Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2025/ДШМ/69

 

 

 

 

 

  2025       12        11                                            2025/ДШМ/69

 

 

                                              П.Н нарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                    Т.Д

Шүүгдэгч                                                     П.Н, Ц.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Х.О

Хохирогч                                                       Б.О

Хохирогчийн өмгөөлөгч                            Ч.Ч

            Нарийн бичгийн дарга                             Б.Маралмаа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 418 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат, хохирогчийн өмгөөлөгч Б.Баасанжав нарын давж заалдах гомдлоор П.Н, Ц.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А овогт П-н Н, Монгол Улсын иргэн,

 

Ц овогт Ц-н Б, Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч “М” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн  захирал П.Н нь аймгийн    сум     багт Ус дулаан хуваарилах төв байгуулах ажилд гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх явцдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д заасан “Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухай асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэх заалт,

мөн “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн  аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД12-03-04-ийн 4.7-д заасан “Ерөнхий гүйцэтгэгч ... нь үйлдвэрлэлийн талбай дээр туслан гүйцэтгэгч  ... -ийн оролцоотойгоор ажил гүйцэтгэхдээ, тухайн үйлдвэрлэлийн талбай дээр бүх байгууллага, хувь хүний ажиллах аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээний төлөвлөгөөг тэдэнтэй хамтран боловсруулах, газар шорооны болон барилга угсралтын ажлын бэхэлгээний ажлын хэсэг дээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны арга хэмжээг хэрэгжүүлэхдээ туслан гүйцэтгэгч ...-ийн ажиллах байр болон тэдэнд зориулан төлөвлөсөн арга хэмжээний биелэлтийг хангуулах үүрэг хүлээнэ” гэсэн үүргүүдийг биелүүлээгүйн улмаас 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр        аймгийн          сумын        багийн нутаг дэвсгэрт 1.5 метрийн гүнтэй, 2.6 метрийн өргөнтэй ухсан сувгийн хэмжилт хийж байсан туслан гүйцэтгэгч “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ажилтан буюу хохирогч Б.О шороонд дарагдаж эрүүл мэндэд “баруун шагайн дотор хавчаар яс, тахилзуур ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан,

шүүгдэгч “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн  захирал Ц.Б нь  багт Ус дулаан хуваарилах төв байгуулах ажилд “М” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх явцдаа

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэх заалт, 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасан “Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх” гэх заалт,

28.1.4-д заасан “Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх” гэх заалтад заасан ажил олгогч нар хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангуулах үүргээ биелүүлээгүй улмаас 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр       аймгийн     сумын    багийн нутаг дэвсгэрт 1.5 метрийн гүнтэй, 2.6 метрийн өргөнтэй ухсан сувгийн хэмжилт хийж байсан ажилтан болох хохирогч Б.О шороонд дарагдаж, эрүүл мэндэд “баруун шагайн дотор хавчаар яс, тахилзуур ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: П.Н, Ц.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Ц овогт Ц-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч А овогт П-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Нийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Н, Ц.Б нар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хохирогч Б.О ажилгүй хугацааны цалингаа, мөн энэ гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл цаашид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б, П.Н нар цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Нийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо:

“ ... Хохирогчийн О.О-н мэдүүлэгт ... ажиллах чиг үүргийг болон ажиллагсдын аюулгүй байдал ерөнхий инженер Нямсүрэн, захирал Б нар хариуцдаг байсан гэх мэдүүлэг, хэрэг учрал болоход хэргийн газарт П.Н байгаагүй. Тухайн өдөр хэн ажилтныг ажиллуулж байсан талаарх мэдүүлгээс Ц.Б нь тухайн ажилтныг тухайн өдөр ямар ажил албан тушаалд, ямар гэрээгээр ажиллуулахаар тохиролцож, ажиллуулж байснаа Д.Н-д мэдэгдсэн гэх үйл баримт огт байхгүй байдлыг шүүх анхаарч үзэлгүй, холбогдох заалтуудаар буруутгасан нь үндэслэлгүй.

“М” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал нь ерөнхий гүйцэтгэгч байгаагүй, компани буюу хуулийн этгээд ерөнхийлөн гүйцэтгэгч байсан талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Харин уг тухайн компанийг төлөөлж, захирлаар нь ажиллаж,     аймгийн Засаг даргатай гэрээг байгуулж байсан учраас эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалтаар “М” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал нь “ерөнхийлөн гүйцэтгэгч хариуцна” гэх заалтыг зөрчсөн гэх агуулгатай дүгнэлтийг гаргасан бөгөөд энэхүү дүгнэлт нь ерөнхийлөн гүйцэтгэгч болох хуулийн этгээд хариуцна гэх заалтыг Д.Н нь ямар үндэслэлээр, ямар зөрчил гаргасан болохыг тогтоох ажиллагаа хийгдээгүй атлаа түүнийг хууль зөрчсөн гэж уг заалтыг баримтлан шууд ял халдаан буруутгасан гэж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх үндэслэлтэй гэж шийдвэрлэхдээ П.Нийг “гэм буруутай” гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлт гаргахдаа Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 4 дэх заалтыг анхаарч шийдвэрлээгүй. Учир нь Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс тухайн байгууллагын ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт байхгүй. Энэ нь Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх заалтыг хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн зөв хэрэглэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл “М” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлаар ажилладаг Д.Н-г ямар үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээх болсон талаар дүгнэлт хийгээгүй, ойлгомжгүй байна. Тухайн компанийн нэрийн өмнөөс гэмт хэрэг үйлдсэн “хүн" мөн эсэхийг тогтоох ажиллагааг хангалттай хийгээгүй, энэ талаар шүүх дүгнэлт хийгээгүй болно.

Хэрэгт тендерийн баримт бичиг авагдсан ба уг баримт бичиг болон хэрэгт авагдсан баримтуудад хөдөлмөрийн аюулгүй байдлын 2 ажилтантай болох нь нотлогдоно. /4 хавтаст хэргийн 126-128 тал /, 14 хавтаст хэргийн 47, 133 /

Туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгүүлэх гэрээг “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компанитай байгуулсан нь хэрэгт нотлогдсон ба тухайн гэрээний 5-р зүйлийн 5.1 дэх заалтад заасны дагуу ... барилгын норм ба дүрэм, стандартын дагуу өөрийн хуваарьт ажлаа хийж гүйцэтгэх үүргийг гүйцэтгэгч буюу “Х” ” хязгаарлагдмал хариуцлагатай компани хүлээсэн байна. Энэ нь шинжээчийн дүгнэлтэд дурдаад байгаа барилгын ажил хийж гүйцэтгэхдээ Барилгын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хариуцан ажиллах үүрэг хүлээж байсан талаар “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгч байсан ба Хөдөлмөр аюулгүй ажиллагааны холбогдох баримт бичиг, холбогдох журам дүрмийг дагаж биелүүлэхийг “М” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн холбогдох ажилтан танилцуулж, ажил эхэлж байсан тухай Б шүүх хуралдаан дээр тайлбарлаж мэдүүлсэн. Туслан гүйцэтгэгч компани Хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм журмыг биелүүлэн, хариуцан ажиллахаа мэдэж байсан гэх мэдүүлэг, мөн шүүх хуралдаан дээр “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Б нь ХАБ-ын сургалтад хамрагдсан ХАБ-ын ажилтны эрхийн сертификаттай, эрх бүхий этгээд өөрөө мөн болохоо мэдүүлсэн мэдүүлгийн хэсэгтээ холбогдуулан мөрдөн шалгах дутуу явагдсан байх ба “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг ХАБ-ын ажилтан байхгүй, хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм журмын хэн хариуцахаа гэрээгээр тохиролцоогүй байна гэж үзэж байсан нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд өөр хоорондоо зөрүүтэй авагдсан шинжээч Д.Э-н 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 5 дугаартай дүгнэлт, 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 41/28 дугаартай дүгнэлт зөрүүтэй байх ба тухайн зөрүүтэй баримтаар П.Нийг буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/418 тоот шийтгэх тогтоолын шүүгдэгч П.Нид холбогдох хэсгийг хүчингүй болгож, П.Нийг цагаатгаж өгнө үү ...” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдолдоо:

“... Шийтгэх тогтоолд анхан шатны шүүх хохирогчийн ажиллаж байсан цалингийн хэмжээ тодорхойгүй байх тул хэлэлцэхгүй орхиж ... гэж шийдвэрлэсэн.

Гэтэл Б.О-н хувьд 1 өдөрт 60,000 төгрөгийн ажлын хөлс авахаар тохиролцсон бөгөөд цалин хөлсний талаар мөн шүүгдэгч нар шүүх хуралдааны үед тодорхой хэлсэн бөгөөд талууд энэ талаар маргалдаагүй. Тэгэхээр Б.О-н хувьд цалин 1 өдрийн 60,000 төгрөг х 30 хоног = 1,800,000 төгрөгний цалинтай ажиллаж байсан.

Б.О нь сүүлийн 6 сарын цалинд 1,800,000 төгрөг х 6 сар =10,800,000 төгрөг нэхэмжилсэн. Энэ мөнгөнөөс П.Н 1,300,000 төгрөг цалинд өгсөн, Ц.Б нь 1,320,000 төгрөг, нийтдээ 2,620,000 төгрөгийг л цалинд нөхөж өгсөн гэж тооцно. Харин 9 сарын цалин гэж өгсөн 1,330,000 төгрөг нь 9 сарын 20-ны өдөр хүртэл ажилласан ажлын цалин тул хохиролд нөхөн төлсөн цалинд тооцогдохгүй.

Б.О-н авах ёстой байсан цалин хөлс гэж нэхэмжилсэн 10,800,000 төгрөгийн цалингаас дээрх 2,620,000 төгрөгийг хасаад 8,180,000 төгрөгийг П.Н, Ц.Б нар хариуцан төлөх ёстой байсан бөгөөд анхан шатны шүүх энэ тооцооллыг хийж хохирлыг буруутай этгээдээс гаргуулахаар шийдэх үндэслэлтэй байсан. Иймд анхан шатны шийтгэх тогтоолд шүүгдэгч нараас 8,180,000 төгрөгийг тэнцүү байдлаар хуваан гаргуулж, хохирогчид олгохоор өөрчлөлт оруулж өгнө үү ... ” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч П.Н тайлбартаа: ... намайг цагаатгаж өгөөч гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Б тайлбартаа: ... Тухайн үед би бичгээр зааварчилгаа өгөөгүй, амаар зааварчилгаа өгсөн нь алдаа болсон. Өөр тайлбаргүй ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О тайлбартаа: ... Шууд буруутгах үндэслэл бүхий баримт байхгүй тул цагаатгах байр суурьтай байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Б.О тайлбартаа: ... Сэтгэл санааны хохиролтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Ч.Ч тайлбартаа: ... Анхан шатны шийтгэх тогтоолыг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: ... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Н, Ц.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч П.Нийн өмгөөлөгч Х.О болон хохирогчийн өмгөөлөгч Ж.Б нарын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэв.

 

Шүүгдэгч “М” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн   захирал П.Н нь     аймгийн         сумын        багт Ус дулаан хуваарилах төв байгуулах ажилд гүйцэтгэгчээр,

шүүгдэгч “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ц.Б нь тус компанийн туслан гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ тус тус биелүүлээгүйн улмаас 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр         аймгийн        сумын       багийн нутаг дэвсгэрт ухсан сувгийн хэмжилт хийж байсан “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ажилтан Б.О нь шороонд дарагдаж, эрүүл мэндэд “баруун шагайн дотор хавчаар яс, тахилзуур ясны хугарал” бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдгээрийн тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоожээ.

 

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл хэмжээгээр буюу торгох ялаар шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэнтэй нийцсэн төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О нь “ ... шинжээчийн дүгнэлтүүд өөр хоорондоо зөрүүтэй ...,  тухайн зөрүүтэй баримтаар П.Нийг буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй ...” гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг гаргасан байх боловч

 

хохирогч Б.О-н ... 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн орой 20 цаг өнгөрч байхад         аймгийн           сум,       багт байрлах Б баарны хойд талбайд дулааны шугам солих ажлыг “М” хязгаарлагдмал хариуцлагатай компани гүйцэтгэж байсан, тэгтэл энэ үед ажлын талбайд буюу дулааны шугамыг байрлуулах ухсан шуудуу руу өөрийн биеэр ганцаараа орж хэмжилт хийж байсан чинь ард талын эргийн шороо нурж орж ирээд баруун хөлийг минь дарж хөлийг минь гэмтээсэн.

 

... Бүсийн оношилгоо эмчилгээний төвд очиж эмчид үзүүлэхэд баруун хөлний яс хугарсан байсан. Энэ үед нар бүтэн жаргаад харанхуй болсон байсан бөгөөд ямар ч зориулалтын гэрэлгүй, зөвхөн экскаваторын гэрэлд ажиллаж байсан ... ажлын хувцасгүй өөрийнхөө өмсөж байсан хувцастайгаа ямар нэгэн хамгаалах хэрэгсэлгүй орсон, угаасаа ажлын хувцас гэж өгч байгаагүй, хамгаалах хэрэгсэл гэвэл хамгаалалтын малгай /каск/ л өгдөг байсан ... Манай компани энэ шугамын ажлыг эхлээд 2 хонож байсан бөгөөд эхэлсэн цагаас хойш эрэг нурахаас сэргийлж ямар нэгэн хамгаалалт хийгээгүй, яагаад хийгээгүй болохыг мэдэхгүй байна, манайд хөдөлмөр аюулгүй байдлын инженер ажилтан гэж байгаагүй, ... Ажил эхлэхийн өмнө аюулгүй байдлын ажиллагааны зааварчилгаа гэж зүйл хэн ч өгдөггүй байсан, ерөнхий инженер ажиллаж байсан хүмүүст хандаж болгоомжтой ажил хийгээрээ л гэж хэлдэг байсан ... гэсэн мэдүүлэг,

 

хохирогчийн биед учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн 348 дугаартай  “...Б.О-н биед баруун шагайн дотор хавчаар яс, тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо ... гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт, Яаралтай тусламжийн хуудас,

 

     аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын шинжээч Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Э-н 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 05 дугаартай “... “М” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 ... , 35 дугаар зүйлийн 35.1 -д ... заасан заалтыг зөрчсөн. “Х" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 ..., 28 дугаар зүйлийн 28.1.3 ..., 28.1.4-д ... заасныг зөрчсөн байна ...” гэсэн дүгнэлт болон

 шинжээч Ц.Б, Ч.Т, Б.Б нарын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 41/28 дугаартай “ ... осолдогч Б.О дулааны шугамыг суурилуулах зориулалттай ухсан шуудуу руу орж хэмжилт хийх ажил гүйцэтгэж байгаад шороонд дарагдаж баруун хөлийн шагайн дотор хавчаар яс, тахилзуур ясны хугарал гэмтэл авч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан нь хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх хууль, тогтоомжийн холбогдох заалтууд зөрчигдсөн байна.

   ... Ажилтан Б.О-т 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга бичгээр өгөөгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт МNS4969:2000 “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандартын 3.16 “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” заалтыг зөрчсөн байна.

 ... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28.3 “Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана.

 Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэсэн заалтын дагуу 06/2023 дугаартай “Туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгүүлэх гэрээ”-д талууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болон түүнд зарцуулах хөрөнгө, үйлдвэрлэлийн ослын улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөхөд шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой тусгаагүй тул тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч “М” хязгаарлагдмал хариуцлагатай компани хариуцна ...

   ... “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг олгоогүй, ажилд гаргахдаа гүйцэтгэх ажил үүрэгт тохирсон аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй ажиллуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” заалтыг зөрчсөн байна. “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ажилтан Б.Отгонбаяр нь 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “М” хязгаарлагдмал хариуцлагатай компани, “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компаниудын гүйцэтгэж байсан суваг ухаж, шугам тавих ажлыг хийж байх явцад осолд өртөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан осол нь ... үйлдвэрлэлийн осол мөн ... ” гэсэн дүгнэлтүүдээр

   шүүгдэгч Ц.Б, П.Н нар нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

   Хавтаст хэрэгт авагдсан шинжээч нарын дээрх дүгнэлтүүд нь нэг нэгнээ нотолсон шинжтэй, шүүгдэгч нарыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн холбогдох хэсэг, заалтыг зөрчсөн талаар  тодорхой дүгнэсэн байх тул өмгөөлөгч Х.О-н давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэх явцад хохирогч Б.О нь өөрийн өмгөөлөгч Б.Б-с татгалзаж, өмгөөлөгч Ч.Ч-той 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг ирүүлсэн бөгөөд давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь “... өмгөөлөгч Б.Б-н давж заалдах гомдлыг дэмжиж байгаа..” гэсэн тайлбар гаргаснаас гадна өмгөөлөгч Б.Б нь давж заалдах гомдлоосоо татгалзсан тайлбар ирүүлээгүй тул түүний давж заалдах гомдлыг хянан хэлэлцсэн болно.

Хохирогчийн өмгөөлөгч Б.Б нь “... анхан шатны шийтгэх тогтоолд шүүгдэгч нараас 8,180,000 төгрөгийг тэнцүү байдлаар хуваан гаргуулж, хохирогчид олгохоор өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэсэн давж заалдах гаргажээ.

Хэдийгээр ажил олгогч буюу “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ц.Б, ажилтан Б.О нар нь өдрийн цалинг 60.000 төгрөгөөр тохиролцсон талаар маргадаггүй боловч ажилтан, ажил олгогч нарын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй, ажилтны сард ажиллавал зохих хоног тодорхойгүй тул Б.О-г сар бүр 30 хоног ажилласнаар тооцож хохирлыг гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурьдсанаар хохирогч Б.О нь ажилгүй байсан хугацааны цалингаа, мөн энэ гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл цаашид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Харин давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Ч.Ч нь  “... гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор, уршгийг арилгах, нөхөн төлүүлэх боломжоор хангаж өгнө үү ... “ гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд хохирогч Б.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ... би гомдолтой, сэтгэл санааны хохиролтой байна ... гэж мэдүүлэг өгсөн байна.

 

2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шинэчлэн найруулсан Шүүхийн шинжилгээний тухай хуулиар “... сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ...” харилцааг зохицуулсан ба үүнтэй холбогдуулан Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоол, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай “журам хүснэгт батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар “гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг тус тус баталсан.

Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т ... сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ … гэж хуульчилсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д заасны дагуу хохирогч нь өөрт учирсан хохирол хор уршгийг нөхөн төлүүлэх хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гаргах эрхтэй юм.

 

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.О нь өөрийн сэтгэцэд гэмтлийн дараах стресс үзүүлэх хариу урвалын шинжүүд ямар түвшинд илэрч байгаа, ... хор уршгийн хэддүгээр зэрэглэлд хамаарах талаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй тул магадлалын тогтоох хэсэгт энэ талаар тусгахаар шийдвэрлэлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О, хохирогчийн өмгөөлөгч Б.Б нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 418 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О, хохирогчийн өмгөөлөгч Б.Б нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хохирогч Б.О нь өөрийн сэтгэцэд учирсан хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

 

                        ШҮҮГЧ                                                           Б.СОСОРБАРАМ

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР