| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2018/0147/Э |
| Дугаар | 188 |
| Огноо | 2018-02-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч Д.Агар,
Нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,
Шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Гт холбогдох эрүүгийн 1806002930111 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Г нь 2017 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг нийтийн караокенд иргэн Б.Амгаланбаатартай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1806002930111 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад Л.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Амгаланбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:
“...2017 оны 12 сарын 31-ний өдөр 01 цагийн үед ажлын газрын ажилтан Мөнхжаргал, Төгсжаргал нарын хамтаар Баянзүрх дүүргийн 5-р хороо Дэлгэр зоогийн газарт пиво уугаад сууж байхад сууж байхад 2 залуу ирээд наад сандал дээр чинь малгай байгаа юу гэж асуугаад малгай хайж байгаад олдоогүй ба гарч явахдаа муухай хараад байна уу гэж хэлээд улаан өнгийн цамцтай, хар өнгийн куртиктэй, 25 орчим насны залуу намайг заамдаж аваад хавирч унагаасан. Ингээд дээрээс гараад миний толгойруу архины шилээр 2 удаа цохиод манай найзууд салгасан. Тэгээд салгаад байж байтал нөгөө залуу дахин хавирч унагаагаад дахин архины шилээр цохиод, хөлөөрөө толгой руу өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/
Гэрч Ч.Төгсжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2017 оны 12 дугаар сарын 30-ны орой манай ажлын шинэ жилийн арга хэмжээ болоод 23 цагийн үед тарсан юм. Тэгээд бид Мөнхбая, Амгаланбаатар нартай хамт Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэлгэр нартай нийтийн караокед орж дуулсан юм. Тэгээд тэндээ пиво уугаад юм яриад сууж байтал хажуугийн ширээнээс 2 залуу босч ирээд манай ширээн дээр ирээд малгайгаа хаясан байж магадгүй үзээд өгөөч гэхээр нь бид нар босоод малгайг нь хайсан чинь байхгүй байсан. Тэгээд буцаж яваад манай ах Амгаланбаатарлуу малгай хайж байсан залуу “муухай хараад байна уу” гээд маргалдаад байсан. Тэгээд Амгаланбаатар босоод талбайн голд зогссон чинь уг залуу хөлөөрөө хавираад унагаачихсан. Тэгэхээр нь бид нар салгах гэж нэлээн ноцолдож байгаад салгаад сууж байсан ширээнийхээ эсрэг талын ширээн дээр Амгаланбаатар ахын гарыг бариад зогсож байхад малнайгаа хайж байсан залуу архины шилээр цохичихсон юм... Сүүлд нь юу болсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/
Гэрч Б.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“2017 оны 12 дугаар сарын 30-ны орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Дэлгэрэх нэртэй караокед ороод сууж байтал хажуугийн ширээнээс 2 залуу босч ирээд манай ширээн дээр хүрч ирээд малгайгаа хаясан байж магадгүй үзээд өгөөч гэхээр нь бид нар босоод малгайг нь хайсан чинь байхгүй байсан. Тэгээд буцаж яваад манай ах Амгаланбаатарлуу малгай хайж байсан залуу “муухай хараад байна уу” гээд маргалдаад байсан. Тэгээд Амгаланбаатар босоод талбайн голд зогссон чинь уг залуу хөлөөрөө хавираад унагаачихсан. Тэгэхээр нь бид нар салгах гэж нэлээн ноцолдож байгаад салгаад сууж байсан ширээнийхээ эсрэг талын ширээн дээр Амгаланбаатар ахын гарыг бариад зогсож байхад малнайгаа хайж байсан залуу архины шилээр цохичихсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 939 дугаартай
“Б.Амгаланбаатарын биед баруун зулайд шарх гэмт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох хурмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алталтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 16/
Шүүгдэгч Л.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33/
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
-хохирогч Б.Амгаланбаатарын Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 03/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс:
-ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 19-24/
-Л.Гийн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчлийн мэдээллийн хуулбарууд /хх-ийн 25-27/ зэрэг нотлон баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй байх ба тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Л.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Л.Гийн иргэн Б.Амгаланбаатарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Б.Амгаланбаатар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн учир шүүгдэгч Л.Г нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, уг гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Гт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Л.Г нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ