2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2026/00465

 

 

 

 

 

 

 

2026 01 07

191/ШШ2026/00465

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У д оршин байрлах, ******* ******* ХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У  тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 22,908,646.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмарал.

/Хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.******* нь 2024.09.20-ны өдөр ******* *******наас MN290034 дугаар бүхий зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийн зээлийг сарын 1,5 хувь, жилийн 18 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай ПОС-ын орлого барьцаалсан цахим зээлийг авсан.

******* ******* нь зээлийн гэрээний дагуу 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зээлдэгч Б.*******ийн ******* ******* дахь MN тоот харилцах дансанд 30,000,000 төгрөгийн зээлийг Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх /ЗГ-ний 3.1.2/ зориулалтаар зээл олгосон. Зээл олгосноос хойш зээлийн төлбөрт нийт 11,212,485 төгрөг төлсөн.

Үүнээс 7,866,393 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,317,049 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 29,043 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Б.******* нь зээлийг 11 сар зээл ашиглахдаа гэрээний үүргээ зөрчиж удаа нийт 107 хоног хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан байна. 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 22,133,607.90 төгрөг, зээлийн хүү 764,598.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,441.07 төгрөг, нийт 22,908,646.99 төгрөг байна. Банк зээлдэгчтэй удаа дараа уулзаж, зээлийн төлбөрийг төлөх хугацаа, боломж олгосон боловч одоог хүртэл зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байна.

Зээлдэгч Б.******* нь зээлийн гэрээний дараах заалтуудыг бүрэн зөрчсөн. Үүнд: 4.2.3. Зээлийн гэрээний 3.1.2 дах заалтад заасан зориулалтын дагуу ашиглах бусдад дамжуулан зээлдүүлэхгүй байх, зээлийн ашиглалтад Банкнаас хяналт тавих бололцоогоор хангах; /Зээл авснаас хойш үйл ажиллагаа явуулаагүй/

5.1.2. Зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, Гэрээний үүргийг зөрчсөн бол уг зээлийг хугацаанаас нь өмнө төлөхийг шаардах; 7.2.1.Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг ноцтой зөрчиж байгаа талаар Зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол; 7.2.3. Зээлийн хяналтын явцад Зээлдэгчийн болон Батлан даагч этгээдийн санхүү, төлбөрийн чадвар муудсан, барьцаа хөрөнгө дутагдсан, өөрчилсөн, үрэгдсэн, шилжсэн, ашиглах боломжгүй болсон, түүнчлэн барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийн хүчин төгөлдөр байдал, чанар, бүрэн бүтэн байдал нь анх Гэрээ хийсэн үеэс хойш зөрчилтэй эсхүл маргаантай болохыг Банк өөрөө илрүүлсэн, эрх бүр гуравдагч этгээд тогтоосон; 7.2.4 Зээлдэгч худал мэдээлэл өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн зээл авсан; 7.2.5. Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл хүчингүй болсон; Иймд Иргэний хуулийн 451.1, 453.1, БЭБХЭМХМХШЗҮА тухай хуулийн 20.1, 21.1, 21.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Б.*******ээс 22,908,646.99 төгрөг гаргуулж, ******* *******анд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжилсэн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 272,493.23 төгрөгийг олгуулж өгнө үү гэжээ.

 

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч 2024 оны 09 сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөгийн ПОС-ын орлого барьцаалсан цахим зээл авсан. 2025 оны 05 сараас зээлийн үүргийн зөрчил үүсэж, бид удаа дараа шаардсан боловч зээлээ төлөөгүй. 2025 оны 8 сарын 18-ны өдөр нийт 22,908,646.99 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэл гаргаснаас хойш бид зээлдэгч Б.*******т зээлээ төлөх талаар бүх талын санал тавьсан боловч үүнийг биелүүлээгүй учир өнөөдөр шийдвэрээ гаргуулах саналтай байна.

Зээлийн гэрээг ямар үндэслэлээр цуцалж байна вэ гэхээр Зээлийн гэрээний 4.2.3-т зээлийн гэрээний 3.1.2 дахь заалтад заасан зориулалтын дагуу ашиглаагүй, бусдад дамжуулан зээлдүүлэхгүй байх, зээлийн ашиглалтад *******наас хяналт тавих бололцоогоор хангах шаардлагыг биелүүлээгүй. Мөн тус гэрээний 5.1.2-т зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, гэрээний үүргийг зөрчсөн бол уг зээлийг хугацаанаас нь өмнө төлөхийг шаардах эрхтэй үүний дагуу шүүхэд хандаж байгаа. 7.2.1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй, 7.2.3-т зээлийн хяналтын явцад зээлдэгчийн болон батлан даагч этгээдийн санхүү, төлбөрийн чадвар муудсан, барьцаа хөрөнгө дутагдсан, өөрчилсөн, үрэгдсэн, шилжсэн, ашиглах боломжгүй болсон, түүнчлэн барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийн хүчин төгөлдөр байдал, чанар, бүрэн бүтэн байдал нь анх гэрээ хийсэн үеэс хойш зөрчилтэй, эсвэл маргаантай болохыг ******* өөрөө илрүүлсэн учир цуцлах үндэслэлтэй байна гэж үзэж байна. Мөн зээлийн гэрээний 7.2.5. Зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл хүчингүй болсон үндэслэлээр цуцалсан гэв.

 

2. Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь төрийн *******ны нэхэмжилсэн 22,908,646.99 төгрөгөөс 3,000,000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд үлдэгдэл 19,908,646.99 төгрөгийг хүлээн зөвшөөрч эвлэрэх буюу хугацаа өгөх тал дээр хүсэлт гаргаж хэргийг шийдүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШЗ2025/29852 дугаартай захирамж, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025.07.03-ны өдрийн 22/247 дугаартай итгэмжлэл, 2024.09.20-ны өдрийн 290034 дугаартай Цахим зээлийн гэрээ, Зээлийн дансны харилцагчийн хуулга, Иргэний үнэмлэхний лавлагаа, 2024.11.13-ны өдрийн 01 дугаартай Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2025.01.22-ны өдрийн Зээл хаах тухай 02 дугаартай мэдэгдэл, 2025.03.25-ны өдрийн 03 дугаартай Зээлээ хаах тухай мэдэгдэл, 2024.11.13-ны өдрийн мэдэгдэл, 2024.12.16-ны өдрийн хүсэлт, 2025.02.25-ны өдрийн тайлбар, 2025.03.18-ны өдрийн тайлбар, 2025.05.02-ны өдрийн тайлбар, 2025.02.11-ний өдрийн 01/763 дугаартай итгэмжлэл, 2026.01.07-ны өдрийн 22/11 дугаартай итгэмжлэл, 2026.01.07-ны өдрийн дансны хуулга зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.

 

4. Хариуцагчаас 2025.10.29-ний өдрийн хариу тайлбар, Дансны хуулгыг гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 22,908,646.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээл олгосноос хойш зээлийн төлбөрт нийт 11,212,485 төгрөг төлсөн.

Зээлдэгч Б.******* нь зээлийг 11 сар зээл ашиглахдаа гэрээний үүргээ зөрчиж удаа нийт 107 хоног хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан байна.

2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 22,133,607.90 төгрөг, зээлийн хүү 764,598.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,441.07 төгрөг нийт 22,908,646.99 төгрөг байна.

Банк зээлдэгчтэй удаа дараа уулзаж, зээлийн төлбөрийг төлөх хугацаа, боломж олгосон боловч одоог хүртэл зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй байна. Зээлдэгч Б.******* нь зээлийн гэрээний заалтуудыг бүрэн зөрчсөн... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа ...төрийн *******ны нэхэмжилсэн 22,908,646.99 төгрөгөөс 3,000,000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд үлдэгдэл 19,908,646.99 төгрөгийг хүлээн зөвшөөрч эвлэрэх буюу хугацаа өгөх тал дээр хүсэлт гаргаж хэргийг шийдүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулжээ.

 

Зохигчдын хэн алин нь өөрийн гаргаж буй шаардлага, татгалзлын үндэслэлийг нотлох үүргийг хуулиар хүлээдэг.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

******* ******* ХК, Б.******* нарын хооронд 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 290034 дугаартай ПОС-ын орлого барьцаалсан Цахим зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ******* ХК нь 30,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар жилийн 18 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулж, гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч Б.******* нь зээлийг зээлийн зориулалтын дагуу ашиглаж, зээлийг хүүгийн хамт эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан *******наас зээл олгох гэрээний харилцаа үүссэн, зээлийн болон барьцааны гэрээ нь 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т тус тус заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Талууд зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дүнд 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөгийг зээлдүүлэгч ******* ******* ХК-иас хариуцагч Б.*******ийн ******* *******ны тоот дансанд шилжсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөгийг хариуцагч Б.*******т олгосон болон зээлийн гэрээ байгуулагдсан талаар талууд маргаагүй, харин хариуцагч Ц.******* мөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан төлөөгүйгээс маргаан үүсжээ.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлийн гэрээний 4.2.1, 4.2.4-т заасны дагуу зээлийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээжээ.

 

Зээлийн гэрээний хугацаа 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дуусах боловч, хариуцагч Б.******* гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа удаа зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч ******* Банк ХК өөрийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2, 225 дугаар зүйлийн 225.1, гэрээний 7.2.1 дэх заалттай нийцжээ.

Хариуцагч Б.******* нь 2024 оны 11 сараас зээлийн төлбөрийг төлөхгүй зөрчил үүсгэж, 2025 оны 05 дугаар сараас өдрөөс хойш зээлийн төлбөрийг зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, ******* ******* ХХК нь зээлээ төлөхийг удаа дараа сануулж, мэдэгдэл 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлж байсан ч үр дүнд хүрээгүй тул гэрээнээс татгалзаж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэргийн баримтаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь гэрээ болон хуульд нийцүүлэн гэрээг нэг талын санаачилгаар өөрөө цуцалж, үүргийг шаардаж байх тул шүүх дахин цуцлах шаардлагагүй юм.

******* ******* ХХК нь Б.*******тэй байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахдаа зээлийн гэрээний 4.2.4-т заасан зээлийн төлбөрийг хугацаанд төлөх үүргийг зөрчсөн, 7.2.1-д заасан үндэслэлээр гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК зээлдэгчид зээлийн гэрээний үүргийн зөрчлийг арилгах хугацаа тогтоож өгсөн, үр дүн гараагүй тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн нийт өрийг төлүүлэхээр шаардаж буй нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцэж байна.

 

Хариуцагч Б.******* нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 7,866,393 төгрөг, зээлийн хүү 3,317,049 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,043 төгрөг төлсөн боловч зээлийн үлдэгдэл 22,908,646.99 төгрөгийг төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээний үүргийг бүхэлд нь нэхэмжилсэн.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлага болох 22,908,646.99 төгрөгөөс нийт 3,379,200 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгануудаар болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.*******тэй байгуулсан 2024 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр 290034 дугаартай ПОС-ын орлого барьцаалсан Цахим зээлийн гэрээ-нд заасны дагуу гэрээний үүрэгт 19,529,446.99 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Иймд хариуцагч Б.*******ээс 2024 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр 290034 дугаартай ПОС-ын орлого барьцаалсан Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 19,529,446,99 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,379,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Б.******* тус өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу мэдсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас №9 баримтаар тогтоогдож байна.

 

Түүнчлэн, хариуцагчаас өөрийн эзгүйд хэргийг шийдүүлэх хүсэлт ирүүлснийг үндэслэн мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхдээ зохигчоос гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.*******ээс 19,529,446.99 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,379,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,493.23 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 255,562 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС