Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 184

 

Э.Б, П.Ж, Б.Г, Г.Г, Б.Х, М.Э, Н.Ө

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Б.Г өмгөөлөгч Г.Нямсүрэн, шүүгдэгч П.Ж өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Д.Тунгалаг, шүүгдэгч Б.Х өмгөөлөгч М.Хувцагаан, шүүгдэгч Н.Ө өмгөөлөгч Н.Энхбаатар, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1122 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 66 дугаар магадлалтай, Э.Б, П.Ж, Б.Г, Г.Г, Б.Х, М.Э, Н.Ө нарт холбогдох 201726010872 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Г өмгөөлөгч Г.Нямсүрэн, шүүгдэгч П.Ж өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Д.Тунгалаг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Төм аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, Соёл урлагийн их сургуулийн харъяа Дүрслэх урлагийн дээд сургуулийн 4 дүгээр дамжаанд суралцдаг, “Сорхон” сургуульд багшаар ажиллаж байсан, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 32-243 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Эын Б,

2. Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 83а-38 тоотод оршин суух хаягтай,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, А овогт Пийн Ж,

3. Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Орхон аймгийн 10 жилийн 18 дугаар сургуульд багш ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Токиогийн гудамжны 71-54 тоотод байнга оршин суух хаягтай, одоо Орхон аймгийн Баян-Өндөр сум 5 дугаар микро 6-10 тоотод түр оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт Бийн Г,

4. Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянхонгор аймаг, Галуут сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Я овогт Гын Г.

5. Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, телевизийн инженер мэргэжилтэй, “Дум Алт” ХХК-нд үйлдвэрийн оператор ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүннарангийн 9-200а тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, А овогт Бийн Х,

6. Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эко Энержи” ХХК-нд цахилгаанчин ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүрэг, Ханс Вилл хотхон 106-62 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Мийн Э,

7. Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, ах, хүүхэд нарын хамт Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, Дунднарангийн 8-214 тоотод оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Нийн Ө.

Э.Б, М.Э, П.Ж нар нь Г.Бтэй бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орхон” хүнсний дэлгүүрт иргэн Б.Хонгорцэцэгийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, нийт 774,000 төгрөгийн эд хөрөнгийг дээрэмдсэн,

Б.Х, Н.Ө, Б.Г, Г.Г, Э.Б, М.Э, П.Ж нар Г.Бтэй бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 7-09 тоот хашаанд байрлах "Багана” нэртэй хүнсний дэлгүүрт иргэн Б.Мөнхцэцэг, М.Хандсүрэн, М.Алтанбагана нарын амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж, нийт 409,700 төгрөгийн хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгдэгч Э.Б, М.Э, П.Ж нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн, давтан, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Г, Б.Х, Н.Ө, Б.Г нарыг бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Жанчивсэмбийг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 10 хоног хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр шүүгдэгч Г.Гыг 3 жил 5 сар хорих ял, шүүгдэгч Б.Хийг 3 жил 5 сар хорих ял, шүүгдэгч Б.Гааг 3 жил 5 сар хорих ял, шүүгдэгч Н.Өыг 3 жил 5 сар хорих ялаар, шүүгдэгч М.Эыг 4 жил хорих ял, шүүгдэгч Э.Бийг 4 жил хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2016 оны 05 дугаар сарын 13- ны өдрийн хуулийн 3 дугаар зүйл, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор П.Жд оногдуулсан 4 жил хорих ялаас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих япыг дүйцүүлэн хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 3 жил хорих ялаар тогтоож, түүнд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 8 жил 10 хоногийн хугацаагаар тогтоож,

шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Өд 3 жил 5 сар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, уг хугацаанд Н.Өд хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгаж,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-т заасныг журамлан шүүгдэгч нарын дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 4,000,000 төгрөгийг тус хэрэгт хамтран оролцогч бүрт тэнцүү хэмжээгээр тооцож буюу шүүгдэгч тус бүрээс 500,000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Б.Х, Н.Ө нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгээс шүүгдэгч Б.Х, Н.Ө нарт холбогдох заалтуудыг бүхэлд нь хүчингүй болгож,

шийтгэх тогтоолыг тогтоох хэсгээс “... давтан ...” гэснийг хүчингүй болгож,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 4,000,000 төгрөгийн шүүгдэгч нарт тэнцүү хувааж, шүүгдэгч Э.Бээс 666,666 төгрөг, М.Эаас 666,666 төгрөг, П.Жээс 666,666 төгрөг, Б.Гаас 666,666 төгрөг, Г.Гаас 666,666 төгрөг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж,

шүүгдэгч Э.Б өмгөөлөгч Б.Онолтуяа, шүүгдэгч П.Ж, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Д.Тунгалаг, шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Г.Нямсүрэн, шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч А.Нацагдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож,

энэ хэрэгт шүүгдэгч Б.Х нийт 80 хоног, шүүгдэгч Н.Өнөрзул нийт 40 хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч Б.Хийг нэн даруй суллаж, тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Г.Нямсүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Г нарт холбогдох хэргээс шүүгдэгч Г.Бийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.2-т заасан “зарим шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон ба түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал” гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь шүүх, прокурор, цагдаагийн байгууллагад шалгагдаж байх явцдаа оргон зайлах нь хүндэтгэн үзэх шалтгаан биш юм. Шүүгдэгч Г.Б нь мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд шүүгдэгч нар нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх үедээ хутга хэрэглэх талаар харилцан тохиролцсон асуудал байсан эсэхийг мөрдөн байцаалтын шатанд хангалттай нотолж тогтоогоогүй байдаг. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Г нарт холбогдох хэргээс шүүгдэгч Г.Бийг тусгаарлах нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байна гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч Г.Бний сэжигтнээр өгсөн мэдүүлгээр бусад шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон байдаг бөгөөд Г.Бийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулснаар гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэрэгт ямар оролцоотой оролцсон, гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу зэвсэг хэрэглэх талаар тохиролцсон эсэх дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой юм. 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Г.Б сэжигтнээр мэдүүлэхдээ “...бид нар гарахдаа хар өнгийн иштэй том балиус хутга, хар өнгийн иштэй жижиг хутга зэргийг авсан байсан...” гэж мэдүүлсэн байдаг ба бусад шүүгдэгч нарын хувьд хутга хэрэглэх талаар мэдэхгүй гэж мэдүүлсэн байдаг.

Шүүгдэгч Г.Б, Г.Г нь нар нь сэжигтнээр мэдүүлэхдээ хутга хэрэглэсэн талаар мэдүүлдэг. Гэтэл яллагдагчаар мэдүүлэхдээ мэдүүлгүүд нь эрс зөрж, шүүгдэгч Г.Б нь хутга хэрэглэх талаар тохиролцоогүй, Г.Г нь ганцаараа хутга хэрэглэсэн талаар мэдүүлсээр байхад бусад шүүгдэгч нараас энэ талаар огтоос асууж тодруулаагүй. Тэгэхээр шүүгдэгч нараас хутга хэрэглэх талаар харилцан тохиролцсон асуудлыг нарийн шалгаж тогтоогоогүй атлаа гэмт хэрэг үйлдсэн шинжийг хүндрүүлж зүйлчилж, шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Г.Г нь дангаараа хутга хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэх гэнэ” заасан үндэслэлд хамаарч байх тул бусад шүүгдэгч нарын зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөх боломжтой.

Мөн анхан шатны шүүх хэргийг тусгаарлахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно.” гэж заасныг баримтлан шийдвэрлэсэн нь анхан шүүх эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг хийсэн байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар хэсэг “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-нд анхан шатны шүүхийн эрх хэмжээг тусгасан ба анхан шатны шүүхээс хэргийг тусгаарлахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлд заасан үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт хийж хэргийг тусгаарлах эсэхийг шийдвэрлэхээр зохицуулсан байна.

Анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 140 дүгээр шүүхийн тогтоолын 1 дэх заалтаар “Шүүгдэгч Г.Г нарт холбогдох эрүүгийн 2014260005591 тоот хэргээс шүүгдэгч Г.Бнд холбогдох хэргийг тусгаарласугай. ...” гэж заасан байна. Гэтэл Г.Г нарт холбогдох хэрэг нь 201726010872 дугаартай байхад ямар хэргээс шүүгдэгч Г.Б холбогдох хэргийг тусгаарлаж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байх бөгөөд хэрэв шүүгдэгч Г.Б холбогдох 2014260005591 дугаартай хэрэг байсан бол уг хэргийг нэгтгэсэн, тусгаарласан эсэхийг шалгах шаардлагатай байтал давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх асуудалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй ба хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заажээ.

Иймээс хэргийн бодит байдлыг тогтоох, шүүгдэгч нарыг яллах, цагаатгах ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоохын тулд шүүгдэгч Г.Бийг заавал оролцуулан бусад шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гарсан байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хангах үүднээс шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, тухайн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зорилгоор анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч П.Жийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “ зарим шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон ба түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал.” хэргийг тусгаарлаж хэлэлцэж болохоор хуульчилсан байна. 2017 оны 04 дүгээр сарын 12 ны өдөр БГД-н 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орхон“ хүнсний дэлгүүрт гарсан дээрмийн хэрэгт Г.Бний мэдүүлгээр Э.Б, М.Э, П.Ж нарыг гэмт буруутайд тооцсон гэтэл эдгээр хүмүүс уг дээрмийн хэрэгт оролцоогүй гэдэг. Дээрх дээрмийн хэрэг болон 2017 оны 05 дугаар сарын 05-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байрлах “Багана” дэлгүүрт гарсан дээрмийн хэргүүдэд Г.Бний үйлдэл оролцооны хувьд түүнийг байлцуулахгүйгээр шийдвэрлэх боломжгүй байсан. Шүүх Г.Бний оролцоогүй хэргийг шийдвэрлэх боломжгүй байхад хэргийг буруу тусгаарласан. /34.18-1.1, 1.2/

Шийтгэх тогтоолд /21 дүгээр тал 1 хх 17-23 хуудас/ Б, Ж нарын дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж авсан зарим эд зүйлсийг мэдүүлэг шалгах ажиллагаагаар хураан авч, эд зүйлд үзлэг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд байгаа талаар дурдсан байна. Гэрэл зургуудад 2017 оны 05 дугаар сарын 06 ны өдрөөр тэмдэглэгдсэн байна. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 153 дугаар зүйлийн 153.9 дэх хэсэгт мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны үед хуулийн 146, 154 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу тэмдэглэл үйлдэнэ. 153.4 дэх хэсэгт мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд хөндлөнгийн 2 гэрч оролцуулна. 153.5 дахь хэсэгт нэг дор, нэг газар дээр хэд хэдэн этгээдийн мэдүүлгийг зэрэг газар дээр нь шалгахыг хориглоно. Гэтэл уг гэрэл зураг нь ямар зураг болох нь тодорхойгүй ямар нэгэн тэмдэглэлгүй 2 гавтай хүний зургын нэг нь миний үйлчлүүлэгч болох Ж биш юм. Шийтгэх тогтоолд /22 дугаар тал 1 хх 24-27 хуудас/ эд хөрөнгө битүүмжлэх тогтоол тэмдэглэл 2017 оны 05 дугаар 06-ны өдрийн он сартай байна. Хөрөнгө битүүмжлэх тогтоолыг прокуророор батлуулаагүй хөрөнгө битүүмжлэх ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн хууль бус ажиллагаа явуулсан байна. Шийтгэх тогтоолд /4 дүгээр тал 2 хх 195-196, 4 хх 30-33 хуудас/. Таньж олуулах ажиллагаа буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн тодорхой ажиллагааг хийхдээ хуульд заасан үндэслэл журмыг баримтлан хийдэг. Хуульд заасан үндэслэл тогтоогдвол хуулиар тогтоосон журмыг баримтлан таньж олуулах ажиллагааг явуулахаар хуульчилсан. Таньж олуулах ажиллагааг 2017 оны 08 дугаар 28-ны өдөр 10:45 минутад Сүхбаатар дүүргийн 2 дугаар хэлтсийн 202 тоот өрөөнд эхлүүлж 11:40 минутад дуусгав гэсэн боловч таньж олуулах ажиллагааны тэмдэглэл нь 2018 оны 08 дугаар сарын 31 өдрөөр огноологдсон нь таньж олуулах ажиллагааг 3 өдөр хийгдсэн болж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйл 7, 8, 9, 9.3 дахь хэсэгт гэрэл зургаар таньж олуулах ажиллагааг явуулахаар хуульчилсан байна. Гэтэл уг таньж олуулах ажилагаа явуулах цаг хугацааны үед танигдах гэж байгаа хүмүүс нь бүгд цагдан хоригдоогүй, оролцох болон хүрэлцэн ирэх бүрэн боломжтой байхад таньж олуулах ажиллагаанд оролцуулаагүй, гэрэл зургаар хийсэн нь хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 7, 8 дахь хэсэгт таньж олуулах ажиллагааг явуулах журмыг хуульчилсан. Таньж олуулах ажиллагаанд мөрдөгч Хонгорцэцэг гэдэг 2 хүн л байлцсан байна. Таньж олуулах ажиллагааг явуулсны дараа авсан мэдүүлэгт /хуудас 29/ мөрдөгч нь 4 хүний зургыг заасан эдгээр хүмүүс мөн гэдэгт итгэлтэй байна уу асуухад би эдгээр 4 залууг мөн гэдэгт итгэлтэй байна. гэж хариулсан байна. үүнээс харахад таньж олуулах ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримтыг цуглуулж бэхжүүлнэ.” 7 дахь хэсэгт “ энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтыг нотлох баримтаар тооцохгүй.” байхаар хуульчилсан байна. Таньж олуулах ажиллагааг мөрдөгч нь өөрийн төсөөллөөр хохирогчийг хөтөлж явуулсан байхаар байгаа бөгөөд уг ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмыг баримтлаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг хуульчилсан 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”

Г.Гыг хутгатай явсан талаар бусад нь мэдээгүй гэдэг бөгөөд энэ талаараа мэдүүлдэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гүйцэтгэгч бусад хамтран үйлдэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэнийг зөрж гүйцэтгэх гэнэ.” 2. дахь хэсэгт “Гүйцэтгэгчийн зөрж үйлдсэн гэмт хэрэгт оролцоогүй бусад хамтран үйлдэгчид ял оногдуулахгүй.” байхаар заасан байх тул Г.Г нь зөрчиж гүйцэтгэсэн эсэхийг тогтоогоогүй байна. Хэрэв Г.Г нь зөрчиж гүйцэтгэсэн байвал тус үйлдэлдээ хариуцлага хүлээж бусад оролцогч нар нь 2015 онд баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэхээр байна.

Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглосон.

П.Ж нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн танхайрах гэмт хэрэг буюу 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзсан. 2015 онд батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-нээс дагаж мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд танхайрах гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчилсан шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасан байгаа бөгөөд шүүх эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Шинэчлэн найруулж батлагдсан Эрүүгийн хуулинд танхайрах гэмт хэргийг гэмт хэрэгт тооцоогүй тул П.Жийн үйлдэлд оногдуулсан тэнсэн харгалзах ял дуусгавар болсон.

П.Жд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйл. “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн шинжтэй нийцэж тохирч байна гэсэн дүгнэлт нь “Эрүүгийн хуулийн төсөөтэй хэрэглэхийг хориглоно” гэсэн хууль ёсны зарчимтай нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч П.Жийн өмгөөлөгч Д.Тунгалаг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч П.Жийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 1.3-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэж байна. Шүүхийн дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүхүүд анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Шүүгдэгч П.Ж нь Э.Б нарын 3 хүнтэй бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орхон хүнсний дэлгүүрт орж Б.Хонгорцэцэг рүү хүч хэрэглэн довтолж эд хөрөнгө дээрэмдсэн гэмт хэрэгт огт оролцоогүй бөгөөд энэ талаар хэрэгт зөвхөн яллагдагч Г.Б мэдүүлгээс өөр баримт байхгүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Яллагдагч нарыг таньж олуулах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хохирогч Б.Х нь өөр рүү нь довтолж дээрэмдсэн этгээдүүдийг зааж, таньж чадаагүй байхаас гадна хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж хаах талаар хүсэлт гаргаж байсан байдаг.

Мөн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад яллагдагч Г.Б нь шүүгдэгч П.Ж-ийг дээрэмдэх гэмт хэрэгт хамт оролцсон гэж мэдүүлснээс өөр баримтгүйгээс гадна энэ талаараа шүүх хуралдаан дээр зөвтгөн мэдүүлнэ гэдгээ хэлж байсан боловч тэрээр хэрэг анхан шатны шүүхэд шилжсэний дараа буюу 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын хилээр гарсан болох нь тогтоогдсон байна.

Яллагдагч Г.Бний мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар "...дангаараа нотлох баримт болохгүй” юм. Дээрх нөхцөл байдлын улмаас шүүгдэгч П.Ж нь үйлдээгүй, нотлогдоогүй гэмт хэрэгт ял шийтгэгдэж түүний эрх зүйн байдал дордсон байна. Мөн шүүгдэгч П.Жийн үйлдсэн гэмт хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байхад давж заалдах шатны шүүхээс зөвтгөөгүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “оргон зайлсан шүүгдэгчид холбогдох хэргийг тусгаарлан бусад шүүгдэгчид холбогдох хэргийг хэлэлцэх нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ” гэж заасныг мөн хуулийн 34.18 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн байхад давж заалдах шатны шүүхээс “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхэд хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.1-д яллах дүгнэлтэд заасан шүүгдэгчийн холбогдох зарим гэмт хэргийг тухайн шүүгдэгч үйлдсэн нь нотлогдоогүй бол, 1.2-т зарим шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон ба түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал гэж тус тус заасныг зөрчиж шийдвэрлэсэн байгааг зайлшгүй анхаарах асуудал юм.

Нөгөөтэйгээр шүүгдэгч Г.Бний сэжигтнээр өгсөн мэдүүлгээр шүүгдэгч П.Жийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэх боломжгүй. Өөрөөр хэлбэл хэргийг анхан шатны шүүхэд тусгаарлан шүүгдэгч нарт ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд цагаатгагдсан этгээд Б.Хийн өмгөөлөгч М.Хувцагаан хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй. Миний үйлчлүүлэгч гэм буруутай эсэх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй. Иймд магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд цагаатгагдсан этгээд Н.Өын өмгөөлөгч Н.Энхбаатар хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, хэргийн зүйлчлэл тохирсон. Шүүгдэгч нарт үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял оногдуулсан байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Х, Н.Ө нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэлгүй. Учир нь шүүгдэгч тухайн өдөр харилцан тохиролцож, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхээр явсан. Өөрөөр хэлбэл үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэг үйлдсэн. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Г.Нямсүрэн, шүүгдэгч П.Жийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Д.Тунгалаг нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Э.Б, П.Ж, Б.Г, Г.Г, Б.Х, М.Э, Н.Ө нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Э.Б, М.Э, П.Ж нар нь бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Орхон” хүнсний дэлгүүрт иргэн Б.Хийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж 774,000 төгрөгийн эд хөрөнгийг дээрэмдсэн,

Б.Г, Г.Г, Э.Б, М.Э, П.Ж нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 7-09 тоот хашаанд байрлах "Багана” нэртэй хүнсний дэлгүүрт иргэн Б.М, М.Х, М.А нарын амь биед аюултайгаар хүч хэрэглэн 409,700 төгрөгийн эд хөрөнгийг дээрэмдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, шүүгдэгч П.Ж, Г.Г, Б.Г, М.Э, Э.Б нарын үйлдлийг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, үндэслэл бүхий шийдвэрлэсэн байна.

Мөн шүүх шүүгдэгч Э.Б, П.Ж, Б.Г, Г.Г, Б.Х, М.Э, Н.Ө нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Харин анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч нартай цуг явж байсан зарим хүмүүсийн санаа зорилго, үйлдлийн шинж чанарт хууль зүйн буруу дүгнэлт хийж, Б.Х, Н.Ө нарыг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгааг мэдсэн боловч тэдэнтэй санаа зорилго нэгдээгүй, гэмт хэрэгт ямар нэгэн үүрэг гүйцэтгэж оролцоогүй, мөн гэмт хэрэгт оролцохгүй гэдгээ илэрхийлж байсан зэргийг давж заалдах шатны шүүх бодитойгоор үнэлж дүгнэн, дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь хуульд нийцсэн байна.

Мөн шүүгдэгч нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэх талаар хоёр шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байх боловч давж заалдах шатны шүүх гэмт хэрэг “давтан” үйлдэх ойлголтыг 2015 оны Эрүүгийн хуулиар халсан тул тус ойлголтоор гэм буруутайд тооцсон шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийг хэрэглэхдээ шинэ, хуучин хоёр хуулийг хольсон шинжтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг буруу тайлбарласан, үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.

Учир нь 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтахаар ойлгоно.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль буцаан хэрэглэхтэй холбоотой алдааг залруулсан өөрчлөлт оруулж, нэр бүхий шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан “..хэргийн нотолбол зохих байдлыг нотлоогүй, ...мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн..., хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй, ...хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн нь буруу, ...шүүхийн шийдвэрүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн зэрэг үндэслэлээр “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгах”, “анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” агуулгатай гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1122 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 66 дугаар магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Г.Нямсүрэн, шүүгдэгч П.Жийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Д.Тунгалаг нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН