Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1073

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б******* оролцуулан Б.Э*******ийн нэхэмжлэлтэй, С******* дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нэээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Э*******

Хариуцагч: С******* дүүргийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “...Б.Э******* миний эзэмшлийн 179 м.кв газрын урд талын нийтийн эзэмшлийн талбайг зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашиглаж байгаа иргэн Д.Ч*******, Ж.О******* нарыг нүүлгэж, газар чөлөөлүүлэхийг С******* дүүргийн Засаг даргад даалгуулах”

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******, гуравдагч этгээд Д.Ч******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Б.Э******* 2016 оны 09 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие С******* дүүргийн 8 дугаар хорооны ******* дугаар сургуулийн баруун урд талд нэхэмжлэгч Б.Э*******ийн 179 м.кв газрын урд талд нийтийн эзэмшлийн талбайг хууль бусаар эзэмшиж ашиглаж байгаа иргэн Д.Ч*******, Ж.О******* болон нэр нь үл мэдэгдэх контейнерийг албадан чөлөөлөхгүй байгаа С******* дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газрыг албадан чөлөөлүүлэхийг даалгаж өгөх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Б.Э******* нь 2003 оноос эхлэн тус газарт 350 м.кв газрыг эзэмшдэг байсан. 2012 онд Нийслэлийн Засаг даргаас 1.7 километр урттай авто замыг шинэчлэх ажил явагдсан. Б.Э*******ийн газрын тодорхой хэсэг нь давхцаж орсон. Давхцаж орсон барилга хашаа 2-т нь нөхөн төлбөр олгож чөлөөлсөн. Өмнө нь Захиргааны хэргийн шүүхээр явж байсан гэдэг нь тодорхой хэмжээгээр хэрэгт тусгагдсан. Б.Э*******ийн 70 м.кв дээр 2 давхар байшин байсан. Үлдсэн 280 орчим м.кв дээр ямар нэгэн нөхөн олговор олгоогүй. Эхлээд 350 м.кв газрыг бүхлээр нь авсан учраас хүчингүй болох ёстой. Үлдсэн газраа буцааж аваарай гэсэн тохиролцооны үндсэн дээрээс тухайн үед газраа чөлөөлсөн.

Хэрвээ энэхүү газрыг хэн нэгэнд эзэмшүүлэхээр бол миний бие эзэмших эрхтэй юм. Иймд нөхцөл байдлыг судалж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэжээ.

Хоёр. Хариуцагч С******* дүүргийн Засаг дарга Ж.С 2016 оны 11 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...2012 онд Нийслэлийн Засаг даргаас 1.7 километр урттай авто замыг шинэчлэх ажил явагдсан. Б.Э*******ийн газрын тодорхой хэсэг нь давхцаж орсон. Давхцаж орсон барилга хашаа 2-т нь нөхөн төлбөр олгож чөлөөлсөн. 2015 оноос эхлэн Б.Э*******ийн эзэмшиж байгаа талбайн өмнө талд нийтийн эзэмшлийн талбайд иргэн Д.Ч*******, Ж.О******* нар түргэн үйлчилгээний цэг, комиссын бараа, хуушуурын цэг, түлээ, нүүрс борлуулах цэг ажиллуулж эхэлсэн. Тус дүүргийн газрын албанаас зөвшөөрөлгүй газар дур мэдэн үйл ажиллагаа явуулж байна, нүүлгэ гэсэн шаардлагуудыг удаа дараа өгч байсан. Шаардлага өгсөн боловч нүүлгэдэггүй. 2016 оны 10 дугаар сард А/407 тоот албадан нүүлгэх тухай захирамж гарсан. Нийтийн эзэмшлийн зам талбай, батлагдаагүй байршилд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа түргэн үйлчилгээний цэгийг албадан чөлөөлөх тухай захирамж гарсан” гэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С******* 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С******* дүүргийн 8 дугаар хорооны ******* дугаар сургуулийн баруун урд талд нэхэмжлэгч Б.Э*******ийн 179 м.кв газрын урд талд нийтийн эзэмшлийн талбайг хууль бусаар эзэмшиж ашиглаж байгаа иргэн Д.Ч*******, Ж.О******* болон нэр нь үл мэдэгдэх контейнерийг албадан чөлөөлөхгүй байгаа С******* дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газрыг албадан чөлөөлүүлэхийг даалгаж өгөх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Б.Э******* нь 2003 оноос эхлэн тус газарт 350 м.кв газрыг эзэмшдэг байсан. 2012 онд Нийслэлийн Засаг даргаас 1.7 километр урттай авто замыг шинэчлэх ажил явагдсан. Б.Э*******ийн газрын тодорхой хэсэг нь давхцаж орсон. Давхцаж орсон барилга хашаа 2-т нь нөхөн төлбөр олгож чөлөөлсөн. Өмнө нь Захиргааны хэргийн шүүхээр явж байсан гэдэг нь тодорхой хэмжээгээр хэрэгт тусгагдсан. Б.Э*******ийн 70 м.кв дээр 2 давхар байшин байсан. Үлдсэн 280 орчим мкв  дээр ямар нэгэн нөхөн олговор олгоогүй. Эхлээд 350 м.кв газрыг бүхлээр нь авсан учраас хүчингүй болох ёстой. Үлдсэн газраа буцааж аваарай гэсэн тохиролцооны үндсэн дээрээс тухайн үед газраа чөлөөлсөн. Үүний дараагаар 2013 онд С******* дүүргийн Засаг даргад нэхэмжлэгч хүсэлт гаргасны дагуу 179 м.кв газрыг авсан. Үлдсэн 101 м.кв газрыг С******* дүүргийн Засаг даргаас нийтийн эзэмшлийн талбай болгоно гэсэн асуудал яригдсан. Энэ дээр маргахгүй гэж явж байсан. Дээрх иргэд ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ирж контейнер тавьсан. Анх Д.Ч******* нь байшин бариагүй. Бид нар үзлэгийн явцад харсан байгаа. 4х6 харьцаатай байшин бариад түргэн хоолны үйлчилгээ явуулж байгаа. Дээрээс нь Ж.О******* гэдэг хүн контейнерээ тавьсан. Дахиад нэр нь үл мэдэгдэх контейнер байгаад байгаа. Энэ газар дээр хууль бусаар байгаа иргэдийг чөлөөлж өгөөч гэсэн хүсэлтийг 2015 он, 2016 онд С******* дүүргийн Заргад гаргаж байсан. Үүнтэй холбогдуулж С******* дүүргийн Засаг даргаас албадан чөлөөлөх мэдэгдлийг удаа дараа өгч байсан. Орц, гарцыг чөлөөлөх тухай бодитой үр дагавар гарахгүй байгаа учраас шүүхэд нэхэмжлэгч талаас хандсан. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд зааснаар дүүргийн Засаг дарга нь хууль бусаар байгаа иргэдийг чөлөөлөх үүрэг нь олгогдсон байдаг. Захирамж гаргаж, мэдэгдэл гаргаад байгаа ч гэсэн бодитой үр дүн гарахгүй учраас шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа” гэв.

Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “...Нэхэмжлэлтэй танилцсан. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй иргэдийг албадан чөлөөлөх арга хэмжээ авч өгөхгүй эс үйлдэхүй гаргаж байна гэдэг нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгосон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаагаар нэхэмжлэлийн шаардлага дээр дурдагдаагүй асуудал яригдаж байна. Б.Э*******тэй холбоотой газар эзэмшиж байсан талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч ярьсан учраас давхардуулахгүйгээр зөвхөн Д.Ч*******, Ж.О******* нарын талаар ярья. 2015 оноос эхлэн Б.Э*******ийн эзэмшиж байгаа талбайн өмнө талд нийтийн эзэмшлийн талбайд иргэн Д.Ч*******, Ж.О******* нар түргэн үйлчилгээний цэг, комиссын бараа, хуушуурын цэг, түлээ, нүүрс борлуулах цэг ажиллуулж эхэлсэн. Тус дүүргийн газрын албанаас зөвшөөрөлгүй газар дур мэдэн үйл ажиллагаа явуулж байна, нүүлгэ гэсэн шаардлагуудыг удаа дараа өгч байсан. Шаардлага өгсөн боловч нүүлгэдэггүй. 2016 оны 10 дугаар сард А/407 тоот албадан нүүлгэх тухай захирамж гарсан. Нийтийн эзэмшлийн зам талбай, батлагдаагүй байршилд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа түргэн үйлчилгээний цэгийг албадан чөлөөлөх тухай захирамж гарсан. Ажлын хэсэг томилогдсон. Ажлын хэсгийн үйл ажиллагаа 1 дүгээр хорооллын зам дагуу чөлөөлөөд хойшоо гэр хорооллын зам руу явах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ямар нэгэн байдлаар дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуульд заасан эс үйлдэхүй гаргасан асуудал байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Эс үйлдэхүй гэдэг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасныг хэлнэ. Тус үйл ажиллагаа нь зохих журмын дагуу явагдаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй” гэв.

Тав. Гуравдагч этгээд Д.Ч******* 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монголын үндэсний телевизээр Газрын албаны дарга нар нээлттэй хэлэлцүүлэгт орсон. Энэ түргэн үйлчилгээний цэгийг томчууд худалдаж аваад хүмүүст түрээслээд байгаа юм байна лээ. Энэ хүн амьдралаа аваад явж байгаа эсэхийг судалвал зөвшөөрөл олгож болно гэсэн судалгаа явж байгаа. Тэрэнд орж болох л юм шиг байна лээ. Тэр нь надад олгогдох эсэхийг мэдэхэд хэцүү байна. Бараг 8, 9 сая төгрөг орсон. Тэрэнд ээжийнхээ тэтгэврийг авсан. Ээж маань хөгжлийн бэрхшээлтэй учраас сар бүр чамаас мөнгө авна гээд байдаг. Зээл авсан байгаа” гэв.

Зургаа. Гуравдагч этгээд Ж.О******* 2016 оны 12 сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр С******* дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, хуучин эцсийн буудлын орчимд ногоон өнгийн контейроо 2017 оны 4 сарын 25-наас 5 дугаар сарын 1-ний хооронд нүүлгэн шилжүүлж ямар нэгэн маргаангүйгээр газраа чөлөөлж өгөх болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч  Б.Э******* “...С******* дүүргийн Засаг дарга Газрын туай хуульд заасан үүргээ биелүүлэхгүйгээр миний эзэмшиж байсан газрыг нийтийн эзэмшлийн талбай болгочихоод иргэн Д.Ч*******, Ж.О******* нарт ашиглуулж байгаа тул эдгээр иргэдийг нүүлгэж, газрыг албадан чөлөөлүүлэхийг  даалгуулах” гэж, хариуцагч “...тал бидний зүгээс хууль бусаар газар ашиглаж байгаа иргэдийг нүүлгэхгүй байгаа эс үйлдэхүй байхгүй” гэж маргажээ. 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт  авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэлээ.

Газрын тухай хуулийн 57.3-д “зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл  бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх”, 57.4-д “мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авах”-аар заасан бөгөөд “газрыг дур мэдэн эзэмшсэн” гуравдагч этгээд болох Д.Ч*******, Ж.О******* нарын контейнер, барьсан  барилгыг албадан нүүлгэж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх үүрэг нь С******* дүүргийн Засаг даргад өгөгдсөн байна. 

Хариуцагч нь Сонинохайрхан дүүргийн Засаг дарга захиргааны хэргийг шалгаж байх хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/407 дугаар захирамж гаргасан боловч уг захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллаж, үр дүнд хүрээгүй байна. 

Хариуцагчаас “...иргэн Д.Ч*******, Ж.О******* нарт газар чөлөөлөх мэдэгдэл, шаардах хуудас зэргийг өгч байсан, харин газрыг чөлөөлж, барилгыг буулгах төсөв байхгүй болохоор захирамжаар даалгасан ажлыг хийх боломжгүй байсан, харин одоо төлөвлөгөөний дагуу захирамжийг биелүүлж ажиллаж эхэлсэн тул  хариуцагч талын  эс үйлдэхүй байхгүй” гэж тайлбар гаргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлууд нь хариуцагчид хамаарах эсэх асуудлаар хариуцагч өөрөө маргаагүй, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2.1-д “захирах, захирагдах ёс”, 13 дугаар зүйлийн 13.1.4-т “харъяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж заасан байх тул Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д зааснаар Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан газрын асуудалтай холбоотой захирамжийн биелэлтийг мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.

 Нөгөөтэйгөөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дугаар сарын 07-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр Б.Э*******д автозамын трасст ороогүй үлдсэн газрыг нь эзэмшүүлэхгүй байгаа Газар барилгажилтын хэлтсийн 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 16,11 дүгээр сарын 12-ны өдрийн 18 дугаар хурлын дүгнэлтийн Б.Э*******д холбогдох хэсэг, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 5/7043 тоот албан бичгийг тус тус хууль бус болохыг тогтоожээ.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т “гомдол гаргах хугацаа өнгөрсөн, захиргааны актыг түдгэлзүүлэх шийдвэр хүчингүй болсон” тохиолдолд захиргааны актад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж болохоор заажээ. Ингэхийн тулд тус хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасан “шийдвэр гүйцэтгэх эрхийг нотолсон шийдвэр, үүрэг хүлээгчээс уг шаардлагыг биелүүлээгүй, хуульд өөрөөр заагаагүй бол, шаардах эрх бүхий шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, үүрэг хүлээгчид 14 буюу түүнээс доошгүй хоногийн хугацаанд захиргааны шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн” байхыг шаардах бөгөөд Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/407 дугаар захирамж нь энэ шаардлагыг хангасан гэж үзэхээр байна. Захиргааны ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “захиргааны актыг батлан гаргасан захиргааны байгууллага, дээд шатны захиргааны байгууллагаас гаргасан захиргааны шийдвэрийг анхан шатны захиргааны байгууллага” гэж зааснаар С******* дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газрын алба нь шийдвэр гүйцэтгэх байгуллага болохоор заажээ. Мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “захиргааны шийдвэрээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй этгээдэд захиргааны байгууллага хуульд заасан журмын дагуу албадлага хэрэглэнэ” гэж, 86 дугаар зүйлийн 86.1-д “захиргааны шийдвэр гүйцэтгэлийн албадлагын хэлбэр нь “торгууль..., бусдаар гүйцэтгүүлэх..., албадан гүйцэтгэх” гэсэн хэлбэртэй байхаар тусгаснаас дүгнэж үзэхэд С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “газар албадан чөлөөлөх тухай” А/407 дугаар захирамжаар захиргааны  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах  бүрэн боломжтой байна.

 Иймд өнгөрсөн удаа нэхэмжлэгчээс удаа дараа  шаардсаар байхад  С******* дүүргийн Засаг дарга “албадан чөлөөлөх тухай захирамж” гаргаснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдээгүй учир С******* дүүргийн Засаг дарга болон түүний ажлын албыг Засаг даргын  2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “газар албадан чөлөөлөх тухай” А/407 дугаар захирамжийг биелүүлж, Б.Э*******ийг эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглахад саад болж байгаа нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх арга хэмжээ авахгүй байгаа  эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12 дэх  хэсэгт заасныг  тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Б.Э*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “газар чөлөөлөх тухай” А/407 дугаар захирамжийг биелүүлж, нийтийн эзэмшлийн газар дээр барилга байгууламж барьж газрыг дур мэдэн эзэмшсэн иргэн Д.Ч*******, Ж.О******* нарыг нүүлгэж, маргаан бүхий газрыг чөлөөлөх арга хэмжээ авч ажиллахыг С******* дүүргийн Засаг даргад даалгасугай. 

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгэр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ЧАНЦАЛНЯМ