Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 197

 

                                            

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,   

Нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,

Шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хялбаршуулсан журамаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Мд холбогдох эрүүгийн 1706013970073 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   

 

     Үйлдсэн хэргийн талаар:

Т.М нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Батбаярыг чулуу шидлээ гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

                                                                          /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

         ТОДОРХОЙЛОХ нь :

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1706013970073 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан:

 хохирогч А.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“2017 оны 08 дугаар сарын 10-ны орой 23 цаг өнгөрч байхад манай хүү Шинэбаяр хашааны гадаа машин дотор ах Эрдэнэбаатарын хамт утсаараа оролдоод сууж байсан. 00 цаг өнгөрөөд гарч ирэхгүй болохоор нь би гэрээ гараад машин дээр нь очсон чинь хашааны үүдэнд Шинэбаярыг машинаас буулгачихсан дэлгүүрлүү архинд яваад ир гэж хэлээд зогсож байсан. Тэгэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ, ор” гэж Шинэбаярт хэлсэн чинь тэр залуу намайг “чи хуц, зайл бандиа, чамтай яриагүй байна” гэсэн. Тэгээд машины гэрэлд тэр залууг харсан чинь манай үзүүрийн хашаанд байдаг хүүхэд байсан. Тэгэхээр нь хашааны хаалга түгждэг богинохон мод аваад шидсэн. Тэгсэн мод нь тэр залууг давчихсан... Тэгээд би шидсэн модоо авах гэж байсан чинь тэр залуу өөр хүүхдүүд дагуулж ирээд нэг залуу нь араас татаад унагасан. Тэгсэн нэг залуу нь нүд рүү цохисон. Тэгсэн Шинэбаяртай 2 залуу барьцалдаад өөр тийшээ явсан. Тэгэхээр нь гэртээ ороод эхнэрийгээ дуудаад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/

 

            Гэрч А.Оюуны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “...Би 2017 оны 08 сарын 10-ны өдөр Анарчулуун, М, Дөлгөөн, Давка, Түвшээ нартай уулзалдаад тоглоомын талбай дээр байж байгаад 2.5 литртэй 2 пиво уучхаад тэндээсээ гэрлүүгээ харих гээд явж байтал миний зүс таних Шинэбаяр гэх залуу гэрийнхээ гадаа машин дотор сууж байсан чинь Анарчулуун очоод уулзаад юм ярьж байх шиг байсан. Би урд нь түрүүлээд алхаад явж байсан болохоор сайн мэдэхгүй байна. Удалгүй Анарчулуун араас дуудаад орилхоор нь буцаад очтол Шинэбаярын аавтай маргалдаад зогсож байсан. Тэгээд тэндээс салгаад бид нар явж байтал Шинэбаярын аав нь чулуу ч юм уу төмөр ч юм уу бүү мэд араас шидээд тэр нь миний баруун хөлний шагайг оночихсон чинь буцаж очоод тэнд маргаан зодоон болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/

           

            Гэрч Ц.Энхдөлгөөний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “Би 2017 оны 08 сарын 10-ны өдөр Анарчулуун, М, Оюукаа, Давка, Түвшээ нартай уулзалдаад тоглоомын талбай дээр байж байгаад 2.5 литртэй 2 лааз пиво уучхаад тэндээсээ гэрлүүгээ харих гээд явж байтал миний зүс таних Шинэбаяр гэх залуу гэрийнхээ гадаа машин дотор сууж байсан чинь Анарчулуун очоод уулзаад юм ярьж байх шиг байсан. Би урд нь түрүүлээд алхаад явж байсан болохоор сайн мэдэхгүй байна. Удалгүй Анарчулуун араас дуудаад орилхоор нь буцаад очтол Шинэбаярын аавтай маргалдаад зогсож байсан. Тэгээд бид нар тэр хоёрыг салгаад буцаад явж байтал Шинэбаярын аав нь гэх Батбаяр нэг юм араас шидээд тэр нь Оюукаагийн баруун хөлийн шагайг оночихсон чинь Мөнхнаран уурлаад буцаж очоод тэнд маргаан зодоон болсон юм...” гэж хэлсэн...” /хх-ийн 26/

           

Гэрч Б.Анарчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            “Би 2017 оны 08 сарын 10-ны өдөр найзууд болох Энхдөлгөөн, Оюун, Давка, М, Түвшинтамир нарын хамт сагсны шийдэн дээр тоглож байгаад 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво уучхаад тэндээсээ бид нар гэр гэртээ харих гээд явж байгаад нэг гудамны танил болох Шинэбаярын хашааны урдуур явж байтал Шинэбаяр нь машинаас бууж ирээд бид хоёр мэнд ус мэдээд юм яриад зогсож байтал аав нь гээд Батбаяр гэх хүн цаанаас хашааны үүднээс гарч ирээд намайг ямар банди вэ гэлээ тиймэрхүү утгатай юм хэлээд зайлаач гэхээр нь би “юу гэнээ” гэтэл Шинэбаяр надад “наад хүн чинь манай аав шүү дээ” гэхээр нь би заза ааваасаа уучлалт гуйчхаарай гэж хэлчихээд буцаад нөгөө хэдийнхээ араас явж байтал араас нэг төмөр шиг юм шидчихээр нь буцаж очоод Шинэбаярын аавтай хэрэлдээд байж байтал араас найзууд хүрч ирээд салгаад бид нар буцаад явж байтал араас дахиад чулуу шидсэн чинь тэр нь манай найз Оюунаагийн баруун хөлийн шагайг оноод тухайн үед М, Оюунаа нар үерхдэг байсан болохоор М уурлаад Шинэбаярын аавыг очоод нүүрэнд нь нэг удаа цохиод унагачихсан юм... Тэгээд бид нар цагдаа дуудлаа гэхээр нь салаад тараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/

 

            Шүүгдэгч Т.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2017 оны 08 сарын 10-ны өдөр найзууд болох Анарчулуун, Түвшинтамир, Оюун, Дөлгөөн нарын хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Төмөр замд байрлах сагсны шийдэн дээр тоглочихоод найзуудтайгаа хамт гэрлүүгээ явж байхад Анарчулуун араас гүйж ирээд Шинэбаярын аав гэх хүн намайг цохьчихлоо гэсэн. Тэгээд бид нар буцаж очоод Шинэбаярын аавтай Анарчулуун барьцалдаж авахаар нь бид нар салгаад буцаад явж байсан чинь Шинэбаярын аав нь ардаас чулуу шидээд тэр нь хамт явж байсан Оюуны хөлрүү оносон. Тэгэхээр нь эргээд очсон чинь Анарчулууныг Шинэбаярын аав нь дорцоовоор цохисон. Тэгэхээр нь би “ахаа та болилдоо” гэсэн чинь намайг цохисон. Тэгэхээр нь би нүүрлүү нь нэг удаа цохиход газар унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 сарын 15-ны өдрийн 10258 дугаартай:

“А.Батбаярын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд зулгаралт гэмтлүүд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 29/

 

-Зөрчлийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10/

- цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 1/

-Т.Мгийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 32/

-Т.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33/,

-Т.Мгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

   Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл  прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч Т.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

            Иймд шүүгдэгч Т.Мгийн иргэн А.Батбаярын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Т.М нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг дурьдах нь зүйтэй байна. 

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Т.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд тэнцүү хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

  

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5. Хэргийн учир шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг, хохирогч санал гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

  

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ