Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2026/ДШМ/05

 

 

*******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* /цахим/

Цагаатгагдсан этгээд *******, түүний өмгөөлөгч *******

Цагаатгагдсан этгээд *******, түүний өмгөөлөгч *******

Цагаатгагдсан этгээд *******ы өмгөөлөгч

Цагаатгагдсан этгээд *******ийн өмгөөлөгч  

Нарийн бичгийн дарга М.Алтантуяа нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/394 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр цагаатгагдсан этгээд *******, *******, *******, *******, шүүгдэгч ******* нарт холбогдох 2418001590773 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд:

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/401 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 637 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар өршөөгдсөн.

2. Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

3. Монгол Улсын иргэн, тоотод оршин, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

4. Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

5. Монгол улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

*******, *******, *******, *******, ******* нар нь “ үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 сарын 28-ны өдрийн А/145 дугаартай Үнэлгээний хороо байгуулах тушаалаар Т дугаартай 2,318,875,473 төгрөгийн төсөвтэй “Автосамосвалын урсгал засварын сэлбэг” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2024 оны 03 сарын 06-ны өдөр, 2024 оны 04 сарын 26-ны өдрүүдэд үнэлгээний хороог хуралдсан, дарга гишүүдийг санал хэлж тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдийг үнэлж, шалгаруулсан мэтээр хурлын тэмдэглэл, бусад баримт бичигт нөхөн үйлдэж, холбогдох хууль, хэм хэмжээний акт баримт бичгийг зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үйлдлээрээ санаатай нэгдэж “” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******, *******, *******, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт , овогт , овогт , овогт , овогт нарт холбогдох эрүүгийн 2418001590773 дугаартай хэргээс овогт , овогт , овогт , овогт нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, *******, *******, *******, ******* нарыг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******, *******, *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж,

Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг нийтийн албанд ажиллах эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 02 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

Хэргийн хамт ирүүлсэн “ төмөрлөгийн үйлдвэр” ХХК-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн тендер шалгаруулалтын баримт бичиг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

... Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь үнэлгээний хорооны дарга, гишүүдээр ажиллах үедээ тендер шалгаруулалтын баримт бичиг, оролцогч байгууллагуудын баримт бичгийг шаардлага хангасан эсэхийг хяналгүйгээр үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга *******ын нөхөж бүрдүүлсэн хурлын тэмдэглэл, тендерт оролцогчдын баримт бичгийг үнэлсэн маягтуудад гарын үсэг зурсныг албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хайнга хандсан гэж үзэх үндэслэлтэй ба тэдний үйлдэлд эрх зүйн бусад зөрчлийн шинж байгаа эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлүүлэхээр шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч *******ын үйлдэл нь үнэлгээний хороог хуралдуулаагүй атлаа "" ХХК нь ДААТҮТӨХК/20240102180 дугаартай Weichai автосамосвалын урсгал засварын сэлбэг" нийлүүлэх тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТШ318.1, ТШ319.1-Д заасан шаардлагыг хангаагүй буюу www.ebalance.mof.gov.mn мэдээллийн системд 2023 оны борлуулалтын орлого 0 төгрөг байгааг мэдсээр байж тус байгууллагыг шаардлага хангасан оролцогч гэж үнэлсэн хурлын тэмдэглэл, тендерт оролцогчдын баримт бичгийг үнэлсэн маягтуудыг бүрдүүлж үнэлгээний хорооны дарга, гишүүдээр гарын үсэг зуруулж, "" ХХК-д гэрээ байгуулах эрх олгож давуу байдал бий болгосноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй...” гэж дүгнэсэн.

Анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/378 дугаартай тогтоолыг хүлээн авч танилцахад шүүх хэргийн үйл баримт, шүүгдэгчийн үйлдэл, түүний гэм буруугийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж хэргийн үйл баримтыг тогтоон, түүнд хууль зүйн дүгнэлт хийхдээ, шүүгдэгч *******, *******, *******, ******* албан үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон үйлдлийн шинжид үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэхээр байна.

Шүүх шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн атал гэмт хэрэгт хамтран оролцогчдын талаар дүгнэлт хийхдээ хууль буруу хэрэглэсэн байна. Гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчин чармайлтаар хүчээ нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотлох шаардлагатай.

Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг бөгөөд энэ нь хамтран оролцохын ердийн хэлбэр юм.

Энэ тохиолдолд гэмт хэрэгт 2 түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн объектив талыг хамтран хэрэгжүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хангалттай үндэслэл болно. Нөгөөтээгүүр авлигын гэмт хэрэг нь далд, харилцан ашиг сонирхолд тулгуурласан, бичиг баримтгүй, гэрчгүй үйлдэгддэг онцгой шинжтэй гэмт хэрэг юм.

Авлигын эсрэг НҮБ-ийн Конвенцын 28 дугаар зүйлд "гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно." гэж тусгасан байна.

Шүүгдэгч нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй, уурхайн ажил зогсох гээд байсан учраас үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд нөхөж гарын үсэг зурсан, албан тушаалдаа хайнга хандсан гэж маргаж буй хэдий ч албан тушаалтан хайнга хандах гэдэг нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүй байдаг, өөрөөр хэлбэл, албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй буюу авбал зохих шаардлагатай арга хэмжээг аваагүй, мөн өөрийн чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь зохих шаардлага хангаагүй, чанаргүй, цаг хугацаа алдсан нь алдаа доголдол гаргахад хүргэсэн байх зэргийг ойлгох бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг.

Гэтэл анхан шатны шүүхээс их хэмжээний буюу 2,3 тэрбум төгрөгийн төсөвтэй тендер шалгаруулалтад материал ирүүлсэн 4 аж ахуйн нэгжээс шаардлага хангаагүй “” ХХК-ийг шалгаруулж давуу байдал бий болгосон үйлдлийг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахыг зориуд санаатай хүссэн гэж үзэх тул шүүгдэгч нарын үйлдлийг албан тушаалдаа хайнга хандаж алдаа дутагдал гаргасан санамсар, болгоомжгүй үйлдэл гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй хууль зүйн дүгнэлт хийж, илт үндэслэлгүйгээр зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичих үндэслэлтэй байна. Иймд Анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/378 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Шүүгдэгч нарын хувьд үйлдлээрээ нэгдэж, тендер шалгаруулалт буюу үнэлгээний хорооны гишүүдээр томилогдож, нөлөөллийн мэдүүлгээ гаргаж, шударга ёсны дагуу ажиллаж үнэлгээний хорооны үйл ажиллагааг хэрэгжүүлэх ёстой. Үүнийг зөрчиж, тендер шалгаруулалт хуралдаагүй, явагдаагүй байхад явагдсан мэтээр бүгд гарын үсэг зурсан, үйлдлээрээ нэгдэж 2,3 тэрбум төгрөгийн тендер шалгаруулалтад “” ХХК буюу шаардлага хангаагүй компанийг шаардлага хангасан байдлаар дүгнэлт гаргаж гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн нь бүлэглэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхээр байна. Гэтэл анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, зарим шүүгдэгч нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн. Гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг анхан шатны шүүх буруу тайлбарласны улмаас 4 шүүгдэгчийг цагаатгасан нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд өмгөөлөгч ******* саналдаа:

Бодит байдал дээр энэ компани татварын тайлангаа гаргаад өгчихсөн боловч Худалдан авах ажиллагааны системд гарч ирээгүй байсан асуудал л байгаа. Үүнд аж ахуй нэгжийг буруутгах боломжгүй. Энэ бол төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа цахим системийн алдаа. Энэ компани бодит байдал дээр 3 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байгаа. Гэтэл борлуулалтгүй аж ахуй нэгжийг шалгарууллаа гэж хаа хамаагүй зүйлээр буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа энэ байдлыг харгалзан үзнэ үү. Шүүгдэгч нарын мэдүүлгийг үндэслээд энэ хүмүүсийг гэм буруутай гэж үзэх үндэслэл байхгүй. Энэ нөхцөл байдлуудыг шүүх анхаарч үзнэ үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* саналдаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд цагаатгагдсан этгээд *******ийн өмгөөлөгч ******* саналдаа:

Прокурор “...энэ бол онцгой гэмт хэрэг, нууц далд аргаар үйлдэгддэг, мэдэгдэх боломжгүй” гэж байна. Тэгвэл ямар нэгэн үйл баримт тогтоох ёстой. Мөн үнэлгээний хорооны гишүүд давуу байдал олгосон гэж байна. Хэрэв тийм бол “” гэж компанитай ямар нэгэн байдлаар ашиг сонирхол нэгтэй байх ёстой. Үүнийг ямар нэгэн үйл баримтаар тогтоох ёстой. Бүх зүйлийг шалгаж үзэхэд ийм үйл баримт тогтоогдохгүй байгаа. Бодит байдал дээр бол энэ хүмүүс ажилдаа хайнга хандсан асуудал байгаа. Энэ нөхцөл байдлаас харахад шууд санаатай гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж үзэж байна. Тийм учраас миний үйлчлүүлэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд цагаатгагдсан этгээд *******ы өмгөөлөгч саналдаа:

Шүүхээс *******т ял шийтгэл оногдуулж, бусад шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн. Бусад асуудлын тухайд гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж хангагдаагүй гэж үзэж байна. Тийм учраас субьектив тал нотлогдохгүй байгаа гэсэн өмгөөлөгч нарын тайлбарыг дэмжиж байна. Мөн мэдүүлэгт энэ талаар дурдсан учраас давхардаж ярьсангүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд цагаатгагдсан этгээд *******ийн өмгөөлөгч саналдаа:

Анхан шатны шүүхээс энэ 4 хүний үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгоод цагаатгачихсан. Тэгсэн хэр нь яагаад албан тушаалдаа хайнга хандсан. Бусад эрх зүйн зөрчил байж магадгүй хэрэг бүртгэлтэд буцаана гээд байгаа юм бэ. Шүүх цагаатгасан юм бол тэр чигт нь цагаатгаад явах хэрэгтэй гэж бодож байна. Ийм салаалсан байр суурьтай эсэргүүцэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг хөндөхгүйн тулд үйлчлүүлэгчийнхээ санааг дэмжээд анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд ******* саналдаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* саналдаа:

Тайлбар байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд цагаатгагдсан этгээд *******: Саналгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, цагаатгагдсан этгээд *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос яллагдагч *******, *******, *******, *******, ******* нарыг “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/145 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар тус дугаартай 2.318.875.473 төгрөгийн төсөвт өртөгтэй, “Автосамосвалын урсгал засварын сэлбэг” нийтүүлэгчийг сонгон шалгаруулах тендер үнэлгээний хорооны гишүүдээр буюу Нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа дугаартай 2.318.875.473 төгрөгийн төсөвт өртөгтэй, “Автосамосвалын урсгал засварын сэлбэг” нийлүүлэгчийн сонгон шалгаруулах тендерийн сонгон шалгаруулалтын баримт бичиг, үнэлгээний хорооны хурлыг зохион байгуулаагүй буюу тов зарлаж хуралдуулахгүйгээр 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тус тус үнэлгээний хороог хуралдсан, дарга гишүүдийг санал хэлж, тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдийг үнэлж, шалгаруулсан мэтээр зохиомол байдлаар үнэлсэн тэмдэглэл, тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдийн тендерийг үнэлж, шаардлагыг хангаагүй байхад хангасан мэтээр үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулсан үнэлгээний хорооны тэмдэглэл, тендерийн бусад баримт бичигт нөхөж гарын үсэг зурснаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно” гэж заасныг, нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа өөрийн албан тушаалын тодорхойлолтын 2.3”Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг”-ийн 3 дахь хэсэг “Батлагдсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэгч, нийтүүлэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулах, түүнтэй холбоотой материалыг хууль, журмын дагуу боловсруулж бүрдүүлэх” гэж тус тус заасан албан үүрэг, бүрэн эрхээ албаны эрхийг ашгийн эсрэг урвуулан ашиглаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална”, 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэг “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/254 дугаартай тушаалаар баталсан “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам”-ын 3.6.1 дэх хэсэг “хурлын товыг зарлан мэдээлэх, хурлыг зохион байгуулах/, 3.6.2-д “холбогдох маягтын дагуу үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл хөтлөх” гэж заасныг урвуулан ашиглаж, үнэлгээний хорооны гишүүд нь үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн гүйцэтгэснээр “” ХХК-д давуу байдал бий болгосон гэх үйлдэл буюу  “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн, гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасах, хязгаарлах замаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлж болох ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно”, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх шүүгдэгч *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцуулахаар үндэслэл болгосон нотлох баримт, түүний агуулга, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт, шүүгдэгч *******, *******, *******. ******* нар нь “” ХХК-ийг дугаартай “Weichai автосамосвалын урсгал засварын сэлбэг” нийлүүлэх тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ18.1, ТШЗ19.1-д заасан шаардлагыг хангаагүй гэдгийг мэдсээр байж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “”ХХК-д зориуд давуу байдал бий болгосон гэх сэдэлт, санаа зорилго тогтоогдоогүй буюу тэдний үйлдэлд гэмт хэргийн субьектив шинж хангагдахгүй ба энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгч *******, *******, нарын дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэхдээ шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэх үүргээ хангалттай биелүүлээгүй ерөнхий байдлаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна.

Учир нь:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол...гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг, “албан тушаалын байдал” гэдэгт албаны эрх нөлөө хамаарна гэж, “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлэх”-ийг тус тус ойлгохоор хуульчлан аутентик тайлбар хийжээ.

Цагаатгагдсан этгээд ******* нь “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/ 45 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар “Weichai автосамосвалын урсгал засварын сэлбэг нийлүүлэх” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар,  *******, *******, ******* нар нь гишүүдээр тус тус томилогдсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож /2хх68/ байх ба тэдгээр нь тухайн үнэлгээний хорооны дарга, гишүүдээр ажиллахдаа Монгол Улсын Их Хурлын хуульзүйн байнгын хорооны 2012 оны 05 дугар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэлтэй танилцаж, өөрийн гарын үсгээ зурж баталгаажуулснаар Үнэлгээний хорооны дарга, гишүүдээр томилогдон ажиллахдаа хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо юм. 

“Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/ 45 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” тушаалаар “Weichai автосамосвалын урсгал засварын сэлбэг нийлүүлэх” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан тухай хуулийн 50 дугаар зүйлд зааснаар байнгын бус ажиллагаатай байх бөгөөд мөн хуулийн 50.2.1 тендер шалгаруулалтын баримт бичиг, зарлал, урилга боловсруулах, тендер хүлээн авах, 50.2.2-т тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх , 50.2.3-д захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх чиг үүргийг гүйцэтгэснээр үнэлгээний хорооны чиг үүрэг дуусгавар болох ба Үнэлгээний хорооны дарга ******* хорооны үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах, хурлыг товлох, тогтоосон хугацаанд шуурхай шийдвэр гаргаж захиалагчид хүргүүлэх, үнэлгээний хороог захиалагчийн өмнө төлөөлөх үүрэг бүхий албан тушаалтан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-д зааснаар худалдан авах ажиллагаанд оролцох ажилтан, алба хаагчид нь хуульд зааснаар шийдвэр гаргах, шийдвэр гаргахад цаг тухайд нь оролцох үүрэг бүхий этгээдүүд байх ба ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, Мангийн  сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/254 дугаартай тушаалаар баталсан “Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам”-д нийцүүлэн хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх үүрэгтэй билээ.

Гэтэл анхан шатны шүүхээс дугаартай “Weichai автосамосвалын урсгал засварын сэлбэг нийлүүлэх” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга ******* нь “” ХХК нь шаардлага хангасан гэж үнэлгээний хорооны дарга *******, гишүүн *******, *******, ******* нарт танилцуулж, үнэлгээний хороог хуралдсан мэтээр хурлын тэмдэглэл, тендерт оролцогчдын баримт бичгийг үнэлсэн маягтуудыг нөхөн бүрдүүлсэн,  хурлын тэмдэглэл, тендерт оролцогчдын баримт бичгийг үнэлсэн маягтуудад гарын үсэг зурсныг албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хайнга хандсан гэж үзэх үндэслэлтэй гэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийж “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр тэдгээрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл: Үнэлгээний хорооны дарга болон гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэдгийг мэдсээр атал хүлээн зөвшөөрч “” ХХК-ийг шаардлага хангасан гэж дугаартай “Weichai автосамосвалын урсгал засварын сэлбэг нийлүүлэх” гэрээг байгуулах шийдвэрийг санал нэгтэй гаргасан гэж гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Дээрхээс үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын цагаатгах үндэслэл болгосон нотлох баримтууд, улсын яллагчийн гэм буруутай тооцуулахаар гаргасан дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт, түүний агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэл, няцаан үгүйсгэсэн үндэслэлийг шийтгэх тогтоолд нэг бүрчлэн зааж, шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон оролцооны хэлбэрийг ялгаа заагтайгаар дүгнэлгүйгээр өмгөөлөгч нарын дүгнэлт үндэслэлтэй ерөнхий байдлаар хуульзүйн дүгнэлт хийсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 394 дугаартай ******* нарт холбогдох хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 4 хавтаст хэргийн 175 дугаар талд авагдсан тэмдэглэл нь тухайн хэргийнх биш байх ба үүнээс үүдэн нотлох баримт шинжлэн судалсантай холбогдуулан оролцогчид тодруулах асуулт асуугаагүй гэж үзэх, түүнчлэн шүүх хуралдаан даргалагчийн тогтоосон дарааллын дагуу явагдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн зөрчил гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, *******, *******, *******, ******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/394 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

            2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, *******, *******, *******, ******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

           ШҮҮГЧИД                                                     Г.ДАВААРЕНЧИН

                                                                                            З.ТӨМӨРХҮҮ