаж НТӨ IV-I дүгээр зууны үед хамаарах 5-6 тэр бумын үнэлгээтэй хосгүй үнэт 5 ширхэг алтан олдворыг авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”Хууль бусаар археологи палеонтологийн хайгуул малтлага хийсэн” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч, хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзсэн шүүгчийн захирамжийн зарим хэсэг нь үндэслэлгүй байна гэж үзлээ. Тухайлбал:

1. Шүүгчийн захирамжийн 1 дэх хэсэгт заасан Ц.Э-ийн бусадтай бүлэглэн хиргисүүр ухсан 7 ширхэг эд зүйл ухаж авсан гэх мэдүүлгийн эх сурвалжийг тогтоолгүйгээр зөвхөн эд мөрийн баримтаар хураагдсан хөрөнгийн хэмжээнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг зөрчсөн” гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь: Хэрэгт яллагдагч Ц.Э-ийн мэдүүлгийг шалгаж гэрч Т.О-ыг асуусан. Мөн гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн олон нийтийн газар суурилуулсан камерын бичлэгийг шалгасан эсэхийг гэрч Д.Г, Э.Д нараас мэдүүлэг авч тодруулсан байна.

Түүнчлэн  Ц.Э-ийн мэдүүлгийг үндэслэн Б, Г гэх 2 хүнийг аман зургаар эрэн сурвалжилсан ба эрэн сурвалжлалтын үр дүнд Б, Г гэх хүмүүсийн талаар мэдээлэл олдоогүй болох нь Завхан аймгийн цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч З.Н, Завхан аймгийн ........ сумын хэсгийн төлөөлөгч Л.Э, Завхан аймгийн ......... сумын хэсгийн төлөөлөгч Ц.Г нарын илтгэх хуудсаар тогтоогдсон тул мөрдөн байцаалтын шатанд яллагдагчийн дээрх мэдүүлгийг хангалттай шалгасан гэж үзэхээр байна.

2. Шүүгчийн захирамжийн 2 дахь заалтад “тухайн 5 ширхэг эд зүйлийн үнэлгээг 5-6 тэрбум байна гэж үнийн дээд доод хязгаарыг нэг тэрбум төгрөгийн зөрүүтэй үнэлсэн байна. Гэмт хэргийн нотлогдвол зохих байдлын нэг болох хохирол хор уршгийн хэр хэмжээний интервал их хэмжээгээр зөрүүтэй байгаа тохиолдолд хохирлыг үнэн зөв тогтоосон гэж үзэх боломжгүй. Эд зүйлийн үнэлгээг дахин гаргуулах шаардлагатай” гэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт Ц.Э-ийн хиргисүүр ухаж авсан 5 ширхэг алтан олдворын үнэлгээг тогтоох зорилгоор 3 удаа шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд шүүх хэргийн нөхцөл байдал болон хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан дүгнэх замаар эд зүйлийн үнэлгээг дүгнэж шийдвэрлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл хиргисүүр ухаж авсан 5 ширхэг эд зүйл нь иргэний гүйлгээнд байдаггүй учраас тухайн эд зүйлийн үнэлгээг нарийвчлан тогтоох боломжгүй. Энэ ч утгаараа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.7-д Монгол банк Соёлын биет өвийн үнэлгээний журам аргачлалыг Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална гэж заасан тул тухайн эд зүйлийн үнэлгээг дахин нарийвчлан тогтоох шаардлагагүй байна. Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг 1, 2 дахь заалтад заасан үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй байна.

3. Харин шүүгчийн захирамжийн нэгжлэгийн явцад хураан авсан металл хайгчийн цагаан таваг, ......... нэртэй хар өнгийн жижиг аккумляторыг хураан авсан ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол байхгүй, мөн шар өнгийн хүрз, төмөр ломбо 1 ширхгийг хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг зөвшөөрөлгүй явуулсан нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад эд зүйл, баримт бичиг хураан авах ажиллагаа нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар прокурорын зөвшөөрлөөр явуулах мөрдөн шалгах ажиллагаанд хамаардаг.

Орон байранд нэгжлэг хийх ажиллагаа нь эд мөрийн баримт, бичмэл нотлох баримт байна гэх хангалттай үндэслэл байвал тэдгээрийг илрүүлэх зорилгоор хийгдэж байгаа ажиллагаа ба энэ ажиллагааны явцад хэрэгт ач холбогдол бүхий эд мөрийн баримт илэрсэн тохиолдолд мөрдөгч хойшлуулшгүйгээр хураан авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийг 2 дахь хэсэгт зааснаар тухайн ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар тайлбар нотлох баримтыг хүргүүлж, прокурор тайлбар нотлох баримтыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэнэ. Энэ зохицуулалтад нэгжлэг хийх явцад эд зүйлийг прокурорын зөвшөөрөлгүй хураан авах ажиллагаа хамаарна. Өмчлөгч эзэмшигч өөрөө эд зүйлийг гаргаж өгсөн тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүй эд зүйл баримт бичгийг хураан авах талаар зохицуулаагүй учир эд зүйл баримт бичиг хураан авах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3, 24.4 дүгээр зүйлд заасан нийтлэг зохицуулалтыг баримтална. Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна.

4. Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид заасан үндэслэлүүдээс гадна давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх явцад мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл яллагдагч Ц.Э нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өмгөөлөгч С.Ч-ийг сонгон авсан тухайгаа мөрдөгчид мэдэгдэж, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр С.Ч-той хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан байна. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгч нь “Шүүхийн өмнөх шат түүнчлэн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн ажиллагаа, бусад холбогдох байгууллагад үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөх”-өөр харилцан тохиролцсон байна. Гэтэл 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ц.Э-д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, түүнээс 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлэг авахдаа өмгөөлөгч авсан эсэхийг тодруулаагүй байна. Мөн яллагдагчийн өмгөөлөгчид шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлтийг, мөрдөн байцаалт дууссаны дараа хэргийн материалыг танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлттэй танилцах эрхийг, 27.2 дугаар зүйлд заасан шинжилгээ хийлгэх үед оролцогчийн эрхийг, 32.1 дүгээр зүйлд заасан хавтаст хэргийн материалтай танилцах эрхийг тус тус ноцтой зөрчсөн зөрчил гаргажээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулсны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Н.Б-ийн бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авахаар шийдвэрлэлээ.

Яллагдагч Ц.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЗ/264 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Н.Б-ийн бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаартай эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.

2. Яллагдагч Ц.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.АРИУНБАЯР

                                                                  ШҮҮГЧИД                                                    Б.НАМХАЙДОРЖ

                                                                                                                                       З.НАНДИНЦЭЦЭГ