| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2509000000569 |
| Дугаар | 2026/ДШМ/18 |
| Огноо | 2025-12-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ш.Цэрэнханд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 2026/ДШМ/18
2025 12 30 2026/ДШМ/18
Ч.Х-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ш.Ц,
шүүгдэгч Ч.Х-ын өмгөөлөгч О.А,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 2025/ШЦТ/2330 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 37 дугаартай эсэргүүцлээр Ч.Х-д холбогдох эрүүгийн ..................... дугаар хэргийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ч.Х нь 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ...... дүүргийн ..... дүгээр хороо, .... буудлын эцэст “........” төвийн гадаа ....... улсын дугаартай авто машинаас хохирогч Б.С-ийн 905,150 төгрөгтэй цүнхийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ч.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ч.Х-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-ыг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-ын 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 50 хоногийг түүний эдлэх ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, түүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Х-аас 905,150 төгрөгийг гаргуулан хохирогч Б.С-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Х-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Прокурор бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан. Хэрэгт авагдсан баримтуудаар яллагдагч Ч.Х нь 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр .....дүүргийн .....дүгээр хороо, .... буудлын эцэст “......” төвийн гадаа ...... улсын дугаартай автомашинаас хохирогч Б.С-ийн эзэмшлийн цүнхийг авч, дотор нь байсан 905,150 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан. Шүүгдэгч Ч.Х нь урьд 7 удаагийн ял шийтгэлтэй. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 509 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолоор 7 жил хорих ял, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар хорих ял, Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 482 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ял, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор 450,000 торгох ял, Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 100 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1 жилийн хорих ял, Завхан аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн 170 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан нөхцөл байдал тогтоогдсон. Шүүхээс шүүгдэгч Ч.Х-ын эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд урьд 7 удаагийн ял шийтгэлтэй, үүнээс 4 удаагийн гэмт хэрэг нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлсэн боловч засарч хүмүүжээгүй хийсэн хэрэгтээ гэмшиж, цээрлэл хүлээгээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэнээс гадна түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Ч.Х нь шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлөгдөөгүй нөхцөл байдал зэргийг харгалзан үзэхэд түүнд оногдуулсан “400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх” ял нь үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна. Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2330 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн бөгөөд уг эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.
Шүүгдэгч Ч.Х-ын өмгөөлөгч О.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ч.Х-ын хувьд бичиг үсэггүй тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор миний бие өмгөөлөгчөөр оролцсон. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг танилцуулах ажиллагаанд миний бие оролцсон бөгөөд шүүгдэгч шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргаагүй. Тэрээр оргон зайлсан, дуудлагад ирээгүй гэх үндэслэлээр цагдан хоригдож, улмаар Хөгжлийн банкны хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан үргэлжилсэнтэй холбоотойгоор нийт 50 хоногийн хугацаанд цагдан хоригдсон. Үүний дараа тухайн хэрэг шүүхээр хэлэлцэгдсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бол өмгөөлөгчийн зүгээс 7 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулах санал гаргасан. Харин шүүхээс шүүгдэгчийн хохирол төлөөгүй байдал болон хувийн нөхцөл байдлыг харгалзан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байдаг. Уг ялыг шүүгдэгчийн өмнө нь 50 хоног цагдан хоригдсон хугацаанд дүйцүүлэн тооцож, ялыг эдэлсэнд тооцсон нь шүүхийн шийдвэрт тусгагдсан. Улсын яллагчийн эсэргүүцэлд шүүгдэгч өмнө нь 4 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, мөн 905,150 төгрөгийн хохирол төлөөгүй гэж дурдсан боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хүрээнд шүүх уг нөхцөл байдлыг харгалзан үзэж, дундаж хэмжээнд буюу 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдал нь заавал ял хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй бөгөөд анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг бодитой үнэлсэн байна. Иймд улсын яллагчийн гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Ч.Х-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдлоо.
Прокуророос Ч.Х-ыг 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ........... дүүргийн ..... дүгээр хороо, ... буудлын эцэст “......” төвийн гадаа ...... улсын дугаартай авто машинаас хохирогч Б.С-ийн эзэмшлийн цүнхийг авч, дотор нь байсан 905,150 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 271 дугаартай яллах дүгнэлт /хх 111-114/ үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
1. Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Ч.Х-д бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны ба үндэслэлтэй явуулах нөхцөл, боломжийг хангах нь процессын хэлбэр ба баталгаа гэсэн ойлголттой нягт уялдаа холбоотой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед заавал дагаж мөрдөн, захирагдаж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон арга ажиллагааны хэрэгжих нөхцөл, явц, үр дүн, үндэслэл, журмыг процессын хэлбэр гэж ойлгох бөгөөд хуульд заасан журмын дагуу явагдаагүй тохиолдолд уг ажиллагааны үр дүн нь хууль ёсны байх шинжээ алдана.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процессын хэлбэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үйл явцыг бэхжүүлэх, хуулиар тогтоосон нөхцөл, журмыг төрөлжүүлж, дэс дараалалд оруулсан байдлаар зохицуулагдсан, аливаа шийдвэр гаргах журмын хэлбэршин тогтсон хэв маяг юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадуур аливаа шийдвэр гаргах, хууль бус хэлбэрээр аливаа ажиллагааг явуулах, эсхүл зөвшөөрөгдсөн хэлбэрээр илэрч буй боловч түүнд тавигдах шаардлагыг зохих ёсоор хангаагүй байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнд тооцогдоно.
Тус процессын хэлбэр нь энэхүү үйл явцын бодит байдлыг хангах чухал илэрхийлэл бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжоор журамлан зохицуулсан эрх зүйн нөхцөл, шалгуурыг бататган хангах зүй ёсны шаардлага болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт тогтоол үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана. Хуулийн этгээдийг яллагдагчаар татаж байгаа бол хуулийн этгээдийн нэрийг заана.” гэжээ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2509000000569 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол /хх 2-4/ үйлдэхдээ Ч.Х-ыг Эрүүгийн хуулийн ямар, зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа талаар прокурорын тогтоолын тогтоох хэсэгт заагаагүй зөрчил гаргажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан.
Аливаа хууль Үндсэн хуульд захирагдах, хүний жам ёсны эрх, эрх чөлөө, хууль зүйн тэгш байдлыг хүлээн зөвшөөрч хуулиар бэхжүүлэн хангах, хуулийг бүх нийтээр хүчин төгөлдөр дагаж мөрдөх, төрийн байгууллагууд хуулийг гуйвалтгүй, нэг мөр биелүүлэх, зөв хэрэглэх нь хууль дээдлэх зарчмын агуулга болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж хуульчилсан.
Эдгээр зохицуулалтуудаас дүгнэхэд, Монгол Улсад шүүх эрх мэдлийг дангаар хэрэгжүүлж буй шүүх байгууллага нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх хүрээнд хуульд нийцсэн шийдвэр гаргахын тулд үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг хатуу удирдлага болгох үүрэгтэй.
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заагаагүй атлаа уг тогтоолыг танилцуулан мэдүүлэг авах ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйл/Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх/-ийн 1 дэх хэсэгт “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй”, 2 дахь хэсэгт “Яллагдагчаар татсан, ... шийдвэртэй танилцах, шийдвэрийн хувийг авах эрхтэй”, 3 дахь хэсэгт “Сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах эрхтэй” гэж тус тус заасан эрхийг эдлүүлээгүй гэж үзнэ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ба гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон хүнд тухайн гэмт хэрэгт оногдуулах Эрүүгийн хуулиар тогтоосон ялын хүрээнд тохирсон эрүүгийн хариуцлагыг оногдуулдаг.
Хэргийг шинжлэн судлахад, хохирогч Б.С-ийн “...2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ..... улсын дугаартай автомашинаар түгээлт хийж байсан. ..... төвийн гадна автомашинаа байрлуулаад тус төвийн В1 давхарт сүү таргаа зөөх хугацаанд автомашин дотор байсан цүнхтэй бэлэн 905,150 төгрөгийг хулгайд алдсан...” /хх 14-15, 18-19/,
шүүгдэгч Ч.Х яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “...машины жолооч машины хойд хэсэгт байх зуур би жолооч талын хаалгаар ороод сандлын гол хэсэгт байсан хүрэн өнгийн фаск цүнх байхаар нь аваад явсан. ...” /хх 30-31/ гэх мэдүүлгүүд, сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 53-56/, “нийт 905,150 төгрөгийн зарлагын баримт байна” гэх зарлагын баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх 38-39/ зэрэг нотлох баримтууд авагджээ.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд, эзэмшилд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахайн сэдэлт, зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг ойлгодог бөгөөд тухайн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэж бодсон байдаг онцлогтой.
Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалж уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан тул шүүгдэгчийн эрх зүйн байдалд ноцтой нөлөөлөх шинж чанарыг харгалзан үзэж хууль бус нэвтрэлт тогтоогдсон гэж үзэж буй бол шүүх энэ талаарх тайлбар, үндэслэлийг тогтоолд заавал тусгаж байх ёстой.
Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах обьектив болон субьектив нөхцөл байдлын үндэслэл болно.[1]
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж заасан нь зөвшөөрөлгүй буюу хууль бусаар нэвтэрч, бусдын халдашгүй байдлыг зөрчиж, бусдын эд хөрөнгийг авсан байхыг гол шинжээ болгодог. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл нь хүн болон ачаа тээвэрлэх үндсэн зориулалттай боловч тэрхүү тээврийн хэрэгслийг эд зүйл хадгалах агуулах савны зориулалтаар түр ашиглаж байгаа бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “тусгайлан хамгаалсан агуулах” гэж ойлгоно.
Мөн “агуулахад нэвтэрч үйлдсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдсэн байхыг ойлгох бөгөөд тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалж уг зүйлчлэлээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.
Харин анхан шатны шүүх, шүүгдэгчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хулгай хийх зорилгоор хохирогчийн тээврийн хэрэгсэлд нэвтэрсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргээр хөнгөрүүлэн дүгнэсэн үндэслэл тодорхойгүй байна.
Иймд тээврийн хэрэгсэл нь хүн болон ачаа тээвэрлэх үндсэн зориулалттай боловч тэрхүү тээврийн хэрэгслийг эд зүйл хадгалах агуулах савны зориулалтаар түр ашиглах боломжтой тул тээврийн хэрэгсэлд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...тусгайлан хамгаалсан ...агуулах”-д нэвтэрсэн гэж зүйлчлэх эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.
3. Мөн анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд, шүүгдэгч Ч.Х-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа эсэх талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй байна.
Хэдийгээр Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэлбэр, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг зэргийг тал бүрээс нь харгалзан ялын зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой сонгон оногдуулах ёстой.
Анхан шатны шүүхийн дээрх алдаа, зөрчлийг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчлөх, залруулах боломжгүй бөгөөд эдгээр үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
Ийнхүү давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, хууль хэрэглээний талаар болон оногдуулах ял шийтгэлийн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгээгүй үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул прокурорын бичсэн эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.
Шүүгдэгч Ч.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/2330 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Ч.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
[1] Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 570 дугаартай тогтоол