Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2026/ДШМ/02

 

                                                                                  С.Б, Д.Д, Н.Б, Р.Г нарт холбогдох эрүүгийн

                                                                                                          хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Намхайдорж даргалж, шүүгч З.Нандинцэцэг, Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б

          Прокурор                                                                                 Ц.М

          Шүүгдэгч                                                                                  С.Б/цахимаар/

          Шүүгдэгч                                                                                  Д.Д

          Шүүгдэгч нарын өмгөөлөгч                                                Б.Б

          Шүүгдэгч                                                                                  Р.Г

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч С.БД.Д нарын өмгөөлөгч Б.Б-ын давж заалдах гомдлоор С.Б, Д.Д, Н.Б, Р.Г нарт холбогдох 2423000830146 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, .... оны 02 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн ...... сумд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ...... мэргэжилтэн мэргэжилтэй, “.......” ХХК-д ........ ажилтай, ам бүл 4, ээж, эгч дүүгийн хамт амьдардаг, Завхан аймгийн ..... сумын ...... баг, ........ 2 дугаар гудамж, 9 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ....... овогт Д-ын Д /РД:.........../

2. Монгол улсын иргэн, ... оны 06 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн .... сумд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Завхан аймгийн ...... сумын ...... багт малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн ....... сумын ......... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ....... овогт Р-ын Г /РД:............/

3. Монгол улсын иргэн, ....... оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн ........ сумд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эцэг, эх, ..-ийн хамт амьдардаг, Завхан аймгийн .......... сумын .......баг, ......... гудамж 12 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ........ овогт С-ын Б /РД:............./

4. Монгол улсын иргэн, ...... оны 05 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн ......... сумд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ........ мэргэжилтэй, Завхан аймгийн ......... сумын ............. ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 дүүгийн хамт амьдардаг Завхан аймгийн .......... сумын ...... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ....... овогт ........-ийн Б /РД: ............/.

Шүүгдэгч Н.Б, Р.Г нар нь бүлэглэн согтуурсан үедээ буюу 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнийн 05 цагийн үед Завхан аймгийн ......... сумын ........ багийн ....... 2 дугаар гудамжны ........ тоотод үйл ажиллагаа явуулдаг “.....” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна талбайд хохирогч С.Б-тэй үл ялих зүйлээс болж маргалдаж, Н.Б нь хохирогчийг 2 удаа өвдөглөж, цээж хэсэгт, толгойн хэсэгт гараараа цохиж, С.Б газарт байсан дугуйн дээр унасан байхад хөлөөрөө өшиглөж зодсон,  Р.Г нь хохирогчийн зүүн шанаанд гараараа цохисон үйлдлийн улмаас хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун төмсөгт зөөлөн эдийн няцрал, баруун чихэнд зулгаралт, зүүн бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Мөн шүүгдэгч Н.Б, Р.Г нар нь тухайн цаг хугацаанд хохирогч Д.Д-тай үл ялих зүйлээс болж маргалдаж, Н.Б нь хохирогчийн зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа, хамар хэсэгт нэг удаа гараараа цохиод, цээж хэсэгт 2-3 удаа өвдөглөсөн, Р.Г нь хохирогчийн духны зүүн дээд хэсэгт цохисон үйлдлийн улмаас хохирогч Д.Д-ын эрүүл мэндэд 6, 7-р хавирганы зөрүүгүй хугарал, духны хөндийн өмнөд ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, дух, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр зэргийн хохирол санаатай учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч С.Б нь ганцаараа согтуурсан үедээ буюу 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнийн 05 цагийн үед Завхан аймгийн .......... сумын ..... багийн .......... гудамжны ..... тоотод үйл ажиллагаа явуулдаг “.......” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна талбайд хохирогч Р.Г-тай үл ялих зүйлээс болж маргалдаж, хохирогчийн нүүр хэсэгт гараараа хоёр удаа цохиж, түүний эрүүл мэндэд доод эрүүний зүүн 3 дугаар шүдний ёзоор хэсэг хугарал гэмтэл бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч С.Б, Д.Д нар нь бүлэглэн, согтуурсан үедээ буюу 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнийн 05 цагийн үед Завхан аймгийн ....... сумын ....... багийн ........ гудамжны ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна талбайд хохирогч Н.Б-тай үл ялих зүйлээс болж маргалдаж, С.Б нь хохирогчийг гараараа цохиж зодсон, хөлөөрөө өшиглөсөн, Д.Д нь хохирогчийг заамдаж 2-3 удаа өвдөглөж, нүүр хэсэгт нь гараараа нэг удаа гараараа цохисон зэрэг үйлдлийн улмаас хохирогч Н.Б-ын эрүүл мэндэд тархи доргилт, толгойн хуйханд хаван, дээд уруулын дотор талд шарх, зүүн хацарт зулгаралт, баруун хацарт хаван, баруун гуянд зулгаралт, баруун тохой, баруун зүүн шилбэний хэсгээр зулгаралт гэмтэл бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Б, Р.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  бүлэглэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Н.Б, Р.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Д, С.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2-т заасныг журамлан шүүгдэгч Н.Б, Р.Г нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялыг 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нийт 3,200,000 төгрөгөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Н.Б, Р.Г нарт оногдуулсан нийт 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 /нэг/ жилийн хугацаанд, шүүгдэгч Д.Д, С.Б нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Р.Г, Д.Д, С.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, шүүгдэгч Н.Б, Р.Г, Д.Д, С.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Н.Б-аас машины шилний үнэ нийт 290,000 төгрөгийг  гаргуулж хохирогч С.Б-т олгож, шүүгдэгч С.Б, Д.Д нараас сэтгэцэд учирсан хохирол 3,293,400 төгрөгийг  гаргуулж хохирогч Н.Б-т, шүүгдэгч Н.Б, Р.Г нараас сэтгэцэд учирсан хохирол 3,293,400 төгрөгийг  гаргуулж Д.Д-т олгож, Завхан аймгийн Эрүүл мэндийн даатгалын сан болон хохирогч Н.Б, Р.Г, Д.Д, С.Б нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шүүгдэгч Н.Б, Р.Г, Д.Д, С.Б нарт өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б, Д.Д нарын өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Миний бие Б.Б нь Н.Б нарт холбогдох эрүүгийн 2423000830146 дугаартай хэрэгт С.Б, Д.Д нарын өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр 17-ны өдрийн 2025/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолыг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд тохирсон дүгнэлт хийгээгүй миний үйлчлүүлэгч нарыг гэм буруутай гэж үзсэн. Мөн бүлэглэн бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэж зүйлчилсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байх тул дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр 17-ны өдрийн 2025/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Б, Д.Д нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна... гэжээ.

Шүүгдэгч С.Б, Д.Д нарын өмгөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаанд С.Б, Д.Д нарын өмгөөлөгчөөр оролцож байна. 4 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх С.Б, Д.Д нарыг бүлэглэж, Н.Б-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн дүүрэн тогтоогддоггүй. С.Б, Н.Б нар хоорондоо маргалдсан байдаг. Маргаан болсны дараа Н.Б машиндаа суух гэж байхдаа Д.Д-ын биед халдсанаар зодоон эхэлсэн. Гэрч нарыг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулж мэдүүлэг авахад С.Б, Д.Д нарыг бүлэглэж, Н.Б-ыг зодсон талаар харсан гэрч байгаагүй, Н.Б-ын мэдүүлэгт энэ талаар тусгагдсан байдаг. С.Б, Д.Д нар нь бүлэглэн Н.Б-ын биед халдан хохирол учруулсан гэдэг нь үндэслэлгүй. Хоёрт, Р.Г-ын биед учирсан гэмтэл эргэлзээтэй. 2024 оны 06 дугаар сарын     07-ноос 08-нд шилжих шөнө тухайн зодоон болсон. ........ сумын нэгдсэн эмнэлэгт С.Б., Д.Д нар нь үзлэг хийлгэсэн. Н.Б хэзээ эмнэлэгт үзүүлсэн нь эргэлзээтэй байдаг. Эмнэлэгт 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үзүүлсэн гэх бичиг байгаа боловч энэ нь үнэн эсэх нь эргэлзээ төрүүлэхээр байна. Сумын хүн эмнэлэгтээ хандахгүйгээр Завхан аймгийн ....... сумын ........ буюу хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн баримт байдаг. Шинжээч дүгнэлтдээ Р.Г-ын биед хэзээ гэмтэл үүссэнийг тогтоох боломжгүй гэж бичсэн байдаг. Шүдний хугарал хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан. Р.Г нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр эмнэлэгт үзүүлсэн байдаг. 2024 оны 06 дугаар сараас 10 дугаар сар хүртэл нийт 4 сарын хугацаанд гэмтэл үүссэн байх боломжтой бөгөөд үүнийг шинжээч тогтоох боломжгүй гэж дүгнэсэн. Шинжээч тогтоох боломжгүй гэж дүгнээд байхад, зодооны улмаас үүссэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж дүгнэснийг үндэслэлгүй, эргэлзээтэй гэж үзэж байна. Хэргийн бодит байдалд эргэлзээ үүссэн тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг үндэслэн С.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгож өгнө үү. С.Б, Д.Д нар нь бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Гуравдугаарт, сэтгэцэд учирсан хохирлын зэргийн тухайд, шүүгдэгч нарын сэтгэцэд учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилсон. Р.Г, С.Б нарт сэтгэцэд учирсан хохирол тогтоогдоогүй. Д.Д Н.Б нарын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр зэргийн хохирол тус тус учирсан гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Сэтгэцэд учирсан сэтгэл санааны хохирлыг тогтоохдоо тухайн хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэгтэй уялдуулан ялгамжтай тогтоох ёстой гэж үзэж байна. Н.Б-ын эрүүл мэндэд хөнгөн, Д.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхад сэтгэцэд учирсан хохирлыг адил хэмжээгээр тогтоосон нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч, биед учирсан гэмтлийн зэргийг харгалзан ялгамжтай тогтоох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэгчийн асуудлыг шүүх зөв дүгнэсэн. Р.Г-ын эмнэлэгт үзүүлсэн баримтыг харахад, эмнэлэгт үзүүлэхдээ бөөр өвдсөн гэж эмнэлэгт хандсан байсан. Шүдний гэмтэлтэй холбоотойгоор эмнэлэгт эмчилгээ хийлгээгүй тул анхан шатны шүүх энэ асуудлыг хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлтэй. С.Б нь Р.Г-ын биед хөнгөн хохирол учруулсан нь эргэлзээгүй, тогтоогдохгүй, үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч С.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч Р.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б, Д.Д, Н.Б нарыг зодолдохоор нь салгасан. Зодоонд ямар нэгэн байдлаар оролцоогүй. Би өөрийгөө хохирогч гэж бодож байна гэв.

Прокурор Ц.М давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Тухайн гэмт үйлдэл нь Завхан аймгийн ......... сумын ..... багийн нутаг .... тоот хашаанд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрт 2025 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнийн 05 цагийн үед болсон. Р.Г, С.Б, Д.Д, Н.Б нар нь бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо зодолдсон. Шинжээчийн дүгнэлтээр Н.Б, С.Б, Р.Г нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Д.Д-ын биед хүндэвтэр зэргийн хохирол учирсан нь тогтоогдсон. Шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчлэхдээ шинжээчийн дүгнэлт, хэн хэндээ ямар хохирол, хэрхэн хохирол учруулсан талаарх нотлох баримтыг үндэслэл болгосон. Б.Б өмгөөлөгч С.Б, Д.Д нар нь бүлэглэж, Н.Б-ын биед хөнгөн зэргийн хохирол учруулсан үйлдэл байхгүй гэж үзэж байгаа боловч хохирогч Н.Б-ын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн өгсөн мэдүүлэгт “...тэгээд би түүнтэй барьцалдаж аваад зогсож байтал тэр 2 нийлээд намайг зодсон. Тэр хоёртой нилээн зууралдаж, зодолдсон бөгөөд С.Б гутлынхаа түрийнээс  хутга гаргаж ирээд би та нарыг бүгдийг чинь ална гээд хутга эргүүлсэн” гэж мэдүүлдэг. Хохирогч Н.Б-ын дээрх мэдүүлэг нь гэрч н.О-ийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлгээр нотлогддог. С.Б, Д.Д нар нь намайг зодсон. Газар унагаагаад өшиглөсөн. Эдгээр 4 шүүгдэгч, хохирогч нар хэн нь хэнийг хэдэн удаа цохисон, хэн хэнтэйгээ бүлэглэсэн, хэн нь хэндээ хохирол учруулсныг шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгийг үнэлэн хэргийг зүйлчилсэн. С.Б, Д.Д нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Р.Г, Н.Б нарын биед хөнгөн зэргийн хохирол учирсан. С.Б, Д.Д нар нь хоорондоо зодолдоогүй, хамт явсан найзууд. Харин Р.Г, Н.Б нар нь тухайн дэлгүүрт архи ууж байсан. Хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгсөн гэрч н.О-ийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар С.Б, Д.Д нар нь бүлэглэн Н.Б-ын биед хөнгөн зэргийн хохирол учруулсан нь тогтоогдсон. Анхан шатны шүүхээс С.Б, Д.Д нар нь бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн. С.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй. Д.Д, С.Б нар нь бүлэглэн Н.Б-н биед хөнгөн зэргийн хохирол учруулсан, мөн Р.Г-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан. Р.Г нь С.Б намайг удаа дараа цохисон гэж мэдүүлдэг. Гэмт хэргийн улмаас Д.Д, Р.Г нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг ижил хэмжээгээр тогтоосон учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:          

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д, С.Б, түүний өмгөөлөгч Б.Б нарын гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

3. Шүүгдэгч Н.Б, Р.Г, С.Б, Д.Д нар нь согтуурсан үедээ буюу 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнийн 5 цагийн үед Завхан аймгийн ........... сумын ......... багийн ........... гудамжны ........ тоотод үйл ажиллагаа явуулдаг “.........“ нэртэй хүнсний дэлгүүрийн гадна талбайд үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо маргалдаж, харилцан зодолдсоны улмаас шүүгдэгч Н.Б, Р.Г нарын үйлдлээс С.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол, Д.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол, шүүгдэгч С.Б-ийн үйлдлийн улмаас Р.Г-ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол, шүүгдэгч С.Б, Д.Д нарын үйлдлийн улмаас Н.Б-н эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол тус, тус учирсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан

 “хохирогч С.Б-ийн “...Тэгсэн чинь Н.Б ах Д-ыг машин руугаа ирж явах үед нь баруун гараараа Д-ын нүүр хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би машинаасаа бууж очоод  Н.Б ахыг яагаад манай найзыг зүгээр байхад цохиод авав гэж хэлсэн чинь намайг миний дүү байж бай гээд дэлгүүрийн худалдагч С, Р.Г-ын эхнэр хоёр намайг барьж авсан. Тэгсэн чинь Н.Б ах, Д нар хоорондоо ноцолдоод газар уначихсан. Д дээр нь гараад суучихсан би таныг цохиогүй байх үед яагаад намайг цохиж байгаа юм гэж хэлээд гарыг нь дараад дээр нь сууж байсан. Тэгээд Н.Б ах болон Д нар нэлээд зодолдсон... М буюу Г шууд чи муу шээс яах гээл байгаа юм гэж хэлээд гараараа миний зүүн талын шанаа хэсэгт 1 удаа цохисон. Тэгэхээр нь би та яаж байгаа юм бэ гээд маргалдсан...

Тэгээд би очоод Н.Б ахад та яаж байгаа юм бэ? гэж хэлээд Н.Б ах бид хоёр заамдалцаж аваад хэсэг ноцолдоод бид хоёр хоорондоо хэд хэдэн удаа цохилцсон...Н.Б нь над руу чи муу писда юу юм гэж хэлээд дайраад байсан тэгсэн М буюу Р.Г гэх залуу гартаа юм барьчихсан над руу гүйгээд ирж байсан. Тэгэхээр нь би зугтчихсан. Тэгсэн миний араас Н.Б ах, М буюу Р.Г гэх залуу нар гүйгээд ирж байсан. Тэгээд би хэсэг зугтаж байгаад эргээд хартал Н.Б ах, М, нар тухайн хүмүүс дэлгүүрийнхээ үүдэнд машиныхаа хажууд намайг хараад зогсож байсан. Тэгээд би машиныхаа түлхүүрийг үзэх гээд халаасандаа гараа хийтэл миний морь хатгаж байсан тонгорог хутга байсан. Тэгэхээр нь би биеэ хамгаалах гээд хутгыг бариад тухайн хүмүүс дээр очоод надад хутга байна шүү гэж хэлээд айлгасан чинь тухайн хүмүүс дэлгүүр лүү орцгоосон...Н.Б ах дэлгүүрээс алх барьж гарч ирээд миний машины урд салхины шилийг хага цохичхоод яваад өгсөн. Тэгэхээр нь би машинаас буугаад Н.Б ах дээр очоод яагаад машины цонх хагалж байгаа юм гэж хэлээд зогсож байтал М буюу Р.Г гэх залуу Н.Б ах бид хоёр руу ирж явсан. Тэгээд би Н.Б ахтай маргалдаад зогсож байтал миний толгойны баруун хойд хэсэгт цохих шиг болсон тэгээд би ухаан алдчихсан байсан. ...Р.Г намайг хамгийн эхлээд миний нүүр хэсэгт 1 удаа гараараа цохисон. Харин Н.Б ах миний гэдэс хэсэгт 2 удаа өвдөглөсөн, цээж хэсэгт гараараа 1 удаа цохисон, толгой хэсэгт гараараа 1-2 удаа цохисон. Би ухаан ороод аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэрэх үедээ харахад миний баруун чихний ар хэсэгт шалбарсан, цээж хэсэг өвчинтэй, зүүн гарын булчин хойд хэсэг хөхөрсөн, төмсөг хавдчихсан юм шиг томорсон байсан. Н.Б ах Д.Д-ыг нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохисон мөн цээж хэсэгт нь 2-3 удаа өвдөглөсөн. Тэгээд хүмүүс салгаж байх үед Д.Д-ын толгой хэсэгт гараараа саваад хэд хэдэн удаа цохисон. Д.Д-ын хамраас нь цус гарчихсан толгойгоо барьчихсан байсан. Д.Д бол Н.Б, Р.Г нарыг цохиж зодсон зүйл байхгүй. Харин би Н.Б ахтай ноцолдож байгаад Н.Б ахын цээж хэсэгт нь гараараа 2 удаа цохисон. ...Би аавынхаа эзэмшлийн ..... УАВ улсын дугаартай ...... маркийн машинтай явсан. Тухайн машины урд талын салхины шилийг Н.Б ах алхаар цохиод хагалчихсан. ...эрүүл мэнд, эд хөрөнгөтэй холбоотой мөнгөн дүнг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлгээр, 

Хохирогч Д.Д-ын “...Тэгсэн чинь Н.Б урдаас хүрч ирээд шууд намайг гараараа миний зүүн шанаа хэсэгт 1 удаа цохисон. Тэгэхээр нь би та яаж байна аа юу болж байгаа юм гэж хэлээд Н.Б ахын 2 гарыг барьж аваад тэвэрч аваад ноцолдож байгаад Н.Б бид хоёр хамт газарт унасан. Тэгээд би Н.Б-ын дээр хоёр гарыг нь барьж суугаад та яагаад намайг цохиж байгаа юм бэ? Та бид 2 нэгнийгээ цохих шалтгаан байхгүй шүү дээ гэж хэлээд байж байтал Р.Г гэгч миний араас ирээд толгойн духны зүүн дээд хэсэгт юмаар цохих шиг болсон. Тэгээд би гараараа толгойгоо барих үед Н.Б ах миний урдаас гараараа миний хамар хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд би тэрнээс ухаан санаа балартаад дэлгүүрийн хажуугийн хашааг налаад толгойгоо бариад сууж байсан. Тэрнээс хойш юу болсон талаар би сайн мэдэхгүй байна намайг хашааны хажууд сууж байхад хүмүүсийн орилох хашхирах чимээ сонсогдож байсан. Тэгээд нэг мэдсэн С.Б намайг явъя гэж хэлээд машиндаа суулгасан. ...Тэгсэн Н.Б дэлгүүрээс алх барьчихсан гарч ирээд жолоочийн урд талын салхины шилийг хагалчихсан. Тэгсэн С.Б машинаасаа буугаад яаж байна аа гэж хэлээд машины ар хэсэг рүү явчихсан. Би машин дотор 1 минут орчим сууж байгаад гарч ирэх үед машины хойно байсан дугуйны бакришикны дээр С.Б дээшээ хараад уначихсан Н.Б, Б-ийн дээрээс өшиглөж байсан. Харин Р.Г гэгч нь хажууд нь зогсож байсан бөгөөд намайг хараад Р.Г гэх хүн одоо энийг нь алчихъя гэж хэлээд над руу ирэхээр нь би зугтаагаад машиндаа суугаад сумынхаа цагдаа руу очоод дуудлага өгсөн...Миний эмчилгээ үйлчилгээтэй холбоотой надаас 1,500,000 төгрөгийн хохирол учирсан байна. Мөн би сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлгээр,

 Хохирогч Н.Б-ын  “...Харин намайг дэлгүүр орох гэсэн чинь Д.Д миний хойноос татаад ахаа уулзаадахъя гээд бариад авсан, тэгээд намайг Д нь заамдаж чирээд, Б нь хойноос түлхээд намайг дэлгүүрийн араар оруулсан. Д надад хандаад та яахлаараа манай найзыг дарамталдаг юм гэх зэрэг зүйл яриад хэсэг зогсоцгоосон. Ах нь та нарыг дарамталсан зүйл байхгүй, ахын хоёр дүү одоо явчих гэсэн Б нь цаашаа машин руугаа явсан, харин Д нь намайг заамдаад тавихгүй байсан бөгөөд тэр үед намайг 2-3 удаа өвдөглөсөн. Тэгээд Б нь Д-ыг явъя гэж дуудаад байсан болохоор нь чамайг найз чинь явъя гээд дуудаад байна шүү дээ, одоо явчих гээд өөрөөсөө холдуулаад түлхсэн чинь та яахаараа намайг түлхдэг юм гээд нэг удаа нүүр рүү гараараа цохисон. Тэгээд би түүнтэй барьцалдаад автал Б буцаж ирээд тэр хоёр нийлээд намайг зодсон. Тэр хоёртой хэсэг зууралдаж зодолдсон бөгөөд тухайн үед Б гутлынхаа түрийнээс хутга гаргаж ирээд би та нарыг бүгдийг чинь ална гэхлээр нь зугтаад дэлгүүр рүү орсон ...Харин Д.Д-тай би урьд өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй, С.Б-ийг л өмөөрөөд байгаа бололтой л намайг ална хядна гээд дайраад байсан. Би С.Б, Д.Д нартай ноцолдож цохилцсон, гэхдээ тэр хоёр нийлж намайг илүү зодсон. Би яг хэн хэнийх нь биеийн аль аль хэсэгт юугаар хэдэн удаа цохисон болохоо сайн санахгүй байна. Нийлээд л намайг өшиглөж цохиод байсан учраас өөрийгөө хамгаалах зорилгоор урдаас нь эсэргүүцэл үзүүлсэн. С.Б, Д.Д нар намайг зодсон, газар унагаж өшиглөсөн. Тухайн үед миний нүүр нүд хөхөрсөн, толгойн хэсэгт олон газар хавдсан, хоёр хөлийн шилбэ зулгарч шархалсан байсан. С.Б, Д.Д нарын хэн хэн нь хэдэн удаа хаана, хаана өшиглөж, цохисон болохыг мэдэхгүй байна. Би Р.Г-ыг С.Б, Д.Д нарыг цохиж зодож байгааг хараагүй. Би С.Б, Д.Д нар Р.Г-ыг цохиж зодож байгааг хараагүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр,

Хохирогч Р.Г-ын “...Манай нутгийнхан намайг М гэж дууддаг. 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 04-05 цагийн үед байсан шиг санагдаж байна, би Завхан аймгийн .... сумын төв дээр ....-гийн дэлгүүр дотор Н.Б-тай хамт архи уугаад байж байтал Н.Б гадагшаа гарчхаад орж ирэхгүй удаад, Б гаднаас намайг аллаа, амь авраарай гээд орилсон, тэгэхлээр нь дэлгүүрээс гарсан чинь Б-г зүс танихгүй хоёр залуу зодчихсон байсан. Намайг гараад очиход нүдний шилтэй залуу нь хутга барьчихсан Б-ыг ална гээд дайрахаар нь би дундуур орж тэр залууг цохиод гараас нь хутгыг нь булааж авах гээд хөөж байхад нөгөө залуу надаас зугтаад ухарч байгаад хойд талдаа дугуйнд тороод уначихсан, тэгсэн хүмүүс гарч ирээд бид нарыг тараасан. Би нэлээн согтчихсон байсан бөгөөд өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан гэж бодож байна. Миний тухайд С.Б, Д.Д нартай маргалдаж муудалцаагүй. Харин Б тэр хоёр залуутай маргалдсан байсан. Би нүдний шилтэй байсан нэг залуу (С.Б)-ийн нүүр хэсэг рүү нь 2 удаа гараараа цохисон, тэгсэн тэр залууг хутгаа бариад цааш зугтахаар нь хутгыг нь булааж авах гээд хойноос нь хөөсөн. Өөр хэн нэгнийг би цохиж зодоогүй. Хутга барьчихсан байсан залуу миний нүүр рүү нэг удаа цохисон, өөр хэн нэгэн намайг цохиж зодоогүй. Миний доод эрүүний 1 шүд хөдөлсөн. Би шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулна. Н.Б нь С.Б, Д.Д нарыг цохиж зодож байгааг хараагүй, харин алх барьчихсан тэр хоёр залуугийн машиных нь цонхыг цохиж хагалж байгааг харсан. Би С.Б, Д.Д нарыг Н.Б-ыг цохиж зодож байгааг нь нүдээрээ хараагүй, харин намайг дэлгүүр дотор байхад Б намайг аллаа, амь авраарай гээд орилохоор нь гарахад нь Н.Б-ын хөлд нь шалбарсан шарх үүссэн, хацар нь бага зэрэг хавдчихсан байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч В.С-ийн “... Тэгээд О, Г түүний эхнэр О бид гурав сууж байхад Н.Б дээгүүрээ шалдан футболкоо тайлчихсан нүүр нь халцарчихсан. Дэлгүүрт орж ирээд пиздаа нар чинь зоддог гэж байна шүү дээ хоёр гөлөг чинь гэж хэлээд орж ирсэн. Тухайн үед С.Б болон Д.Д нар нь дэлгүүрийн гадаа хүрээд ир чи гээд зогсож байсан. Тэгсэн Н.Б нь буцаж дэлгүүрээс гарч яваад С.Б-тэй барьцалдаад зогсож байхад Д.Д нь хажуугаас нь орохоор нь бид нар дундуур нь ороод С.Б-ийг салгаад Д.Д болон Н.Б нар барьцалдаж зогсож байгааг салгаад манай хашаа руу ороод хашаан дотор байж байсан алх авч гарч ирээд С.Б, Д.Д нарын унаж явсан машины урд талын шилийг алхаар цохиж хагалсан. С.Б өмсөж байсан цамцны кармааг ухаж байснаа гутлын түрүүнээсээ хутга гаргаж ирээд ойртуул та нарыг хутгалж ална шүү Н.Б-ыг шаагаад ална гээд байсан. Тэгээд Н.Б-ыг дахиж С.Б рүү ойртуулаагүй. Тэгээд С.Б нь Г-тай муудалцаад зогсож байсан. Р.Г болохоор яасан овоо пиздаа вэ? Чи наад хутгаа хаячих гэж хэлээд манай дэлгүүрийн үүдэнд байсан том машины дугуйг тойроод байсан. Тэгээд Н.Б болон Д.Д хоёр хоорондоо дээр доороо гараад ноцолдож байхад эхнэр нь дундуур нь орчихсон хоёр тийш нь болгосон. Тэгээд М руу эргээд харахад С.Б нь дэлгүүрийн хажуу талын машины дугуй дээр дээшээгээ хараад уначихсан Р.Г-тай маргалдаад байж байсан. Р.Г-ыг эхнэр О нь барьчихсан цааш нь түлхээд байж байсан. Удалгүй манай охин гэрээс гарч ирээд ээж ус аваад ирээч энэ хүн чинь ухаан алдчихсан байна гэхээр нь С.Б гэгч хүний дээрээс нь ус тургисан чинь эхэндээ хөдөлж байгаад сүүлд нь хөдлөхөө больчихсон дээрээс нь ус хийхээ болиод байж байтал цагдаа, эмч нар ирчихсэн. Эмнэлэг рүү Б-ийг аваад явсан. Тэр талаар бол би сайн мэдэхгүй байна. С.Б нь Н.Б-тай барьцалдаад зогсож байсан. Намайг дэлгүүрээс гарахад С.Б болон Д.Д нар нь Н.Б-ыг доороо оруулчихсан байсан. Тэгээд эхнэр нь гарч ирээд салгасан. Дараа нь С.Б хутга гаргаад ирсэн байж байсан. Д.Д болон Н.Б нар нь хоорондоо барьцалдаж аваад дээр доороо ороод байсан. Яг нэг нэгийгээ цохисон үйлдэл бол байхгүй. Р.Г нь болохоор Д.Д рүү миний нүдээр харахад л ойртоогүй. С.Б хутга барьчихсан. Г нь урд нь муудалцаад зогсож байх хооронд Н.Б болон Д.Д нар барьцалдаад дээр доороо ороод байж байсан. Д.Д болон С.Б нар нь Н.Б-ыг доороо оруулчихсан байж байсан. Цохиж зодсон талаар нь бол би мэдэхгүй байна. Н.Б-ын нүүр хэсэг нь зулгарчихсан хоёр хөл нь өвдөгнөөсөө доош нэлээд шалбарчихсан улаан эрээн болчихсон байсан. Би С.Б-ийн дээрээс ус хийхэд С.Б-ийн нүүр хэсэгт лав ямар нэгэн гэмтэл байгаагүй. Өөр хаана хаана нь ямар гэмтэл үүссэн талаар нь би мэдээгүй. Р.Г бол ямар нэгэн шарх, сорив байгаагүй. Тэгээд Р.Г хэлэхдээ С.Б хойшоогоо ухарч байгаад машины дугуйнд өөрөө тээглээд уначихсан гэж надад хэлж байсан. Түүнээс бол цохиж зодсон зүйл би хараагүй. Манай “...” хүнсний дэлгүүр гадна талдаа хяналтын камер байхгүй. С.Б болон Д.Д хоёр бол сайн согтуу байсан. Харин Н.Б болон Р.Г нар нь манайд орж ирэхдээ халамцуу байсан. Яг тухайн асуудал болох үед нэлээд согтуу байсан.” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Б.Б-ын  “...2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр О эгч над руу залгаад дэлгүүр лүү чинь ормоор байна гэхээр нь би ээжид хэлчхээд унтчихсан юм. Тэгээд үүрээр манай гадаа хүмүүс орилоод байхаар нь би сэрээд босоод дэлгүүр лүүгээ ороход дэлгүүрийн хаалга цоожтой байхаар нь гэрээрээ гарах гэсэн чинь гэрийн хаалга бас цоожтой байсан. Тэгээд дэлгүүрийн цонхоор хараад байж байхад С.Б нь гартаа хутга барчихсан ойртуул бүлнэ шүү гээд орилоод байж байсан. Тэгээд нөгөө хажууд нь байгаа хүмүүс нэлээд зайтай байж байсан. Манай ээж, О эгч, О эгч нар тайвшруулаад байж байсан. Тэгэхэд С.Б нь машин руугаа очоод жолоочийн ард талд суучихсан. Д.Д нь болохоор жолоочийн суудлын хажуу талд суучихсан байсан. Тэгээд хажууд нь О эгч эгчийн хоёр дүү одоо ингээд явчих гээд гуйгаад байж байсан. Тэгээд байж байтал гадна талаас Н.Б ах Г ах хоёр манайд ороод ирсэн. Н.Б ах болохоор цээжээрээ хувцасгүй доогуураа шорттой хоёр өвдөг нь халцраад зулгарчихсан байсан. Тэгээд Г гэдэг ах манай гэрээс дэлгүүрийн хаалгаар гараад явсан. Н.Б ах гарах гээд байхаар нь би гаргахгүй байсан чинь гэрийн хаалгаар гараад хашаагаар гарсан. Тэгэхээр нь би цонхоор харж байхад манай хашааны цаад талд нь тулчихсан хоорондоо барьцалдаад ноцолдоод байх шиг байсан. Надад хэн хэн нь яаж байгаа нь харагдахгүй байсан. Манай ээж, О нарын дуунууд нь хадаад орилолдоод байсан. Тэгээд намайг гүйгээд гэрээс гарахад Д.Д нь машин унаад хойшоогоо яваад өгсөн. С.Б нь болохоор дэлгүүрийн хажуу талын машины дугуй дээр нуруугаараа дээшээгээ хараад уначихсан байсан. Н.Б ахыг эхнэр О нь цааш нь түлхээд манай дэлгүүр лүү оруулсан. Г ахыг бас эхнэр нь дэлгүүр лүү оруулсан. Би болохоор С.Б гэдэг ахыг сэрээх гээд толгойноос өргөөд ээжээс ус авхуулаад нүүрэн дээр нь цацахад ерөөсөө хөдлөхгүй. Нүд нь хөдлөөд байсан. Тухайн үед амьсгалаад байсан. Тэгээд сумын цагдаа руу дуудлага өгсөн. Тэр талаар би мэдэхгүй. Намайг гэрээс гарахад С.Б нь машины дугуй дээр дээшээгээ хараад уначихсан байсан. Н.Б ахын хоёр өвдөг нь гарын тохой, хацар нь газар чирэгдсэн гэмээр зулгаралт байсан. С.Б ахын биед ил харагдах цустай, хөхөрсөн хавдсан зүйл надад анзаарагдаагүй. Д.Д ахын биед ямар гэмтэл учирсан талаар нь би мэдэхгүй байна. Ер нь бол тэр зодооны талаар огт мэдэхгүй. Хамгийн сүүлд С.Б гэдэг ах дээр очоод хөдөлгөхөд архи үнэртэж байсан. Тэр хэд ер нь согтуу байсан...” гэсэн мэдүүлгээр,

 Гэрч Ж.Ц-ын “...2024 оны 06 дугаар сарын 08-ны өглөө 05 цагийн үед ...би алсын дуудлагын эм тариагаа аваад Р.Б-ын машинд суугаад тухайн газар очсон. Тухайн үед С.Б нь тус сумын хайрхан 5-р багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг “........” нэртэй хүнсний дэлгүүрийн зүүн талын машины дугуйн дээр дээшээ харсан байдалтай байсан. Тухайн үед С.Б нь ухаангүй байдалтай байсан. С.Б гэгч иргэнд яаралтай тусламж үзүүлж, эрүүл мэндийн төв рүү зөөвөрлөж, жижүүр эмчийг дуудаж хүчилтөрөгч өгөөд байж байтал жижүүр эмч ирж, С.Б-ийг үзэж эмчилгээ хийсэн. Тухайн үед Д.Д өөрийн хөлөөр алхаж орж ирээд эмнэлгийн шал дээр хэвтээд хамаг бие өвдөөд байна. Толгой их өвдөж байна гэж хэлсэн. Жижүүр эмч тухайн иргэнийг  орон дээр хэвтүүлж эмчилгээ хийсэн. Дараа нь их эмч  3.С-ыг дуудаж тухайн хоёр иргэнд эмчийн заалтаар эмчилгээ хийж эхэлсэн. Тухайн үед манайд Эрдэнэт хотоос эмийн санд түр орон тоогоор ажиллаж байгаа Д эмч байсан. Тухайн эмчээр ЕХО-д харуулсан. Дуудлагаар анх очиход С.Б гэгч хүний цээж хэсэг нойтон, биеийн хүйс хэсэгт жижиг үйрмэг шил байсан. Мөрнөөс нь базсан бололтой хумсны зулгаралт байсан. Баруун талын чихний ар хэсэгт хөхөрсөн, хувцас нь тоос шороо болсон байсан. Д.Д нь эмнэлэг рүү орж ирэхэд дух хэсэг нь шалбарч улайсан. Цус гоожсон бололтой байсан. Ам шүд нь цус болоод хатсан байсан, хоёр гараараа цусаа арчсан гэмээр гар хуруу нь цус болсон байсан. Зүүн гарын тохой хэсэг нь бага зэрэг зулгарсан байсан. Тухайн үед Н.Б гэгч хүний хоёр хөлийн шилбэний хянга нь булгарсан байсан. М гэгчид ямар нэгэн гэмтэл байсан талаар би мэдэхгүй. Тухайн үед бүгд нэлээд согтуу байсан...” гэсэн мэдүүлгээр,

 Гэрч Ц.Ц-ын “...2024 оны 6 дугаар сарын 08-ны өглөө үүр цайж байхад гадаа гудамжинд хүмүүс хоорондоо маргалдаад хүмүүсийн дуу чангараад зодолдоод байх шиг байсан. Тэгсэн манай нөхөр унтаж байгаад босоод гадаа гараад орж ирэхдээ хувцсаа түргэн өмсөөд С.Б юм шиг байна гэж надад хэлэхээр нь манай төрлийн хүүхэд болохоор хувцсаа өмсөөд гэрээсээ гүйгээд гарсан чинь Ш гэгч хүний дэлгүүрийн хажуу талын өнцөг дээр ягаан өнгийн дээлтэй хүн хэвтэж байхаар нь би ойртоод харахад С.Б байсан. Тэгээд Ш буюу Б гэгч хүний эхнэр С нь өөрийн охин Б-той дээрээс нь ус асгаад зогсож байсан юм. Тэгэхээр нь би, та нар яаж байна аа. Цагдаа, эмч нараа дуудаач гэж хэлсэн. Тэгээд Ш гэгч хүний эхнэр С-д чи хүний ээж хүн байж, хүний дээрээс ус асгаад сэрээгээд байж байхаар цагдаа эмч нараа дууд гэж хэлсэн. Тухайн үед Н.Б-н эхнэр О С.Б-ийн цээжинд дээр нь дараад массаж хийчихсэн байж байсан. ...Намайг очиход С.Б гэгч хүүхдийн баруун талын шанаа, хэсэг нь улайчихсан байсан. Дараа нь эмнэлэг дээр очиход баруун талын мөр хавдаад хөхөрчихсөн байсан. Мөн бэлэг эрхтнээс нь цус гараад байсан. Намайг очиход Д.Д гэгч хүүхдийн духны гол хэсэг болон хамар нь шалбарч улайгаад цус болчихсон байсан. Өөр юм би мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Р.Б-ын “...2024 оны 6 дугаар сарын 08-ны өглөө гэгээ орчихсон байсан, гудамжинд 4-5 хүнд хоорондоо хэрэлдэж, маргалдаад байхаар нь би 5-10 минутын дараа гэрээсээ гарахад Б буюу Ш гэгч хүний дэлгүүрийн гадаа С.Б гэдэг залуу том машины дугуй дотор дээшээ хараад ухаан алдсан байдалтай байсан. Тухайн үед Ш гэгч хүний эхнэр С охинтойгоо, О нар нь футболкийг нь тайлаад цээж, нүүр лүү нь ус цацаад байж байсан. Намайг очиход С.Б ухаангүй байсан юм. Тэгээд би Ш буюу Б гэгч хүний дэлгүүрийн хаалгыг нь цохиод дуудахад хаалга онгойлгож өгөхгүй байсан. Би буцаад хашаа руугаа ороод машинаа асаагаад цагдаа болон эмнэлгийн байгууллагад тухайн асуудлаар хандсан. Дараа нь эмнэлэгт очсоны дараа нь харахад баруун талын шанаа хэсэгт бага зэрэг хавдаж хөхөрсөн байсан. Мөн төмсөг нь хавдартай байсан. Өөр ямар нэгэн гэмтэл мэдэгдээгүй...” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Н.Б, Р.Г нарын үйлдлийн улмаас хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ЕГ0525/285 дугаартай дүгнэлт,

Мөн шүүгдэгч Н.Б, Р.Г нарын үйлдлийн улмаас хохирогч Д.Д-ын эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ХОВ0525/018 дугаартай дүгнэлт,

Шүүгдэгч С.Б, Д.Д нарын үйлдлийн улмаас хохирогч Н.Б-ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 000000296 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Шүүгдэгч С.Б-ийн үйлдлийн улмаас хохирогч Р.Г-ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 000000410 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, дэлгүүрийн дотор талын хяналтын камерын 09 цаг 37 минутаас 06 цаг 49 минутын хоорондох бичлэгийн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

4. Хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг давхар нотолсон шинжтэй байна.

5. Шүүгдэгч С.Б, Д.Д нарын өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ” ...Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд тохирсон дүгнэлт хийгээгүй, Миний үйлчлүүлэгч нарыг гэм буруутай гэж үзсэн, мөн бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэж зүйлчилсэн нь хуулийг буруу тайлбарласан, Учир нь, шүүгдэгч С.Б, Д.Д нар нь бүлэглэн Н.Б-ын биед халдан хохирол учруулсан гэдэг нь үндэслэлгүй байна, Мөн Р.Г нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр эмнэлэгт үзүүлсэн байдаг. 2024 оны 06 дугаар сараас 10 дугаар сар хүртэл нийт 4 сарын хугацаанд гэмтэл үүссэн байх боломжтой бөгөөд үүнийг шинжээч тогтоох боломжгүй гэж дүгнэсэн... нь эргэлзээтэй учир ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

6.  Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б, Д.Д нар нь нэг цаг хугацаа, орон зайд санаа зорилго, үйлдлээрээ нэгдэж,  хохирогч Н.Б-ыг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...гэмт хэргийн бүлэглэн гүйцэтгэх шинжийг хангасан байна.

Мөн  Р.Г-ын эрүүл мэндэд С.Б-ээс өөр хүн халдсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэсэн шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна.

7. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн, нягт нямбай үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгч нарын үйлдлийг зөв зүйлчилжээ.

Тухайлбал,  шүүгдэгч Н.Б, Р.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт хуульд заасан ял оногдуулсан нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон, ял хүнддээгүй байна.

8. Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн шүүгдэгч С.Б, Д.Д нарын үйлдлийн улмаас хохирогч Н.Б-ын сэтгэцэд 3,293,400 төгрөгийн, шүүгдэгч Н.Б, Р.Г нарын үйлдлийн улмаас  хохирогч Д.Д-ын сэтгэцэд 3,293,400 төгрөгийн, мөн шүүгдэгч Н.Б-ын үйлдлийн улмаас хохирогч С.Б-ийн эд хөрөнгөнд 290,000 төгрөгийн хохирол тус тус учирсан талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг зөв шийдвэрлэжээ. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн асуудал байхгүй байна.

9. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Д, С.Б нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Д, С.Б нарын өмгөөлөгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                                                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.НАМХАЙДОРЖ

                                                                 ШҮҮГЧИД                                                   З.НАНДИНЦЭЦЭГ

                                                                                                                                     Б.АРИУНБАЯР