Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 320/ШШ2026/00411

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 320/ШШ2026/00411

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Д

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 320/2026/00078/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1.  Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Хөвсгөл аймгийн Хатгал хотын нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний комбинатад 1987 оны 10 дугаар сард цахилгаанчнаар ажилд орж, тасралтгүй ажиллаж байх хугацаанд 1990 оны 12 дугаар сард байгууллага маань өөрчлөн зохион байгуулагдаж, 2 хуваагдсан. Би үргэлжлүүлэн Хөвсгөл аймгийн Хатгал хотын орон сууц, нийтийн аж ахуйн төвд 1994 оныг дуустал усны тэрэгний жолоочоор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн үед ажиллаж байхдаа авч байсан хөдөлмөрийн дэвтэрт зарим тушаал бичигдээгүй, мөн ажилд томилсон тушаал байхгүй зэргээс болж, улсад ажилласан хугацаа тооцогдохгүй болоод байна.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Хатгал хотын орон сууц, нийтийн аж ахуйн төвд 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

2.  Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэх, №*** дугаар хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон болохыг баталгаажуулсан №*** дугаар баталгаажилтын хуудсын хуулбар, Хөвсгөл аймгийн Хатгал хотын нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1990 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай №144 дугаар тушаал, тус тушаалын хавсралтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Хатгал хотын ахуйн үйлчилгээний төвийн даргын 1990 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай №60 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Хатгал хотын орон сууц, нийтийн аж ахуйн төвийн даргын 1991 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Ажилчид шагнах тухай №31 дугаар тушаал, тус тушаалын хавсралт, 1995 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай №03 дугаар тушаалын архивын хуулбар, ажилчдын авсан хонины махны жагсаалт, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тодорхойлолт, даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа (2000, 2001 он), Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагааны хуулбарууд, эх хувь, батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтууд өгсөн. (хавтаст хэргийн 3-12, 13, 27, 26 дахь тал)

3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс О.Д ы ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын архивын хуулбарууд гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Р.Д , С.П нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 17, 18-21, 28-31 дэхь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч О.Д нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

4. Нэхэмжлэгч О.Д Хөвсгөл аймгийн Хатгал хотын орон сууц, нийтийн аж ахуйн төвд 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

Хөвсгөл аймгийн ОСНАА газраас О гийн Д д олгосон 01. 1987 оны 10 сарын 01. Хатгалын НАА-н тасагт цахилгаанчнаар томилов. ОСНАА газрын даргын 1987 оны 09 сарын 17-ны өдрийн 124 тоот тушаал. 02. 1988 оны 04 сарын 01. Бохир ус зөөврийн жолоочоор томилон ажиллуулав. Хатгал ОСНАА-н төвийн даргын 1988.03.31-ний 10 тоот тушаал. 03. 1995 оны 01 сарын 01. Нийгмийн даатгалын 170197 тоот дэвтэрт шилжүүлэв. ОСНАА төвийн даргын 1995-01-15-ны өдрийн 03 тоот тушаал гэх бичилттэй №*** дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 4 дэхь тал)

Хөвсгөл аймгийн Хатгал хотын ахуйн үйлчилгээний төвийн даргын 1990 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ҮЭ-ийн хорооны зөвшөөрөл, амралтын хуваарийг үндэслэн Тушаах нь: 1. ...жолооч О.Д ...нарыг 7-р сарын 02-ны өдрөөс 8-р сарын 04-н хүртэл ажлын 26 өдөр...амраасугай... гэх бичилттэй Ээлжийн амралт олгох тухай №60 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 7 дахь тал)

Хөвсгөл аймгийн Хатгал хотын нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1990 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Хөвсгөл аймгийн НАААҮ-ний удирдах газрын даргын 161 дүгээр тушаалыг үндэслэн Тушаах нь: 1. НАААҮ-ний комбинат нь АҮ-ний комбинат, ОСНАА-н төв болгон зохион байгуулалт хийж буй тул хавсралтад заасан 52 ажилчныг 1990 оны 12-р сарын 01-ний өдрөөс эхлэн ОСНАА-н төвийн мэдэлд шилжүүлсүгэй... гэх бичилттэй Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай №144 дугаар тушаал, тус тушаалын Хатгал НАААҮ-ний комбинатын даргын 1990 оны 144 дүгээр тушаалын хавсралт...24. О.Д ... гэх бичилттэй хавсралтын архивын хуулбар, (хавтаст хэргийн 6 дахь тал)

Хөвсгөл аймгийн Хатгал хотын орон сууц, нийтийн аж ахуйн төвийн даргын 1991 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Ардын хувьсгалын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан зарим ажилчдыг шагнах тухай хэлэлцээд тушаах нь: 1. Улсын байгууллагад он удаан жил ажилласан ба ажлын амжилт гаргасан ажилчдыг хавсралтад нэр дурдсанаар шагнасугай... гэх бичилттэй Ажилчид шагнах тухай №31 дугаар тушаал, тус тушаалын Хавсралт №1. Нэр: ...7. Д , шагнах төг: 50... гэх бичилттэй хавсралт, (хавтаст хэргийн 8-9 дэхь тал)

1993 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Ажилчдын авсан хонины махны жагсаалт-д нэрс: ...25. Д . Кг-аар: 12.1, бүгд үнэ: 726. Гарын үсэг: өгсөн... гэх бичилттэй баримт, (хавтаст хэргийн 11 дэхь тал)

Хөвсгөл аймгийн Хатгал хотын орон сууц, нийтийн аж ахуйн төвийн даргын 1995 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Монгол улсын Нийгмийн даатгалын багц хууль нь 1995-01-01-ний өдрөөс эхлэн мөрдөх болсонтой холбогдуулж Тушаах нь: 1. Тус төвийн ажилтан доорх нэр бүхий ажилчидтай 1995-01-01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалсугай...О гийн Д 170191...нарыг дээрх тоот дэвтэрт шилжүүлэв гэх бичилттэй Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай №03 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 10 дахь тал)

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ...Хатгал тосгоны Орон сууц нийтийн аж ахуйн төв 1991, 1992, 1993, 1994 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно гэх бичилттэй 790 бүртгэлийн дугаар архивын лавлагаа, (хавтаст хэргийн 27 дахь тал)

ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5. Овог: О . 6. Нэр: Д ...14. Ажилладаг байгууллага: Орон сууц нийтийн аж ахуй. Ажилд орсон он: 1988, цех, тасаг бригад: -, эрхэлдэг ажил: бохир усны жолооч, эрхэлж эхэлсэн он: 1988, оршдог сум: Хатгал...бүртгэсэн он, сар, өдөр: 1988.09.21 ... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 21 дэхь тал)

Гэрч Р.Д гийн ...Анх Хатгал хотын нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний комбинатад /ахуйн үйлчилгээний төвд/ би 1984 оноос, О.Д 1987 оноос цахилгаанчнаар эхлэн ажиллаж байсан. Хатгал хотын нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний комбинат 1990 оны 12 сарын 01-ний өдрөөс АҮ комбинат , орон сууц нийтийн аж ахуйн төв болгон хуваагдсан. О.Д бид орон сууц нийтийн аж ахуйн төвд 1990 оны 12 сарын 01-ний өдрөөс би 1-р халуун усанд цэвэрлэгч, ус түгээгч...О.Д усны тэрэгний жолоочоор ажилласан. Бид 1994 оныг дуустал ажилласан...О.Д Хатгал хотын аваргаар 2 удаа шагнагдаж, Буриад улсад явсан хүмүүсийн нэг...Ахуйн үйлчилгээний комбинатын дарга Нямдорж, Ахуйн үйлчилгээний төвийн дарга Цэсэнжав байсан... гэх мэдүүлэг, гэрч С.П ын ...О.Д 1987 онд цэргээс халагдаж ирээд 1987 оны 7, 8 сарын үед цахилгаан гагнуурчнаар орж ажилласан. Тэгээд 1990 оны сүүлээр Хатгал хотын нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний комбинат нь АҮ комбинат, орон сууц нийтийн аж ахуйн төв болгон хуваагдсан. Орон сууц, нийтийн аж ахуйн төвд цэвэр ус /худаг/, халуун ус, бохир ус, зочид буудал, халаалт, үсчин байна. Ахуйн үйлчилгээний комбинатад оёдол, гутал засвар, зурагчин нь орж байсан. О.Д нь орон сууц, нийтийн аж ахуйн төвд 1990 оноос 1994 онд усны тэрэгний жолооч хийдэг...Тасраагүй ажилласан...Би Хатгал хотын нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний комбинатын ахуйн үйлчилгээний төвд би 1980 оноос эхлэн халуун усны үйлчлэгчээр ажилласан. 1990 оноос 1995 он хүртэл орон сууц, нийтийн аж ахуйн төвд халуун усны үйлчлэгчээр ажилласан... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 30-31 дэхь тал)

Нэхэмжлэгч О.Д ы шүүхэд гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ , 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч О.Д өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд О.Д ы Хөвсгөл аймгийн Хатгал хотын орон сууц, нийтийн аж ахуйн төвд 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

5. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон болохыг баталгаажуулсан №*** дугаар баталгаажилтын хуудсын хуулбар, даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа (2000, 2001 он), Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагааны хуулбар, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтууд нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй, ач холбогдолгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байна. (хавтаст хэргийн 5, 13, 19-20 дахь тал)

6. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Засаг даргын тамгын газрын контор галд шатсан тухай гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Засаг даргын тамгын газрын нэгдсэн контор нь 2017 оны 04 сарын 20-нд эд зүйлийн хамт шатсан гэх бичилттэй тодорхойлолт, гэрч Р.Д гийн цалингийн баримт байхгүй юм билээ. Аймгийн архиваас тушаал шүүлгэх байх. Хатгалын захиргаанд бол байхгүй. Хатгалын захиргаа нь сүүлд галд юу ч үгүй шатчихсан... гэх мэдүүлэг, гэрч С.П ын ...Хатгалын захиргаа галд шатсан тул Хатгалаас бол баримт олдохгүй... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 12, 30-31 дэхь тал)

7. О.Д 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1987 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 565081 дугаар цэргийн батлахтай халагдсан болохыг дурдлаа. (хавтаст хэргийн 26 дахь тал)

8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт О гийн Д ы, Хөвсгөл аймгийн Хатгал хотын орон сууц, нийтийн аж ахуйн төвд 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА