| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2407003450148 |
| Дугаар | 2026/ДШМ/39 |
| Огноо | 2026-01-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2026/ДШМ/39
2026 01 07 2026/ДШМ/39
Л.Жод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ганбагана,
хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар,
шүүгдэгч Л.Жын өмгөөлөгч С.Базардорж,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Л.Жод холбогдох эрүүгийн 2407 00345 0148 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
С овгийн Л-гийн Ж, .... оны .... дугаар сарын ...-ны өдөр .............. төрсөн, ... настай, эрэгтэй, ......................... боловсролтой, .................... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... хүүхдийн хамт ................. дүүргийн ... дугаар хороо, .... дүгээр байрны .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:........................../,
Шүүгдэгч Л.Ж нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэр Ар Жанчивлан гэх газарт 1,4 га газрыг өөрийн өмчлөл, эзэмшлийн газар мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч Б.Бийг төөрөгдөлд оруулан тус газрыг 30.000.000 төгрөгөөр зарж газрын төлбөрт 2023 оны 10 дугаар сард **-** *** улсын дугаартай “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгслийг 4.000.000 төгрөгөөр, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Ниссан Ванетта” маркийн тээврийн хэрэгслийг 12.000.000 төгрөгөөр тус тус бодож Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 1-22 тоот Б.Бийн гэрээс дээрх тээврийн хэрэгслүүдийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, Б.Бт нийт 16.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Л.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Л.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Жыг 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж нь шүүхээс оногдуулсан 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Жоос 16.422.225 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Бт олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Базардорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хавтас хэрэгт цугларсан нотлох баримт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар үнэлж дүгнээгүй, мөн хуулийн 34.14 зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүрээнээс хэтэрч хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Нэг: Л.Ж болон өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...Зохиомол байдлыг зориуд бий болгож, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Ниссан Ванетта” маркийн тээврийн хэрэгслийг 12.000.000 төгрөгөөр бодож Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 1-22 тоотод байрлах Б.Бийн гэрээс дээрх тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлэн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэх шинж, үйлдлийг талаар маргаагүй, гэм бурууг хүлээн зөвшөөрдөг. Харин улсын яллагчаас ...бодит байдлыг нуух замаар, Б.Бийг төөрөгдөлд оруулж, 2023 оны 10 дугаар сард **-** *** улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийг 4.000.000 төгрөгөөр авч хохирол учруулсан гэх шинжийг хүлээн зөвшөөрөхгүй. Тодруулбал, Л.Ж, Б.Б нар 2023 онд Л.Жын эзэмшлийн 2,3 газраас 1,2 га газрыг 30.000.000 төгрөгөөр тооцон “Ниссан Ванетта” маркийн **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 12,000,000 төгрөгөөр, **-** *** улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийг 4.000.000 төгрөгөөр бодож, бусад гар утасны дугаар, салхин сэнс зэргийн нийт 20.000.000 төгрөгөөр тооцож авах, үлдэх 10.000.000 төгрөгийг газрын бичиг баримтыг гарч нэр дээр шилжүүлэхээр төлөхөөр тохиролцсон байдаг. Шүүгдэгч Л.Ж нь анх Б.Бтай танилцаж газар худалдах талаар ярилцахдаа газар өөрийн нэр дээр гараагүй, газар авах хүсэлтээ Төв аймгийн Эрдэнэ суманд өгсөн талаар хэлдэг. Энэ талаар Б.Б ч газрын бичиг баримт гараагүй талаар мэдсэн атлаа газрыг авах талаар тохиролцсон. Дээрх үйл баримтаас дүгнэхэд Л.Ж нь Б.Бт газрын бичиг баримтын талаар бодит байдлыг үнэн зөвөөр хэлж, түүнд газрын мэдээллийг тухай бүр өгч байсан талаар хохирогч Б.Б, шүүгдэгч Л.Ж нарын өгсөн мэдүүлгээр нотлогдоно. Талууд анх газар авах хүсэлтээ өгөөгүй атал 2,3 га газрын эзэмших хүсэлтээ өгсөн гэж бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хавтас хэрэгт авагдсан Л.Жын тодорхойлолт /хх 14/, хохирогчийн удаа дараагийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр тухайн үйл баримтын талаар хэн аль мэдэж байсан, талууд тухайн газрын гэрчилгээ, эзэмших эрх гараагүй талаар харилцан зөрүүтэй тайлбар гаргаагүй. Гэтэл анхан шатны шүүх Л.Жыг бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулж гэх шинжээр гэм буруутай тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хоёр: Анхан шатны шүүх Б.Баас **-** *** улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийг 4.000.000 төгрөгөөр тооцож авч хохирол учруулсан гэж дүгнэсэн. Залилан мэхлэх гэмт хэрэг нь материаллаг шинжийн хохирол заавал учруулсан шаардах бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлох ёстой. Гэтэл Л.Жын тухайд Б.Баас авсан **-** *** улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийг 4.000.000 төгрөгөөр тооцож авсан бөгөөд өмчлөх эрхийн нэр шилжээгүй байдаг. Газрын эзэмших эрх олгогдоогүй учир тухайн тээврийн хэрэгслийг буцаан Б.Бт хүлээлгэн өгсөн, анхан шатны шүүх Б.Бийн өмчлөлийн **-** *** улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийг авсан ч хэрэглэсэн тул **-** *** улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийг залилан авсан гэж дүгнэсэн үндэслэлгүй байна. Тодруулбал, Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор залилан мэхлэх гэмт хэргийг иргэний эрх зүйн харилцаанаас ялгаж шийдвэрлэх талаар тайлбарласан ба тус тайлбарын 16-д Залилан мэхэлж авах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөрийн мэдэлд авч захиран зарцуулах бодит боломж бүрдсэнээр төгс үйлдэгдсэнд тооцно гэж тайлбарласан. Л.Жын хувьд **-** *** улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд өмчлөх эрхийг өөртөө шилжүүлж авсан үйлдэл байхгүй. Захиран зарцуулах эрх үүсээгүй, тээврийн хэрэгслийг өөрөө Б.Бт буцаан хүлээлгэн өгсөн байхад залилж авсан гэж 4.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримттай нийцэхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Вендо” үнэлгээний компанийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №49376/ДД№32185505 дүгнэлтээр **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 1.196.200 төгрөг гэх хөрөнгийн үнэлгээний тайлан гарсан. Гэтэл тухайн тээврийн хэрэгсэл дээр мөрдөгчийн зүгээс тээврийн хэрэгслийн үнэлгээ гаргах шинжээч томилоогүй, тээврийн хэрэгслийн зах зээлийн бодит үнийн дүнг тогтоосон дүгнэлт гараагүй, хавтас хэрэгт тухайн тээврийн хэрэгслийг 4.000.000 төгрөг гэж тогтоосон шинжээчийн дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан авагдаагүй байхад шүүх өөрийн санаачилга, хохирогчийн мэдүүлэгт хэт автаж 4.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн тухайн **-** *** улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгсэл нь өнөөдрийн хүртэл Б.Бийн өмчлөл эзэмшилд байхад түүнд 4.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж давхар хохирол тооцсон үндэслэлгүй байна. Мөн улсын яллагчаас үйлдсэн яллах дүгнэлтэд хохирогч Б.Бт 16.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж хууль зүйн дүгнэлт хийж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс хэтэрч шүүгдэгч Л.Жоос 16.422.225 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.
Гурав: Анхан шатны шүүхээс Л.Жод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн нийтэд тустай ялаар шийтгэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан. Шүүгдэгчийн хувьд тухайн гэмт хэргийн зүйлчлэл, зарим хохирлыг хүлээн зөвшөөрдөг. Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлдэг ба Л.Жын 3 хүүхдийн хамт өрх толгойлсон ганц бие эцэг бөгөөд шүүхээс оногдуулсан 420 нийтэд тустай ажил хийлгэх ял нь түүний хувийн байдал, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанарт тохироогүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эрхэлсэн тодорхой ажилгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүгдэгч нь улирлын чанартай ажил эрхэлдэг бөгөөд өвлийн улиралд тухайн ээлжийн ажил зогсдог болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолд өөрчлөлт оруулж Л.Жыг бодит байдлыг нуух замаар Б.Бийг төөрөгдөлд оруулж, **-** *** улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийг 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэснийг хэрэгсэхгүй болгож, түүнд оногдуулсан 420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлөн торгох ял болгож өгнө үү.” гэв.
Хохирогч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Л.Жод “машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж ав” гэж удаа дараа хэлсэн. Гэвч тэрээр “шүүх дээр асуудалтай байгаа” гэж хэлээд нэр дээрээ шилжүүлж авдаггүй байсан. Л.Ж өнөөдрийг хүртэл надаас уучлалт гуйгаагүй, хохирлыг төлөөгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд намайг “ална” гэж хуурай агсам тавьж байсан. Миний зүгээс анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь түүний үйлдэлд тохирсон гэж харж байгаа. Ер нь бол ял шийтгэл хөнгөдсөн байж магадгүй болохоос хүнддээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээлгэх саналтай байна.” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдаанд прокурорын яллах дүгнэлт болон хэргийг зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолдоо дурдаж байгаа “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж” гэх шинж нь залилах гэмт хэргийн үндсэн шинжүүдийн нэг. Шүүгдэгчийн үйлдэл “залилах” гэмт хэргийн “бодит байдлыг нуух замаар” гэх шинжийг бүрэн хангаж байгаа. Гэтэл өмгөөлөгчийн зүгээс гомдлоо тайлбарлахдаа дээрх шинжийг 2 өөрөөр тайлбарлаж байна. Тодруулбал, нэг бол дээрх шинжийг өөрийнхөн үйлчлүүлэгчийн үйлдэлд тохирч байна гэх агуулгаар эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгож Б.Бийг төөрөгдөлд оруулаагүй. Б.Б газартай холбоотой асуудлуудыг мэдэж байсан гэх агуулгаар тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн шүүгдэгчийн талаас Б.Бийг төөрөгдөлд оруулж **-** *** улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийг 4.000.000 төгрөгөөр авч хохирол учруулаагүй тээврийн хэрэгсэл 4.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн баримт хэрэгт хавсаргагдаагүй, тогтоогдоогүй гэх агуулгыг тайлбарлаж байна. Гэвч анхан шатны шүүх хуралдаанаар **-** *** улсын дугаартай “Хьюндай Портер” тээврийн хэрэгслийг талаарх “...Л.Ж шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой асуудалтай байгаа учир машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авахгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг авагдсан байгаа. Энэ нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдоно. Машины үнэлгээтэй холбоотой баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Мөн анхан шатын шүүх хуралдааны үеэр хэлэлцэгдсэн шүүх хуралдааны тэмдэглэлд эдгээр нөхцөл байдал тусгагдсан, хэргийн материалд тогтоосон баримтууд авагдсан байдаг. Шүүхээс шүүгдэгчид 420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон байна гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгчийн зүгээс анхан шатын шүүх хуралдаанаар хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч хохирол төлөгдөөгүй байна.” гэв.
Прокурор Г.Ганбагана тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээнд тохирсон байна гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Б.Баас Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр бичгээр гаргасан гомдол /хх 12-13/,
Төв аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07/62 дугаартай албан бичгээр газар эзэмших тухай хүсэлт, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/591 дугаартай захирамж /хх 76-79/,
2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Б.Баас Д.Баянбадрахад “Ниссан Ванетта” маркийн тээврийн хэрэгслийг худалдах, арилжих талаар эрх олгосон итгэмжлэлийн хуулбар /хх 87/,
хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн НД-25-137 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Ниссан Ванетта” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 50-56/,
хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 49376 дугаартай Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх 42-45/,
хохирогч Б.Бийн “...Л.Ж гэх хүн анх 2023 оны 11 дүгээр сард Аржанчивланд надад зарах гэж байгаа газраа үзүүлэх үедээ... “Энэ миний газар байгаа юм, энэ газраас танд 0.7 га хэмжээтэй 4 айлын газар тасалж өгье. Та миний тасалж өгсөн газрыг 10.000.000 төгрөгөөр худалдан ав” гэж хэлсэн. Тэр үед би Л.Жоос газрын гэрчилгээ хаана байгаа талаар асуухад “гэрчилгээ нь удахгүй гарна, 7 хоногийн дараа гарчихна” гэсэн. “Ямар ч асуудал байхгүй” гэж надад хэлэхээр нь би “газрын бичиг баримтыг нь очиж харъя” гэж хэлсэн чинь “та очоод хэрэггүй, таныг очих юм бол газраа зарах гэж байна гээд бичиг баримт гаргаж өгөхгүй байж магадгүй” гэж хэлсэн ба мөн “энэ газар дээр нэмээд би 4 айлын газар авах хүсэлт давхар өгчихсөн байгаа бүгдээрээ гарах гэж байгаа, би кадастрын зураг энэ тэрийг нь бүгдийг нь гаргачихсан” гэж надад хэлсэн. Би энэ үгэнд нь итгэж Л.Жтой наймаа хийсэн. Гэтэл уг газар нь анхнаасаа Л.Жын эзэмшил, өмчлөлийн газар биш байсан ба өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр надад итгэл үнэмшил төрүүлж, бусдын эзэмшлийн газрыг надад үзүүлж, газар дээр баригдсан байсан гэрийг өөрийн гэр гэж хэлж бодит байдлыг нуух замаар хуурч мэхлэн миний “Ниссан Ванетта” маркийн тээврийн хэрэгслийг надаас шилжүүлэн авч бусдад худалдсан...” /хх 22-23/,
гэрч Л.Б-ын “...2024 оны 05 дугаар сард гэж санаж байна, Улаанбаатар хот руу мосттой машин авахаар очоод “Да хүрээ” авто техникийн захаар явж байхад “Ниссан Ванетта” маркийн машин таараад авахаар болсон. 30 гаран насны гэмээр машины ченж болов уу гэхээр залуу байсан. Би машинаа 11 саяыг дансаар шилжүүлж гэрээ хийгээд машинаа авсан. Машин худалдаж авсан залууг танихгүй. Худалдаж авах тухайн үед Улаанбаатар хотын дугаартай байсан. Хэд гэсэн дугаартай байсныг нь санахгүй байна. Би машинаа худалдаж аваад Хөвсгөл аймагт ирээд өөрийн нэр дээр шилжүүлж шинэ дугаар авсан...” /хх 33-34/,
шүүгдэгч Л.Жын “...Тухайн үед 2023 оны 11 сарын дундуур Б гэх хүнтэй өөрийн төрсөн дүү болох Отгонболдоор дамжуулж танилцсан. Тухайн үед Б ах миний 94111752 дугаартай утас руу залгаж “дүүгээс чинь дугаарыг чинь авсан юм, мал бэлчээх, зарах газар байгаа юу” гэж асуухад нь би “гэрчилгээ нь байхгүй, кадастраа хийлгэсэн газар байгаа” гэж хэлсэн. Ингээд бид хоёр утсаар ярьсан өдрийнхөө маргааш нь уулзсан бөгөөд Б ах газрыг чинь харъя гэхээр нь би дагуулаад Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр баг, Аржанчивлан гэх газарт байх 4 айлын газрыг үзүүлсэн. Тухайн газарт би 2022 онд кадастрын зураг хийлгэсэн байсан. Тэгээд Б ах дээрх газрыг 30.000.000 төгрөгөөр надаас худалдан авахаар тохиролцож, бартерт нь Портер ачааны машин 4.000.000 төгрөгөөр, “Ниссан Ванетта” гэх тээврийн хэрэгслийг 12.000.000 төгрөгөөр бодож, салхин сэнс, гар утас, станц зэрэг эд зүйлийг нэмж бүгдийг нь нийлүүлээд 20.000.000 төгрөгт бодож, үлдэгдэл 10.000.000 төгрөгийг гэрчилгээ гарах үед надад өгөхөөр тохиролцож, би дээрх эд зүйлсийг Б ахаас гэрт нь байх үедээ буюу Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 1-22 тоотод байх үедээ авсан. Тухайн үедээ Портер машин болон утасны дугаарын нэрийг шилжүүлээгүй, харин “Ниссан Ванетта” маркийн тээврийн хэрэгслийг нэр дээрээ шилжүүлэх итгэмжлэх хийлгэж авсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийг 7.000.000 төгрөгөөр техникийн зах дээр очиж машины ченжид зарсан. Үүнээс хойш газрын гэрчилгээг хөөцөлдөхөд тухайн газар нь өөр хүний эзэмшилд бүртгэгдсэн байсан тул гэрчилгээг гаргаж өгч чадаагүй. Тэгээд Б ахад портер машин, утасны дугаар, салхин сэнс зэргийг буцааж өгсөн. Харин гэрийн хана, гар станц 2 ширхэг, гар утас зэрэг зүйлүүд одоо болтол надад байгаа тул буцааж өгч болно. Үүнээс хойш 2024 оны 12 дугаар сард гэж санаж байна. Би Б ахад сүүний чиглэлийн буган халиун үхэр өгсөн. Энэ үхрийг 1.500.000 төгрөгөөр бодож, гар утасны дугаарын тал төлбөрт бодож өгсөн юм. Тухайн үед 99079252 дугаарыг 2.500.000 төгрөгөөр бодож авсан тул үүний тал төлбөрт үхрийг бодож өгсөн. Энэ үхрийг буцааж авч чадаагүй Б ахад байгаа. Үхрийг тохиролцож Б ахад өгсөн...” /хх 123-124/ гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
2. Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба хэргийн үйл баримтыг бүрэн нотолж чадсан, эдгээр нь хоорондоо эргэлзээ үүсгээгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Л.Жод холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
3. Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Жын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн түүнийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцэж байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд гагцхүү Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үздэг.
Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.Жод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна түүний гэм бурууд тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “420 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын энэ хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулахын зэрэгцээ гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх замаар хүний хууль ёсны эрх ашиг сонирхлыг нь хамгаалахад оршдог.
Залилах гэмт хэргийн тухайд гэмт этгээд өмчлөгч, эзэмшигчийг үгээр болон үйлдлээр хуурч мэхлэх арга хэрэглэсэн шинжтэй байх бөгөөд хохирогч тухайн үйл явдлыг бодитой хэмээн итгэж найдан төөрөгдөлд орсны улмаас эд хөрөнгөө сайн дурын үндсэн дээр гэмт этгээдэд шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой.
Зохиомол байдлыг зориудаар бий болгох гэж гэмт этгээд нь бодит байдалд огт байхгүй баримт, нөхцөл, эрх, боломж, харилцааг санаатайгаар зохиож, түүнийг бодит мэтээр хохирогчид ойлгуулан итгүүлснээр төөрөгдөлд оруулж, улмаар эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, ашиг хонжоо олж авахад чиглэсэн идэвхтэй хуурч мэхлэх үйлдлийг,
бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах гэж өөрт мэдэгдэж байгаа, хохирогчийн шийдвэр гаргалтад ач холбогдолтой бодит баримт, нөхцөл байдлыг зориуд мэдээлэхгүй буюу дутуу мэдээлснээр түүнийг буруу ойлголтод оруулж, эрх зүйн үр дагавар бүхий үйлдэл хийлгэх, шаардлагатай байдлыг нуух, хуурамч дүгнэлт гаргуулах зэргээр бусдыг төөрөгдүүлж, эд хөрөнгө, эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авахыг тус тус ойлгоно.
Анхан шатны шүүхээс Л.Жыг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн талаар дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Л.Ж нь тухайн 4 айлын газар болон газар дээрх гэрийг өөрийн эзэмшлийн хөрөнгө мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, газрын кадастрын зураг хийлгэсэн, удахгүй гэрчилгээ гарна, 4 айлын газар авах хүсэлт илгээсэн хэмээн бодит мэтээр хохирогчид ойлгуулж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Б.Бийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй...” гэсэн агуулах бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдахаар хуульчилсан ба прокуророос шүүгдэгч Л.Жыг залилах гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Б.Бт “Ниссан Ванетта” маркийн тээврийн хэрэгсэл буюу 12.000.000 төгрөг, “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгсэл буюу 4.000.000 төгрөг, нийт 16.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Жыг залилах гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бт нийт 16.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн нь үндэслэлтэй байх хэдий ч “Ниссан Ванетта” маркийн тээврийн хэрэгслийн үнийг 12.035.625 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд буюу дээр дурдсан шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд зөвтгөн дүгнэж байна.
Түүнчлэн, “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийн хувьд үнийг талууд харилцан тохиролцож 4.000.000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд анхан шатны шүүхээс заавал хөрөнгийн үнэлгээ тогтоох шаардлагагүй гэж үзэн хохирогч, шүүгдэгчийн тохиролцсон үнийн дүнгээр тооцож хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч С.Базардоржийн гаргасан “4.000.000 төгрөгийн автомашины үнэлгээ байхгүй” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын энэ хэсгийг мөн хүлээн авах боломжгүй байна.
Харин “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгсэл нь хохирогч Б.Бийн эзэмшилд байгаа хууль ёсны эзэмшигч хэвээр байгаа болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлгээр тогтоогдож бөгөөд шүүх шүүгдэгч Л.Жоос уг тээврийн хэрэгслийн үнэ болох 4.000.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу уг тээврийн хэрэгсэл шүүгдэгч Л.Жод байхгүй атал үнийг дахин гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын энэ хэсгийг хүлээн авах нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Хэрэгт авагдсан “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ /хх 42/ нь нэг талын гаргаж өгсөн үнэлгээ буюу хохирогч талаас гаргасан хохирлын үнэлгээг шүүхээс үнэлж шүүгдэгчээс хохирлыг гаргуулах боломжгүй байх тул хохирогч нь хэрэв уг тээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл учирч хохирсон гэж үзвэл шүүгдэгчээс уг асуудлаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй.
Мөн түүнчлэн шүүгдэгчээс гаргасан хохирлын дүнг дээр дурдсан байдлаар зөвтгөн дүгнэж байгаагийн зэрэгцээ шүүгдэгчээс машины үнэ 12.000.000 төгрөг болон уг машиныг үнэлсэн шинжээчийн зардалд хохирогчоос төлсөн 188.600 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор өөрчлөлт оруулав.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байх тул дээр дурдсан үндэслэлээр тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Базардоржийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
4 дэх заалтад заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Жоос 16.422.225 /арван зургаан сая дөрвөн зуун хорин хоёр мянга хоёр зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Бт олгосугай. ...” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Жоос 12.188.600 /арван хоёр сая нэг зуун наян найман мянган зургаан зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Бт олгосугай. ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Хохирогч Б.Б нь шүүгдэгч Л.Жоос **-** *** улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтэлтэй холбоотой нэхэмжлэлээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ