Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 714

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

   Д.Цэрэнчимэд, Д.Төмөрпүрэв, У.Батзориг нарт

  холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Ширэндэв,

хохирогч М.Буяндэлгэр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бямбасүрэн, түүний өмгөөлөгч Э.Шинэцэцэг,

ялтан Д.Цэрэнчимэд /цахимаар/, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Ш.Оюумаа,

ялтан У.Батзоригийн өмгөөлөгч Б.Дашдорж,

ялтан Д.Төмөрпүрэвийн өмгөөлөгч Т.Багахүү, Т.Мөнхбат,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, шүүгч Д.Батсуурь нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Цэрэнчимэд, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Ш.Оюумаа, ялтан Д.Төмөрпүрэв, түүний өмгөөлөгч Т.Багахүү, ялтан У.Батзориг, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Цэрэнчимэд, Д.Төмөрпүрэв, У.Батзориг нарт холбогдох 201525012394 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1.Хамнай ухасай овогт Даваажаргалын Цэрэнчимэд, 1990 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газарт мэргэн буудагч ажилтай байсан, ам бүл 3; эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 14 дүгээр хороолол 13 дугаар байрны 67 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, СЙ90051711 регистртэй;

2.Боржигин овогт Дагвын Төмөрпүрэв, 1992 оны 7 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш орчуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газарт бүлгийн мэргэжилтэн ажилтай байсан, ам бүл 3; эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Ус-15-ийн 1 дүгээр байрны 11 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, СМ92073110 регистртэй;

 

3.Хэрээд овогт Уртнасангийн Батзориг, 1994 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газарт бүлгийн цагдаа ажилтай байсан, ам бүл 2; эхийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 1-14б тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, ПБ94051133 регистртэй;

 

Д.Цэрэнчимэд нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрын гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайн сэдэлтээр иргэн А.Ууганбаатарыг зодож санаатай алсан, мөн Д.Төмөрпүрэв, У.Батзориг нартай бүлэглэн иргэн М.Буяндэлгэрийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

Д.Төмөрпүрэв нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрын гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин  Д.Цэрэнчимэд, У.Батзориг нартай бүлэглэж иргэн М.Буяндэлгэрийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан, мөн иргэн А.Ууганбаатарын “iphone 5s” загварын гар утас, мөнгөн гинж, бөгжийг хулгайлж 530,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

У.Батзориг нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрын гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин  Д.Цэрэнчимэд, Д.Төмөрпүрэв нартай бүлэглэж иргэн М.Буяндэлгэрийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Д.Цэрэнчимэдэд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5,

Д.Төмөрпүрэвт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 145 дугаар зүйлийн 145.1,

У.Батзоригт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Хамнай ухасай овогт Даваажаргалын Цэрэнчимэдийг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах, догшин авирлаж, бүлэглэн танхайрах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд, Боржигин овогт Дагвын Төмөрпүрэвийг догшин авирлаж, бүлэглэн танхайрах, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд, Хэрээд овогт Уртнасангийн Батзоригийг догшин авирлаж, бүлэглэн танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Төмөрпүрэвт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Д.Төмөрпүрэвийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Д.Цэрэнчимэдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Д.Төмөрпүрэв, У.Батзориг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус бүр 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Д.Цэрэнчимэдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг багтааж, Д.Цэрэнчимэдийн биечлэн эдлэх ялыг нийт 20 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Цэрэнчимэдэд оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Төмөрпүрэв, У.Батзориг нарт тус бүр оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.Цэрэнчимэдийн цагдан хоригдсон 331 хоног, Д.Төмөрпүрэвийн цагдан хоригдсон 85 хоног, У.Батзоригийн цагдан хоригдсон 42 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Д.Төмөрпүрэв, У.Батзориг нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч А.Ууганбаатарын цэнхэр өнгийн жинсэн өмд, ногоон эрээн даавуун өмд, хар өнгийн пүүз 1 хос, цэнхэр өнгийн 1 хос оймс, саарал өнгийн цамц, мөн цагаан өнгийн орны дэвсгэр, хохирогч М.Буяндэлгэрийн цагаан өнгийн цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, цагаан саарал өнгийн куртикийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устган, хохирогч А.Ууганбаатарын хар өнгийн “I phone-5s” загварын гар утас, цагаан өнгийн металл гинж, бөгжийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бямбасүрэнд, шар өнгийн хагас түрийтэй, арзгар хээ бүхий ултай гутлыг У.Батзоригт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгож,

“Венус” зочид буудлын хяналтын камерын бичлэг гэсэн бичигтэй цагаан өнгийн СД 1 ширхэг, хүнсний мухлаг, “Банана” баарны гадна, дотор талын бичлэг болон 31 дүгээр байрны гадна талын бичлэгтэй цагаан өнгийн СД 1 ширхэг, 5248 хавсралт гэсэн бичигтэй цэнхэр өнгийн СД 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь тус тус үлдээж,

хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, Д.Төмөрпүрэв, У.Батзориг нар нь хохирогч М.Буяндэлгэрт тус бүр 750,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч М.Буяндэлгэр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Цэрэнчимэдээс 19,462,824 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бямбасүрэн /Регистрийн дугаар: СЙ73112406/-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан У.Батзориг давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр найз нартайгаа уулзаад “Банана” баарнаас гарахад нэг эмэгтэй явж байхаар нь очиж танилцаад зам гаргаад таксинд суулгаж өгчихөөд ирэхэд зодоон болсон байдаг. Би баарны гадаа болсон зодоонд оролцоогүй, 31 дүгээр байрны урд Төмөрпүрэв цагаан цамцтай залуутай юм яриад байх шиг байсан, цагаан цамцтай залууг Төмөрпүрэв цохиод араас хүн орилоход нь эргээд харахад 2 залуу газарт унасан. Цэрэнчимэд унсан залууг өшиглөж байсан. Миний өшиглөсөн залуу цагаан цамцтай байсан. Би тэгээд Энхнарантай хамт явсан. Хэрэгт холбогдох үед бие болоод ухаан санаагаа удирдах бүрэн чадвартай байсан. Төрийн албанд тангараг өргөсөн албан хаагч байж ийм хэрэгт холбогдсондоо гэмшиж байна. Хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж гомдолгүй болгосон. Миний бие эхийн хамт амьдардаг болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа тул ял шийтгэлийг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Д.Төмөрпүрэв давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний бие хэрэгт холбогдсондоо гэмшиж, цаашид дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх талаар дүгнэлт хийж байгаа. 2015 оны 10 дугаар сарын 24-нд хохирогч М.Буяндэлгэртэй маргалдаж түүний баруун шанаанд 1 удаа цохисон. Энэхүү үйлдэлдээ гэмшиж байна. Урьд нь хэрэгт холбогдож байгаагүй. Хохирогч М.Буяндэлгэрт учруулсан хохирлоо бүрэн барагдуулж, түүнээс уучлалт гуйсан. Анхан шатны шүүх хуралдаанд хохирол гомдолгүй болохоо илэрхийлсэн байдаг тул надад оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Д.Цэрэнчимэд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргалаа. 2015 оны 10 дугаар сарын 23-ны орой хамт ажилладаг Төмөрпүрэв, Батзориг нарын дуудснаар Баянзүрх дүүргийн сансарын орчим “Банана” бааранд очсон бөгөөд гэрээсээ очсон тул архи уугаагүй эрүүл байсан. Найз дээрээ очоод нэг шил пиво уусан. Тэгээд удалгүй баар хаасан тул тэндээс гарахад шатан дээр хэдэн залуучуудтай таарсан бөгөөд тэдний дунд манай найз Энхнаран, Гансүх нар хоорондоо маргалдаж байх шиг болохоор нь маргааныг зогсоох гэхэд үл таних залуу 2 удаа цохисон. Би тэр залууд 2 удаа цохиулаад дахиж цохиулахгүйн тулд хойшоо ухарч шатан дээр гарсан. Тэр залуу миний араас гарч ирээд дахин 1 удаа цохисон. Би цохиулахгүйн тулд хойшоо болоход намайг цохисон хүчиндээ эргэлдэж над руу нуруугаа харуулахад нь цохих байх гээд тэвэрч хөдөлгөөнийг нь хорьж шатны босоо төмөртэй цуг барьж зогссон. Тэгтэл араас хүн татаж тавь гэхэд нь тавьсан. Намайг тавихад тэр залуу хүчиндээ шатны уруу унасан. Тэгээд дахиад зодоон болж магадгүй гэж бодоод зугтаагаад байр тойроод явж байхад 2 залуу ална, бариад ав гээд орилоод ирэхээр нь зугтаасан. Хоёр залуутай хүмүүс маргалдах шиг болохоор нь эргэхэд нэг залуу нь газраас юм аваад дайрах шиг болохоор нь над руу дайрч байна гэж бодоод мөрөн тус газар нь 1 удаа өшиглөсөн. Тэр залууг өшиглөсөндөө гэмшиж байна. Тухайн үед танхайрах, хүний амь нас хохироох санаа зорилго байгаагүй, санаатай үйлдэл хийгээгүй. Мөрдөн байцаах ажиллагаанд болон анхан шатны шүүхээс танхайн сэдэлтээр хүнийг санаатай амь насыг хохироосон гэж үзлээ. Анх баарнаас гарч явахад намайг түрүүлж 2 удаа цохиж маргааныг эхлүүлсэн талаар гэрчүүд мэдүүлдэг. Гэтэл биеэ хамгаалж түүнийг ар талаас нь тэвэрсэн байхад хүч хэрэглэн түүнийг боож унагасан мэтээр харагдуулж байна. Намайг тэр залуутай маргаан өдөж, зодож боосон мэтээр харагдах байдлаар байцаасан. Байцаагч надаас тулгаж мэдүүлэг авсан. Надтай гэрээ байгуулаагүй өмгөөлөгчийн үгээр байцаалтыг явуулж бодит нөхцөл байдлыг бүрэн гаргаж, гүйцэд тогтоогоогүй. Тэр 2 залуу намайг ална гээд хөөж байсныг гэрчүүд болон яллагдагч нарын мэдүүлэгт дурдагдсан байдаг. Намайг ална гээд хүмүүс хөөж байгаад үзэгдэх орчин муутай, харанхуй байхад газраас юм авах шиг болохоор нь сандарч өөрийгөө хамгаалах зорилгоор өшиглөсөн. Гэмтэл мөрдөн байцаалтын шатанд хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй. Намайг илтэд хүч хэрэглэн хүний амь нас хохироосон гэж харагдуулахаар хэргийн материал бүрдүүлсэн. Үүнийг прокурор, шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэээгүй. Тухайн үед надад танхайрах, хүний амь нас хохироох шалтаг шалтгаан байгаагүй, аль болох холдох гэж зугтаж явсан нь тодорхой харагддаг. Энэ байдал гэрч, яллагдагч нарын мэдүүлгээр харагддаг. Шинжээчийн дүгнэлтэд дурдснаар зөвхөн нэг удаагийн хүзүүны хэсэгт хүч үйлчилсний улмаас хохирогч амь насаа алдсан. Миний бие хохирогчийн мөрөнд өшиглөсөн. Мөн фото зураг, бусад нотлох баримтаар тогтоогдсон байхад миний нэг удаагийн мөрөнд өшиглөснөөр нас барсан гэж үзэж байгаа нь учир дутагдалтай байна. Үүнийг нарийвчлан шалгуулах, хохирогчийн хүзүүний хэсэгт хэр хэмжээний ямар хүч үйлчилснийг тогтоолгох, туршилт хийлгэх, хохирогчийн хүзүүн тус газарт өшиглүүлсэн ул мөр, гэмтэл байгаа эсэхийг тогтоолгох хүсэлтэй байна. Мөн хохирогчийг 22 удаа зөөж унагаж, татаж чангааж байхад гэмтэл авахад нөлөөлсөн эсхүл нөлөөлөөгүй талаар ямар нэгэн дүгнэлт байхгүй байгааг шалгуулах, тодруулах хүсэлтэй байна. Мөн тухайн үед хохирогчийн найз хамт байсан, цуг байсан эмэгтэйг гэрчээр асуулгах хүсэлтэй байна. Учир нь тус маргааныг эхлэхээс нь төгсгөл хүртэл хамт байсан. Шүүхийн хэлэлцүүлэгт миний яриагүй зүйлийг шийтгэх тогтоолд бичсэнийг залруулах хүсэлтэй байна. Миний бие 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш хэргийн нөхцөл байдлыг тогтоож өгөх талаар өргөдөл гаргасан боловч авч хэлэлцээгүй учир дүгнэлт хийж хэргийн үнэнийг олж өгөхийг хүсэж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд надад холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдэж, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.  

 

Ялтан Д.Цэрэнчимэдийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Д.Цэрэнчимэдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар буюу танхайн сэдэлтээр хохирогч Ууганбаатарыг зодож амь насыг хохироосон гэж ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хохирогч Ууганбаатар нь Д.Цэрэнчимэдийг цохиж, араас нь хөөж барьж авах зэрэг үйлдэл хийж Цэрэнчимэдийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Д.Цэрэнчимэд нь хохирогч Ууганбаатарыг зүүн мөр орчимд нь өшиглөх болсон сэдэлт нь дээрх хохирогчийн буруутай үйлдэлтэй холбоотой төдийгүй, хохирогч түүнтэй хамт явсан найз нар болох Буяндэлгэр нарын хамт Цэрэнчимэдийг зодох гэсэн санаа зорилготой араас нь хөөж, хайж 31 дүгээр байрны үүдэнд ирсэн нь нотлогдож тогтоогдсон.

Д.Цэрэнчимэдийг ганцаараа танхайрч хохирогч Ууганбаатарын амь насыг хохироосон гэж дүгнэлт хийсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Төмөрпүрэвийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт “Би бараан хувцастай залууг баруун мөрөө дагаж зайлаад тэр залууг газар унагасан чинь Цэрэнчимэд хүзүү, шанаа хавьцаа өшиглөсөн. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд Төмөрпүрэв Буяндэлгэрийг гараараа 1 удаа цохисон, энэ үед араас нь Энхнаран түшиж авч байна. Ууганбаатарыг доош тонгойх үед нь Төмөрпүрэв зүүн гараараа 1 удаа хажуунаас нь цохиж байна, би наанаас нь очиж Ууганбаатарын зүүн мөрөн тус газар 1 удаа өшиглөж байна гэжээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гэрэл зураг, дүрс бичлэг, дүр зургийн шинжилгээний 5248 дугаар дүгнэлтэд 01:55:33 секунд бараан өнгийн хувцастай хүнийг тонгойх үед наад талаас очиж явсан бараан богино хүрэм /савхин байж болно/, бараан өмдтэй хүн толгойн тус газарт нь 1 удаа өшиглөж унагасан. Гэтэл Д.Цэрэнчимэд нь савхин бараан богино хүрэм өмсөөгүй болох нь тогтоогдсон. Харин Төмөрпүрэв хар ногоон савхин куртиктэй явсан байдаг. Дээрх дүгнэлт нь камерийн бичлэгт 6 дахин томруулж хийгдсэн гэх тул түүнийг өнгө ялгах асуудлаар үнэн зөв гэж ойлгож байна.

Камерийн бичлэгээр таньж олуулах ажиллагааг сэжигтэн тус бүрээр хийлгэсэн байх бөгөөд үзлэг хийсэн тэмдэглэлд бичигдсэн үйл явдлын байдал нь зөрүүтэй байх тул үүнийг нэг мөр зөв болгох зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдыг хамт оролцуулан дахин хийх, ингэхдээ дүрс бичлэгийн хэмжээг 6 дахин өсгөсөн байдалд шинжээчийг байлцуулан хийх нь хэргийн байдлыг бодитой тогтооход чухал ач холбогдолтой юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэнэ үү...” гэв.

 

Ялтан Д.Цэрэнчимэдийн өмгөөлөгч Ш.Оюумаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Тухайн гэмт хэрэг үүсэх гол шалтгаан нөхцөл нь хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч А.Ууганбаатарыг зодож санаатай алсан гэмт хэрэг Д.Цэрэнчимэдийн нэг удаагийн өшиглөлт, цохилтоос нас барсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80, 16 дугаар зүйлүүдэд заасан бүхий л талаас нь бодит байдлаар дүгнэж шийдвэрлээгүй. Шинжээчийн дүгнэлтэд зөвхөн нэг удаагийн цохилтоос хохирогч амь насаа алдсан ба шинжээч эмч Ц.Ганболд талийгаач тархины хоёр тал бөмбөлгийн голомтлог орой ба суурь, уртавтар тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, дөрөвдүгээр ховдлын цус харвалт гэмтлийг аваад ямар нэг идэвхтэй үйлдэл хийх боломжгүй. Дээрх гэмтлийг хүн аваад тэр дороо ч нас барж болно, эсвэл ямар нэгэн үйлдэл хийхгүй, ухаангүй байж байгаад нас барна, тархины үр ховдлын цус харвалт шууд үхэлд хүргэнэ гэжээ. Гэнэт талийгаач энэ гэмтлийг олон байдлаар авах боломжтой нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой харагддаг.

Хохирогч Буяндэлгэрийн “Ууганбаатар нөгөө залуугийн шанаан тус газарт гараараа хоёр удаа цохиж шат руу өгсөж, миний араас нэг залуу салгасан, холдуулсан, намайг татсан залуугаас холдох үед Ууганбаатар биеийн урд хэсэг нүүрээрээ шат руу унаж байсан”, гэрч Батбуянгийн “би тэр залуугийн араас татахад боолгуулж байсан залуу шат руу унасан”, гэрч Гансүхийн “Цэрэнчимэдийн араас зууралдахаар нь би татаж салгаад эрэгтэй, өндөр залуу шатны уруу нүүр болон биеийн урд хэсгээрээ унасан байсан” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд 2015 оны 10 дугаар сарын 24-ний 01:55:33 секундэд бараан өнгийн хувцастай хүнийг тонгойх үед наад талаас очиж явсан бараан өнгийн богино хүрэм, бараан өнгийн өмдтэй хүн толгойн тус газарт нь нэг удаа өшиглөж унагаснаас хойш өндийх үйлдэл хийхгүй байна гэж дүгнэсэн нь хувцасны өнгө анхны цаг хугацаанаас үзэхэд Цэрэнчимэд энэ цохилтыг хийгээгүй гэдэг нь тодорхой байна.

Хохирогч Ууганбаатар ямар учраас Цэрэнчимэд цаашаа гүйж явсан байхад ална гээд хойноос нь хэрүүл өдөөд явсныг шүүх дүгнэж үзсэнгүй. Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэсэнгүй гэж үзэж байна.

Шинжээч эмч Ц.Ганболдын дүгнэлтэд дээрх тархины гэмтлүүдыг аваад ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийхгүй гэж дүгнэсэн нь зөвхөн нэг удаагийн үйлчлэлээр нэг гэмтэл авах ба гэмтлүүдийг гэж дүгнэсэн олон удаагийн цохилтоор олон тооны гэмтэл гэж дүгнэсэн байна. Хавтаст хэрэг авагдсан талийгаачийн фото зургаас харахад хүзүүнд учирсан гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх ба олон тооны гэмтлүүдийг хэн учруулсан болох нь шүүхийн тогтоолд дурдаагүй. Олон тооны шархыг хэн учруулсан нь тодорхойгүй, энэ гэмтлүүд нь талийгаачийн үхэлд нөлөөлөх эсэхэд дүгнэлт хийгээгүй. М.Буяндэлгэр талийгаачийг газар унасан байхад нь босгох гэж 22 удаа газар унагаасан байдаг. Энэ нь гэмтэл авахад нөлөөлсөн эсвэл нөлөөлөөгүй талаар ямар нэгэн дүгнэлт байхгүй. Цэрэнчимэд хохирогчийг мөрөн тус газар нь өшиглөсөн талаар мэдүүлдэг. Харин толгойн тус газар нь хэн хэзээ олон өшиглөсөн талаар дүгнэлт дутуу байгаа. Иймд хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Д.Төмөрпүрэвийн өмгөөлөгч Т.Багахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх Д.Төмөрпүрэвийг яллагдагч У.Батзориг, Д.Цэрэнчимэд нартай бүлэглэн хохирогч М.Буяндэлгэрийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан учраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хүндэвтэр гэмт хэрэг бөгөөд хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар Д.Төмөрпүрэв нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй юм.

Д.Төмөрпүрэв нь Отгонтэнгэр их сургуулийг 2012 онд багш, орчуулагчийн мэргэжлээр төгсөөд 2013 оноос Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны хэлтсийн 7 бүлгийн мэргэжилтэнээр ажиллаж байсан. Хавтаст хэрэгт авагдсан хувийн байдлыг тогтоосон нотлох баримтад түүнийг ажил албандаа нэр хүндтэй, бусадтай эвтэй найрсаг харилцаатай, үнэнч шударга, байгууллагынхаа урдаа барьдаг албан хаагч болохыг нотолсон байдаг. Хэрэгт холбогдохоосоо өмнө ээж Зинатай хамт амьдардаг байсан бөгөөд ээжийгээ асарч халамжлан амьдардаг байсан. Д.Төмөрпүрэв нь хэрэг учрал болох үед буюу 2015 оны 10 дугаар сарын 24-ний шөнө хохирогч М.Буяндэлгэрийг нэг удаа баруун шанаанд цохисон үйлдэлдээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл хохирогч М.Буяндэлгэрийн зүй бус үйлдэл хэрэг үйлдэгдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байдаг. Үүнийг шүүх хуралдаанд оролцогчид бүгд мэдүүлсэн. Гэвч Д.Төмөрпүрэв нь хэдий хохирогчийн зүй бус үйлдэл гаргасан ч гэсэн түүнийг цохисон үйлдлээ ухамсарлан ойлгож түүнээс албан ёсоор уучлал гуйн, түүний гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж, гэм хорыг бүрэн арилгасан болно. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч М.Буяндэлгэр нь Д.Төмөрпүрэвт хохирол, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн байдаг. Иймд Д.Төмөрпүрэв нь өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийн ухамсарлаж, анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдож хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж хохирогч М.Буяндэлгэрт учирсан хохирлыг бүрэн барагдуулж уучлал гуйсан бөгөөд цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй, гэр бүлийнхээ итгэлийг даан амьдрахаа илэрхийлж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр
зүйлийн 61.1 дэх заасны дагуу түүнд ногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, хянан
харгалзаж өгнө үү...” гэв.

 

Ялтан У.Батзоригийн өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд дараах гомдол гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд ялтан Батзоригийн үйлдлээс хохирогч М.Буяндэлгэрийн биед гэмтэл учруулсан нь танхайн гэмт хэрэгт холбогдсон эсэх нь доорх нотлох баримтуудаар эргэлзээ бүхий байна.

Хохирогч М.Буяндэлгэрийн биед 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 20 цаг 25 минутанд хийсэн үзлэг байна. Уг үзлэгээр гэрч М.Буяндэлгэрийн хувцас болон биед үзлэг хийхэд саарал өнгийн ноосон цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмд, ногоон алаг пүүзтэй, цагаан өнгийн 1 хос оймстой, бараан цэнхэр өнгийн турсиктэй байлаа. Баруун далан дээр ташуу байрлалаар 13 см бүхий хуучин сорвитой, баруун гарын алганы гадна хэсэгт 3 см бүхий хуучин сорвитой, зүүн хөлийн шилбэний ар хэсэгт хуучин өнгөц шалбарсан шархтай, зүүн хөлийн өвдөгний дээд хэсэгт хуучин өнгөц шалбарсан шархтай зүүн хөлний өвдөгний дээд хэсэгт шинэ өнгөц шалбарсан шархтай байсныг криминалистикийн шинжээч никон маркийн дижитал гэрэл зургийн аппаратаар дарж бэхжүүлэв. фото зургийн үзүүлэлтүүд,

Хохирогч М.Буяндэлгэрийн “...Ууганбаатар бид хоёр архи пиво хольж уугаад нилээн согтсон байсан тул болж байгаа үйл явдал орж гараад байсан... Араас 3-4 залуу ирээд бид хоёрыг тойрч зогссон. Миний зүүн гар талд зогсож байсан малгайтай цамцтай залуу гараараа намайг нэг удаа цохиход би доош унасан. Тэгээд толгой эргээд манарсан, энэ үед хэн өшиглөснийг мэдэхгүй. Ууганбаатарыг нэг хүн маш хүчтэй өшиглөж пид хийх чимээ гарсан. Би босож харахад Ууганбаатар газар уначихсан хэвтэж байсан. Энэ үед намайг 1-2 удаа нуруу болон цээж рүү өшиглөж байсан.”,

гэрч Буяндэлгэрийн “...Нэг залуу болохоор миний баруун мөрөн дээгүүр гараа тавиад чихэнд юм хэлэхээр нь би тэр залууд хүнтэй муудалцаж маргамааргүй байна гэсэн чинь шууд миний зүүн шанаа руу цохисон. Тухайн үед би нилээн согтсон байсан учраас надад юу гэж хэлснийг мэдэхгүй байна, хаана хэдэн удаа цохисныг нь ч сайн санахгүй байна. Ямар ч байсан шанаа pуу цохиж байсан. Нэг мэдсэн чинь газар унасан байсан. Талийгаач нь тэдгээр залуустай маргалдах чимээ л надад сонсогдсон. Юунаас болж маргалдсан, яагаад бид хоёрыг зодсоныг нь би мэдэхгүй байна. Би хэн нэгэнтэй маргалдаагүй, хэн нэгнийг цохисон зодсон зүйл байхгүй. Харин миний зүүн шанаа хөндүүр, духны зүүн дээд хэсэгт овойсон, зүүн хөлний өвдөг шалбарсан байгаа. Одоогоор өөр гэмтэл шарх байхгүй, толгой бага зэрэг өвдөж байна.”,

гэрч Б.Гансүхийн “...Өндөр залуу Цэрэнчимэдийн нүүрэн тус газарт нь хоёр гараараа ээлжлэн цохиж тэр хоёр шатны дээд талд “Банана” баарны үүдний урд талд очсон. Гэр хоёр хоорондоо зууралдаад Цэрэнчимэд өндөр залуугийн хоолойг зүүн гараараа уураглаж шатны босоо трубанд шахаж боосон байдалтай зогсож байсан. Цагаан шатны уруу нүүр болон биеийн урд хэсгээрээ унасан байсан. Энэ үед миний хажууд Төмөрпүрэв, Энхнаран хоёр байсан. Батзориг харагдаагүй, хажуугийн дэлгүүр орсон байсан уу, ямарч байсан тэнд байгаагүй. Би хар хөх өнгийн кепкэн малгайтай, ногоон урт куртиктэй ногоон ypт куртиктэй, цагаан цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, ногоон өнгийн найк пүүтэй, малгайтай хөх өнгийн цамцтай, Энхнаран хар саарал өнгийн, ногоон эрээн дисантан цамцтай, хар хөх өнгийн жинсэн өмдтэй, шар өнгийн темберланд гуталтай байсан.”,

гэрч С.Энхнарангийн “...Араас нь цагаан цамцтай намхан залуу орилоод очих үед Цэрэнчимэд цаашаа гүйж зугтаасан. Араас нь Төмөрпүрэв, Батзориг бид гурав алхаад явж байхад хойд талд буюу орцны үүдний хойд талд явган хүн машин зам хоёрын дунд нөгөө хоёр залуу зогсоод Төмөрпүрэв, Батзориг бид гурав явж очсон. Миний зүүн талд 2-3 метр зайд Батзориг зогсоод, миний урд 1-2 метр зайд өндөр залуу өөдөөс харж зогсоод түүний баруун талд 1-2 метрийн зайд Төмөрпүрэв зогсоод бид 4 дунд цагаан цамцтай намхан залуу зогссон. Намхан залуутай Төмөрпүрэв маргалдаж байгаад Төмөрпүрэв намхан залуугийн нүүрэн тус газар нь гараараа цохиход намхан залуу доош унахдаа намайг налаад газар унах үед миний ард намхан төмөр хашаа тээгэлдээд би хамт унасан.            Би хар

өнгийн, ногоон саравчтай гандсан зуны малгайтай, цэнхэр хүрэн өнгийн богино куртиктэй, ногоон эрээн дисантан цамцтай, хар хөх өнгийн жинсэн өмдтэй, шар өнгийн темберланд гуталтай байсан. Энэ үед өндөр залуу намхан залууг татаж босгох гэж байхад Цэрэнчимэд цаанаас ирээд эхлээд өндөр залуугийн толгой руу 1-2 удаа, өшиглөхөд өндөр залуу газар унаад босоогүй. Дараа нь намхан залууг цохисон эсэхийг анзаарч хараагүй. Батзориг, Гансүх бид гурав энэ зодоонд оролцоогүй. Баарнаас гараад Батзориг хаашаа явсан талаар мэдээгүй, байгаагүй. Ямар ч байсан байгаагүй.”,

            гэрч Д.Жаргалсайханы “...У.Батзориг нь 2015 оны 9 дүгээр сард манай цагдаагийн албан тушаалд томилогдож миний шууд удирдлаган дор ажиллаж байсан, хүний үгэнд оромтгой, даруухан, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь түргэн шуурхай биелүүлдэг, элдэв муу зуршил, зан авир байхгүй хүүхдээрээ эвдрээгүй залуу юм.”,

2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15388 дугаар шинжээчийн дүгнэлтэд М.Буяндэлгэрийн биед зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 6 дугаар шинжээчийн дүгнэлтэд: Дүгнэлтийн үзлэг шинжилгээ хэсгийн 3 дугаарт “Шинжилгээнд ирүүлсэн гутлын улнаас дардас авч шинжилж буй гутлын мөртэй тохирох эсэхийг тогтоох зорилгоор микроскоп ашиглан шинжилж үзэхэд хэмжээсүүд нь хоорондоо 0.5-2 см орчим зөрүүтэй боловч хээний ерөнхий шинж тэмдгээрээ ижил, түүнчлэн мөр хулээн авагч обьектын гадаргуун шинж чанар материалын төрөл, мөрийг хэрхэн үүсгэснээс хамааран дээрх мөр нь харьцуулах загварт ирүүлсэн гутлаар үүсгэгдсэн байж болно гэсэн дүгнэлт өгөх үндэслэл болсон байна” гэжээ.

сэжигтэн Энхнарангийн “...Батзориг, Гансүх бид гурав энэ зодоонд оролцоогүй.”, яллагдагч Д.Төмөрпүрэвийн “...Энэ үед би Цэрэнчимэдээс юу болсон юм бэ, яасан юм гэж асуухад наад 2 залуу чинь над руу нийлээд дайраад байна гэж хэлэхээр нь за наадуулаа хая, одоо боль, хойшоогоо явж бай түрүүлээд явж бай Батзоригийн араас очоод байж бай гэж хэлсэн тухайн үед Батзориг түрүүлээд хойд зуг рүү эмэгтэй хүнтэй нийлээд түрүүлээд явсан байсан юм.” хохирогч М.Буяндэлгэрийн эмчилгээний баримт болон хохирлын баримтууд авагдсан байна.

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 01:55:09 цагт 31 дүтээр байрны баруун талаас саарал куртиктэй түрүүлж ирж байгаа залуу нь Д.Цэрэнчимэд, араас нь гүйж байгаа залуу нь A.Ууганбаатар, цагаан цамцтай нь Буяндэлгэр байна. Би улаан хүрэн өнгийн куртик өмссөн байгаа бөгөөд бичлэг дээр болсон асуудльн тухайн үед нүдээр хараагүй ч бичлэг үзэхэд цэг байсан хүмүүсийг бүгдийг таньж байна. Би ямар нэгэн зодоонд оролцохгүй цаана С.Энхнарангийн цаана зогсож байгаад Энхнарангийн хамт цааш явж байна гэх мэдүүлгүүд нотлох баримтаар авагдсан байна.

Хэргийн материалтай танилцаад шүүгдэгч Батзориг ямар нэгэн зодоонд оролцоогүй болох нь гэрч Гансүх, Энхнаран. хохирогч Буяндэлгэр, сэжигтэн яллагдагч Төмөрпүрэв нарын мэдүүлгүүд болон тухайн өдрийн камерийн бичлэг зэргээр нотлогдож байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Батзоригийг 2 үндсэн баримтаар буруутгаж байгаа. Хохирогч Буяндэлгэрийн ар нуруун дээр гутлын мөр гарсан энэ нь дээр дурдсан шинжээчийн дүгнэлтээр У.Батзоригийн гутлын мөртэй төсөөтэй гэж үзсэн боловч тухайн үед гэрч Энхнаран нь мөн Батзоригийн өмсөж явсан гуталтай адилхан гутал өмсөж явсан болохыг гэрч Энхнаран хэлдэг. Хэрэг гарах үед хохирогч Буяндэлгэрийн ард Энхнаран зогсож байсан бөгөөд хохирогч Төмөрпүрэвт цохиулан унахдаа Энхнаранг дарж унасан бичлэг байдаг. Нэгэнт 2 адилхан гуталтай хүн байсан байхад гэрч Энхнарангийн гутлыг шинжилгээнд оруулаагүй нь уг хэргийг хэн үйлдсэн болох нь тогтоогдох ёстой гэж үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж дээрх ажиллагааг хуулийн хүрээнд явуулах ёстой гэж үзэж байна. Хэрэв хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзвэл ялтан У.Батзориг нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хохирогчид хохирол төлбөр байхгүй зэргийг харгалзан үзэж хорих ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоож өгнө үү...” гэв.

 

Ялтан Д.Төмөрпүрэвийн өмгөөлөгч Т.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Д.Төмөрпүрэвийн хувьд хууль зүйн үндэслэлгүй гарсан. Шинжээчийн дүгнэлтээр М.Буяндэлгэрийн зүүн шанаанд гэмтэл тогтоогдсон. Д.Төмөрпүрэв М.Буяндэлгэрийн баруун шанаанд нэг цохисон. Шинжээч эмчээс хүний зүүн шанаад цохисон тохиолдолд баруун шанаанд гэмтэл учрах уу гэж асуухад тийм зүйл байхгүй, цохиулсан газраа гэмтэл гарна гэж хариулсан. Камерын бичлэгээр Д.Төмөрпүрэв зүүн гараараа баруун шанаанд цохисон харагддаг. Д.Төмөрпүрэв “Банана” баарны гадаа болсон зодоонд оролцоогүй. Харин энэ зодооныг салгаж, Д.Цэрэнчимэдийг битгий зодолдоод бай гээд зугтаасан. Нөгөө хүмүүс нь танхайрч зодоон үүсгээд 31 дүгээр байрны аркны тэнд очоод зодсон. Үүний болиулах үйлдлийг Д.Төмөрпүрэв хийсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэж үзвэл гэмт хэрэг болно. Ямар нэгэн танхайн сэдэлт байхгүй. Зодоон болоод найзыг нь зодож байхад салгаад боль гээд нэг цохисныг танхайн сэдэлтэй гэж буруутгасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт гэмтэл үүсгэсэн байхыг шаардана. Гэтэл ямар ч гэмтэл үүсээгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт энэ үйлдэлдээ хамтарч оролцсон байхыг шаардана. Д.Төмөрпүрэв баарны гадаа болон аркны тэнд болсон зодоонд оролцоогүй. Түрүүвч нь унасныг аваачиж өгснийг халаас ухсан гэж ойлгож болохгүй. С.Энхнаран намайг гүйж явахад эд зүйл нь газар байсан гэж хэлдэг. Д.Төмөрпүрэв хэн нэгнийг гэмтээж, догшин авирласан зүйл байхгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Хохирогч М.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хамт явж байсан найзыгаа алдсандаа л гомдолтой байна. Бусад зүйлд ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдолтой байна Д.Цэрэнчимэдийн ар гэрийнхэнтэй байнга уулздаг ч нэг төгрөгийн хохирол төлөөгүй. Д.Төмөрпүрэв, У.Батзориг, Д.Цэрэнчимэд нар нийлж танхайрснаас болж миний хүү нас барсан. Гэхдээ миний хүү өөрөө очоод зодсон юм шиг яриад байна. Миний хүү хүнтэй зодолдоогүй. Баарны гадаах камерын бичлэг дээр миний хүүг цаашаа хараад зогсож байхад нь ардаас нь татаж чангаагаад нааш нь харуулж байгаа нь тодорхой байгаа. Зөвхөн М.Буяндэлгэр энэ хэрэгт хохирогч юм шиг яриад байна. Тэр гурав хамт явж байсан болохоор тэр хүчиндээ эрдэж миний хүүг дээрэлхсэн. Хэрэв Д.Цэрэнчимэд ганцаараа явж байсан бол зодоон болохгүй байсан. Хийсэн хэрэгтээ гэмшээгүй, ял шийтгэл нь багадсан гэж үзэж байгаа ч би давж заалдаад яваад байгаа юм байхгүй байгаа. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бямбасүрэнгийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүх хуралдаанд ялтан, гэрч нараас мэдүүлэг авч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулсны үндсэн дээр зохих шийдвэрийг гаргасан. Хэргийн нөхцөл байдал тодорхой энэ талаар камерын бичлэгт тодорхой авагдсан. Шинжээч Сайнхүүгийн дугаартай дүгнэлтэд бичигдсэн “01.55.33 секундэд толгойн тус газар нь нэг удаа өшиглөж байна” гэсэн энэ цаг хугацаанаас хойш амь хохирогчийн өөрийнх нь идэвхитэй хөдөлгөөн бичлэгийн явцад нэг ч удаа байдаггүй. Талийгаач газар унаснаас хойш өөрөө идэвхтэй үйл хөдөлгөөнөөр босох болон ямар нэгэн хөдөлгөөн хийгдээгүй гэдгийг тодорхой тусгасан байдаг. Анхан шатны шүүхээс Д.Төмөрпүрэв, У.Батзориг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан, гэхдээ хохирогч М.Буяндэлгэрт учирсан хохирлыг нөхөн төлснөөр гэм хор арилгасан гэж үзэх үндэслэлгүй. Д.Цэрэнчимэд, У.Батзориг, Д.Төмөрпүрэв нар танхайрах явцад зөвхөн М.Буяндэлгэрт гэмтэл учруулаагүй. Талийгаач А.Ууганбаатарыг цохисон үйлдлүүд харагддаг. Гэрч С.Энхнаран, Гансүх нар болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлдэг. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

Прокурор Д.Ширэндэв тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд хэргийн нөхцөл байдлын талаар хангалттай яригдсан. Д.Цэрэнчимэдийн өмгөөлөгч нараас гаргаж байгаа гол асуудал нь камерын бичлэгт шинжээчийн дүгнэлт гаргаад ямар өнгийн хувцастай хүн өшиглөсөн, гэрч, хохирогч нарыг таниж олуулах ажиллагаагаар юу гэж бичигдсэн нь зөрүүтэй гэдэг. Анхан шатны шүүх хуралдаанд энэ асуудлаа ярьж байсан. Бараан өнгийн гээд хаалтан дотор савхин байж болно гэсэн болохоос савхин куртик байна гэсэн дүгнэлт гараагүй. Энэ талаар оролцогч нар шинжээчээс асуухад гэрчүүдийн болон Д.Цэрэнчимэдийн өөрийнх нь мэдүүлгээр саарал өнгийн куртиктэй явсан гэж байна. Байгалийн болон тасалгааны гэрэлтүүлэгтэй эсвэл тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад ямар ч байдлаар дүгнэлт гаргаж болно гэж шинжээч ярьсан. Таньж олуулах ажиллагаагаар бичлэгийг үзээд гэрч С.Энхнаран, Гансүх, шүүгдэгч нар хэн нь хэн бэ гэдгээ тодорхойлоод хэлсэн. Д.Цэрэнчимэд өөрөө өшиглөж байгаа нь би гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Харин толгойнд нь өшиглөөгүй гэж маргадаг. Түүнээс би биш Д.Төмөрпүрэв байна гэж хэлээгүй. Ганцхан шинжээчийн дүгнэлтийн савхин байж болно гээд бичсэнийг гуйвуулж ойлгож болохгүй. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон Д.Цэрэнчимэдийн мэдүүлэгт тэгж хэлсэн болохоос бусад хүмүүс Д.Цэрэнчимэд цаанаас нь ирээд тонгойх үед нь толгойн тус газар нь өшиглөөд талийгаач босож ирээгүй гэж хэлдэг. Ганцхан Д.Цэрэнчимэдийн би толгойн тус газар нь өшиглөөгүй гэснээр асуудлыг дүгнэж болохгүй. Хохирогч М.Буяндэлгэрийн бие махбодид шинжээчийн дүгнэлтээр зүүн шанаанд нь гэмтэл учирсан гэж гарсан. М.Буяндэлгэрын зүүн гар талд Д.Төмөрпүрэв зогсож байгаа. М.Буяндэлгэр хойшоо буюу баруун гар тал руугаа цохиулаад унасан. Тэгэхээр зүүн шанаанд нь цохиод унасан. Анхан шатны шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд яригдаагүй асуудлыг хохирогч Буяндэлгэр өнөөдөр ярьж байна. Баарны гадаа цохиулсан талаар өмнө огт яриагүй...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

1. Д.Цэрэнчимэд нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрын гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайн сэдэлтээр иргэн А.Ууганбаатарыг зодож санаатай алсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бямбасүрэнгийн “...2015 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 07 цагт хүү хүнтэй утсаар яриад машинд дайгдаад явсан... Орой 23 цагийн үед ажлаасаа ирсэн чинь хүү Ууганбаатар байхгүй, дүрэмт хувцсаа өлгөөд энгийн хувцас өмсөөд гарч явсан байхаар нь хаашаагаа явсан юм бэ гэж нөхрөөсөө асуухад хүнтэй уулзаад ирье удахгүй гэж хэлсэн. Тэр шөнөдөө ирээгүй өглөөний 07 цагаас эхлэн 86960235 дугаар луу залгасан боловч холбогдох боломжгүй байсан... өглөө зүгээр эрүүл саруул ажилдаа яваад орой ирээд зүгээр гарсан хүү минь нас барсан гэхээр маш их гомдолтой байна... Миний хүү А.Ууганбаатарыг нас барснаас хойш 8 цагийн дараа буюу 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 20 цагийн үед ЗХ-ний 150 дугаар ангийн Штабын дарга Ялалт гэх хүн бидэн рүү утсаар хэл дуулгаж цагдаа дээр хурдан ирэх хэрэгтэй байна гэж хэлсэн тэгээд Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс рүү явж байтал замд дахин утасдаж хүү чинь нас барсан байна гэж хэлж мэдэгдсэн... миний хүүгийн аминд хүрсэн этгээдүүдэд хуулийн дагуу хатуу хариуцлага тооцож, үнэн зөвөөр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна...” /1-р хх-ийн 208-210 тал/,

хохирогч М.Буяндэлгэрийн “...2015 оны 10 дугаар сарын 23-ны орой ...хамт ажилладаг Ууганбаатар над руу залгаад... уулзах уу гэхээр нь би тэгье хаана уулзах вэ гэхэд Сансарт гэж хэлсэн... 20 цаг 45 минутын үед Ууганбаатар надруу залгаад ...Айриш нэртэй пабад байна хүрээд ирэх үү гэхээр нь би за тэгье гээд  ...очиход Ууганбаатар ганцаараа пиво уугаад сууж байсан... 22 цаг өнгөрч байхад Ууганбаатар хоёулаа бааранд орох уу гэхээр нь тэгье гээд урагшаа уруудаж алхаад ... “Окланд” нэртэй бааранд орж суусан. ...Тэгээд гарч тамхи татаад зогсож байхдаа Ууганбаатар намайг Бади гэж дуудахад хажууд зогсож байсан хүүхэн та хоёр цэргийн хүн юм уу гэхээр нь би тиймээ гэхэд нөгөө хүүхэн би ч гэсэн цэргийн хүн энхийг сахиулах ажиллагаанд явж байсан гэж хэлсэн. ...тэгээд зогсож байтал “Банана” баарны үүдэнд буюу шатан дээр зогсож байсан саарал куртиктэй өндөр залуу Ууганбаатартай маргалдаад Ууганбаатар нөгөө залуугийн шанаан тус газарт гараараа 2 удаа цохиж шат руу өгссөн. Би Ууганбаатарын араас татаж холдуулахад нөгөө залуу миний нүүр лүү гараараа нэг удаа цохихоор нь би тэр залууг тэврээд шат руу өгсөж гарсан, энэ үед миний араас хүн татаж намайг салгаж холдуулсан... намайг татсан залуугаас холдох үед Ууганбаатар биеийн урд хэсэг нүүрээрээ шатны уруу унаж байсан. Би очоод татаж босгоход хамраас нь цус гараад духны дээд хэсэгт шалбарсан байсан нөгөө залуу хойшоо өгсөөд явсан. Ууганбаатар бид хоёр яагаад бид хоёрыг зодож байгаа юм бэ гээд араас нь явсан. Ингэж явж байхдаа би өөрийнхөө 88656748 дугаарын утаснаас цагдаагийн 102-т залгаж байсан тэгээд тасарсан... Ууганбаатар бид хоёр архи пиво хольж уугаад нэлээн согтсон байсан. Тэгээд нөгөө саарал куртиктэй залуу байрны дундуур аркаар ороод гүйхээр нь би араас нь гүйсэн. Миний араас Ууганбаатар ирсэн. Араас нь 3-4 залуу ирээд бид хоёрыг тойрч зогссон. Миний зүүн гар талд зогсож байсан малгайтай цамцтай залуу гараараа намайг нэг удаа цохиход би доош унасан. Тэгээд миний толгой эргээд манарсан энэ үед хэн өшиглөснийг мэдэхгүй. Ууганбаатарыг нэг хүн маш хүчтэй өшиглөж пид хийх чимээ гарсан. Би хагас босч харахад Ууганбаатар газар уначихсан хэвтэж байсан. Энэ үед намайг 1-2 удаа нуруу болон цээж рүү өшиглөж байсан... тэгээд нөгөө залуучууд яваад Ууганбаатар бид хоёртой намайг цохисон малгайтай цамцтай залуу үлдсэн... Ууганбаатарыг нөгөө залууг харж байгаарай гэж хэлээд “Окланд” бааранд очиж хоёр куртикээ аваад буцаж ирэхэд нөгөө залуу байхгүй байсан. Тэгээд урьд нь цагдаад дуудлага өгсөн юм чинь цагдаагийн машин ирэх байх гэж бодоод аркаар гараад төв зам руу нэлээд удаан харж зогссон. Тухайн үед миний гар утасны цэнэг дууссан байсан болохоор утсаар ярих боломжгүй байсан. Тэнд явж байсан 2 хүнээс утсаа өгөөч гэж гуйхад нэгж байхгүй, утасгүй гэж хэлсэн. Тэгээд буцаж Ууганбаатар дээр очиход сэрээгүй хэвээрээ байсан, сэрээх гэж дуудаж татахад босохгүй ямар ч үйлдэл үзүүлэхгүй болохоор нь согтоод тасраад унтчихлаа гэж бодсон. Тэгээд би өөрөө согтсон байсан учраас хүн авчирч өргөхгүй бол болохгүй гэж бодоод явж нэг хүүхэн залуу хоёроос гуйж байгаад дагуулж ирж Ууганбаатарыг өргөж авч яваад хойшоо автобусны буудлын “Венус” нэртэй зочид буудалд өрөө авч оруулж хэвтүүлсэн... Тэгээд би нөгөө хоёртой буцаж гараад хамт явсан. Маргааш өглөө нь буудалд ирж өрөөнд ороход Ууганбаатар амьсгалахгүй бие нь хөрсөн байсан тэгээд би ресевшнд хэлж 102, 103-д дуудлага өгсөн...” /1-р хх-ийн 215-217 тал/,

гэрч Б.Мөнх-Ундраагийн “...2015 оны 10 дугаар сарын 23-ны орой 22 цагийн үед багын найз Өлзийбаатар утсаар ярьж гараад ир караокед орьё гэж хэлсэн. Тэгээд машинтай ирэхээр нь машинд суухад гурван найз охинтойгоо хамт явж байсан. “Андууд” караокед орж 1 цаг 30 минут дуулсан. Тэндээсээ гарч түнелийн эсрэг талд нэрийг нь мэдэхгүй бааранд ороод 1 цаг гаран сууж 0.75 литрийн Вива нэртэй архи ууцгаасан. ...Өлзийбаатартай хамт явсан 3 охины нэг түрүүлж гарсан ба хэсэг хугацааны дараа ирэхдээ 150 дугаар ангид ажилладаг цагаан өнгийн биеийн тамирын цамцтай залууг дагуулж ирээд танилц миний найз байгаа юмаа гэж хэлээд бүгд гарсан. Тэгтэл нөгөө залуу нь манай дүү согтоод тасарчихсан байгаа юм энэ дүүгээ буудалд оруулж өгчихөөд та хэдтэй хамт явъя гэж хэлсэн. ...Нөгөө залуу нэг согтуу залууг үүрчихсэн буудалд оруулъя гэхээр нь найз нараасаа салаад дийлэхгүй байгаа юм байна гэж бодоод хамт өргөлцөөд “Венус” зочид буудал оруулж ресепшн дээр нь хүргэж өгөхөд нөгөө цагаан бэлтгэлийн цамцтай залуу тооцооны талыг өглөө өгье гэж хэлээд 07 тоот өрөөнд оруулж өгөөд гарсан. ...Бид 6 такси барьж Цайзын орчимд нэрийг нь мэдэхгүй буудалд орж унтсан. Буянаа гэдэг залуу үүрч явахдаа миний дүү сэргэнэ шүү гэж хэлсэн ба нөгөө залуу нь юм хэлэхгүй ай юу гэх бөгөөд биеэ дийлж явж чадахгүй байсан...” /1-р хх-ийн 221 тал/,

гэрч Г.Болдтуяагийн “...Би “Венус” зочид буудлыг түрээслэн ажилладаг. 2015 оны 10 дугаар сарын 23-ны шөнө найз Хишигсүрэн нөхөр Цогтбаатарын хамт Хэнтий аймгаас ирэхээр нь 03 тоот өрөөнд оруулсан. Найз Хишигсүрэнтэй уулзаагүй удсан учир найз Дуламсайхан, Баярцэцэг нарын хамт “Скай” бааранд орж ...архи ундаа ус авч бүжиглэж байгаад 03 цагийн үед буудалдаа ирээд найз Хишигсүрэнг 03 тоот өрөөнд оруулсан. Нөхөр нь өрөөнд унтаж байсан... би Дуламсайхан, Баярцэцэг хоёртой оффисын өрөөндөө унтсан. Өглөө 10 цагт босож найз нартайгаа юм яриад сууж байхад 11 цагийн үед гаднаас нэг залуу орж ирээд 07 номерын өрөөнд ороод буцаж гарч ирээд манай найз сонин болчихсон байна... гэж хэлэхээр нь өрөөнд ороод орон дээр хэвтэж байсан залуугийн биеийг барьж үзэхэд хөрсөн байхаар нь нас барчихсан юм биш үү гэж хэлээд тэр залууд гар утсаа өгөхөд түргэн тусламж руу залгасан, дараа нь цагдаад дуудлага өгсөн. ...Түргэний эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн. ...манай буудалд амарч байсан хүмүүсээс маргалдаж, зодолдсон хүн байхгүй...” /1-р хх-ийн 222 тал/,

гэрч Д.Баярцэцэгийн “...2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ...би гурван найзын хамт “Скай” бааранд бүжиглэх гэж орсон. ...тэгээд тэнд 2 цаг бүжиглэж байгаад гараад бүгдээрээ такси бариад “Венус” буудалд буцаж ирсэн тэгээд ороод шатаар дээш өгсөх замд шатан дээр нэг залууг хоёр залуу хоёр гарнаас нь сугадсан байдалтай нэг хүүхэн хоёр хөлийг нь өргөсөн байдалтай шатаар өгсөж явсан. Тэгээд бид нар зөрөөд дээшээ 2 давхарт гараад фофиссын өрөө рүү орсон. ...тэр өрөөнд Болдтуяа, Дуламсайхан хоёртой унтсан. ...өглөө 10 цагийн үед сэрээд байж байтал нэг залуу хаалга тогшоод утас байна уу манай найзын бие нь сонин байна түргэн дуудах гэсэн юм гээд манай найз Болдтуяагийн утсаар түргэн дуудсан...” /1-р хх-ийн 224 тал/,

гэрч Д.Хишигсүрэнгийн “...Би 2015 оны 10 дугаар сарын 23-нд нөхөр Цогтбаатарын хамт Сансарт байдаг “Венус” нэртэй буудалд өрөө авсан. ...Тэр буудлыг манай найз Болдтуяа түрээслэн ажиллуулдаг. ...Би нөхөртэйгээ хамт өрөөндөө байж байгаад Болдтуяа, Ука, Сайнаа нартай хамт “Скай” нэртэй бааранд орж сууж байгаад 02 цаг өнгөрөөгөөд буудалд ирсэн. Бид нар буудалд ороод шатаар дээш гарч байхад урд хоёр залуу нэг хүүхэн нэг хүнийг өргөөд дээш гарч байсан тэд нар 07 номерийн өрөөнд орсон. ...би өглөө 10 цагаас босоод гурван найзыгаа сэрээсэн манай гурван найз ажилчдын өрөөнд байсан. ...Сэргээгээд удаагүй байж байхад гаднаас нэг залуу орж ирээд 07 номерийн өрөөнд ороод Баагий Баагий гээд орилоод байсан. ...Тэгээд өрөөнөөс гарч ирээд утсаа өгөөч түргэн дуудах гэсэн юм манай найз сонин болчихсон байна гэж байсан. Удалгүй эмч цагдаа нар ирсэн. ...Миний мэдэхээр манай өрөөнд ямар нэг зодоон болоогүй, буудалд ч бас зодоон болоогүй байх гэж бодож байна...” /1-р хх-ийн 226-227 тал/,

гэрч Б.Дуламсайханы “...Бид нар тэр баарнаас шөнийн 02 цаг 30 минутын үед гараад Болдтуяагийн ажиллуулдаг “Венус” буудалд ирцгээсэн Хишигсүрэн найз залуугийн хамт 3 тоот өрөөнд ороод унтаад өгсөн. Харин Болдтуяа, Баярцэцэг бид гурав ажлын өрөөнд нь унтаад өгсөн. ...Тэгээд өглөө 10 цагийн үед сэрцгээсэн тэгтэл гаднаас нэг залуу орж ирээд эгчээ гар утсаа өгөөч түргэн дуудах гэсэн юмаа 7 тоот өрөөнд манай найз сонин болчихсон байна та очоод хараад өгөөч гэхээр нь Болдтуяа түүнийг дагаад очиж үзсэн тэгээд биенд нь хүрсэн чинь үхсэн байдалтай байна гээд буцаад хүрээд ирсэн тэгээд эмнэлэг, цагдаа ар араасаа ирсэн...” /1-р хх-ийн 229-230 тал/,

гэрч О.Энхсарнайгийн “...Би 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн орчим найзууд болох Номин-Эрдэнэ, Түмэнцас, Мөнх-Ундраа, Өлзий нартай “Окланд” бааранд орсон. ...Бид нар бүжиглэж байгаад ширээн дээр ирсэн чинь Мөнх-Ундраа, Түмэнцас хоёр байхгүй байсан. ...Тэгэхээр нь бид хувцсаа өмсөөд нэг мөр гарцгаасан. ...Тэгээд хүлээгээд байж байгаад за за дээшээ алхая гээд явж байсан чинь өөдөөс Мөнх-Ундраа, Түмэнцас хоёр бас нэг залуугийн хамт ирсэн. ...Хаашаа яваад ирж байгаа юм бэ гэсэн чинь хажууд явж байсан залуутайгаа танилцуулаад дүү нь согтуу байхаар нь буудалд оруулж өгчихөөд ирлээ гэж хэлсэн. ...Цайз руу такси бариад явж байгаад буудалд орцгоосон. ...Өглөө босоод Буяндэлгэр гэрээсээ машинаа аваад бид нарыг хүргэж өгнө гээд гэрлүүгээ явж машинаа авчираад замаараа дүүгээ аваад гэрлүү нь хүргэж өгнө гээд буудал руу нь явсан. ...Буудлын гадаа очоод Буяндэлгэр ганцаараа ороод 5 орчим минут болоод гараад ирсэн чинь царай нь цонхийсон бие хөрсөн байна гээд хүн ойлгохгүй юм яриад байсан. ...Тэгснээ буцаад буудал ороод 10 орчим минут болоод гарч ирээд ... дүү өнгөрчихсөн байна би цагдаа, түргэн дуудчихлаа гээд уйлаад байсан. ...Буяндэлгэрийн куртик нь цус болчихсон харагдаж байсан. Мөн цамцных нь ард гутлын мөр тод харагдаж байсан...” /1-р хх-ийн 243 тал/,

гэрч Ч.Түмэнцасын “...2015 оны 10 дугаар сарын 23-ны орой найзууд болох Номин-Эрдэнэ, Сарнай, Өлзий, Мөнх-Ундраа нартай хамт ...сансарт байрлах “Окланд” нэртэй бааранд орцгоосон. ...Би агаар амьсгалах гээд ганцаараа гадагшаа гарч яваад үүдэн дээр танихгүй залуутай мөргөлдсөн чинь тэр залуу намайг замаа хараач гэж хэл амаар доромжилсон чинь хажуунаас нэг залуу намайг өмөөрсөн. Тэр өмөөрсөн залуу Буяндэлгэр байгаа юм. ...Би Буяндэлгэртэй танилцсан. ...Буяндэлгэр манай дүү энэ хавьд байгаа юмаа, архиндаа тасарчихлаа, нэг газар оруулж хонуулдаг юм билүү чи надад туслаач, би дүүгээ нэг газар оруулчихаад чамайг хүргээд өгье гэж хэлсэн. ...Тэгэхээр нь тэгье гээд цугтаа дагаад явсан чинь баарны хойгуур ертөнцийн зүгээр зүүн тийшээгээ алхаад байрны хажуугийн явган хүний зам дээр дүү нь газар хэвтэж байсан. Буяндэлгэр манай дүү байна гээд бид хоёр түшиж босгоод 2 талаас нь дамнаад явж байсан чинь Мөнх-Ундраа өөдөөс хүрээд ирсэн. Ингээд Мөнх-Ундраа Буяндэлгэр хоёр нөгөө залууг 2 талаас нь дамнаад дээшээ алхаад “Венус” гэх буудал дээр ирсэн. ...Буудалд оруулаад орон дээр хэвтүүлэхэд нь би царайг нь харахад хамар нь бөөн цус болчихсон цус нь хатсан байдалтай байсан. Би дүү чинь яачихсан юм бэ гээд Буяндэлгэрээс асуухад бид хоёр хүмүүст зодуулсан юмаа гэсэн. Мөн дүүгийнхээ хувцсыг тайлаад оронд нь оруулсан хувцсыг нь тайлж байснаа манай дүүгийн утас нь бас яачихваа гэхээр нь би ямар утас байсан юм бэ гэсэн чинь “I phone-5” гэж байсан. Мөн би ямар хүмүүст зодуулсан юм бэ гэсэн чинь мэдэхгүй, танихгүй хүмүүст гэж байсан. ...Дүүг нь анх хэвтэж байсан газраас нь эхлээд буудал хүртэл түшээд явахад согтуу хүний гийнах чимээ гарч байсан. Тэгэхээс үг үсэг хэлээгүй, буудалд оронд нь оруулаад Буяндэлгэр ах нь чамайг өглөө ирж авна шүү гэсэн чинь за гэж амандаа зөөлөн хэлснээ толгойгоо дохиж байсан. Ингээд дүүг нь буудалд орхичихоод Мөнх-Ундраа, Буяндэлгэр бид 3 доошоо алхаж байсан чинь өөдөөс манай... найзууд гарч ирсэн ба бид нар ...цайз руу буудал хайж явж байгаад “Роял” нэртэй буудалд хоносон... өглөө Буяндэлгэр эрт гараад ... машинаа авчихаад бид нар бөөнөөрөө “Венус” буудал дээр очоод Буяндэлгэр буудал руу ганцаараа ороод ... 10 орчим минутын дараа Буяндэлгэр царай нь цонхийчихсон манай дүү өнгөрчихлөө гээд хүн ойлгохгүй юм ярьснаа эргээд буудал руу орсон. ...Тэгээд эргээд гарч ирсэнээ манай дүү өнгөрчихсөн байна гээд машиндаа суугаад уйлаад байсан. ...Буудалд дүүг нь хүргэж өгөхөд Буяндэлгэрийн куртикных нь гадна талд цус болсон байсан. Мөн цагаан өнгийн бэлтгэлийн цамцных нь ард талд нь гутлын мөр гарчихсан байсан...” /2-р хх-ийн 8-9 тал/,

гэрч Д.Цэнд-Аюушийн “...Би 2015 оны 10 дугаар сарын 24-ний 00 цагаас хойш 03:30 цаг хүртэл “Венус” зочид буудлын хүлээн авагчаар ажилласан. ...02 цаг 30 минутын үед гаднаас 2 залуу нэг эмэгтэй орж ирээд өрөө асуусан. ...тэд нар надад манай нэг найз согтуу байгаа тэр найзыгаа унтуулчихаад бид нар асуудал гаргалгүй яваад өгнө гэж хэлсэн. Тэгээд тэр гурав цуг гараад явахаар нь би камер хараад сууж байсан чинь гаднаас архи уугаад тасарсан байдалтай эрэгтэй хүнийг хоёр эрэгтэй нь хоёр гарнаас нь барьчихсан нэг эмэгтэй нь хөлнөөс нь барьчихсан орж ирээд 7 тоот өрөө рүү оруулаад өрөөндөө тэд нар 10 орчим минут байж байгаад гараад явсан. ...Намхан залуу нь өрөөнд оруулсан залуугаа манай найз байгаа юм би өглөө ирнэ гэж хэлээд явсан...” /2-р хх-ийн 10-12 тал/,

гэрч Б.Гансүхийн “...2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн үед Сансарын тунелийн автобусны буудлын хойд талд байх Хаан хуушуур цайны газар найз Төмөрпүрэв, Энхнаран, Батзориг бид дөрөв утсаар ярьж байгаад уулзаж хуушуур авч идсэн. ...Батзориг “Сэнгүр” пиво авч ирсэн. ...Бид нар гараад хүүхдийн тоглоомын талбайн зүүн хойд талд пивыг хувааж ууж дуусаад ...урагшаа явж хүнсний дэлгүүрт орж 0,5-н Улаанбаатар цагаан архи 1 шил, нэг том ундаа аваад пиво уусан газраа очиж ууж дуусаад ...Банана нэртэй бааранд орсон. ...Бааранд орохоос өмнө Төмөрпүрэв, Цэрэнчимэд рүү утсаар ярьж дуудсан юм шиг байна лээ. Цэрэнчимэд ирнэ гэж Төмөрпүрэв хэлж байсан. ...5-10 минутын дараа Цэрэнчимэд ирээд 1 шил пиво авч уусан. ...Тэгээд баар хааж бид нар гарахад ...3 охин шатны доор юм яриад зогсож байсан. Би очоод танилцъя хаашаа явах юм гэж асуусан. Өөр юу ярьсан талаар санахгүй байна. Тэгээд би тэр гурваас холдоод ...эргэж харахад нөгөө гурван охинтой өндөр, намхан хоёр залуу юм яриад зогсож байсан. ...Би тэр хоёр залуутай ямар нэгэн байдлаар маргалдсан зүйл болоогүй ярьж байгаа зүйлийг нь сонсоод зогсож байсан. Энэ үед шатан дээр Цэрэнчимэд ирж нөгөө хоёр залуугийн хажууд нь ирээд найзад яагаад томроод байгаа юм бэ гэж нөгөө хоёр залууд хандаж хэлэхэд өндөр залуу энэ залуучуудыг чинь зодчих уу гэж нөгөө 3-н хүүхэнд хандаж хэлсэн. Цэрэнчимэд чи тэгээд яах гээд байгаа юм гэж тэр хоёр маргалдсан. Өндөр залуу Цэрэнчимэдийн нүүрэн тус газарт нь хоёр гараараа ээлжлэн цохиж тэр хоёр шатны дээд талд буюу “Банана” баарны үүний урд талд очсон. Тэр хоёр хоорондоо зууралдаад Цэрэнчимэд өндөр залуугийн хоолойг зүүн гараараа уургалж шатны босоо трубанд шахаж боосон байдалтай зогсож байсан. Цагаан цамцтай намхан залуу Цэрэнчимэдийн араас зууралдахаар нь би татаж гаргаад эргэж хартал өндөр залуу шатны уруу нүүр болон биеийн урд хэсгээрээ унасан байсан. ...Тэгээд би шатнаас буугаад нөгөө 3 охины махлагдуу ...хүүхэнтэй юм яриад түрүүлээд дээшээ алхсан. ...Энэ үед нөгөө өндөр, нам хоёр залуу саарал куртиктэй залуу хаана байна алнаа гээд орилоод хажуугаар түрүүлж явсан. ...Тэгээд арктай байр өнгөрөөд явж байхад нөгөө хоёр залуу бас орилоод хажуугаар доош зөрсөн. ...Удаагүй хойно явж байсан хоёр охины нэг нь танай найз чинь зодолдож байна гэж орилохоор нь би доош уруудаад ...аркаар ороод харахад 100-аад метрийн зайд байрны орцны үүдэнд явган хүний зам дээр Төмөрпүрэв зогсож байсан. ...Цагаан цамцтай намхан залуу хажууд нь зогсож байсан. Саарал цамцтай өндөр залуу нь газар доошоо хараад хэвтэж байсан... намхан залуу та нарыг маргааш бүгдийг чинь ална хараарай гээд байхаар нь би одоо больцгоо гэж хэлээд буцаж яваад ... нөгөө хоёр хүүхэн дээр очоод ... за за би явлаа гэхэд ... нөгөө 3 хүүхэн хойшоо алхаад явсан. Би урагшаа алхаад явсан. Аркны ойролцоо ирэх үед Төмөрпүрэв над руу залгаад хаана байна гэхээр нь харих гээд доошоо уруудаж байна гэхэд зодоон болсон газраа өнгөрөөд зүүн тийш яваад ир гэхээр нь би хоёр байрны дундуур аркаар ороод зодоон болсон гэх газрын хажуугаар өнгөрч явахад орцны үүдэнд нөгөө саарал цамцтай өндөр залуу ганцаараа явган хүний зам дээр хэвтэж байсан хажууд нь хүн байгаагүй... би Төмөрпүрэвтэй уулзаад Жуковын ард автобусны буудал дээр Энхнаран, Цэрэнчимэд хоёртой таарсан удаагүй Батзориг Төмөрпүрэв рүү утсаар яриад ирсэн. ...Цэрэнчимэд ... өндөр залууг хоолойгоор нь боогоод тавихад шатны уруу унахаар нь ингээд үхчихдэг юм байх даа гэж бодсон гэж ярьсан... өөр зүйл яриагүй...” /2-р хх-ийн 19-22 тал/,

гэрч С.Энхнарангийн “...2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр би ... Гансүхийн утас руу залгаж хаана байгаа талаар асуухад Төмөрпүрэв бид хоёр хамт байна. Сансар өгсөөд явж байна гэхээр нь би гэрээсээ гарч ... Монгол хуушуур гэх цайны газар уулзсан. ...Мөн Батзоригтой би утсаар ярьсан удаагүй Батзориг том Сэнгүр пивотой ирсэн. ...Тунелийн дээр гарч хүүхдийн тоглоомын талбайн хойд талд пивыг хувааж ууж дуусгаад ... хүнсний дэлгүүрээс 0,5 гр-н нэг шил архи том фанта ундаа аваад ... хувааж ууж дуусгаад ...“Банана” нэртэй бааранд ... орж 4 шил Сэнгүр пиво авч уусан. ...Төмөрпүрэв Цэрэнчимэдтэй утсаар ярьж байсан. Удаагүй Цэрэнчимэд ирээд бид 5-лаа болсон. ...цагаан архи авч бид нар хувааж уусан. ...Тэгээд баар хааж бид нар гадаа гараад шатнаас доош буугаад зогсоход шатны дээд талд Цэрэнчимэд зогсоод доор нь цагаан цамцтай намхан залуу, баруун талд нь нэг өндөр залуу тэр гурав хоорондоо маргалдаад байсан. ...Энэ үед Цэрэнчимэдийг доор зогсож байсан өндөр залуу хоёр гараараа нүүрэн тус газар нь цохиод шат руу өгсөж шатны дээр гараад хоорондоо зууралдахаар нь би араас нь гараад салгах гэтэл цагаан цамцтай намхан залуу над руу дайрах үед Гансүх тэр залууг араас нь татаж надаас холдуулсан. ...Тэнд байсан хүмүүс наад залуугаа тавиач ээ боочихсон байна гээд байсан. ...Нэг танихгүй залуу ирээд Цэрэнчимэдийг татаж салгах үед өндөр залуу шатны уруу биеийн урд хэсэг болон нүүрээр унасан. ...Намхан залуу өндөр залуу дээр очиж өргөхөд өндөр залуу өөрөө боссон. ...Энэ үед би зодоон болж магадгүй гэж бодоод зайгаа аваад хойшоо өгсөж яваад баруун тийш хоёр байрны дундуур ороод... зогсож байхад өндөр намхан хоёр залуу Цэрэнчимэдийг хайгаад байгаа бололтой саарал куртиктэй залуу хаана байна алнаа гээд орилоод байсан. ...Энэ үед Цэрэнчимэд машин ордог аркны дунд явж байхад өндөр залуу нь эхлээд дайрч тэр хоёр бага зэрэг ноцолдсон. Араас нь цагаан цамцтай намхан залуу орилоод очих үед Цэрэнчимэд цаашаа гүйж зугтаасан. ...Араас нь Төмөрпүрэв, Батзориг бид гурав алхаад явж байхад ...явган хүн машин зам хоёрын дунд нөгөө хоёр залуу зогсоод Төмөрпүрэв, Батзориг бид 3 явж очсон. ...Намхан залуутай Төмөрпүрэв маргалдаж байгаад Төмөрпүрэв намхан залуугийн нүүрэн тус газар... цохиход намхан залуу доош унахдаа намайг налаад газар унах үед миний ард намхан төмөр хашаа тээглээд би хамт унасан. Энэ үед өндөр залуу намхан залууг татаж босгох гээд тонгойход Цэрэнчимэд цаанаас ирээд өндөр залуугийн нүүрэн тус газар нь 1-2 удаа өшиглөхөд өндөр залуу газар унасан. Энэ үед бид босоод Батзоригтой хамт баруун тийш алхаад гүйх гэхэд Батзориг гүйгээд яах юм бэ, алхаад яв гэхээр нь хамт алхаад ... урагшаа явж байтал байрны зүүн талаас Цэрэнчимэд гарч ирээд бид 3 нийлээд урагшаа хамт явсан. ...Цэрэнчимэд өндөр залуутай баарны гадна талын шатан дээр маргалдсан яг юунаас болж маргалдсан талаар би мэдэхгүй. ...Зодоон баарны үүдэнд эхэлж болоод дараа нь байрны дунд орцны үүдэнд явган хүн, машин замын дунд хоёр газар болсон. ...Би энэ зодоонд оролцоогүй гэхдээ хажууд нь харж байсан. ...Байрны гадаа очиход Төмөрпүрэв намхан залуугийн нүүрэн тус газар нь зүүн гараараа нэг удаа цохиж унагаасан энэ үед өндөр залуу намхан залууг татаж босгох гэж байхад Цэрэнчимэд цаанаас ирээд эхлээд өндөр залуугийн толгой руу 1-2 удаа өшиглөхөд өндөр залуу газар унаад босоогүй. ...Арк болон байрны хойд талд болсон зодоонд Гансүх оролцоогүй. Тухайн үед байгаагүй. .. бид нар ямар нэгэн эмэгтэй хүнтэй яваагүй баарнаас гарах үед 25 орчим насны нэг хүүхэн бид нарын дундуур ороод яваад байсан өмнө харж байгаагүй танихгүй... Цэрэнчимэд бид хоёр баруун тийш машин зам гараад явж байхад Цэрэнчимэд нөгөө хүн гайгүй байгаа андаа зүгээр байгаадаа арай үхчээгүй байгаа даа гэж айсан байдалтай ярьж байсан...” /2-р хх-ийн 23-26/,

У.Батзоригийн яллагдагчаар мэдүүлсэн “...2015 оны 10 дугаар сарын 23-ны орой баарнаас Цэрэнчимэд, Төмөрпүрэв, Энхнаран, Гансүх нарын хамт гараад би танихгүй эмэгтэй ганцаараа явж байхаар нь очиж танилцаад Сансарын замаар явган хүний гарцаар гаргаж өгөөд буцаад анх орсон “Банана” нэртэй баарны үүдэнд иртэл Цэрэнчимэдийг хэдэн залуус хайгаад өндөр залуу хаана байна гээд хайгаад орилоод байсан тэгээд би Төмөрпүрэвтэй уулзаад юу болсон талаар асуухад Цэрэнчимэдийг энэ залуус хайгаад байгаа юм сая баарны үүдэнд зодолдсон юм гэж надад хариулсан. Тэгээд Төмөрпүрэв, Энхнаран бид 3 Цэрэнчимэдийг хайгаад явж байтал нэг байрны буланд Цэрэнчимэдийг танихгүй 2 залуу газар унагаад зодож байгаа харагдсан. Тэр хооронд Цэрэнчимэд босоод зүүн зүгт орон сууцны хажуугаар гүйсэн. ...Би тэр хоёр залуугийн намхан биетэй цайвар саарал цамцтай залуугийн бөгс рүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөтөл тэр 2 залуу над руу эргэж хараа ч үгүй Цэрэнчимэдийн араас гүйгээд явсан. ...тэр 2 залууд хандаж Төмөрпүрэв болиоч ээ гэж хэлтэл нэг залуу нь Төмөрпүрэв рүү чи юу вэ гээд дайрахад нь Төмөрпүрэв тэр залууг зүүн гараараа нүүрэнд нь нэг удаа цохисон яг хэнийг нь цохисныг сайн ялгаж хэлж чадахгүй байна. Тэгээд араас танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн, хүн аллаа шүү дээ гээд орилохоор нь би тэр 2 хүн рүү биеэ эргүүлж хараад буцаад нөгөө хэд рүү харахад нөгөө 2 залуу газар унасан байсан бөгөөд Цэрэнчимэд та нар өөрсдөө эхэлсэн шүү гэж хэлээд тэр 2 залуугийн толгойд нэг нэг удаа өшиглөөд цаашаа гүйгээд явсан бөгөөд нэг залуу нь босоод ирсэн нөгөө залуу нь босохгүй хэвтээд хоцорсон бид нар ч тэр чигээрээ тэр газраас холдоод явсан. Тэгээд бүгд цуглаад явж байхад Төмөрпүрэв би намхан залууг нь шанаадаад цохисон чинь уначихлаа гэж байсан харин Цэрэнчимэд мань чинь очоод толгой руу нь энэ хар гутлаараа  өшиглөсөн, энэ гутал нэг гай болох гээд байсан юмаа гэж хэлсэн чинь Энхнаран чи арай аймаар өшиглөж байна лээ, хүн алчихвал яах юм бэ гэж хэлж байсан...” /2-р хх-ийн 146-148 тал/,

Д.Төмөрпүрэвийн яллагдагчаар мэдүүлсэн “...Би Буяндэлгэрийг бол танихгүй ээ баарны үүдэнд Цэрэнчимэд нэг бараан өнгийн хувцастай залуутай хэрэлдэж маргаад тэндээ цохилцож, зодоон болоод Цэрэнчимэд түрүүлээд хойд зүгт явсан. Тэгээд явж байтал ...саарал куртиктэй залууг алнаа пиздаа гэх зүйл яриад хажуугаар 2 залуу өнгөрөөд явсан. ...Цэрэнчимэдийн араас очоод нэг залуу нь Цэрэнчимэдийг шууд араас нь очоод өшиглөөд цохиж авсан. Тэгтэл Цэрэнчимэд газар унасан бөгөөд дөнгөж босоод цааш яваад хойшоо харсан орцтой байрны харалдаа явж байхад ... Энхнаран, Гансүх, Батзориг бид 4 араас нь очоод Цэрэнчимэдтэй маргалдаад зодоон цохион хийгээд байсан залуугийн найз нь болох цагаан цамцтай залуу дээр очоод найзыгаа аваад явчихаач гэж хэлтэл тэр цагаан цамцтай залуу чи одоо юу вэ ... хөөрөөд байгаа бацаанууд минь гэж хэлээд баруун гараараа намайг цохих гээд далайхад нь би зүүн гараараа баруун шанаанд нь нэг удаа цохисон. Тэгээд тэр ... залуу урагшаа ч юмуу хажуу тийшээгээ өвдөг дээрээ сөгдөж доош суусан. Тэгээд ... бараан хувцастай залуу миний араас барих гээд ирэхээр нь би зайлтал тэр залуу өөрийн хийндээ хальтраад 4 хөллөөд унасан. Энэ үед нь Цэрэнчимэд нь тэр залуугийн толгой, хүзүү орчим нэг удаа өшиглөсөн. Мөн миний цохиж унагасан цагаан цамцтай залууг хэн нэгэн нь өшиглөх шиг болсон. Ингээд тэр бараан цамцтай залуу ухаан алдаад газар хэвтээд өгсөн...” /2-р хх-ийн 160-162 тал/,

Д.Цэрэнчимэдийн яллагдагчаар мэдүүлсэн “...Төмөрпүрэв цагаан цамцтай залуугийн шанаан тус газар гараараа нэг цохисон би хажууд нь очоод больцгооё залуучуудаа гэж хэлэх үед Төмөрпүрэвийн хажууд зогсож байсан саарал цамцтай залуу миний хөл рүү дайрч унагах гээд дайрах үед нь би тэр залуугийн зүүн талын мөр лүү нэг удаа өшиглөсөн. Цагаан цамцтай залуу Төмөрпүрэвт цохиулчихаад хоёр гараараа хаагаад хэвтэж байхад нь зүүн гарын шууны орчим нэг удаа хөлөөрөө жийсэн...” /2-р хх-ийн 174-175 тал/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 1888 дугаар “...Талийгаачид тархины хоёр тал бөмбөлөгийн голомтлог орой ба суурь, уртавтар тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, дөрөвдүгээр ховдлын цус харвалт, толгойн оройн хуйхны цус хуралт, хоёр хацар, хүзүүний зүүн талын цус хуралт, дух, хамар, зүүн ташаан толгой, баруун өвдөгний зулгаралт тогтоогдлоо. Эдгээд гэмтлүүд нь нэг ба ойролцоо цаг хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн цохих доргих үйлчлэлээр үүгэгдэнэ. Тархины хоёр тал бөмбөлөгийн голомтлог орой ба суурь, уртавтар тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, дөрөвдүгээр ховдлын цус харвалт нь үхэлд шууд хүргэжээ. Нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй. Цус нь 3-р бүлэг байна. Тархины хоёр тал бөмбөлөгийн голомтлог орой ба суурь, уртавтар тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, дөрөвдүгээр ховдлын цус харвалт нь амьдралын төв  цочирсоноос үхэлд хүргэжээ...” /2-р хх-ийн 59-61 тал/ гэх Шинжээчийн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 5248 дугаар “...2015-10-24 01:55:33 секундэд цайвар өнгийн хүрэм, цэнхэр жинсэн өмдтэй хүнийг түшиж босгож байгаа бараан өнгийн хувцастай хүнийг тонгойх үед наад талаас очиж явсан бараан өнгийн богино хүрэм /савхин байж болох/ бараан өнгийн өмдтэй хүн толгойн тус газарт нь нэг удаа өшиглөж унагаж байна. ...бараан өнгийн хувцастай хүн 01:55:33 секундэд газарт унаснаас хойш хүнээр түшүүлэлгүй өөрийн идэвхтэй үйл хөдөлгөөнөөр босох болон дээш өндийх үйлдэл хийхгүй байна... ДҮГНЭЛТ: 2015-10-24 01:55:33 секундэд бараан өнгийн хувцастай хүнийг тонгойх үед наад талаас очиж явсан бараан өнгийн богино хүрэм /сахин байж болох/, бараан өнгийн өмдтэй хүн толгойн тус газар нь нэг удаа өшиглөж унагааснаас хойш хүнээр түшүүлэлгүй өөрийн идэвхтэй үйл хөдөлгөөнөөр босох болон дээш өндийх үйлдэл хийхгүй байна...” гэх Шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 99-100 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 216 дугаар “...Талийгаач А.Ууганбаатарын цогцост тархины хоёр тал бөмбөлөгийн орой ба суурь хэсгийн голомтлог, уртавтар тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, дөрөвдүгээр ховдлын цус харвалт, толгойн оройн хуйхны цус хуралт, хоёр хацар, хүзүүний зүүн талын цус хуралт, дух, хамар, зүүн ташаа, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлийг авсан хүн ухамсарт ухаан үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй ба ухаангүй байж байгаад нас барна, ялангуяа тархины 4-р ховдлын цус харвалт тархины багана хэсгийн цус харвалт нь үхэлд хүргэнэ, эмнэлгийн тусламж авсан ч амь нас аврагдах боломжгүй юм. Дээрх гэмтлүүдээс гавал тархины гэмтэл болох тархины хоёр тал бөмбөлөгийн голомтлог, орой ба суурь, уртавтар тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, дөрөвдүгээр ховдлын цус харвалт нь шууд үхэлд хүргэжээ. Хэргийн материалд хавсаргагдсан дүрс бичлэгт 2015 оны 10 дугаар сарын 24-ний 01:55:33 секундэд газарт унасан цагаан болон бараан саарал өнгийн цамцтай 2 хүний бараан саарал өнгийн цамцтай залууг наад талаас очиж буй саарал өнгийн байж болох богино куртик, бараан өнгийн өмдтэй хүн толгойн тус газарт нь нэг удаа өшиглөж унагаснаас хойш өөрийн идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийхгүй байна...” /4-р хх-ийн 46-48 тал/ гэх Шинжээчийн дүгнэлт,

шинжээч эмч Ц.Ганболдын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Талийгаач дээрх тархины хоёр тал бөмбөлөгийн голомтлог орой ба суурь уртавтар тархины аалзан бүрхүүл цус харвалт, дөрөвдүгээр ховдлын цус харвалт гэмтлийг аваад ямар нэг идэвхтэй үйл хөдлөл хийх боломжгүй, дээрх гэмтлийг хүн аваад тэр дороо ч нас барж болно эсвэл ямар нэг үйл хөдлөл хийхгүй, ухаангүй байж байгаад нас барна. Ялангуяа тархины дөрөвдүгээр ховдлын цус харвалт нь шууд үхэлд хүргэнэ. Талийгаачийн хүзүүний зүүн хэсэгт хүч үйлчилсний улмаас тархинд үүссэн цус харвалтууд үүссэн байж болно дээрх гэмтлүүд нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хүн дээрх тархины гэмтлүүдийг аваад ямар нэг идэвхтэй үйл хөдлөл хийхгүй тэр дороо үхнэ, эсвэл удаан амьдрахгүй. Гэмтлийг аваад тэр дор нь эмнэлгийн тусламж авсан ч амь нас аврагдах боломжгүй...” /2-р хх-ийн 115-117 тал/, анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Талийгаач Ууганбаатарын цогцост шинжилгээ хийхэд тархины суурь хэсэг, бага тархи, уртавтар тархинд аалзан бүрхүүл доор нилээн зузаан цус хурсан байсан. Уртавтар тархи гэдэг  газарт амьдралын чухал чухал цэгүүд их байдаг. Амьсгал, зүрх судасны төвүүд байдаг. Уг гэмтлийг авсан тохиолдолд маш түргэн хугацаанд нас бардаг. Тархины 4 дүгээр ховдол дээр мөн цус харвасан байсан. Энэ нь түргэн үхэлд хүргэдэг гэмтлүүд. Эдгээрийг үндэслэн 1 удаа цохилт авахад хангалттай эдгээр гэмтлийг үүсгэх боломжтой. ...Түр зуур амьд байлаа гэхэд комын байдалд байна. Гадна орчинд ухамсарт үйлдэл хийх боломжгүй. ...Шинжилгээний үед хүзүүний зүүн хэсэгт 5*1 см олон тооны хөх өнгийн голомтлог цус харвалттай байсан. Хүзүүний зүүн хэсэгт гэмтэл учруулсны улмаас хүзүүн доорхи хэсгээсээ  дээшээ цус харвасан гэж үзэж байгаа. ...Шатнаас унасны дараа энэ гэмтлийг авах боломж муутай, учир нь унасны дараа ухамсарт хөдөлгөөн хийгээд явсан байна. Шинжилгээгээр талийгаачийн баруун зулай ар хэсэгт гавлын ясны шанх ясанд зулгаралт байгаа. Энэ гэмтлийн харалдаа тархинд гэмтэл байхгүй байсан. Эсрэгээр тархины суурь хэсгээр гэмтсэн байсан тул хүзүүнд гэмтэл учруулахад үүсэх боломжтой гэж үзсэн. ...Хүчтэй доргиход өөр гэмтэл үүснэ. ...Тархины доод хэсэг хүзүүтэй холбоотой. ...Тархинд үүссэн гэмтлийн хамарсан хүрээг нь бичихээр олон байгаа ч, нэг цус харвалтаар үүссэн...” /5 хх-ийн 51-53 тал,

шинжээч эмч Б.Ариунзулын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...талийгаач А.Ууганбаатарын ...гавал тархины гэмтлүүд нь бүгд нэг удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хатуу мохоо гэдэгт цохих, өшиглөх зэрэг хамаарна...” /4-р хх-ийн 51-52 тал/  гэх мэдүүлгүүд,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 132-135 тал/,

2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31-р байрны хойд талыг харуулсан камерын бичлэг /хэрэгт хавсаргагдсан/ зэрэг нотлох баримтуудаар ,

 

2. Д.Цэрэнчимэд, Д.Төмөрпүрэв, У.Батзориг нар нь бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрын гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж иргэн М.Буяндэлгэрийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан болох нь:

хохирогч М.Буяндэлгэрийн “...2015 оны 10 дугаар сарын 23-ны орой ...хамт ажилладаг Ууганбаатар над руу залгаад... уулзах уу гэхээр нь би тэгье хаана уулзах вэ гэхэд Сансарт гэж хэлсэн... 20 цаг 45 минутын үед Ууганбаатар над руу залгаад ... Айриш нэртэй пабад байна хүрээд ирэх үү гэхээр нь би за тэгье гээд ... очиход Ууганбаатар ганцаараа пиво уугаад сууж байсан... 22 цаг өнгөрч байхад Ууганбаатар хоёулаа бааранд орох уу гэхээр нь тэгье гээд урагшаа уруудаж алхаад ... “Окланд” нэртэй бааранд орж суусан... тэгээд гарч тамхи татаад зогсож байхдаа Ууганбаатар намайг Бади гэж дуудахад хажууд зогсож байсан... хүүхэн та хоёр цэргийн хүн юм уу гэхээр нь би тиймээ гэхэд нөгөө хүүхэн би ч гэсэн цэргийн хүн энхийг сахиулах ажиллагаанд явж байсан гэж хэлсэн... тэгээд зогсож байтал “Банана” баарны үүдэнд буюу шатан дээр зогсож байсан саарал куртиктэй өндөр залуу Ууганбаатартай маргалдаад Ууганбаатар нөгөө залуугийн шанаан тус газарт гараараа 2 удаа цохиж шат руу өгссөн. Би Ууганбаатарын араас татаж холдуулахад нөгөө залуу миний нүүр лүү гараараа нэг удаа цохихоор нь би тэр залууг тэврээд шат руу өгсөж гарсан, энэ үед миний араас хүн татаж намайг салгаж холдуулсан... намайг татсан залуугаас холдох үед Ууганбаатар биеийн урд хэсэг нүүрээрээ шатны уруу унаж байсан. Би очоод татаж босгоход хамраас нь цус гараад духны дээд хэсэгт шалбарсан байсан нөгөө залуу хойшоо өгсөөд явсан. Ууганбаатар бид хоёр яагаад бид хоёрыг зодож байгаа юм бэ гээд араас нь явсан. Ингэж явж байхдаа би өөрийнхөө 88656748 дугаарын утаснаас цагдаагийн 102-т залгаж байсан тэгээд тасарсан... Ууганбаатар бид хоёр архи пиво хольж уугаад нэлээн согтсон байсан. Тэгээд нөгөө саарал куртиктэй залуу байрны дундуур аркаар ороод гүйхээр нь би араас нь гүйсэн. Миний араас Ууганбаатар ирсэн. Араас нь 3-4 залуу ирээд бид хоёрыг тойрч зогссон. Миний зүүн гар талд зогсож байсан малгайтай цамцтай залуу гараараа намайг нэг удаа цохиход би доош унасан. Тэгээд миний толгой эргээд манарсан энэ үед хэн өшиглөснийг мэдэхгүй. Ууганбаатарыг нэг хүн маш хүчтэй өшиглөж пид хийх чимээ гарсан. Би хагас босч харахад Ууганбаатар газар уначихсан хэвтэж байсан. Энэ үед намайг 1-2 удаа нуруу болон цээж рүү өшиглөж байсан... тэгээд нөгөө залуучууд яваад Ууганбаатар бид хоёртой намайг цохисон малгайтай цамцтай залуу үлдсэн... Ууганбаатарыг нөгөө залууг харж байгаарай гэж хэлээд “Окланд” бааранд очиж хоёр куртикээ аваад буцаж ирэхэд нөгөө залуу байхгүй байсан...” /1-р ххийн 215-217 тал/,

гэрч Н.Баатарцогтын “...Баарны үүдээр гарах үед хоёр залуу хоорондоо ноцолдоод нэг нь босоо төмөртэй нөгөө залуугаа боосон байхад нь Батбуян очоод боль боолт орсон байна уналаа тавь гэхээр нь би шатаар буцаж өгсөж гараад Батбуянг явъя гээд араас нь татаад шатаар доош буугаад үүдний орчимд тамхи зарж байсан эгчээс 10 ширхэг тамхи аваад Батбуянгийн хамт гэр лүүгээ явж гэртээ ороод унтсан. ...Бид хоёр шатан дээр тэр хүмүүстэй зодолдоогүй Батбуян зууралдаад нэгийнхээ хоолойг боосон хүнийг тавиулах гээд очихоор нь би араас нь татаж авч явсан. ...Би шатны уруу хүн унасан эсэхийг анзаарч хараагүй доош уруудаад явахад Батбуян унагаачихлаа гэхээр нь наадах чинь найз нартайгаа явж байгаа юм биш үү гэж хэлээд явсан...” /1-р хх-ийн 232-233 тал/,

гэрч Б.Батбуянгийн “...Би 2015 оны 10 дугаар сарын 23-ны орой 22 цагийн орчим найзууд болох Баатарцогт, Сүхбаатар нартай сансарт байрлах “Банана” бааранд орсон. ...Баатарцогт бид хоёр тамхи татчихаад буцаад баар луу орж байхад баарны үүдэнд зодоон болж байсан. ...Баатарцогт бид хоёр цугтаа тоогоогүй дотогшоо орсон. Тэгтэл баар хаасан гээд ...хүмүүс гарцгаачихсан байхаар нь Баатарцогт бид хоёр буцаад гарсан. ...Үүдний хаалгаар гартал хаалганы баруун талд саарал өнгийн өвлийн богино куртиктай, үсээ гуравжилсан байдлаар зассан 180 гаруй см өндөртэй залуу хөх өнгийн футболктай намхандуу залуугийн ард нь гарчихсан гараа хоолойгоор нь оруулаад боож байсан. Тэгэхээр нь би хөөе наадах чинь боолт орчихлоо гээд боож байсан залуугийн гарнаас нь татаад болиулаад гарыг нь тавиултал боолгуулж байсан залуу шатны уруу унасан. Тухайн үед манай найз Баатарцогт араас татаад хөөе явъя гээд байсан. Би шатны уруу унасан залууг гарнаас нь татаад босгох гэсэн чинь хажуунаас найзууд нь татаад босгосон. Ингээд Баатарцогт бид хоёр цаашаагаа Баатарцогтын гэрлүү орсон. Баатарцогтын гэр нь тунелийн хажуугийн 5А байранд байдаг...” /1-р хх-ийн 241-242 тал/,

гэрч О.Энхсарнайгийн “...Буяндэлгэрийн куртик нь цус болчихсон харагдаж байсан. Мөн цамцных нь ард гутлын мөр тод харагдаж байсан...” /1-р хх-ийн 243 тал/,

гэрч Ч.Түмэнцасын “...Буудалд дүүг нь хүргэж өгөхөд Буяндэлгэрийн куртикных нь гадна талд цус болсон байсан. Мөн цагаан өнгийн бэлтгэлийн цамцных нь ард талд нь гутлын мөр гарчихсан байсан...” /2-р хх-ийн 8-9 тал/,

гэрч Б.Гансүхийн “...баар хааж бид нар гарахад ...3 охин шатны доор юм яриад зогсож байсан. Би очоод танилцъя хаашаа явах юм гэж асуусан. Өөр юу ярьсан талаар санахгүй байна. Тэгээд би тэр гурваас холдоод ...эргэж харахад нөгөө 3 охинтой өндөр, намхан хоёр залуу юм яриад зогсож байсан. ...Би тэр хоёр залуутай ямар нэгэн байдлаар маргалдсан зүйл болоогүй ярьж байгаа зүйлийг нь сонсоод зогсож байсан. Энэ үед шатан дээр Цэрэнчимэд ирж нөгөө хоёр залуугийн хажууд нь ирээд найзад яагаад томроод байгаа юм бэ гэж нөгөө хоёр залууд хандаж хэлэхэд өндөр залуу энэ залуучуудыг чинь зодчих уу гэж нөгөө гурван хүүхэнд хандаж хэлсэн. Цэрэнчимэд чи тэгээд яах гээд байгаа юм гэж тэр хоёр маргалдсан. Өндөр залуу Цэрэнчимэдийн нүүрэн тус газарт нь хоёр гараараа ээлжлэн цохиж тэр хоёр шатны дээд талд буюу “Банана” баарны үүний урд талд очсон. Тэр хоёр хоорондоо зууралдаад Цэрэнчимэд өндөр залуугийн хоолойг зүүн гараараа уургалж шатны босоо трубанд шахаж боосон байдалтай зогсож байсан. Цагаан цамцтай намхан залуу Цэрэнчимэдийн араас зууралдахаар нь би татаж гаргаад эргэж хартал өндөр залуу шатны уруу нүүр болон биеийн урд хэсгээрээ унасан байсан. ...Тэгээд би шатнаас буугаад нөгөө 3 охины махлагдуу ...хүүхэнтэй юм яриад түрүүлээд дээшээ алхсан. ...Энэ үед нөгөө өндөр, нам хоёр залуу саарал куртиктэй залуу хаана байна алнаа гээд орилоод хажуугаар түрүүлж явсан. ...Тэгээд арктай байр өнгөрөөд явж байхад нөгөө хоёр залуу бас орилоод хажуугаар доош зөрсөн. ...Удаагүй хойно явж байсан хоёр охины нэг нь танай найз чинь зодолдож байна гэж орилохоор нь би доош уруудаад ...аркаар ороод харахад 100-аад метрийн зайд байрны орцны үүдэнд явган хүний зам дээр Төмөрпүрэв зогсож байсан. ...Цагаан цамцтай намхан залуу хажууд нь зогсож байсан. Саарал цамцтай өндөр залуу нь газар доошоо хараад хэвтэж байсан. ...Би ямар ч зодоонд оролцоогүй...” /2-р хх-ийн 19-22 тал/,

гэрч С.Энхнарангийн “...Тэгээд баар хааж бид нар гадаа гараад шатнаас доош буугаад зогсоход шатны дээд талд Цэрэнчимэд зогсоод доор нь цагаан цамцтай намхан залуу, баруун талд нь нэг өндөр залуу тэр гурав хоорондоо маргалдаад байсан. ...Энэ үед Цэрэнчимэдийг доор зогсож байсан өндөр залуу хоёр гараараа нүүрэн тус газар нь цохиод шат руу өгсөж шатны дээр гараад хоорондоо зууралдахаар нь би араас нь гараад салгах гэтэл цагаан цамцтай намхан залуу над руу дайрах үед Гансүх тэр залууг араас нь татаж надаас холдуулсан. ...Тэнд байсан хүмүүс наад залуугаа тавиач ээ боочихсон байна гээд байсан. ...Нэг танихгүй залуу ирээд Цэрэнчимэдийг татаж салгах үед өндөр залуу шатны уруу биеийн урд хэсэг болон нүүрээр унасан. ...Намхан залуу өндөр залуу дээр очиж өргөхөд өндөр залуу өөрөө боссон. ...Энэ үед би ...хойшоо өгсөж яваад баруун тийш хоёр байрны дундуур ороод... зогсож байхад өндөр намхан хоёр залуу Цэрэнчимэдийг хайгаад байгаа бололтой саарал куртиктэй залуу хаана байна, алнаа гээд орилоод байсан. ...Энэ үед Цэрэнчимэд машин ордог аркны дунд явж байхад өндөр залуу нь эхлээд дайрч тэр хоёр бага зэрэг ноцолдсон. Араас нь цагаан цамцтай намхан залуу орилоод очих үед Цэрэнчимэд цаашаа гүйж зугтаасан. ...Араас нь Төмөрпүрэв, Батзориг бид гурав алхаад явж байхад ...явган хүн машин зам хоёрын дунд нөгөө хоёр залуу зогсоод Төмөрпүрэв, Батзориг бид 3 явж очсон. ...Намхан залуутай Төмөрпүрэв маргалдаж байгаад Төмөрпүрэв намхан залуугийн нүүрэн тус газар... цохиход намхан залуу доош унахдаа намайг налаад газар унах үед миний ард намхан төмөр хашаа тээглээд би хамт унасан. Энэ үед өндөр залуу намхан залууг татаж босгох гээд тонгойход Цэрэнчимэд цаанаас ирээд өндөр залуугийн нүүрэн тус газар нь 1-2 удаа өшиглөхөд өндөр залуу газар унасан. Энэ үед бид босоод Батзоригтой ...хамт алхаад ... урагшаа явж байтал байрны зүүн талаас Цэрэнчимэд гарч ирээд бид 3 нийлээд урагшаа хамт явсан. ...Цэрэнчимэд өндөр залуутай баарны гадна талын шатан дээр маргалдсан яг юунаас болж маргалдсан талаар би мэдэхгүй. ...Зодоон баарны үүдэнд эхэлж болоод дараа нь байрны дунд орцны үүдэнд явган хүн, машин замын дунд хоёр газар болсон. ...Би энэ зодоонд оролцоогүй гэхдээ хажууд нь харж байсан. ...Байрны гадаа очиход Төмөрпүрэв намхан залуугийн нүүрэн тус газар нь зүүн гараараа нэг удаа цохиж унагаасан...” /2-р хх-ийн 23-26/,

У.Батзоригийн яллагдагчаар мэдүүлсэн “...Сансарын замаар явган хүний гарцаар гаргаж өгөөд буцаад анх орсон “Банана” нэртэй баарны үүдэнд иртэл Цэрэнчимэдийг хэдэн залуус хайгаад өндөр залуу хаана байна гээд хайгаад орилоод байсан. Тэгээд би Төмөрпүрэвтэй уулзаад юу болсон талаар асуухад Цэрэнчимэдийг энэ залуус хайгаад байгаа юм, сая баарны үүдэнд зодолдсон юм гэж надад хариулсан. Тэгээд Төмөрпүрэв, Энхнаран бид гурав Цэрэнчимэдийг хайгаад явж байтал нэг байрны буланд Цэрэнчимэдийг танихгүй 2 залуу газар унагаад зодож байгаа харагдсан. Тэр хооронд Цэрэнчимэд босоод зүүн зүгт орон сууцны хажуугаар гүйсэн. ...Би тэр хоёр залуугийн намхан биетэй цайвар саарал цамцтай залуугийн бөгс рүү нь нэг удаа хөлөөрөө өшиглөтөл тэр 2 залуу над руу эргэж хараа ч үгүй Цэрэнчимэдийн араас гүйгээд явсан. ...тэр 2 залууд хандаж Төмөрпүрэв болиоч ээ гэж хэлтэл нэг залуу нь Төмөрпүрэв рүү чи юу вэ гээд дайрахад нь Төмөрпүрэв тэр залууг зүүн гараараа нүүрэнд нь нэг удаа цохисон яг хэнийг нь цохисныг сайн ялгаж хэлж чадахгүй байна. Тэгээд араас танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн, хүн аллаа шүү дээ гээд орилохоор нь би тэр 2 хүн рүү биеэ эргүүлж хараад буцаад нөгөө хэд рүү харахад нөгөө 2 залуу газар унасан байсан бөгөөд Цэрэнчимэд та нар өөрсдөө эхэлсэн шүү гэж хэлээд тэр 2 залуугийн толгойд нэг нэг удаа өшиглөөд цаашаа гүйгээд явсан бөгөөд нэг залуу нь босоод ирсэн нөгөө залуу нь босохгүй хэвтээд хоцорсон бид нар ч тэр чигээрээ тэр газраас холдоод явсан...” /2-р хх-ийн 146-148 тал/,

Д.Төмөрпүрэвийн яллагдагчаар мэдүүлсэн “...Би Буяндэлгэрийг бол танихгүй ээ баарны үүдэнд Цэрэнчимэд нэг бараан өнгийн хувцастай залуутай хэрэлдэж маргаад тэндээ цохилцож зодоон болоод Цэрэнчимэд түрүүлээд хойд зүгт явсан тэгээд явж байтал ... саарал куртиктэй залууг алнаа пиздаа гэх зүйл яриад хажуугаар 2 залуу өнгөрөөд явсан. ...Цэрэнчимэдийн араас очоод нэг залуу нь Цэрэнчимэдийг шууд араас нь очоод өшиглөөд цохиж авсан. Тэгтэл Цэрэнчимэд газар унасан бөгөөд дөнгөж босоод цааш яваад хойшоо харсан орцтой байрны харалдаа явж байхад ... Энхнаран, Гансүх, Батзориг бид 4 араас нь очоод Цэрэнчимэдтэй маргалдаад зодоон цохион хийгээд байсан залуугийн найз нь болох цагаан цамцтай залуу дээр очоод найзыгаа аваад явчихаач гэж хэлтэл тэр цагаан цамцтай залуу чи одоо юу вэ ... хөөрөөд байгаа бацаанууд минь гэж хэлээд баруун гараараа намайг цохих гээд далайхад нь би зүүн гараараа баруун шанаанд нь нэг удаа цохисон. Тэгээд тэр ... залуу урагшаа ч юмуу хажуу тийшээгээ өвдөг дээрээ сөгдөж доош суусан. Тэгээд ... бараан хувцастай залуу миний араас барих гээд ирэхээр нь би зайлтал тэр залуу өөрийн хийндээ хальтраад 4 хөллөөд унасан. Энэ үед нь Цэрэнчимэд нь тэр залуугийн толгой, хүзүү орчим нэг удаа өшиглөсөн. Мөн миний цохиж унагасан цагаан цамцтай залууг хэн нэгэн нь өшиглөх шиг болсон. Ингээд тэр бараан цамцтай залуу ухаан алдаад газар хэвтээд өгсөн...” /2-р хх-ийн 160-162 тал/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15388 дугаар “...М.Буяндэлгэрийн биед зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх Шинжээчийн дүгнэлт/2-р хх-ийн 69 тал/,

У.Батзоригийн хэрэг болох үед өмсөж явсан гутлын улыг, хохирогч М.Буяндэлгэрийн өмсөж явсан цамцны ар хэсэгт гарсан гутлын мөртэй харьцуулан шинжлээд гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Цамцан дээрхи гутлын мөр нь шинжилгээнд ирүүлсэн гутлаар үүсгэгдсэн байж болно...” гэх Шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 112 тал/,

шинжээч эмч Б.Ариунзулын “...талийгаач А.Ууганбаатарын зурагт байх хүзүүнд үүссэн хүрэн улаан өнгийн зүйл нь боолтын дарагдлаас үүссэн байх боломжтой цус хуралт гэмтэл байна. Дээрх гэмтэл нь боолтоос үүсэх дарагдлын ором бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, уг гэмтэл нь талийгаач нас барахаас өмнө авсан байна. Үхэлд хүргэхгүй хөнгөн зэргийн гэмтэл болно.” /4-р хх-ийн 51-52 тал/ гэх мэдүүлэг,

2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31-р байрны хойд талыг харуулсан камерын бичлэг /хэрэгт хавсаргагдсан/,

2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Банана” баарны гаднах камерын бичлэг /хэрэгт хавсаргагдсан/ зэрэг нотлох баримтуудаар,

 

3. Д.Төмөрпүрэв нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө иргэн А.Ууганбаатарын “iphone 5s” загварын гар утас, мөнгөн гинж, бөгжийг хулгайлж 530,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бямбасүрэнгийн “...Миний хүү хэрэг болдог өдөр гэрээсээ гарахдаа хүзүүндээ мөнгөн гинжтэй, мөнгөн гинжиндээ соёмботой мөнгөн бөгж зүүсэн байсан. Мөн хар өнгийн “iphone 5s” гар утастай байсан. Хүү маань гинжээ 140,000 төгрөгөөр 2015 оны 8 дугаар сард, мөнгөн бөгжийг нэлээд хэдэн жилийн өмнө өөрөө худалдаж авч байсан. Үнийг мэдэхгүй байна. Утсаа 2015 оны 9 дүгээр сард Теди худалдааны төвийн ойролцоо байх дэлгүүрээс 670,000 төгрөгөөр худалдан авч байсан юм...” /1-р хх-ийн 213 тал/,

гэрч Г.Ундралын “...Би өчигдөр ажил дээрээ бэлэн байдлаар 24 цагийн үүрэг гүйцэтгэж байхад 23 цаг 30 минутын орчим бүлгийн дарга, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрхэмбаяр намайг дуудаад чи Төмөрпүрэвийн шкафнаас “I phone” гар утас, цагдаа хар гутал, Цэрэнчимэдийн шкафнаас куртик, шар ноосон цамц, оймс, Батзоригийн шкафнаас гадуурх куртикийг аваад Шүүх шинжилгээний хүрээлэн дээр очоод Баньдцэрэн ахмадад өгчих гэж хэлсэн. Үүний дагуу би Төмөрпүрэв, Цэрэнчимэд, Батзориг нарын шкафийг нээж үзээд бүлгийн дарга Эрхэмбаярын хэлсэн зүйлүүдийг аваад Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн дээр очиж Баньдцэрэн ахмадад өгчихөөд буцаад шууд ажил дээрээ ирсэн. ...Төмөрпүрэвийн шкафнаас хар өнгийн нүүртэй саарал хүрээтэй арын хэсэг нь саарал, хар хосолсон өнгөтэй “I phone-5” маркийн гар утсыг өгсөн. ...утсыг Төмөрпүрэвийн хувцас хийдэг шкафнаас авсан нь үнэн...” /1-р хх-ийн 245 тал/,

гэрч Ч.Түмэнцасын “...дүүгийнхээ хувцсыг тайлаад оронд нь оруулсан хувцсыг нь тайлж байснаа манай дүүгийн утас нь бас яачихваа гэхээр нь би ямар утас байсан юм бэ гэсэн чинь “I phone-5” гэж байсан...” /2-р хх-ийн 8-9 тал/,

гэрч Б.Гансүхийн “...Төмөрпүрэв  бид  хоёр  уруудаад  явж байхад хар өнгийн “I рhоnе” утас гаргаж ирээд надад ийм утас олсон гэж хэлсэн Жуков дээр очоод нөгөө хэдтэй уулзаад зогсож байхад Төмөрпүрэв тасарчихсан юм байна лээ гээд мөнгөн гинж гаргаж үзүүлсэн...” /2-р хх-ийн 19-22 тал/,

гэрч С.Энхнарангийн “...Бид 5 Төмөрпүрэвийнд очихоор таксинд явж байхад Төмөрпүрэв “I рhоnе 5” загварын хар саарал өнгийн гар утас, мөнгөн бөгж, мөнгөн гинж гаргаж ирээд түрүүн газар уначихсан байхаар нь авсан гэж хэлж байсан. Цэрэнчимэд блокийг нь тайлж чадна гэж байсан. Гар утас, мөнгөн гинж, мөнгөн бөгж бүгдийг Төмөрпүрэв авсан...” /2-р хх-ийн 24-25 тал/,

Д.Төмөрпүрэвийн яллагдагчаар мэдүүлсэн “...би явах гээд зүүн тийш 2-3 алхтал ухаан алдсан залуугийн хажууханд газарт хүзүүний гинж хар өнгийн “Iphone 5” загварын гар утас нэг мөнгөн бөгж зэрэг байсныг аваад явсан...” /2-р хх-ийн 160-162 тал/ гэх мэдүүлгүүд,

“...“iphone 5s” гар утас -440,000 төгрөг, мөнгөн гинж – 90,000 төгрөг, мөнгөн гинж- үнэлж мэдэхгүй..." гэх Эд зүйлийн үнэлгээ /2-р хх-ийн 125 тал/,

“...SWAT09 дугаарын лацаар лацадсан улбар шар өнгийн төмөр шкаф байх бөгөөд ...4 тавиурын дээд 1 дүгээр тавиур дээр ...ногоон өнгийн майканд эд зүйлийг байсныг дэлгэж үзэхэд цагаан өнгийн хүзүүний гинж, цагаан өнгийн урд хэсэгтээ соёмбо бүхий дүрстэй бөгж байсныг эд мөрийн баримтаар хураан авч гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх Д.Төмөрпүрэвийн хувцасны шкафанд үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хх-ийн 190-191 тал/  зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Д.Цэрэнчимэдийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрын гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж А.Ууганбаатарын хүзүүн тус газарт өшиглөж алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасан “Хүнийг санаатай алах” гэмт хэргийн 91.2.2 дахь заалтад заасан “...Хүнийг танхайн сэдэлтээр алсан...” гэсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг,

Д.Цэрэнчимэд, Д.Төмөрпүрэв, У.Батзориг нарын бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрын гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин иргэн М.Буяндэлгэрийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан “...бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн...” гэсэн “Танхайрах” гэмт хэргийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад заасан “...энэ хэргийг догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг,

 Д.Төмөрпүрэвийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө иргэн А.Ууганбаатарын 530,000 төгрөгийн үнэлгээ бүхий “iphone 5” загварын гар утас, мөнгөн гинж, бөгжийг бусдад мэдэгдэлгүйгээр нууц далд аргаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн 145.1 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тус тус бүрэн агуулсан байх ба анхан шатны шүүхийн Д.Цэрэнчимэд, Д.Төмөрпүрэв, У.Батзориг нарын үйлдсэн гэмт хэргийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, тэдэнд оногдуулсан хорих ялын хэмжээ, Д.Төмөрпүрэв, У.Батзориг нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тус тус тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд бүрэн тохирсон байна.

 

Д.Цэрэнчимэд, Д.Төмөрпүрэв, У.Батзориг нарт холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан байх ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн байцаан ши йтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар тэдний үйлдсэн гэмт хэргийг тэднийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэлэлцэн хэргийн үйл баримтыг тогтоож, дүгнэлт хийн эцэслэн хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Иймд:

ялтан Д.Цэрэнчимэд, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Ш.Оюумаа нарын тус тус гаргасан “...хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах...” талаархи,

ялтан Д.Төмөрпүрэв, түүний өмгөөлөгч Т.Багахүү, ялтан У.Батзориг, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын тус тус гаргасан “...оногдуулсан ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэх давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Д.Төмөрпүрэвийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан...” гэсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд уг гэмт хэрэг үйлдэгдсэн 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш хуульд заасан хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа болох 6 сарын хугацаа анхан шатны шүүх хуралдаанаар уг хэргийг хянан шийдвэрлэхэд дууссан байх тул уг гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дэх хэсэгт заасан “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дор дурдсан хугацаа өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй: ...хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн;...” гэж зааснаар Д.Төмөрпүрэвийг энэ гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Амь хохирогч А.Ууганбаатарыг оршуулахтай холбогдсон зардал  болон гэм хор учруулсны төлбөрийг төлүүлэхээр гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бямбасүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан “Хүнийг танхай сэдэлтээр алах” гэмт хэрэг үйлдсэн Д.Цэрэнчимэдээс гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох хохирлын хэмжээг 19,462,824 төгрөг гэж тогтоосон /1 хх-ийн 4, 12, 5-35, 5 хх-ийн 36 тал/ нь үндэслэл бүхий байна.  

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 147 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Цэрэнчимэд, түүний өмгөөлөгч Э.Ганбат, Ш.Оюумаа, ялтан Д.Төмөрпүрэв, түүний өмгөөлөгч Т.Багахүү, ялтан У.Батзориг, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхт,эйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНСҮХ

 

                        ШҮҮГЧИД                                                          Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                                                                                    Д.ОЧМАНДАХ