Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 190

 

                                                                         

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч С.Солонго,   

Нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,

Шүүгдэгч Ч.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Уд холбогдох эрүүгийн 1706034290124 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   

     Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.У нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төвийн автомашины зогсоолд иргэн Д.Дүнхэржавын нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

         ТОДОРХОЙЛОХ нь :

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1706034290124 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 хохирогч Д.Дүнхэржавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2017 оны 11 сарын 17-ны өдөр 13 цагийн орчимд Нарантуул захын зүүн талд байдаг орон нутагруу явдаг дээр очоод Өмнөговь аймгийн Цагаан хадруу явна гэх Стана маркийн машин дээр очоод жолоочид нь ах нь явна шүү гэж хэлээд зардлын мөнгөө үлдээгээд явсан. Тэгээд би гадуур явж байгаад 18 цаг өнгөрөөд надруу залгахгүй байхаар нь нөгөө газартаа очиход миний сууна гэж байсан машин байхгүй байсан бөгөөд хажуу талд нь байсан ногоон өнгийн Стана маркийн машинд миний цүнхийг өгсөн байсан ба миний зардлыг өгөөгүй байсан бөгөөд сууж явах суудал нь хойшоо харсан суудал байсан. Тэгэхээр нь би энэ чинь хойшоо харсан суудал байна, би өдөр ирээд урагшаа харсан суудал захиад явсан гэж хэлэхэд “мөнгө төгрөгөө өгөөгүйн байж яасан олон үгтэй юм” гэх мэтээр хэлсэн. Тэгээд нэг залуу нь намайг машинаас буу гэж хүчээр буулгахаар нь би өөдөөс нь маргахад тэр залуу миний уруул орчимд 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/

 

            Гэрч Л.Гансүмбэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “2017 оны 10 сарын сүүлээр би өөрийн ахын 75-23 ӨМӨ дугаартай  машинтайгаа Өмнөговь аймгийн Цагаан хадруу хүн тээвэрт явсан. Тэгсэн чинь нэг согтуу залуу Оюу толгой явна гэж ирсэн. Тэр хүнийг урагшаа харж суухаар голын суудал дээр суулгасан. Тэгээд байж байсны дараа нэг эгч ирээд сууна гэхээр нь согтуу ирсэн залуугийн урд суулгасан. Хэсэг хугацааны дараа согтуу ах тамхинд явж ирээд сүүлд ирсэн эгчийн суудлыг заагаад энэ суудал дээр би суух байсан гээд тэр эгчтэй маргасан. Тэхээр нь би “чи эр хүн юм чинь хойшоо хараад суучихаа гэж хэлсэн. Тэгээд би ачаа ачих гээд машин дээрээ гарсан. Хэсэг хугацааны дараа Уламхүү ирчихсэн нөгөө согтуу залуутай маргалдаад байсан. Тэгээд тэр 2 заамдалцаад 2 цохилцсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

 

            Гэрч А.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “2017 оны 10 сарын сүүлээр би өөрийн 99-12 УНП дугаартай авто машинтайгаа Өмнөговь аймгийн Цагаан хадруу хүн тээвэрт явах гээд ачаа татаж байхад хажуу талын машинд хүмүүс маргалдаж эхэлсэн.  Би ачаагаа талыг нь татаад тэр хүмүүсрүү харсан чинь Уламхүү нэг хүнтэй наад машинаасаа буу гэх зэргээр маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээ сарын 20-ны өдрийн 14408 дугаартай:

Д.Дүнхэржавын доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 21/

 

Шүүгдэгч Ч.Угийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Би 2017 оны 11 сарын 17-ны өдөр Нарантуул захын орон нутагруу явдаг машины зогсоол дээр өөрийн дүүгийн эзэмшлийн Стана маркийн 75-23 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Өмнөговь аймгийн Цагаан хадруу явах гэж байсан юм. Тэгээд байж байтал 19 цагийн орчимд машинд суусан зорчигч Д.Дүнхэржав гэх хүн машинд сууж байсан эмэгтэй хүнтэй маргалдаад байхаар нь би тэр хүнийг “та буу” гэж хэлсэн. Тэгэхэд тэр хүн надтай маргалдаад буусан...” гэх мэдүүлэг /хх-н 56/

 

-гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-5/

- цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 6/

-Ч.Угийн иргэний үнэмлэхийн лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59-61/

 -хохирогч Д.Дүнхэржавын гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 62/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

   Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ч.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч Ч.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Иймд шүүгдэгч Ч.У нь иргэн Д.Дүнхэржавын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ч.У нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Ч.Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Уг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Уд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.        

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Уд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ