Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 374

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч Г.Б,

нарийн бичгийн дарга  Б.Оч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Чой овогт Гансүхийн Г.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811003530388 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Ёотон цагаан" дэлгүүрийг ажиллуулдаг гэх, . тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Чой овогт Гансүхийн Г.Б /РД: ./,

 

Холбогдсон хэгийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ шүүгдэгч Г.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Ёотон цагаан" хүнсний дэлгүүрийн гадна нь хохирогч О.Тулгыг зодож, биед нь эрүүнийн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт үйлдэл хйисэн болох нь

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Г.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би үйлдсэн хэрэг болон уг сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би О.Тулгыг зодож гэмтэл учруулсан...” /хх-ийн 26х/,

хохирогч О.Тулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд бид нар дэлгүүрээс гараад миний шээс хүрээд байхаар нь дэлгүүрийн хаалганы хажууд шээх гээд зогсож байтал худалдагч эмэгтэйн нөхөр гарч ирээд яагаад дэлгүүрийн хажууд шээх гээд байгаа юм бэ цаашаа явж шээ гэхээр нь дэлгүүрийн урд байдаг зам хөндлөн гараад жалга руу шээчихээд буцаад ирсэн чинь гэнэт миний зүүн талын шанаа руу цохиход би газар унасан, газар уначихсан байхад намайг 2 удаа өшиглөсөн. Энэ үед Батмөнх ирж салгасан..." /хх-ийн 11-12х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 25 –ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1833 тоот дүгнэлтэд: О.Тулгын биед эрүүнийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй..." /хх-ийн 21х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Г.Быг бусдын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр шийдвэрлэв.