Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 207/МА2022/00059

 

2022.05.19 Баян-Өндөр сум

 

*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч *******д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2022/00407 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

Автомашин худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 6.700.000 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* миний бие 2019 оны 11 сарын 15-ны өдөр *******тай автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж мөнгөлөг өнгөтэй, приус 20 маркийн 69-98 улсын дугаартай автомашиныг хариуцагч *******ын нэр рүү шилжүүлж өгсөн. 2019 оны 11 сарын 15-ны өдөр автомашин худалдах, худалдан авах хувийн гэрээнд Ванкойн буюу цахим мөнгөөр 3000 гурван мянган койн /нэг койн 6000/ буюу /15.000.000 төгрөг/ худалдан авахаар харилцан тохиролцсон боловч тус койн нь Монгол улсад орж ирээгүй, бирж нь нэгдээгүй учир ******* койны эрсдэлээ 100 хувь даан автомашины үнэ болох 15.000.000 төгрөгийг төлж эхэлсэн. 2021 оны 7 сарын 24-нд 7.000.00, 2021 оны 11 сарын 4-нд 1.000.000 төгрөг, 2021 оны 11 сарын 16-ны өдөр 300.000 төгрөг нийт 8.300.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 6.700.000 төгрөгийг миний бие *******аас удаа дараа шаардахад сүүлдээ миний утсыг авахгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Иймд ******* миний бие *******аас автомашин худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл 6.700.000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүхэд хуралдаанд өгсөн тайлбартаа:

*******аас Приус 20 маркийн 69-98 улсын дугаартай автомашиныг худалдах, худалдан авах гэрээ хийж 12 саяд бодоод 3000 койн ванкойн өгөхөөр тохирч гэрээ хийсэн. Гэтэл ванкойн бирж дээр гарах хугацаа нь хойшлогдоод байгаа тул машины үнийг бэлэн мөнгөөр төлөөд одоогийн байдлаар 2021 оны 07-р сарын 24-ний өдөр 7 000 000 төгрөг, 2021 оны 11-р сарын 04-ний өдөр 1.000.000 төгрөг, 2021 оны 11-р сарын 16-ны өдөр 300.000 төгрөг, 2022 оны 01-р сарын 04-ний өдөр 800.000 төгрөг, нийт 9.100.000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 2.900.000 төгрөгийг төлөх дутуу байгаа. Үлдэгдэл 2.900.000 төгрөгийг боломжоороо төлж дуусгах болно. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-т 'Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно" гэж заажээ. 2019.11.15-ны өдөр хийсэн хэлцэлд тээврийн хэрэгслийн үнийг МУ-ын үндэсний мөнгөн тэмдэгт "төгрөг"-өөр илэрхийлж, тооцолгүй койноор илэрхийлсэн нь хуулийн дээр дурдсан заалтыг зөрчсөн байна. Талуудын хооронд хийгдсэн хэлцэл хууль зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. Миний бие шүүхэд анх гаргасан тайлбараасаа татгалзаж байна. Учир нь *******аас авсан машиныг 2021 оны 06 сард 9.200.000 төгрөгөөр зарсан. Машины төлбөрийг миний хүү Ц.Идэрмөнхийн ХААН банкны 5720574549 тоот дансаар 2021.06.13-нд шилжүүлсэн байсан. Анхнаасаа бид машины үнийг 15,0 сая төгрөг гэж тохироогүй тул *******т машины үнэд 10.000.000 сая төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2022/00470 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Дорждаламаас 5.900.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122.150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 109.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхбаяртай 2019.11.15-ны өдөр Доржпалам би Приус-20 маркийн 69-98 улсын дугаартай машиныг Опесот буюу цахим мөнгөөр 3000 тохирч авахаар болсон. Уг койн нь Монгол улсад орж ирээгүй, бирж дээр гарах хугацаа хойшлогдсон тул машины үнийг бэлэн мөнгөөр төлөх болж намайг шүүхэд өгөхөөс өмнө 8.300.000 төгрөг, шүүхэд өгснөөс хойш 800.000 төгрөг нийт 9.100.000 төгрөг төлсөн. Уг машины үнэд 12.000.000 төгрөг өгнө гэж тохирсон боловч нэхэмжлэгч 15.000.000 төгрөгөөр тохирсон гэж нэхсэн. Гэвч үүнийгээ нотлоогүй. Харин миний хувьд 12.000.000 төгрөг өгнө гэсэндээ байж 9.100.000 төгрөг өгснөөс өгөөгүй 2.900.000 төгрөг дутуу байгааг төлнө гэдгээ илэрхийлж тайлбар өгч байсан. Мөн шүүх хуралд 12.000.000 төгрөгөөр тохирсон тул түүнийгээ гүйцээгээд өгье гэж хэлсэн. Гэтэл шүүгч 15.000.000 төгрөг өгнө гэсэн гэж үзээд үлдэгдэл 5.900.000 төгрөг гаргуулахаар шийдсэнийг эс зөвшөөрч байна. Учир нь 15.000.000 төгрөгөөр тохирсон гэдэг нь хангалттай тогтоогдоогүй. Би өөрийн зөвшөөрсөн хэмжээгээ хэлсээр байхад зөвхөн нэхэмжлэгчийн хэлснээр шийдсэнд гомдолтой байна. Хэрэгт 15.000.000 төгрөгөөр тохирсон талаарх нотлох баримт байхгүй байхад 15.000.000 төгрөгөөр тохирсон гэж дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 5.900.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохигчид Приус 20 маркийн 69-98 улсын дугаартай авто машиныг кривтовалютын ванкойноор буюу цахим мөнгөөр 3000 койноор худалдаж авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулж, уг автомашиныг хариуцагчийн нэр дээр шилжүүлжээ.

Зохигчдын хооронд авто машин худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн ба тухайн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.

Гэрээний дагуу хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******т нийт 9.100.000 өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагч *******аас 5.900.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлээс 800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв байна.

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо ...хэрэгт 15.000.000 төгрөгөөр тохирсон талаарх нотлох баримт байхгүй байхад 15.000.000 төгрөгөөр тохирсон гэж дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү... гэх боловч хариуцагч ******* нь хариуцагч ******* нь шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа ... Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 15.000.000 төгрөг гэсэн байна. Яахав би 15.000.000 төгрөгийг өгнө гэж бодож байна. Гэхдээ одоохондоо боломжгүй байгаа учраас 12.000.000 төгрөгийг гүйцээж өгөөд боломжтой болохоороо 3.000.000 төгрөгийг нь өгье гэж бодож байна... гэжээ.

Зохигчид гэрээ хийхдээ 15.000.000 төгрөгөөр автомашинаа худалдсан, худалдан авсан болох нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч *******ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шийдвэрийн Тогтоох хэсэгт хариуцагч *******ын нэрийг Н.Дорждалам гэж буруу бичсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт төлсөн 62.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2022/00407 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Дорждаламаас 5.900.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 5.900.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагч *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР