Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 320/ШШ2026/00410

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 320/ШШ2026/00410

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Т****ийн,

Хариуцагч: Ж.Д

Нэхэмжлэлийн шаардлага: Төрд учирсан хохирол 2,874,966 (хоёр сая найман зуун далан дөрвөн мянга есөн зуун жаран зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 320/2026/00084/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Т****ийн дарга Л.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 2,874,966 төгрөг.

Т**** нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг баримтлан, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж, 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж тус тус заасан. Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Д 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар тус театрын жижүүр Д.М г төрийн албанаас чөлөөлсөн байна. Иргэн Д.М дээрх тушаалыг эс зөвшөөрч, шүүхэд хандсаны дагуу Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 155/ШШ2024/**** дугаар шийдвэрээр Д.М г эгүүлэн ажилд нь томилохоор шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу Д.М г Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар эгүүлэн ажилд нь томилсон байна. Иргэн Д.М нь төрийн албанаас чөлөөлөгдсөн өдрөөс эгүүлэн томилогдсон өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 155/ШШ2024/**** дугаар шийдвэрээр дээрх хугацааны цалин хөлс олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театраас 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 2,874,966 төгрөгийг Д.М д олгосон байна. Түүнчлэн Т****өөс 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04/2115 дугаар албан бичгээр төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх тухай мэдэгдлийг хариуцагч Ж.Д д хүргүүлсэн боловч хэрэгжүүлэхгүй удаашралтай байна.

Иймд хариуцагч Ж.Д гийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 2,874,966 (хоёр сая найман зуун далан дөрвөн мянга есөн зуун жаран зургаа) төгрөгийг Төрийн сангийн МN540090100900021501 тоот дансанд буруутай албан тушаалтан болох Ж.Д гаас гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-7 дахь тал)

2. Хариуцагч Ж.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн ХДТ-ын дарга Ж.Д миний бие нь иргэн Д.М д шүүхийн шийдвэрийн дагуу 2,874,966 төгрөгийг өөрийн данс /***/-наас 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн. Харин Шүүхийн шийдвэрийн дансанд шилжүүлсэн үйлчилгээний утга дээр Хөгжимт драмын театр Ж.Д гэж бичсэнийг Т**** ташаа ойлгосон бололтой. Баримтыг хавсаргав. Банкны хуулга, байгууллагын санхүүгийн тодорхойлолт, ШШГ-ийн гүйлгээний хуулга гэжээ. (хавтаст хэргийн 36 дахь тал)

2.1. Хариуцагчаас: Ж.Д гийн ХААН банкны *** дугаар дансны 10/15/2024. Харьцах данс: ***. Хуулгын агуулга: Хө.Хөгжимт драм.н театр.с Зарлага: 2,875,000... гэх депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн *** тоот данс нь тус газрын Төрийн банк дахь төлбөр төлөгчийн төлбөрийн данс мөн болно гэх бичилттэй 01/269 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын нягтлан бодогчийн 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Д.М д ажилгүй байсан хугацааны шүүхийн шийдвэрийн нөхөн төлбөр болох 2,874,966 төгрөгийг манай байгууллагаас гаргаагүй болно. Улсын төсвийн данс болох *** тоот дансны хуулгыг хавсаргав гэх бичилттэй тодорхойлолт, 2024 оны 10 сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 сарын 31-ний өдрийн дансны хуулга, гүйлгээний дэлгэрэнгүй гэх баримтыг хавсаргажээ. (хавтаст хэргийн 37-42 дахь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т**** нь хариуцагч Ж.Д д холбогдуулан төрд учирсан хохирол 2,874,966 (хоёр сая найман зуун далан дөрвөн мянга есөн зуун жаран зургаа) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Д нь Т****ийн нэхэмжилсэн төрд учирсан хохирол 2,874,966 (хоёр сая найман зуун далан дөрвөн мянга есөн зуун жаран зургаа) төгрөгийг төлж барагдуулсан тухай тайлбар, иргэн Д.М д өөрийн ХААН банкны дансаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан 2,874,966 төгрөг шилжүүлсэн, тус төлбөрийг Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын төсвөөс төлөөгүй тухай ХААН банкны *** дугаар дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн *** тоот данс нь тус газрын Төрийн банк дахь төлбөр төлөгчийн төлбөрийн данс мөн болно гэх бичилттэй 01/269 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын нягтлан бодогчийн 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Д.М д ажилгүй байсан хугацааны шүүхийн шийдвэрийн нөхөн төлбөр болох 2,874,966 төгрөгийг манай байгууллагаас гаргаагүй болно. Улсын төсвийн данс болох *** тоот дансны хуулгыг хавсаргав гэх бичилттэй тодорхойлолт, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны дансны хуулга, гүйлгээний дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн. Хариуцагч Ж.Д нэхэмжлэлийн шаардлага 2,874,966 (хоёр сая найман зуун далан дөрвөн мянга есөн зуун жаран зургаа) төгрөгийг төлж барагдуулсан байна. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнэ 2,874,966 төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 60,949 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ж.Д гаас улсын тэмдэгтийн хураамж 60,949 төгрөгийн 50 хувь болох 30,474.72 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т****ийн нэхэмжилсэн төрд учирсан хохирол 2,874,966 (хоёр сая найман зуун далан дөрвөн мянга есөн зуун жаран зургаа) төгрөгийг төлж барагдуулан, хариуцагч Ж.Д нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ж.Д гаас улсын тэмдэгтийн хураамж 30,474.72 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ  Б.ОТГОНБЯМБА