| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/08045/И |
| Дугаар | 192/ШШ2026/03294 |
| Огноо | 2026-03-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2026/03294
2026 03 25 192/ШШ2026/03294
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-ид холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 195,741,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, мөн сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* ” ХХК нь манай компанитай 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Х/58 тоот “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан бөгөөд энэхүү гэрээнд худалдагч “******* жи ханги гэйт” ХХК нь эрхийн зөрчилгүй, чанар стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүн буюу бүх төрлийн шатахуун, дизелийн түлш нийлүүлэх, худалдан авагч “Шилдэг транс капитал” ХХК нь хүлээн авсан шатахуун, түлшний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв төлбөрийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээнд заасан хувь хэмжээгээр алданги төлөх гэсэн үндсэн нөхцөлүүдийг тохирсон байдаг. Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-ийн зүгээс худалдах, худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн буюу худалдан авагч “******* ” ХХК-ийн захиалгат шатахуун, түлшийг цаг тухайд нийлүүлсэн. Тодруулбал, зохигч талуудын хооронд байгуулсан Х/58 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу худалдагч нь худалдан авагчид нийт 858,414,000 төгрөгийн үнэ бүхий дизелийн түлшийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хооронд нийлүүлсэн. Хариуцагч нь 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хүлээн авсан түлшний төлбөр болох 727,920,000 төгрөгийг төлсөн боловч, хамгийн сүүлд буюу 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан 47,800 литр дизелийн түлшний төлбөр болох 130,494,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, гэрээний үүргээ зөрчиж байна. Бидний хооронд харилцан тохиролцож байгуулсан Х/58 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар худалдан авагч нь тухайн сард худалдан авсан түлшний төлбөрийг дараа сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах үүрэгтэй. Гэвч, хариуцагч “******* ” ХХК нь Х/58 тоот гэрээний дагуу 2024/10/08 өдөр хүлээн авсан түлшний төлбөр болох 130,494,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй биднийг хохироосоор байна. Худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Худалдан авагч нь шатахуун болон бүтээгдэхүүний төлбөрийг тээврийн хөлсний хамт гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3- т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон худалдагчид алданги төлнө” гэж тохиролцсон. Хариуцагч “******* ” ХХК нь Х/58 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор түлшний төлбөр болох 130,494,000 төгрөгийг төлөх ёстой байсан боловч төлбөрийн үүргээ зөрчөөд 270 гаруй хоног болсон байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар буюу 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан зохицуулалтын дагуу алдангийн тооцоолол хийсэн. Тодруулбал, 2025 оны 08 дугаар сарын 15 өдрийн байдлаар 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш нийт 273 хоног хугацаа хэтэрсэн байх бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 130,494,000 төгрөг болно. Худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх зохицуулалттай бөгөөд нийт хоцорсон 273 хоногийг төлөгдөөгүй төлбөр 130,494,000 төгрөгийн 0,5% буюу 652,470 төгрөгөөр тооцон үржүүлбэл 178,124,310 төгрөгийн алданги тооцогдож гарсан байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасныг баримтлан Нэхэмжлэгчийн зүгээс гүйцэтгээгүй үүрэг буюу 130,494,000 төгрөгийн 50 хувь болох 65,247,000 төгрөгийг Хариуцагчаас төлүүлэх байр суурьтай байна. Нэхэмжлэлийн шаардлагын дэлгэрэнгүй: Хариуцагч “******* ” ХХК нь уг нэхэмжлэлийг гаргасан өдрийн байдлаар Х/58 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу үүссэн түлшний үндсэн төлбөр 130,494,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар тооцсон алданги 178,124,310 төгрөгийг тус тус төлөлгүй, өнөөдрийг хүртэл манай компанийг хохироож байна. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний биелэлтийг хангуулахаар зохих албан бичгийг Хариуцагч талд удаа дараа хүргүүлэх, үүрэн телефон болон бусад холбооны хэрэгслээр удаа дараа шаардлага тавих, мөн гэрээний үүргээ гүйцэтгэх, төлбөр төлөх боломжит хугацааг олгосон боловч ямар нэгэн үр дүн гарсангүй. Иймд, Х/58 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу худалдан авсан дизелийн түлшний төлөгдөөгүй төлбөр 130,494,000 төгрөг, Х/58 тоот гэрээний дагуу тооцсон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-тай тэнцэх хэмжээний алданги 65,247,000 төгрөг, нийт 195,741,000 төгрөгийг хариуцагч “******* ” ХХК-иас гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигч талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “******* ” ХХК-ид холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 195,741,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигч талууд харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. “******* ******* ******* *******” ХХК нь нэхэмжлэлийн нийт шаардлага 195,741,000 төгрөгийг 32,623,500 төгрөгөөс татгалзаж, “******* ” ХХК нь үлдэх 163,117,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 54,372,500 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 54,372,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 54,372,500 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
Шүүх хүсэлтийг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК нь хариуцагч “******* ” ХХК-ид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 195,741,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан байна.
“******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “******* ” ХХК-ид холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 195,741,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 32,623,500 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “******* ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 163,117,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 54,372,500 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 54,372,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 54,372,500 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.
Уг эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй гэх тул хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,136,655 төгрөгөөс 568,327.5 төгрөгийг, хариуцагч “******* ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 568,327.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-ид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “******* ” ХХК-ид холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 195,741,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 32,623,500 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “******* ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 163,117,500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 54,372,500 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 54,372,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 54,372,500 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,136,655 төгрөгөөс 568,327.5 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-ид, хариуцагч “******* ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 568,327.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХК-ид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***