Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2019/0791/З |
Дугаар | 170 |
Огноо | 2020-05-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 170
“У и д” ХК-ийн гомдолтой, Санхүүгийн зохицуулах хорооны улсын
байцаагч Ц.Энхжаргалд холбогдох зөрчлийн хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч М.Батсуурь,
Шүүгчид: Г.Банзрагч,
Б.Мөнхтуяа,
Д.Мөнхтуяа,
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа,
Нэхэмжлэлийн шаардлага: “...улсын байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 0055524 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0003 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 168 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхад, Д.Нэрэнцогт, Б.Пүрэвдорж нарыг оролцуулан,
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0003 дугаар шийдвэрээр: Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 0055524 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “У и д” ХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор хэргийг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 168 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “У и д” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхад, Б.Пүрэвдорж нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн актын үндэслэл, мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн гол үндэслэл 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний нэмэлтийг байгуулснаар хууль зөрчсөн гэж үзсэн.
4. Иргэний хуулийн 196 дугаар зүйл /Гэрээ байгуулсанд тооцох/-ийн 196.1.1 дэх хэсэгт “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээ байгуулсанд тооцохоор заасан. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж зохицуулсан байна.
5. 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Зээлийн гэрээ”-нд нэмэлт өөрчлөлт хийснээр зээлдүүлэгчээс зээлдэгчид аливаа мөнгө, эд хөрөнгө шилжүүлэн өгөөгүй буюу 3,500,000 ам.долларыг зээлдэн авах болон өгөх тухай гэрээ байгаагүй ба уг гэрээний харилцаа нь бодитоор хэрэгжээгүй буюу төлбөр тооцоо бодитоор гүйцэтгэгдээгүй болохыг маргаагүй байдаг. Энэ нь 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно.” гэснийг зөрчөөгүй гэж үзэж байна.
6. Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй;” бол гэж заасан, гэтэл бид уг үүргээ зөрчөөгүй буюу төлбөр тооцоог гүйцэтгээгүй болно. Мөн энэ тухай 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 0055524 тоот шийтгэлийн хуудсанд гэрээний хугацааг 2023 он хүртэл сунгасан үйлдэлд” гэж тэмдэглэн торгож шийдвэрлэсэн нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Зөрчлийн тухай хуулийн нийцэлд нийцэхгүй байна. Гэтэл давж заалдах шатны шүүх энэ хуулийн заалтыг хэрэглээгүй бөгөөд ийнхүү хэрэглээгүй үндэслэлээ магадлалд тусгаагүй байна гэж үзэж байна.
7. Тодруулбал, уг гэрээний нэмэлт гэрээг ямар хууль зүйн үндэслэлээр гэрээ байгуулсанд тооцож байгаа талаар тусгаагүй байна. Мөн маргааны зүйл болох 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний нэмэлттэй огт хамааралгүй түрээсийн гэрээ, зээл, зээлийн хүүний талаар хэрэгт ач холбогдолгүй үйл баримт дээр ерөнхий зургаар нь харж, дүр төрхийг дүгнэсэн байх бөгөөд энэ нь давж заалдах гомдлыг хангахгүй орхих, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэл болж чадахгүй байна гэж үзэж байна.
8. Давж заалдах шатны шүүх нь “гомдол гаргагчийн гаргасан гомдлын дагуу дүгнэж үзлээ ч гэсэн Зөрчлийн тухай хуулийн “Зөрчил үйлдсэн хугацаа” гэсэн 2.4 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно.” гэж зааснаар зөрчил үргэлжилсээр байсан гэж үзэх үндэслэлтэй байгаа болохыг тэмдэглэх нь зүйтэй” гэжээ.
9. Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч болон анхан шатны шүүхээс гэрээ байгуулсан үйлдлийг хууль зөрчсөн үйлдэлд тооцсон. Харин бидний хувьд гэрээ байгуулаагүй гэж үзэж байгаа. Гэрээ байгуулах үйлдэлд үргэлжлэх гэсэн ойлголт байхгүй. Тухайн гэрээнд заасан огноо бол тухайн гэрээг байгуулсан хугацаа байна. Хуульд заасны дагуу гэрээ байгуулагдсанд тооцсоноор тухайн үйлдэл төгсөнө гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн дээрх үргэлжилсэн үйлдэл гэж тайлбарласан үндэслэл нь улсын байцаагчийн актын болон анхан шатны шүүхийн үндэслэлтэй хамааралгүй гэж үзэж байна.
10. Иймд, Захиргааны хэргийн давж шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 168 дугаар магадлалыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
11. Анхан болон давж заалдах шатны шүүх гомдлын шаардлагыг хянан шийдвэрлэхдээ Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
12. Санхүүгийн зохицуулах хорооны даргын баталсан 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хяналт шалгалтын удирдамжийн дагуу “У и д” ХК-ийн үйл ажиллагаанд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, “У и д” ХК нь 2013 онд “Номин холдинг” ХХК-тай байгуулсан гадаад валютын зээлийн гэрээний хугацааг сунгаж, тус гэрээг үргэлжлүүлж байгаа үйл баримтад үндэслэн, шалгалтын ажлын хэсгийн улсын байцаагчаас 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, улмаар эрх бүхий этгээдийн шийдвэрээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэлдэхүүнтэй явуулж, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримталж “У и д” ХК-ийг 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр торгосон; гомдол гаргагчаас уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд “...үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх гэдэг нь зээлийн харилцааны хувьд зөвхөн зээлдүүлэгч талд хамааралтай заалт /байхад/, ...зээлийн буцаан төлөлт, түүний хүүг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэж байсан, ...хэрэв ам.доллараар илэрхийлэгдсэн зээлийн гэрээг байгуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол зөрчил 2013 онд үйлдэгдсэн гэж үзэх тул зөрчил шалган шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ...шийтгэл оногдуулсан нь хууль бус” гэж маргажээ.
13. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, “У и д” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор тус компанийн, “Номин Холдинг” ХХК-тай байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ZH/7/17, ZH/7/18 тоот зээлийн гэрээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, хугацаа сунгах гэрээ байгуулах эрхийг гүйцэтгэх захиралд олгосон; 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ZH/7/18-01 дугаартай “ZH/7/18 тоот зээлийн гэрээний нэмэлт гэрээ”-гээр 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний хугацааг 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгасан; “У и д” ХК нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “ZH/7/18 тоот зээлийн гэрээгээр “Номин холдинг” ХХК-иас 3,500,000$ /гурван сая таван зуун мянган ам.доллар/-ыг хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлдэн авч, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээлийг төлж дуусгах үүрэг хүлээсэн; уг “нэмэлт гэрээ”-гээр өмнөх гэрээний зүйл, нөхцөл шаардлагыг өөрчлөөгүй буюу ам.доллар /гадаад валют/ зээлээр авах, зээл, зээлийн хүүг ам.доллараар буцаан төлөх зэрэг нь хэвээр хадгалагдсан үйл баримтууд тогтоогдсон, уг үйл баримттай гомдол гаргагч болон улсын байцаагч нар нь маргаагүй байна.
14. Түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалаас үзвэл, “У и д” ХК болон “Номин холдинг” ХХК-ийн хооронд 2013 онд байгуулагдсан 3,5 сая ам.долларын “зээлийн гэрээ”, уг гэрээг сунгах агуулгатай 2018 онд байгуулсан “нэмэлт гэрээ”-г үндэслэн “У и д” ХК-ийг “гадаад валютаар” зээл авсанд холбогдуулж шалгасан; мөн зээлийн хүүг төлөхдөө үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоо гүйцэтгээгүй гэх үндэслэлийг зөрчлийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс нэмж тайлбарлажээ.
15. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно”, 4.4-т “банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно” гэж зааснаас үзвэл, эхний зүйл, заалт нь бүхэлдээ “хориглосон” агуулгатай, дараагийн зүйл, заалтын хувьд “зөвшөөрсөн” агуулгатай, маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл, банк, банк бус санхүүгийн байгууллагаас бусад аливаа этгээд Монголбанкнаас албан ёсны зөвшөөрөл авалгүйгээр “гадаад валютаар” зээл олгох, түүгээр хүлээх үүргийг “гадаад валютаар” илэрхийлж, мөн гүйцэтгүүлэхийг хориглосон байна.
16. Мөн, хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх”-ээр заасан, Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1-д “банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгслэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулахаас бусад тохиолдолд: ...1.2-т “Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоосон, эсхүл төлбөр тооцоо гүйцэтгэсэн, ...” гэж зөрчлийн шинжийг тодорхойлсон ба уг зүйл заалтыг хэрэглэсэн улсын байцаагчийн шийтгэлийн хуудаст анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ “гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох нь” зээлийн харилцаа үүссэн энэ тохиолдлын хувьд зээл авагчид хамааралтай мэтээр дүгнэж, уг зүйл заалтын агуулгыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.
17. Тодруулбал, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4-т тус тус зааснаас үзэхэд банк, банк бус санхүүгийн байгууллагаас бусад аливаа этгээд Монголбанкны албан ёсны зөвшөөрөл авч “гадаад валют”-аар зээл олгосон бол тухайн зөрчлийг гаргасан гэж үзэхгүй, иймээс Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2-т тодорхойлсон зөрчилд тооцогдох үйлдэл нь Монголбанкны албан ёсны зөвшөөрөл аваагүй этгээдэд хамааралтай болохоос, зээл олгогчийн санал болгосон буюу гадаад валют, түүгээр илэрхийлэгдэх тооцооны нэгжийг хүлээн зөвшөөрч, зээл авсан этгээдэд хамааралгүй, хоёр шатны шүүх уг зохицуулалтын агуулгыг хэт өргөтгөсөн дүгнэлт хийж, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу.
18. Түүнлэн, уг зүйл заалтын “...гадаад валют, түүгээр илэрхийлэгдэх тооцооны нэгжээр төлбөр тооцоо гүйцэтгэсэн” гэснийг энэ тохиолдлын хувьд авч үзвэл, нэгэнт гадаад валютын зээлийн харилцаа үүссэн этгээдүүдийн хооронд буюу зээлийн төлбөр тооцоог гүйцэтгэсэн үйл баримт байх учир зээл төлсөн гэх уг үйлдэлд энэ зүйл заалтын зөрчлийн бүрэлдэхүүн байхгүй, энэ талаарх улсын байцаагчийн тайлбар, түүний үндэслэлийг хүлээж авах боломжгүй.
19. Эдгээрээс үзвэл, эрх бүхий улсын байцаагч нь “У и д” ХК-ийн гадаад валютаар зээл авсан зээлдэгчийн үйлдлийг гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоосон зээлдүүлэгчийн үйлдэлд хамааруулан зөрчилд тооцсон нь буруу, анхан болон давж заалдах шатны шүүхүүд гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул энэ талаарх гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхад, Б.Пүрэвдорж нарын хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.
20. Иймд, дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын хянан шалгагч, улсын байцаагч Ц.Энхжаргалын 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 0055524 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхад, Б.Пүрэвдорж нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.