Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 31

 

Д.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч: Ж.Баттогтох

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.*******

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Г.*******о

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.*******

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч: В.*******

Нарийн бичгийн дарга: Б.Долгорсүрэн нар оролцов.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж шийдвэрлэсэн 2017 оны 08 дугаар сарын 28ы өдрийн 169 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.*******о, хариуцагч байгууллагын өмгөөлөгч В.******* нарын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хэргийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тус театрт бичиг хэрэг, архивын эрхлэгч, уран бүтээлийн фондын ажилтнаар ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Хөгжимт жүжгийн театрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/17, Б/22 тоот тушаалуудыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэг, байгууллагын дотоод журмын 2.1.3, удирдлагын зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэлүүдийг тус тус үндэслэж уг тушаалыг гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар байгууллагын бүтэц орон тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн. Гэтэл уг хуулийн заалтын дагуу бүтэц орон тоог цөөрүүлсэн тохиолдолд тухайн ажлын байранд ажиллаж байгаа ажилтнуудаас ажлын ур чадвар, туршлага зэргийг нь харгалзан сонгон шалгаруулалт авах байтал нээлттэй сонгон шалгаруулалт зарласан мэтээр хувийн ашиг сонирхлын үүднээс өөр хүн авч ажиллуулсан. Иймд намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэр, хувь хүний орлогын татварт нөхөн бичилт хийж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.*******о анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Д.*******гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөгжимт жүжгийн театр нь зорилго, зорилт, чиг үүргийнхээ хувьд уран бүтээл туурвидаг уран бүтээлийн байгууллага учир цаашид чанартай уран бүтээл туурвиж ажиллахын тулд зайлшгүй уран бүтээлчдийн тоог нэмэх шаардлагатай байсан. 2012-2013 онуудад уран бүтээлчдийн тоо боломжийн байхад 2014-2016 онуудад буурч аж ахуйн ангийн орон тоо нэмэгдэж аж ахуйн 2 ангитай болсон байдаг. Урлагийн байгууллага нь гол уран бүтээлчдээ гэрээгээр авч ажиллуулж байсан. Иймд ангиудтай уулзаж саналыг авсны дагуу 2017 онд уран бүтээлчдийн тоог 5 хүнээр нэмж аж ахуйн ангид зохион байгуулалт хийсэн. Энэ нь хууль дүрмийн дагуу явагдсан. Хөгжимт жүжгийн театр нь 2016 оны бүтэц орон тоонд 2016 оны 12 дугаар сараас хойш шинэчлэл хийж бүжигчин-10, дуучин-10, хөгжимчин-10, мөн аж ахуйн 1 ангитай болж хүний нөөц, архив, бичиг хэргийн ажилтан-1, нярав жолооч-1, касс, ресепшин-1, сахиул-1 гэсэн орон тоотой болсон. Тус театрт архив, бичиг хэргээр ажиллаж байсан Д.*******д албан мэдэгдэл өгөхдөө хүний нөөц, архив, бичиг хэргийн ажилтны сонгон шалгаруулалтанд оролцох боломжтой талаар тусгасан ба хүний нөөц, архив, бичиг хэргийн ажилтны сонгон шалгаруулалтын шалгалт авч байх үед Д.******* нь байсан бөгөөд шалгалтанд орохгүй гэсэн хариу өгч байсан. Энэ орон тоо нь хүний нөөцийн мэргэшил дээр тулгуурлаж байгаа учраас шаардлагад нийцэхүйц чадварлаг хүн шалгаруулах шаардлагатай байсан. Иймээс шаардлагад нийцсэн хүн сонгон шалгаруулалтаар авсан. Нэхэмжлэгч Д.******* нь архив, бичиг хэргийн ажил хийж байсан. Архив, бичиг хэргийн ажлыг хүний нөөцийн ажилтан хийгээд явах боломжтой учраас энэ хоёр албан тушаалыг нэгтгэсэн. Иймд Д.*******г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.*******г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас халсан байна. Орон тоо хасагдсан гэдэг 2017 оны шинэчлэн баталсан бүтэц орон тоонд архив бичиг хэргийн ажилтан байгаа учраас үүнийг орон тоо хасагдсан гэж үзэхгүй байна. Ажилтны орон тоо цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр Г.*******о дарга Д.*******г ажлаас чөлөөлсөн гэж ойлгож байсан. Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тогтоолд орон тоог цөөрүүлсэн гэдгийг хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил албан тушаалаас тодорхой тооны албан тушаал хассаныг ойлгоно гэж заасан. Тэгэхээр бичиг хэргийн ажилтан, архивын эрхлэгч мөн хүний нөөцийн ажилтны ажлын байрны хувьд нэг ажлын чиг үүрэг гүйцэтгэдэг албан тушаал эсэх нь эргэлзээтэй байна. Төсвийн тухай хуульд заасан үндэслэлээр эрх хэмжээний хүрээнд 2017 оны төсвөө шинэчлэн баталж тушаал гаргасан байна. Энэ тушаалыг харахаар 2016 оны Бямбадорж даргын баталсан төсөв, 2017 оны Г.*******о дарга хоёрын баталсан төсвийг харьцуулахад орон тоо нь 2016 онд 60, 2017 онд 61 ажилтантай байхаар байна. Үүнээс дүгнэхэд орон тоо хасагдсан гэх үндэслэл харагдахгүй байна. Үйлчилгээний ажилчдын орон тоог цөөрүүлээд уран бүтээлчдийн ажилчдын орон тоог нэмээд байгаа нь орон тоо цөөрүүлсэн гэж харагдахгүй байна. Иймд Д.*******г Хөгжимт бүжгийн театрын архив, бичиг хэргийн эрхлэгч, уран бүтээлийн фондын ажилтны албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хувь хүний орлогын албан татварт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч В.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага, нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоо цөөрүүлсэн гэх үндэслэлээр ажлаас халсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийг орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байдаг. Хөгжимт жүжгийн театрын байгууллагын зорилго, зорилт дээр үндэслэж тухайн байгууллага дотроо байгаа бүтцийнхээ орон тоог хасаж, зарим орон тоогоо нэмж шийдвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан материалаас харагдаж байна. Хөгжимт жүжгийн театр нь соёл урлагаар үйлчлэх, өөрөө тодорхой хэмжээнд орлого олж төрийн санд төвлөрүүлж, энэ хөрөнгөнөөс ажилчдаа цалинжуулж ажилладаг байгууллага. Тийм учраас орлого олох байгууллагын нэр томьёонд дүйцүүлэх ийм нөхцөл байдал хэрэгтэй байгаа учраас соёл урлагийн ажилчдыг нэмэгдүүлэх шаардлага гардаг. Тухайн байгууллага оршин тогтнох үндэс, ард олонд соёл урлагаар үйлчлэх нөхцөл байдал бий болсон. Тиймээс 2017 оны хэмжээнд ашиг олдоггүй тухайн байгууллага сул орон тоонд ажиллуулахгүй, эдгээр сул орон тоо нь тухайн байгууллагад сөргөөр нөлөөлж байсан учраас бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Дотоод аж ахуйн ангийн бүтэц орон тоог өөрчлөөд соёл урлагаар үйлчилдэг хүмүүсийн тоог нэмэгдүүлснээр байгууллагын ашиг орлого нэмэгдэх, ард түмэнд үйлчлэх боломж нь өргөн хүрээтэй болох нөхцөл байдал бий болсон учраас бүтэц зохион байгуулалтыг хуулийн хүрээнд хийсэн. Орон тоо хасагдсан гэх ойлголтыг аж ахуйн анги дээр бүтэц зохион байгуулалтыг түлхүү хийгээд үйлчилгээ үзүүлдэг салбаруудын ажилчдыг нэмэгдүүлэх болсон байна гэж харж байна. Тиймээс орон тоог цөөрүүлээгүй хассан гэж үзэж байгаа учраас Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоог хасагдсан гэсэн үндэслэлээр Д.*******г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Тайж овогт *******ийн *******г Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын бичиг хэрэг, архивын эрхлэгч, уран бүтээлийн фондын ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.*******д ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4277126 төгрөгийг Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театраас гаргуулан олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэг, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар Д.*******гийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох нийт 4277126 төгрөгөөс түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг зохих журмын дагуу тооцон суутгаж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театраас улсын тэмдэгтийн хураамж 83384 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.*******о давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч Д.*******гийн иргэний хэргийн шүүх хурал 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхэд болсон.

Энэ шүүх хурлын хариуцагчаар аймгийн Хөгжим жүжгийн театр оролцсон ба Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны 169 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг илэрхийлж гомдол гаргаж байна.

Энэ шүүх хурал нь хэт нэг талыг барьсан, хэргийг бодит байдалд тохирсон дүгнэлт хийгээгүй нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг өөрчилсөн нотлох баримтыг үндэслэл болгоогүй явдал нь хууль бус гэж үзэж байгаа тул тус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Дэлгэрэнгүй тайлбарыг шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож тайлбарлах болно гэжээ.

 

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017.08.28-ны өдрийн 169 тоот шийдвэрийг 2017.09.12-ны өдөр хүлээн авч танилцаад уг шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Д.*******гийн Завхан аймгийн Хөгжим жүжгийг театр, Г.*******од холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх шийдвэрлэхдээ уг маргааныг хэлбэр талыг баримтлан шийдвэрлэсэн ба агуулга талыг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт гаргаагүй үйл явдлын үнэн бодит байдалд тулгуурлан шийдвэрлээгүйгээс шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй гарсан гэж үзэж буй тул хэргийг хянан зохих шийдвэрийг гаргаж өгнө үү? Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.*******о давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүх хурал хэргийн бодит байдалд тохирсон дүгнэлт хийгээгүй хэт нэг талыг барьсан. Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг өөрчилсөн нотлох баримтад тулгуурласан шийдвэр гаргаагүй. Энэ шүүх хурал нэхэмжлэлээсээ эхлээд биш байсан. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Хариуцагч байгууллага Хөгжим бүжгийн театр байхад, хариуцагчаа хувь хүнд холбогдуулан гаргасан *******ын *******од гэж нэхэмжлэлээ гаргасан байсан. Энэхүү нэхэмжлэлийг иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн асуудал байсан. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад андуураад бичсэн гэж байсан. Бид нарыг хэргийн материалд нотлох баримт байхгүй байна гэж байсан мөртлөө нэхэмжлэгч талын тайлбар бүрийг хүлээн авч асуудлыг тухай бүр нь шийдвэрлэж байсан. Тушаалыг гаргахдаа хамт олны саналыг үндэслэсэн өөрсдөө ч саналаа өгсөн нэхэмжлэгчийн 2 сарын цалингийн дундаж хэмжээтэй дүйцэхгүйц тэтгэмжийг нь өгсөн нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагын өөрчилсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас 3.1 сая төгрөгийг нэхэмжилж байхад 4.2 сая төгрөг нэхэмжлэгч талд гаргаж өгөх тухай шүүхийн шийдвэр гаргасан байна. Хариуцагч байгууллагын тэтгэмжид гаргаж өгсөн тэтгэмжийг хасахгүй шийдвэрлэсэн гомдолтой байна. Нэхэмжлэгч талаас Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байна гэхэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын шүүх рүү шилжүүлсэн хариуцагч талаас Тосонцэнгэл сумын шүүхийн шүүгч нараар хэргийг шийдвэрлэхгүй эргэлзээтэй байна гэсэн нотлох баримтуудыг хүлээн авсан. Тосонцэнгэл сум дахь анхан шатны шүүх дээр очоод хэргийн материалтай 2017 оны 07 дугаарын сарын 31-нд танилцах гэтэл хэргийн хугацааг түр түтгэлзүүлсэн байгаа эргээд хариу мэдэгдэнэ танилцуулах боломжгүй гэж байсаар байгаад хэргийг Тосонцэнгэл сум руу шилжүүлэх тухай захирамж 2017 оны 06 сарын 12-нд гарсан байсан гэтэл гаргасан өдөр танилцуулахгүй 2017 оны 06 сарын 19-ний өөр хэрэг чинь өөр шүүх рүү шилжиж байна гэсэн бичгийг ирүүлсэн хагас бүтэн сайн өдөр таараад 2017 оны 06 сарын 23-ны гомдол гаргахад гомдлыг чинь хүлээн авах боломж байхгүй 1 өдрөөр хугацаа хэтэрсэн байна гэсэн ямар учраас эргэлзээтэй гээд байна гэхээр Завхан аймгийн шүүгч нар хэргийг шийдвэрлэхэд эргэлзээтэй байна гэж нэхэмжлэгч талаас үзэж байвал манай талаас Тосонцэнгэл сумын шүүгч нарыг эргэлзээтэй гэж үзээд Говь-Алтай аймаг руу шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байхад хүлээж аваагүй хэт нэг барьсан шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шүүх хуралдааны бичлэгийг үзэхийг та бүхнээс хүсч байна. Шүүх хуралдаан дүрмийн дагуу явагдсан уу үгүй юу гэдгийг миний хувьд Тосонцэнгэл сумын анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцож байсан. Гэтэл 2 шүүгчийн хувьд эрс тэс нэг шүүгч нь дүрмийн дагуу шүүх хуралдааныг явуулж байсан бол нэг шүүгч нь хэт нэг талыг барьж шүүх хуралдааныг явуулж байсан. Ийм учраас хууль бус нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан гэж үзэж байна гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг дэмжиж байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг анханаасаа хүлээн авахдаа хуулийн үндэслэлгүй хэнд зориулж хаана гаргасан нь тодорхой бус нэхэмжлэлийг Завхан аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэх гэж байсан. Эхлээд нэхэмжлэлийн бүрдүүлбэр дээр Г.*******од холбогдуулан нэхэмжлэлийг гаргаад сүүлд нь ХЖТ гэсэн товчилсон 3 үсгийг бичсэн нэхэмжлэл байдаг. Энэ талаар анхан шатны шүүх хурал дээр маргаан үүсгэж энэ асуудлын талаар ярьсан гэтэл анхан шатны шүүх асуудлыг шийдвэрлэхдээ профессын хуулийн дагуу яваад, нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна ийм учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэлт гаргахад нэхэмжлэгч талаас хүлээн авсан энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шүүх өөрийн санаачлагаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн гэж харахаар байна. Нэхэмжлэгч талаас шүүгч цалингүй байсан хугацааны тэтгэмж хэдэн төгрөг нэхэмжлэлж байгаа талаар асууж байсан. Нэхэмжлэгч талаас тодорхой үнийн дүн хэлж байсан гэтэл шүүхийн шийдвэр хэлж байсан үнийн дүнгээс илүү байсан нь шүүх өөрийн санаачлагаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн гэж харахаар байна. Хариуцагч бид нар ямар нэг хүсэл зориг илэрхийлээгүй байхад, нэхэмжлэгч талаас Завхан аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нараас бүрэлдэхүүнээр нь татгалзаж байна гэж ийм нөхцөл байдал үүсч болзошгүй байна гээд Тосонцэнгэл сумын шүүх рүү шилжүүлсэн энэхүү шилжүүлсэнийг би хууль зүйн үндэсгүй гэж үзэж байна. Энэ нөхцөл байдлаас үүдэн нэхэмжлэлийн шаарлагыг нэмэгдүүлээд байгаад ашиг сонирхолыг зөрчил үүсгэх гэж шилжүүлсэн гэж бодож байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч талаас яриад байгаа сонгон шалгаруулалтад орохыг санал болгосон боловч өөрөө ороогүй гэдэгт тайлбар гаргахад миний ажлын байр байсан хугацаагүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Хэрвээ миний ажлын байрны орон тоо хасагдсан, цөөрүүлсэн бол бид 2-ын хэн ур чадвартай байгааг авч ажлуулах ёстой байсан түүнээс сонгон шалгаруултад гаднаас хүмүүсийг оруулах нь хууль бус байсан учраас сонгон шалгаруултад оролцоогүй. Тухайн үед сонгон шалгаруулалт явагдаж байх үед ажлаа хийж байсан учраас ямар хүмүүс орж байсан тухай мэдэж байна. Намайг ажлаас чөлөөлсөны дараа авч ажилуулж байсан хүн нь тухайн сонгон шалгаруултад ороогүй хүн тийм учраас өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа 100 хувь дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч болон өмгөөлөгч нарын тайлбарыг сонслоо. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч талаас гомдол гаргасан байна. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн давж заалдсан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас дараах тайлбарыг гаргаж байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдлыг гаргасан байхад иргэний хэргийн анхан шатны шүүхээс гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн гэж байна. Нэхэмжлэгч Завхан аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргахаар очоод шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтантай уулзахад нэхэмжлэлийн маягтийг өгсөн байдаг. Тэрхүү маягтийн дагуу өргөдлөө бөглөсөн гэтэл тэрхүү маягт дээр Захиргааны хэргийн анхан шатны шүүх гэсэн байсан юм уу? Иргэний хэргийн анхан шатны шүүх гэсэн байсан уу? тэрийг сайн анзаарч харалгүйгээр бичсэн байсан энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгчээс нэхэмжлэлийг хаана хандаж гаргасан талаар асуухад нэхэмжлэлээ иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан талаар тайлбарлаж байсан. Мэдээж Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу төрийн үйлчилгээний албан хаагчаар ажиллаж байсан учраас иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан. Мөн хувь хүнд холбогдуулан нэхэмжлэлээ гаргасан гэж тухайн үед 2016 оны сүүлээр Хөгжимт жүжгийн театрын дарга Г.*******о болж байсан учраас тухайн байгууллагын дарга гэдэг үүднээс тухайн нэхэмжлэлийг Хөгжимт жүжгийн театрын дарга Г.*******од гэж нэхэмжлэлийг гаргасан юм. Тушаалаа гаргахдаа хамт олонтойгоо зөвлөлдөж байж тушаал гаргасан гэж байна. Хамт олны хурал 2017 оны 12 сарын 30-наас хойш хийгдсэн албан ёсоор 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаа гаргасан байдаг гэтэл Д.*******гийн ажлын байр байж байхад түүний ажлаас чөлөөлсөн байна гэж үзэж байна. Ажилгүй байсан хугацааны цалинг шүүхээс нэмэгдүүлж гаргасан гэж үзэж байна гэсэн нэхэмжлэгч талаас ямар нэгэн үнийн дүнг тогтоож гаргаагүй байсан. Баримжаар тэд орчим байх гэж байсан болохоос нарийвчлан тооцож үзсэн зүйл байхгүй гэдэг байдлаар тайлбарлаж байсан. Шүүх угаасаа ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэж байна гэхээр шүүхээс ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэгч талд бодож өгдөг журмын дагуу ажилгүй байсан хугацааны цалинг бодож гаргасан гэж үзэж байна. Иймээс шүүх нэхэмжлэлийн шаарлагыг нэмэгдүүлж гаргасан гэж бодохгүй байна. Нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргаагүй гэж байна. Хариуцагч талын ямар нотлох баримтыг хүлээж аваагүй хэргийг шийдвэрлэсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг журмын дагуу явагдаагүй гэж үзэж байна. Ямар үндэслэлээр хэргийг өөр шүүх рүү шилжүүлсэнтэй холбоотой асуудлыг яриад байх шиг байна. Миний хувьд намайг энэ шүүхэд ажиллаж байсан нэхэмжлэгч миний төрсөн дүү учраас үндэслэл бүхий эргэлзээ байсан учраас Завхан аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан юм. Тухайн хүсэлтэд Завхан аймаг дахь сумн дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байна гэсэн болохоос Тосонцэнгэл сумын шүүхийн шүүгч нараар шийдвэрлүүлнэ гэх эрх байхгүй шүүх бүрэлдэхүүнээс татгалзсаны дагуу ерөнхий шүүгчийн захирамжаар өөр шүүхэд шилжүүлсэн байсан. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхийн хууль ёсны шийдвэр гарсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Ажил олгогч Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр нь тус газартай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан архив, бичиг хэргийн эрхлэгч, уран бүтээлийн фондын ажилтан Д.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн заалтын агуулага болон журмыг зөрчсөн байна.

Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ хариуцагч тал орон тоо, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэнтэй холбоотой гэж тайлбарлаж энэ талаар тухайн байгууллагын шийдвэрийг шүүхэд баримтаар ирүүлжээ.

Хэргийн 31-32 дугаар хуудсанд авагдсан Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын А/02 дугаар тушаалаар тус байгууллагын бүтэц, орон тоог шинэчилж баталж ирүүлсэнийг судалвал, хүний нөөц, архив, бичиг хэргийн ажилтаны орон тоо тус бүр нэг байсныг нэгтгэж, нэг байхаар тогтоож, орон тоог цөөрүүлсэн байх бөгөөд үүнийг буруутгах боломжгүй байна.

Харин ажил олгогч нь орон тоонд нийцүүлэн ажилтны тоог цөөрүүлэхдээ архив, бичиг хэрэг, уран бүтээлийн фондын ажилтан гэдэгт ажил байдлын тодорхойлолтын хувьд хэнийг хэлэх, хүний нөөц, эрх зүйч ажил байдлын тодорхойлолтын хувьд хэнийг хэлэхийг үндэслэлтэйгээр тогтоож, дээрх хоёр албан тушаалд ажиллагсадын ажилласан жил, ур чадвар, Хөдөлмөрийн тухай хуульд заасан бусад нөхцөл байдлуудыг харгалзан тус байгууллагад мөрдөгдөх дүрэм, журамд нийцүүлэн хэнийг авч үлдэхийг хэлэлцэж шийдвэрлэх учиртай.

Гэтэл ажил олгогч нь цөөрүүлсэн ажилтны ажлын байрыг сул орон тоо гэж үзэн сонгон шалгаруулалт нийтэд зарлаж ажилтан Д.*******г сонгон шалгаруулалтад ороогүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шударга ёсны зарчимд нийцээгүй, иргэний Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрх болон зөвхөн Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн ажилтныг ажлаас халах эрхийг хөндсөн хууль бус эрхийн акт гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Д.******* нь ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гэж хаягласан, энэ нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүх хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь хэлбэрийн хувьд шүүхийн харьяалал зөрчсөн мэт боловч нэхэмжлэгчийн хүсэл зориг, нэхэмжлэлийн агууллагаас харахад маргааныг иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр өгсөн, тус маргаан нь иргэний шүүхийн харьяалалын маргаан мөн байх бөгөөд нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд бичсэн гэж үзэх нь бодит байдалд нийцэхгүйн дээр хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг гуйвуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үр өгөөжтөй, түргэн шуурхай явуулах зарчим алдагдах нөхцөл байдал үүсэхээр байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага, түүний тайлбар, анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас харахад нэхэмжлэгч хариуцагчийг буруу тодорхойлсон, шүүх хариуцагч бус этгээдэд холбогдуулан хэргийг хянан шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 169 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80.000 /наян мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧЖ.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

 Б.АРИУНБАЯР