Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 370

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн даргаар Т.Солонго,

улсын яллагч Э.Бадрал,

шүүгдэгч Б.М, Т.Э, тэдгээрийн өмгөөлөгч Н.Нарантуяа /№1292/,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам /№0650/,

шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат /№0024/,

өсвөр насны шүүгдэгч Б.Д, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Догмидмаа, 

өсвөр насны шүүгдэгч С.О, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Сархад, тэдгээрийн өмгөөлөгч Т.Даваажав /№2359/,

өсвөр насны шүүгдэгч Б.Х, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Оюундэлгэр, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг /№1953/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Оорцог хорхон овогт Төмрөөгийн Э., Дампил овогт Бат-Эрдэнийн М.р, мөн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Оорцог хорхон овогт Очирбатын М., Боржигин овогт Батсүхийн Н., Дамиран овогт Баасанжавын Д., Монгол овогт Бүрэнтогтохын Х., Ботагара овогт Серуений О. нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2503 2118 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол, Солонгосын политехникийн сургуулийн Хэвлэл дизайны ангийн 1 дүгээр дамжаанд суралцаж байсан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт .тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Дампил овогт Бат-Эрдэнийн М. /РД- .,

2.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Барилгын политехникийн коллежид сурч байсан, ам бүл 7, эцэг эх эгч дүү нарын хамт .тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Оорцог хорхон овгийн Төмрөөгийн Э. /РД- ./,

3.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, Өмнөговь аймагт "Тавуу" ХХК-д засварчин, "Стимо" ХХК-д түгээгч ажилтай байсан, ам бүл 7, эцэг эх ах дүү нарын хамт . тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Оорцог хорхон овогт Очирбатын М./РД- ./,

4.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн 11 дүгээр ангид сурч байсан, ам бүл 4, эцэг эх дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо . суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батсүхийн Н./РД- ./,

5.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Солонгос политехникийн коллежийн гагнуурын 1-А ангид сурч байсан, ам бүл 2, эцгийн хамт . тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Бүрэнтогтохын Б.Х /РД- ./,

6.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2001 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,    мэргэжилгүй, Монгол Солонгос политехникийн коллежийн гагнуурын 1-А ангид сурч байсан, ам бүл 7, эцэг эх эгч ах нарын хамт .тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Дамиран овогт Баасанжавын Д. /РД- ./,

7.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2000 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Солонгос коллежийн гагнуурын 1а ангид сурч байсан, ам бүл 5, эцэг эх дүү нарын хамт . тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ботагара овогт Серуений О. /РД- У.1/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Б.М., Т.Э., О.М, Б.Н., Б.Х., Б.Д., С.О. нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Б.М.р, Т.Э. нарыг Чингэлтэй дүүргийн прокурорын газраас бүлэглэн өсвөр насны шүүгдэгч Б.Н.гэр бүлийн таагүй орчинг далимдуулж гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт  хэргийг үйлдсэн гэж ял сонсогож, яллах дүгнэлт үйлджээ.

 Шүүгдэгч Б.М, Т.Э нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэх цаг хугацаанд  2002 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байсан ба тус хуульд  “хүүхдийг гэр бүлийн таагүй орчинг далимдуулж, гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан” гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаагүй бөгөөд 2015 онд шинээр батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж тус тус заасныг үндэслэн Б.Мөнхбаяр, Т.Энхнаран нарын дээрхи үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж холбогдуулан хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан, хэргийн үйл баримтад үндэслэн, шүүхээс хууль зүйн дүгэнлт хийхэд: Тухайн үед Б.Номин-Эрдэнэ нь 16 настай байсан ба шүүгдэгч Т.Энхнарантай /тухайн үед 18 настай байсан/ үерхэж байсан шалтгаанаар шүүгдэгч нарыг дээрмийн гэмт хэрэг үйлдэхэд нь өөрийн сайн дураар дагаж явч оролцсон болох нь хавтас хэрэгт авагдсан шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Мөн Б.Мөнхбаяр, Т.Энхнаран нарыг насанд хүрээгүй хүнийг хэрхэн яаж хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, хууран мэхлэх болон бусад аргаар гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан талаарх тогтоосон баримт хавтас хэрэгт авагдаагүй байна.

Иймд шүүгдэгч Б.Мөнхбаяр, Т.Энхнаран нарын насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.         

 

Шүүгдэгч Б.М, Т.Э, өсвөр насны шүүгдэгч Б.Н, Б.Х, Б.Д, С.О нарыг Чингэлтэй дүүргийн прокурорын газраас бүлэглэж 2017 оны 4 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны орчимд арван найман насанд хүрээгүй иргэн Б.Баясгалангийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж эд зүйлийг нь дээрэмдсэн гэж ял сонсогож, яллах дүгнэлт үйлджээ.

Энэ хэргийг прокурор яллах дүгнэлтдээ: Хохирогч Б.Баясгалангийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд /2хх-ийн 213-215х/, таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 210-213х/, эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 218х/, шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №4713 тоот дүгнэлт зэрэг нотлох бамтуудаар тогтоогсон гэж дурджээ. Гэтэл хохирогч Б.Баясгалан мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхийн хуралдааны танхимд өгсөн мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй, эх сурвалжаа шууд зааж чадаагүй, шүүгдэгч нар энэ хэргийг үйлдээгүй талаар мөрдөн байцаалтын үеэс тогтвортой мэдүүлсэн мэдүүлгүүд, мөрдөн байцаагч таньж олуулах ажиллагаа хийхдээ тус хэрэгт холбогдсон таван шүүгдэгчийг илт насны зөрүүтэй 2 этгээдтэй хамт байлгаж хохирогчоор таньж олуулсан байдал, хохирогч шүүхэд ирүүлсэн хүсэлттэй: “... шүүх хуралд урьд өмнө нь ...болсон явдлын талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн билээ, ...Би гомдол саналгүй болно.” гэсэн зэргийг үндэслэн энэ хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байх тул шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж, тэдгээрийг гэм буруугүйд тооцож, тус үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Номин-Эрдэнийг Чингэлтэй дүүргийн прокурорын газраас бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг бүлэглэж үлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсогож, яллах дүгнэлт үйлджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийхэд: шүүгдэгч Б.Номин-Эрдэнэ нь тухайн үед ганцаараа эмэгтэй, мөн насанд хүрээгүй байсан байх ба шүүгдэгч нартай дээрмийн гэмт хэргийг бүлэглэж үйлдэх явцдаа хохирогч нарт аливаа хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийсэн үйлдэл хийгээгүй болох нь хохирогч нарын мэдүүлгүүд, бусад шүүгдэгч нарын мэдүүлгүүд, хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоодогдож байна. Харин газар унасан хохирогчийн цүнхийг нь авч бусдад дамжуулах, хохирогч нараас утсаар чинь ярьчихаад өгье гэж хэлэх зэргээр дэмжлэг үзүүлэн дээрмийн гэмт хэрэгт хамтран оролцсон байна.

Иймд шүүгдэгч Б.Номин-Эрдэнийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.       

       

Харин шүүгдэгч Б.М, Т.Э, О.Мөнхцоож, /Б.Н хүч хэрэглэхгүйгээр дээрмийн гэмт хэрэгт хамтран оролцсон/ нар нь 2016 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны зүүн хэсэгт хүүхдийн тоглоомын талбайн орчимд насанд хүрээгүй хохирогч Э.Тэнгэр, У.Энхтүвшин, М.Нямбаяр нарын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэж насанд хүрээгүй хохирогч Э.Тэнгэрийн “Самсунг галакси эс-2” загварын гар утсыг дээрэмдэн авч нийт 80.000 төгрөгийн хохирол, У.Энхтүвшингийн “Самсунг галакси эс-3” загварын гар утсыг дээрэмдэн авч нийт 120.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллаганы үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

насанд хүрээгүй хохирогч Э.Тэнгэрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 8-ны орой 22 цагийн үед найз Энхтүвшин, Нямбаяр нартай уулзах гээд гэрээсээ гарсан. Тэгээд найзуудтайгаа 22 цаг 10 минутын үед Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудал дээр уулзаад бид 3 манай гэрийн зүг явсан. Бид гурав 16 дугаар байрны арын сааданд жоохон юм ярих гээд суусан чинь нэг хүүхэд ирснээ “та нар манай найзыг дээрэлхсэн үү” гэхээр нь би “үгүй ш дээ” гэсэн чинь тэр хүүхэд намайг “чи томроод байна уу” гээд гэдэс рүү гараараа 2 удаа цохисон. Намайг тэгж цохисон хүүхдийг Мөнхбаяр гэж байсан. Араас нь дахиад 2 хүүхэд ирснээ нэг хүүхэд нь эхлээд болиоч гээд нөгөө найзыгаа бид нараас холдуулахыг оролдсон. Тэгсэн чинь тэр Мөнхбаяр гэдэг нь “би эд нарыг зодохгүй” гээд тэр гурван хүүхэд буцаад ирсэн. Буцаж ирснээ бид гурваас хаана сурдаг вэ гэж асуухаар нь сургуулиа хэлсэн чинь танай сургууль юм байна ш дээ гээд бид гурвыг нэг, нэгээр нь салгаж гурван тийш нь авч явсан. Намайг тэр Мөнхбаяр гэдэг хүүхэд нь дагуулаад жоохон зайтай зогсож байснаа “чи сургуулиас тэрийг таних уу, энийг таних уу” гээд сургуулийн тухай юм асуугаад байж байтал нэг охин хүрч ирээд “гар утсаараа ганц яриулчих” гэхээр нь би халааснаасаа утсаа гаргаж ирээд дэлгэцэн дээр нь байдаг кодыг нь хийгээд тэр охинд өгчихсөн. Тэр охин миний гар утсыг аваад цаашаа манай найз Энхтүвшингийн зогсож байсан зүг рүү явсан. Тэгсэн нөгөө надтай уулзаад байсан Мөнхбаяр гээд хүүхэд гэнэтхэн миний хэвлий хэсэг рүү гараараа цохисон. Юу ч хэлээгүй гэнэтхэн л цохисон. Тэгснээ миний толгойг доошоо дарж байснаа өвдгөөрөө миний нүүр рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би тэр залуугаас зугтаад Энхтүвшин, Нямбаяр нартай уулзаад нөгөө хамт ирсэн 3 охин дээр очоод миний гар утсыг авсан охиноос гар утсаа авъя гэтэл “надад байхгүй нөгөө банди нарт өгсөн, тэд нараас ав” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи авсан юм чинь тэр хүнээсээ өөрөө авч өг” гэсэн чинь “би тэр гурван хүүхдийг чинь танихгүй, гар утсыг чинь наашаа өг гээд авчихсан” гэж хэлсэн. Тэгсэн чинь араас нөгөө эрэгтэй хүүхдүүд нь ирээд Мөнхбаяр гээд эхлээд намайг цохисон хүүхэд нь дахиад миний зүүн талын нүдний хэсэгт 2-3 удаа гараараа цохиод үргэлжлүүлээд хэвлий хэсэг рүү 3-4 удаа гараараа цохисон. Би гэдсээ дараад доошоо тонгойсон чинь тэр Мөнхбаяр дахиад нүүр рүү өвдгөөрөө 2 удаа өвдөглөсөн. Би босоод Энхтүвшин, Нямбаяр нартай уулзаад зугтсан чинь араас нэг хүүхэд нь бид нарыг өмөөрч байгаа дүр эсгээд хамт зугтаасан. Нилээн гүйгээд эргээд харахад тэр хүүхэд нөгөө 2 найзтайгаа үлдсэн, охидууд нь харагдахгүй байсан. Тэгээд бид гурав зугтаж байхад араас Мөнхбаяр нь гүйж ирээд намайг барьж аваад дахин хэвлий хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэр үед хажуугаар 1 приус машинтай ах явж байхаар нь тусламж гуйж хашгирсан чинь машинтай ах машинаа зогсооход нөгөө хүүхдүүд зугтаачихсан. Бид 3 тэр машинтай ахтай тэр хүүхдүүдийг хайгаад олоогүй, харин 3 охиныг нь барьчихсан юм... Мөнхбаяр гэдэг хүүхэд дараа нь Энхтүвшин дээр очоод хэвлий хэсэг рүү нь 1 удаа гараараа цохиж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 43-44х, 240х/,

насанд хүрээгүй хохирогч У.Энхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд байрны сааданд бид гурав юм яриад сууж байтал нэг хүүхэд ирснээ манай найзыг дээрэлхээд байна уу гээд сонин зүйл яриад байсан. Манай найз Тэнгэр үгүй гэсэн чинь тэр хүүхэд Тэнгэрийн хэвлий хэсэг рүү гараараа 2 удаа цохиод авсан. Араас нь дахиад хоёр хүүхэд нэмэгдэж ирээд хаана сурдаг талаар асуугаад Тэнгэр, Нямбаяр бид гурвыг тал тал тийшээ салгаад явсан. Намайг Энхнаран гээд хүүхэд нь авч яваад сургуульд чинь тийм багш байдаг уу гээд асуугаад байсан. Би тэр хүүхэдтэй юм яриад зогсож байтал хажуу талаас нэг охин ирснээ утас байна уу гэхээр нь би утас байгаа нэгжгүй Скайтел рүү үнэгүй мессэж бичиж болно гэсэн чинь өгч бай, мессэж бичээд өгье гэхээр би куртикнийхээ дотор талын халааснаас гар утсаа гаргаж ирээд дэлгэц дээр байдаг кодыг нь тайлаад өгчихсөн. Тэгсэн чинь тэр охин миний гар утсыг аваад цаана байсан 2 эмэгтэй дээр очоод мессэж бичээд байсан байх. Яг тэр үед хажуухан талд найз Тэнгэрийг нэг хүүхэд хэвлий, нүүр рүү нь цохиод байх шиг байхаар нь би очоод салгах гэсэн чинь намайг нөгөө дагуулаад явсан Энхнаран гэх хүүхэд нь явуулахгүй байсан. Тэгснээ би чамд гар хүрэхгүй гээд хоолой нэг гараараа багалзуурдсан. Би гарыг нь тавиулаад Тэнгэр дээр очоод бид нар жоохон холдсон. Би миний гар утсыг авсан охиноос гар утсаа авъя гэсэн чинь надад байхгүй, би энэ банди нарт өгсөн, нэгжээд үз гээд байсан. Тэгсэн чинь нөгөө банди нар нь зодох гээд байхаар нь бид гурав зугтаад нэг машинтай ахаас тусламж гуйсан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 47-48х, 235х/,

насанд хүрээгүй хохирогч М.Нямбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр найзууд болох Энхтүвшин, Тэнгэр бид гурав орой 22 цагийн үед Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудал дээр уулзаад Тэнгэрийн байрных нь хажуу талын сааданд сууж байтал нэг хүүхэд ирснээ “та нар манай найзыг дээрэлхээд байгаа юм уу” гэсэн чинь найз Энхтүвшин “үгүй яагаа ч үгүй” гэсэн. Тэгсэн чинь араас нь дахиад 2 эрэгтэй, 3 эмэгтэй хүүхэдтэй ирсэн. Нөгөө 2 эрэгтэй хүүхэд нь ирснээ тэр гурван хүүхэд нийлээд бид гурвыг нэг нэгээр нь “хаана сурдаг юм” гээд юм асуугаад салгасан. ...би намайг дагуулж явсан хүүхэдтэй юм яриад зогсож байхад нэг охин над дээр ирснээ “утас байвал ганц яриулчихаач” гэхээр нь би байхгүй гэсэн чинь цаашаа яваад өгсөн. Тэр охин цаашаа яваад манай хоёр найзын гар утсыг нь авчихсан юм шиг байсан. Би дараа нь мэдсэн юм. Учир нь Энхтүвшин тэр надаас гар утас асууж ирсэн эмэгтэйгээс гар утсаа авъя гэсэн чинь юу яриад байгаа юм бэ би гар утсыг чинь аваагүй гээд байсан. Би тэр үед л Тэнгэр, Энхтүвшин нарын гар утсыг авсан юм байна гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 238

гэрч М.Мөнхтөрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 23:50 минутын үед миний бие өөрийн эзэмшлийн 78-76 УБА улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус 20 маркийн автомашинаар таксины үйлчилгээнд Чингэлтэй дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт Урт цагааны гудамжинд явж байтал Урт цагааны урд байрнууд дунд алсаас харахад 3 хүүхдийг өөр 3 хүүхэд жагсаагаад зогсоочихсон, нэг шар царайтай цагаан цайвар өнгийн цамцтай, цагаан саравчтай малгайтай 20-25 орчим настай эрэгтэй жагсаад зогсож байсан хүүхдүүдийн нэгийг нь заамдаад өшиглөөд байсан. Нөгөө 2 хүүхэд хажууд нь хөдлөхгүй зогсоод байсан. Хажууханд өөр 2 хүүхэд хоорондоо зууралдаад байсан. ...Би дөхөж очоод юу болоод байна гэтэл жагсаад зогсож байсан нэг хүүхэд нь “ахаа туслаарай бид гурвыг дээрэмдээд хамаг гар утсыг авчихлаа” гэсэн. Би бариад аваач наадуулаа гэтэл нөгөө 3 хүүхэд нь зугтаагаад явсан. Зодуулж байсан хүүхдүүд тэдгээр хүүхдүүдийг 3 охинтой хамт явж байсан гэсэн. Зугтаангуут нь би зодуулж эд зүйлээ дээрэмдүүлсэн гэх хүүхдүүдийг нөгөө хүүхдүүдийн хойноос яв би амдаад урдаас очоодхъё гээд явсан. Би байрнууд дунд руу эргээд ортол зодуулсан гэх хүүхдүүд нөгөө хүүхдүүдийг хайгаад олсонгүй харин хамт явж байсан охидууд нь тэнд явж байна гэсэн. Би араас нь машинтайгаа яваад очтол нөгөө 3 охин хурдан хурдан алхаад яваад байсан. Би машинаараа урд замыг нь хааж зогсоод та нар яахаараа хүн дээрэмддэг юм найз залуучууд чинь хаана байна гэтэл мэдэхгүй саяхан Сансарын бааранд танилцсан залуучууд байсан мэдэхгүй гэсэн. Тэгэхээр нь би найз залуучуудаа дууд гэсэн. Тэр үед зодуулж эд зүйлээ дээрэмдүүлсэн 3 хүүхэд хүрээд ирсэн ба тэдгээр 3 охидыг таньж байсан. Тэдгээр охидуудыг явуулахгүй байлгаж байгаад цагдаад дуудлага өгсөн. ...ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Харин өндөр нуруутай нэг хүүхэд нь гэдсээ бариад байсан. Зодуулснаас болоод өвдөж байх шиг байсан. ...зууралдаад байсан нөгөө 2 хүүхдийн нэг нь намхан саравчтай малгайтай 20-22 орчим насны цэнхэр өнгийн куртиктэй байсан, 2 дахийг нь сайн харж чадаагүй... гар утас дээрэмдсэн гэх хүүхдүүдийг харвал танина. 2 хүүхдийг хараад шууд зааж чадна... арай өндөр нуруутай хүүхдийг нь дээрэмдсэн гэх хүүхдүүдийн өндөр нуруутай нь хүүхэд нь цохиж зодоод байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 49-50х/,

гэрч Б.Отгончимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 19 цагийн үед Сансар орж нэг найзтайгаа уулзаад салсан юм. Тэгсэн чинь Номин-Эрдэнэ над руу залгаад “Сансарын White night бааранд байна ороод ир” гэсэн. Тэгээд орсон чинь Номин-Эрдэнэ ганцаараа сууж байсан. Бааранд сууж байхад Бадамсүрэн ирсэн... орой 22 цаг өнгөрч байхад баарнаас гартал Номин-Эрдэнийн найз залуу Энхнаран нь Их дэлгүүр дээр байна, хүрээд ир гэж ярьсан... Бид гурвыг ирэхэд Мөнхцоож, Мөнхбаяр, Энхнаран гурав хүлээж байсан. Бид нар нийлээд УИД-ийн ард байрны дунд байдаг саадан дотор суугаад 1 том пиво, 1 шил архи хувааж уусан. Бид нар сааднаасаа гараад хажуухан талд нь сандал дээр сууж байхад өөр гурван хүүхэд ирээд бидний байсан сааданд ороод суусан. Тэгсэн чинь тэр хүүхдүүд дээр Мөнхбаяр, Мөнхцоож, Энхнаран гурав очоод яриад байсан... наанаас нь Бадамсүрэн, Номин-Эрдэнэ бид гурав очсон. Тэгсэн чинь Номин-Эрдэнэ тэр гурван хүүхдийн нэгнээс нь “манай найз ирж байгаа, ганц мессэж бичээд өгье надад нэгж байдаггүй” гэсэн чинь нөгөө хүүхэд нь Самсунг эс-З маркийн бараан өнгийн гар утсаа гаргаж ирээд дэлгэцийнх нь кодыг тайлаад Номин-Эрдэнэд өгсөн юм. Номин-Эрдэнэ тэр гар утсыг нь аваад яасан гэдгийг мэдэхгүй байна. Би тэд нараас жоохон холдож байгаад гэрийнхэнтэйгээ утсаар яриад буцаж ирсэн чинь тэр гар утсаа өгсөн хүүхэд эгчээ гар утсаа авъя гээд над дээр ирсэн. Тэгэхээр нь би надад байхгүй ш дээ, чи хэнд өгсөн юм бэ гэсэн чинь энэ эгчид өгсөн гээд Номин-Эрдэнэ рүү заасан. Би Номин-Эрдэнээс чи гар утсыг нь авсан юмуу өгөөч гэсэн чинь надад байхгүй Мөнхцоожид өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр гар утсаа асуугаад байсан хүүхдэд тэр ахад чинь байгаа гэнэ гэж Мөнхцоожийг зааж өгсөн. Удаа ч үгүй Мөнхцоож, Мөнхбаяр, Энхнаран гурав нөгөө сааданд байсан гурван хүүхэдтэй ноцолдоод байгаа ч юм шиг, нэг бол зодолдоод ч байгаа юм шиг байсан. Бадамсүрэн, Номин бид гурав салгах гэсэн боловч дийлэхгүй байхаар нь орхисон. Тэгээд бид гурав байрны голд очоод бие засаж байхад Номин-Эрдэнэ нэг хар бараан өнгийн S3 маркийн гар утсыг гаргаж ирээд Бадмаа Номио хоёр хоорондоо нэг нь ломбарданд тавьчихъя гээд нөгөөх нь бааранд оръё гээд байсан... бид гурав Энхнаран, Мөнхцоож, Мөнхбаяр нарын байсан газар руу буцаад ирэхэд тэд нар бүгд байхгүй байсан. Тэгсэн чинь Номин-Эрдэнэ тэр гурав Их дэлгүүр дээр байж байя гэсэн гэж хэлсэн. Бид гурав их дэлгүүр рүү явж байсан чинь нөгөө сааданд байсан 3 хүүхэд машинтай ахтай араас ирээд бид нарыг барьсан юм. ...Мөнхбаяр тэр сааданд байсан гурван хүүхэдтэй маргалдаад байсан. Голоор нь Энхнаран ороод Мөнхбаяртай маргалдаад байсан. Яг юу гэж маргалдаад байсан гэдгийг мэдэхгүй байна. ...Мөнхбаяр хамраа цоолоод ээмэг зүүчихсэн бас хацраа цоолоод хар өнгийн бөөрөнхий ээмэг зүүсэн байсан... Миний мэдэж байгаагаар Номин-Эрдэнэ нэг гар утас гаргаж ирж байсан. Сүүлд цагдаагийн газар ирэхэд бас нэг самсунг S2 маркийн гар утас байсан гэж байсан...” гэжээ /1хх-ийн 51-52х/.

гэрч Б.Бадамсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2016 оны 11 дүгээр сарын 07-ны 16 цагийн үед Номин-Эрдэнэтэй уулзаад... 22 цагийн үед Сансарт байрлалтай White night баар онгойхоор нь ороод хүний нэг шил пиво авч ууж байтал Отгончимэг ирсэн. Бид гурав дахин хүний хоёр шил пиво авч уусан. Баарнаас шөнийн 00 цагийн үед гарсан... Номин-Эрдэнэ, Мөнхцоож, Мөнхбаяр, Энхнаран гурав их дэлгүүрийн энд байна гэж байна хүрээд ир гээд байна гээд такси бариад их дэлгүүрийн ард уулзаад байрны голд байх сааданд суугаад бөөнөөрөө нэг том пиво хувааж уусан. Тэгж байсан үл таних гурван хүүхэд ирээд хажуу талын сааданд сууцгаасан. Тэгсэн чинь Энхнаран тэр гурван хүүхэд дээр ганцаараа очоод таньдаг гурван хүүхэд байна ш дээ гээд юм яриад байсан... Мөнхбаяр нь тухайн үед нилээн согтсон байсан. Тэгээд Мөнхбаяр Энхнарангийн араас очоод юм ярьж байсан. Тэгсэн Номин-Эрдэнэ нөгөө гурван хүүхдийн нэгнээс нь гар утсаар чинь нэг ярьчихъя гэхэд нэг хүүхэд нь энгэрийн халааснаасаа самсунг эс-3 маркийн гар утсаа гаргаж ирээд Номин-Эрдэнэд өгсөн. Номин-Эрдэнэ гар утсыг нь аваад шууд цаашаа явсан. Тэгсэн чинь Мөнхбаяр нэг хүүхдийнх нь нүүр, гэдэс хэсэг рүү нь гараараа цохиод байсан. Энхнаран бас нэг хүүхэдтэй нь юм яриад байсан. Тэгсэн чинь нөгөө гурван хүүхэд нь зүгээр л утсаа аваад явъя ахаа гэсэн чинь Мөнхбаяр согтсон байсан болохоор би аваагүй, чаддаг юм бол аваарай гээд байсан. Тэгээд Мөнхбаяр, Мөнхцоож, Энхнаран гурав нөгөө гурван хүүхдийг айлгаад, хөөгөөд явуулчихсан. Тэгснээ Энхнаран нь Номин-Эрдэнэ, Отгончимэг бид гуравт “байрны дундуур ороод нуугдаж бай, хэрвээ уулзаж чадахгүй бол их дэлгүүрийн урд талын усан оргилуур дээр уулзъя” гээд салцгаасан. Отгончимэг, Номин-Эрдэнэ бид гурав байрны дунд орж бие засаж байтал Номин-Эрдэнэ самсунг эс-3 маркийн гар утас гаргаж ирээд намайг форматалчих гэхээр нь би чадахгүй гэсэн чинь Номин-Эрдэнэ батарейг нь салгаад унтраагаад цүнхэндээ хийсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 59х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №15542 дугаартай Хүний биед үзлэг хийсэн: “1. У.Энхтүвшингийн биед хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 68х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №15541 дугаартай Хүний биед үзлэг хийсэн: “1.Э.Тэнгэрийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэх дүгнэлт /1хх-ийн 70х/,

хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн 20-23х/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 28х/, Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 29-30х/, хохиролын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх-ийн 32х/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн 35-40х, 232х/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 24х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, 

 

Мөн Шүүгдэгч Б.М, Т.Э, /Б.Н хүч хэрэглэхгүйгээр дээрмийн гэмт хэрэгт хамтран оролцсон/, өсвөр насны шүүгдэгч Б.Х, Б.Д, С.О нар нь 2017 оны 4 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Меланж” караокений орчимд хохирогч Д.Билгүүн, А.Нандинчимэг нарын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, хохирогч А.Нандинчимэгийн гар цүнхтэй гоо сайханы хэрэглэл, гар утасны цэнэглэгч, чихэвч, банкны виза карт, иргэний үнэмлэх,  650.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг галакси жи-7” загварын гар утас, биет 2770 төгрөг зэргийн дээрэмдэн авч, нийт 652.770 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь

шүүгдэгч Б.М, Т.Э, Б.Н нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

өсвөр насны шүүгдэгч Б.Хатанболд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед С.Ойлан таксинд бөөлжчихсөн. Би бөөлжсийг нь цэвэрлэчихээд нөгөө хэд дээр очиход нөгөө хэд маань гүйж байсан. Би дээрэм хийснийг нь мэдээгүй. Цагдаад баригдсаны дараа нь мэдсэн. Тэр үед О.Мөнхцоожоос бусад нь байсан. Би дээрмийн гэмт хэргийг үйлдээгүй гэв.

өсвөр насны шүүгдэгч Б.Дашнямын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Б.Мөнхбаяр ах Билгүүнийг хальт өшиглөхөд ахыг бариад авсан. Тэгэхээр нь би “ах яаж байнаа” гээд нэг удаа цохисон. Тэр үйлдэл нь миний буруу. Цүнх авч зугтаасан талаарх асуудлыг би мэдэхгүй. Цүнхийг нээж үзэхэд би байгаагүй. Ямар ч байсан нэг тийшээ гүйж байснаа санаж байна. Баясгаланг дээрэмдсэн гэх цагт нь бид нар эмнэлэг дээр байсан цагтай таарч байгаа. Байршил нь хүртэл өөр байгаа. Бид нар 3 дугаар эмнэлэг дээр байсан. Баясгалангийн хэрэг Баянгол дүүрэг дээр гарсан. Энэ гэмт хэргийг би үйлдээгүй. Намайг Билгүүнийг цохих үед С.Ойлан ирж салгах гэж байгаад унаад байсан. Тэгээд бид нар дагуулаад гүйсэн. Караокены үүдэнд очоод унтаад өгсөн.

өсвөр насны шүүгдэгч С.Ойлангийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр үед хэрэгт холбогдсон гэдгээ сайн мэдээгүй байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. 25 дугаар эмийн сангийн ойролцоо эмнэлэгт сэрсэн гэв.

 

хохирогч Д.Билгүүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ажлын газрынхантайгаа 25-р эмийн сангийн буудлын хажууд байх караокед сууж байгаад тарахын алдад буюу ойролцоогоор 00 цаг өнгөрч байхад Нандинчимэгийг таксинд суулгаж өгөх гээд гарсан... такси барих гэтэл Нандинчимэг “дотор муухай оргио байна бөөлжлөө” гэсэн. Тухайн үед Төмөр замын эмнэлгийн тийшээ эргээд жоохон харанхуй газар модны доор Нандинчимэгийг бөөлжүүлсэн юм. Нандинчимэг явган суучихсан, би цүнхийг нь барьчихсан нуруун дээр нь дарж өгөөд байж байтал миний араас өшиглөх шиг болсон. Гайхаад эргээд хартал хар цамцтай, өндөрдүү, үс нь урдуураа их ургачихсан юм шиг хүүхэд байсан. Тэгэхээр нь би “яаж байна аа дүү нар” гэсэн чинь үгийн зөрүүгүй миний хацар хэсэг рүү гараараа нэг удаа цохиод авсан. Тэр залуу өөрөөсөө гадна 4 эрэгтэй хүүхэдтэй бас нэг эмэгтэй хүүхэд хамт байсан. Намайг тэгж цохихоор нь би тэр залууг заамдаж барьж аваад өөрлүүгээ татаад нүүр рүүгээ цохиулчихгүй гээд бага зэрэг тонгойсон. Намайг тэгж цохисон хүүхэд нь бусдаасаа хамгийн өндөр нь байсан. Тэгээд тонгойсон чинь хажуу талаас найзууд нь орж ирээд намайг газар унагаагаад тал талаас өшиглөөд байсан. Би нүүрээ хамгаалаад гараа нүүрэн дээрээ барьсан байсан... би тэгж байхдаа Нандинчимэгийн цүнхийг нь газар унагаачихсан юм шиг байсан. Тэгж байтал тэр хүүхдүүд намайг зодохоо болиод шар үстэй эмэгтэй хүүхэд нь түрүүлээд зугтаасан чинь бусад нь араас нь дагаад зугтаасан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 241х/,

хохирогч Д.Билгүүний мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...Наранчимэгийг би нурууг нь дараад нэг гартаа цүнхээ барьсан байхад миний хойноос өгзөг рүү нэг хүн өшиглөх шиг болсон. Эргээд харахад хар цамцтай өндөр биетэй хар бор царайтай залуу байсан. Яаж байнаа дүү нар гэхэд намайг эхэлж нүүр рүү цохисон байгаа. Тэгтэл нөгөө хамт явж байсан 4-5 залуу байсан ба нэг эмэгтэй цаана нь зогсож байсан, нөгөөх хамт явж байсан залуучууд нь хажуунаас дайраад газар унагаасан ба бүгдээрээ цохиж зодож нүүр гэдэс рүү өшиглөж байсан. Нэг мэдэхэд хамт явж байсан шар үстэй охин нь түрүүлээд урагшаа гүйсэн ба тэр охиныг би цүнх авлаа гэж харсан. Тэгтэл нөгөөх залуучууд бутраад араас нь гүйсэн ба намайг эхэлж цохисон залуу намайг тавихгүй байхаар нь би зууралдаж байгаад алдсан ...шар үстэй эмэгтэй хажууд хараад зогсож байсан... Хар өнгийн малгайтай цамцтай өндөр залууг нь сайн санаад байна. Үсээ 2 хуваасан дундаж өндөртэй нэг залуу байсан. Мөн улаан хацартай шар царайтай нэг залуу байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 116х/,

хохирогч А.Нандинчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2017 оны 4 дүгээр сарын 03-ны орой 22 цагийн үед манай 3-р эмнэлгийн эмч сувилагч нарын хамт “Меланж”-ын хажуу талын “Хас” нэртэй караокед ороод ...гэртээ харихаар 01 цаг өнгөрч байхад би эмч Билгүүний хамт караокегоос гараад намайг таксинд суулгаж өгнө гээд Төмөр замын эмнэлгийн зүг яваад уулзвараар ертөнцийн зүгээр урагшаа явж байхад миний дотор муухайраад байхаар нь би хэсэг зогсоод хашааны урд суугаад бөөлжиж байсан. Тэгэхдээ өөрийнхөө барьж байсан саарал өнгийн арьсан цүнхээ өгөөд бариулсан. Гэтэл дөрөв таван 16-аас 18 орчим насны банди нар ирээд Билгүүнээ эмчтэй маргалдахын завдалгүй зүгээр яваач замаас холдооч гэж хэлсэн ба босоод харахад Билгүүнээ эмч газар эвхрээд уначихсан 2 гараараа толгойгоо барьчихсан, харин нөгөөх 4-5 залуучууд нь бие рүү нь бүгд өшиглөж дэвсэж байсан. Харин нэг залуу нь газар өвдөглөөд суучихсан гараараа толгой руу нь цохиж байсан. Хажууд нь шар үстэй үсээ задгай тавьсан байсан нэг охин зогсож байсан. Тэгэхээр нь би болиоч та нар яагаад зодоод байгаа юм бэ гэхэд хар саравчтай малгайтай хантаазтай жижиг шардуу царайтай залуу энэ өөрөө зүгээр явахгүй байна ш дээ яасан овоо гөлөг вэ гээд хараалын үг хэлээд 2 удаа өшиглөсөн байгаа. Тэгтэл нөгөөх шар үстэй охин урагшаа түрүүлээд гүйсэн, нөгөөх банди нар нь араас нь гүйсэн. Тэгээд Билгүүнээ эмч босож ирэхээр нь миний цүнх хаана байнаа гэхэд миний цүнх байхгүй байсан ба би чиний цүнхийг харж чадсангүй өөрөө зодуулчихлаа тэд нар аваад зугтаачихлаа ш дээ тэр охиныг нь харсан уу ямар аймаар санаатай охин бэ гээд бид 2 хоорондоо яриад араас нь хөөсөн ба байрны дундуур ороод алга болчихсон. Би такси бариад нөхөртэйгөө 3-р эмнэлэг дээр очиж уулзаад бид хоёр буцаад Меланж караокены үүдэнд очоод цагдаа нар ирсэн байсан ба цагдаатай очиж уулзахад миний цүнхийг шар үстэй охин нь барьчихсан, Нөгөөх банди нар нь хажууд нь зогсож байсан. Тэнд нийт 5 банди байсан... Миний цүнхэнд 3.770 төгрөг, гоо сайхны хэрэгсэл, чихэвч утас, виза карт зэрэг бичиг баримт байсан. Утас 2016 оны 12 сард мобикомоос 650.000 төгрөгөөр худалдаж авсан Самсунг жи7 маркийнх байсан. Бусад зүйлийг нь үнэлэхгүй... хуучин хэрэглэж байсан зүйлс юм. ...Билгүүн бид хоёрыг дагаж байсан юм шиг байна лээ. Саравчтай малгай өмссөн байсан тэр залууг нь сайн санаж байна хар бараан өнгийн хантаазтай, дунд зэргийн биетэй байсан ба сүүлд Билгүүнийг 2 удаа өшиглөсөн, хоёр дахь залуу нь болохоор бусдаасаа өндөр биетэй бор царайтай жижиг хар нимгэн куртиктэй залуу байсан ба энэ залуу нь болохоор хажуу талаас нь гэдэс рүү нь өшиглөж байсан, 3 дахь залуу нь болохоор намхан биетэй, үсээ хагалаад хар өнгийн куртиктэй харагдаж байсан. Энэ залуу нь өвдөглөөд суучихсан толгой руу нь гараараа цохиж байсан... нөгөөх 2 үлдсэн банди нь мөн өшиглөж байсан. Харин нөгөөх охин нь үсээ задгай тавьсан шар үстэй, шар царайтай биеийн тамирын өмд пүүзтэй, дээгүүрээ бие бариу биш хэлхгэр куртик өмссөн байсан... Яг хэдэн төгрөг байсан гэдгийг нь сайн санахгүй байна. Тухайн үед 3.770 төгрөг байсан гэж хэлсэн байх, гэхдээ хурааж авсан зүйлс бүрэн байсан тэгэхээр 2770 төгрөг байсан байх...” гэх мэдүүлэг /2хх-ийн 115х, 242х/,

эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /2 хх-ийн 104х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх-ийн 106-107х/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 хх-ийн 108-113х/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ /2 хх-ийн 185х/, насанд хүрээгүй сэжигтний нас тоолсон тэмдэглэл /1хх-ийн 176х, 3хх-ийн 59х, 67х, 78х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.   

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Б.Мөнхбаяр, Т.Энхнаран, О.М, өсвөр насны шүүгдэгч Б.Хатанболд, Б.Дашням, С.Ойлан нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн,

шүүгдэгч Б.Номин-Эрдэнийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Тэнгэр, У.Энхтүвшин, М.Нямбаяр нарт учирсан хохиролыг шүүгдэгч Б.Мөнхбаяр, Т.Энхнаран, О.М, Б.Номин-Эрдэнэ нар нь биет байдал болон мөнгөн хэлбэрээр бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар, Мөн хохирогч Д.Билгүүн, А.Нандинчимэг нарт учирсан хохиролыг биет байдлаар хүүлээлгэж өгсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тус тус тогтоогдож байна. Иймд хохирогч нар нь “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо мөрдөн шалгах ажиллгааны үед илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.Мөнхбаяр, Т.Энхнаран, О.М нарт ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, учруулсан хор уршигийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Номин-Эрдэнэд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмйин аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохиролын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдал зэргийн харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Хатанболд, Б.Дашням, С.Ойлан нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, учруулсан хор уршигийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан тохирох ял шийтгэлийг оногдуулав.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн дээрмийн гэмт хэрэг нь хэдийгээр 2002 оны Эрүүгийн хууль дагаж мөрдөж байх үед үйлдэгдсэн хэдий ч тус хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод, дээд хэмжээ, 2017 оны 7 дугаар сарын 01-нээс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод, дээд хэмжээнээс их байх тул Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь шүүгдэгч нарын эрх зүй нь байдлыг дээрдүүлнэ гэж шүүх үзэв.