2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2026/02140

 

 

 

 

 

 

 

 

2026 02 05 191/ШШ2026/02140

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, Ерөнхий шүүгч И.Амартөгс, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...хаягт оршин суух, ******* овогт ******* *******/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .... хаягт оршин байрлах, ******* *******" ХХК/РД:*******/-д холбогдох,

 

******* төв барилгын бохир усны шугамыг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар стандартын дагуу хэвийн үйл ажиллагаатай болгож, урьдын байршилд зөөж засварлахад гарсан зардал 29,890,088 төгрөг, бохир усны худгийн таг 250,000 төгрөг, ажлын хөлсний зардал 280,000 төгрөг, цэвэр усны шугамын гэмтэл алдагдлын засварт 5,527,000 төгрөг, барилгын хазайлтын хэмжих цэг тавиулсан зардал 250,000 төгрөг, барилгын хийцлэл засварлах үлдэгдэл төлбөр 5,433,131 төгрөг, өмгөөллийн зардал 6,600,000 төгрөг, нийт 48,230,219 гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., иргэдийн төлөөлөгч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч эцсийн байдлаар буюу 2025.08.14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа /хх-2-184/: а/... хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай ******* төв барилгын өмчлөгч Р.******* миний бие уг барилгыг анх барьж ашиглалтад оруулсан. ******* төв барилгын урд байрлах 22 дугаар нийтийн орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтад ******* Проект ХХК нь тэнцэж зэргэлдээ байрладаг 22 дугаартай нийтийн орон сууцыг буулгаж эхэлсэн бөгөөд энэ үеэс эхлэн манай барилгыг гэмтээх, манай барилгын цахилгаан болон цэвэр усны шугам гэмтээх, бохирын шугамыг бидэнд мэдэгдэлгүй шилжүүлэх зэргээр бидэнд ихээхэн хэмжээний хохирол учруулсан.

******* Проект ХХК нь ******* төв барилгын урд байрлах 22 дугаартай нийтийн орон сууцны барилгыг буулгах явцдаа аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, мэргэжлийн бус, хөлсний хувь хүмүүсээр буулгуулсны улмаас нурааж байгаа барилгын бүхэл хананы нэг хэсэг том бетон манай барилга руу унаж ******* төв барилгын үндсэн хийцлэлийг эвдсэн. ХХК-иар хэмжилт хийлгүүлж, дүгнэлт гаргуулж, засварын ажлын зураг болон төсөв гаргуулахад нийт төсөв нь 23,433,131 төгрөг болсон. ******* Проект ХХК-иас 18,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд ******* Проект ХХК нь 2023 оны 05-р сарын 08-ны өдөр мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр, барилга хоорондын зайн стандарт зөрчиж, хөлсний бөхчүүдтэй хүч түрэмгийлж хашаа барьж манай барилгын урд хэсэгт машин механизм орох зай байхгүй болгосноор манай барилгад хүчитгэлийн ажил хийх боломжгүй болсон, үлдэгдэл мөнгө 5,433,131 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаагаас барилгын эвдрэлээ засаж чадахгүй хохирсоор байна.

б/ Мөн ******* ******* ХХК-ийн барилгын ажлын улмаас манай барилгад хазайлт үүсч болзошгүй байсан бөгөөд ******* Проект ХХК-ийн захирал Г.*******туяад энэ нөхцөл байдлыг хэлэхэд барилгын хазайлтын хэмжих цэг хатгуулъя, танайх мөнгөө гаргаад цэгээ хатгуулчих, удахгүй мөнгийг нь өгнө гэсэн учир манайх барилгын хазайлтыг хэмжих 5 цэгийг 250.000 төгрөгөөр хатгуулсан. Гэвч энэ төлбөрийг ******* ******* ХХК нь өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа.

в/ ******* Проект ХХК нь 2023 оны 07-р сарын 06-нд манай цэвэр усны шугамыг зөвшөөрөлгүй ухаж манай шугамыг хагалж манай барилгыг цэвэр усгүй болгосныг өөрийн хөрөнгөөрөө засаж шугамаа хэвийн үйл ажиллагаанд оруулсан. Цэвэр усны хагарсан хоолой солиулахад хувь хүнд 800,000 төгрөгийн ажлын хөлс өгсөн. Улсын баяр наадмын өдрүүдэд манай барилгад захиалгат үйл ажиллагаатай байсан учраас аргагүй байдалд орж өндөр үнээр гагнуурын ажил хийлгүүлсэн. Энэ талаар ******* Проект ХХК-ийн захирал Г.*******туяад хэлсэн ч энэ төлбөрийг бас өгөөгүй. Цэвэр усны шугамыг доргиож гэмтээснээс хойш дахин 2024 оны 01 сард болон 2024 оны 02 сард гэмтэл гарч их хэмжээний ус алдаж хохирол учирсан. Бид цэвэр усны шугамаа 2 удаа засварлахад 2 удаа экскаватор хөлсөлж төлбөрт нь 2.300.000 төгрөг, шугамын засварын ажлын хөлсөнд 515.000 төгрөг, шугамын тодруулга 150.000 төгрөг, засварын материалд 436.500 төгрөг төлсөн бөгөөд усны алдагдлын зөрүүнд 1.325.500 төгрөг төлсөн болно. Өөрөөр хэлбэл хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас манай барилгын цэвэр усны шугам дахин дахин гэмтэж тэр хэрээр бид хохирсоор байна.

г/ 2023 оны 10 сарын 14-ний өдрөөс манай барилгын нойлын өрөөний бохир усны шугам бөглөрч бохир ус хальж эхэлсэн. Манай барилгын цэвэр ус, дулаан, бохирын шугамыг хариуцдаг ОСНААУГ харья XYT-5-д удаа дараа дуудлага өгч, тэдний инженерүүд, засварчид засварлах гэсэн боловч бохирын шугамын бөглөрөл гарахгүй байсан тул бохирын шугамыг хэмжилтийн дурангаар шалгуултал ******* ******* ХХК нь бидэнд мэдэгдэлгүйгээр, хулгайгаар, ямар ч зөвшөөрөлгүйгээр манай барилгын гадна бохир усны шугамын трассыг өөрчилж, бохир усны шугамыг байгаа газраас нь зөөж нүүлгэн шилжүүлсэн байсан. XYT-5-ийн инженерүүд уг шинэчилсэн бохир усны шугам нь холбогдох стандартыг зөрчиж хийсэн байгаа талаар манайд мэдэгдэж 2023.10.25-ны өдөр 258 дугаартай албан бичиг ирүүлсэн. ******* ******* ХХК-ийн энэ хууль бус үйлдэлтэй холбогдуулан эрх бүхий байгууллагуудад гомдол гаргаж, ******* Проект ХХК-нд шаардлага хүргүүлсэн боловч ямар ч арга хэмжээ авахгүй байсан тул бидний хувьд 2024.02.02-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бохирын шугам гэмтэж, үүнээс болж бохир бөглөрөх, халих гэх мэт асуудалтай байсаар аргагүй эрхэнд бидний хувьд 2025.08.05-нд мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулан бохирын шугамын ажлыг 29,890,088 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн.

д/ Хариуцагч ******* Проект ХХК нь бохир усны шугам нүүлгэн шилжүүлэхдээ манай бохирын худгийн тагийг суурьтай нь ачаад авч явсан, манай худаг барилга буулгасан шороогоор дүүрч бөглөрсөн байсныг мөн л бид ажилчин хөлсөлж ухуулж цэвэрлэсэн. Хүйтний улирал болоход гадна бохир усны худаг таггүй хөлдөх аюултай тул шинээр худгийн таг авч хийсэн. ******* Проект" ХХК нь дур мэдэн манай гадна бохирын шугамыг нүүлгэн шилжүүлсэн, мөн цахилгааны шугам тасалж холбож, холбооны шугам устгаж байхгүй болгосон. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.

Иймд хариуцагч ******* ******* ХХК-аас Р.*******ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө буюу ******* төв барилгын бохир усны шугамыг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар стандартын дагуу хэвийн үйл ажиллагаатай болгож, урьдын байршилд зөөж засварлахад гаргасан зардал 29,890,088 төгрөг, бохир усны худгийн таг 250,000 төгрөг, ажлын хөлсний зардал 280,000төгрөг, цэвэр усны шугамын гэмтэл, алдагдлын засварын зардал 5.527.000 төгрөг, барилгын хазайлтыг хэмжих цэг тавиулсан зардал 250.000 төгрөг, барилгын хийцлэл засварлах үлдэгдэл төлбөр 5,433,131 төгрөг, өмгөөллийн зардал 6.600.000 төгрөг, нийт 48.230.219 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбараар: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан ба нэхэмжлэгч хариуцагчид гэм хор учруулаагүй, шаардах эрхийн үндэслэл тодорхой бус, хэрэгт авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, нэхэмжлэгчид гэм хор учирсан гэх байдал нотлогдоогүй гэсэн агуулгаар маргажээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч Ч. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Анхнаасаа хариуцагч нь хана нурааж хохирол учруулсан байна. Бодитоор ил харагдахаар хохирол учруулсан, бохирын шугам сүлжээнд хохирол учруулсан байна. Нэг ийм жишээ байдаг, цахилгаан шитнээс авсан гэр рүүгээ очсон хэсэг нь хэрэглэгчийнх, ямар нэгэн гэмтэл гаргахад өөрсдөө хариуц гэдэг, түүнтэй адил гэж ойлголоо. Өмчлөх эрхийн талаар мэдэхгүй. Хариуцагч нь нэхэмжилж байгаа мөнгө нь төлбөрийг хариуцах үүрэгтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл гэм буруутай үйлдэл нь тогтоогдсон байна. 2 дахь буюу бохирын шугамын асуудлыг мөн хариуцах үүрэгтэй гэж үзэж байна. ******* ******* ХХК нь нэхэмжлэгч талын нэхэмжилсэн нийт төлбөрийг нөхөн төлөх үндэслэл байгаа нь баримтаар нотлогдож байгаа тул хариуцагч тал нь төлөх ёстой гэжээ.

 

4. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мэргэжлийн хяналтын газрын 2022.06.23 өдрийн №02-02/2875 албан бичиг /канон/, мэргэжлийн хяналтын газрын 2022.10.20 өдрийн №02-01/4783 албан бичиг /канон/, орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хэрэглэгчдэд үйлчлэх төв-5 №258 албан бичиг, хотын стандарт хяналтын газар 2023.10.25 өдрийн №01/1387 албан бичиг, хотын стандарт хяналтын газар 2023.12.06 өдрийн №01/1591 албан бичиг, 2023.12.12 өдрийн №11/7847 албан бичиг, 2023.12.28 өдрийн №01/06/3604 албан бичиг /канон/, орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар хэрэглэгчдэд үйлчлэх төв-5 №161 албан бичиг, нэхэмжлэх, фото зураг, техникийн дүгнэлт, нэхэмжлэх, гараар бичсэн баримт, төсөвт өртгийн нэгдсэн товчоо, өртгийн товчоо, цалингийн нэгтгэл, бүлэг тус бүрийн материал ба тээврийн зардал, машин механизмын хэрэгцээ, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.26 өдрийн №181/ШШ2022/02405 шийдвэр, хил хамгаалах ерөнхий газрын 2024.01.09-ний өдрийн №2-4в/227 албан бичиг, иргэний үнэмлэхийн лавлагаа /канон/,Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.12.28-ны өдрийн 181/ШЗ2024/00563 захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, сд, фото зураг, техникийн тодорхойлолт /канон/, гүйлгээ /канон/,зарлагын баримт /канон/,2024.01.22 гар бичмэл /канон/,төлбөрийн нэхэмжлэх /канон/, инженерийн шугам сүлжээний ажлын зураг боловсруулах гэрээ, 2024.05.17-ны өдрийн №63/24 албан бичиг, 2023.11.01 өдрийн 181/23 мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2024.03.29 өдрийн №01-10/779 албан бичиг, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, ажил гүйцэтгэх гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, нэхэмжлэх, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, фото зураг, мөнгөн шилжүүлэг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, зааг эзэмшлийн зураг, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар, ******* төвийн ариутгах татуургын шугамыг шинэчлэх ажил, фото зураг /канон/ зэрэг баримтуудыг хавтаст хэрэгт ирүүлжээ.

 

Хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбар, Нийслэлийн засаг даргын А/346 захирамж, батламж, тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, шаардах хуудас /канон/, хот байгуулалт хөгжлийн газрын 2023.12.28 өдрийн №01/06/3604 албан бичиг, хот байгуулалт хөгжлийн газрын 2024.03.29 өдрийн №01-10/779 албан бичиг, хот байгуулалт хөгжлийн газрын 2024.04.19 өдрийн №08/1052 албан бичиг, Нийслэлийн засаг даргын тамгын газрын 2023.12.12 өдрийн №11/7847 албан бичиг, 2024.01.12 Нийслэлийн засаг даргын захирамж, фото зураг, хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ №СБД-01, хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах хоёр талт гэрээ №СБД-01, хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ №СБД-35-Ү, хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах хоёр талт гэрээ №СБД-35-Ү, хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ №СБД-51, хот суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах хоёр талт гэрээ №СБД-51, ажил гүйцэтгэх гэрээ, харуул хамгаалалтын гэрээ, бүртгэлийн гэрчилгээ, радио давтамж ашиглах эрхийн бичиг, №000189688 хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барилгыг буулгаж, барилгын хог хаягдлыг тээвэрлэж буулгах гэрээ, чухал амжилт сургалтын төв үнэмлэх, мессеж чат /канон/, цахилгаан инженерийн шугам шилжүүлэх ажлын гэрээ, №000249083 хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, ажил гүйцэтгэх гэрээ, санхүүжилтийн график, №000220304 хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, №000249083 хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл,ажил гүйцэтгэх гэрээ, санхүүжилтийн график, барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, №000258838 хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, №000249083 хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, барилга, хот байгуулалтын яам Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ, Харуул хамгаалалтын гэрээ, №000189688 хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, №000249083 хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бүртгэлийн гэрчилгээ, радио давтамж ашиглах эрхийн бичиг, барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээ, №000249083 хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, холбооны шугам сүлжээний салбар сувагчлалыг шинэчлэх засварлах ажлын гэрээ, холбооны инженерийн шугам сүлжээний сувагчлалыг шинээр байгуулах ажлын гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, №000206449 хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, барилга угсралтын даатгалын гэрээ, даатгалын сертификат, өлзий төвийн бохир шугам /канон/, эрх бүхий албан тушаалтны тогтоол /канон/, итгэмжлэл, 2022.11.21 өдрийн №200/22 албан бичиг, шилжүүлгийн мэдээлэл, өлзий төвийн бохирын шугам, шинжээчийн дүгнэлт №02, 2023.11.01 өдрийн №180/23 албан бичиг, 2024.04.30 өдрийн 53/24 дүгнэлт гаргуулах тухай,тусгай зөвшөөрөл, шинээр хийсэн бохир усны худаг дах шугамын ховилын зураг, хуучин байсан бохир усны худгийн бохир ус хөрсөнд нэвчиж буй хэсэг фото зураг, хуучин байсан бохир усны шугамын зураг, шинээр хийсэн бохир усны шугамын угсралтын зураг, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, ******* төвийн гадна бохир усны шугам шилжүүлэх ажлын актны фото зураг, ******* төвийн барилга Мөнгөн бэрс ХХК үйлчилгээний барилга ажлын зураг, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, газар зохион байгуулалт геодези зураг зүйн ерөнхий газар зураг зэрэг баримтуудыг хавтаст хэрэгт ирүүлжээ.

 

Шүүгчийн захирамжийн дагуу: Монгол улсын барилга хот байгуулалтын яам 2024.06.25 өдрийн №07/2077 албан бичиг, зөрчлийн хэрэг, зөрчлийн 2302000354 дугаартай хавтаст хэргийн товьёог, №13 прокурорын тогтоол, хот суурины у хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хороо харьяаллын дагуу шилжүүлсэн зөрчлийн хэрэг №2302000354, харьяаллын дагуу шилжүүлсэн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн материалын товьёог, 2023.10.25 өдрийн №01/1387 өргөдөл гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх тухай, 2023.10.20 өргөдөл, №04/462 албан бичиг, хаяг байршлын зураг, газар эзэмших эрхийн лавлагаа, газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний лавлагаа, газрын кадастрын нэгж талбарын тодорхойлолт, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны тогтоол, ******* ******* ХХК-ийн барилгын ажлын талбайн зураг, эрх бүхий албан тушаалтны санал, удирдах албан тушаалтны тогтоол, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, №0247 итгэмжлэл, №185/23 итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, №9/4236 албан бичиг, №8/3315 албан бичиг,хот байгуулалтын мэдээллийн сангийн зураг, 2023.11.28 эрх бүхий албан тушаалтны тогтоол, 2023.11.29 эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, хариу мэдэгдэх хуудас, №83 прокурорын тогтоол, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 2024.07.03-ны өдрийн №01/1007 албан бичиг, Нийслэлийн засаг даргын тамгын газрын 2024.07.18-ны өдрийн №05-02/4140 албан бичиг, Нийслэлийн засаг даргын тамгын газрын 2023.12.12-ны өдрийн №11/7847 албан бичиг, хот байгуулалт хотын стандартын газрын 2024.08.09-ний өдрийн 02/91 албан бичиг, хот байгуулалт хотын хөгжлийн газрын 2024.03.29-ний өдрийн 01-10/779 албан бичиг, хот байгуулалт хотын хөгжлийн газрын даргын тушаал, зөрчил арилгах тухай албан бичиг, 2023.12.12 өдрийн №11/7847 албан бичиг, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 2024.02.14-ны өдрийн №01/177 албан бичиг, 2024.09.11 өдрийн №А/218 албан бичиг, шинжээчийн дүгнэлт, хот байгуулалт хотын хөгжлийн газрын 2026.01.19 өдрийн №01/87 албан тоот зэрэг баримтуудыг хавтаст хэрэгт авагджээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

2.1. Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан ******* төв барилгын бохир усны шугамыг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар стандартын дагуу хэвийн үйл ажиллагаатай болгож, урьдын байршилд зөөж засварлахад шаардагдах зардал 29,890,000 төгрөг, бохир усны худгийн таг 250,000 төгрөг, ажлын хөлсний зардал 280,000 төгрөг цэвэр усны шугамын алдагдлын засварт 800,000 төгрөг, барилгын хазайлтын хэмжих цэг тавиулсан зардал 250,000 төгрөг, хийцлэл эвдэлж гэмтээсний засварын ажлын үлдэгдэл 5,433,131 төгрөг, нийт 36,903,131 төгрөг гаргуулах, бохир усны шугамыг урьдын байршилд зөөж засварлах ажлыг хийж гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангахыг даалгах, Барилгын засварын ажлыг хийж гүйцэтгэх нөхцөл бололцоогоор хангахыг даалгах тухай нэхэмжлэлийг анх шүүхэд гаргажээ.

 

2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024.06.11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж тодруулсан /хх-1-205/ бөгөөд 2025.08.14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар өөрчилжээ. /хх-2-184/ Тодруулбал, нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан, өөрийн өмчлөлийн эд хөрөнгөд гэм хорын хохирол учруулсан тул тэдгээрийг засварлахад гаргасан мөнгөн хөрөнгийн зардал, цаашид гарах ёстой мөнгөн хөрөнгийн зардалд нийт 48,230,219 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

а/ Нэхэмжлэгч Р.******* нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу гудамж-26 хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай ******* төв барилгын өмчлөгч бөгөөд уг барилгын урд байрлах 22 дугаар нийтийн орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтад ******* Проект ХХК нь тэнцсэн. Улмаар 22 дугаар байрыг буулгах явцад нурааж байгаа барилгын бүхэл хананы нэг хэсэг том бетон манай барилга руу унаж ******* төв барилгын үндсэн хийцлэлийг эвдсэн бөгөөд засварын ажлын зураг болон төсөв гаргуулахад нийт төсөв нь 23,433,131 төгрөг болсноос 18,000,000 төгрөгийг хариуцагчаас хүлээн авсан, харин үлдэгдэл 5,433,131 төгрөгийг төлөөгүйгээс барилгын эвдрэлээ засаж чадахгүй хохирсон,

б/ мөн ******* ******* ХХК-ийн барилгын ажлын улмаас манай барилгад хазайлт үүсч болзошгүй байсан бөгөөд ******* ******* ХХК нь барилгын хазайлтыг хэмжих 5 цэгийг өөрсдөө хатгуулчих дараа нь зардлыг төлнө гэсэн, 250.000 төгрөгөөр тухайн цэгүүдийг хатгуулсан боловч ******* ******* ХХК нь нөхөн төлөөгүй,

в/ ******* Проект ХХК нь 2023 оны 07-р сарын 06-ны өдөр ******* төв-ийн шугамыг зөвшөөрөлгүй ухахдаа цэвэр усны шугамын хоолойг хагалсныг өөрсдийн хөрөнгөөрөө засаж шугамаа хэвийн үйл ажиллагаанд оруулсан. Цэвэр усны шугамыг доргиож гэмтээснээс шалтгаалан дахин 2024 оны 01 сард болон 2024 оны 02 сард дахин гэмтэл гарч их хэмжээний ус алдаж хохирол учирсан. Цэвэр усны шугамыг 2 удаа засварлахад 2 удаа экскаватор хөлсөлж төлбөрт нь 2.300.000 төгрөг, шугамын засварын ажлын хөлсөнд 515.000 төгрөг, шугамын тодруулга хийхэд 150.000 төгрөг, засварын материалд 436.500 төгрөг, мөн усны алдагдлын зөрүүнд 1,325,500 төгрөг төлсөн.

г/ 2023 оны 10 сарын 14-ний өдрөөс манай барилгын нойлын өрөөний бохир усны шугам бөглөрч бохир ус хальж эхэлсэн. Гэтэл ******* ******* ХХК нь бидэнд мэдэгдэлгүйгээр, ямар ч зөвшөөрөлгүйгээр дахин төлөвлөлтийнхөө ажлыг явуулах зорилгоор манай барилгын гадна бохир усны шугамын трассыг өөрчилж, бохир усны шугамыг байгаа газраас нь зөөж нүүлгэн шилжүүлсэн байснаас шалтгаалан бохир усны шугам хэвийн горимоор ажиллах боломжгүй болж, бөглөрөх, хөлдөх зэрэг асуудал гарснаас шалтгаалан хэвийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсон. Улмаар 2025.08.05-нд мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулан бохирын шугамын ажлыг 29,890,088 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн.

д/ Хариуцагч ******* Проект ХХК нь бохир усны шугам нүүлгэн шилжүүлэхдээ ******* төвийн бохирын худгийн тагийг суурьтай нь ачаад авч явснаас худаг барилга буулгасан шороогоор дүүрч бөглөрсөн байсныг ажилчид хөлсөлж ухуулж цэвэрлэсэн. Хүйтний улирал болоход гадна бохир усны худаг таггүй хөлдөх аюултай тул шинээр худгийн тагийг нөхөн авч хийхэд 250,000 төгрөг, мөн ажлын хөлсний зардалд 280,000 төгрөг төлсөн.

 

-Иймд хариуцагч ******* ******* ХХК-иас Р.*******ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө буюу ******* төв барилгын бохир усны шугамыг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар стандартын дагуу хэвийн үйл ажиллагаатай болгож, урьдын байршилд зөөж засварлахад гаргасан зардал 29,890,088 төгрөг, бохир усны худгийн таг 250,000 төгрөг, ажлын хөлсний зардал 280,000 төгрөг, цэвэр усны шугамын гэмтэл, алдагдлын засварын зардал 5.527.000 төгрөг, барилгын хазайлтыг хэмжих цэг тавиулсан зардал 250.000 төгрөг, барилгын хийцлэл засварлах үлдэгдэл төлбөр 5,433,131 төгрөг, өмгөөллийн зардал 6.600.000 төгрөг, нийт 48.230.219 төгрөг гаргуулна гэжээ.

 

4. Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргахдаа, хариуцагч нь нэхэмжлэгчид гэм хор учруулсан болох нь хангалттай нотлогдоогүй, шаардах эрхийн үндэслэл тодорхой бус, хэрэгт авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн нэхэмжлэгчид гэм хор учирсан гэх байдал тогтоогдоогүй тул 48.230.219 төгрөгийг бүхэлд нь хариуцах үндэслэлгүй гэсэн агуулгаар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

5. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

6.1. Нэхэмжлэгч Р.******* нь Сүхбаатар дүүрэг, 6 хороо, 11, Их тойруу гудамж, 26 тоот хаягт байршилтай, 930 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд өөрийн үл хөдлөх эд хөрөнгөд хариуцагч ******* ******* ХХК гэм хорын хохирол учруулсантай холбоотойгоор үл хөдлөх эд хөрөнгийг буцаан сэргээн засварлуулахад цаашид гарах ёстой зардлын төлөгдөөгүй хэсэг болох 5,433,131 төгрөгийг хохиролд тооцож хариуцагчаас шаарджээ. Үүнд:

6.2. Р.*******ы өмчлөлийн, ... хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай ******* төв барилгын урд хэсэгт байрлах, ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгын дахин төлөвлөн барилгажуулах Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 21, 22 дугаар байрны төсөл хэрэгжүүлэгчээр ******* Проект ХХК нь холбогдох эрх бүхий байгууллагаас шалгарчээ. /хх-78/

6.3. Улмаар, нэхэмжлэгчийн өмчлөлийн ******* төв-ийн урд зэргэлдээ байрладаг 22 дугаар байрыг 2022 оны 5 дугаар сараас эхлэн төсөл хэрэгжүүлэх ажлынхаа хүрээнд ******* ******* ХХК нь буулган нурааж эхэлсэн бөгөөд орон сууцны барилгыг буулгах явцад нь нурааж байсан барилгын бүхэл хананы зарим хэсэг нь нэхэмжлэгчийн өмчлөлийн ******* төв-ийн барилгын чиглэлд унахдаа нэхэмжлэгчийн өмчлөлийн барилгыг мөргөж үндсэн хийцлэлд гэмтэл учруулсантай холбоотойгоор гэмтсэн барилгыг буцаан сэргээн засварлахад нийт 23,433,131 төгрөгийн зардал гарна гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлжээ.

6.4. Гэмтэл учруулсан үйл баримттай холбогдуулан, нэхэмжлэгч нь констракшн ХХК-иар 2022.07.04-ний өдөр №АК-53/2022 дүгнэлт гаргуулжээ. /хх-1-25-26/

-Уг дүгнэлтэд ... Өмнөх барилгыг буулгах явцад 2022 оны 06-р сарын 17-ны өдөр 18 цагт барилгын хананы хэсэг бүтнээрээ унаж, ******* төв-ийн барилгын зоорийн хананы дээд хэсэгт зоорийн хучилтын доохно хүчтэй цохилт өгсөн байна. График аргаар зурж үзэхэд унаж цохисон хананы хэсгийн өндөр 4.8м болох нь тодорхой байна. Цохилтын улмаас ******* төв-ийн барилгын өмнө талын 6.8м урттай хэсэгт блокон сууриудын завсрын болон босоо чиглэлийн зуурмагууд салсан нь харагдана. Доод хэсгийн блокууд хугарсан байх магадлалтай. Нэгдүгээр давхрын тоосгон хананы дотор гадна талын олон газар нарийн цавууд үүссэн нь цохилтын үеийн доргилт чичиргээнээс үүсдэг болно. Мөн төвийн хоёр блокны заадал доргилтоор хөдөлснөөс шалтгаалж зуурмагаар битүүлэгдсэн босоо заадлын өнгөлгөө эмтэрч унаад заадал ил гарч тодорсон нь ажиглагдана. Одоогоор суурь, хананы ан цав үүссэн өрөө тасалгаанд үйл ажиллагаа түр явуулах боломжтой ч газар хөдлөлтийн 8 баллын хэвтээ чиглэлийн ачааллыг тэсвэрлэх боломж огт байхгүй. Барилга нь анхнаасаа 7 баллд тооцоологдсон каркасгүй энгийн тоосгон барилга бөгөөд шинэ нормын дагуу тооцооны ачаалал 2 дахин нэмэгдээд байгааг анхаарах хэрэгтэй. Цохилтын нөлөө "А" блокт хамаарахгүй. Тус төвийн зүүн блокны зүүн өмнө өнцгөөс 1-2 тэнхлэгийн хоорондох 6.8 м-ийн урт хэсэгт суурь болон 1-р давхрын тоосгон хананд хүчитгэл заавал хэрэгтэй. Тухайн барилга дээр үзлэг хийх явцад ажиглагдсан нэг зүйл бол ******* төвийн барилгын өмнөх 3 давхар барилгыг буулгаж оронд нь гурван давхар зоорьтой, 14 давхар барилга барих гэж байгаа юм байна. ******* төв-ийн барилгын дэргэд барих энэ барилгын нэл хавтан суурь нь ******* төв-ийн барилгын суурьтай 3.0 м-ээр ойртох, гүн нь тус төвийн барилгын суурийн улмаас 9.0м-ээр доош суух болсон нь ******* төв-ийн барилгыг нуралтаас хамгаалах арга хэмжээг Шинэ барилгын суурийг ухахаас өмнө яаралтай авах хэрэгтэй гэжээ./хх-1-25-26/

6.5. Нэхэмжлэгч энэхүү дүгнэлтэд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон, хариуцагч ******* ******* ХХК нь ******* төв-ийн урд зэргэлдээ байрладаг 22 дугаар байрыг төсөл хэрэгжүүлэх ажлын хүрээнд буулгах явцдаа нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөд тодорхой хэмжээний гэмтэл учруулсан гэх үйл баримттай маргаагүй байна.

6.6. Харин барилгын хийцлэлийг засварлахад нийт 23,433,131 төгрөг төсөвлөгдсөн, үүнээс үлдэгдэл төлбөр 5,433,131 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсонтой холбогдуулан хариуцагч маргасан бөгөөд нийт 18,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, харин цаашид дахин тухайн асуудлаар гэм хорын хохирол хариуцах үндэслэлгүй гэж маргасныг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байна.

6.7. Тодруулбал, ******* ******* ХХК-иас 2022.11.21-ний өдөр Харилцан тохиролцолд хүрсэн тухай №200/22 албан бичгийг ******* төв-д хандан хүргүүлжээ.

а/ Уг албан бичигт 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.*******туяа ******* төвийн эзэн Р.*******ы охин С.******* нар ******* төвийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн гарсан осолтой холбогдуулан хохирлын хэмжээг 18,000,000 төгрөгөөр харилцан тохиролцсон болохыг батлав. Хохирлын төлбөр болох 18,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Р.*******ы 5028794064 /Хаан банк/ тоот дансанд шилжүүлнэ гэж тусгасан, уг албан бичигт Р.*******ы охин итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* 2022.11.21-ний өдөр гарын үсэг зурсан, улмаар 2022.11.25-ны өдөр 18,000,000 төгрөгийг Р.******* Хаан банкны дансаар шилжүүлэн хүлээн авсан үйл баримт тогтоогджээ. /хх-2-171-172/

6.8. Иймд, ******* төвийн барилгын бүтээцэд ******* ******* ХХК нь гэм хор учруулсан гэх үйл баримтын хувьд маргаангүй, харин учирсан гэм хорын хохиролтой холбоотой асуудлаар талууд 18,000,000 төгрөгөөр 2022.11.21-ний өдөр харилцан тохирч, уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч хүлээн авсан эсэх асуудлаар маргаагүй тул барилгын хийцлэлийг нөхөн сэргээхэд нийт 23,433,131 төгрөг төсөвлөгдсөнтэй холбоотойгоор үлдэгдэл төлбөрт 5,433,131 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэв.

6.9. Түүнчлэн, барилгын хийцлэлийг засварлахад 23,433,131 төгрөг, цаашид зайлшгүй шаардлагатай гэх 5,433,131 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагад хамаарах үйл баримт хэрэгт цугларсан баримтаар хангалттай нотлогдоогүй байна.

7. Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан өөрийн өмчлөлийн ******* төвийн барилгын цэвэр усны шугам хоолойг гэмтээх, бохирын шугамыг бидэнд мэдэгдэлгүй шилжүүлснээс шалтгаалан түүнийг завсарлуулахад, хэвийн байдалд оруулахад өөрсдийн зүгээс их хэмжээний мөнгөн хөрөнгө гарган засварлуулж хохирол учирсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлсонтой холбогдуулан дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

8. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах ******* төвийн гадна цэвэр усны шугам, цахилгааны шугамыг эвдэлж гэмтээсэн, бохир усны шугамыг ******* ******* ХХК дур мэдэн нүүлгэн шилжүүлсэн тул шалгуулна гэсэн агуулгаар Нэхэмжлэгч Р.*******ы охин, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь 2023.10.20-ны өдөр Хот байгуулалт хөгжлийн газарт хандан өргөдөл, гомдол гаргажээ. /хх-2-56/

9.1. Хот байгуулалт хөгжлийн газраас тухайн гомдлыг харьяаллын дагуу Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороонд шилжүүлснээр, 2023.11.01-ний өдрийн №2302000354 дугаартай Эрх бүхий албан тушаалтны тогтоол-оор зөрчлийн хэрэг нээж, шалгажээ. /хх-2-55, 65-66,/

а/ Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023.11.02-ны өдөр С.*******ийн гомдлын дагуу эрх бүхий албан тушаалтан бохирын шугам нүүлгэн шилжүүлсэн газарт үзлэг хийсэн, улмаар ******* төв болон ******* ******* ХХК нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй гэсэн үндэслэл зааж, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон бүртгэлийн 2302000354 дугаартай гомдол, мэдээллийг Барилга, хот байгуулалтын яамны Салбарын хяналтын газарт харьяаллын дагуу шилжүүлжээ. /хх2-73/

б/ Барилга, хот байгуулалтын яамны Салбарын хяналтын Барилга байгууламжийн техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Мөнхтөвшин зөрчлийн хэрэг маргаанд хохирогчийг төлөөлж С.*******, холбогдогчийг төлөөлж Л.Мөнхтуяа нараас мэдүүлэг авсан, Хот байгуулалт хөгжлийн газраас мэдээлэл цуглуулах зэрэг ажиллагааг гүйцэтгээд дараах үндэслэлээр зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Үүнд:

в/ ******* *******" ХХК нь ******* төвийн гадна бохир усны шугам хоолойн хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчсөн гэх зөрчлийн хэргийг шалгахад, хэрэгт цугларсан Хот байгуулалт, хөгжлийн газраас ирүүлсэн баримтаар ******* төв-ийн гадна ариутгах татуургын шугам сүлжээ хот байгуулалтын мэдээллийн санд оруулаагүй, хамгаалалтын зурвас газар тогтоолгоогүй, тус ариутгах татуургын шугам сүлжээний угсралтын ажлыг ашиглалтын шаардлага хангахгүй буулгагдсан 21, 22 дугаартай барилгаас холбогдох нормын зай хэмжээ баримтлалгүйгээр гүйцэтгэж, ашиглаж байсан зэрэг нь тогтоогдсон гэж дүгнээд, Зөрчлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэг нээж шалгасан ******* *******" ХХК-д холбогдох 2302000354 дугаартай хэргийг Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан энэ хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан /зөрчлийн шинжгүй/ үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. /хх2-86/

г/ Дээрх шийдвэрт өргөдөл гаргагч С.******* гомдол гаргасныг Нийслэлийн прокурорын газрын 2024.01.08-ын өдрийн 1/154 албан бичиг, Нийслэлийн прокурорын газрын 2024.01.08-ын өдрийн №83 Прокурорын тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

-Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт ******* төв" гэх үйлчилгээний зориулалттай 3 давхар барилга, уг барилгын урд талд, зэргэлдээ ******* ******* ХХК нь ашиглалтын шаардлага хангахгүй 21, 22 дугаартай орон сууцны барилгыг нурааж дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр барьж буй барилгуудын гаднах бохир усны шугам, сүлжээ нь шугам сүлжээний мэдээллийн санд ороогүй, ******* төвийн барилгын гадна бохир усны шугам нь шаардлага хангахгүй 21, 22 дугаартай барилгаас холбогдох нормын зай хэмжээ аваагүй угсралт хийгдэж, ашиглагдаж байсан болох тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг зөрчсөн буюу ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламжийн хамгаалалтын бүсийг зөрчсөн гэж үзэх боломжгүй, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болон эрх бүхий албан тушаалтны энэ шийдвэрийг хяналтын прокуророос хэвээр үлдээсэн нь үндэслэлтэй гэх агуулга тусгагджээ.

д/ Ийнхүү ******* ******* ХХК-д холбогдох зөрчлийн хэргийг /зөрчлийн шинжгүй/ хэрэгсэхгүй болгосон байх боловч ******* ******* ХХК нь ******* төвийн хэрэглэсэн бохир дамжин өнгөрөх шугамыг урдын байрлалаас нь зөөж шилжүүлсэн үйл баримт зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх явцад үзлэгийн тэмдэглэлээр тогтоогджээ.

9.2. Түүнчлэн, ******* ******* ХХК нь ******* төвийн хэрэглэсэн бохир дамжин өнгөрөх шугамыг урдын байрлалаас зөөж шилжүүлсэн болох нь Барилгын ажил зогсоолгох тухай Хот байгуулалт хөгжлийн газрын 2024.03.29-ний өдрийн 01-10/779 албан бичигт .... ******* ******* ХХК нь төслийн байршил дахь хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч ******* төвийн шугам сүлжээний ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулсан байх тул Газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/15 дугаар тушаалаар 2023 оны БАЗГ2023/724 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн. Иймд "******* проекг ХХК-ийн барилгын үйл ажиллагааг зогсоож хамтран ажиллана уу гэх албан бичиг, /хх-2-101/

а/ Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2024.03.26-ны өдрийн №А/15 тушаалд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх орон сууцны 21, 22 дугаар байрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч ******* ******* ХХК нь төсөл хэрэгжүүлж байгаа байршил дахь хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч ******* төвийн шугам сүлжээний ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулсан зөрчлөө арилгах хүртэлх хугацаагаар БАЗГ2023/724 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсүгэй гэснээр, /хх2-102/

б/ Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт хандан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023.12.12-ны өдрийн 11/7847 албан бичигт Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт иргэн С.*******ээс 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ирүүлсэн гомдлын дагуу Хотын стандарт, хяналтын газрын Барилгын техникийн хяналт улсын ахлах байцаагч нарын хийсэн хяналт шалгалтаар ******* ******* ХХК-ийн шинээр барьж буй үйлчилгээтэй, орон сууцны барилга болон ******* төвийн барилгын бохир усны шугам хоорондын зай нь шугамын хамгаалалтын зурвас зөрчсөн гэж тогтоосон байна. Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу ******* ******* ХХК-иар зөрчлийг арилгуулна уу гэж тусгагдсанаар, /хх-2-104/

в/ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.12-ны өдрийн №181/ШТ2024/00321 тогтоолын дагуу томилогдсон Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын 2025.03.10-ны өдрийн №01 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд ...Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу гудамж-26 хаягт байрлах ******* төв-ийн бохир усны шугам нь анхны байрлалаас зүүн тийш бохир усны худаг-3-г 10 метр орчим газарт, хуучин диаметр 150мм-ийн шугамыг 37 метр орчим шинэчлэн солин зөөж, шинээр БУХ-4-г нэмж угсарсан байсныг газар дээр нь хэмжилт хийж тогтоов гэснээр, /хх-2-118/

г/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.08.14-ний өдрийн №191/ШТ2025/00721 тогтоолын дагуу нэмэлт шинжилгээг хийж гүйцэтгэсэн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын 2025.11.12-ны өдрийн №02 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд ... Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу гудамж-26 хаягт байрлах ******* төв-ийн бохир усны шугам нь анхны байрлалаас зүүн тийш бохир усны худаг-3-r 11 метр орчим газарт, хуучин диаметр 150мм-ийн шугамыг 37 метр орчим шинэчлэн солин зөөж, шинээр БУХ-4-г нэмж угсарсан байсныг газар дээр нь хэмжилт хийж тогтоов гэснээр тус тус нотлогджээ. /хх-2/240/

10.1. Хариуцагч ******* ******* ХХК нь ийнхүү ******* төв-ийн хэрэглэсэн бохир дамжин өнгөрөх шугамыг урдын байрлалаас нь нүүлгэн шилжүүлэхдээ холбогдох журам, стандартын горим, зураг төсөлгүйгээр шилжүүлснээс шалтгаалан уг бохирын шугам сүлжээний хэвийн ашиглалт, горимыг алдагдуулсны улмаас ******* төвийн хэрэглэсэн бохирын шугам нь хэвийн ажиллаагүй болсон, үүний улмаас бохир усны шугамыг стандартын шаардлага хангуулан дахин засварлахад холбогдох зардлыг нэхэмжлэгч Р.******* гаргасан болох нь дараах байдлаар тогтоогджээ. Үүнд:

а/ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.12-ны өдрийн №181/ШТ2024/00321 тогтоолын дагуу томилогдсон Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын 2025.03.10-ны өдрийн №01 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд ...2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хэрэглэгчдэд үйлчлэх 5 дугаар төвийн Ус хангамжийн инженер Б.Гэрэлцацрал болон мөн тус төвийн хэсгийн инженер С.Анхбаяр нартай хамтран ******* төв"-ийн бохир усны гадна шугам сүлжээг газар дээр нь хэмжилт, үзлэг хийв. Үүнд: БУХ-2 /бохир усны худаг гэх цаашид/-ын өндөржилт 1302,57 метр, БУХ-З-ын өндөржилт 1302,92 метр, БУХ-4-ын өндөржилт 1303,22 метр, БУХ-5-ын өндөржилт 1302,97 метр тус тус байв. Үүнээс үзэхэд БУХ-4 болон БУХ-5-ын хооронд шугамын уналтын зөрүү 25 см буюу эсрэг чиглэлтэй налуутай байна. Энэ нь БНбД 40-04-16 болон БНбД 40-01-14-д заасан стандартад нийцэхгүй байна.

-2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр газар дээр нь үзлэг, хэмжилт хийх явцад БУХ-4 болон БУХ-5 бөглөрсөн, хөлдөлт үүсч эхэлж байсан. Энэ нь БУХ-5-aac, БУХ-4 рүү 25см-ын эсрэг уналтын налуутай байгаагаас шалтгаалан тухайн худгуудад туналт үүссэн. Мөн шугам сүлжээг зөөж шинэчлэн солих явцад шугам угсралтын ажлыг стандартын дагуу угсарсан эсэх нь тодорхойгүй учир нь ажлын зураг болон гүйцэтгэлийн зураг байхгүй, ажлыг хийж гүйцэтгэх явцад мэргэжлийн байгууллагаар хяналт тавиулж угсралтын ажлыг актаар үйлдэж баталгаажуулаагүй байгаа нь шугам угсралт стандартад нийцсэн эсэхийг тодорхойлох боломжгүй.

-******* төв-ийн бохир усны шугам сүлжээний өмнөх трассыг өөрчилснөөр шинээр угсарсан БУХ-4 болон БУХ-5-ын хооронд шугамын уналтын зөрүү нь эсрэг чиглэлтэй байгаа нь 2 бохир усны худгийн хооронд бохир ус туналттай, өөрийн түрэлтээр бохир усыг татан зайлуулахад саад учруулж байна гэжээ.

б/ Мөн Дүгнэлт хэсэгт ******* төв-ийн бохир усны шугам нь анхны байрлалаас зүүн тийш БУХ-З-г 10 метр орчим газарт, хуучин диаметр 150мм-ийн шугамыг 37 метр орчим шинэчлэн солин зөөж, шинээр БУХ-4-г нэмж угсарсан байна. Шугам сүлжээг зөөж, шинээр угсрах явцад батлагдсан ажлын зургийн дагуу угсраагүй, шугам сүлжээг зөөж угсрахдаа мэргэжлийн байгууллагаар хяналт хийлгэж, актаар үйлдэж баталгаажуулаагүй байгаа нь шугам угсралтын ажил стандартад нийцсэн эсэхийг тодорхойлох боломжгүй байна. БУХ-4 болон БУХ-5-ын хооронд шугамын уналтын зөрүү нь эсрэг 25см-ийн чиглэлтэй байгаа нь 2 бохир усны худгийн хооронд бохир ус туналттай, өөрийн түрэлтээр бохир усыг татан зайлуулахад саад учруулж тухайн 2 бохир усны худаг бөглөрч хөлдөлт үүссэн байна гэжээ.

10.2. Түүнчлэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.08.14-ний өдрийн №191/ШТ2025/00721 тогтоолын дагуу нэмэлт шинжилгээг хийж гүйцэтгэсэн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын 2025.11.12-ны өдрийн №02 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд ... БУХ-2 /бохир усны худаг гэх цаашид/-ын өндөржилт 1302,57 метр, БУХ-З-ын өндөржилт 1302,92 метр, БУХ-4-ын өндөржилт 1303,22 метр, БУХ-5-ын өндөржилт 1302,97 метр тус тус байв. Үүнээс үзэхэд БУХ-4 болон БУХ-5-ын хооронд шугамын уналтын зөрүү 25 см буюу эсрэг чиглэлтэй хэвгийтэй байна. Энэ нь БНбД 40-01-14-ын 5.1.1-д/ Дамжуулах хоолой, сувгийн хамгийн бага хэвгийг бохир усны хөдөлгөөний зөвшөөрөгдөх хамгийн бага хурднаас хамааруулан тооцвол зохино. Ариутгах татуургын бүх системд дамжуулах хоолойн хамгийн бага хэвгийг хоолойн голчоос хамааруулан: 150мм-0,008; 200мм-0,007; байхаар тооцно гэж заасан стандартад нийцэхгүй байна. Тодруулбал: Ариутгах татуургын бүх системд дамжуулах хоолойн хамгийн бага хэвгийг 150мм шугам хоолойн хувьд 1 м тутамд 0,008мм буюу 0,8 см байхаар стандартад заасан бол БУХ-4 болон БУХ-5 хоорондын шугамын нийт урт 14 метр байгаа бөгөөд 150мм-н 1 метр шугам хоолой тутам дахь хэвгий 0,56 см байгаа нь БНбД 40-01 -14-ын 5.1.1-д нийцэхгүй байна.

- 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн газар дээр нь хийсэн үзлэг, хэмжилт хийх явцад БУХ-4 болон БУХ-5 бөглөрсөн, хөлдөлт үүсч эхэлж байсан. Энэ нь БУХ-5-aac БУХ-4 руу 25 см эсрэг уналтын хэвгийтэй байгаагаас шалтгаалан тухайн шугам хоолой дахь бохир усны урсгалын хурд саарч туналт үүссэн. Мөн шугам сүлжээг зөөж шинэчлэн солихдоо БНбД 40-04-16-н 3.1/ Байгууламжийн тэнхлэг, хоолойн трасс /чиг/ байгуулж шуудуу малтах, суурийн нүх ухах хил зааг, мөн тухайн нутаг дэвсгэрийн газар доорх шугам сүлжээнүүдийн байршлыг тодорхойлсны үндсэн дээр угсралтын ажлын зөвшөөрлийн дагуу газар шорооны ажил эхэлнэ./ болон 3.2 /Инженерийн шугам сүлжээг малтаж ил гарган нээх замаар шугам хоолойтой холбохдоо холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөгч заавал байлцуулах бөгөөд ил гаргасан сүлжээг гэмтэх, хөлдөхөөс хамгаална./ гэсэн эдгээр заалтуудыг зөрчиж ашиглагч мэргэжлийн байгууллагаар хяналт тавиулаагүй.

- "******* төв-ийн бохир усны шугам сүлжээний өмнөх трассыг өөрчилснөөр шинээр угсарсан БУХ-4 болон БУХ-5-ын хооронд 25см-н уналтын хэвгийтэй байгаа нь 2 БУХ хооронд бохир усны урсгалын хурд саарч өөрийн түрэлтээр бохир усыг татан зайлуулахад саад учруулж БУХ-4, БУХ-5-д хөлдөлт үүссэн байна гэжээ.

а/ Мөн ДҮГНЭЛТ хэсэгт ******* төвийн бохир усны анхны шугам нь анхны байрлалаас зүүн тийш БУХ-З-г 10 метр орчим газарт, хуучин диаметр 150мм-ийн шугам хоолойг 37 метр орчим шинэчлэн солин зөөж, шинээр БУХ-4-г нэмж угсарсан байна. Шугам сүлжээг зөөж, шинээр угсрахдаа БНбД 40-04-16-н 1.1-д / Ус хангамж, ариутгах татуургын гадна сүлжээ, байгууламжийг барих өргөтгөх ажлыг гүйцэтгэх, турших, хүлээн авахдаа ажлын зураг төсөл, энэ норм дүрэмд тусгасан шаардлагаас гадна барилгын угсралтын ажлын үед мөрдөх техникийн аюулгүй ажиллагаа, барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалтын тухай хүчин төгөлдөр мөрдөгдөж буй барилгын норм ба дүрэм болон салбарын яам, газруудын нормативын баримт бичгийг мөрдөнө./ гэж заасны дагуу зураг төсөл хийгдээгүй мөн ашиглагч мэргэжлийн байгууллагаар хяналт тавиулаагүй байна.

-БУХ-4 болон БУХ-5-ын хооронд шугамын уналтын зөрүү 25 см буюу эсрэг чиглэлтэй хэвгийтэй байна. Энэ нь БНбД 40-01-14-ын 5.1.1-д / Дамжуулах хоолой, сувгийн хамгийн бага хэвгийг бохир усны хөдөлгөөний зөвшөөрөгдөх хамгийн бага хурднаас хамааруулан тооцвол зохино. Ариутгах татуургын бүх системд дамжуулах хоолойн хамгийн бага хэвгийг хоолойн голчоос хамааруулан: 150мм-0,008; 200мм-0,007; байхаар тооцно гэж заасан стандартад нийцэхгүй байна. Тодруулбал: Ариутгах татуургын бүх системд дамжуулах хоолойн хамгийн бага хэвгийг 150мм шугам хоолойн хувьд 1м тутамд 0,008мм буюу 0,8 см байхаар стандартад сан бол БУХ-4 болон БУХ-5 хоорондын шугамын нийт урт 14 метр байгаа бөгөөд мм-н 1 метр шугам хоолой тутам дахь хэвгий 0,56 см байгаа нь БНбД 40-01-14-ын 5.5.1-д нийцэхгүй байна гэж дүгнэжээ.

10.3. Нэхэмжлэгч Р.*******ы өмчлөлийн ******* төвийн барилгын хэрэглэсэн бохир ус шууд дамжин гадагшлах бохирын шугам сүлжээг стандартад нийцүүлэн нүүлгэн шилжүүлээгүйгээс шалтгаалан бөглөрөх, хөлдөлт үүсэх, бохир усны урсгалын хурд саарч туналт үүсэх зэргээр хэвийн үйл ажиллагаа явуулахад нь хүндрэлтэй болсон нь дээр дурдсан үйл баримтуудаар тогтоогдсон, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий Цомбон тоосго ХХК-тай 2025.08.05-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулан, ******* төвийн гадна бохир усны хуучин трасс шугамыг шинэчлэх ажлыг 29,890,088 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр харилцан тохирч, 2025.08.05-ны өдрийн 10,000,000 төгрөг, 2025.08.13-ны өдрийн 19,890,088 төгрөгийн нэхэмжлэхийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******ийн Хаан банкны 5027....93 дансаар 2025.08.05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2025.08.13-ны өдөр 19,890,088 төгрөг буюу нийт 29,890,088 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогджээ. /хх-2-209-221/

11. Түүнчлэн, ******* ******* ХХК-ийн барилгын ажлын улмаас ******* төвийн барилгад хазайлт үүсч болзошгүй болсонтой холбогдуулан ******* Проект ХХК нь барилгын хазайлтын хэмжих цэг хатгуулна, танайх цэгээ хатгуулчих, удахгүй мөнгийг нь өгнө гэсэн учир манайх барилгын хазайлтыг хэмжих 5 цэгийг 250.000 төгрөгөөр хатгуулсан. Гэвч энэ төлбөрийг ******* ******* ХХК нь төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч 250,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Газрын мэдээлэл ХХК-иас бичигдсэн Геодезийн хэмжилт 250,000 төгрөг гэсэн баримтаар тогтоогджээ. /хх-22/

12.1. Мөн ******* Проект ХХК нь 2023 оны 07-р сарын 06-ны өдөр ******* төвийн хамаарал бүхий цэвэр усны шугамыг зөвшөөрөлгүй ухах явцад хагалж цэвэр усгүй болгосныг өөрийн хөрөнгөөрөө засаж шугамыг хэвийн үйл ажиллагаанд оруулсантай холбогдуулан цэвэр усны хагарсан хоолой солиулахад хувь хүнд 800,000 төгрөгийн ажлын хөлс төлсөн, цэвэр усны шугамыг доргиож гэмтээснээс хойш дахин 2024 оны 01 сард болон 2024 оны 02 сард гэмтэл гарч их хэмжээний ус алдаж хохирол учирсан ба 2 удаа засварлахад 2 удаа экскаватор хөлсөлж төлбөрт нь 2.300.000 төгрөг, шугамын засварын ажлын хөлсөнд 515,000 төгрөг, шугамын тодруулга 150,000 төгрөг, засварын материалд 436.500 төгрөг төлсөн, мөн цэвэр усны алдагдлын зөрүүнд 1,325,500 төгрөг төлсөн нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой учир нийт гарсан зардалд 5,527,000 төгрөгийг гаргуулахаар шаардсантай холбоотойгоор дараах үйл баримт тогтоогджээ.

12.2. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Хэрэглэгчдэд үйлчлэх төв-5-ийн 2023.07.06-ны өдрийн №161 албан бичигт Танай байгууллага нь ( ******* төв) ОСНААУГ ОНӨААТҮГ-ын Ус дулаан дамжуулах 40 дүгээр төвөөс халаалт, хүйтэн усаар хангагдаг. Тус ус дулаан дамжуулах төвийн хүйтэн усны ерөнхий тоолуур дээр алдагдал үүссэний дагуу орон сууцны байр, аж ахуйн нэгж байгууллагуудын гадна инженерийн шугам сүлжээг шалгахад танай байгууллагын хүйтэн усны ф50-ийн хэмжээтэй шугам хагарч гэмтсэн байна. Иймд дээрх гэмтлээ яаралтай засварлана уу. Засварлаж дуусах хүртэлх хугацаанд хүйтэн усаар хангах боломжгүй болохыг мэдэгдье. Иймд ариутгах татуургын шугамыг шинээр сольж, угсралтын ажлыг тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар хийлгэнэ үү гэсэн нь ******* төвийн хүйтэн усны ф50-ийн хэмжээтэй шугам хагарч гэмтсэн болохыг нотолжээ. /хх-1-21/

12.3. 2023 оны 07-р сарын 06-ны өдөр ******* төвийн хамаарал бүхий цэвэр усны шугамыг ******* Проект ХХК зөвшөөрөлгүй ухах явцад шугам хоолойг хагалж цэвэр усгүй болгосныг нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөрөө засаж шугамыг хэвийн үйл ажиллагаанд оруулсантай холбогдуулан өөрт хохирол учирсан гэх үйл баримтыг хариуцагч баримтаар няцаагаагүй, гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотлоогүй байна.

12.4. Мөн хариуцагч ******* Проект ХХК нь бохир усны шугамыг нүүлгэн шилжүүлэхдээ манай бохирын худгийн тагийг суурьтай нь ачаад авч явсан, манай худаг барилга буулгасан шороогоор дүүрч бөглөрсөн байсныг ажилчин хөлсөлж ухуулж цэвэрлэсэн, хүйтний улирал болоход гадна бохир усны худаг таггүй хөлдөх аюултай тул шинээр худгийн таг худалдан авсантай холбоотой зардалд 250,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь ******* төвийн барилгын хэрэглэсэн бохир ус шууд дамжин гадагшлах бохирын шугам сүлжээг зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн хариуцагчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой, Цэлмэг маргад ХХК-ийн нэхэмжлэхээр хэлтгий таг 160,000 төгрөг, таг 90,000 төгрөг буюу нийт 250,000 төгрөгийн баримтад үндэслэн нэхэмжлэгч шаардсан нь үндэслэлтэй гэж үзэв. /хх-1-27/

а/ Харин нэхэмжлэгч нь бохирын худгийн тагийг суурилуулах ажлын хөлсний зардалд 280,000 төгрөгийг гаргуулахаар шаардахдаа хавтаст хэргийн 28 дугаар талд авагдсан 2023.11.10-нд бохирын худгийн кольцо, таг худаг ухаж засварласан болно. Ажлын хөлс 280,000 төгрөг -Эрдэнэ, Улаанхүү гэсэн баримтад үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй тул үнэлэхгүй. /хх-1-28/

13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох, нотлох баримтын шаардлага хангасан зарим баримтуудаар хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Р.*******ы эд хөрөнгөд хохирол учруулсан, тухайн гэм хорыг арилгахад нэхэмжлэгчээс тодорхой зардал гарсан болох нь бодитой байх тул гэм хор учруулсан этгээд хохирлыг хариуцна.

а/ Тодруулбал, бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болохыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т хуульчилсан бөгөөд хариуцагч ******* ******* ХХК нь ... хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай ******* төв барилгын урд хэсэгт байрлах, ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгын дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсантай холбоотойгоор 22 дугаар байрыг буулгах, уг орон сууцны суурин дээр шинээр орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэх зэрэг төслийн ажлыг хэрэгжүүлэх, эхлүүлэх шатанд хөрш залгаа байрлах нэхэмжлэгч Р.*******ы өмчлөлийн ******* төв-ийн барилга байгууламж, уг барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний хэсэг болон дагалдах хэсэгт гэм хор учруулсан болох нь баримтаар тогтоогдсон тул хариуцлага хүлээх эрх зүйн үр дагавар үүснэ.

14. Хохирол шаардах эрхийн тухайд, нэхэмжлэгч Р.******* нь ******* Проект ХХК нь 2023 оны 07-р сарын 06-ны өдөр ******* төвийн хамаарал бүхий цэвэр усны шугамыг зөвшөөрөлгүй ухах явцад хагалж цэвэр усгүй болгосныг өөрийн хөрөнгөөрөө засаж шугамыг хэвийн үйл ажиллагаанд оруулсантай холбогдуулан цэвэр усны хагарсан хоолой солиулахад хувь хүнд 800,000 төгрөгийн ажлын хөлс төлсөн, цэвэр усны шугамыг доргиож гэмтээснээс хойш дахин 2024 оны 01 сард болон 2024 оны 02 сард гэмтэл гарч их хэмжээний ус алдаж хохирол учирсан ба 2 удаа засварлахад 2 удаа экскаватор хөлсөлж төлбөрт нь 2.300.000 төгрөг, шугамын засварын ажлын хөлсөнд 515,000 төгрөг, шугамын тодруулга 150,000 төгрөг, засварын материалд 436.500 төгрөг төлсөн, мөн цэвэр усны алдагдлын зөрүүнд 1,325,500 төгрөг төлсөн нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаатай холбоотой учир нийт гарсан зардалд 5,527,000 төгрөгийг гаргуулна гэж шаардсанаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******ийн Хаан банкны 5027....93 дансны хуулгаар 2024.01.22-ны өдөр мягмар ажлын хөлс-515,000 төгрөг, 2024.01.22-ны өдөр эске ажлын хөлс-1,200,000 төгрөг, 2024.08.02-ны өдөр экске ажлын хөлс 1,000,000 төгрөг, 2024.08.02-ны өдөр сангийн труба-150,000 төгрөг гэсэн баримт нь нэхэмжлэлийн шаардлага, гэм хорын хохиролтой шалтгаант холбоотой байх тул/515,000+1,200,000+1,000,000+150,000/ 2,865,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэв. /хх-1-212/

15. Харин 5,527,000 төгрөгийн шаардлагаас 2,662,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлага нь баримтаар нотлогдоогүйгээс гадна тухайн шаардлагад хамаарах зарим нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

16. Түүнчлэн, хавтаст хэргийн 220-232 дугаар талд авагдсан мөнгөн хөрөнгө шилжүүлсэн баримт, зарлагын падаан, ОСНААУГ-ын төлбөрийн нэхэмжлэх, автомашины гэрчилгээ зэрэг баримтууд нь хуулиар тогтоосон нотлох баримтын шаардлага хангаагүй тул мөн шүүхийн шийдвэр үндэслэл болохгүй юм.

17. Нэхэмжлэгч Р.******* нь хууль зүйн туслалцаа авсан буюу өмгөөллийн зардалд 6,600,000 төлснийг гэм хорын хохиролд тооцон хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

18. Учир нь бусдаас хууль зүйн туслалцаа авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь зохигчийн сонгох эрхийн асуудал бөгөөд Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөлөгчид төлсөн мөнгөн хөрөнгө нь гэм хорын хохиролтой шалтгаант холбоотойгоор нэхэмжлэгчээс зайлшгүй гарсан зардал гэж үзэх үндэслэл болохгүй, мөн өмгөөллийн зардал нь бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээдийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоогүй байх тул гэм хор учруулсан этгээд бүхэлд нь хариуцах үндэслэлгүй гэж үзэв.

 

19. Дээр дурдсан үндэслэлээр, ******* төв барилгын бохир усны шугамыг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар стандартын дагуу хэвийн үйл ажиллагаатай болгож, урьдын байршилд зөөж засварлахад гарсан зардал 29,890,088 төгрөг, бохир усны худгийн таг худалдан авсан зардал 250,000 төгрөг, цэвэр усны шугамын гэмтэл алдагдлын засварт 2,865,000 төгрөг, барилгын хазайлтын хэмжих цэг тавиулсан зардал 250,000 төгрөг, нийт 33,255,088 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Р.*******д олгож,

Бохир усны худгийн таг байрлуулахад гарсан ажлын хөлс 280,000 төгрөг, өмгөөллийн зардал 6,600,000 төгрөг, цэвэр усны шугамын гэмтэл алдагдлын засварт холбогдох нэхэмжлэлээс 2,662,000 төгрөгт холбогдох хэсэг, Барилгын хазайлтыг хэмжих цэг тавиулсан барилгын хийцлэл засварлах үлдэгдэл төлбөр 5,433,131 төгрөг буюу нийт 14,975,131 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

20. Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр төлүүлэхээр хариуцагчид холбогдуулан шаардлагаа тодорхойлсон, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх бөгөөд нийт 33,255,088 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгов.

21. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.12.25-ны өдрийн №191/ШТ2026/00002 тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаж, Хот байгуулалт хөгжлийн газраас нотлох баримт гаргуулахаар шаардсан боловч тогтоосон хугацаанд шүүхэд хариуг ирүүлээгүй, улмаар хариуцагчийн төлөөлөгчийн тогтоолын биелэлтийг хангуулах хүсэлтэд үндэслэн 2026.01.15-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулжээ.

а/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.12.25-ны өдрийн №191/ШТ2026/00002 тогтоолын дагуу Хот байгуулалт, хотын стандартын газраас 2026.01.19-ний өдрийн 01/87 албан бичгээр холбогдох хариуг ирүүлсэнтэй холбоотойгоор шүүх хуралдаанд зохигчдоос аливаа санал, хүсэлт гаргаагүй тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.12.25-ны өдрийн №191/ШТ2026/00002 тогтоолын биелэлт хангагдсан гэх үндэслэл болно.

б/ Түүнчлэн, Хот байгуулалт хөгжлийн газраас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.12.25-ны өдрийн №191/ШТ2026/00002 тогтоолоор шаардсан нотлох баримтуудад холбогдох хариу нь хавтаст хэргийн 2-84 дүгээр талд авагдсан зөрчлийн хэрэг маргаанд авагдсан байх тул дахин бүрдүүлэх шаардлагагүй баримт болохыг дурдав.

 

22. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ч. нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ...Анхнаасаа хариуцагч нь хана нурааж хохирол учруулсан байна. Бодитоор ил харагдахаар хохирол учруулсан, бохирын шугам сүлжээнд хохирол учруулсан байна. Нэг ийм жишээ байдаг цахилгаан шитнээс авсан гэр лүүгээ очсон хэсэг нь хэрэглэгчийнх, ямар нэгэн гэмтэл гаргахад өөрсдөө хариуц гэдэг түүнтэй адил гэж ойлголоо. Өмчлөх эрхийн талаар мэдэхгүй байна. Хариуцагч нь нэхэмжилж байгаа мөнгө нь төлбөрийг хариуцах үүрэгтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл гэм буруутай үйлдэл нь тогтоогдсон байна. 2 дахь буюу бохирын шугамын асуудлыг мөн хариуцах үүрэгтэй гэж үзэж байна. ******* ******* ХХК нь нэхэмжлэгч талын нэхэмжилсэн нийт төлбөрийг нөхөн төлөх үндэслэл байгаа нь баримтаар нотлогдож байгаа тул хариуцагч төлөх ёстой гэж шүүх хуралдаанд гэм буруугийн асуудлаар дүгнэлт гаргасан ба шүүх бүрэлдэхүүн хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг тооцон шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас 33,255,088 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,975,131 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Р.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /315,300+101,885+70,200+70,200+199,926/ 757,511 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 324,225 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.*******д олгож, нэхэмжлэгч Р.*******аас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 358,410 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ