Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 175

 

                                                                        

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Д.Уянга,   

Нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,

Хохирогч Р.Отгонсүрэн,

Шүүгдэгч Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Дд холбогдох эрүүгийн 1806000630075 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   

 

     Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Д нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 73-80 тоотод иргэн Р.Отгонсүрэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

       /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

         ТОДОРХОЙЛОХ нь :

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806000630075 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 хохирогч Р.Отгонсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“Би өөрийн нөхөр болох Х.Дий хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 73 дугаар байрны 80 тоотод Х.Дий төрсөн дүү Мөнхцацралын гэрт амьдардаг юм. Улмаар 2017 оны 12 дугаар сарын 25-ны өглөөний 05 цагийн үед гэртээ орсон чинь манай нөхөр унтаж байснаа босч ирээд “чиний ямар хамаатан чинь ирсэн юм бэ, 3-н лаларын пизда ирсэн гэсэн, чи тэд нартай шөнөжингөө архи ууж байгаа ирсэн үү” гээд өшиглөж газар унагаагаад шууд гар болон хөлөөрөө өшиглөж эхэлсэн... Намайг зодож байгаад дүүгээ салгасны дараа миний хар өнгийн Ай Фоне-5 маркийн гар утсыг булааж аваад цаашаа өрөөрүүгээ авч орсон ба ардаас нь орсон чинь миний гар утсыг эвдчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/

 

            Гэрч Р.Нэртэйгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “...2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 13 цагийн үед манай дүү Р.Отгонсүрэн хүний утаснаас залгаад “ахаа Х.Д намайг зодсон, би буудалд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би дүүгээ дагуулаад дүүгийн байгаа газар нь очоод юу болсон талаар асуусан чинь “намайг ажлаа тараад гэртээ харьсан чинь архи уулаа гэж зодсон. Би уугаагүй байсан юм” гэж хэлсэн... Бид хоёрыг очиход манай дүүгийн 2 нүд нь хөхөрсөн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/

           

            Гэрч Р.Сундуйжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “Манай том эгч Р.Содонхүү надруу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр яриад эгч Р.Отгонсүрэн чинь нөхөртөө зодуулаад буудалд байна гэж хэллээ. Тэр эгчтэйгээ очиж уулз гэсэн. Улмаар би ах болох Р.Нэртэйн хамт эгчийн байгаа буудалд очиж уулзахад манай эгчийн 2 нүд нь хавдаж тагларсан, нүүр нь хавдсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд юу болсон талаар асуусан чинь “ажлаа тараад өглөө үүрээр орсон чинь зодсон” гэж хэлсэн...” /хх-ийн 10-11/

           

Гэрч Х.Мөнхцацралын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “Би 2017 оны 12 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө гэртээ унтаж байсан юм. Тэгсэн чинь 25-ны өглөө үүрээр чимээ гараад сэрээд харахад манай ах Х.Д Р.Отгонсүрэн 2 хоорондоо маргалдаж байсан. Намайг сэрэхэд эхнэр болох Р.Отгонсүрэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Намайг харж байхад манай ах миний гутлыг аваад Р.Отгонсүрэнгийн нүүр рүү шидчихсэн юм. Тэгэхээр нь би салгаад Отгонсүрэн уурлаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

 

            Шүүгдэгч Х.Дий мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 12 дугаар сарын 25-ны өглөөний 05 цагийн үед манай эхнэр болох Р.Отгонсүрэн нь гаднаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн юм. Тэр үед нь би унтаж байсан бөгөөд намайг татаж босгох гээд байсан. Тэгэхээр нь би уурандаа эхнэрийн гуя руу нэг удаа цохиод, гэдэснээс 2 удаа базсан юм. Тэгсэн чинь уурлаж, хашгираад гарч явах гээд байхаар нь болиулах гээд гутал аваад шидсэн чинь нүүрэн дээр нь оносон юм. Тэгээд л гараа явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 сарын 02-ны өдрийн 725 дугаартай:

Р.Отгонсүрэнгийн биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, зулайн хуйх, зүүн гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нурууны цус хуралт бүхий гэмтлүүд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 16/

 

- цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 2/

-хохирогчийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзлэгийн төлбөр шилжүүлсэн баримт /хх-ийн 18/

-Х.Дий иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 20-22/

-хохирогч Р.Отгонсүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 30/

-хохирогч Р.Отгонсүрэнгийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлж цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-ийн 31/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

   Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Х.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч Х.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Иймд шүүгдэгч Х.Дий иргэн Р.Отгонсүрэнгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Х.Д нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч Х.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

  

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

  

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ