Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2018/0446

 

“ТТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 119/2018ШШ/0020 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О-ын гаргасан давж заалдах гомдлоор, “ТТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК болон Төмөр хийц нийлүүлэх ЭБЦТС/201801018 дугаартай тендерийн сонгон шалгаруулалтыг үнэлсэн Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 119/2018ШШ/0020 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 47 дугаар зүйлийн 47.7, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ТТ” ХХК-ийн ““Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас зарласан Төмөр хийц нийлүүлэх ЭБЦТС/201801018 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг Үнэлгээний хороонд даалгах, XXXXX дугаартай тендерийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09.00 минутад дахин нээлттэй хийхээр зарласан захиргааны актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 , 47 дугаар зүйлийн 47.7, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Тус тендерийн Үнэлгээний хорооны 2018 оны 05 дугаар 07-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үнэлгээний шийдвэр байна гэж үзэх үндзслэлтэй гэж дүгнэн дахин үнэлгээ хийсэн байна гэж дүгнэсэн. Гэтэл уг үнэлгээ дахин хийсэн гэх хурлын тэмдэглэл нь тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах гэрээ байгуулах эрхийг олгох шийдвэрийг захиалагчид өгөх гэсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь заалтын дагуу чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэхийг анхаарч үзээгүй. Тус шийдвэрлэсэн хурлын тэмдэглэлээс харахад өөрт нь олгогдоогүй эрх хэмжээний асуудлаар буюу дахин нээлттэй тендер зарлах тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлэх шийдвэрийг гаргаж тендерийн үнэлгээ хийх эрхээ хэрэгжүүлээгүй, эрх олгогдоогүй эрх хэм хэмжээний асуудлаар үнэлгээний хороо хурал хийснийг анхаараагүй байх ба тус хуулийн 28-р зүйлийн 28.1, 28.14, 47 дугаар зүйлийн 47.2.1, 47.2.2 дахь заалтад заасан эрх хэмжээнд олгогдсон асуудлаар шийдвэр гарсныг “үнэлгээний дүгнэлт" гэж үзэх үндэслэлтэй эсэхэд дүгнэн үзээгүй. 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл үнэлгээний дүгнэлт мөн эсэх, Үнэлгээний хороонд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй. Тухайн хурлын тэмдэглэл хуульд нийцүүлсэн, эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр гэж үзэх үндэслэлгүй тул дахин үнэлгээ хийсэн гэж үзэх үндэслэлгүй.

Tyс тендертэй холбоотой буюу Монгол Улсын Сангийн яамны 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 06-1/2356 тоот “Гомдол хянасан тухай” албан бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулййн 55 дугаар зүйлийн 55.2, 55.3-т заасан шийдвэр бөгөөд энэхүү шийдвэрийг хэрэгжүүлсэн гэх хурлын тэмдэглэлийг үндэслэсэн хариуцагчийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/423 тоот мэдэгдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.4 дэх заалтуудыг зөрчсөн үндэслэлгүй баримт. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 47 дугаар зүйлийн 47.2-т заасан эрх зүйн үйлчлэл бүхий акт эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлзсэн нь үндэслэлгүй. Тухайн гаргасан гэх захиргааны акт хууль ёсны эсэхэд дүгнэлт хийгээгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгчийг гомдол гаргаагүй гэж үзсэн. Гэтэл нэхэмжлэгчийн гомдлыг эрх бүхий байгууллага хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн байхад тендерт үнэлгээ хийгээгүй, хуулийн хугацаа байхгүй гэдгээр үнэлгээ хийгээгүй хурлын тэмдэглэлийг үнэлгээ хийсэн шийдвэр гэж үзэх үндэслэлгүй байхад хариуцагчийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/423 тоот мэдэгдэлд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна...” гэжээ. 

ХЯНАВАЛ:

            Дараах үндэслэлээр нэхэмжлэгч “ТТ” ХХК-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч “ТТ” ХХК-ийн гаргасан “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас зарласан Төмөр хийц нийлүүлэх XXXXX дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх “...Үнэлгээний хороо нь Сангийн яамны 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 6-1/2356 тоот албан бичгийн дагуу маргаан бүхий тендерт дахин үнэлгээ хийж, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл нь хуульд нийцүүлсэн, эрх хэмжээнийхээ хүрээнд гарсан шийдвэр гэж үзэхгүй тул дахин үнэлгээ хийсэн гэж үзэхгүй...” гэж маргасан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна” гэж заажээ.

Хэрэгт авагдсан Төмөр хийц нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзвэл хороо Сангийн яамны “Гомдол хянасан тухай” 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 6-1/2356 тоот албан бичгийг үндэслэн дахин үнэлгээ хийх асуудлаар хуралдсан байх бөгөөд тус хурлаас төмөр хийц нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулж амжаагүй тул дахин нээлттэй тендер зарлах тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн байх тул хариуцагчид тендер сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хийх тухай захиргааны акт гаргахыг даалгах үндэслэлгүй.

Тодруулбал, Сангийн яамны 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” 6-1/2048 дугаартай албан бичгээр захиалагчийн гаргасан шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түдгэлзүүлэхдээ гомдлыг хянах явцад тендерийн хүчинтэй байх хугацаа дуусах тохиолдолд хүсэлт гарган, уг хугацааг сунгуулах арга хэмжээ авч ажиллах талаар дурдсан байна.

Үүний дагуу захиалагчаас 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/327 дугаартай албан бичгээр тус тендерийн хүчинтэй байх хугацаа 2018 оны 04 дүгээр сарын  23-ны өдөр дуусч байгаа тул хугацааг сунгуулахаар гаргасан хүсэлт гаргасан боловч Сангийн яам хариу ирүүлээгүй байна.

Ийнхүү Үнэлгээний хороо нь Сангийн яамнаас ирүүлсэн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 6-1/2356 дугаартай албан бичгийн дагуу дахин үнэлгээ хийх явцдаа “тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан учраас гэрээ байгуулах боломжгүй болсон” гэсэн үндэслэлээр дахин нээлттэй тендер зарлах тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлэх шийдвэр гаргасныг буруутгах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д зааснаар “...тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх” чиг үүргийг хэрэгжүүлдгийн хувьд тендерийг дахин нээлттэй тендер шалгаруулах журмын дагуу зохион байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн нь хуульд заасан эрх, хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр гэж үзэхээр байна.

Иймд “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас зарласан Төмөр хийц нийлүүлэх ЭБЦТС/2018010188 дугаартай тендер сонгон шалгаруулалтыг дахин үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс гарсан “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2018 оны 05 дугаар сарын  09-ний өдрийн 1/423 тоот тендерийг дахин нээлттэй хийх тухай мэдэгдлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчээс тендерийг дахин үнэлсэн Үнэлгээний хорооны 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрт гомдол гаргаагүй талаар зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 1.Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 119/ШШ2018/0020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН