Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 320/ШШ2026/00499

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 320/ШШ2026/00499

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.М*** хүсэлттэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, 320/2026/000035/и индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.М***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.М*** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.М*** миний бие 1969 онд Ц***ын 6 дахь хүүхэд болж мэндэлсэн бөгөөд, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар  8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1985 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын харъяа Хөвсгөл аймаг дахь эмийн удирдах конторын даргын тушаалаар Галены цехэд 1985 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал шил угаагчаар ажиллаж байсан. Би 1987 оны 7 дугаар сарын 7-ны өдөр тус байгууллагаас декритний амралтаа авч хүүхдээ төрүүлээд 3 сарын дараа ажилдаа эргэн орж байсан. Гэвч миний хүүхдээ түрүүлээд буцаж ажилдаа орсон тушаал болон холбогдох баримт олдохгүй байна. Одоо тэтгэвэрт орох болтол миний ажиллаж байсан хугацааны орсон, гарсан тушаал аймгийн архивд бүрэн байхгүй, хөдөлмөрийн дэвтрээ гэж үрэгдүүлсэн зэргээс миний улсад ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна. Иймд Ц.М*** намайг Улсын эм хангамж үйлдвэрийн газрын харъяа Хөвсгөл аймаг дахь эмийн сангуудын удирдах конторын харъяа Галены цехэд 1985 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал шил угаагчаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.М*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1969 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн. 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд 10 дугаар сард Гален цех гэдэг газарт ажилд орсон. Тэндээ 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдөр дикритний амралтаа авах хүртэл ажиллаж байсан. Декритний хугацаа дуусаад 1987 оны 10 дугаар сарын орчим ажилдаа эргэж орох гэтэл орон тооны цомхотголтой холбоотой намайг хойшлуулаад байсан санагдаж байна. Тэгээд би 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 4 дүгээр яслид хүний оронд асрагчаар 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Хэрэгт авагдсан баримтын хэмжээнд ажилласан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Би Дархан хотод очиж хүүхдээ төрүүлсэн. Гален цехэд 1989 онд хэсэг хугацаанд ажилласан боловч үүнтэй холбоотой баримтыг би өнгөрсөн зунаас хойш хөөцөлдөөд олдохгүй байгаа юм. Иймд 1985 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Улсын эм хангамж үйлдвэрийн газрын харъяа Хөвсгөл аймаг дахь эмийн сангуудын удирдах конторын харъяа Галены цехэд шил угаагчаар, 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Эрүүлийг хамгаалах газрын харъяа хүүхдийн 4 дүгээр яслид асрагчаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Хүүхдийн 4 дүгээр ясли чинь сувилалын гээд тусдаа ясли байсан бөгөөд Эрүүлийг хамгаалах газрын харъяа байдаг байсан юм. Дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. 1987 оны охиноо төрүүлчихээд төрсний бүртгэл хийлгэхгүй явж байгаад хүнээр бүртгүүлсэн чинь охиныг минь 1987 оны 11 дүгээр сард төрсөн гэж бүртгүүлсэн байснаас түүний төрсний бүртгэл регистрийн дугаар төрөлтийн түүх дэх хугацаатай зөрсөн байгаа  гэжээ.

 

 

Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11/895 дугаартай албан бичиг, Улсын эм хангамж үйлдвэрийн газрын харъяа Хөвсгөл аймаг дахь эмийн сангуудын удирдах конторын  даргын 1987 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 43 дугаартай тушаалын хуулбар, 1986 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дугаартай тушаалын хуулбар, 1985 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 74 дугаартай тушаалын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны хуулбар,  1987 оны 7 дугаар сарын 22-ний өдөр эмнэлэгт хэвтсэн бичилт бүхий   2108 дугаартай Төрөлтийн түүхийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар, Эм хангамж ХХК-ийн 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаартай тодорхойлолт,  зэргийг тус тус ирүүлжээ. 

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ш.Л***, М.П*** нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

                               

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ц.М***ын Иргэний хаягийн хуудас №7, ХААТР-1 (А), ХААТР-21 (А) лавлагаа, РЭ87110724 регистрийн дугаартай М***ын Ж***гийн Төрсний бүртгэлийн лавлагаа,  Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас Ц.М***ын 4 дүгээр яслид ажиллаж байсан 1988 оны цалингийн түүвэр зэргийг тус тус бүрдүүлсэн.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

           1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч Ц.М*** нь шүүхэд  нь Улсын эм хангамж үйлдвэрийн газрын харъяа Хөвсгөл аймаг дахь эмийн сангуудын удирдах конторын харъяа Галены цехэд 1985 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал шил угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд 1985 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Улсын эм хангамж үйлдвэрийн газрын харъяа Хөвсгөл аймаг дахь эмийн сангуудын удирдах конторын харъяа Галены цехэд шил угаагчаар, 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харъяа хүүхдийн 4 дүгээр яслид асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан ба үүнийг тогтоолгосноор нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгон авахад улсад ажилласан жил минь нэмэгдэж тооцогдох эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа юм гэжээ.

3.Хэрэгт:

Улсын эм хангамж үйлдвэрийн газрын харъяа Хөвсгөл аймаг дахь эмийн сангуудын удирдах конторын даргын 1985 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 74 дугаартай ... 2 дугаар хорооны иргэн Ц*** овогтой М***ыг 1985 оны 10-р сарын 24-нээс эхлэн тус тус түр ажилуулсугай гэх “Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаалын Хөвгөл аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан  хуулбар 1 хуудас,

Улсын эм хангамж үйлдвэрийн газрын харъяа Хөвсгөл аймаг дахь эмийн сангуудын удирдах конторын даргын 1986 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн .74 дугаартай  1. 1,2-р эмийн сан, Гален цех, ЭСУК болон ажилчдын дунд ажилчны урлагийн 2-р их наадмын үзлэгийг явуулахад идэвх зүтгэлтэй сайн оролцсон ажилчдыг хавсралт № 1-ын дагуу шагнасугай...,  хавсралтын 4-т М*** 15 төг гэж бичигдсэн “Шагнах тухай” тушаал, түүний хавсралтад Хөвгөл аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан  хуулбар 1 хуудас,

 

Улсын эм хангамж үйлдвэрийн газрын харъяа Хөвсгөл аймаг дахь эмийн сангуудын удирдах конторын даргын 1987 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 43 дугаартай ... Гален цехийн шил угаагч М***ын декритийн хугацаанд 2-р хорооны иргэн Д*** овогтой С***г 1987 оны 6-р сарын 23-наас эхлэн шил угаагчаар түр тус тус ажиллуулсугай гэх “Ажилд томилох тухай” тушаалын Хөвгөл аймгийн Архивын тасаг хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан  хуулбар 1 хуудас,

 

Ц***ын М***ын Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ...14. Ажилладаг байгууллага: Эрүүлийг хамгаалах, ажилд орсон:1988, цех, тасаг, бригад: 4-р ясли, эрхэлдэг ажил: асрагч, эрхэлж эхлэсэн он: 1988, оршдог сум, район:***-р хороо О***  ...  гэж 1988 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэгдсэн ХААТР-1 (А) маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас,

Ц***ын М***ын Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ... хаана, ямар ажилтай:ажилгүй... гэж 1985 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэгдсэн ХАЯГИЙН ХУУДАС №7 маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас,

Ц***ын М***ын Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар баримт 1 хуудас,

Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Боржигон М***ын Ж***гийн төрсөн он, сар өдөр: *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр гэж бүртгэгдсэн ***регистрийн дугаартай эцгийн нэр бичигдээгүй, эхийн нэр *** Боржигон Ц***ын М*** гэж бичигдсэн *** дугаартай “Төрсний бүртгэлийн лавлагаа” эх хувиар 1 хуудас,

Мэдээллийн хэсэгт С*** М*** 19 настай хэвтсэн: 1987 оны 7 дугаар сарын 22-ны өдөр, ажлын газар: Галений цех эмийн сан Хөвсгөл Мөрөн хот, албан тушаал шил угаагч... гэж бичигдсэн 2108 дугаартай Төрөлтийн түүхийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 1 хуудас,

Мэдээллийн хэсэгт С*** М*** төрсөн 1987 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 06 цаг 50 минут, Эхийн ажлын газар, мэргэжил: Хөвсгөл эмийн санд шил угаагч гэсэн бичилт бүхий Нярай хүүхдийн өсөлтийн түүхийн  Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг хуулбар үнэн тэмдэг дарагдсан хуулбар 1 хуудас,

Хөвсгөл аймгийн Эрүү мэндийн газраас 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 173 дугаартай “1985, 1986, 1987, 1988 он тус бүрийн 4 дүгээр яслийн цалингийн цэс нь манай архивын баримтад байгаа боловч Ц.М***ын зөвхөн 1988 оы цалингийн карт архивын 58 дугаар баримтад байна. Эрүүлийг хамгаалах газрын 1989 оны цалингийн цэсэнд 4 дүгээр яслийн цалингийн зарт байхгүй болон” гэх албан бичиг түүнд хавсаргасан М***ын 4 дүгээр яслид ажиллаж байсан 1988 оны цалингийн цэс гэх толгой бүхий 7-12 дугаар саруудад авч байсан цалин бодогдсон түүвэр баримт нийт 2 хуудас,

 

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэрч  Ш.Л***аас  2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр авсан: Би 1985 оны 5 дугаар сард Шинэ-Идэр сумаас шилжин ирж Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Эмийн сангуудын удирдах конторын гален цехийн тасагт эм найруулагч-лаборантаар анх ажилд орсон бөгөөд миний орсны дараа намар нь М*** нь шил угаагчаар ажилд орж байсан. Ц.М*** шил угаагчаар ажиллаж байгаад 1987 оны дундуур дикретний амралт аваад Дарханы С*** гэдэг залуутай гэр бүл болсон байсан тул Дархан руу төрөхөөр явсан. Тэгээд  хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 1989 оны сүүлээр ажилдаа орохоор ирэхэд манайх орон тооны цомхотгол явагдаж М*** өөрөө хүсэлтээрээ асулаасаа гарч байсан. ...” гэх мэдүүлэг 2 хуудас,

Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэрч  М.П***оос  2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр авсан: “Би Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын эмийн сангийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1985 онд декритний амралт аваад аймгийн төв рүү орж ирээд буцаж сум руугаа гаралгүй Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Эмийн сангуудын удирдах конторын 1 дүгээр эмийн санд хүний оронд эм найруулагчаар ажиллах болсон. Тэр үед манай гален цехэд М*** шил угаагчаар ажиллаж байсан. Тэгээд 1986 оны зун декритний амралтаа аваад Дархан руу төрөхөөр явж улмаар хүүхэд асрах чөлөөгөө дуусгаад билүү ажилдаа орох гэхэд нь манайх орон тооны цомхотгол явагдаж М*** хүсэлтээрээ гарч байсан. Тухайн үед мөн миний орон тоо цомхотголд ороод мэргэжлийн хүн гэдгээрээ үлдэж шил угаагч болж байсан. Зөндөө л олон хүмүүс ажлаасаа цомхотголд орж, мэргэжлийн хүмүүсээ л янз янзын албан тушаад томилон авч үлдэж байсан...” гэх мэдүүлэг 2 хуудас зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 

133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно,

135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.М*** нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.

 

5.Дээрх баримтуудаар нэхэмжлэгч Ц.М***ын 1985 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Улсын эм хангамж үйлдвэрийн газрын харъяа Хөвсгөл аймаг дахь эмийн сангуудын удирдах конторын харъяа Галены цехэд шил угаагчаар, 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хөвсгөл аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харъяа хүүхдийн 4 дүгээр яслид асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосон болно.

Хавтаст хэрэгт авагдсан тушаалууд болон ХААТР-1 дүгээр маягтад бичигдсэн байдал, Эрүүл мэндийн газраас ирүүлсэн цалин хөлсний баримт, Төрөлтийн түүх, нярайн өсөлтийн түүх зэрэг баримтуудыг харьцуулан үзэж үнэлэн шийдвэрлэлээ.

Хэдийгээр Төрөлтийн түүх, нярайн өсөлтийн түүхэнд С***, С*** гэх байдлаар нэхэмжлэгчийн эцгийн нэрийг бичсэн боловч энэ нь Ц*** гэх нэртэй дуудлагын хувьд ижил төстэй, мөн 1987 оны Улсын эм хангамж үйлдвэрийн газрын харъяа Хөвсгөл аймаг дахь эмийн сангуудын удирдах конторын даргын тушаалд декритний амралтаа авсан Ц.М***ын оронд гэж бичигдсэн байгаа байдал зэргийг, ХААТР-1 дүгээр маягтад Эрүүлийн хамгаалах газар, 4-р яслид асрагчаар 1988 онд ажиллаж эхэлсэн гэж бичигдсэн байдал, тухайн үеийн Эрүүлийг хамгаалах газар буюу одоогийн Эрүүл мэндийн газрын архиваас ирүүлсэн 1988 оны 7 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацааг цалин хөлс бодогдсон байдал зэргийг тус тус үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

Хөвсгөл аймгийн Архивын тасгийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн баримт олдоогүй гэх, Хөвсгөл эм хангамж ХХК-ийн Эмийн сангийн удирдах конторын цалин хөлсний баримт хадгалагдаагүй учир Ц.М***д холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй гэх албан бичиг хэрэгт авагдсан болно.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

        1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б*** Ц***ын М*** -ын Улсын эм хангамж үйлдвэрийн газрын харъяа Хөвсгөл аймаг дахь эмийн сангуудын удирдах конторын харъяа Галены цехэд 1985 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл шил угаагчаар, Хөвсгөл аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харъяа хүүхдийн 4 дүгээр яслид 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд асрагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,  119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХТУЯА