Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2026/ДШМ/40

 

 

 

    2026           01             07                                     2026/ДШМ/40

 

Н.С, О.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Халиунаа,

шүүгдэгч Н.С,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Болортуул,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/2394 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Болортуулын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Н.С, О.Б нарт холбогдох эрүүгийн 2408 04053 0082 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Н-ийн С, .... оны .... дугаар сарын ...-ны өдөр ................... төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ................. мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., хамт ................ дүүргийн .... дүгээр хороо, ................. дугаар гудамжны .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.........................../;

2. О овгийн О-ын Б, .... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ................ төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ................. мэргэжилтэй, ........................ ажилтай, ам бүл ..., хамт ..................... дүүргийн ... дугаар хороо, .............. дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай боловч одоо .................. дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хорооллын ............ тоотод оршин суух, /РД:....................../,

- Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 252 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж 2008 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолоор 252 цагийн ажлаа бүрэн хийж дуусгасан.

 

Шүүгдэгч Н.С, О.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.С, О.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Н.С, О.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.С, О.Б нарт 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С, О.Б нарт оногдуулсан торгох ялыг 8 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С, О.Б нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас хохирогчид 7.684.090 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүл мэндийн даатгалын санд 246.300 төгрөгийг тус тус төлснийг дурдаж, шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Болортуул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. /шийтгэх тогтоолын 4 тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал”; 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”; 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”;-ийг бүрэн тогтоогоогүй. Энэ талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хэрэгтэй талаар шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй.

П.Д нь тухайн үйл явдал болсон Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо “Броун хаус” гэх газарт менежерээр ажилладаг нэгэн бөгөөд хэрэгт хохирогчоор анх мэдүүлэг өгөхдөө “...Манай ресторан дотор талдаа 14 хяналтын камертай бөгөөд хяналтын камерын бичлэг 28 хоног хадгалагддаг...” /хх 9/ гэсэн ба тухайн үйл явдал болсон үеийн буюу Н.С, О.Б, Ш.О, Ц.А нарын үйлчлүүлж дуусаад тухайн газраас гарч явсан үеийн үйл явдлыг харуулж буй 14 камерын бичлэгийг “Броун хаус” гэх газраас гаргуулан авах хүсэлтэй байна. Учир нь, хэрэгт бүх бичлэгийг гаргаж өгөлгүй, зөвхөн үүдний хэсгийг харуулсан камерын бичлэг /5 минут 1 секундийн бичлэг гэх боловч хүрэхгүй/-ийг П.Д тастан гаргаж өгсөн нь хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, холбогдогч Н.С, О.Б нарын мэдүүлгийн эх сурвалжийг буюу хэргийн бодит байдлыг өөрчилсөн. Хохирогч П.Д нь хэрэгт хохирогчоор, байгууллагыг төлөөлж сандлын үнэ нэхэж иргэний нэхэмжлэл гаргаж, иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа тул өөрийн мэдүүлж байсан 14 камерын бичлэгээс зөвхөн нэг хэсгийг таслан өгч, бусдыг нь гаргаж өгөөгүй. П.Дын хариуцан ажиллуулдаг “Броун хаус” гэх газарт тухайн шөнө ажиллаж байсан гэрч С.Г, Б.Бр нар нь шууд түүний удирдлагад байдаг учир түүний талд мэдүүлэг өгдөг, гэхдээ гэрч Г, Бр нарын мэдүүлэг хохирогчийн мэдүүлэгтэй болон хоорондоо ч таардаггүй, мөн “тооцоо хийхээс болж маргаан үүссэн” мэтээр мэдүүлсэн байхад, үйлчлүүлж байсан Н.С, О.Б, Ш.О, Ц.А нар “захиалсан 12 пивыг нь уугаагүй байхад цаг дууссан, гар гэсэн, тэгвэл задлаагүй пиво өгөөд үлдэгдэл тооцоогоо хийе гэхэд үгүй, аваад гар гэснээс маргаан үүссэн.” гэж байгууллагын үйлчилгээнээс нь болж үүссэн гэж мэдүүлдэг.

Хохирогч П.Д хэрэгт анх мэдүүлэхдээ “манай рестораны гарах хаалга руу явж байсан туранхай шар эрэгтэй эргэж ирснээ миний хажууд зогсож байсан эрэгтэй бид хоёрыг рестораны буйдан давуулаад түлхсэн ба би газарт унах үед ширээний өнцөг мөргөж унасан. Би унасныхаа дараа босож ирээд цагдаа дууд гэж хэлсэн. Нөгөө 3 эрэгтэй, 1 эмэгтэй шууд гарах гэж оролдсон. Би тухайн хүмүүсийн гаргахгүй гээд араас нь очоод зууралдаж байтал шар царайтай, туранхай нэг эрэгтэй нь миний хүзүүний араас боогоод газарт унагасан ба газарт унасны дараа цээжин дээр бор царайтай махлаг эрэгтэй нь дараад мөн миний зүүн нүдэн дээр удаан дарсан. Би газарт унах үедээ зүүн гараараа газарт тулж унасан бөгөөд эмнэлэгт үзүүлэхэд зүүн гарын бугуйн яс хугарсан байна гэж хэлсэн. “/хх 8-9/ гэж, 2 дахь удаа мэдүүлэхдээ “Н.С миний араас боогоод байсан хүн мөн байна. О.Б гэх хүн миний урдаас намайг зодоод байсан. Миний хоолойн цус хуралтыг Н.С нь учруулсан, бусад гэмтлийг О.Б учруулсан” /хх 11/ гэж, 3 дахь удаагаа “шар залуу Н.С нь дайраад намайг болон хамт явсан О.Б нь буйдан руу түлхэгдэн унасан. Би ширээний өнцөг дагзаараа мөргөн унасан. О.Б нь хөл дээр суучихаад босохгүй байсан. Гарах гээд явахаар нь цагдаа дууд гээд үүдний хэсэгт очоод зогсоох гэсэн чинь О.Б нь шууд над руу багалзуурдах гээд дайрахаар нь 2 гарыг нь бариад хананд тулгаад зогсож байгаад Н.С миний араас татаж боогоод үүдний хэсэгт байсан сандал дээр унагаасан. Намайг сандал дээр унагаасны дараа О.Б нь багалзуурдаад байхаар нь ажлын Бр, Г нар ирж татаж байхад Н.С миний нүд рүү гараа хийж базаж байсан. Миний зүүн гарын ясны хугаралтыг Н.С миний араас татаж боогоод үүдний хэсэгт сандал дээр унагасан үед хугарсан байх, бусад гэмтлийг О.Б учруулсан” /хх 13-15/ гэж, шүүх дээр “Н.С мөнгийг нь төлж чадна гэхэд О.Б дундуур нь орж ирж текний ширээний өнцөг дээр 2 удаа мөргүүлсэн. Босох гэсэн О.Б дараад хэвтчихсэн дээрээс Н.С дайраад байсан. Энэ хоёр явах гэхээр нь Б гэдэг залуу дээр очоод хөөе чи явахгүй цагдаа дуудчихсан гэсэн чинь эргэж хараад над руу дайрсан. Би хоёр гарыг нь бариад авсан гэтэл С гэдэг залуу араас гүйж ирээд миний араас боогоод татаж унагасан” гэдэг. /гэтэл өөрийнх нь гаргаж өгсөн камерын бичлэг дээр огт өөр бичлэг байгаа тул бичлэгийг шүүхээс шинжлэн судлахыг хүсэж байна/ гэж нэг биедээ буюу өөртөө учирсан гэмтлийг хэрхэн хаана хэн, ямар үйлдлээр учруулсан талаар 4 өөр янзаар мэдүүлжээ. Хохирогч П.Дын 4 өөр мэдүүлгийн аль нь ч хэрэгт байгаа бичлэг дээрх үйл явдалтай таардаггүй. Түүнчлэн, хохирогч П.Д нь “...шүүгдэгч О.Б гадаа тонгорч унагаахад гар нь хугарсан байх гэж байна. Бичлэг байгаа...” гэж байгаа тул энэ бичлэгийг нь гаргуулан хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна. Яагаад хэрэгт өгөхгүй байна вэ /энэ бичлэг нь өөрийнх нь мэдүүлгээс өөр байгаа учир нь бичлэгүүдийг гаргаж өгөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна/.

Бичлэгийг хэрэгт бүхлээр нь авч хавсаргах нь маргааныг хэн эхлүүлсэн, эсхүл бүлэглэж хохирогч руу дайрсан эсэх, хэн аль гэмтлийг учруулсан болох зэрэг хүн тус бүрийн оролцоо үйлдлийг ялгамжтай тогтоох, хэргийн бодит байдлыг тогтоож, хүндэвтэр гэмтлийг хэн хэзээ учруулсан, хүндэвтэр гэмтлийг бүлэглэн учруулсан эсэх, эсхүл хөнгөн гэмтлийг бүлэглэн учруулсан эсэх гэсэн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой. Мөн хохирогч П.Дын биед учирсан хүндэвтэр гэмтэл үнэхээр дотор үүдний хэсгийн сандал дээр унах үед үүссэн гэвэл бичлэгт гарч байгаагаар өөрөө О.Бийг гаргахгүй гэж зууралдан гарч явуулахгүй гэж гарах хөдөлгөөнийг хориглон зууралдах явцдаа О.Бийн өөрөөсөө холдуулах гэсэн угзралтаас өөрийн инерцээрээ сандал руу унаснаас өөрөө өөртөө учруулсан уу, эсхүл гадаа О.Бийн хэлсэнчлэн унагах үед үүссэн үү гэдгийг тогтоох боломжийг бий болгоно. Түүнчлэн, хэрэгт хавсаргагдсан камерын бичлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1-д заасан байдлаар бүрэн үзлэг хийлгүй, хавтаст хэргийн 63-66 талд ойлгомжгүй байдлаар үйл явдлыг дүрсэлж, “...2 хар хувцастай залуу цагаан хувцастай залууг дундаа хийнэ. Эхний хар хувцастай залуу, нөгөө хар хувцастай залуу...” гэж, малгайтай, малгайгүй, өндөр, нам хоёр хүнийг нэг адил мэтээр тэмдэглэснээс гадна, хэн болохыг оролцогчдоос тодруулах бүрэн боломжтой байхад тодруулаагүй, мөн “дундаа хийнэ” гэх мэтээр өөрийн үгээр бичсэн нь ойлгомжгүй, хууль зүйн техникээр бичигдээгүй байгааг дурдаж байна.

Хэрэгт иргэний нэхэмжлэл болж буй сандлын үнэнд 2.225.000 төгрөг гаргуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Үнэлгээч уг сандлыг ямар аргаар, юуг үндэслэн үнэлсэн нь тодорхойгүй байхад шүүх модерн гар хийцийн зүймэл ороогүй сандал /шийтгэх тогтоолын 5 тал/ гэж дүгнэж, мэргэжлийн үнэлгээчний хийсэн үнэлгээгээр гаргуулах нь зүйтэй гэсэн /шийтгэх тогтоолын 13 тал/ нь ойлгомжгүй байна. Шүүх хэрэгт байгаа шинжээчийн дүгнэлт, үнэлгээчний дүгнэлтийг хууль зүйн хүчин чадалтай эсэхийг шалгаж үнэлэх ёстой атал тэгж үнэлэлгүй мэргэжлийн үнэлгээчний үнэлгээ гэсэн нь үндэслэлгүй. Учир нь, хэрэгт байгаа гэрэл зургаас харахад, тус сандал нь олон тоогоор тус уушийн газарт тавигдсан, энгийн модон сандал байх атал тус сандлыг хохирогчийн хэлсэн “классик загвар”-тай, зүймэл ороогүй болгож, гараар эсхүл үйлдвэрийн сандал эсэх, хаана үйлдвэрлэгдсэн болох, байгууллагын санхүүгийн баримтад ямар үнэлгээтэйгээр хэдэн онд бүртгэгдсэн, хэр удаан эдэлсэн, будаг, хийц зэргийг нь тогтоолгүйгээр зах зээлийн үнээс илт өндөр үнэ хэлсэн хохирогчийн 3.000.000 гэсэн үнэд үндэслэсэн мэтээр 2.225.000 төгрөгөөр үнэлгээг бодитой гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий биш болсон. Гэтэл тус үнэлгээг гаргасан “Тэргүүн үнэлгээ” ХХК нь “...уг хөрөнгийг үзүүлээгүй бөгөөд шаардлагатай гэвэл биечлэн үзэж судалгаа хийсний үндсэн дээр илүү бодитой үнээр тогтоох боломжтой...” гэсэн /хх 231/ нь уг үнэлгээний хэр бодитой болохыг илэрхийлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, зохих журмын дагуу үнэлэх ажиллагааг хийлгэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан хор уршгийн хэмжээг тогтоох ажиллагаа бөгөөд сандлын үнэ гэж 2.225.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул хохирлыг зөвтгөн дүгнэж өгнө үү.

Ажилгүй байсан хугацааны цалин 1.320.000 төгрөгийг гаргуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь хохирогч П.Д нь ажилтан учир нийгмийн даатгалаас ажилгүй байсан хугацааны тэтгэмж авсан эсэх, ажилгүй байсан хугацаа, хэдий хугацааны тэтгэмж авсан, дундаж цалин нь нийгмийн даатгалаас хэдээр тогтоогдсон талаар нотлох баримт бүрэн биш байсан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зөвтгөн дүгнэж өгнө үү. Нэгэнт гэм буруутайд тооцож, хохирогчийн нэхэмжилсэн бүхий л нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлээ үндэслэл бүхий ба хууль ёсны байдлаар дүгнээгүй атлаа хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн тул шүүгдэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд шүүхийн шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлыг завсарлага авч, П.Дд төлсөн байхад шүүх хохирогчийн бүхий л нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гаргуулахаар шийдвэрлэсэн атлаа “цаашид энэ гэмт хэргийн улмаас гарах хохирол, хор уршгаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй" гэж тогтоох хэсгийн 6 дахь заалтад заасан нь ойлгомжгүй байх тул энэ заалтыг хүчингүй болгож өгнө үү.

Хохирогч П.Дын эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр “зүүн гарын шуу ясны далд хугарал, зүүн нүдний салст, доод зовхи, хүзүүнд цус хуралт, дээд зовхины зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогджээ. /хх 44/ Шинжээч эмч “зүүн гарын шуу ясны далд хугарал гэмтэл нь хохирлын хүндэвтэр гэмтэл, зүүн нүдний дээд зовхи, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хохирлын хөнгөн зэрэг, зүүн нүдний салст, доод зовхи, хүзүүний цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоогдохгүй” гэж /хх 49/ зааглан мэдүүлсэн байна. Хэрэгт байгаа мэдүүлгүүдийг нэгтгэн үзвэл, уушийн газар дотор текний хажууд төлбөр тооцоотой холбоотой маргаан болж буйдангийн завсар П.Д, О.Б нар унасан гэх үйл явдал, үйлчлүүлэгч нар тооцоогоо дуусаад гарахаар явах үед нь явуулахгүй “цагдаа дуудсан” гэж П.Д нь үүдний чигт гарахаар явж байсан О.Б, Н.С нарын араас үүдний хэсэгт очиж, явуулахгүй гэж хоргоох, гарах хөдөлгөөнийг нь хязгаарласан П.Дын хязгаарлалтыг сөрж биеэсээ холдуулах хөдөлгөөн хийсэн О.Бийн угзралт, О.Бийг авч гарахаар чангаасан Н.Сын чангаалт, гадаа Н.Сыг явсны дараа, О.Бийг явуулахгүй гэсэн П.Дыг О.Б унагаасан гэсэн 3 үйл явдал болжээ. Дээрхээс, хохирогч П.Д гараа хугалсан үйл явдал нь гадаа Н.Сыг явсны дараа болсон байна. Гадаа гар нь хугарснаас өвдсөн тул эмнэлэгт үзүүлэх болсон байна. Түүнчлэн, гар нь хугарсан хүн ямар ч эмзэглэлгүйгээр гадаа гараад араас нь очоод, явуулахгүй гээд О.Бтэй зууралдаад байх боломжгүй юм. Иймд шинжээч эмчийн тодотгосон “Зүүн гарын шуу ясны далд хугарал” гэсэн хүндэвтэр зэргийн гэмтлийг О.Б Н.Стай бүлэглэн учруулаагүй гэж үзэх үндэслэлтэй учир Н.Сыг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгоож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Н.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Тухайн үед уушийн газарт төлбөр тооцоотой холбоотой маргаан болох үед би цаад өрөөнөөс гарч ирсэн. Маргаан эхлэх үед байгаагүй. Намайг цаанаас гарч ирээд явж байхад цохисон. Би салгах гээд хохирогч гэх Д гэх залууг түлхэхэд хойно байсан буйдан дээр унасан. Тухайн үед намайг цаанаас гарч ирээд явж байхад цохисон. Би цохиулсныхаа дараа сандал дээр суугаад интернэт банкаа янзлаад төлбөрөө хийчхээд гарах гээд үүд рүү явахад хохирогч нь О.Бтэй барилцаж авахад нь би салгасан. Тухайн үед ийм л юм болсон.” гэв.

Прокурор Н.Халиунаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нь гомдлоо тайлбарлахдаа “Броун хаус” ресторанд 14 ширхэг хяналтын камер байдаг. Тухайн камерт үзлэг хийгээгүй гэх агуулгыг илэрхийллээ. Хавтаст хэрэгт огт хяналтын камерын бичлэг авагдаагүй асуудал байхгүй. Тодруулбал, хавтаст хэрэгт хохирогчоос гаргаж өгсөн хяналтын камерын бичлэг, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Болортуулаас гаргаж өгсөн хяналтын камерын бичлэг буюу нийт 2 бичлэг авагдсан байгаа. Хэргийн материалд авагдсан камерын бичлэгт хэргийн үйл баримт тодорхой дүрслэгдсэн. Хавтаст хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгээр хэргийн үйл баримт хангалттай тогтоогдож байхад заавал 14 ширхэг камерт үзлэг хийх шаардлагагүй гэж прокурорын зүгээс үзсэн. Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс Н.Ст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах агуулгаар гомдлоо бичсэн байдаг. Гэсэн хэдий боловч хэргийг дахин шалгуулах агуулгатай буюу “...“Броун хаус” рестораны 14 ширхэг хяналтын камерт үзлэг хийлгүүлье...” гэх тайлбарыг гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, хэргийг буцаалаа гэхэд тухайн рестораны камеруудад үзлэг хийх боломжгүй. Учир нь, хэргийн үйл баримт 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр болсон. Аливаа байгууллагууд 14 хоногоос 1 сарын хугацаанд хяналтын камерын бичлэгээ хадгалдаг учир камерын бичлэгтэй холбоотой ажиллагаа явуулах боломжгүй. Хэргийн материалд хавсаргагдсан байгаа 2 ширхэг хяналтын камерын бичлэгүүдэд шүүгдэгчийн талаас хохирогчийн нүүр хэсэгт тулж зогсож байгаа дүрс бичигдсэн байдаг. Үүнийг прокурорын зүгээс хэрүүл маргаан эхлүүлэх гэж байгаа байдал гэж дүгнэсэн. Прокурорын зүгээс тухайн үед эвдэрсэн сандлыг уг хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршиг гэж үзсэн. Хохирогчийн зүгээс тухайн сандлыг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлэхэд 2.225.000 төгрөгийн үнэлгээ гарсан байдаг. Хохирогч сандлын үнэлгээтэй холбоотой холбогдох албан ёсны баримтуудыг гаргаж өгсөн учир үндэслэлтэй гэж үзэж байгаа. Хяналтын камерын бичлэгт бичигдсэн үйл баримтаас тухайн сандал дээр хохирогч, шүүгдэгч нар давхралдаж унахдаа сандлыг эвдэлсэн үйл баримт тусгагдсан байдаг. Үүнээс тухайн сандал шүүгдэгч нарын буруутай үйлдлийн улмаас эвдэрч байгаа болох нь тогтоогдож байгаа юм. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Болортуулын зүгээс хохирогчийн цалин, хөлстэй холбоотой асуудлын талаар гомдолдоо дурдаж байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “...1.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж заасан байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалингийн мэдээлэл, холбогдох баримтуудыг гаргаж өгч 1.320.000 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүхээс хохирогчийг гаргаж өгсөн баримтыг үнэлж дээрх хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж прокурорын зүгээс үзэж байна. Мөн прокурорын зүгээс шүүгдэгч О.Бийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ шүүгдэгч Н.Стай урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэн П.Дын биед хүндэвтэр гэмтэл учруулсан байна гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С, О.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Болортуулын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Прокуророос О.Б, Н.С нарыг бүлэглэж 2024 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Броун хаус” ресторанд ажилладаг ажилтан П.Дтай тухайн үед үүссэн үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар хоорондоо зодолдон, барьцалдаж үүдний хэсэгт байсан сандал руу түлхэж унагасны улмаас түүний биед зүүн гарын шуу ясны далд хугарал, зүүн нүдний салст, доод зовхи, хүзүүнд цус хуралт, дээд зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн авч, хянан хэлэлцээд шүүгдэгч Н.С, О.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл, заалтад зааснаар шүүгдэгч Н.С, О.Б нарт 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Учир нь, аливаа хэрэгт нотлогдвол зохих үйл баримтыг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход ач холбогдолтой байдаг.

Өөрөөр хэлбэл, Н.С, О.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/, гэмт хэргийг хэн үйлдсэн буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж тогтоогоогүй зэрэг эргэлзээ бүхий нөхцөл байдал байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, О.Бийн яллагдагчаар өгсөн “...цагаан өнгийн цамцтай эрэгтэй хүн болон манай найз С хоёр хураалгаатай байсан сандал дээр хамт унасан...” /хх 129/, хохирогч П.Дын “...миний зүүн гарын шуу ясны далд хугарлыг Н.С нь миний араас татаж боогоод үүдний хэсэгт байсан сандал дээр унагаасан...” /хх 14/, гэрч Б.Брын “...жижиг шар залуу нь манай менежер ахыг араас нь боогоод сандал дээр унасан...” /хх 33/, гэрч Ц.Агийн “...манай найз С нь тухайн цагаан өнгийн цамцтай эрэгтэй хүнтэй хамт сандал руу уначихсан байсан...” /хх 39/, гэрч Ш.Оын “...найз Н.С нь цагаан хувцастай менежер залуутай барьцалдаж аваад Н.Сыг цохиод хажууд байсан буйдан даваад тэр 2 унасан...” /хх 27/, гэрч С.Ггийн “...намхан жижигхэн шар царайтай ах нь манай менежер ахыг шууд цохиод кассын хажуу талын ширээ сандлын голоор унасан. ...унасан байхад нь том биетэй саравчтай малгайтай ах босгохгүй дээрээс нь дараад, ...үүдний хэсэгт байсан бор өнгийн сандал хугарчихсан байсан...” /хх 29/ гэх зэрэг мэдүүлгээс үзэхэд хэрэг учрал болох үед шүүгдэгч Н.С, О.Б нарын хэнийх нь үйлдлээс болж хохирогч П.Дд хөнгөн болон хүндэвтэр хохирол учирсан болох нь ойлгомжгүй байх бөгөөд хэргийн үйл баримтыг хангалттай нотлон тогтоож, анхан шатны шүүхээс үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй байна. 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарын үйлдэл тус бүрийг нэг бүрчлэн нотлон тогтоож, шүүгдэгч нарын хэн нь хохирогчид хэр хэмжээний хохирол учруулсан болохыг нарийвчлан тогтоолгүй, тэдгээрийг бүлэглэж хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан гэж ерөнхий байдлаар дүгнэсэн нь буруу байх тул үүнтэй холбогдуулан нэмэлт шинжээчийн дүгнэлт гаргуулж хохирогчид учирсан гэмтлүүдийг хэн, яаж, хэрхэн учруулсан болохыг тогтоосны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шударга ёсны зарчим”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журамд нийцнэ.

Түүнчлэн, гэрч Ц.Агийн мэдүүлэгт “...тус рестораны гадаа зодоон болсон, хохирогчийг татаж унагасан...” талаар мэдүүлснийг анхаарвал зохино.

Иймд анхан шатны шүүхийн дээрх алдаа зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Болортуулын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/2394 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Н.С, О.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ОДОНЧИМЭГ

 

                                   ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

 

                                   ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ